Хүнд үед хүн чанарыг нь тэмтэр

    МАХН-ын XXҮ Их хурал гурав хоногийн дараа эхэлнэ.

    МАХН-ын XXҮ Их хурал гурав хоногийн дараа эхэлнэ. Хэдийгээр жирийн гишүүд нь томоохон өөрчлөлт гаргасан тодорхой үр дүн горилж бай­гаа ч намын толгойд архайж сурсан цөөн хэдэн лидерүү­дийн дунд эрх мэдлийн тө­лөөх дайн болоод дуусах нь ойлгомжтой харагдаж бай­на. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн шошго нааж байгаад хуучин замналаараа хийдгээ хий­хээр төлөвлөсөн ээлжит ажил­лагаа л явагдана гэсэн үг. Тэдний гол зорилго намын дарга М.Энхболдыг унагах. Н.Энхбаярын саармагжиж байсан хаанчлалыг сэргээх

    Энэ үйл хэрэгт мэдээж Н.Энхбаярын үеийн ёслолын плакатад толгойгоо багтаан патиараа татуулж явсан хуу­чин хэдэн кадр хүчин зүтгэж байгаа. Энэ хүний үед л өнгө­тэй өөдтэй, эрхтэй дархтай явсан хэдэн нөхөд тэрийгээ алдчихаад юу ч хийхээс буцахгүй хуралдаж хуйвал­даж, боож үхэхээс наахнуур нойр хоолгүй шогшиж яваа нь энэ. Тэдний Н.Энхбаярын далбаан дор арван хэдэн жил төрийн ямбанд заларсан нь ч үнэн, нэр нүүрийг нь баасдаж сүйтгэсэн нь ч үнэн, энэ на­мыг баллаж талхалж хаясан нь ч үнэн. Хамгийн хүн муутай нөхдүүд хүний мөс ярьдаг, хамгийн үл бүтэх хүмүүс шударга ёс хэлцдэг, хамгийн урваач шарваач улсууд өөрч­лөлт шинэчлэлийн нөмөрт хоргоддог цөвүүн цаг ирснийг эдний явдал харуулж байна. Өнөөдрийн энэ лидер нэртэй шалихгүй босогчид гуравхан жилийн өмнө л сонгуулийн дараа тал суудлаа алдаж орж ирчихээд “Бүх юм энэ муу Энхбаяраас боллоо. Энэн шиг новш байхгүй юм байна. Одоо л энэ лай ланчигаас салж амаръя, ерөө­сөө энэ хүнтэй улс төрийн хариуцлага тооцох ёстой, энэ нэг авгай нөхөр хоёр Монгол Улсын хувь заяаг хичнээн жил мэдэх юм бэ“ гээд нулимсаа урсган ширээ шааж байсан улсууд шүү дээ. Улс төрийн хүрээнд ойр явдаг бүх хүн тэдний энэ увайгүй явдлыг мэднэ. Одоо эрх мэдлээ алдаад, хугацаа нь дуусаад ирэхээр эргээд сал­байж ноороод гандчихсан хуучин муу майхандаа хөт­лөлц­сөөр гүйлдэн ирж, эц­сийн аргаараа үзэж байгаа нь энэ.

    Н.Энхбаярыг хэтэрхий их харлуулж, муу муухайгийн үлгэр жишээ болгож байна хэмээн өнөөдөр матрын ну­лимс унагаж, авран хамгаа­лах аян дайнд мордоод бай­гаа энэ нөхдүүд өчигдөрхөн цаадахынхаа талаар амаа олохгүй муучилж, хар дэвт­рээ бариад хэвлэлийнхэн рүү эрээ цээргүй гүйж ирж байсан улсууд. Түүний хүн гэж хэлэг­дэхээс үхтлээ ичиж, уулзаж учирч орж гарч яваагаа нууж хаагаад сүйд болдог байсан улсууд ингэж явааг хараад ичиж үхмээр болох юм. Цаа­дах чинь тэгчихсэн байна, ингэчихсэн байна, тэрийг тэгж ярьж байна, энийг ингэх гэж байгаа юм байна гээд л эр эмгүй албан бус “факс” чу­луу­даж байдаг сан. Өрцөн дор нь хоргодож яваад л алж байсан хэд нь өнөөдөр элсэнд гар хөлөөсөө зүүцэлдэн хөт­лөл­цөж хөгөө чирч явааг харах өрөвдмөөр ч юм шиг. Ёстой нөгөө хувь заяаны шоглоом гэж л энэ байх

    Үнэн хэрэгтээ ийм улсууд ёс суртахуун, шударга ёс ярьж зурагтаар малилзаж бурхан ичээгээд байх ч хэцүү байна. Бүх юм нь дуусчихсан. Ард түмний өмнө үнэ хүндээ алдчихсан. Албан тушаал, эрх мэдлийн төлөө юугаа ч зольж чадах үеэ өнгөрөөчихсөн ийм бохир эгнээг МАХН хуйгаар нь арчиж цэвэршмээр байна. МАХН-ыг ногоон малгайт­нуудаас нь дутахгүй эдний үе шиг балласан улс байхгүй. Хонины арьс нөмөрсөн эд­гээр сүрэг чононоос энэ нам зоригтой ангижрах хэрэгтэй. Ерөөс манай улс төрд үе солигдох механизм удаан үйлчилж ирснээс олон уршиг тохиож байсан. 40-50 жил, бүр далан жил төрийн толгойд нэг хүчин даналзаж, улс орноо­роо нэг хүний гарт орж явсан гашуун түүх бидэнд бий.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан