Энэ онд Монголын кино урлагт туйлын үр өгөөжтэй, түүхэн үйл явдал гэж хэлж болохуйц үйл явдлууд ар араасаа цуварч, гадаад дотоодын үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд шил дараалан төрөв. Кино урлаг зөвхөн үйл явдал хөөцөлдсөн хуурай дүрүүдээр бус тухайн дүрийнхээ дотоод зөрчлийг илэрхийлж, харилцан ярианы баялаг өгүүлэмжээр илэрдэг болохыг кино уран бүтээлчид маань харуулсан жил болсныг энэ онд гарсан бүтээлүүд харуулж байна. Тэдгээрээс онцлох зургаан монгол киноны тухай уншигчдадаа толилуулъя.

    БААВГАЙ БОЛОХ СОН

    Дэлхийн "А" зэрэглэлийн хамгийн том нь болох Каннын кино наадамд албан ёсоор сонгогдож, олон орны үзэгчдэд хүрсэн Монголын анхны кино бол найруулагч П.Золжаргалын “Баавгай болох сон” уран сайхны кино байв. Киноны үйл явдал гэвэл гол дүрийн Өлзий хүү Улаанбаатар хотын гэр хороололд ээж, дүү нарын хамт аж төрнө. Хүүд өөрийн гэсэн зорилго бий. Тэр нь физикийн улсын олимпиадад оролцон түрүүлж гадаадын орны сургуулиас тэтгэлэг авах. Гэтэл ээж нь Өлзийг хоёр дүүтэй нь дүн өвлийн жавар тачигнасан хүйтэнд үлдээж хөдөө ажиллахаар явдаг. Өөрт тулгарсан бэрхшээлийг хүү хэрхэн даван туулж буйг тус кино элдэв хачир чимэггүйгээр, дүрийн дотоод зөрчлийг нь үйл хөдлөлөөр нь тод томруун илтгэн үзүүлжээ.

    95 ЗҮҮДНИЙ ХҮН

    Өнгөрснийг өөрчилж болдог уу? Мөрдөгч Төмөр зүүдний хүнийхээ өнгөрсөнд хүрч бүх зүйлийг өөрчлөхийг оролдож байна. Өөрчилж чадсан. Гэвч эцэстээ аливааг сайжруулах тусам улам буруугаар эргэдэг болохыг эцэст нь Төмөр одоо цагт буцан ирснийхээ дараа архивын газарт очиж ойлгоно. Жолооч, Зоригоо, Пүрэв гэх гурван хүний амь эрсэдсэн хэрэг арван долоо хүний амиар өөрчлөгджээ. Гол дүр хоёр удаа үхээд ч өнгөрснийг сайн тал руу нь эргүүлж чадсангүй, улам дордуулчихаж байна. Эртдэж задалсан дүр, үйл явдлын эцсийн өрнөл, тайлалд бүтсэн гол санаа энэ.

    Ерөөс зохиолын гол санаа, үйл явдлын цөм, дүрийн эцсийн оролдлогыг зохиолын төгсгөл хүртлээ нууж чадсан ийм бүтээл манай кино урлагт олон биш. Гэмт хэрэг, нууцлаг төрлийн жанрт найруулагч үнэнч байж тулаант кинонуудад гардаг зодооны урлагтай ч бүтээлээ хольж хутгасангүй. Дайны дараахан баруунд ихээхэн дэлгэрсэн “фильм нуар”-аас ялгаатай нь тус кино өөрөө реалист чанартай байв. Учир нь “Хэн яг гэмт хэрэгтэн бэ?”. Бие нь өнгөрсөн үеэс ирж аллага үйлдсэн Төмөр үү, өөрийг нь ялд унагасан буруутнуудыг цээрлүүлсэн Пүрэв үү, шунахай хүсэлдээ автаж даргыгаа ялд унагасан цэргүүд үү, үнэхээр эцэстээ бүгд захирагчдаа буудуулсан тэд гэж үү? Төмөрийн өнгөрснийг засах гэсэн үйлдлээс болж 17 хүнийг буудан хороосон захирагч Сүндэв үү? Тэгэхээр буруутанг бид үйл явдал болоод өнгөрсөн гурван цагийн хаанаас нь хайх вэ? Зүүднээс цааш гараагүй бол төгсгөлөөс нааш хэрхэн дуусах байв. Асуулт, дахиад асуулт...

    СЭР СЭР САЛХИ

    Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино нь 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож “Алтан арслан”-гийн эзэн болсон билээ. Энэ бол Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх тун чухал, түүхэн үйл явдал мөн. Тус бүтээлийн Монголын үзэгчид шүүхээс өмнө дэлхий ингээд өндөр дүн тавьчихаж байгаа юм. Үүгээр ч үл барам Английн кино урлагийн мэргэжлийн нэр
    хүндтэй “Screen Daily” сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр П.Лхагвадуламыг нэрлэсэн билээ.

    “Сэр сэр салхи” кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүү Зэгийн тухай өгүүлдэг. Тус бүтээл нь ирэх оны гуравдугаар сард болох Оскарын кино наадмын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.

    ШАР ГЭГЭЭ

    Найруулагч Б.Батдэлгэрийн ээлжит бүтээл болох “Шар гэгээ”. Тус киноны зохиолыг МУСГЗ Ш.Гүрбазар бичжээ. Тэрээр тус киноныхоо тухайд “Хүн уяралыг, уучлал эсвээс ертөнцийн мөн чанарыг хаанаас олдог юм бэ? Хариулт нь өөрөөсөө юу, өрөөлөөс үү? Ямар нэгэн зовлонг туулж байж олох уу гэдэг ухаанд бий. Уг кино энэ тухай өгүүлдэг хэмээхэд буруудсан болохгүй. Мөн тэнгэр газрын заагаар өдөр, шөнийн завсарт татах шар гэгээнээс сэдэвлэж киноны нэрийг өгснөөс гадна зохиол өрнөх шижмийг ч тус агуулгад уяж бөхөлжээ.

    Уг бүтээл энэ оны хамгийн их үзэлттэйгээс гадна хамгийн олон хүнийг уйлуулсан бүтээлээр тодроод буй. Үүгээрээ ч тэр яахын аргагүй энэ оны
    хамгийн их дуулиан тарьсан онцлох бүтээлийн нэг мөн. Харин зохиолын хөгжүүлэлтийн хувьд тун тааруугаас гадна “Тань руу нүүж явна” киноны орчин үеийн хувилбар гэлтэй тайлалтай байсан тул мэргэжлийн хүрээнийхнээс төдийлөн өндөр үнэлгээ авч чадахгүй болов уу гэж санана.

    АЛДАГДСАН ӨДРҮҮД

    Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” киноноос хүүхдийн гэгээн ертөнц, дотоод хүсэл тэмүүлэл, өөрийгөө эрэлхийлэх сэтгэлийн дотоод чанарыг ч олж харна. Үүнээс гадна гэр бүлийн нандин харилцааны үнэ цэнийг зохиолын үйл явдлын эцэст нээн үзүүлэх билээ.

    Орчин үед хүүхдийн сэдэвтэй, тэдний хүсэл тэмүүллийг хайртай амьтантай нь нэгтгэн харуулсан, ерөөс мөрөөдлийнхөө зүгт хэрхэн нисэх тухай асуултын хариуг дүрийн дотоодоос нэхсэн ийм кино олон хийгдээгүй биз ээ. Магадгүй постерын зурагнаас үзэхэд гол дүр нь нохойд хайртай хүү мэт харагдаж магадгүй. Гэвч түүнээс илүүтэй ямар асуудал уг кинонд хөндөгдсөн бол гэдэгт анхаарал хандуулсан нь зөв байх.

    МОНГОЛ

    Жүжигчин Б.Амарсайхан өнгөрсөн онд “Эргэж ирэхгүй намар” хэмээх анхны бүрэн хэмжээний киногоо найруулж үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлэмж хүртсэн билээ. Харин түүний ээлжит уран бүтээл болох “Монгол” уран сайхны кино нь энэ онд мөн л шуугиан дэгдээж чадав. Нүсэр хөгжим, далайцтай зураг авалт, агуулгаа тэлж чадсан үйл явдлын эргэлт зэрэг нь монгол хүний итгэл үнэмшлийн галыг өрдөж чадсан тийм бүтээл ойрын хугацаанд гараагүй санагдана. Зохиолын цаг хугацаа нь манжийн засаглалын үед өрнөх агаад хайртай амрагынхаа төлөө хийсэн алхам нь холын холд цөлөгдөхөд хүргэсэн Монгол хэмээх залуу үхлийн савраас мултран хэрхэн тэмцэж байгаа тухай өгүүлнэ.

    Бидэнд итгэл найдвар бий. Энэ л амьдралд хандах, амьдралыг хайрлах, үзэн ядагсадыг ялаад үхлийг тосох хамгийн шудрага үйл болохыг эл кино харуулна.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан