ХҮҮХДЭД НОМ Л БҮХНИЙГ ӨГНӨ

    Жил бүрийн арван нэгдүгээр сар уран зохиол, ном соёлын хувьд тун онцлогтой. Учир нь энэ сард Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж мэндэлсэн билээ. Тиймээс “Номын соёлт ертөнц ТББ”, “Номын ертөнц клуб”-ээс жил бүрийн энэ сард хүүхдийг номд дурлуулах, унших хэвшүүлэх, ном уран зохиолын ач холбогдлыг тэдэнд сурталчлан таниулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах болсноор энэ удаад дөрөв дэх жилдээ ахин уулзах гэж байна. 

    Хүүхдийн хүмүүжил, боловсрол нь эцэг эх, багш, төр гэсэн голлох хүчин зүйлсээс хамаардаг. Харин манай оронд төр засагт суурилсан тодорхой бодлого тусгагдаагүй, боловсрол олгох систем нь доголдолтой учраас хүүхдийн ёс суртахуунгүй байдлын гол буруутан нь эцэг, эх гэх дүгнэлтэд тулаад зогсдог. Гэвч эцэг, эхчүүд үнэн хэрэгтээ хүүхэддээ яг юу хэрэгтэй, ямар ном уншиж өгөхөө мэдэхгүй тохиолдол олон. Номын дэлгүүрийн худалдагчдын хамгийн их сонсдог нь “Хүүхэд дээ ямар ном уншуулвал зүгээр вэ?” гэдэг асуулт ч байж мэднэ. Тиймээс ном соёлтой холбоотой үйл ажиллагаануудыг тогтмол явуулж, аливаа номыг унших хэрэгцээ хүнд чухам юуны учир нэн чухал болохыг ойлгуулах хэрэгтэй.

    Өнгөрсөн хугацаанд өрнүүлсэн ““Хүүхэд ба зохиогч” зэрэг үйл ажиллагаануудаас үзэхэд “Номын ертөнц” клубийн  сурагчдын ном уншиж хэвших дадалд нэмэгдсэнээс гадна үе тэнгийнхэндээ нөлөөлөх нөлөөлөл үнэмлэхүйц нэмэгдсэн байна. Тус өдөрлөгийн үеэр номын уншлага, тэмдэглэлийн уралдаан зэрэг номтой холбоотой олон үйл явдал болж өрнөснөөс гадна номын хувьд хүүхдүүд овор хэмжээ багатай, авч явахад авсаархан номуудыг түлхүү уншиж буй нь анзаарагдсан билээ. Үүний нэг жишээ нь Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Утга зохиолын цувралууд юм. Тус цувралууд агуулга томтой ч, хэмжээний хувь авсаархан, үнэ өртөгийн хувьд боломжийн байдаг. Тиймээс тус өдөрлөгт зөвхөн хүүхэд, багш нар, эцэг эхчүүд гэлтгүй хэвлэлийн томоохон газрууд хүрэлцэн ирж туршлага судлах боломжтой. Иймээс Монсудар хэвлэлийн газрын “Жангар”, Эрдэмт паблишингийн “Нахиа”, Нэпкогийн “Nepko Kids”, “Альфабүүк” зэрэг хүүхдийн номын редакциуд хамтран ажиллаж байв.

    Харин энэ жилийн хувьд “Хүүхэд ба ном” сэдвийн хүрээнд зохиогдох агаад “Өсвөр насныханд зөвлөх амттай 50” номын жагсаалт гаргажээ. Тус жагсаалтыг “Номын ертөнц” клубийн сурагчид нь судлаач, шүүмжлэгч, зохиолчдын зөвлөгөө, өөрсдийн уншсан номын сайн, мууг дүгнэн зөвлөлдсөний эцэст ийнхүү уншигчдад хүргэж буй юм. Харин та бүхэн уг номуудаас аль нэгийг нь сонгон уншиж, тэмдэглэл бичих, ханын сонин хийх зэргээр уралдаанд оролцоно.

    Ийнхүү уншигчдын бичсэн тэмдэглэлээр үзэсгэлэн дэлгэж, тухайн номын бичлэг, воркшоп, богино илтгэлийг хэлэлцүүлэх, уншлага явуулах зэргээр энэ жилийн өдөрлөг зохиогдох ажээ. Тус уралдаанд аль сургуулийн сурагчид дангаараа болон өөрсдийн баг эсвээс анги хамт олноороо нэгдэн оролцох боломжтой.

    Мөн номын тэмдэглэлийг утга зохиол судлаач, хэвлэн нийтлэгчдээс бүрдсэн баг шүүн тунгааж шилдэг тэмдэглэлүүдийг шалгаруулна. Уншлага өнгөрсөн сарын 10-аас эхэлсэн бөгөөд  сарын 18 хүртэл үргэлжлэх юм. Харин үзэсгэлэн дэлгэх хугацаа ирэх сарын -2, 3 - нд Оросын соёл, шинжлэх ухааны төв буюу “Русский дом”-ын үзэсгэлэнгийн танхимд болох ажээ. Уралдаанд шалгарсан эхний гурван байрын сурагч болоод хамт олонд 1-ээс 3 сая хүртэлх ном авах эрхийн бичиг олгохоос гадна таван хүнийг тусгай бэлэг хүлээж байх болно гэнэ. Энэ бүхэн хамгийн гол нь уралдаан гэхээс илүүтэй амттай ном уншиж, өөрийгөө сорих боломж гэдгийг онцлон дурдууштай.

    Хүн төрөлхтний туулсан аль ч нийгмийн үед сэхээлэг давхаргыг үргэлж соён гэгээрүүлэгч, ном соёл, тэдгээрийг зохион бүтээгчидтэй холбож ирсэн нь бий. Улс гүрэн бүхэн хөгжихийн хэрээр ирээдүй хойчийн боловсролд улам тууштай анхаарах болсон. Цаг үе бүхэнд бид л ирээдүйдээ санаа тавьж, илүү боловсорсон, илүү номд ойр, илүү хөгжингүй соёлыг бүтээхийн тулд зорих ёстой. Тэгээд ч “хүүхэд, ном”... Хэчнээн жаргалтай сонсогдох үгс билээ. Ном хүүхдэд ёс суртахуун, мэдлэг боловсрол, хүмүүжил, сайхан сэтгэл бүгдийг өгнө.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан