Unleash Summit 2020 виртуал бизнес чуулган

    Unleash Summit 2020 виртуал бизнес чуулганыг зохион байгуулах багийн гишүүн Ш.Оюунболд, SMS буюу Startup Marketing Space ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Т.Мөнхбаяр нар товч мэдээлэл хийв.  

    -Unleash Summit 2020 виртуал бизнес чуулган удахгүй болох гэж байна. Тэгэхээр ямар зорилгоор, яагаад зохион байгуулж байгаа вэ?

    -АНУ-д төвтэй Asia Leadership Development Network байгууллагаас ерөнхийдөө зохион байгуулж байна. Ковид цар тахалаас шалтгаалан эдийн засаг болон бизнесийн уналттай, хүндрэлтэй байгаа энэ цаг үед олон улсын бизнесүүдээс, хөрөнгө оруулагчдаас startup бизнесүүдийн бойжуулж, хөгжүүлж байгаа хүмүүсээс суралцаж, Монголын бизнес эрхлэгчдэд урам зориг өгч, дэмжих зорилготойгоор зохион байгуулж байгаа арга хэмжээ юм. 

    -Онлайнаар болно гэсэн байх аа? Онлайнаар ингэж хийхэд оролцогчдод цагийн зөрүүний асуудал их гардаг. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?

    -Та мэдэж байгаа. Корона вируст халдвар, цар тахлаас болоод бид хилийн гадагшаа бүү хэл дотооддоо ч гэсэн чөлөөтэй зорчих боломжгүй болсон. Тийм учраас бизнес зохион байгуулалт, эрсдэл туулах тал дээр мэргэшсэн, туршлагатай, ажлын ур чадвартай хүмүүсийг урин, онлайн сургалт зохиож байгаагаараа онцлогтой юм. Арга хэмжээ маань 2020 оны 11-р сарын 19, 20, 21-ний өдрүүдэд онлайнаар 3 өдөр дарааллан зохион байгуулагдах болно. Цагийн хувьд монголчуудын ажил тарсаны дараа буюу 19:30-22:30 цагийн хооронд үргэлжилнэ. Unleash Summit 2020 -д оролцож байгаа зочид маань АНУ болон барууны орнуудад байгаа учраас, тэдний өглөөний цаг, Монголын оройн цагаар таарч байхаар төлөвлөсөн. 

    -Unleash Summit 2020 виртуал бизнес чуулганд гурван өдөр үргэлжлэх юм байна. Гурван өдөртөө багтааж хийхээр олон зочин байгаа юу? Амжилтанд хүрчихсэн, нийгэмд байр сууриа олчихсон, бизнесийн ихээхэн туршлагатай хүмүүс оролцож байгаа гэсэн? 

    -Эхний өдөр нь Social Impact буюу бизнес, үйл ажиллагаагаар дамжуулж нийгэмд яаж нөлөөлөх вэ? гэсэн сэдвээр явагдана. Удаах дахь орой нь энтрепренершип болон экосистем гэсэн сэдвээр явагдана. Гурав дахь орой нь Байгууллагын соёл, бизнесийн байгууллагын зорилго, үнэ цэн гэж юу вэ? гэсэн сэдвээр болно. Нийт 11 зочин илтгэгч урилагаар оролцож байгаа.

    Эхний өдөр буюу Social Impact буюу нийгэмд үзүүлэх нөлөөлөл сэдвээр 3 зочин илтгэгч оролцож байгаа. Монголоос оролцож байгаа Lhamour-г үүсгэн байгуулсан Д.Хуланг бүгдээрээ мэдэх байх. Монголын органик брэндийг үүсгэн байгуулж, ажлын байр бий болгож, дэлхийн зах зээлд гаргаж байгаа. Дараагийн илтгэгч маань Carol Chyau гэж Тайванийн бизнес эрхэлдэг эмэгтэй байна. Харвардын их сургуульд сурч төгсөөд, Хятадад очиж улмаар Төвдийн өндөрлөг руу явж, сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлээд, тухайн орон нутагтаа ажлын байр бий болгож, ядуурлыг буруулах зорилготой ажилладаг. Олон тэрбум хүнтэй том нийгэмд нөлөөлж байгаа бизнес эрхлэгч эмэгтэй байна. 

    Эхний өдрийнхөө сэдвийг сошиал импакт гэж нэрлэсэн учир нь Корона вируст цар тахлын улмаас маш олон үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хаалгаа барин, ажлын байрны хомсдолд орж, бизнест хүндрэлтэй болж байгаа энэ үед нийгэмд нөлөө үзүүлэх хэмжээний бизнес эрхлэгчид яаж бизнесээ авч үлдэж, ямар аргаар амьдарч буй улс орон, нутагтаа дэм болж, ажлын байруудаа хамгаалж авч үлдэж чадсан туршлагыг хуваалцах зорилготой юм. Хоёр дахь өдөр нь энтрепренершип ба экосистемийн талаар ярина. Аливаа улс оронд гарааны бизнес хөгжих, байгууллагын таатай эко системийг бүрдүүлэхэд юу чухал, хөгжиж буй улс оронд бизнесийн эко системийг хөгжүүлэхэд анхаарах ёстой байдаг. Энтрепренершип ямар чухал үүрэгтэй, энтрепренершип болон экосистемийг бүрдүүлэхэд юу юу шаардлагатай вэ, зэрэг сэдвээр ярих болно. Иймд энэ салбарт ажлын арвин туршлагатай зочдыг урьсан. Та бүхний мэдэх TomYo эпликейшнийг үүсгэн байгуулагч В.Баярсайхан байна. Мөн 10,000 startup бизнес бий болгож ажлын байраар хангана гэсэн зорилт тавьсан Sinapsis группын захирал захирал Matthew Rohrs оролцоно. Цахиурын хөндийд болон Зүүн өмнөд Азид үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын сангийн захирал Henry Kaestner орж амжилт, алдаа оноогоо ярина. Хөгжиж байгаа эдийн засагт startup, хөрөнгө оруулалт, ажлын байр яагаад чухал болох, экосистем хэрхэн бүрэлддэг талаар илтгэл тавих болно. 

    Гурав дахь өдөр нь байгууллагын соёл, алсын хараа, зорилго, бизнесийг хэрхэн удирдан чиглүүлэх, урт холдоо бизнес юу юун дээр анхаарах хэрэгтэй гэсэн сэдвээр ярилцана. Илтгэгч нарын хувьд Моторола компанийн дэд ерөнхийлөгч асан Ron Minatrea, түүнчлэн Боеинг компанийн технологи хариуцсан захирлаар ажиллаж байсан Al Erisman гээд бизнест хөрөнгө оруулалтын арвин их туршлагатай зочид оролцох болно. 

    Энэ хүмүүс бизнес шинээр эхлүүлэх гэж байгаа, жижиг дунд бизнес эрхэлж байгаа олон хүнд үнэтэй цэнтэй мэдлэг боловсролыг өгч чадна гэдэгт бид итгэлтэй байгаа. 

    -Оролцогчид нь Монголоос гадна барууны стартап болон том компанийн захирлаар ажиллаж байсан, одоо ажиллаж буй хүмүүс юм байна. Тэгэхээр ямар хэлээр явагдах вэ, орчуулга байгаа юу?

    -Мэдээж орчуулгатай. Unleash Summit 2020 виртуал бизнес чуулганд оролцож байгаа хүмүүс өөрснөө хэлээ сонгох боломжтой. Англи, Монгол хэлээр давхар орчуулгатай явагдана. Яагаад Англи хэл дээр давхар орчуулж байна гэхээр зөвхөн Монгол төдийгүй бусад улс орны хүмүүс оролцож байгаа. Одоогоор Америк, Европ, Өвөр Монголоос маш олон хүн бүртгүүлсэн байна. Unleash Summit 2020-д оролцсоноор та тулгамдсан асуудлуудаа шийдэж чадахуйц гарцыг олох мэдлэгийг олж авч чадна гэдэгт бидний зүгээс итгэлтэй байгаа. Та бизнесээ ямар урам зоригтой эхлүүлж, үргэлжлүүлэхэд хэрэгтэй алсын хараа, үнэт зүйлсээ улам илүү тодорхой болгож, 2021 ондоо илүү эрч хүчтэй амьдрах урам зориг, зорилгыг олмоор байгаа бол хамт олноороо, найз нөхдөөрөө, хамтрагчтайгаа хамт Unleash Summit 2020 виртуал бизнес чуулганд оролцохыг урьж байна.

    Дашрамд дурдахад энэхүү чуулганыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буй EShip Global олон улсын байгууллага, CBMC, мөн хамтран зохион байгуулж буй Sinapis Group, SMS startup marketing space, Shoukay, Netcapital, Монгол дахь Америкийн худалдаа аж үйлдвэрлэлийн танхим (АмЧам), медиа спонсор Unread, Interview.mn, National TV гэсэн байгууллагуудад талархал илэрхийлье. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан