Монголын андгай за буй заа

    Утас жингэнэнэ. Уншигч ярьж байна. Сэтгүүлч хүний өглөө эхэлж байгаа нь энэ. Урдаас нь уцаарлах, утсаа таслах эрх надад байхгүй.

    Утас жингэнэнэ. Уншигч ярьж байна. Сэтгүүлч хүний өглөө эхэлж байгаа нь энэ. Урдаас нь уцаарлах, утсаа таслах эрх надад байхгүй. Уурлаж бухимдсан, баярлаж дэмжсэн олон арван хүн ар араасаа залгуулан ярина. Зарим нь хараана, зарим нь ерөөнө. Иргэн хүн юунаас болж ийн сэтгэлийн хөдлөлд орж, тэсэлгүй хэвлэл мэдээллийн байгууллага руу ханддаг вэ. Үүний хариу шиг тодорхой юм алга. Эмдээ уурласан эрийн бухимдал гэртээ  шингээд өнгөрдөг бол  төрдөө гомдсон иргэний хорсол наашаа л ирдэг. Өөр очих газар үгүй болжээ. Энэ утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл ядарсан, эрх нь зөрчигдсөн, доромжлогдсон иргэдийн хүйтэн борооноос хоргодон зогсох нөмөр  болсон гэлтэй. Ерөөс бидний оршин тогтнох хэлбэр  эд мөнгө эрх мэдэлдээ дулдуйдан бусдын эрхэн дээр сандайлж суусан  даврагдсадын өмнө хүчин мөхөсдсөн болгоны өмөг түшиг байх явдал юм. Энэ үүргээ биелүүлснийхээ төлөө бид эрх мэдэлтнүүдэд адлагдан, элдэв янзаар чичлүүлэн явсаар өнөөдрийг хүрч ирэв. Тэгэх тусам цагийн бороо улам ширүүн асгарч даарсан зутарсан иргэд хоргодох газар хайн сэтгүүл зүйн байшингийн дээвэр дор гүйлдэн ирэх болов. Угаас ардынхаа амин зуулгатай холбоотой асуудлуудыг эрх мэдэлтнүүд олонхийн зоргоор эзэрхийлэн уландаа хайр найргүй гишгэж , энгийн олон  түмний эрх ашгийг хамгаалсан хэд нь цөөнх болон ойчиж байх  болсон сонин цөвүүн цагийн  сэтгүүлчид бид хэний өмөг түшиг байх ёстой нь ойлгомжтой.

    Орон нутагт засаглалын хямрал нүүрлэжээ

    Сэтгүүлч хүний амьдрал үйл явдлаас үйл явдлын дунд, томилолтоос томилолтын хооронд өрнөж байдаг. Өнгөрсөн долоо хоног гэхэд миний хувьд Өвөрхангай аймагт ажилласан байх жишээтэй.  Нутгийн тал хэсэг нь гандуу, улаан шороо босч байхад  тал нь хөх униар татан ногоорчээ. Тэнд  бид Д.Лүндээжанцан тэргүүтэй МАХН-ын нөхдүүд эрхи маань болон хурмастаас хур гуйн овоо тахиж, бөх барилдуулж, морь уралдуулан цэнгэж явахтай таарсан юм. Д.Лүндээжанцанг ийнхүү хурмастыг тойлон хувилж явахад ар хударгаар нь

    Р.Бадамдамдин, Г.Батхүү, З.Энхболд нарын Ардчилсан намын гурван нөхөр сум болгоноор нь орон иргэдтэй уулзаж жавар хургасан бүрсгэр клубт өдрийг өнгөрөөж явах юм. Аль аль нь сонирхолтой л дүр зураг. Учир нь мань гурван гишүүн өөрсдийн бус хүний тойргоор явж байдаг. Тойргийн жинхэнэ эзэн нь бараа бологсдын хамт наадам хийж явах. Хүүхдийн мөнгөний асуудал дээр эсрэг санал өгч унагасан  парламентын  гишүүдийг тал нутгийн зон олон мэндийн зөрөөгүй шахам загнацгааж, үгийн бараанаар зодон угтаж байв. Өөрсдөө эцсээ хүртэл зүтгүүлээд ялагдал хүлээсэн Ардчилсан намын гишүүдийн хувьд тэдний гомдлоор балбуулж суух нь шударга бус явдал байсан ч тэд тэвчээртэйгээр өнгөрөөж байлаа. Захын нэг хөх өвгөн босч ирээд “Мань мэтийн толгой дээр далан жил заларсан МАХН өнөөдөр манийн үр хүүхдээс атга будаа харамлаж байх ч гэж дээ” хэмээн хоолой зангируулан зэмлэж байхыг хараад хэлэх үг олдохгүй байв. Авгай хүүхнүүдийн гомдлыг бол бүр хэлэх ч юм биш. Тэдний гомдол саальтай энгэртээ багтаж ядаж байна.    

    Орон нутагт эдүгээ засаглалын хямрал нүүрлэжээ. Сумдын иргэдийн хурал хоёр намаас бүрдсэн 10:10 харьцаатай бүтэц сонгуулиар анх тогтсон бол ихэнх нь урвагчдын балгаар 9:11 гэх мэт болон бантан болж хувирсан байх төдийгүй үр дүн нь дандаа МАХН-ын талд нэн ашигтайгаар шийдэгдсэн байх нь сонирхол татаж байв. Ингээд ч зогсохгүй засаг даргын тамгын газруудад МАХН-ын гишүүдээс өөр хүн ажилдаггүй нийтлэг жишиг тогтсоныг сонсоод уншигч авгай таны нүд орой дээрээ гарч байгаа байх. Мөн тэнд намчирхах явдлаас гадна өөр нэгэн гажиг тогтсон нь ах дүүсийн засаглал сумыг бүхэлд нь эзэлсэн харамсмаар явдал газар авчээ.  Тухайлбал Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын засаг даргын тамгын газар нийт 20 албан хаагчтай. Тэдний  16 нь ураг төрөл улсууд байх жишээтэй. Энэ бол хөдөөд нүүрлэсэн тэвчихийн аргагүй хямрал. 

    Танил түшээгийн танихгүй дүр төрх

    Монгол төрийн гурвын гурван түшээ иргэдтэй нь уулзах гээд зориод очиж байхад клубынхаа үүдэнд үнэр танар ороод ялзарчихсан үхсэн нохойн хүүр хаячихаад өөрөө овоо тахих гээд давхиад явчихаж байгаа засаг дарга байх юм. Тамгын газрынх нь бүх эрс уулан дээр гараад тийнхүү суучихсан,үлдсэн ганц хүүхэн нь захиргааныхаа үүдийг хаачихаад дотор нь таг чиг гөлийгөөд суучихсан гутмаар явдлыг нүдээр үзэв. Ийм эмгэнэлтэй арчаагүй дүр зургуудыг туучин ардууд нь харин зар түгээгээгүй байсан ч өөрсдийн зоргоор шаагилдан ирцгээж байсан тэр өдрүүдээс олон олон эмзэглэл тээсээр редакцдаа ирлээ.  Харин одоо хаанаас нь хэрхэн яаж эхлэхээ бодож сууна.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг би хувьдаа аль нэгэн лидер дагаж давхилгүй өөрийн бор зүрхээр явсаар өнөө цагийн монгол төрийн нэртэй төртэй түшээдийн нэг болж чадсан хүн хэмээн дотроо ихэд хүндэтгэдэг байлаа. Түүний хэнтэй л бол хэнтэй нэвтрэн харилцдаг ил цагаан яриа хөөрөө, ихэрхүү давилуун биш зан төрхийг нь багагүй  талархдаг байв. Харин энэ  удаа үнэнийг хэлэхэд гайхан харамсах сэтгэл төрөөд болдоггүй. Энэ удаа Өвөрхангай аймгийн нутагт байх цорын ганц төрийн тахилгат уул болох Хан хөгшин хайрханыг тахих тахилга ёслол хийхээр тэр эрхэм нутгаа зорьжээ. Ойр хавийнхан морьтой, мотоцикльтой, машин тэрэгтэй тахилгад  оролцохоор ирцгээв. Бидний хэдэн сэтгүүлчид Ардчилсан намын гурвыг дагасаар овоо руу мацаж очтол төрийн тахилгат уулын ёслолд цаг гаргаад  зориод очсон төрийн гурван түшээг хэн нь ч нааш ир гэхгүйг нь хараад тэсгэлгүй гайхацгаан өөр зуураа хачирхан шивнэлдэж зогсов. Овоо хүртэл ийнхүү хувийнх, бүр намынх болон хувирах нь тэр. Энгийн ардуудаас гишүүдээ хараад ирж мэнд ус мэдэвч нэг ангийн нөхөр Лүндээ нь нүдээ тас аничихаад тэр ээ ч гэхгүй нь муухай үзэгдээд болсонгүй. Ичмээр ч юм шиг, дургүй хүрмээр ч юм шиг. Хүний мөн чанар, хувийн сайхан үнэт чанарууд хүртэл улс төрийн заваан салхинд булгаран унажээ. Өвөрхангайн ард түмнийг дөрөв хуваавал 75 хувь нь буюу дийлэнх нь Ардчилсан намын бодлогыг дэмжин саналаа өгсөн. Тэр 75 хувийг нь монгол төрийн өмнө төлөөлөн зүтгэж яваа гурвын гурван гишүүнээ улаан цайн хялалзаж, тойргийн гадна зогсоочихоод  арц хүж уугиулан намжир шидэж суух нь шинэ цагийн төрийн түшээ хүний дүр төрх гэхэд итгэмгүй.

    Монголын андгай за буй заа

    Монголын хөдөөг цас зуд, ган гачигаас нь илүүтэй улс төр талхлан эрэмдэглэжээ. Нэгэн жалганы мухарт төрж өсөөд хамтдаа насыг элээж буй нутгийнхан улаан цэнхэрээрээ хуваагдан, ах дүү амраг саднаараа талцан хэрэлдэж уралцаж хөгөө дэлгэж байх гэж. Монгол төрийн гурван түшээгийн өөдөөс шанаа тулан хээхэлзэж, энэ нутагт эцэг өвгөдийн үеэс МАХН засаглаж заяасан юм аа гээд тэнэгтэж байгаа сумын иргэдийн хурлын дарга байх юм. Тэгээд ичих ч үгүй иргэдийн хуралд хоёр нам адил тэнцүү санал авсан ч улаан нүүрээ хуйхлуулан арилжиж байж дарга болсноо тайлбарлан “Урд жил би МАХН-д элсчихсэн ш дээ”  гээд хээв нэг сэтгүүлчдийн өмнө марсайж суусан гээд бод доо. Урвалт шарвалт монголын улс төрийг дээрээсээ доош хүртэл жинхэнэ ялзалжээ. Хэзээнээс урвагчдад хамгийн хатуу цээрлэл оноож ирсэн монголчуудын ясны чанар салхинд хийсчихсэн хэрэг вэ. Урвагчийн толгой өнхөрч унахаас өөр тавилан тал нутагт байгаагүй. Тэгвэл одоо урвагчийн толгой сайдын сэнтийгээр үнэлэгддэг жигтэй хачин жишиг тогтлоо. Симба Батаа хэмээх нэг шог нөхөр хүүрэн биеэ нүүрээ түлэн байж арилжаад  оронд  нь төрсөн дүүгээ төрийн нарийн бичгийн дарга болгож байгаа эмгэнэлт явдлыг хамгийн гунигтай жишээнд тооцохоос өөр аргагүй. Либериал эрх чөлөөний үзлийг Монгол оронд төлөвшүүлэх гэж нүдэндээ цагираг суутал зүтгэсэн Мэндсайханы Энхсайхан сонгуульд орохдоо улаан гараараа мутарлан хүүхдүүдийн гар дээр тавьж байсан тэтгэлгийн мөнгөний хөтөлбөрөөсөө нүдийг нь бүлтийтэл ширтүүлж байгаад эсрэг кноп даран урваж байгаа явдлыг хамгийн эмгэнэлтэй жишээнд дурьдахаас өөр аргагүй. Түүний хувьд үзэл бодол, амьдрал тэмцэл бүх зүйл утгаа алдсан. Монголын улс төрийн цөөн хэдхэн лидерийн нэгэнд зүй ёсоор бүртгэгдэж явсан энэ эрхэм ичих нүүрээ баржээ. Нэрт эрдэмтэн Бямбын Ренчиний хэлсэн “Монголын андгай за буй заа” гэсэн алдарт үг өөрийн эрхгүй орж ирнэ. Монгол хүний за гэвэл ёо-гүй зартай үнэнч чанар шинэ цагийн улстөрчдийн дагуулсан жишгээр ямх ямхаар арилан одож байна. Урвагчаар морио ч чөдөрлүүлэхгүй хэмээн жигшдэг монгол араншин хээр талын өвс мэт хагдран унаж, морио чөдөрлүүлэх нь байтугай төрөө чөдөрлүүлж суудаг цөвүүн цаг иржээ.

    Уг нь андаа худалдсан нөхөрт хаалгаан тайлдаггүй байвал монголын улс төр цэвэр ариун явахсан. Гэтэл тэд хаалгаа тайлж өгөх нь битгий хэл хоймроон тахьдаг болжээ.

    Ийнхүү их урвалт хамгийн дээд түвшнийхнээс эхлээд хамгийн жижиг нэгждээ хүртэл газар аван нүүрлэж хөх монголын хийморийг гундааж, хөх толбыг нь бүдэгрүүлэн гутааж байна

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан