Засаглалын хямрал дундаас залуу хүний эр зоригоор гараач

    Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж байнаа. Тэд Засгийн газрыг огцруулах шаардлага тавьлаа.

    Ардчилсан нам сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж байнаа. Тэд Засгийн газрыг огцруулах шаардлага тавьлаа. Ор дэр нь нэгдээд хэн нь хаанаа байгаа нь ч тодорхойгүй үзэгдэх болсон улс төрийн намуудыг нийгэм нийтээрээ адлах болсон энэ үед сөрөг хүчний зүгээс хүчтэй шаардлага гаргаж шидлээ. Энэ бүхэн улс төрийн ертөнцөд амьдарч байгаа сөрөг хүчнийхний блокоос ирүүлж л байдаг жирийн нэг “захиа” харагдавч ардаа сэрүүний улиралд буцах шувуу шиг жиндэн ганганалдаж байгаа даарч хөрсөн түмний уур хилэнгийн түрлэгтэйгээрээ үнэ цэнэгүй зүгээр нэг мартчихаж болохгүй эд харагдана.

    Ардчилсан намыг нэг бөөрөө МАХН-тай салшгүй наачихсан хэмээдэг ч нөгөө бөөрөө ард түмнээс салгадаггүй улс төрийн хүчин гэдгийг нь бид бас мэддэг. Тийм ч учраас ард түмэн энэ намд илүү элэгтэй. Ялангуяа залуус. Залуус гэдэг маань манай ирээдүй. Ирээдүйнхээ өмнө хариуцлагатай амьдрах нь улс төрийн хүчнүүдийн үндсэн үүрэг. Энэ утгаараа сөрөг хүчин үүргээ умартсангүй. Харин гаргаж ирж тавьж байгаа асуудалд нь Засгийн газрын тэргүүн маань хариу өгч чадсангүй. Шалтгаан, шаардлага... энэ бүгд хариуцлагатай улс төрийн горимын дагуу явагдсан ч танхимын тэргүүн хариуд нь хэтэрхий зарчимгүй улс төр шидэж гайхаш төрүүлэв. Хорон явуулга ч гэх шиг, хонзон авах гэж байна ч гэх шиг даан ч ичмээр авгай хүүхний явган заргатай дөхүү юм ярьж шившгээ хутгав. Цаана нь монголын улс төрийн нэгэн том хүчин үүргийнхээ дагуу тодорхой акц гаргаж тавьж байдаг. Гэтэл наана нь гүйцэтгэх засаглалын тэргүүн маань бохь зажилж хээхэлзсэн хэдэн хоноцынхоо энгэр заамыг нь ч товчлуулчихаж чадахгүй нүдээ эргэлдүүлээд, гайхаш төрмөөр сонин царайлаад суугаад байдаг. Энэ ямар дүр зураг вэ. Яагаад монголын маань төр ингэж сүр сүлдээ алдан доройтож орхив оо

    Байнгын хорооны хуралд орж ирсэн хэдэн сайдуудыг ард түмэн хангалттай харсан байх. Тэдний гаргасан авир, үзүүлсэн ааш аягийн тухай яриа энэ хотоор дүүрэн уур бухимдал тээн тэнэж байна.

    Эрэлийн Эрдэнэбат гэх нэгэн хачирхалтай эрийн хажуудахынхаа үгийг ч гүйцэд сонсчихгүй, ам хэлээ билүүдэж байгааг харсан хүн болгон дургүйцэв. “Юу эрээд яваа нь ойлгомжгүй энэ нэг нөхөр монголын улс төрд толгойгоо хавчуулж аваад сүүлийн хэдэн жилийн турш хөндлөн гулдгүй, хэн наашаа гэсэнтэй нь үсэрч давхив. Уг нь алт л эрдэг хүн гэсэн. Үүнийг нь бодвол тэр одоо энд биш даан ч хөөрхийлөлтэйгөөр сэндийчээд хаячихсан Заамарын хөндийдөө хэвтэж баймаар. Монголын хамаг баялгийг ухаж төнхөж гүйцээд зогсохгүй хэдэн мянган иргэдийг маань хүн биш амьтан болгож хувиргаад газар малтуулж яваа энэ хүнээр М.Энхболд ер нь яадаг байнаа” гэж захын авгай нар л загнаж байх юм.

    “Буянгийн Жаргалсайхан гэж бас нэг больницийн хүн байнаа. Монголын ард түмнийг дуртай өдрөө гарч ирээд харааж загнаж байдаг энэ эрэмдэг сэхээтэн өөрийгөө ер нь юу болчихсон гэж ойлгоод байна вэ. Саяхан бас монголын мянга мянган малчдыг хэлэх хэлэхгүй үгээр харааж загнасан. Тэдэнд юу ч өгөөд хэрэггүй л гэнэ. Зам мам тавьж яах юм л гэнэ. (Уг нь М.Энхболд нь болохоор зам хэрэгтэй л гээд байдаг юм, хөөрхий) Зам, тэрэг техник, хөгжил хөдөлгөөн, халуун ус юу байдаг юм бүгд малчдад хэрэггүй юм байх. Та нар тэндээ хонин гүрвэл болцгооно уу , яана хамаагүй, тэгсэн дор алтаа ухаад гаргаад байвал улсад ашигтай гэж загнаж байгаа энэ галзуу солиотой амьтныг зогсоож болдоггүй юм байх даа. Буянгийн Жаргалсайхан монголын малчдаас хорин жилийн турш хүйтэнд хөрч, халуунд халж явж өсгөсөн хэдэн ямааных нь ноолуурыг элдвийн арга саамаар хуурч мэхлэн авч байснаас өөр юу хийж бүтээсэн юм бэ. Үйлдвэр байгуулчихлаа гээд л хашгичаад байсан. Тэр нь бөөн өр зээлээр боссон нь илчлэгдэж, ХУ намаас томилогдсон Ерөнхий сайд барьцаа гаргаад өгчихсөн нь баригдаж, МАХН-ынхан олон улсын шүүх дээр хүртэл очиж үйлээ үзэж байсан сан. Цаг өөр болох хэцүү юм аа, цагаандаа гарсан Буянгийн Жагаатай хүртэл энэ том нам нөхцөж явах гэж” гэх үгийг энд тэндгүй гуйвлах захын архичин л хашгирч байх болсон нь зөв ч юм шиг. Энэ цагийн төрд ичих булчирхай гэж алга болжээ.

    Гүндалай гэж арай л жирийн биш нэгэн залуу монголын улс төрд орж ирж байсан цаг ердөө саяхан. Хамаа намаагүй аашлан бөөлж байгаа ч юм шиг, баалж байгаа ч юм шиг дэвхэрч, цовхорч явахад нь хүлээцтэй л харцгааж байв. Лав л тэр ард түмний хайраар дутаагүй. Ямар сайндаа ард түмний нэрийг шууд сайн дураараа авч өмсөөд л нам байгуулчихаж байхав. МАХН энэ бөө зайран нь мэдэгдэхгүй хүнийг (Өөрөө л би МАХН-ын хувьд залагдаж ирсэн зайран, уригдаж ирсэн удган гэж хашгирдаг)сайд хүртэл болгож, монголын улс төрд хэн ч хашч болдог албан тушаал бол сайдын сэнтий юм байна гэдэг ойлголтыг тал нутгаар нэг тараачихлаа. Тэрний өмнөөс Су.Батболд Ерөнхий сайд хоёр эвгүй байдалд орон орон(Су.Батболд өөрөө тэсгэлгүй ингэж дуу алдсан) ингэж байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

    М.Сономпил гэж нэг өр зээлэндээ идэгдсэн мурийтай тоглоомчин. Засгийн газарт толгой хавчуулж яваа энэ этгээд гэхэд бүх л бүтэн санхүү зээлийн хоршоо дампууруулчихаад хээв нэг яруу алдарт намын эгнээнд Батлан хамгаалах яамыг нь толгойлчихсон бараг маршал болох нь халаг хөл тавьж явдаг. Ядаж ахынхаа сүнснээс айдаггүй юм гэхэд гадаа нь даарч бээрээд осгохын ирмэгт тулж ирээд хэвтэж байгаа хохирогчдоос эмээдэггүй юм байх даа. Улс амьтны гадуур ярьж байгаа бүх яриа хөөрөөг арай ёс суртахуунлаг хэлбэрээр сийрүүлэхэд ийм буюу. Эрхэм сайд нар хүлцэнэ биз ээ. Дашрамд Эрхэм Ерөнхий сайд танаас яагаад энэ этгээдүүдээсээ салах дургүй байна вэ. Эднийг үхэн хатан хаацайлж суух нь танд улс төрийн ямар ашиг хонжоо өгөх юм бэ гэх асуултыг гудманд өлөн зэлмэн алхаж яваа иргэд тань асууж байгааг дамжуулмаар байна.

    Монголын улс төрд тан шиг олон залуус ирж байсан. Гэхдээ дандаа эр зоригоор ирж байлаа. Тан шиг залуу хүнийг эр зориг чимдэг болохоос ийм ямар нэгэн амьтны булчирхай шиг зан чимдэггүй юм. Та улс төрийн биш юм гэхэд эр хүний эр зоригийг гаргах цаг болсон юм биш үү.

    Энэ хорвоогийн хамгийн муухай юм юу вэ гэсэн асуултад нэгэн гайхалтай хүмүүн “Тэр бол айн чичирсэн эр хүн” хэмээн хариулж байсан юм гэнэ лээ. Эрхбиш та дуулсан байлгүй дээ

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан