(дурсамж)

    Хэдийгээр өгүүлэх гэж буй зүйлс үнэн болоод бодитой эсвэл би жинхэнэ мэтээр төсөөлөн бодож шөнийн цагаар үйл явдалд нь зүүдээр дамжуулж оролцсон ахуй ч гэлээ дотроо оршоосон хамгийн тод дурсамж минь энэ. Олон, олон шөнүүдэд ээж лааны бүдэгхэн шар гэрэлд дээлийн шилбэ хадаж эрэлд явсан аавыг ирэхийг хүлээн морин төвөргөөн чимээлж цурамхийх ч чөлөөгүй үүр цайлгаж дөнгөдөг байсан шигээр заримдаа би түүний тухай тэмдэглэлийн дэвтэрт бийрлэж, дүр төрхийг нь тухайн агшинд бодолд минь хэрхэн ургаж буй тэр хэвээр нь яв цав төсөөлөн зурсаар шөнийг хөнтөрч дуусгадаг сан. Үүрээр нүдний хор гаргах агшин төдий хугацааны хойно өдрийн ихэнх цагт түүний дэргэд байхын тулд эгчийн бэлдээд тавьчихсан өглөөний цайг үргэлж л хальтхан амсчихаад ажилдаа яарна. Тийм ээ, би тэр үед их сургуулиа хэдийн төгсчихсөн, харин тэр минь оюутан байлаа. Бор шаргал өнгийн хүрэмтэй, задгай ангир үстэй охин. Анх хараад түүний энгийн даруухан төрх, үзэсгэлэнтэй цэвэрхэн царай, уруулынх нь улаан өнгөнд шууд л татагдаж орхисон. Тэр уруулынхаа гоёмсог хэлбэрийг үргэлжид час улаан юм уу хүрэн улаан өнгөөр тодруулах бөгөөд инээмсэглэл нь тэдгээр өнгийг зөөллөж үзэсгэлэн гоог нь будаж шунхдаагүй мэт харагдуулна. Түүн рүү зурвас бичихдээ их л зориг гаргаж байсан боловч анхлан харц тулгарахын дэргэд энэ нь юу ч биш байсныг хожим мэдсэн сэн. Бид хэн хэндээ дотно нандин үгстэй, яруу найргийн халил ихтэй захидал ч юм уу, цахим зурвас илгээсэнгүй. Зүгээр л хэн нэгэнтэй ярилцах орон зайгаар хоёулаа дутаж явснаас ч болсон уу, анхны уулзалтаас хойш л бие биедээ дотносож эхэлсэн юм. Тэр үед Их сургуулийн гудамжинд намар болж байлаа.  

    Тухайн үед надад зав чөлөө гарвал зураг зурж, ном уншиж, юм бичих хамгийн таатай санагддаг байсан үе. Охидтой гайгүй харилцаатай, учраа төвөггүйхэн олчихдог боловч хайр зөвхөн биологийн үүднээс үйлчилж, оюун бодолд бүрэн хэв загвараа гүйцэд олоогүй байв. Дээр нь сэтгэл санаа, тархиныхаа эд эс бүхэнд хамгийн өчүүхэн, сул дорой Алтанхуягийг суулгачихсан, бугуйгаараа дүүрэн эсгэсэн сорвитой, сэтгэл гутралын далд нөмрөг дор нуугдчихсан, түүнийгээ өөрөө ч мэдэхгүй нэгэн явав. Ажлаас гадуур болдог яруу найргийн арга хэмжээн дээр урьд нь Лурастай тааралдаж байсан ч тухайн үед бие биенээ анхаарч хараагүй явснаа хожим дурсаад хачирхаж билээ. Ямартаа ч бичдэг, ном уншдаг учир шалтгаанаас үүдэж бид хоорондоо дотноссон болов уу гэж санадаг. Бид хоёр ихэвчлэн Оросын сонгодогуудын тухай ярилцаж байсан агаад Гоголь, Владимир Набаков, Достоевский түүнчлэн яруу найрагчдаас Пушкин, Ахматова, Иванов нарын шүлгүүдийг уншихаас гадна Лурасын хамгийн дуртай нь Есенин. Үүнийг нь мэдсэн даруйд гэртээ харьж тэмдэглэлийн дэвтрээ нээгээд “Имэрчихвэл эмтэрч орхих навчис намрын модонд дүүжлэгдэн байх аниргүйд дэргэд чинь суудаг сан. Хааяахан уртаар санаа алдсанаа зөөлхөн инээгээд л... Уйдах зав үгүй ээ, тэр Есенинд хайртайгаа хүртэл хэлнэ” хэмээн бичив.

    Намар дуусаж өвлийн эхний хоногууд айлчилж сэтгүүлч Б.Ганчимэг эгчийн бичсэн шиг “Гайхамшигт арван нэгдүгээр сар” Улаанбаатар хотын тэнгэрээс цас хаялж эхлэхэд бид хэн хэнээсээ эмээж дөлөлгүй халуун дотноор тэврэлдэн уулзаж, гараа хөлөртөл атгалцсаар цас чахруулан алхаж явдаг болов. Тэднийх Арван гуравт байлаа. Бид хоёр Их сургуулиас гарч алхсаар гэрийнх нь гадаа төд удалгүй хүрчихдэг ч Лурас гэртээ орох гэж нэг их яарахгүй. Тиймээс хоёул заримдаа гэрийнх нь ойр хавийн газруудаар зорилгогүй тэнэж, нэгнийхээ яриаг улан дор чахрах цасны чимээтэй хоршуулан чагнасаар одод нь эрт асгардаг өвлийн шөнийн тэнгэр дор удаан гэгч нь ярилцаж суудаг сан.

    Өвлийн эхэн сарын сүүлчийн дулаан өдрүүдийн нэгэнд нэвсийн бударсан цасан дундуур хөтлөлцөж алхсаар Лурасын гэрийн үүдэнд ирэв. Байрных нь баруун хойд араар нь тойроод хориод алхам урагшилбал байшин барилгагүй хэсэгхэн талбай байх бөгөөд шинэхэн орсон цасан дээр нэг ч хүн мөрөө гаргаагүй аж. Лурас яг л жаахан хүүхэд шиг хөөрч, шинэ цасан дээр гутлынхаа улаар тухайн үед өөрт нь төрсөн догдлолуудыг урлаж гарлаа. Сахиусан тэнгэрийн далавч дал мөрнөөс нь ургаж, будрах цасан дундуур цангинасан инээд зүүгээд гүйж яваа Лурас. Би түүнийг дуудсанаа эргэж хараад инээмсэглэхэд нь өөрийгөө камерын доод буланд оруулж байгаад зураг дарж амжив. Бидний хамтдаа авхуулсан анхны зураг. Хожим би доод талын цонхнууд нь үзэгдэх сургуулийн байшин, эргэж хараад инээмсэглэх Лурасын дүр төрхийг нэвсийн будрах цасан дунд байгаагаар нь удтал ширтэж суудаг байсан болохоор хамт авхуулсан тэр зургандаа их л дуртай байсан сан. 

    Төрсөн өдрийнх нь өмнө би түүнд муур бэлэглэхээр шийдлээ. Гэхдээ Лурас үүнд жаахан эргэлзэв. Учир нь тэднийх нохой тэжээдэг байсан юм. |Тэжээдэг гэхээс илүүтэй тэдний гэр бүлийн нэг гишүүн байв| Гэрт нь хүргэхээр такси бариад машины хойд талын суудалд чимээгүй явах зууртаа “Чи мууртай болмоор байна уу” гэж асуухад өөдөөс минь ширтэж үл ялиг инээмсэглэснээ юу ч хэлэлгүй мөрийг минь дэрлэж билээ. Энэ явдлаас гурван өдрийн дараа утас цохиж “Би чамд муур авч өгмөөр байна” гэхэд тэр “Хэсэг хүлээгээрэй” гээд тасалчихав. Тун удалгүй зөвшөөрсөн хариу ирэх нь тэр. Энэ үеэр Лурас гэрийнхэнтэйгээ хамт ууланд алхаж байлаа. Тиймдээ ч энэ нь зөвхөн цор ганц түүний хүслийнх бус гэрийнхэн нь мууртай болохыг зөвшөөрсөн хэрэг. Ийнхүү би Гурав дугаар хорооллын амьтны дэлгүүрээр хэсэж явахдаа торны цаанаас өхөөрдөм боловч гол зурсан өрөвдмөөр нүдээр ширтэж буй амьтай бүхнийг аваад харимаар санагдаж билээ. Эцэст нь би өвөртөө жижигхэн хар муур тэвэрчихээд Лурасын гэрийн зүг алхав.

    Хөл дор минь цас нургиж, өвөртөө хийсэн муур үе үе хөдлөх ба заримдаа жижигхэн хар хошуугаа булталзуулан толгойгоо цухуйлгах гэж оролдоно. “Ээ, бяцхан минь түр хүлээчих! Удахгүй чамайг үргэлж тэврээд унтах, халуун дулаан сэтгэлтэй нэгэн рүү бид очиж явна, наад толгойгоо цааш хийхгүй бол чихний чинь үзүүр хөлдчихнө шүү!” хэмээн би мууранд аяархан анхааруулж явлаа. Лурас орцныхоо хаалгаар инээмсэглэсээр гарч ирэхэд нүүрэнд нь тодорсон аз жаргалыг энэ өдөр лав юу ч хулгайлж дөнгөхгүй мэт санагдаж билээ. Тэр муурыг авч энгэртээ тэврээд хайрлан энхрийлж, дараа нь надад талархсан сэтгэлийн үүднээс мөн л баярын тэврэлт, үнсэлт өгөхдөө сандарч, догдлосноосоо болоод намуухан чичирч байлаа. Түүний минь зүрх нь хэрхэн булгилан цохилохыг сонсох мөчид надад хэчнээн их хайртайг нь ухаарч, дотор минь нэг зүйл шархиран хөндүүрлэхийг мэдрэв.

    Намайг гэрийнх нь үүднээс буцах болоход Лурас гараас минь шүүрч аваад “Ийм хөөрхөн амьтан өвөртлөөд өвлийн хүйтэн гудамжаар алхаад ирж байхад нь яаж ингээд явуулахав дээ. Би угаасаа аав, ээж хоёрт чиний тухай хэлчихсэн. Хоёулаа манайд оръё. Цай ууж, дулаацаж аваад яв” гэх нь тэр. Ингэж би анх удаа тэдний халуун дулаан ам бүлийн орон зайд хөл тавьсан юм.

    Лурас муурандаа Дулмаа гэдэг нэр өгөв. Ерөөс хорвоо дээр байгаа бүхий л зулзаган хар мууранд Дулмаа гэдэг нэр хайрлачихъя хэмээж байсан ч удаатай. Бид хоёр тэр бяцхан амьтныг хүүхэд шигээ санаж, ихэнх яриа маань уран зохиолоос гадна муурны тухай байх болов. Нэг удаа Лурас “Охиныгоо аавтай нь уулзахгүй удаачихлаа” гэсээр сургууль дээр аваад ирчихсэн байх нь тэр. Би ч бас “Дулмаатай уулзмаар байна” гэж нэхсээр байсан юм л даа. Энэ үеэр Их сургуулийн хоёрдугаар байрны гурван давхрын үүдний танхимд бид гурав хамтдаа зураг татуулсан. Тэгэхэд Лурас бид хоёрын авхуулсан зураг хэдийн 14 болчихсон байсан нь хэчнээн хурдан дотносож, нэгнээ ойлгож байсныг илтгэнэ. Заримдаа тэр үед би яг л жаахан хүүхэд шиг сандарч, аль болох оюутнуудын нүдэнд өртчихгүй байхыг хичээх бөгөөд харин Лурас хэзээ хэзээнийхээсээ тайван байж зөөлөн үнсэлтээр харамгүй шагнадаг байлаа. Мэдээж бид тэгэхэд хайр сэтгэлийн асуудлаа бусдаас нууж хаадаг наснаасаа өнгөрсөн хэдий ч тэр бүр ил гаргаад байсангүй. Жишээ нь үнэхээр л хосууд гэдгээ мэдэрч, аз жаргалтайгаа ухаармагц л хэдийн хөтлөлцчихсөн, зургаа хамт даруулж, Есениний шүлгүүдээс дууддаг байснаас бус хүмүүсийн нүдэн дээр хосууд гэдгээ мэдэгдэхийн тулд “Dreamer’s day” үзэхээр театр явах, номын дэлгүүр хэсэх, Их сургуулийн шинэ номын санд болох хэн нэгэн зохиолч, найрагчдын бүтээлийн уулзалтанд орохдоо ч тэр халуухан амрагууд шиг аяглаж байсангүй. Улаанбаатар түүнийг минь л байхад мөсөн харш шиг гоёчихоод ирээдүйн тухай ярих дургүй Лурасын дотор үүсээд буй зөрчил, сэтгэлзүйд нь тодорч ирснээ даруйхан нуугдчихдаг хямралыг халхлах гэж оролдоно. Харин би цаг ямагт л сэтгэл зүрх, үйл хөдлөлөө түүний зүг чиглүүлж Лурасыг өөртөө хайраар л харъяалуулахыг хичээдэг сэн. Гэвч өмнө нь бусдад дурлаж явсан шигээ өөрийн дур зоргоор байж чадалгүй үргэлжид л алдахвий гэх айдаст хүлүүлсээр зарим мэдрэмжээ булшилж, ил гаргасан хэсэгхэн сэтгэл хөдлөлөө бүрэн гүйцэд харуулж чадаагүй юм.

    Нэг өдөр “Max Mall” их дэлгүүрийн үүдэнд уулзахдаа тэр бага дүүгээ дагуулчихсан явав. Дүр төрх нь урьд харж байгаагүйгээр гунигт автаж, сэтгэл нь ихэд хөндүүрлэсэн болох нь шуудхан мэдрэгдэхэд дотор минь алман сүхтэй нэгэн сэрж босоод хамаг зовиур шаналлаа түгжээд хадгалчихсан модон хайрцагны цоожийг цохиж эхлэх шиг болов. Лурас надад “Дулмаа өвдчихсөн. Эмч унтуулахаас өөр аргагүйд хүрсэн” гэлээ. “Одоо дүү бид хоёр хурдан явахгүй бол болохгүй. Аав хүлээж байгаа” гэж хэлэхэд нь би арайхийн гар өргөж такси зогсоов. Тэр үед л анх удаа машин тэрэг сонирхож яваагүй дээ өөрийгөө зүхэж, бушуухан жолооны үнэмлэх авах тухай агшин төдийд бодсон юмдаг. Машин ухасхийн хөдлөхөд Лурас тэр цагаан тэрэгтэй хамт намайг орхиод явчих шиг, Дулмаатай өнгөрүүлсэн дурсамжууд хэрээний жижигхэн зулзага болоод намайг тойрон нисэлдэж эхлэхэд би замын хажууд удаан гэгч зогссон хэвээрээ л байлаа.

    Түүнээс хойш нэг их удсангүй бид хоёр салсан юм. Магадгүй биднийг хагацахад хүргэсэн учир шалтгаан энд огтоос байхгүй байж мэднэ. Эсвэл алдчихвий гэсэн айдаснаас эртхэн салсан бол дараа өвлийн нарыг хамтдаа үзэх байсан ч юм бил үү. Ямартаа ч сүүлд гэрийнх нь үүднээс эргэхэд тэр инээмсэглэх гээд чадаагүй юм. “Үгүй” гэж хэчнээн хэлсэн ч түүнийг надад хэсэгхэн хугацаанд ч болов хайртай байсан болов уу гэж боддог, тийм гэж итгэдэг болсоор хэдийнэ жил сарууд ар араасаа цуван өнгөрч, цаг хугацаа зүрх сэтгэлийг минь бүрэн эдгээдэггүй юм гэхэд ядаж л зовуурь, шаналалгүй болтол нь зүлгэчихсэн байх ёстой хором мөчүүдэд ч түүнийг бодсоор байв. Салалтаа хүлээн зөвшөөрч, тэр нэгэнт шийдчихсэний дараа ч мөн Лурасын цахим хаяг руу халамцуу зурвас бичих, эсвээс алхсаар байгаад өөрийн эрхгүй гэрийнх нь үүдэнд оччихно. Тэр бүртээ гэрийнх нь үүдэнд дуртай жимсний таргийг нь орхих бөгөөд хэд нь эзэндээ хүрч, хэдийг нь жаахан хүүхдүүд олзолсныг мэдэхгүй. Ямартаа ч бид хоёр дахин нэг удаа уулзаж харилцаагаа сэргээхийг оролдсон боловч дэндүү хиймэл, Лурас намайг бодсондоо л өөрийгөө надад хайртай болгох гэж хичээх байх шиг санагдаад байлаа. Энэ нь цаг ямагт миний сэтгэлийг гонсойлгох боловч түүний дэргэдээс алхам ч холдчих зориг зүрхгүй байгаадаа өөрийгөө хангалттай үзэн ядахад хүргэнэ.

    Нэгэн удаа танил яруу найрагч ах маань найз эмэгтэйтэйгээ уулзахаар цаг товлосон учир намайг “Хүрээд ирээч” гэв. Уригдсан зочид хоорондоо танилцаж, би тэрхүү эгч бүсгүйд шүлэг хүртэл дуудаж өглөө. Хэд хэдэн шар айрагны шил хоосорч нэлээдгүй зүйлс хөөрөлдсөн боловч ихэнх яриа нь мартагджээ. Харин тэр эмэгтэй “Манай ажлын газрын найз хүүхэн байдаг юм.  Их мундаг, гоё хүүхэн л дээ. Түүний охин нь нэг яруу найрагч залуутай найзалдаг гэсэн. Тэгээд надаас “Яруу найрагчид ямар вэ” гэхээр нь танай энэ ах шиг юм бодоод л “Өө шал дэмий, хэрэггүй хүмүүс байдаг. Охиноо эртхэн салгаад ав” гээд хэлчихэж билээ” гэв. Тэгснээ ах руу хандаж “Харин энэ Ако шиг хүүхэд байвал болж байна ш дээ” хэмээснээ дооглонгуй жуумалзав. Ер нь шүлэг бичдэг, яруу найраг сонирхдог гэвэл гадаадын дийлэнх орны хүмүүс хүндлэн харьцаж, найрсагаар хүлээн авч, дуртай нь аргагүй яриа өрнүүлдэг бол манай эх оронд ихэнх хүмүүс дооглонгуй өнгө аяс цухалзуулдаг нь гунигтай санагддаг. Гэхдээ энэ тухай өгүүлэх гэсэн юм биш л дээ. Гол нь тэр хоёрын яриаг жаахан лавшруулаад сонстол өнөөх эмэгтэй Лурасын ээжийн найз нь болж таарав. Найзынхаа охины нэрийг яг таг хэлэхэд нь би мэдсэн юм. Сэтгэл зовнисон үедээ хөмсгөө үл ялиг атируулах нь хүртэл өхөөрдөм хөөрхөн харагддаг Лурас магадгүй өөрийн хайр сэтгэлийн төлөө гэрийнхээ халуун дулаан уур амьсгалд хүйт даалгахыг хүсээгүй ч байж мэднэ. Эцсийн эцэст надад хайргүй байсан байж ч болох шүү дээ.

    Тэндээс гараад алхаж явахдаа Лурасын “Чамайг ирээдүйд мундаг зохиолч болно гэж би итгэдэг. Тэгээд би мундаг зохиолчийн эхнэр болохоороо өөрсдийн хайрын түүхээ хүмүүст хуваалцаж ярина гэж боддог. Гоё мөрөөдөл байгаа биз” гэж хэлснийг нэхэн саналаа. Алхсаар гэртээ оруут түүнд зориулж хөтөлдөг байсан тэмдэглэлийн дэвтрийнхээ төгсгөлийн мөрийг “Би мундаг зохиолч болно” хэмээн таталгаж билээ.

                                                                                               2018 оны өвөл.
                                                                                               "Ааваас үлдсэн өвлийн дурсамжууд" номоос...

     

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан