П.одгэрэл: Хөрөнгөнийхөө боол болчихсон олон хүн байдаг

    Үл Хөдлөх Хөрөнгө Зуучлагчдын Нэгдсэн Холбоог үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн, "Mesko Consulting" LLC захирал П.Одгэрэлтэй ярилцлаа. Үл хөдлөх хөрөнгийн салбарт 11 жил ажилласан тэрээр Хан-Уул таур, Сэлбэ хотхон, Морьтон, Emerald, Дөрвөн улирал гээд барилгын томоохон төслүүд дээр ажилласан чадварлаг туршлагатай захирлуудын нэг юм.

    -Ковид 19 гарснаас хойш үл хөдлөх  хөрөнгийн салбарт ямар өөрчлөлт гарсан бэ? Барилгын салбарын борлуулалт ямаршуу байдалтай байгаа бол?
    -Цар тахал дэгдсэнээс хойшхи эхний саруудад хүртэл бид ямар нэгэн таамаг дэвшүүлж чадахгүй байсан. Ямар ч төсөөлөл байгаагүй ч айдастай байсан. Төлөвлөгөө биелэхгүй болов уу, бизнесүүд зогсох болов уу, эдийн засаг хүндрэх болов уу гэсэн төсөөлөл байсан ч борлуулалт харьцангуй жигд биелэлттэй явсан. Дөрөвдүгээр сар хүртэл ноцтой зүйл мэдрэгдээгүй. Тэр үед ахуйг дагасан бизнесүүд харьцангуй амжилттай явсан хэрэг л дээ. Тэр дундаа Улаанбаатар хотод ахуй дагасан бизнесүүдэд илүү давуу тал үүсэж эхэлсэн нь их сонирхолтой байсан. Хорио цээрийн үед хүмүүс гэртээ сууж хувийн асуудлуудаа цэгцлэх, төлөвлөж байсан юмнуудаа хийх боломж гарсан. Хөрөнгө оруулалт өндөртэй төслүүдийн хувьд түр хугацаанд хүлээх ажиглах байдалд шилжсэн. Том байртай оффисууд талбайгаа жижиглэн түрээслэх гэх мэтээр түрээсийн бизнесүүд илүү сайжирсан. Үнэтэй хаус авах гэж байсан хүмүүс түр болиод олон сарын хугацаатай орон сууц түрээслэх ч юм уу арай өөр шийдвэр гаргаж байсан. Тавдугаар сард 50 хувийн биелэлттэй байсан төлөвлөгөө зургаадугаар сард 20 хувийн биелэлттэй болж улмаар долдугаар сард бүрэн зогссон гэж хэлж болно. Миний бие Үл хөдлөх хөрөнгө зуучлалын холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Холбооны гишүүдийн татвар төлөлтөөс эхлээд тэдний үйл ажиллагаа ямар хэмжээнд явагдаж байгаа нь мэдрэгдэж байгаа. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын хувьд төлөвлөж байсан орлого нь зургаа, долоодугаар сараас бага зэрэг буурч байна. Миний хувьд бол гурав дахь эдийн засгийн хүндрэлээ даван туулахаар хичээж байна. Өмнөх туршлагаас харахад эдийн засаг хямрах үед үл хөдлөх хөрөнгийн салбарт давуу байдал үүсдэг. Захиалгууд ихэсдэг гэсэн үг л дээ. Төсөлд хөрөнгө оруулалт хийсэн барилгын компаниудын хувьд илүү судалгаатай, төлөвлөлттэй ажиллах гэсэн чармайлт харагддаг. Бас нэг талаасаа төслийн борлуулалт дээр ажиллаж байгаа хүмүүст давуу талууд үүсдэг.

    1. Хувиа хичээгчид хамгийн түрүүнд цомхотголд ордог.

    2. Бэлэн амьдрал бэлгэнд авсан хүмүүс эрх чөлөөгүй. 
    Хүн өөрөө алдаж онох, унаж босох нь жинхэнэ эрх чөлөө.

    3. Хамтарна нэгдэнэ гэдэг төлөвшсөн хүмүүсийн хийж чаддаг зүйл юм байна.

    4. 100-н удаа байр үзүүлж байж 3 нь л зарагддаг. Тэвчээртэй тууштай байж чадсан хүн YХХ-ийн борлуулагч болж хүлээн зөвшөөрөгддөг.

    5. Уучлаарай Монголчуудаа, Барилгачин болсон биш бороо битгий ороосой гэж боддог боллоо.

    6. ҮХХ-ийн борлуулагч сэтгэл зүйн хувьд өөдрөг, уйгагүй зан чанарыг шаардаж байдаг онцгой мэргэжил. Өдөрт 40-50 дуудлагад хариулт өгнө, 10-15 хүнд үл хөдлөх хөрөнгүүдээ танилцуулж, хичээл зүтгэл орно. Сөрөг хандлагатай залхуудуу хүн хэзээ ч энэ ажлыг тууштай хийж чадахгүй

    П.Одгэрэл захирлын фэйсбүүк постоос...

    -Корона вирусээс болсон хямралын үеэр мөнгө, алт гээд үнэт металлын үнэ хурдацтай өсөж байна. Хэрэв хүмүүс алт юм уу хувьцаа худалдаж авахгүй үл хөдлөх рүү хөрөнгөө оруулбал ашигтай болов уу?
    -Сүүлийн саруудад гаднаас хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс ихсэж байгаа нь ажиглагдаж байна. Манай улсын байгалийн баялаг, газар нутгийн давуу тал зэрэг нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Сонгуулийн үр дүн ч хөрөнгө оруулагчдад нааштайгаар эргэсэн учир хил нээгдэхэд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь тодорхой байна. Үүнтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн салбар тэр дундаа тодорхой төслүүд хөрөнгө оруулалт амжилттай татах нь харагдаж байгаа. Одоогоор Хонконг, Сингапур, Европын орнуудаас зам дагуу тауруудад хөрөнгө оруулалт хийе гэсэн саналууд ирж байна. Манайд яг энэ хөрөнгө оруулагч нарыг зуучилдаг олон жил Монголд амьдарсан хэсэг гадаад хүн бий. Тэр хүмүүсээр зуучлуулсан хөрөнгө оруулалт их байдаг. 
    Би энэ салбарт 11 жил ажиллахдаа 20 орчим төсөл хэрэгжүүлсэн. Эхний таван жилдээ хувь хүмүүсийн зарж, түрээслэх борлуулалтыг хийж байгаад сүүлийн таван жил дан барилгын компаниудтай хамтран ажилласан. Ер нь бол хүндэрсэн барилгын компаниуд л бидэнд санал тавьдаг. Компани хөрөнгөө зарж чадахгүй болоод эхлэхээрээ зуучлалын компанид санал тавьдаг юм л даа. Тэр дундаа сүүлийн нэгээс хоёр жилд зуучлалын компанитай хамтарч ажилласан нь амар гэх хандлага нилээд ажиглагдаж байгаа. Муу төсөл гэж ерөөсөө байдаггүй. Онцлог давуу талыг нь судлаад эхлэхээр төсөл бүр давуу талтай. Бид хамгийн муу байршилд ч төсөл хэрэгжүүлж байсан. Тэндээс онцлог давуу талыг нь гаргаж ирээд төслийнхөө ард амжилттай гарахад боломжгүй зүйл байхгүйг ойлгосон. Сүүлийн үед залуучууд орон сууц авахдаа хөрөнгө оруулалт талаас нь хардаг болчихсон. Манай зах зээл дээр муу хөрөнгө оруулалттай төсөл харьцангуй бага байдаг. 
    Хөрөнгөтэй олон хүн хөрөнгийнхөө боол болчихсон байх нь бий. Ашиглалтынхаа төлбөрийг төлөөд явдаг ч зарах гээд зарж чадахгүй, түрээсэлж ч чадахгүй хүмүүс бас бий. Тийм хүмүүст үл хөдлөх хөрөнгөө хэрэгцээтэй эргэлт рүү оруулахыг бид зөвлөдөг. Орон сууцыг бага зэрэг засал хийгээд зочид буудал, эмнэлгийн зориулалтаар борлуулалт хийхэд л хөрөнгө оруулалтын боломжууд илүү нэмэгдэх жишээний.
    -Үл хөдлөх хөрөнгө бол хүний гурван үндсэн хэрэгцээний нэг. Та энэ салбарт олон жил ажилласан туршлагатай хүний хувьд залуу хүмүүст юу гэж зөвлөх вэ? Зээлээр байртай болох нь зөв үү, эсвэл түрээсийн байранд амьдрах нь зөв үү?
    -Ер нь бол хувьцааны зах зээл, хөрөнгө оруулалтын өгөөж, ухаалаг хөрөнгө оруулалт тал дээр бидний мэдлэг муу юм билээ. Өөрсдөө анализ хийхгүй, хүмүүсээс сонссон, харснаараа дүгнэлт хийгээд шийдвэр гаргаад явцгаадаг. Бизнес хийдэг хүмүүст хадгаламж байдаггүй. Харин тогтвортой цалин авдаг боловсролоор хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс урт хугацаандаа ашгийг бий болгож хадгаламж үүсгэж чаддаг. Миний дүгнэлтээр бол бүх хүч хөдөлмөрөө, бүх амьдралаа зөвхөн байранд шингээж болохгүй санагддаг. Сервис апартмент гэх хэрэгцээний эрэлтээс харахад одоогийн залуус үүнийг ойлгосон байна. Эрэлт маш их байгаа ч нийлүүлэлт бага байна. Яг энэ төрлийн төслүүд бол бараг гарын таван хуруунд багтахаар цөөхөн шүү. Найман хувийн зээл Монголын хамгийн бага хүүтэй зээлд тооцогдож хэн бүхэн яаж ийж байгаад авахыг хичээдэг. Хүмүүс тэр хүүний хэдэн хувь нь эхний жилүүдэд, хэдэн хувь нь үндсэн төлбөртөө явж байгааг ч бүрэн ойлгоогүй, гэрээгээ уншиж танилцалгүйгээр зээл аваад дараа нь хүнд байдалд орчихоод шүүх дээр очихдоо л ингэж төлдөг юм байна гэдгээ ойлгодог юм билээ. Мэдээж бидний соёл, уламжлал, гаргаж байгаа шийдвэр, түүнээсээ таашаал авч байгаа үнэт зүйл гэдэг юм чинь чухал. Түрээсийн байранд амьдраад тэр нь үнэт зүйлийг нь хангахгүй, эргэн тойрныхон нь буруу үнэлээд байгаа бол тэр хүн найман хувийнхаа зээлийг аваад явах нь зөв. Үзэмж бус санхүүгийн хөрөнгө оруулалт талаас нь хараад түүндээ өөрөө сэтгэл ханамжтай байж чадвал түр хугацаанд хүлээх нь зөв болов уу.
    Миний хувьд гурван удаа орон сууц авч байсан. Өөрөөс хамаарахгүйгээр ойр тойрны хүмүүсээс шалтгаалаад гурван удаа буцсан. Бизнесийн хувьд ч тэр, орон байрны хувьд ч тэр бүгдийг нь шинээр эхэлж байсан. Хүн унах тусмаа буцаж босохдоо илүү хүчтэй, илүү ухаалаг, аливааг илүү бодитоор хардаг, чамбай болдог юм байна лээ. Сүүлдээ маш богино хугацаанд их баялгийг бий болгох боломж ч байдаг гэдгийг ойлгож байна. Түрээсийн байранд амьдрах хугацаандаа хуримтлал үүсгээд түүгээрээ зөв хөрөнгө оруулалт хийгээд явах болсон. Бид нийгэмдээ, ойр тойрныхондоо таалагдах гэж гаргасан шийдвэр л алдаа болдог. Найман хувийн зээл авсан залуус зээлээ төлчихвөл яг алах гээд байна, ямар ч хувийн амьдралгүй боллоо гэж ярихыг сонсоход бид маш их хайрцаглагдаж байгаа юм шиг санагддаг.

    -Үл хөдлөх зууч­лагчдын холбоо сургалт явуулж аттестат өгдөг юм байна. Реалтор болохын тулд заавал энд суух ёстой юу. Зүгээр зар тавиад бусдын байр орон сууцыг зарж өгөөд явчихад л болох юм биш үү? Монголд нэг ийм яриа явдаг. Реалторууд бол зүгээр л ченжүүд гээд. Юу ч бүтээдэггүй хүний хөрөнгийг зарж ашиг авдаг гээд?
    -Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар сүүлийн зургаа, долоон жилд идэвхжин, хүмүүст танигдаж байна. Яг наад асуудлаас болоод холбоонд ажиллаж эхэлсэн юм. Холбоогоор дамжуулан салбараа хүмүүст зөвөөр таниулах, олон нийтэд зөв мессеж өгөх мөн хууль эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй байгаа. Компани байгуулаад ажиллаж эхлээд хоёр жилийн дараагаас ширээний ард суусан ченж гэх мэтээр нэрлэхэд эмзэглэдэг байсан. Маш хурдан хөрөнгөө зарж борлуулахын тулд надад тэдийг л өгчих, чи хэдийг ч нэмсэн болно гэсэн саналууд маш их ирдэг байсан. Миний хувьд хүний үл хөдлөх хөрөнгө зуучлахдаа нэг сая төгрөг ч нэмж зарж үзээгүй. Үүгээрээ бол бид ченж биш ээ. 
    Менежмент дээр суурилж тухайн бизнесийг босгож ирдэг. Хоёр жилийн хугацаанд нэг ч байр борлуулаагүй байсан барилгын компанийг манайх аваад эхний гурван сардаа төлөвлөгөөгөө боловсруулаад зургаа дахь сараас нь борлуулалт хийж эхэлсэн. Ингээд зогссон байсан төсөлд хоёр жил хагасын хугацаанд 90 тэрбум төгрөгийн хөрөнгө татсан. Энэ баялаг биш үү? Манайх одоо барилгын төслүүд дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Энэ бол миний арван жил хуримтлуулсан туршлага, арван жилийн хүч хөдөлмөр юм. Энэ ч утгаараа би маш их хичээдэг, их ч туршлага хуримтлуулсан. Энэ хуримтлалаа хоёр цагийн дотор ярьж өгөхөд ажил хэрэг болгоод авдаг компани бол сайн л байна. Ченж, баялаг бүтээдэггүй гэдэг дээр бол эмзэглэхээ больсон. Реалторуудын бий болгож байгаа үр дүнг зөвөөр сурталчилж таниулахыг зориод явж байна.

    -Хувь хүмүүсийн орон сууц хэр хугацаанд зарагддаг вэ? Монголын үл хөдлөх хөрөнгийн нэг бэрхшээл будлиантай хэсэг нь гэр хороолол, зуслангийн хашаа байшингууд байх. Зарагдахгүй их уддаг. Зуучийн компаниуд ч гэсэн зарж борлуулах тун дургүй харагддаг?
    -Хувь хүмүүсийн нэг, хоёр өрөө байрыг зарахад амархан шүү дээ. Хөршүүд, гаднах тоглоомын талбай зэрэг нь тодорхой тул сурталчилгаагаа л тогтмол явуулаад байхад зарчихдаг. Учир нь хөрш нь тодорхойгүй, тоглоомын талбай нь хийгдээгүй заримдаа газраараа, карказаараа, СӨХ нь бий болоогүй ч юм уу барилгууд дээр ажиллах хүнд шүү дээ. Амины орон сууцны асуудлуудыг таньж эхэлж байна. Олон сар борлуулагдаагүй хоёр өрөө байр байсан ч ороод шалыг нь арчиж, цонхыг нь онгойлгоод агаар оруулдаг. Одооны залуучууд санаачлагагүй, хайрцган дотор ажилладаг учраас аливааг засаж, сайжруулж хүнд хүргэх тал дээр тааруу байна. Таны асууснаар хашаа байшин, зуслангийн байшинг зарж чадахгүй байгаа бол түүнийхээ давуу тал, онцлогт ядаж нэг анализ хийх ёстой. Хашаа байшин байсан ч юугаараа давуу юм, юу нь сул тал нь юм гэдгийг мэдэж байгаа борлуулагч ганцхан худалдан авагч, сонирхогч ирэхэд тэр хүний шийдвэр, сэтгэл зүйд нь нөлөөлөх мэдээлэл өгч чадна. Тэгэхээр энэ бол агентуудаас шалтгаалах асуудал. Зайсангийн нэг хотхон дээр борлуулалт хийж байж төвийн шугаманд холбогдсон гээд яриад явж болохгүй. Нэг борлуулалтын компани дээр олон сар болчихсон үл хөдлөхийг дараагийн компани хүлээж аваад асуудлыг судлаад барилгын компанидаа шаардлага тавиад борлуулалт хийсэн тохиолдол цөөнгүй. Дэд бүтцийн асуудалгүй газар гэж бараг байдаггүй. Харин тэр асуудлыг олж илрүүлээд хөрөнгийн эзэнд нь санал тавьж сайжруулах л хэрэгтэй. Би бол хамтран ажиллаж байгаа хөрөнгийн эздээ “зовоодог”. Эхлээд надаас залхдаг байсан ч, одоо бол мэддэг болсон /инээв/. Шууд үг авдаггүй ч өөрөө мэдрээд илүү зовохоороо буцаж ханддаг. 
    Барилгын бүтээн байгуулалт хийнэ гэдэг бол маш олон төрлийн стрессийг дагуулдаг нөр их хүч хөдөлмөр. 2015 эхлүүлсэн үйлдвэрийн барилга маань одоо хэр нь дуусаагүй л байна. Энэ хугацаанд би бүтээн байгуулагч нараараа үнэхээр их бахархсан. Орой унтаж байхад гал гарлаа гэхэд уйлаад л машинаа бариад давхих нь наад захын жишээ. Аюулгүй байдлыг сайн хангасан ч дунд шатны ажилчдын хайхрамжгүй үйлдлээс болоод хүний амь нас үрэгдэх гээд стресс ихтэй ажил. 
    Барилгын ажилчид гэж бас нэг том ертөнц байна. Цалингаа авсны дараа гурваас таван хоногтоо ажилдаа ирдэггүй. Бие биенээ хулхидах асуудал барилгын компанидаа биш доод шатны ажилчиддаа байдаг. Цаашлах юм бол масс маань өөрөө хулгайч. Яг энэ сэдвээр “Хулгайч улс” гэдэг нийтлэл бичиж суугаа. Улс нь иргэдээсээ хулгайлж, ард иргэд нь улсаасаа хулгай хийх гэж хамаг ухаанаа зарж байна гэх санааг өгүүлсэн нийтлэл эхлүүлчихсэн яваа. Яагаад үүнийг бичих болсон бэ гэвэл сая С.Баярын хэрэг, Оюу Толгойг тойрсон асуудлуудыг миний хамгийн их хүндэлдэг байсан томоохон бизнес эрхлэгчдэд байдаг л зүйл шиг хүлээж авсанд их гайхсан. Судлаад ирэхээр тухайн үед С.Баяр  бизнест нь давуу байдал үүсгэснээс болоод ч юм уу нөгөө бизнес эрхлэгчид тэр хүнийг зөв талаас нь харах гэж хичээдэг юм байна л даа. Бидний ёс зүй, хэм хэмжээ гэдэг юм маань өөрөө манай нийгмийг бүрдүүлдэг. Хамгийн хүнд хүчрийг нь дааж явж байгаа хүмүүс маань фронт дээр барилгын шаврыг зуурч байгаа, нүх ухаж байгаа хүмүүс. Тэр хүмүүсийн сэтгэлгээ, оюун санааг нь хөгжүүлэхэд их хугацаа орно. Үүнээс үүсч байгаа харилцааны л үр дүнгүүд юм болов уу. Ийм асуудлуудыг үүрч явдаг, байнгын ийм харилцаан дунд байдаг учир ойлгох гэж бас хичээдэг. Бичиж буй нийтлэлийнхээ талаар эргэн сөхөхөд хулгайлж амьдардаг тодорхой хүрээний хүмүүс баяжаад ирэхээрээ өөрсдөө хулгай хийхээ болиод ард иргэдэд хулгай хийх нөхцөлийг бүрдүүлж өгдөг юм байна л даа. Ард иргэд хулгайч болоод ирэхээр тэд өөрсдийгөө хамгаалахын тулд шорон гэдэг зүйлийг бий болгодог тухай. Би хааяа нэг нийтлэл бичдэг, тэр нь хүмүүст хөөрхөн хүрдэг юм. "Өнөөдөр" сонин тогтмол бичиж байвал булан гаргаж өгье гэсэн санал олон жилийн өмнө тавьж байсан. Юм бичээд суухаар дотор удаан хураагдсан бүхэн гарч, саваа суллаж байгаа юм шиг санагддаг. Жаргадаг гэх юм уу даа.

    7. Яг одоогийн байдлаар хамгийн сайн Үл Хөдлөх Хөрөнгийн борлуулалтын компани нэрлэ гэвэл MGG Properties л хэлнэ. Олон жилийн туршлагатай, үргэлж шинэлэг, борлуулагч нар нь компанидаа удаан ажиллаж байгаа гэх мэт. Борлуулалтаас гадна хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалт, зөвлөх үйлчилгээ зэргийг үзүүлдэг байх шүү.

    8. Хуучин ДҮРЭМ: Хүний хамгийн чухал хөрөнгө бол ажиллах хүч. Үүнийгээ аль болох өндрөөр үнэлж худалдах хэрэгтэй.
    Шинэ ДҮРЭМ: Мэдээллийн эрин зуунд таны хамгийн чухал өмч хөрөнгө бол таны сэдэл санаа. Тэр сэдэл санаагаа яаж зарж борлуулж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.
    9. Орон сууцны нөхцөлөө сайжруулах эрэлтийн үе ирж байгаатай холбогдуулан худалдан авагчийн зан төлвийн судалгааг зорилтот 100 хүн дээр авлаа. Зөндөө л олон сонирхолтой дүгнэлт гарч байна, хамгийн чухал нөлөө үзүүлэгч нь үйлчилгээний ажилтан буюу түүний харилцаа, зан төлөвт маш хүчтэй нөлөөлдгийг дахин баталлаа. Гэтэл манай барилгынхан нягтлангаараа л зүтгүүлээд байдаг үзэгдэл одоо ч бий.

    -Шинэ засаг ипотекийн зээлийн хүүг дөрвөн хувь болгоно гэсэн. Энэ зорилго таны ажиллаж байгаа салбартай хамаатай. Бодит хөрсөн дээрээ дөрвөн хувийн ипотек, урьдчилгаагүй орон сууц зэрэг нь боломжтой юу?
    -Арилжааны банкуудын цаанаас авч байгаа зээлийн хөрвөх хүү гэж байгаа. Тэр талаас харахад боломжгүй юм. Цаад нарийн тооцооллыг яаж гаргасан бэ гэдгийг би огт ойлгоогүй. Системээрээ өөрчлөгдөж байж ядаж зургаан хувь руу орно. Одоо бидний хадгаламжийн хүү хэд байгаа билээ. Тэгэхээр систем маань өөр төвшинд байхад дөрвөн хувь руу орно гэдэг бол өнгөцхөн дүгнэлт байх вий гэж айж байна.
    -Та Гуанжоу, Бээжин руу явж хувцас авчирч зардаг, хувцасны дэлгүүртэй байсан гэсэн?
    -Анх урдаас хувцас зөөж бизнес эхлүүлсэн. Авчирсан хувцсыг хүмүүс дуртай аваад, баярлаад, танайх гоё сонголттой гэхийг сонсох үнэхээр сайхан байдаг байсан. Ингэж хувьцасны дэлгүүр ажиллуулсан маань бүх юмны суурийг тавьсан гэж боддог. Ахынхаа байрны гэрчилгээг тавьж банкнаас мөнгө зээлж, дэлгүүртээ капитал засвар хийж байв. Би үл хөдлөх хөрөнгийн салбарт 11 жил ажилласан гээд байгаа боловч эхний 7 жилийн хугацаанд давхар дэлгүүр ажиллуулсан. Дэлгүүртээ нэг юм зараад л компанийнхаа бичгийн цаасыг авдаг байлаа. Тэгж л компаниа босгосон. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эхлүүлэхэд том хөрөнгө оруулалт шаарддаггүй. Одоо бол төлөвлөлт, борлуулалт, ашиглалт, үйлчилгээ бүгдийг нь хариуцсан компани болгохоор дахиж нэг шат ахиулж байгаа. Хөрөнгө оруулалт татахдаа хувьцаат компанийн засаглалын жишгээр явж эхлэх гэж байна. Манай компанийн хувьд анх удаа томоохон хөрөнгө оруулалт татах гэж байна. 2014, 2015 онд манай зуучлалын компани боломжийн хуримтлал үүсгээд эхлэхэд нь цагаан идээний төсөл хэрэгжүүлэх гэж үзсэн. Цагаан идээг боловсруулаад rice cake шиг баглаа боодолтойгоор гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхийг зорьсон. Японд бол rice cake бараг урлаг болчихсон шүү дээ. 2014 онд төслөө эхлүүлсэн ч жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн золиос болсон амьд жишээ би өөрөө юм. Тухайн үедээ Чингис бондод төслөө танилцуулсан. Маш дуртай хүлээж авсан л даа. Ёстой бүтээлч, зөв, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн яг л хүсч байсан төсөл орж ирлээ гээд л. Төсөл маань нааштай яваад ирэхээр бүхнээ шавхаад үйлдвэрийн барилгаа эхлүүлчихсэн чинь зээл бүтээгүй. Аль хэдийн дээгүүрээ хувааж аваад идээд дуусчихсан байсныг мэдээгүй хэрэг. Би чинь бас харьцангуй танил тал ихтэй, мэдээлэлд ойрхон хүн шүү дээ. Жирийн иргэд бол очих ёстой газрынхаа үзүүрт нь ч хүрдэггүй юм билээ. Зээл чинь гарахгүй гэсэн ч газар авсан байсан болохоор өөрийнхөөрөө явахаар шийдээд, өөр зээл аваад ч чадаагүй. 2015 оны эдийн засгийн хямралаар зуучлалын компаниа ядаж тогтооё гээд үйлдвэрийн барилга дээрээ манаач ч ажиллуулж чадаагүй. Одоо барилга маань тал нь тоногдоод балгас шиг болчихсон байгаа. Сав, баглаа боодлын үйлдвэртэй болох мөрөөдөл одоо ч надад байдаг. Мөрөөдлөө биелүүлэх гээд бас нэг зээлийн асуудал үүсгэчихсэн явж байгаа. 
    -Компаниа яагаад яагаад Меско – Арвис гэж нэрлэсэн юм бэ?
    -Уг нь өөр нэр өгөх гээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт очсон тэр нэр маань байдаггүй. Арвис гэдэг нь манай бага хүүгийн нэр. Меско гэдэг “Mesco Steel” гэх Энэтхэгийн томоохон компанийн нэр. Ингээд хэлэхээр Энэтхэгийн хөрөнгө оруулалттай гэж бодож магадгүй. Зүгээр л тэр группын үүсгэн байгуулагч энэтхэг хүн надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн болохоор компанийнхаа нэрийг тэгж өгсөн. Тэр группын захирал энэтхэг өвгөн Монголд ирээд миний ойрын танилтай төмрийн үйлдвэр сонирхоод явж байсан. Тэр хүн сахарын өвчтэй гэдгийг нь сонсоод их өрөвдсөн. Тэгээд сахарын өвчинд нь тохирсон хоол хүнс зөвлөгөө өгдөг байсан юм. Мундаг баялаг бүтээсэн буянтай хүн болохоор билэгшээж компаниа тэгж нэрлэсэн. Холбоогүй байдаг тул одоо намайг танихгүй байх. Одоо бол манайх Меско -Консалтинг болсон. 

    -Таны ярилцлагуудыг уншихад, бас уулзаж ингэж ярилцаж байхад эрч хүчтэй, эерэг хандлагатай, ирээдүйдээ маш итгэлтэй юм. Реалтор хүн гэхээр ийм өөдрөг байдаг уу, эсвэл ямар нэг сэтгэлзүйн дасгал хийдэг үү?
    -Тэр бол цэвэр хувийн сахилга бат, хувийн зохион байгуулалт юм. Хүн чинь нэг өдөр  л өөрчлөгдчихгүй. Тэвчээртэй байж өөрчлөгдөнө гэдэг л хамгийн чухал юм билээ. 
    Одоо бол хувийн зохион байгуулалт нэг ноймерт гэсэн зарчим барьдаг. Дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хобби, өөртөө цаг гаргах гээд үндсэн зарчмуудыг байнга баримтлахад бид тэртээ тэргүй эерэг болно. Мэдээд байгаа мөртлөө алдагдах нь аймшигтай. 10 жилийн өмнө би одоо байгаагаасаа хөгшин байсан. Өнөөдөр бол ойр дотны хүмүүс улам л залуужаад байна гэхээр нь баярладаг. Тэр бол миний цэвэр хувийн зохион байгуулалттай холбоотой. Хувийн зохион байгуулалт, эрүүл зөв хооллолт гээд ярихад хүмүүс бараг чихээ дараад, нүдээ таглаад өнгөрдөг болсон байна ш дээ. 
    Би бол нэг тийм дайчин санагдаж болно. Гэвч их махраад, хурдтай байдгийнхаа гайгаар мэдлэгт суурьлаагүй хөдөлмөрийг их хийдэг байснаа ойлгосон. Одоо ч хийж байж магадгүй. Мэдлэггүйгээр махраад байхаар үр дүн багатай ч чөмгөндөө л яваад байдаг даа. Энэ алдаагаа олж мэдэхэд хооллолт их нөлөөлсөн. Суурь хоол унд хүний хийг нэмдэг юм байна. Тэгэхээр хүн яаруу болдог, жоохон ааштай болдог, хурдтай юм шиг давуу тал харагдах гээд байдаг. Гэтэл нөгөө талаараа алдчихсан байдаг. 
    Сошиалаар уншсан зүйлээ хамаагүй дагаж мөрдөөд яваад байж бас болохгүй. Хэн ч компьютерээ асаагаад влог нээгээд юм бичээд сууж чадна. Тэр хүн судалгаагаа яаж хийснийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр бид судалгаа шинжилгээн дээр суурилсан мэдээллүүдийг уншиж, танилцаж зөв хослуулахгүй бол буруудна. Идэж ууж байгаа юмаараа өөрсдийгөө эмчлээд, эд эс маань өөрөө зөв ажиллаад эхэлнэ гэдэг чинь хамгийн чухал шүү дээ. 
    -Хүмүүст нэг тийм эргэлзэх үе гардаг даа. Энэ байрыг, энэ объектыг авах уу яах вэ гээд. Тэр үед нь реалторын талаас яаж нааштай шийд гаргуулдаг вэ?
    -Агентууд хүмүүсийг 100 сая, тэрбум төгрөгийн шийдвэрийг гаргахад нөлөөлдөг. Тэнд тэр хүний бүх амьдрал явж байж ч болно. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргуулж байгаа, тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байгаа бол сайн байна. Нөлөөлж чадахгүй бол та зуучлалын хөлсөө авч чадахгүй. Нөгөө хоёр чинь хоорондоо тохирно гэсэн үг. Тэр шийдвэрийг гаргуулах процессын үед тэр хүндээ хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг юм бий. Заримдаа худалдан авагчийн зүгээс маш их муухай юм гарна. Худлаа ярина, дахин дахин худлаа ярина. Тэрийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Зүгээр юм ярьж байхад нь сөргөөр хүлээгээд авчихдаг агентууд бол ерөөсөө амжилттай ажилладаггүй. Эцсийн үр дүн гаргах гэж зүтгэж байгаа бол таны хандлага чухал юм. 
    Шинэ агентууд орж ирээд захирлаа үл хөдлөх хөрөнгийн салбарт би үнэхээр дурлаж байна гэдэг. Ер нь ямар ч хүн дурладаг. Анх орж ирж байгаа хүн тэр тусмаа бүх юмыг эрүүлээр хардаг, ямар ч стрессгүй, юмнаас залхаагүй байдаг. Тэгээд тав зургаан сар болоод ихэнх нь шантарчихдаг. Харин өөрийгөө дайчлаад ажилласан хүмүүс барилгын компани хүртэл үүсгэн байгуулчихсан, зарим нь энэ салбартаа багш болоод надаас ч илүү амьдарч байна. Тэд бол дайчин, хөдөлмөрч хүмүүс. Агентын ярилцлага дээр “Чи хүнтэй харилцаа үүсгээд уулзалт хийгээд явах дуртай юу? Чиний утас өдөрт 30 удаа дуугарч, нэг мэдээллээ яг 30 удаа давтвал чи залхах уу?” гэж асуудаг. Яг нэг гоё кофе уугаад суух гэж байхад нь байр үзъе гэвэл “Ёоо ёстой нээрээ цагаа олж залгах юм аа” гээд гарч байгаа хүн хэзээ ч гоё байр үзүүлдэггүй. Харин хүнтэй харилцаад явахдаа бүр нэг жаргалтай хүмүүс байдаг даа. Тийм хүмүүс л агентын наад захын шаардлагыг хангана. 
    -Үл хөдлөх хөрөнгийн агент ямар зан чанартай байх ёстой вэ?
    -Дөрвөн борлуулагчийн хоёр нь сууж ажиллах сонирхолтой. Хоёр нь бол хөдөлгөөнтэй байнга яваад гараас нь юм гардаг. 
    Борлуулалтын ажилтан мэдээж харилцааны чадвар сайтай байх ёстой. Хоёрт, даван туулах, ачаалал даах чадвартай байх ёстой. Зарим тохиолдолд өдөртөө 100 дуудлага авах үе бий. Өдөрт хоёр бүтэн цэнэгтэй утас дуусгах гэх мэт. Хамгийн хурднаараа ажиллалаа гэхэд өдөрт 7-8 объект үзүүлж чадна. Энэ бол цэвэр ачаалал даах чадвар юм. Туршлага хуримтлуулж явсан үеүүдэд бол би өдөр бүр арваас дээш цаг ажилладаг байсан. Шийдвэр гаргахад нөлөөлөх хамгийн гол чадвар бол салбараа сайн мэдэх, мэдээлэлд шинжилгээ, анализ хийх, тоон дүн хараад ойлгочихдог байх явдал. Үүнд чинь олон чадвар багтана. Харилцагчдаа хүлээн зөвшөөрөгдөх, хоёр байрны дунд эргэлзэж байгаа худалдан авагчийн эргэлзээг тайлах, талуудын хооронд хэлэлцээрийг амжилттай хийхэд нөлөөлөх хэмжээний мэдээлэлтэй байх хэрэгтэй. Манайд үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбар шинэ учраас дандаа дөнгөж сургууль төгссөн хүмүүс орж ирдэг. Тийм хүмүүсийн хувьд салбараа мэдэх нь байтугай эдийн засгийн бусад мэдээллийг ч сайн ойлгож амжаагүй байдаг учир муугаар хэлүүлдэг байх. Энэ бол тэдний буруу биш юм. 
    -Таны итгэж байсан хүмүүс итгэлийг чинь даагаагүй хэрэг олонтаа гарсан юм билээ. Тэгээд хүнд итгэхээ байсан гэсэн. Би яг ийм тохиолдлуудыг маш сайн мэднэ. Бүр том группын захирал хүртэл ажилтнууддаа итгэхээ больсон байсан. Энэ байдлаас яаж гарсан бэ? Яаж эргэж хүнд итгэдэг болсон бэ?
    -Тэр байдлаас би бүр гарчихсан гэж хэлэхгүй. Хүнтэй ярилцахад түүний нүд, гаргаж байгаа жижиг реакцууд, машин бариад явж байгаагаас нь хүртэл энэ ямар хэмжээний хүн бэ гэдэг нь мэдрэгддэг. Анх гоё хөрөнгө ороод ирэнгүүт энэ дээр би л ажиллах ёстой гээд амбицладаг байсан. Одоо бол хэчнээн баян, том барилгын компани байлаа ч шийдвэр гаргаж байгаа хамтрагчаа л түрүүлж харж сонголт хийдэг болсон. 

    -Сонирхолтой ярицлага өгсөнд баярлалаа. 
    -Баярлалаа.

    -Та хүнтэй зодолдож үзсэн үү?
    -Үзсэн.

    -Та мэргэч төлөгчид итгэдэг үү? 
    -Ер нь бол мэдлэгтэй, шидтэй хүн байдагт итгэдэг.

    -Таны мөрөөдөл...
    -Энэ амьдралынхаа туршлага, сэтгэл зүй энэ тэрийгээ нэгтгээд дахиж сайн судалгаа хийж байгаад 48-50 насандаа ном бичнэ гэж мөрөөддөг. Номоо бичээд суухад тайван орчинг нь харин хангайд очоод хажуудаа морьны жүчээтэй газар амьдрах уу, эсвэл аль нэг далайн эрэг дээр хааяа нэг очдог жижиг хаустай болох уу гэж би одоо хүртэл бодоод явдаг юм.  
      
    -Юбка үү, жинсэн өмд үү? 
    -Жинс.

    -Салат уу? Хуушуур уу? 
    -Хуушуур

    -Дуртай хүүхэлдэйн кино?
    -Маугли

    -Хэнтэй хамт өглөө сэрэхийг хүсч байна? 
    -Хайртай хүнтэйгээ ... байж байгаарай Малалайтай ч юмуу.

    -Твиттер үү, инстаграм уу? 
    -Инстаграм

    -Хэрэв супер хүчтэй болох боломж гарвал ямар супер хүчтэй болох вэ? 
    -Оюун санааг хамгийн зөв, дээд төвшинд нь ажиллуулах хүч.

    -Сугалаанд их мөнгө хожвол та яах вэ? 
    -Бизнес рүүгээ хөрөнгө оруулалт хийнэ. Түүнээс гадна Олдохбаяр гээд хүү байгаа. Түүнд туслах юмсан гээд маш олон жил бодож байна. Дорвитойхон туслахгүй бол жижиг сажиг тусалж үзсэн. Гэхдээ тус биш ус болчих гээд байдаг юм байна лээ. Тэр хүүхэд жоохон саажилттай ч гэсэн гайхалтай ухаантай, тэмцэгч. Хамгийн түрүүнд тэр хүүхдэд би сургуульд нь хөрөнгө оруулалт хийнэ.

    Хайр гэж юу вэ? 
    -Хайр бол уучлалт.

    -Дуртай өнгө? 
    -Байгалийн ногоон, цэнхэр өнгөнд дуртай

    -Таны дургүйг хүргэдэг хүмүүс?
    -Өөрийн гэсэн зарчимгүй. Хаана ч юу ч гэж худлаа ярьж чадах, өнгөцхөн, жижигхэн үр дүнгийн төлөө юуг ч худалдаж чадах хүмүүсээс харшилтай.

    -Хамгийн их унших дуртай 3 номоо нэрлээч. 
    -Сүүлийн үед уран зохиолын ном их уншиж байгаа. “Дур булаам”, “Феррари машинаа зарсан лам”, “Сингапурын хөгжлийн нууц” гурвыг нэрлэнэ дээ.

    -Та юунаас хамгийн их айдаг вэ? 
    -Итгэж байсан хүн итгэл алдах вий гэхээс маш их айдаг.

    -Таны амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн хүн хэн бэ? 
    -Ээж.

    -Та өөрийгөө хэдэн настай гэж төсөөлж байна вэ? 
    -26

    -Төгс сайхан өдөр таны хувьд яаж өнгөрдөг вэ? 
    -Гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг өдрүүд

    -Танд мартаж чаддаггүй зүүд гэж байдаг уу?  
    -Маш бүдүүн могой зүүдэлж байсан. Нэг хүн өндөг хутгагчаар цочоож байсан. Мөн Жастин Биебэртэй унтаж байна гэж зүүдэлсэн.

    -Таны булшин дээр ямар үг байгаасай гэж бодож байна?  
    -Миний хоёр хүүгийн сэтгэлээс гарсан товчхон үг байгаасай л гэж бодож байна

    -Түүхэн хүмүүсээс уулзах боломж гарвал хэнтэй хамгийн түрүүнд уулзах вэ?  
    -Чингис хаантай уулзчихдаг юм билүү /инээв/Яг одоо манай салбарын зарим нэг бүлэг нэгдэж нийлж чадахгүй маш их ажил гацааж байна

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан