Ж.Сүхбаатар: Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эхлүүлнэ

    2023 оны дөрөвдүгээр сарын 21

    Сайн байна уу? Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

    Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны Засгийн газрын цагаар нээлттэй сонсголоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр  Монгол Улсын Засгийн газар болон Нийслэл УБ хотын зүгээс хэрэгжүүлж буй ажил арга, хэмжээний нэгдсэн мэдээллийг Та бүхэнд танилцуулна.

    Нэг. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн байдал ба Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэл

    Дэлхийн хотуудын хувьд авто замын түгжрэл томоохон сорилт болж байна. Авто замын түгжрэл нь үүсч буй шалтгаан нөхцлөөсөө үл хамааран нийгмийн хөдөлмөрийн бүтээмж ба иргэдийн амьдралын чанарыг дордуулж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байдаг.  

    Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 954 км-с 1136 км болж 19 хувиар нэмэгдсэн бол тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 624.8 мянга болж 2.4 дахин нэмэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд 570 орчим мянган машин оролцож байгаа нь улсын хэмжээнд бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 80 орчим  хувь бөгөөд оргил цагийн ачааллын үед авто тээврийн хэрэгслийн дундаж хурд 8,9-10,8 км/цаг байна. Эндээс үзэхэд 2030 онд 5 км/цаг, 2040 онд дээд цэгтээ хүрч бүтэн өдрөөр түгжрэх нөхцөл үүснэ” гэсэн урьдчилсан судалгааг Олон улсын Жайка байгууллагаас гаргаад байна.

    Нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй авто замын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч нэгдсэн нэг бодлогын дор үйл ажиллагаагаа явуулан, цаг алдалгүй үр дүн гаргах зорилгоор 2022 оны 341 дүгээр тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-г байгуулсан. Мөн Засгийн газрын 2021 оны 146 дугаар тогтоолыг батлан нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420.0 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой Нийслэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2021 оны 180 дугаар тогтоол батлан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн Засгийн газрын хэлэлцээр, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах болон улс, нийслэлийн төсвийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газрыг байгуулан ажиллаж байна.      

    Хоёр. Хот хөдөөгийн сэргэлт

    Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Гэтэл Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, төвлөрч байна.

    Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг 15 аймаг байна.

    “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлэхээр  шийдвэр тогтоолоо гаргаж, бэлтгэл зохион байгуулалтаа хангаад байна.  

    2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх” талаар авах зарим арга хэмжээний тухай 419 дүгээр тогтоол, 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн “Хот хөдөөгийн сэргэлтийн тухай авах зарим арга хэмжээний тухай” гэсэн хоёр томоохон тогтоолыг Засгийн газар гаргалаа. Дээрх тогтоолуудад тусгасан Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон аймаг сум, алслагдсан дүүрэгт /Багануур, Багахангай/ анх удаа орон сууц худалдан авах иргэдэд арилжааны банкнаас олгох ипотекийн 3 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт  тулгуурлан санхүүжүүлэх, батлагдсан төсвийн хүрээнд Засгийн газар хариуцан төлөх хүүгийн татаасын хэмжээг арилжааны банкуудтай хэлэлцээрийн замаар санхүүжилтын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн татан буугдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын эзэмшлийн зарим аймаг дахь газрыг орон нутагт шилжин суурьшсан иргэдэд зориулсан орон сууцны барилга барих, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зориулалтаар шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эхлүүлээд байна.

    Шинээр үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх зэрэг боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.  

    Гурав. 2022-2023 онд хэрэгжүүлж буй арга хэмжээний биелэлт, үр дүн

    Улаанбаатар хотыг “Олон төвт хот”-ын загварт шилжүүлж, хөгжүүлэх бодлоготой уялдуулан автозамын түгжрэл болон нийтийн тээвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор 2022 онд Авто зам, Нийтийн тээвэр, Хот байгуулалт, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр 12 багц арга хэмжээг төлөвлөсөн. Эдгээр төсөл, арга хэмжээ нь 837.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд 96 хувь буюу 803.5 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2022 онд санхүүжүүлэхээр төсөвлөгдсөн 411.8 тэрбум төгрөгөөс 65 хувь буюу 269.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Үүнээс 33 хувь буюу 138.3 тэрбум төгрөгийг он дамжуулан санхүүжүүлнэ.

    2023 оны хувьд нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, явган болон дугуйн замын зарим хэсгийг санхүүжүүлэхээр 15.1 тэрбум төгрөг, гол гудамж замын бүтээн байгуулалтад 29.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн.  Улсын төсвийн тухайд нийт 408.0 тэрбум төгрөгийг “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо”-ны даргын багцад тусган баталсан.

    Дөрөв. Авто замын сүлжээг өргөтгөх, шинэлэх чиглэлээр:

    Нийслэл Улаанбаатар хотод авто зам шинээр барих, өргөтгөх шинэчлэх ажлыг Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу авто замын түгжрэлийг бууруулахад үзүүлэх нөлөөллөөр эрэмбэлэх оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 2022-2023 онд нийт 11 байршилд 16.45 км авто зам, 963.7 у/м гүүр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр 2024 онд хоногт нийт 184,910 машин нэвтэрч авто машины түгжрэл 9%-иар бууруулахаар тооцсон.

    Авто замын сүлжээг өргөтгөх, шинэлэх чиглэлээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй хоёр  төсөл байна. Үүнд,

    1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төслийг эхлүүлж, Сонгино хайрхан дүүрэг, 5 шарын төмөр замын гарамаас Баянгол дүүрэг, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барихаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, зураг төслийг боловсруулж байна. 2023 оны 04 дүгээр сард нарийвчилсан зураг төслийг улсын экспертизээр батлуулахаар ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлснээр нүхэн гарцуудын уулзвар дээрх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 20-40% болж, гэрлэн дохио дээрх тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 25% буурна.

    2. Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар нийслэл Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээвэр нэвтрүүлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын тогтвортой  зам, тээврийн урт болон дунд хугацааны стратеги, төлөвлөгөөболовсруулахаас гадна оновчтой төлөвлөлт, авто зогсоолын болон замын хөдөлгөөний удирдлагын ухаалаг систем бүхий иж бүрэн гудамж замыг байгуулахаар ажиллаж байна. Төслийн дүнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гудамж замын одоо байгаа сүлжээг засварлах, шинэчлэх, шинээр авто зам барих, замын хөдөлгөөний удирдлагын төвийг шинэчилж нэгдсэн системийг бий болгох юм.  

    Эрхэм гишүүд ээ!  Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд нэг төвт хотоос олон төвт хотыг хөгжүүлэх эхлэл буюу хот тойрсон авто замын хөдөлгөөнийг 2 жилийн хугацаанд бий болгохоор төлөвлөсөн. Хотын хойд хэсэгт 42.7 км, урд хэсэгт 33 км, босоо чиглэлд 17.3 км нийт 93 км тойрог замыг үүсгэснээр хотын гол замуудын ачааллыг 20-30% бууруулахаар байна.  

    Мөн хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой “Сэлбэ сэргэлт” төсөл судалгааны шатандаа байна. Урьдчилсан тооцооллоор Сэлбэ Дунд гол дагуу шинээр 21.6 км авто зам, түүнийг дагасан 18 туслах гүүр, 4 гүүрэн байгууламж, 9 нүхэн гарц, 43.2 км явган болон унадаг дугуйн зам, 68 ш нийтийн тээврийн зогсоол бүхий тусгай замын нийтийн тээврийн чиглэлийг үүсгэнэ. Үүний дүнд авто замын идэвхигүй бүс болох 63 уулзвар гарцын хөдөлгөөн эрчимжиж гол замын ачааллыг хуваалцах юм.  

    Тав. Олон төрөлт нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

    Нийслэлийн нийтийн тээвэрт 2009 оноос хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй. Парк шинэчлэлд 1400 орчим нийтийн тээвэр шаардлагатай байгаа тооцоо судалгаа гарсан. Өнөөдрийн байдлаар өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд нийт 107 чиглэлээр 996 автобус үйлчилж байгаа ч 68 хувь нь араваас дээш жилийн насжилттай байна.

    Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах нь нэн тэргүүний асуудал бөгөөд түгжрэлийн эсрэг авах арга хэмжээний суурь нөхцөл юм.  

    Тиймээс 2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувьд хүргэх зорилт тавьж, их багтаамжийн Евро5 стандартын шаардлага хангасан 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус худалдан авахаар төлөвлөсөн. Монгол Улсын сайд бөгөөд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын багцад энэ онд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 318.0 тэрбум төгрөг батлагдаад байна. Одоогоор автобус худалдан авах гэрээний хүрээнд  энэ оны зургаадугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөөд байна. Мөн нийтийн тээврийн автопаркийн барилгыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж байгуулах ажлыг эхлүүлээд байна.

    2024 онд нийтийн тээврийн парк шинэлэлтийг 100 хувьд хүргэж, насжилт ихтэй автобусыг ашиглалтаас гарган, урсгал зардал болон агаар, орчны бохирдлыг бууруулахаас гадна 150 автобусны багтаамжтай гадна зогсоол, 220 автобусны багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн сервис үйлчилгээний сувгийн хамт ашиглалтад орж, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргаж, иргэдэд ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх юм.

    Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхчиглэлээр гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд буй хоёр төсөл байна. Үүнд,

    1. Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийг эхлүүлж, 2 дугаар шугам болох Яармаг Шинэ хотын захиргаанаас Хархорин автобусны буудал хүртэлх 4,2км дүүжин замыг 2024 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлснээр 2024 онд нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын дэд төвүүдийг хооронд нь холбох, авто замын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.

    2. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл нь Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнасан Чингэлтэйн замын 5.1 км коридорт хэрэгжиж байна. Төслийн үр дүнд 2024 онд Чингэлтэйн замын чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, хүртээмжтэй төлөвлөлтийн зарчим болон хүрээлэн буй орчны онцлогт нийцсэн аюулгүй, хүртээмжтэй автобусны зогсоол, явган зорчигчийн жишиг загвар  бий болно.   

    Эдгээрээс гадна Засгийн газраас төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэн дэмжсэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний үйлчилгээг нэвтрүүлж, 1 дүгээр шугам буюу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооноос Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо хүртэл нийт 15 буудалтайгаар төлөвлөн ТЭЗҮ боловсруулж төслийн суурь судалгаа хийсэн.

    Мөн  “Нийслэлийн нийтийн тээвэрт тусгай замын их багтаамжийн автобусыг нэвтрүүлэх” төсөл судалгааны шатандаа байна. Урьдчилсан тооцооллоор Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалангийн автобусны буудал хүртэлх авто замыг ашиглан тусгай эгнээгээр их багтаамжийн автобусыг нэвтрүүлснээр нийтийн тээврийн зорчих хурд нэмэгдэж, нарийвчилсан цагийн хуваарийн дагуу шуурхай үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн төрлийг бий болгох юм.

    Зургаа. Хот байгуулалтын чиглэлээр:

    Нийслэл Улаанбаатар хотод өдөрт 2,9 сая зөрчилт хөдөлгөөн хийгдэж байгаагаас 50% нь ажилдаа ирж очих, 30% нь хүүхдээ сургууль цэцэрлэгт авто машинаар хүргэж өгөх, 20% нь бусад зорилготой зорчилт хөдөлгөөн байна гэсэн судалгаа байдаг. Иймд хамран сургах тойргийн сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төвийн бус сургууль цэцэрлэгийн сургалтын чанарыг сайжруулах замаар нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхийг зорьж байна.

    2022-2023 онд  нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сургуулийн 7 барилга, Цэцэрлэгийн 11 барилга, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын 9 барилгын ажлыг хэрэгжүүлнэ. Ийнхүү сургуулийн хүртээмжийг 5780 суудлаар, цэцэрлэгийн хүртээмжийг 3455 ороор өсгөж, хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр авто замын хөдөлгөөнийг 20-30 хувь бууруулах судалгаа бий.

    Мөн хотын төвийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төвийн 6 дүүрэгт 28 боломжит байршлыг тодорхойлж, эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн 2 болон 7 дугаар хороонд нийт 468 машины багтаамжтай ухаалаг системээр тоноглосон “Их багтаамжийн авто зогсоол”-ыг төр хувийн хэвшлийн түншлэлийн журмаар барьж байгуулахаар судалгаа, тооцооллыг гаргалаа. Үүний дүнд ойролцоо замын ачааллыг 20-30 хувь бууруулах юм.

    Үүнээс гадна иргэдийн ая тухтай орчинд алхах, дугуйгаар зорчих хэвшлийг дэмжих зорилгоор Бага тойруу бүсэд явган замыг өргөтгөн ногоон байгууламжийн хамт тохижуулах, нийтийн эзэмшлийн талбайгаас гараж хайс хашлагыг буулган явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх зэргээр ажиллаж байна.

    Онцолбол, энэ онд Энхтайваны өргөн чөлөөнөөс Маршлын гүүр хүртэлх гүүрэн байгууламж болон дугуйн замыг төлөвлөж байна. Нийт гүүрэн байгууламжийн урт 1.68 км, нэг түвшний дугуйн зам 3.19 км замыг 31.8 тэрбум төгрөгөөр байгуулна. Систем динамик загварчлалын тооцооллоор Чингисийн өргөн чөлөө болон Их Монгол улсын гудамжны замын хөдөлгөөнөөс 5675 автомашин, 34270 зорчилт хасагдаж, хотын дундаж хурд 11.2 км/ц-т хүрч нэмэгдсэнээр түгжрэл 3 хувиар буурахаар тооцоолж байна.

    Долоо. Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр:

    Зам тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж технологийн тусламжтайгаар авто зам, тээврийн хэрэгслийн бодит мэдээллийг боловсруулж, өгөгдөл дээр суурилсан тооцоо судалгаа хийх, бодит цаг хугацааны тандалт дээр суурилж замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломжийг бий болгох, авто замын сүлжээний ачааллыг бууруулах ажлын 1 дүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн.  

    2023-2024 онд 2 дугаар үе шатыг хэрэгжүүлснээр тээврийн хэрэгслийн бодит цагийн нэгдсэн дата цуглуулж, авто зам болон тээврийн зохицуулалтыг хийнэ. Гэрлэн дохиогоор тоноглогдсон уулзваруудад бодит цаг хугацааны тандалт хийж, замын хөдөлгөөнийг удирдах, зохицуулах боломжтой болно. Мөн замын хөдөлгөөний хяналтыг 40 хувиар  сайжруулж автозамын хөдөлгөөний ачааллыг 20 хүртлэх хувиарбууруулна. Ухаалаг авто зогсоол, цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цаг завыг хэмнэнэ. Шалган нэвтрүүлэх товчоод, явуулын хяналтын цагдаагийн машинууд хоорондоо ухаалаг терминалуудаар холбогдож мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдэнэ.

    Мөн хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр Зайсан тойрууг нэг чигийн болгох, олимпийн гүүрний ойролцоох хөдөлгөөнийг буцаж эргэх зэрэг зохион байгуулалтын ажлыг үе шаттай хэрэгжүүлсэн. Үр дүн эхнээсээ гарч байна.

    Найм. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын оролцоог хангах чиглэлээр:

     Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэд олон нийтэд авто замын түгжрэл түүний сөрөг нөлөөллийг бууруулах арга зам, шийдлийн талаар сурталчлан таниулах, иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог хангах, дэмжих бодлогыг баримталж байна.  

    Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахтай холбогдуулан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болгосон. Авто замын хэт ачаалалтай бүсийг бий болгох, түүнд төлбөр ногдуулах, энэхүү төлбөрийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх ерөнхий зарчмын дагуу төслийг бэлтгэн УИХ-д өргөн барихаар бэлтгэл хангагдлаа.  

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад төрийн байгууллага болон иргэн, аж ахуйн нэгжийн оролцоог хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны 2022 оны 01 дүгээр зөвлөмжийг баталсан. Энэ хүрээнд зөвлөмжийн биелэлтийг сар бүр нэгтгэн, олон нийтэд мэдээлж, авто замын түгжрэлийг бууруулах идэвхи санаачилга, оролцоог дэмжин, сурталчилж ажиллана.

    "Хот тосгоны төлөвлөлт. барилгажилтын норм ба дүрэм"-д заасан хүн ам, барилгажилтын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршилд зөвшөөрөл олгосон барилгын ажлын хуульд заасан норм. шаардлага, стандартыг хангуулах(шинээр баригдах хороолол, цогцолбор барилга байгууламжийн зураг төсөлд хүүхдийн цэцэрлэг. ерөнхий боловсролын сургууль төлөвлөх, барьж ашиглалтад оруулах), түгжрэлийг сааруулахад шаардагдах өөрчлөлтүүдийг тусган хэрэгжүүлэх  “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм”д заасан хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

    Ес. Дүгнэлт

    Өнөөдрийн байдлаар иргэд нийслэлийн автозамын түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг, энэ алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг байгааг олон улсын мэргэжлийн байгууллага судлан тогтоосон.

    Энэ алдагдсан боломжийн өртгийг бууруулахын тулд Нийслэл 2022 онд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад гол нөлөө үзүүлэх суурь судалгаануудаа хийсэн. Автозамын сүлжээг нэмэгдүүлэх, Зорчилтын бөөгнөрөлийг задлах боломжуудыг тогтоосон. Мөн гэр хорооллын бүсэд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургууль дагасан зорчилт хөдөлгөөнийг бууруулах хувилбаруудыг бий болгосон. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор гэр хорооллын бүсэд амьдарч байгаа нийтийн тээврийн хүртээмжгүй 425 мянган хүн амд зориулан жижиг оврын автобус явуулах, мөн автобусны дундаж хурдыг нэмэгдүүлэх үүднээс Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг үе шаттай  чөлөөлөх ажлыг төлөвлөөд байна.

    Хот төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах хүрээнд илүү оновчтой төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгон, 2023-2024 онд төлөвлөсөн төсөл, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлснээр авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах бүрэн боломжтой.

    Товчоор дүгнэвэл, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 50 хувь бууруулах зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын 18-20 хувийг 2022 онд амжилттай гүйцэтгэсэн. Энэ нь 2023-2024 онд хийгдэх нийт ажлын суурь дэвсгэр болж буй тул 2023 онд 60 хувь, 2024 онд үлдсэн 20 хувийн гүйцэтгэл хийснээр нийслэл хотын түгжрэлийг 50 хувиар бууруулна гэж үзэж байна.

    Улс орон, том хотуудын эдийн засгийн хөгжлийн хурд нь авто замын хөдөлгөөний хурдаас хамааралтай болох нь хэдийнэ тодорхой болжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засагчид хотын авто замын түгжрэлийг эдийн засгийн тэлэлттэй шууд утгаар нь холбон авч үзэж байна.

    Иймд Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнтэй долоон хоног бүр танилцаж, шаардлагатай шийдвэрүүдийг цаг алдалгүй авах болно.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан