А.Алимаа: Битүүнд монголчууд үр хүүхэдтэйгээ үлгэр домог, зүйр цэцэн үг хэлэлцдэг уламжлалтай

    Билгийн тооллын өвлийн адаг сарын сүүлийн өдрийг битүүний өдөр хэмээдэг билээ. Тэгвэл тухайн өдрийг монголчууд эртнээс өвлөгдсөн уламжлалт ёсыг эрхэмлэн тэмдэглэсээр ирсэн.  Түүний нэг нь үр хүүхдэдээ үлгэр домог ярьж өгдөг ёсон юм. Энэ талаар Шинжлэх ухааны академийн “Хэл зохиолын хүрээлэн”-гийн эрхлэгч А.Алимаатай ярилцлаа.

    -Сайхан өвөлжиж байна уу. Танд сар шинийн мэнд хүргэе. Монголчууд битүүний оройг хэрхэн өнгөрөөдөг ёстой байсан бэ. Энэ тухай хоёулаа ярилцлагаа эхэлье.

    -Монголчуудын хувьд битүүний орой гэдэг чинь “битүү харанхуй” сар байхгүй гэж ярьдаг шүү дээ. Тийм болохоор битүүний зан үйлийг гэрэл гэгээтэй, дуу чимээтэй, унтахгүйгээр өнгөрөөдөг уламжлалтай байсан. Иймээс тоглоом тоглож, үлгэр домог ярьдаг. Ерөнхийдөө их хөгжилтэй байдлаар өнгөрөөнө. Хоол унд идэхдээ хүртэл тусгай зан үйл хийдэг. Ялангуяа төв халхынхан, ойрадууд, идээ шүүснийхээ чөмгийг гаргаад “Битүү хагарах уу” гэхээр “Хагаръя аа” гээд чөмгөө ташина. Ингээд “битүү хагарлаа” хэмээгээд хоолоо иддэг. Энэ бол асууж, хариулж байгаа юм.

    Ер нь бол “Битүүрлээ, битүүн эхэллээ, битүү хагарлаа” гэдэг дэлхий ертөнц битүү бөмбөлөгөн болчихож буй гэх дээр үеийн ойлгомжгүй домог зүйн ойлголтоор харанхуйгаас айдаг байсан тэр зан үйл л дээ. Тиймээс “битүү хагалах” гэх мэтчилэнгийн зан үйл идээ ундаан дээр байдаг. Үүнээс гадна тоглоом наадгай наадах, мөн ахмад настнууд нь үр хүүхэддээ үлгэр ярьж өгдөг, хоорондоо хэлэлцдэг уламжлалтай.

    -Битүүний орой үр хүүхдүүддээ үлгэр домог ярьж өгдөг байсан гэж байна. Энэ нь ямар учиртай зан үйл вэ?

    -Үлгэрийг ярьдаг зан үйл нь анчид голдуу ангийнхаа, байгаль эздийнхээ, ой хайрханыхаа тухай сонсох хүсэлтэй байдаг тул тэдэнд зориулж ярьдаг. Өвөл бол холоос хүн ирэх, өвгөд дээдэс хоорондоо сайхан хуучлах үедээ ярьдаг байж. Тиймээс монголчууд  битүүний урт шөнө унтахгүйн тулд үлгэр домгоо ярьдаг. Ганцхан үлгэр ярихгүй зүйр цэцэн үг хэлэлцэнэ, оньсого таалцана, үүгээрээ өнгөрсөн жил хэн их сэргэлэн цовоо явж байсныг,  мөн хүү хүүхдээ шинжих, амьдралдаа залуучуудаа хэрхэн бэлдэж байгааг шалгахын тулд ийм ахуйн хүрээний тоглоом тоглодог.  

    Өвгөд настнууд нь үлгэрээ ярихдаа дээл хувцсаа өмсөж, үс зүсээ засаад үр хүүхэддээ хэлэх ёстой үг сургаалиа айлддаг. Тухайн битүүний өдөр заавал тийм үлгэр ярина гэж тэмдэглэсэн зүйл байхгүй. Мэддэг үлгэр домгоо яриад үр хүүхэдтэйгээ хөгжилдөөд л өнгөрөөдөг. Үүнээс гадна монголчуудын битүүнд тоглодог тоглоом наадгай ч мөн сонирхолтой.

    -Та тэрхүү сонирхолтой тоглоом наадгайн тухай ярьвал?

    -Тоглоом наадгайн тухай гэвэл арван хоёр алаг мэлхий өрөх,сморь уралдуулах гээд шагайгаар наадаж болох хамгийн гоё наадгайгаар нааддаг. Ингэж тоглоом тоглож дуу чимээ үүсгэж байна гэдэг нь битүү харанхуй буюу шөнийн айдас хүйдсээ үргээж байна гэсэн үг. Хоёрт гэвэл тухайн тоглоомыг хэрхэн тоглож, наадаж байгаагаар нь дараа жил тэр хүнд чухам аль хэр ээлтэй байх вэ? Юун дээр анхаарах ёстой вэ зэргийг шинжиж мэддэг ач холбогдолтой.

    -Монголчууд цагаан сараар дуу дуулдаг байсан уу?

    -Цагаан сараар монголчууд төдийлөн дуу дуулдаггүй, битүүний өдөр бол дуулдаг байсан. Нэрмэлээ сайхан амсаад, түүх домгоо яриад, “Арван хоёр жил” дууг  дуулдаг байв. Уг дуу нь уртын дуу байсан. Одоо бол онц цагийн явцад мартагдаж богино болоод сүүлдээ магтаалын шинжтэй болсон. Битүүний өдөр бол нарийн нандин дэг жаяг, асар их сургалтын соёлтой байжээ гэж дүгнэдэг. Өглөө босоод л тэнгэр хангай, байгалийн далд эзэд, өвөг дээдсийнхээ сүнсийг баярлуулах зэрэг зан үйлийн, итгэл бишрэлийн тал руугаа явж байна. Нэг ёсондоо Төрийнхөө ордон, өглөөн нарандаа мөргөөд гадагш орон зай руугаа гарч байгаа гэсэн үг.

    -Битүүний өдөр тууль хайлах болсон. Энэ нь эртний ёс заншил уу?

    -Тууль хайлаад байгаа нь Ойрад монголчуудын ёс. Үүнийг заавал битүүний өдөр хайлдаг байсан гэх тогтсон дүрэм байхгүй. Туулийг чинь өвөл болоод  амьтад ичээнээсээ гарахаас өмнө хайлсан байх ёстой. Битүүн болж байна гэдэг чинь хаврын эхэн сартай золгож байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор битүүнээс бүүр өмнө өвөл туулиа хайлах ёстой. Сүүлд гарсан төрийн ёстой холбогдуулан ийм үйл гарч ирсэн шиг байгаа юм. Түүнээс туулиа хайлахын өмнө туульчаа гурав хоногийн өмнө залж авчраад идээ цагаагаа тавьчихаад хайлдаг байсан. Цагаан сар бол гэр ахуйн баяр байсан. Том Ойрадын хүрээ хийдүүдэд хаад язгууртнууд туульч авчирч, дуу дуулуулж, бүжиг бүжиглүүлдэг байсан гэх мэдээ төдий зүйл бий. Түүнийг баталгаатай эх сурвалж гэж үзэхгүй байна. Одоо орчин цагт тууль, үлгэрт олон түмний анхаарлыг хандуулах гэсэн бас нэг зөв арга л даа. Харин тусгайлсан төрийн ёслолын хэмжээнд өөр байсан. Түүнээс бус ахуйн уламжлал нь ийм учиртай.

Сэтгэгдлүүд : 2

  • MexicoPh

    mexican pharmaceuticals online <a href=" http://mexicanph.com/# ">medicine in mexico pharmacies</a> mexican pharmaceuticals online reputable mexican pharmacies online http://mexicanph.shop/ mexican drugstore online

  • MexicoPh

    reputable mexican pharmacies online <a href=" http://mexicanph.com/# ">medication from mexico pharmacy</a> reputable mexican pharmacies online reputable mexican pharmacies online https://mexicanph.shop/ mexican border pharmacies shipping to usa

Сэтгэгдэл оруулах

урлан