
НҮБ-ын Хүүхдийн Сан нь "Дэлхийн хүүхдийн өдөр" буюу хүүхдийн эрхийн конвенц батлагдсан 11 сарын 20 - ны өдрийг хамтран ажиллагч талууд, хүүхэд залуустайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ жил НҮБ-ын "Хүүхдийн сан" энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн "Гала" үдшийн арга хэмжээг энэ сарын 18-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж агаарын бохирдолтой тэмцэх “Агаар нэг” хөтөлбөртөө хөрөнгө босгон хүүхэд, залуусын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар ажиллаж байгаа юм.
НҮБ-ын "Хүүхдийн сан" нь агаарын бохирдлоос үүдэлтэй эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд олон төрлийн арга хэмжээ аван ажиллаж байгаагийн нэг нь "Нүүрсгүй шийдэл- Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП" багц юм. Энэхүү Монгол гэрт зориулсан халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн “ЧИП” багцыг ашигласнаар хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан гэртээ нүүрс хэрэглэлгүйгээр өвлийг тав тухтай, өнтэй давах нөхцөлөөр хангагдах юм.
"ЧИП" багцыг тухайн орон нутгийн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгч нар үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн өртөг 3,000,000 төгрөг байна. Одоогийн байдлаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөрөнгө оруулалт, донорууд болон орон нутгийн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар нийт зургаан аймаг, хоёр дүүргийн 2000 орчим өрх, 25 гэр цэцэрлэг ЧИП багцтай болж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ баталгаажуулаад байна.
Мөн энэхүү чип багцыг ашигласнаар нэг өрхийн түлшний зардал сард дунджаар 42,000 төгрөгөөр буурахаас гадна, нүүрс, түлээнээс гарах хог хаягдал 66%-иар буурч, нүүрсээр гал түлэхэд зарцуулдаг цаг багасахын хэрээр, гэрийн дотор орчны агаарын чанар сайжирч, хүүхэд халуун зууханд түлэгдэх эрсдэл ЧИП-тэй айлуудад үгүй болжээ.
Тиймээс "Дэлхийн хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан "ЧИП" багцыг цаашид олон айл өрхүүдэд болон гэр цэцэрлэгүүдэд хүргэж, бусдад цэвэр эрүүл агаар, хүүхэд бүрд цэлмэг, саруулхан тэнгэрийг бэлэглэхийг хүсвэл хүндэтгэлийн "Гала" тоглолтыг зорих боломжтой. Учир нь энэхүү арга хэмжээнд зориулагдсан нэг төгрөг бүр гэр хороололд амьдарч буй хүүхдүүдийн амьдрах орчин, агаарын чанарыг сайжруулахад зарцуулагдах болно. Тус тоглолтын үеэр цэнхэр хивсний ёслол, Монголын урлаг соёлын шилдгүүдийн тоглолт, хосгүй уран зураг, бүтээлийн хандивын дуудлага худалдаа зэрэг болох юм.
Сэтгэгдлүүд : 0