Э.ЖҮРМЭДЛХҮНДЭВ: ТАЛ НУТГИЙН ГӨРӨӨЧИД ТАЙГА НОХОЙГОО ХӨТЛӨӨД АН АВД МОРДДОГ ЭРТНИЙ ЗАНШИЛТАЙ

    “Нүүдэлчин монгол” соёлын наадамд Хэнтий аймгийн Мөрөн сумаас тайга нохойтойгоо оролцсон Э.Жүрмэдлхүндэвтэй ярилцлаа. Тус наадмыг үзэн сонирхсон үзэгчид түүний тайга нохойг ихэд сонирхож байсан билээ.

    -“Нүүдэлчин монгол” соёлын их наадамд аймгаа төлөөлж оролцлоо. Таны авчирсан “Тайга нохой” үзэгчдийн сонирхлыг их татаж байна. Энэ талаар яриагаа эхлэх үү...

    -Би “Нүүдэлчин монгол” наадамд энэ жил анх удаагаа оролцож байна. Миний авчирсан хар нохой “Нүүдэлчин монгол” соёлын наадамд хоёр дахь жилдээ оролцож байгаа. Нондин жил тус наадамд мөн манай нутгийн залуучууд тайга нохойтойгоо ирж оролцсон. Энэхүү соёлын наадам бол нохой тэжээдэг бид нарын хувьд маш олон хүнд тайга нохойгоо таниулж чадсан сайхан наадам. Хэдэн жилийн өмнө нохойгоо хөтлөөд явж байхад хүмүүс төдийлөн сайн мэддэггүй “Ямар сонин нохой вэ” гэдэг байсан. Одоо хүмүүс нэг үеэ бодвол мэддэг болчихсон байна. Тийм дээ ч ам сайтай байдгаас гадна “Энэ монгол нохой шүү дээ, энэ их хурдан шүү” гэж ярих болсон нь сайхан санагддаг. Монгол тайга нохой бол биет бус соёлын өв юм.

    -Яагаад биет бус өв байдаг билээ?

    -Монголчуудын ан агнуурын төрөл нь шувуулахуй, загасчлахуй, гөрөөлөхүй гэсэн гурван янз байдаг. Үүнээс гөрөөлөхүй нь гол төрөл байсан. Тиймдээ ч анч нохойгоо гөрөөнд сургах нь нэн эртнээс уламжлагдан ирсэн тул энэ нь хойч үедээ уламжлан үлдээсэн соёлын биет бус өв болно.

    -Тайга нохойны онцлогийн талаар ярьж өгөөч?

    -Тайга нохойны онцлог гэвэл монголд үндсэн хоёр төрөл байдаг. Үүнд хоточ банхар, нөгөө нь анч тайга. Тайга нохой нь хүн төрөлхтний, тэр дундаа нүүдэлчин монголчуудын хамгийн эртнээс гаршуулан тэжээсэн нохой. Тэгж гаршуулан тэжээхдээ хоол хүнс , харуул хамгаалалт, эзний үнэнч нөхөрлөл гээд олон зүйлийг сургаж иржээ. Мөн тэгж гаршуулан тэжээж байсныг нь хадны сүг зураг, археологийн олдворууд илтгэн харуулдаг. Эрт дээр үеэс язгууртны нохой ч гэдэг байсан.

    -Юуны учир чухам язгууртны нохой гэдэг байсан юм бол. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

    -Учир нь эрт дээр цагт буюу хаад ноёд авд мордох үедээ тайга нохойг дагуулж явдаг байж. Тайга нь ан ав барихдаа хурдан шалмаг, өртөөлөн хөөх арга зэрэг нь гайхалтай сайн. Тиймээс хаад ноёд, язгууртны нохой дөрвөн нүдтэй, улаан халтар зүстэй байдаг. Тэгээд ч ийм зүстэй нохой айлын муу муухайг юмыг хаадаг ч гэж ярьдаг. Ийм л учраас “Айлын үүд нохойноосоо...”, “Нохой сайтын хот амар” гэж өвөг дээдэс маань хэлэлцдэг байсан болов уу.

    -Энэ нохойны хөтөлгөө бас сонирхолтой санагдаж байна?

    -Тайга нохойд маань дагаж ирсэн өв соёл нь “эргүүлэг” буюу энгийн салаа хөтөлгөө. Эртний өвөг дээдэс, язгууртнууд анч нохойны хөтөлгөөгөө алт, мөнгөөр тоноглож, нохойгоо хөтлөн намар ууланд гарч ан авдаа явдаг байжээ. Уг уламжлал нь одоо ч бидэнд өвлөгдөн үлдсэн агаад дэлхийд манай улсаас өөр хаана ч үгүй өв соёл мөн юм.

    -Уг нохойг ан авд хэрхэн сургадаг вэ?

    -Тайга нохойг ан авд хэрхэн сургах талаар би бас суралцаж л явна. Ер нь бол тайгад хурдан, зоригтой нохой гэх мэт олон шинж бий. Нохой тэжээдэг хүмүүс бол гөлөг байхаас нь шинждэг л дээ. Нохой болгон сайн байх албагүй. Өөр, өөрийн гэсэн онцлог зан ааштай байдаг. Генетик гэж ч байгаа. Би бол одоогоор нохойн удмыг нэгдүгээрт хардаг. За тэгээд ер нь гөлөг байхаас нь өөртөө ойр тэжээж, зөв хүмүүжил олгож, анд сургасан нохойг дагуулж явж, зүгшрүүлж, заалгадаг.

    -Өөрийн тань тухайд хэзээнээс тайга нохойг сонирхох болов?

    -Би тайга нохой сонирхоод зургаан жил болж байна. 2020 оноос эхлээд албан ёсны үржлийн газар болоод тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Хүүхэд байхаас л манай өвөө сайн нохойнуудтай байсан. Үүнийг дагаад л сонирхож ирсэн дээ. Тэр тусмаа ан гөрөө хийдэг нь сонирхолтой санагдсан.

    -Нохойныхоо үржлийн талаар ярьвал?

    -Би нохойныхоо албан ёсны үржлийн нэрийг 2020 онд авсан. “Лэнгийн Шөвгөр” гэж нэр дээр үржил хийж, үржүүлсэн нохойнуудаа удмын бичигтэй болгохоос гадна мөн чиптэй болгосон. Ингэснээр албан ёсоор монгол тайга нохой үржүүлж авна гэсэн үг. Мөн дэлхийн нохой судлалын FCI холбоо гэж байдаг. Түүний нэг салбар нь манай “Тайга нохой клуб”-ынхан. Тиймээс албан ёсоор үржүүлгэ хийж, нохойгоо удмын бичигтэй болгож, бичиг баримтжуулан, дэлхийн соёлын өв Юнескод бүртгүүлэх том зорилт тавин ажиллаж байна.

    -Танд баярлалаа, өвгөдөөс уламжлагдан ирсэн өв соёлоо улам дэлгэрүүлэх үйлсэд нь амжилт хүсье.

    -Танд ч мөн баярлалаа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан