Тэр хүчирхэг хэвээр дууссан

    Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойг угтан зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

    “Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй. Хурууны минь хээ хувиршгүй” хэмээн бичсэн эл найрагч үзэл санааны хувьд 1960-аад оны яруу найрагт зүй ёсны томоохон шинэчлэлийг хийсэн гэж судлаачид үздэг билээ.

    Ийнхүү тус эрдэм шинжилгээний бага хуралд СГЗ, доктор профессор Ч.Дагвадорж, Хэл бичгийн ухааны доктор, Р.Чойномын өвийн хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд, МУБИС-ийн багш, утга зохиол судлаач, доктор Г.Батсуурь, МУИС-ийн багш, доктор А.Мөнх-Оргил, ШУ-ийн Хэл Зохиолын хүрээлэнгийн судлаач, доктор Б.Мөнхбаяр, утга зохиол судлаач, доктор Г.Бямбажав, СУИС багш, судлаач Я.Баяраа, СИТИ их сургуулийн багш судлаач Х.Чойдогжамц нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

    Хэл бичгийн ухааны доктор, Р.Чойномын өвийн хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд

    Эдгээр эрдэмтэн судлаачид Н.Нямдоржийн яруу найраг дахь үзэл санаа хийгээд, постхуманист сэтгэлгээ, хэлний онцлогоос гадна их найрагч Р.Чойномтой хэрхэн нөхөрлөж, уран бүтээлээ туурвиж явсан зэрэг өргөн сэдвээр илтгэв тавьжээ. Энэ нь Хэл бичгийн ухааны доктор, Р.Чойномын өвийн хамгаалах “Өд” сангийн тэргүүн Д.Ганболдын хоёр найрагчийн уран бүтээлийн харилцан нөлөөллийг чухал баримтад тулгуурлан өгүүлсэн илтгэлээс тод харагдана.

    СУИС-ийн багш, утга зохиол судлаач Я.Баяраа

    “Нямбуугийн Нямдоржийн яруу найргийн эрх чөлөөний үзэл санаа” илтгэлдээ “Нямбуугийн Нямдорж гуай анхнаасаа хүчирхэг яруу найрагч байж. Хүчирхэг хэвээр дууссан. Энэ бол жиг сэтгэлгээний илрэл” хэмээн тодорхойлсон юм.

    Мөн энэ үеэр найрагчийн анхны бүтээлүүд болох “Үүлэн бор”, “Онон хатан ээжий” номуудыг жар гаруй жилийн дараа нэгтгэн хэвлүүлсэн “Онон хатан ээжий” номын нээлт, найрагчийн гарын үсэг дардас бүхий номын худалдаа зохион байгуулагдав.

    Н.Нямдорж найрагч Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бүрхийн төгөл хэмээх газар мэндэлсэн агаад яруу найрагч Д.Ган-Очир “Онон хатан ээжий” шүлгээр нь нэрлэсэн нэрэмжит наадмын тогтмол явуулж, Бүрхийн төгөлд их найрагчид зориулсан хөшөөнд шүлгэн цацлага өргөж байсан билээ. Мөн Бэгзийн Явуухулангийн дараа Москва дахь М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгссөн юм. Анхны нь ном нь “Үүлэн бор” нэртэйгээр хэвлэгдсэнээс хойш яруу найргийн 14 бүтээл гаргаж, 1992 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртжээ.

    Яруу найрагт үзэл санааны үнэн ямагт үгүйлэгдэж асан тэдгээр он жилүүдэд Н.Нямдорж хэмээх эрхэм түүнийг тунхаглаад зогсохгүй хэлбэрийн хувьд ч дэвшил гаргаж сэтгэлгээний шинэчлэлийг авчирсан юм.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан