“Амар байна уу?” үзэсгэлэн худалдаан дээрх “ааруулын” үнэ

    Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баяр айсуй. Монгол хүн бүхэн энэхүү баярыг өөрийн боломж санхүү, чадлын хэрээр өргөн дэлгэр тэмдэглэлдэг уламжлалтай. Түүнийгээ дагаад  идээ шүүс, тавгийн идээ, гарын бэлэг бэлдэх зэрэг ид ажил өрнөнө. Үүнийг дагаад хэвийн боов, цагаан идээ, идээний чихэр, дээл хувцас, бөс барааний үзэсгэлэн худалдаа дэлгэгддэг. Тэгвэл энэ жил “Шинэ зуул айл” хэмээх шинэхэн худалдааны төвд 21 аймаг есөн дүүргийн иргэд оролцож буй “Амар байна уу?”  үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.

    Энэхүү худалдааны төв нь Дүнжингарав  худалдааны төвийн зүүн урд байрлана. Уг үзэсгэлэнг сонирхож ард түмний дунд мөн л маргаан мэтгэлцээн дэгдээгээд буй ааруулын үнийн талаар сурвалжиллаа. Ааруулын үнэ гэнэт өссөнд хотын иргэд дургүйлхэж, харин малчид өөрсдийн хөдөлмөрийг үнэлэх нь зүй зохистой хэмээн үзэж байгаа билээ.

    “Амар байна уу?” үзэсгэлэн худалдаанд ааруул төрөл бүрээрээ дэлгэгджээ. Аарцных, сүүнийх, хорхой ааруул, шоколадтай ааруул, ааруулан тавгийн идээ ч бий. Харин үзэсгэлэнд дэлгэгдсэн  ааруулын үнийг сонирхвол дунджаар 28.000-40.000 төгрөгний үнэтэй.

    Тухайлбал Архангайн Хотонтын сүүн ааруул нэг кг нь 40.000 мянга, 500 гр нь 20.000 мянга гэж байв. Харин хорхой ааруул 28.000 мянган төгрөгний үнэтэй байсан бол түүн дотроо шоколадтай хорхой ааруул нь кг нь 35.000 гэж байлаа.  Мөн тарагны ааруул буюу нимгэн ааруул нь кг нь 20.000  байсан бол бяслагтай ааруул кг нь 35.000 байх жишээтэй. Тэгэхээр иргэдийн дунд 80.000 төгрөгөөр яригдаж байсан ааруул чухам аль нутгийн, ямар орцтой болох нь сонирхол татна. Мэдээж дээрх бол ерөнхий дундаж үнэ.

    Үүнээс гадна дан ааруулаар өрсөн тавгийн идээнүүд дотроос хамгийн хямд нь буюу гурван үетэй идээ 90.000 мянга, харин таван үетэй идээ нь 400.000 гэх ажээ.

    Үүний дараа “Шинэ зуун айл” худалдааны төвөөс гараад Дүнжингарав худалдааны төвийг зорьлоо. Тус худалдааны төвд зарагдаж буй ааруулын үнийг сонирхвол Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ямааны сүүн “Тэмээн таваг” ааруул кг нь 80.000 гэж байлаа. Энэ ааруулаас өөр бусад ямааны ааруул кг нь 35.000 - 40.000 мянган төгрөгний үнэтэй байв. Тиймээс ааруул аль нутгийн, мөн ямар хэмжээтэй зэргээс шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй байна.

    Баянхонгор аймгийн Бууцагаан сумын ямааны сүүгээр хийсэн “Тэмээн таваг” ааруул кг нь 80.000 төгрөг. 

    Харин Мишээл экспод зохиогдож буй “Амар байна уу?” үзэсгэлэн худалдаанд үндэсний гэх бүх үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Үүнээс мөн л цагаан идээний үнэ ханшийг сонирхов. Энд ааруулны  45.000-47.000 мянган төгрөгний хооронд хэлбэлзэнэ. Сүүн ааруулыг цэцгэн хэвд оруулсан нь 45.000, харин сүүн дугуй ааруул нь 47.000 төгрөгийн ханштай. Ааруулаар зассан тавгийн идээний хувьд 352.000, хайлмаг 25.000, тогооны өрөм 35.000. 

    Хамгийн сүүлд тус төвд үйлчлүүлж буй худалдан авагч болон худалдагч нараас ааруулын үнийн талаарх сэтгэгдлийг нь асууж, сонирхлоо. Худалдан авагч Б “Энэ жилийн ааруул урьд жилийнхээс илүү үнэтэй байна. Суурин газрын иргэд бидний цалин хэдэн төгрөг билээ. Үүнд тааруулж уян хатан үнэтэй байгаасай гэж бодож байна” гэв. Мөн ааруулын үнийн талаар Архангай аймгийн Чулуут сумын малчин Э “Малчид бид ааруулаа 20.000-25.000 төгрөгний ханштай зардаг. Бидний гар дээрээс малчны хотноос ааруул аваагүй ченж нарын тогтоосон ханшаар малчид биднийг ард иргэд буруутгаж байгаад сэтгэл дундуур байна” гэсэн билээ.

    Тэгэхээр ааруул малчдын зарж буй үнээр бус ченжүүдийн гарт ирээд хоёр нугарсан үнэтэй болж хотын иргэдэд худалдаалагддаг нь асуудал болж байна. Хамгийн гол нь үнэтэй идээ авах, уламжлалт баяраа өөрсдийн гараар хийсэн бүтээгдэхүүнээр орлуулж тэмдэглэх зэрэг нь хувь хүний сонголт билээ.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан