Б.САРАНТУЯА: ЧИ ЕРДӨӨ ИНГЭЭД Л БОЛОО ЮУ ГЭЖ БИ ТОЛИНД ХАРААД ОЛОН УДАА ӨӨРӨӨСӨӨ АСУУЖ БАЙСАН

    Сараа... Сараа… Тэр бол манай үеийн хамгийн хүчирхэг дуучин. Түүнтэй нэгэн цаг үед амьдарч, ярилцаж, дууг нь сонсож яваа маань сайхан хувь тохиол гэж би боддог. Ингээд Сараа бид хоёрын ээлжит ярилцлагыг саатан соёрхоно уу.

    -Бид арван жилийн дараа ярилцаж байна. Хамгийн сүүлд “Ирмүүн” сэтгүүлд хэвлэгдсэн шуугиант ярилцлагыг уншигчид одоо ч ярьдаг. Ярилцлагын зураг авалтаас гарч ирээд, зургуудаа хараад таны хэлсэн үг санагдаж байна. “Дөчин настай бүсгүй гэхэд болж байна, тийм үү” гэсэн тэр үгээ санаж байна уу?

    -Тийм ээ, санаж байна. Тэгэхэд би 39 нас хүрч байсан.

    -Тэр зураг авалтууд, зарим уламжлалт хүмүүжилтэй хүмүүсийнхээр бол нэлээн эрх чөлөөлөг задгай яриа...гээд бүтнээрээ гайхалтай. Амьдралын тань тэр мөчлөг өөрийгөө дундалчихмаар, дотроо байгаа зарим хэсгээ гаргаад уужирчихмаар тийм цаг хугацаа таарсан уу? 

    - Аав дүү хоёроо алдсан аймшигтай үе байсан л даа. Тэгээд хувийн амьдралдаа хоёр дахь чухал шийдвэрийг гаргаж охинтой болоод байсан үе л дээ. Тэр амьдрал маань хүссэнээр болоогүй ч гэр бүлд маань охин үр ирнэ гэдэг бол гайхалтай тохиол биз дээ. Ийм үеүд байсан болохоор өөрийгөө нээж, дотроо онгойлгож чадахгүй, эсвэл тэгж ярих боломж олдоогүй явж байсан юм шиг байгаа юм. Нөгөө яавал уушгиа нээ гэдэг билээ?

    -Ам нээвэл уушги нээ.

    -“Ам нээвэл уушги нээ” гэж... яг тэр үе нь таарсан юм шиг байгаа юм. Угаасаа тийм түвшинд бол их л итгэлтэй хүнд ярина. Хүний сэтгэлийн гүнээ нээж байгаа, хүний ярьж байгаа яриаг зөв тунгааж, мэдэрч тусгаж, ярилцлагандаа хөтөлж оруулж, тэрийгээ утга төгс буулгана гэдэг бол бас хэр баргийн сэтгүүлчийн хийдэг ажил биш. Би өөрөө тэр ярилцлагыг унших болгондоо “Бас л арай өөр Сараа болчихсон байсан байж дээ” гэж хардаг юм. Магадгүй өнөөдрийн энэ ярилцлагаас ч тэр үеийн Сараагаас арай өөр Сараа харагдах байх. Яагаад гэхээр цаг хугацаа урсан өнгөрсөн байна. Хоёулаа тавин нас хүрсэн байна. Бас л өөр эмэгтэйчүүд болсон байгаа шүү дээ.

    -Нэг удаа “Хоолой байхгүй атлаа дуучин нэртэй охид байх юм. Тэднийг яаж харах ёстой юм бэ” гэж асуугаад эгдүүг тань хүргэж байснаа санаж байна. Тэр үеийн “Гала” хамтлагийн Ануг шүүмжилсэн миний үгэнд та их эмзэглэж байсан. Одоогийн Сараа залуу дуучдад хэрхэн яаж ханддаг бол?

    -Би оролцохоо байсан. Яагаад гэвэл би өөрийнхөө төрсөн үр хүүхдэд номлол айлдаж, өөрийнхөө итгэсэн шавь нар юм уу, өөрийнхөө хүрээллийн дуучиддаа л намайг зорьж ирээд алдаа оноогоо асуувал туршлагаасаа хуваалцана уу гэхээс бусдаар бол чаг чаг хийгээд байх шаардлага байхгүй гэж боддог болсон. Нөгөө талаар бидэн шиг 36 жил тайзан дээр ажилласан уран бүтээлчдэд бол тайзны цаг хугацаа бага үлдсэн юм шиг санагддаг. Тийм учраас үлдсэн цагаа үр бүтээлтэй ашигламаар санагддаг. Өнөөдрийн бидний амьдралын хэмнэл дэндүү хурдтай өнгөрч байна шүү дээ. Хүмүүсийн аливаад хандах хандлага асар өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад адилхан урлагт хандах хандлага ч өөрчлөгдөж байгаа. Чиний ярьсан Ч.Уранхолбоо одоо зургаан хүүхдийн ээж болчихсон, ямар гоё өөрийнхөөрөө амьдарч байна вэ. 

    -Манай залуучууд түрүүчээсээ кинонд тоглочихлоо, маш их хөдөлмөрлөж байна шүү дээ гээд дуучин Д.Болдыг та онцолж байсан. Одоо ч түүнийг шүүмжлэл дагасаар л байх юм?

    -Эстрад урлагийн онцлог гэж байна. Дуулаачийн бүх агуулга зөвхөн хоолойнд оршдоггүй гэдгийг дахин хэлэх хэрэгтэй юм байна. Уншаад, судалгаа хийгээд үзэхээр ер нь бол чанга хоолойтой болгон нь бас сайн дуулдаггүй юм. Үүнийг би алтан үеийн домог, алдарт Л.Цогзолмаа гуайнд бэр нь болж очихдоо Л.Цогзолмаа гуайн гэрээс, өөрийнх нь амнаас сонсож байсан л даа.  “Бахирдаг, орилдог дуучин удаан дуулдаггүй юм аа, охин минь” гэж надад хэлж байсан юм. Манай Д.Болд өвөрмөц дуучин. Орилж байгаа Д.Болдыг та нар олж харахгүй ээ, уучлаарай. Орилоод байдаггүй юм. Гэхдээ нэг тийм эвлэгхэн, дуунуудынхаа донжийг маш зөв олж дуулдаг.  За, мэдээж Д.Болд нэг тийм гүндүүгүй, хайш яайш хувцасладаг, өөрийгөө хамаа намаагүй авч явдаг байсан бол та нар бас тоглолтыг нь үзэхгүй шүү дээ. Алдарт хуурч Г.Жамъян гуай өөрөө их тийм цэмцгэр хүн байсан юм шиг байна билээ. Хараад байхад энэ зээ, ач, гуч нар нь яг тийм. Их ганган, загварлаг. Жишээ нь, манай “Никитон”-ы Б.Батчулууныг харахгүй юу. Тэр юманд хандаж байгаа хандлага нь, бүр нэг эцэст нь хүрч байж юмыг дуусгадаг. Магадгүй тэр чанар нь адармаатай ааштай юм шиг санагдуулдаг байж болно. Гэхдээ тэд чинь юмыг нэг тийм тулсан гүйцэтгэлтэй хийдэг улсууд шүү дээ.

    -Гэхдээ дуучин хүн дээр “материал” гэж нэг ойлголт хөндөгддөг шүү дээ.

    -Одоо үгүй болсон байна аа.

    -Та өөрөө бол хэмжүүр. Тийм болохоор...?

    -Дээр үед би нэг хэсэг Сингапурт бааранд дуулдаг байсан даа. Тэр үед Уитни Хьюстон Сингапурт ирж тоглосон. Тэгсэн чинь Сингапурын хэвлэл мэдээллийнхэн уушгиараа дуулдаг дуучин, сэтгэлгүй дуучин гээд л шүүмжилж бичицгээсэн. Тэгэхэд би гайхаж байсан. Юу вэ, энэ агуу дуучныг яаж ингэж шүүмжилдэг байна вэ гээд. Тэгэхээр дэлхий бас 1992 онд Хьюстоныг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байсан байх нь ээ. Одоо бол Уитни Хьюстон бол агуу хатан хаан гэж хүн болгон зөвшөөрсөн. Ерөөсөө бүтнээр нь хүлээн зөвшөөрсөн. Хувийн амьдрал болон амьдралынхаа сүүлийн хэсгийг маш аз жаргалгүй өнгөрөөснийг нь ч хүн болгон хүлээн зөвшөөрсөн байдаг. Маш таагүй, дэндүү гунигтай байдлаар өнгөрсөн шүү дээ. Ингээд бодохоор ер нь дуучин хүн хоолойгоороо амьдрах ёстой юм уу. Ухаанаар амьдрах ёстой юм уу гэдэг философи орж ирж байна аа даа. Тэгэхээр би хувьдаа өөрийгөө боддог. Мэдээж одоо техник аппаратур, менежмент, медиа ажиллагаа гээд цогцоороо ажиллаад ямар ч хоолойгүй хүнийг тайзан дээр гаргаад ирж байна. Нэр алдартай болгож чадаж байна. Гэхдээ амьд тоглолт дээр бол яалт ч үгүй нөгөө даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг цаад тал нь гарч ирдэг учраас уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд ямар ч алдартай, сэнтийтэй, мундаг хэргэмтэй дуучин байсан форм гэдэг юм хэрэгтэй байдаг.

    Дэлхийд тогтсон стандартаар бол аялан тоглолтоор гарахад дуучны ард маш том баг ажилладаг. Манайхан бол анонсоо хэвлүүлээд рекламаа цацаад, тоглолтынхоо хувцасыг чемодандаа чихэж аваад л гардаг. Гэтэл тэр том том стадионд тоглоход сэтгэлзүйн болон бие физиологийн бэлтгэл хэрэгтэй учраас тэрийг урьдчилж бэлдэх ёстой байдаг. Тийм болохоор байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Залуу дуучиддаа хандаж хэлэхэд боломж л гарсан бол тэр боломжоо алдалгүй, залхуурч, хойрго зан гаргаж болохгүй. Хувийн амьдралаа ч юм уу, бусад юмаа түр хойш нь тавиад шинэ шинэ урсгалаа дагаад юмаа хийж байх ёстой. Зогсож болохгүй. Яагаад гэвэл цаг хугацаа түр зогсоод биднийг хүлээдэггүй юм. Медиа ертөнц гэхэд ямар өөр болчихсон байна вэ. Сошиал ертөнц гэж ямар том ертөнц гарч ирэв. Би тийм ч аймаар супер инфлюнсер биш л дээ. Гэхдээ яахав 5000 дагагчаас 299 мянган дагагч хүртлээ гурван зуугаад мянган хүний сонирхлыг татаад, өөрийн үзэл бодлоо илэрхийлээд, цахим хуудсаа ажиллуулаад явдаг.

    -Та яг өөрөө хөтөлдөг үү?

    -Өөрөө хөтөлдөг.

    -Таныг ид “Од” болон гарч ирж байх үед энд тэнд тоглолтоор явж байхад тань бас л том баг дагаж явдаг байсан.

    -Тэр баг бол байна. Манай зарим дуучдыг харж байхад тоглолтын ард ажиллах ёстой аппарат нь ерөөсөө иж бүрэн байдаггүй. Ерөнхий найруулагч, дууны найруулагч, ассистент найруулагч, хувцас, туслах ажилтан, гоо сайханч, хувийн микрофон, бие хамгаалагч гээд байна аа даа. Д.Болд ч юм уу, “Никитон”-ы Б.Батчулуун ч юм уу, гавъяат Т.Ариунаа эд нар л ёсоор нь, яг голдиролоор нь юмаа хийгээд гүйцэтгээд явдаг. Тэгээд дуучиддаа хэлдэг л дээ. Ядаж та нар өөртөө микрофон аваад тавьчихаач, хүний шүлстэй микрофон дамжуулаад л дуулаад явах дэмий шүү дээ гэж.

    -Та поп урлагт цаг хугацааныхаа маш том хэсгийг тавьж өгч ажиллаж амьдарлаа. Хувийн амьдралаа бол нэлээн арагшаа тавьсан харагддаг. Нэгэнт л дуучин байхаар заяасан учраас энэ үү. Эсвэл амьдралаас өгсөн  боломжуудтай нийцээд явчихсан уу. Дуучны амьдралыг сонгосноороо би хангалттай аз жаргалтай хүн болж үлдсэн гэж хэлж чадах уу?

    -Өнөөдөр би өөрийгөө хамгийн аз жаргалтай хүн гэж хэлнэ. Надад одоо сэтгэлийн зовиур, хэт их санаа зовох зүйл эсвэл ирээдүйдээ хаашаа явахаа мэдэхгүй учраа олохгүй байгаа байдал зэргийн аль аль нь алга. Би аль хэдийн тэр бүхнээс ангижирсан. Ер нь би дотоод сэтгэлийнхээ утга учрыг олчихсон юм уу даа гэж боддог. Өөрийнхөө дотор явдаг Сараатайгаа маш сайн тохиролцчихсон юм шиг санагддаг болсон. Хоёрдугаарт, эмэгтэй хүний жаргал гэдэг бол үр хүүхдүүд нь сайхан явахын жаргал гэж ярьдаг. Ах дүү хамаатан садан бүрэн бүтэн явах. Энэ бол асар сайхан зүйл. Айл бол дандаа хазайж явах, үхэл зовлон ирэх, өвчин зүдүүрт автаж явахгүй шүү дээ. Нөгөө нэг зүйл нь би өөрийн хийх дуртай ажлаа хийж, өөрийн тааваар, хараат бус амьдарч чаддаг нь аз жаргал юм. Ямар нэгэн албан газрын төлөө зовохгүй, дарамтгүй, дарга даамлаас хамаарахгүй. Жишээ нь, хэвлэл мэдээллээс ч юм уу, татвар, шүүх, улс төрийн нөхцлүүдээс санаа зовж эмээх юмгүйгээр амьдрана гэдэг том аз жаргал биш гэж үү.

    -Дарамт гэснээс та Сёлын төв өргөөний даргаар нэг хэсэг ажилласан. Яагаад больсон бэ?

    -Тэр саналыг надад Хотын дарга байсан Су.Батболд дарга тавьсан. Тэгээд би хүлээж аваад ажилласан. Б.Байгалмаа даргатайгаа эвтэй найртай, бололцооны хэмжээнд ажилласан. Гэтэл ээж маань хүнд өвчнөөр өвдсөн. Ажлаасаа цалингүй чөлөө авч ээжийгээ асарсан даа. Нэг жилийн дараа ээж маань бурхан болсон.  Энэ явдлын дараа ажилдаа орж хоёр сар ажиллаад гарсан даа.

    -Таны ажиллах газар биш байв уу?

    -Би өөрийгөө улс орны төлөө аягүй их ажиллах юм байх гэж бодсон чинь миний төсөөлснөөс шал өөр орчин байсан л даа. Харин тэр богинохон хугацаандаа  Соёлын төв өргөөний дээврийг засах, засварын ажлыг хийж гүйцэтгэх төсвийг хотын орлогч Ш.Анхмаа дарга дээр оруулаад батлуулж чадсан. Тэгээд дараа нь СТӨ дээврээ зассан байдаг юм билээ.

    -Төв аймгаас олон алдартай дуучид төрсөн. Харин ээжийн тань талд дуучны удам бий юу. Аавыг тань дуулахыг нэг удаа сонсож байсан.

    -Манай удамд ер нь солгой хүн байхгүй. Манай ээжийн ээж Маруся бабушка бол клубт бүжиглэж дуулдаг хүн байсан юм билээ. Маш сайн бүжиглэдэг өнчин охин байсан гэдэг. Манай өвөө Михайлов анчин хүн байсан. Эмээгээс олон ах. Тэгээд залуухан Марусяг эхнэр болгож авсан байдаг юм. Тэгэхээр дуулж хуурдах, урлагт дуртай болсон бас эмээгийн талын юм байсан байх. Мэдээж дээрээс нь манай аавын талынхнаас гээд тавь тавин хувь орж ирсэн байлгүй.

    -Танай ээж аав хоёр орост оюутан байхдаа танилцсан биз дээ?

    -Тийм. Эрхүүд учирсан хоёр. Миний аав инженерээс өгсүүлээд цехийн дарга, хэлтсийн дарга хийгээд үйлдвэрийн дарга болж байсан. Насаараа удирдах ажил хийсэн хүн. Ажил тараад гэртээ ирсэн байхдаа ч утас дуугараад л аав ажил ярьж байдаг. Ажилдаа хайртай, хариуцлагатай, дээрээс нь нэг тийм ямбанд дургүй хүн байсан. Дарга нар Волга унаад явж байхад манай аав хөдөө явахад амар гээд Уаз-469 л унана. Хөөрхий хөдөө ээж дээрээ очиход амар гэж тэгдэг байсан байх. Ээж хааяа Батмөнхөө чи нэг Волга авсан бол тэрэнд чинь суугаад явахгүй юу гэнэ. Аав хариуд нь би авгай хүүхэд зөөх гэж машин унаагүй шүү дээ гэж байх жишээтэй.

    -Танай хоёр гэртээ оросоор л ярьдаг байв уу?

    -Өө, орос монгол холиод л ярина ш дээ. Аав маань ерөнхийдөө их эх оронч хүн байсан. Ээж “танай энэ монголчууд” гэж их ярина. Тэгэнгүүт аав “Чи монгол хүүхдүүдэд хичээл заачихаад монголчууд гэж ярилаа” гэж шүүмжилнэ. Нэг хөөрхөн юм нь бид нар бүр нийлээд ээж рүүгээ дайрдаг байсан. (инээв) Гэр бүл дотроо  жижигхэн, жижигхэн эх оронч нар байсан байгаа байхгүй юу. Сүүлдээ хөөрхий ээж минь бүр эсрэгээрээ өөрчлөгдсөн байсан. Эрдэнэтэд Ягавкин гээд нэг хүн консулаар ирсэн байсан юм. Тэгээд л туулайны мах, ангийн мах явуулах уу гээд ярьдаг. Нэг удаа битүүний өдөр би анд яваад ирлээ, чамд загас өгье гээд залгасан чинь “Цагаан сар болж байхад энэ якутууд юугаа хийгээд яриад байдаг юм” гэдэг байгаа. Тэгээд би ээжийгээ “за, энэ хүн эргэлт буцалтгүй монгол хүн болсон байна, энэ хүн одоо якутаа тоохоо болилоо” гээд шоолж байж билээ. Хэдийгээр бүх насаараа аавыг дагаж монгол нутагт амьдарсан ч бурхан болсон хойно нь эгч бид хоёр ээжийнхээ чандрыг нутагт нь аваачиж яг эмээ, өвөөгийн хажууд оршуулсан.

    -Хайртай хүнийхээ эх оронд нь дагаж ирээд, үр хүүхдийг нь төрүүлээд, усыг нь ууж, ёсыг нь дагаж насаараа амьдарчээ. Оршуулгын тухайд өөрөө гэрээслэсэн үү?

    -Ер нь бол манай ээж чинь эхлээд оросын иргэнээсээ гарах их дургүй байдаг байсан юм. Тэгээд аав маань яагаад ч юм сольдоггүй л байсан. Хөөрхий дөө, дотроо орос орноос нь урвуулаад яахав гэж боддог байсан юм болов уу даа. Өөр муу санаатай хүн бол нутаг руу нь явуулахгүй гээд монголын иргэн болгож болох шүү дээ. Сүүлд аав өнгөрсний дараа “Аав чинь намайг ингээд хүний нутагт авчраад хаячихлаа” гээд ээж  тоглоом шоглоомоор хэлж байсан. Ээжийгээ аваад гадагшаа аялахад бөөн асуудал үүсдэг байлаа. Бээжинд очиж виза мэдүүлнэ. Тэгээд нэлээн хөөцөлдөж байж ээжийгээ монгол улсын иргэн болгосон. Миний санаа ингэж нэг амарсан. Тэгэхгүй бол нутаг буцчихдаг юм болов уу гэж би бодсон. Гадаад авгай нар чинь нөхрөө нас барахаар л буцчихдаг гэж дуулддаг байсан. Гэхдээ манай ээж бол тэгээгүй шүү, хөөрхий. Сайхан монгол орондоо уусан шингэж, олон арван шавь нартаа хайрлагдан хүндлэгдэж, хань ижил үр хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа зориулаад хөрс дэлхийгээс буцсан. 2017 онд ээж маань “Алтан гадас” одон хүртсэн. Ээждээ “Алтан гадас” одонгийнх нь баярыг сайхан хийж өгсөн. Шавь нар нь маш их баярласан. Улаанбаатарын 77-р сургууль, Төв аймгийн 1-р сургууль, тэгээд Баян сумын, Дарханы 3-р сургууль, 7-р сургууль, 48-р сургуулийн шавь нар нь бүгд ирсэн. Би тэр үед нэг юманд яарсан юм шиг, шуурганд туугдаад байгаа юм шиг л хөдөлж байсан. Надад зөн совин байсан юм шиг санагдсан. Ээжийнхээ ‘Алтан гадас” одонгийн найрыг хийх гэж би их яарсан. Ээжийн маань эрэгтэй дүүгийн бие тааруу байсан болохоор бурхан болчихож магад, амьд сэрүүндээ эгчтэйгээ уулзаг гэж бодож тэдэн рүүгээ урилга явуулсан. Ёстой миний ээжтэй салах ёс гүйцэтгэх гэж тэд маань ирсэн юм шиг би мэдэрч авчирсан байсан. Уулзуулж чадсан.

    -Ээж тань бас гурвуулаа юм уу?

    -Тийм. Тэгж би ээжийгээ хоёр дүүтэй нь уулзуулсан. Хөдөө яваад, нутаг орон үзээд сайхан дурсамж бүтээсэн.

    -Танай Маруся эмээ монголд ирдэг байсан уу?

    -Маруся эмээ ирж чадаагүй ээ. Эмээ ер нь нэг их гадагшаа явдаггүй байсан. Өөрийн дураар, жаахан пээдгэр маягийн хүн байсан. (инээв)

    -Та нар бол амраад очино биз дээ.

    -Та нар наашаа хүрээд ир. Би сайхан хүлээгээд авна аа л гэнэ. Ер нь анх бол ээжийг гадаад хүнтэй суулаа гэхэд их дургүй байсан гэсэн. Москвагаас тэр хоёр анх ээжийн гэрийнхэнтэй уулзахаар якутад очсон чинь хараад л гэрийнхэн нь шоконд орсон гэсэн. Ази хүн гэхээр их л өөр төсөөлж байсан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь яг якут хүн шиг залуу ороод ирсэн чинь хэрэг бишидсэн гэж байгаа юм. (инээв) Шал өөр болоод л явчихсан гэсэн. Тэгээд ч манай аав их мэдрэмжтэй хүн. Угаасаа манай өвөө Галсанжамц гөрөөчин хүн байсан. Тарваганы арьс борлуулдаг. Тэгээд аавын зах зээлийн мэдрэмжийг хөгжүүлэхэд их нөлөөлсөн юм шиг байна лээ. Тэгэнгүүт ирээдүйн хүргэн нь хадам аав ээжийнхээ ангийн арьсыг Москва руу татаж борлуулж өгдөг болсон байгаа юм.

    -Таныг Орост сургах боломж бол зөндөө л байсан байх. Та өөрөө хүсээгүй юу?

    -Би яагаад ч юм Орос явъя гэж ерөөсөө бодоогүй. Харин Болгар явъя гэж их хүсч байсан. Тэгээд Х.Оюунбилэг бид хоёр өрсөлдөөд С.Алтантуяа гэдэг охин явсан юм. С.Алтантуяа маань одоо Хүүхдийн ордонд багшилдаг. Маш сайн багш. Болгар луу тэр үед Х.Оюунбилэг бид хоёрын хэн нэг нь явсан бол гоё л байсан байх. Тэгээд би Соёл Урлагийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд суралцсан. Хөдөө Аж Ахуйн Дээд Сургуульд сураад, нягтлан бодогч эдийн засагч мэргэжил эзэмшиж амжаагүй байсан бол би өдий хэмжээнд санхүүгээ зохицуулчихсан дуучин болоо ч уу, үгүй ч үү. 

    -Л.Байзда та хоёрыг СУИС-аас хөөнө гээд л бөөн шуугиан дэгдэж байсан сан.

    -Яг хөөсөн ч юм байхгүй л дээ. Бид нар өөрсдөө л хаяад явчихсан.

    -Би Г.Хайдав гуайгаас тэр үед очиж асууж байсан. Намайг амьд байхад ёстой тийм юм болохгүй. “Зав нь болохгүй юм аа. Одоо тэгээд супер стар шүү дээ” гээд л өмөөрч байж билээ. Г.Хайдав гуай таньд онцгой хайртай. Уулзах тоолондоо зориуд өдөж таны тухай асуудаг байлаа.

    -Намайг нэг ч удаа загнаж үзээгүй. Би нэг ч удаа Г.Хайдав багшдаа загнуулж үзээгүй. Магадгүй бас Л.Цогзолмаа гуайн бэр гэдэг утгаар ч илүү дотно байсан байж магадгүй. Эсвэл би багшийнхаа аргыг олдог шавь байсан ч юм уу. Би бурхан болохоос нь өмнө гурван хүүхдээ дагуулаад хоёр ч жил очиж золгосон. Багш маань үргэлж намайг хайрлаж байсан. Хэзээ ч уруу дорой байдлаа энэ ард түмэнд харуулаагүй. Жинхэнэ Од хүн ямар байдаг, яг тэр хэв загвараараа амьдраад л буцсан.

    -Онцгой хүн байсан л даа. Нэг удаа надад “Би Ч.Мөнхшүртээ хүүгээсээ сал гэж өөрөө хэлсэн юм шүү дээ. Мэргэжлийн ирээдүйн планаа том харж зурсан дуучин бүсгүйд түшиггүй эр хүн бол зөвхөн дараа л болно. Би ирээдүйг нь хүүгийнхээ амьдралаас дээгүүр үзэж л тэр үгийг хэлсэн” гэж хэлж байсан. Үнэхээр хүчтэй сэтгэгдэл үлдээсэн л дээ.

    -Өөрийн эрхгүй багшийгаа бодохоор нулимс гардаг байхгүй юу. Гонгорын Хайдав гэдэг хүн хэзээ ч одоогийн хэллэгээр дарга даамлыг долоож, бялдуучилж яваагүй. Тэгээд л торойгоод өөрийнхөөрөө үлдсэн. Шавь нар нь хааяа гэрт нь хоол цай хийгээд сайхан ярьж суудаг, дасгал уншаад. Ерөөсөө хүссэнээрээ амьдарсан хүн гэж би боддог байсан. Магадгүй илүү сайхан амьдарч болох байсан байх, багш маань. Гэхдээ тэгэхийг хүсээгүй.

    -Орос эхнэртэй байсан билүү?

    -Орос эхнэртэй байсан. Орос эхнэрээсээ салдаг их буруу шийдвэр байсан юм шиг санагддаг. Онон эгч маань миний энэ үгийг сонсчихвол гомдох байх л даа. Хувь тавилангийн шугам нь ийм байх ёстой байсан юм байлгүй. Х.Төмөрбаатар  ахын тухай ч гэсэн бодохоор гуниг төрдөг. Дэндүү их хайр хүнийг алдаг юм байна. Too much love...гэдэг дээ. Хүүхдэд эрх ямба сургахаас илүү амьдралын ухаанд сургах ёстой гэдгийг бол би өөрийнхөө туршлага дээрээс ойлгож мэдсэн. Батмөнх, Таня хоёрын хүүхэд болж төрсөн Б.Сарантуяа гэдэг энэ хүн тэр айлын гурван хүүхдээс  хамгийн их гэр орны ажил хийдэг, хамаг хариуцлагыг үүрдэг хүн болж төлөвшсөн байдаг.

    -Та өөрөө манлайлагч байх дуртай учраас тэгсэн юм биш үү?

    - Үгүй үгүй, тийм биш. Айлын том учраас эгч минь даруухан, хэр баргийн юманд оролцдоггүй. Дунд хүүхэд нь болж төрсөн учраас би л өөр дээрээ хариуцлага авсан.

    -Таны хүү Эрхэмээгийн тухай хэвлэлээр цацагддаг мэдээллүүдээс хамгийн сонирхолтой нь “Сараагийн хүү ресторанд ажиллаж байна” гэх мэдээ байсан. Энэ таны санаа байв уу?

    -Үгүй ээ. Өөрөө л ажил хийе гэсэн. Би зөвшөөрсөн. 

    -Аав нь зөвшөөрөхгүй биз дээ. Тийм ажил хийхийг. Гэхдээ зөөгчийг муу ажил гэх утгаар хэлж байгаа юм биш шүү?

    -Аав нь бол хүүхдээ сайн боловсролтой болоод ажил хийнэ гэвэл дуртай л байна шүү дээ. Аав нь залуудаа оюутан байхдаа Бургер Кингд ажилладаг л байсан.  Яагаад болохгүй гэж. Бүх л тэрбумтангууд, бизнесмэнүүд залуудаа янз янзын ажил хийж явсан байдаг биз дээ. Аяга таваг угаагч хийж байсан, McDonald-д ажилладаг байсан гээд л үй түмэн түүх намтрууд бичигдсэн байдаг. Манай хүн өөрөө ер нь хоол хийх дуртай. Тэгээд сонирхлоороо ажиллаж үзсэн. Өөрт нь таалагдсан. Би нэг өдөр нууцаар очиж харсан. (инээв) Мань хүн тонгойчихсон шал арчиж байна шүү. За, овоо доо л гэж би бодсон. Түүнээс ичих, эмээх, миний хүү шал угаалаа гэж бодох сэтгэл төрөхгүй л юм байна билээ. Нэг удаа ресторанд нь үйлчлүүлж байсан. Эрхэмээ чи надтай хамт хоол идэхгүй юм уу гэж асуусан. Баярлалаа, ээж ээ би ажлынхантайгаа иднэ л гэсэн. 

    -Сараагийн төрсөн өдрийн тоглотуудыг ёстой олон жил үзэж байгаа. Өнгөрсөн жилийн “Супермен” тоглолт үнэхээр гоё байсан. Дашкаг их хүлээсэн.

    -Алтан партнёр маань алдарт HU хамтлагтайгаа гадаад явчихсан байсан.

    -Лхагваа “Супермен” дээр аягүй онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Лхагвааг хүнд цэцэг өгч байхыг би ерөөсөө хараагүй.

    -Миний муу найз чинь угаасаа л их стильтэй, мэдрэмжтэй хүн шүү дээ. Бараг зураач байхаар. Манай Лхагваа улам л гүн, язгуурлаг болж байгаа.

    -Жаахан бүдүүлэг алхам хийгээд таны тоглолт дээр гар утсаараа бичлэг хийсэн. Д.Төмөрцог яагаад тийм чив чимээгүй, юмнаас айсан юм шиг, эсвэл олны хөлөөс залхсан юм шиг байдал төрхтэй юм бол. Яг хамт дуулахад тэр юугаараа ялгаатай вэ?

    -“Хурд” хамтлаг өөрөө тийм цэргийн зохион байгуулалттай юм шиг хамтлаг. “Харанга”-аас шал өөр. Д.Төмөрцог хэн нэгэнтэй дуулахыг өөрөө зөвшөөрсөн ч хамтлагийн зүгээс заавал зөвшөөрөл өгдөг. Би бас “Хурд”-ын анхны тоглолтонд   дуулж байсан. Бидний дунд ийм нэг сайхан харилцаа байдаг юм л даа. Д.Төмөрцог бол ясны дуучин. Хамт дуулахад түшигтэй. Бүтэн концертыг хоолой нь хошного болохгүй, сайхан өнгөөр дуулаад гарна гэдэг бол тийм амар даваа биш. Үүнийг манай ‘Харанга”-ын Х.Лхагвасүрэн, Д.Төмөрцог эд нар бол сайн мэднэ.

    -Та Н.Норовбанзад гуайтай дуулж байсан. Хятадын алдарт дуучин С.Тэнгэртэй дуулсан. С.Тэнгэр гуайтай дуулсан тухайгаа яриач. Танд ямар мэдрэмж байв?

    -Аягүй тийм эвийг нь олж дуулдаг хүн байна билээ. Өнгө, нугалаа болгон дээр нямбай ажиллагаатай гэх юм уу даа. Маш их бэлддэг юм билээ.  Надад таалагдсан. Т.Ариунаа гавьяаттай бас нэг хамтарч тоглолт хийх завшаан гарсан юм. Тэр тоглолт дээр би бас нэг юм анзаарсан байхгүй юу. Ямар аймаар мундаг бэлтгэл сургуулилт хийдэг юм бэ. Суралцмаар.

    -С.Тэнгэр хятадын нэгдүгээр дэсийн дуучин гэж явдаг юм билээ?

    -Харин тийм гэсэн. Одоо манай Өвөрмонголын дуучин Б.Цэцэгмаа бас нэгдүгээр дэсийн дуучин шүү дээ.

    -Харьцахад ямар хүн бэ. С.Тэнгэр?

    -Харьцахад сайхан хүн. Мэдээж хэрэг бага зэрэг ихэмсэг зан мэдрэгдсэн.

    -Таниас илүү юу?

    -Илүү, надаас илүү их зантай. (инээв) Тийм юм тодорхой хэмжээнд байх ёстой л доо.

    -Хүнээс сүрдэж үзсэн үү. Хамт дуэт дуулахдаа?

    -Н.Норовбанзад гуайгаас л сүрдэж байсан. Манай Догоо эгч байна. Бас л сүрдэнэ шүү.

    -Та ардын жүжигчин А.Долгортой дуулсан бил үү?

    -“Ижий минь эх дэлхий” гээд Л.Балхжав, Ү.Хүрэлбаатар гуай хоёрын дууг дуулсан. Гэхдээ ер нь сүрдэх юм бол дуэт дуулаад хэрэггүй ш дээ. Надад ер нь нэг тийм юманд хайрцаглагдах, нэг тийм хүлэгдэх хүсэл байдаггүй.

    -Б.Сарантуяа тайзан дээр зөвхөн өөрийгөө л авч ирдэг. Зөвхөн дуулалтан дээрээ л анхаарал тавьдаг. Хувцаслалтаа орхичихдог гэх нэг шүүмжлэл байдаг. Та үүнийг зөвшөөрөх үү?

    -Зөвшөөрөхгүй. Миний амьдрал, миний уран бүтээлийг мэдрээгүй нэг стилистэд мөнгө төлөөд тайзан дээр тэд нарын Сарааг харуулах гэж байгаа бол үгүй шүү. Санасны гарз. Гэхдээ мэргэжлийн зөвлөгөө авалгүй яахав. Жишээлбэл, “Урлах эрдэм”-ийн манай Г.Тунгалаг захирал эд нар гээд байна. Сараа чи залуухан байна шүү дээ, сайхан тэгшхэн хөлөө, гоё өгзөг, хөх, цээжээ ил гарга л даа. Яагаад халхлаад байгаа юм бэ гээд хэлдэг л дээ.

    -Одоо та яг юу дуулмаар байна. Өөрийнхөө дуулдаг шиг хүссэн бүхнээ гүйцээсэн юм шиг л санагдах юм уу?

    -Яг одоо бол би өөрийнхөө үеийн хүмүүст зориулж дуу зохиолгомоор байна. Дөчөөс тавин насныханд зориулж. Нэг тийм сэтгэлийн нарийн утсыг хөндсөн дуу байдаг даа.

    -Бид олон удаа ярилцахдаа хайр дурлал, хагацал гуниг гээд гоё сэдвүүдийг зоримог барьж авч байсан. Н.Ганхуяг, Л.Болдхуяг гээд тантай учирсан эрчүүд бий. Эргээд харахад тийм ч их гүн хайр биш байсан юм шиг?

    -Мэдрэмж бол үнэртэйгээ хамт байдаг зүйл юм шиг байгаа юм. Ерөөсөө ямар хүн бэ гэдэг бол үнэрээсээ эхэлдэг байхгүй юу. Ядаж байхад би нохой жилтэй, нэг тийм үнэрч хүүхэд. Энэ хүн яг миний хайраа өгөх хүн мөн үү. Би ингэж эргэж буцалтгүй хайраа өгөх ёстой юу, үгүй юу гэдгээ бодно. Сарантуяа чи ердөө ингээд л болоо юу гэж би толинд хараад олон удаа өөрөөсөө асууж байсан.

    Тэгээд л нөгөө

    Явахдаа бодсон бодлоо би

    Ирэхдээ ч хэллүү дээ

    Итгэл сэтгэлийг минь чи дааж л чадлуу даа

    Зүрхээ зүсэн уйллаа гээд эргэх л хайр уу даа

    Замдаа бодсон бодлоо би хэлэлгүй буцахаас даа....миний дуу байдаг шүү дээ. Тэрэн шиг буцсан.

    -Зүгээр л учралууд байж дээ гэж бодож байсан.

    -Үгүй дээ, хайр байлгүй яахав. Зүрхээ шархлуулчихаад уйлж суух үеүд бүгдийн л амьдралд тохиолддог. Тийм үеэ зөв давж сурах хэрэгтэй. Сошиалд ч юм уу дэлгэж хамаг ертөнцөө талаар нэг цацах бол аймшигтай явдал. Бурхан минь яг хоёулаа жаргалтай байгаа үедээ бол гуравдагч хүнийг дууддаггүй л биз дээ. Ямар ч таагүй төгсгөлтэй байсан өөрөө л туулдаг. Би бол хайргүй байсан гэж хэлж чадахгүй ээ. Хайртай байсан л байх. Гэхдээ хэдий хэмжээний хайр вэ гэж бодож байгаагүй юм байна.                   

    -Танд бүр нэг тийм шимширтэл санадаг хэн нэгэн байдаг уу. Шимширтэл санагддаг, хэзээ ч зүрх сэтгэлээс явдаггүй тийм хүн?

    -Би яг одоо бэлэн хариулж чадахгүй байна. Магадгүй тийм хайр үр хүүхэд рүүгээ шилжээд явчихдаг юм болов уу. Би өөрөө эмэгтэй хүнийхээ хувьд их тийм хариуцлагатай ээж. Үр хүүхдээ өөрөө өсгөдөг. Тэднийгээ нэгдүгээрт тавьдаг тийм ээж юм билээ. Зөвхөн өөрийн амьдын жаргал хайсан, ерөөсөө бүтэн амьдрал нь тэр чигээрээ зугаа цэнгэл байсан, тэр хэв маягаасаа гарч чадаагүй зөндөө настай эгч нар байдаг. Залуугийн амьдралын хэв маягаасаа болоод хүүхдүүдээ дутуу өсгөчихсөн. Хамаг үнэ цэнтэй насаа эрчүүдэд өргөчихсөн. Тийм эгч нар надад гунигтай санагддаг.

    -Таны охин Хулангийн аав охинтойгоо холбоотой байдаг уу. Энэ учралынхаа тухай ярихдаа та “Бидний дунд байсан гүүр хөрөөдөгдчихсөн” гэж хариулж байсан?

    -Холбоотой байдаг. Надад бол одоо хамгийн сүүлд дурлаж байсан залуутайгаа утсаар холбогдоход нэг их аймаар сүйдтэй юм болохгүй ш дээ. Охиныхоо тухай ярих хэрэг гарвал асуудал гарахгүй. Бас догдлох юм байхгүй. Би сэтгэл санаагаа урт удаан хугацаагаар зовоохгүйгээр дараагийн зам дээрээ хурдан гардаг.

    -Сараа учраас унаж болохгүй, Сараа учраас уйлж болохгүй...гээд үү?

    -Бишээ, биш. Би уйлна шүү дээ. Ээж аавыгаа, хайртай хүмүүсээ санана. Мелодрам үзнэ, уйлна. Хүн учраас. Нөгөө хамгийн сүүлд өөртэй чинь ярьж байсан Сараа бол шал өөр Сараа болчихсон. Чи анзаарахгүй байна гэж үү?

    -Анзаараад л, хайрыг ерөөсөө хагас л өгдөг эмэгтэй байж дээ гэж харж сууна.

    -Үгүй, үгүй. Яахав надаас бүтэн хайр авч байсан залуучууд мэдэх байхаа. (инээв)

    -Н.Ганхуягтай харилцаагаа дуусгахад бол та жаахан өвдсөн юм шиг санагдсан. Таны номыг уншаад тэгж бодсон. Л.Болдхуягтай бол тэгээгүй байх...

    -Ялгаагүй. Яагаад гэвэл тэр ном дуусахдаа яг 1999 он дээр дуусаж байгаа болохоор 2001 онд юу болсныг хүмүүс мэдэхгүй л дээ. Бүр хүнд байсан. Нөгөө  Б.Эрхэмбилэг чинь одоо Л.Болдхуяг гуай болчихоод хажууд яваад байна. (инээв) Хөөе, Болдхуягаа гэж заримдаа би дууддаг ш дээ. Бүр инээд хүрмээр. Аавынх нь зан характер, хөдөлж байгаа, идэж уух дуртай юм нь гээд гайхамшигтай адилхан. Миний хайрыг хамгийн их татаж байсан залуу бол Л.Болдхуяг. Бид хамгийн гоё төгс хос байж чадсан. Л.Болдхуяг намайг эх хүн болгосон. Хүүгээ төрүүлснийхээ дараа би илүү үзэсгэлэнтэй болсон. Сайхан хоол хийж сурсан, гэрийн эзэгтэй болсон. Намайг жинхэнэ эмэгтэй хүн болгосон. Бидний дунд гайхалтай дурсамжууд бий.

    -Та өөрийнхөө дууг хэр сонсдог вэ. Өөрөөсөө өөр дуучныг гэвэл монголоос хэнийг сонсдог вэ?

    -Н.Жанцанноров гуайн охин Ж.Ариу байна. Б.Оюу байна. “Киви”-ийн дуунд аймаар дуртай ш дээ. Б.Наранзуны зохиосон гоё дуунууд, Б.Ангираагийн зохиосон дуунууд байна. Бас Б.Баярцэцэгийн дуунд дуртай. Б.Баярцэцэг ёстой гоё. Ер нь манай эмэгтэй дуучид дотор муухай дуучин гэж байгаа юм уу. Бүгдээрээ л гоё. Бүгдийг нь би сонсдог.

    -Т.Ариунаа та хоёр дээр үеийн дууг хамтарч дуулсан. “Монгол нутгийн үзэсгэлэн” гээд.

    -Зээрийн сүрэг бэлчсэн

    Шаргал талын зэрэглээ

    Хээрийн салхи үлээсэн

    Монгол нутгийн үзэсгэлэн гээд үү

    -Тэр гоё дуэт байсан. Хэн дуулахыг санал болгосон бэ?

    -Hero entertainment-ын Баатараа. Манай Баатараа чинь мундаг шүү дээ. Хэнээр юу дуулуулах гээд бүгдийг нь өөрөө мэдэрч хийнэ. 

    -Та яагаад “Никитон”-ы Баачкатай дуулдаггүй юм. Нэг ерэн хэдэн оны үед та хоёрыг дуулна гэж шуугиад байсан ч дуулаагүй.

    -Мэдэхгүй, Баачка өөрөө бид хоёрын хоолойнд тохирсон дуу зохиовол би дуулна. Болохгүй юм байхгүй. Баачка бид нар халуун дотно харилцаатай.

    -Таны шинэ дуу анх цацагдангуут сонсдог л доо. “Тэр намайг дурсдаг болов уу”-г анх гарахад хэдэн удаа сонссоноо мэдэхгүй байна. Харин сүүлийн дуунуудаас “Амьдрал”-ыг сонсох дуртай. Үнэхээр гайхалтай дуу. 

    -Тэр “Амьдрал” гэдэг дууг бол би ёстой бүх эд эсээрээ дуулсан. Сараагийн дуулалтын арай өөр түвшинг гаргаж ирсэн болов уу.

    -Тэгсэн. 

    -Амьдрал үзсэн хүний хоолойгоор дуулж байгаа юм л даа. Намайг дуулж чадна гэж итгэж өгсөн. Энэ дуу миний дотор байдаг рок Сарааг сэргээж өгсөн. 

    -Танд ахин гэрлэх тухай бодол байдаг уу?

    -Мэдэхгүй. Би ерөөсөө энэ тухай боддоггүй.

    -Кинонд тоглоё гэж боддог уу? 

    -Залуу насандаа л тоглоё гэж боддог байсан байх.

    -Миний бүх цаг үеийн эмэгтэй зочдоос хамгийн супер зочин нь та шүү. Цаашдаа ч хоёулаа ярилцана. Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа.

    -Таны сонирхлыг татаж байвал би үргэлж баяртай байх болно. Ажилд нь амжилт хүсье. 

Сэтгэгдлүүд : 2

  • иргэн

    Сараа бол чадварлаг дуучин эрэмгий зоримог эр хүн шиг тууштай сайхан зан чанартай, уян зөөлөн сэтгэлтэй эмэгтэй гэж бодог.

  • Saraa <3

    Hairtai shuu Saraa egchee buh hiij buteen zuil, tuulj unguruulsen amidrald n bayrlalaa.

Сэтгэгдэл оруулах

урлан