Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    Энэ удаагийн миний зочин 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байсан, БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Улс Төрийн Товчооны гишүүн, Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын хүү Цэдэнбалын Зориг.
    Тэрбээр бидний уулзалтын дараа өмсөж яваа хар өнгөтэй савхин хүрмээ заагаад "Аавын минь нутгийнхан надад энэ хүрмийг бэлэглэсэн юм. Би энийгээ л өмсөх дуртай" хэмээн хэлээд, ялимгүй гунигтай инээмсэглээд салж одсон юм. 
    Москвад Химки дүүргийн нэгэн зоогийн газар уулзсан бидний уулзалт надад ч гуниг төрүүлсэн. Тэрбээр анх хориод жилийн тэртээ миний ярилцлагын зочноор уригдан оролцож байсан юм. Тэр үед би “Өдрийн сонин”-д ажиллаж байлаа. Он жилүүд хэн хэний маань тойрсонгүй. Чихэртэй найзалсаар байгаад үүдэн шүднүүдээ шоглочихсон, ухаан ороод тэрийгээ нуух гэж зовохдоо гэнэн цайлган инээдтэйгээ хавсран амаа үе үе дардаг нэрэлхүү хөвгүүн байдаг байсан даа.... Ц.Зориг яг түүн шиг л ичимхий харагдсан... 
    Цагтаа "хааны хүү" байсан тэрбээр одоо Москва хотын захын дүүрэгт эгэл жирийн, магадгүй жаахан гундуу аж төрж явна уу даа. Жар гарсан хижээл насны Зориг надад багадаа харж дассан Маршалын танил дүр төрхийг эрхгүй санагдуулж байв. 
    Тэр бол хүүхэд ахуй насаа нэгэн улсын удирдагчийн гэр бүлд аз жаргалд умбан өнгөрөөсөн ч насан туршдаа ээдрээ дүүрэн, гуниг зовлон дүүрэн, өвөрмөц амьдрал туулсан хүн юм. Зориг бол Ю.Цэдэнбалын бага хүү нь. Анастасия Ивановна Цэдэнбал нар нь гурван хүү төрүүлсэн ч одоо ганцхан тэр л амьд мэнд яваа. 
    Баримтаар  бол Монгол оронд залуу удирдагчийн гэргий болж ирсэн Настя бүсгүй 1948 оны гуравдугаар сарын 10 нд анхны хүүгээ монголд төрүүлсэн байдаг. Гэвч тэд хүүгээ алдсан. Энэ явдлын дараа бүсгүй уй гашууд дарагдан, удаанаар өвдсөн бол Цэдэнбал илүү хатуужиж, өөрчлөгдөж эхэлсэн гэж ойрын хүмүүсийн дурсамжинд тэмдэглэгдсэн байдаг. Дараа жил нь буюу 1949 оны намар, Аравдугаар сарын 07-нд Настя хоёр дахь хүүгээ төрүүлсэн юм. Өмнөх золгүй явдлаас болж маш их айдастай байсан учраас Владислав хүүг Улаан- Үдээс уригдаж ирсэн эмч эх барьж авсан гэдэг. Харин Зориг түүнээс найман жилийн дараа буюу 1957 оны гуравдугаар сарын 11-нд Москва хотод төржээ.  
    Анхны хүүгээ алдсан явдлаас болоод тэргүүн хатагтай хөвгүүддээ маш их санаа зовдог, тэдний эрүүл мэндэд хэт гэмээр их анхаарал тавьж өөртөө хүндрэл учруулдаг байсан тухай олон баримт байдаг. Энэ нь эх хүнийх нь хувьд түүнийг ойлгохоос өөр аргагүй явдлууд биз ээ. 
    Цэдэнбал даргын бага хүү Цэдэнбалын Зориг одоо Москва хотын ойролцоо Химкид аж төрж байгааг би дээр дурьдсан. Химки хот нь Москвагийн нэгэн том дагуул хот юм. 1939 он хүртэл Химки нь дүүргийн төв байсан бөгөөд түүнээс хойш бие даасан хот болсон. 2019 оны байдлаар 250 мянган оршин суугчтай гэж бүртгэгджээ. Ингэснээр оршин суугчдын тоогоор подмосквагийн гурав дахь том хотод тооцогдох болж. Түүний өмнө 400 гаруй мянган оршин суугчтай Балашиха хот, 300 мянган оршин суугчтай Подольск хот жагсдаг. 
    Москва хотоос 23 км-т орших Химки хотын оршин суугчдын дийлэнх нь Москва хотод ажил хөдөлмөр эрхэлдэг. Москва хүртэл нийтийн тээврээр талдаа 2 цаг орчим явдаг. Уг хотод тавилга, хүнс, модны хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүнээс гадна ОХУ-ын гурван томоохон пуужингийн үйлдвэр энэ хотод байдаг. 
    Химки хот гэмт хэргийн тоогоор Москва болон подмосквад тэргүүлдэг. Ой ихтэй учир төрөл бүрийн дээрэм тонуул тэр ч бүү хэл аллага ч гардаг учир бусад газраас цагдаагийн хэлтэс ихтэй байдаг. Энгийн иргэд тэр ч бүү хэл томоохон улстөрчид ч энэ хотод халдлагад өртөж байсан түүхтэй. 
    Амьдрах өртөг Москва хоттой харьцуулахад бага. Орон сууцны үнэ подмосквагийн бусад хоттой харьцуулахад 20 орчим хувиар бага байдаг учир энэ хотод Москвад ажил хөдөлмөр эрхэлдэг бага ястнууд ихээр оршин суудаг. Ингээд Химки хотын нэгэн худалдааны төв доторх даруухан ресторанд уулзсан бидний яриа эхэллээ. Хэдийгээр 20 жилийн өмнө Улаанбаатарт анх танилцаж байсан ч Зориг намайг сайн санаж байсан төдийгүй, тун элгэмсэг байдлаар хүлээж авсан нь аятай санагдаж байлаа.

    -Тантай ахин уулзсандаа маш их баяртай байна. Сайн сууж байна уу?
    -Би таныг хараад л таньлаа. Ахин уулзсандаа таатай байна.
    -Хамгийн сүүлд монгол хүнтэй хэзээ уулзав?
    -Хамгийн сүүлд Эрдэнэт­ийнхэнтэй уулзсан юм байна. Өнгөрсөн намар Москвад Эрдэнэт үйлдвэрийн ойн баярын арга хэмжээ болсон юм. Их том арга хэмжээ болсон. Түүндээ намайг урьсан л даа. Эрдэнэт үйлдвэрийн олон том дарга нартай уулзсан. Зөвхөн дарга нар ч гэлтгүй Эрдэнэт үйлдвэрийн уран бүтээлчид бас ирж баярын тоглолт зохион байгуулсан. Их сайхан тоглолт болсон. Баярын арга хэмжээнээс хэд хоногийн дараа тэдний хэдэн дарга нартай одоо бидний сууж байгаа энэ газарт уулзаж байсан юм. Шереметьево онгоцны буудалтай ойрхон учир тэднийг буцах замд нь тэгж уулзалдсан.  
    -Тэр үеэр Эрдэнэт үйлдвэрийн одоогийн захирал Х.Бадамсүрэнтэй уулзав уу?
     -Үгүй. Яг өөрийн биеэр уулзаж байгаагүй юм байна.
    -Санаандгүй байдлаар Эрдэнэт гэж гоё сэдвээр хоёулаа яриагаа эхэлж байна. Эрдэнэт үйлдвэр сүүлд таны аав Ю.Цэдэнбалын нэрэмжит болсон. Энэ үйл явдлыг та яаж хүлээж авсан бэ? 
    -Мэдээж миний хувьд их сайхан санагдаж байгаа. Миний аав Эрдэнэт төслийн эхлэлийг тавьсан хүн. Түүний нэрэмжит болоход гайхах зүйлгүй байх. Тийм гавьяатай хүн гэж бодож байна. 
    -Та Монголын тухай мэдээлэл хэр их авдаг вэ. Монгол сайтуудаас, нийгмийн сүлжээнээс мэдээ мэдээлэл авч байна уу?
    -Би монголд болж байгаа үйл явдлын талаар мэдээлэлтэй байхыг хичээдэг. Энд ирж байгаа монголчуудтайгаа бас уулзаж мэдээлэл солилцдог. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд монголын тухай мэдээлэл бага байдаг. Бусад оросуудыг бодвол надад мэдээлэл авах боломж харьцангуй их. Интернэтээс мэдээлэл авч байна. Хамт ажилладаг хүмүүсээсээ мэдээлэл авч байна. Миний одоо эрхэлж буй хамгийн гол ажил бол Ю.Цэдэнбалын академийн тэргүүний албан тушаал шүү дээ. Би өөрөө монголд байнга байдаггүй ч гэсэн хамтран ажиллагсадтайгаа үргэлж холбоотой байдаг. Тэд надад мэдээлэл өгч би ч эндээс хэрэгтэй зааварчилгаа өгдөг. Ер нь монголын талаар мэдээлэлтэй байхыг хичээдэг.

    1999 онд Монголын иргэншлээ сэргээхээр би Монголын шүүхэд хандсан юм. Энэ бол хуулийн дагуу тавигдсан асуудал байсан. Яагаад гэвэл залуу хүн бүр 16 нас хүрээд паспорт авдаг. Миний 16 настайдаа авсан паспорт Монгол паспорт байсан. Дараа нь 1973 онд Москвад ирээд Москвагийн улсын их сургуульд элсэн суралцахдаа ч монголын иргэний хувиар суралцдаг байсан. Стипендээ хүртэл Монголын төрөөс авдаг байснаа тод санаж байна. Тэр үед зөвлөлтийн оюутнууд 40 рубль авдаг байсан. Харин би 60 рубль авдаг байлаа. 1984 онд төрийн эргэлт болоход эндэхийн Монголын ЭСЯ манай гэр бүлийн бүх гишүүний паспортыг хураасан. Аав маань Москвад паспортгүй амьдарч байсан. 

    -Эрдэнэт үйлдвэр дээр үүсээд байгаа нөхцөл байдлыг та анзаарсан уу. Оросын Ростех компанийн 49 хувийг манай нэг томоохон компани худалдаж авсан. Тэр хувийг тойрсон бөөн маргаан өрнөж байна. Бас Монголын төрийн эзэмшилд байсан 51 хувь Африкийн нэгэн банкны барьцаанд очсон гэх мэт ойлгомжгүй нөхцөл байдал үүсээд байгаа.  
    -Энэ талаар би сонссон. Миний хувьд энэ сэдэв их том сонин байсан шүү. Ийм явдал болно гэж төсөөлж байгаагүй. Эрдэнэт үйлдвэрийн дарга нартай уулзаж байхад энэ асуудлыг их бага хэмжээгээр тогтворжуулсан гэж хэлж байсан. Оросын талтай ч зөрчилдөөн багассан. Ер нь асуудлын хурцадмал байдал намжсан гэж тэд хэлсэн. Би өөрийн биеэр очиж Эрдэнэт үйлдвэрийг үзмээр л байна. Эрдэнэтийнхэн намайг ирээрэй гэж их урьдаг. Бараг 30 жил очсонгүй дээ. Дээр үед уул байсан бол одоо доошоо ухаад уул байхаа больсон гэсэн. /инээв/  Тэр бүгдийг өөрийн нүдээр хармаар байна. 2016 оны намар аавынхаа 100 жилийн ойгоор Монголд очихдоо ойн арга хэмжээнүүд дээр Эрдэнэтийн олон хүмүүстэй уулзсан. Зөвхөн уулын баяжуулах үйлдвэрээс гэлтгүй хивсний үйлдвэр, ноосны үйлдвэрээс бас олон хүн ирсэн байсан. Тэднээс бас олон хүн намайг урьсан. Ер нь л нэг очмоор санагдаад байгаа юм. Өмчлөлийн хувьд анхнаасаа хоёр орны төрийн зөвшилцлөөр байгуулагдсан. 51 хувь нь манай Монголын төрд, 49 хувь нь эндэхийн төрд харьяалагдаж байсан. Хувьчлалын талаарх зарим нарийн асуудлыг мэдэхгүй юм. Эрдэнэтийн дарга нар надад бүгдийг нь ярьж өгөөгүй бололтой. /инээв/ Өөрийн нүдээр үзэж харж, энэ асуудлыг өөрөө судалмаар байна. Үнэхээр сонирхолтой үйл явдал мөн шүү дээ. Манай төрийн мэдэлд байсан 51 хувийг Африкийн банкинд алдах эрсдэл тулгарсан. Тэр банкны өрийг парламентаар хэлэлцэж төлж байна гэж дуулсан. Мэдээж тун харамсалтай. Илүү алсын хараатай байх хэрэгтэй. Эрдэнэтийн талаар яриагаа дуусгаж, өөр сонирхолтой зүйл ярих уу.
    -Мэдээж тэгэлгүй яахав. Таны аав Ю.Цэдэнбалын нэрэмжит үйлдвэр болохоор энэ сэдэв рүү орчихлоо. Уучлаарай. 
    -Ерөнхийдөө энэ том төсөлд эрсдэл учирсан байхад Монголын Төр хүчтэй анхаарал хандуулж ажиллаж байгааг би хувьдаа зөв л гэж харж байна.  

    Байшин ч биш хувийн эд зүйлс шүү дээ. Бүх зүйл хураагдсан. 1989 онд шиг санаж байна. Та санаж байгаа байх аавын эсрэг олон үйл явдал болж байсан үед л дээ. Тэр үед аавын маань талаар их муухай зүйлс яригдаж, бичигдэж байсан. Түүний өмчийг хураахдаа хууль бусаар хураасан. Аль ч улсад хүний хувийн өмчийг зөвхөн хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хураадаг. Тэр үед ямар ч хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн том даргын тушаалаар л хураачихсан.

    Орос паспорттой олон жил амьдарсны эцэст Монголын шүүхэд хандаж иргэншлээ сэргээсэн

    -Та 2016 онд аавынхаа 100 жилийн ойгоор Монголд очсон. Тэрнээс хойш очоогүй юу?
    -Очоогүй. 
    -Тэр үед та аавынхаа төрсөн газраар явсан. Ямар сэтгэгдэлтэй ирсэн бэ. Их бөглүү, зах хязгаар нутаг болохоор сонин байсан болов уу?
    -Мартсанаас энэ савхин хүрмийг Улаангомд очиход нутгийнхан бэлэглэсэн. /инээв/ Миний аавын 100 жилийн ойг төрийн хэмжээнд тийм сайхан зохион байгуулна гэж би огт бодоогүй. Маш өндөр хэмжээнд зохион байгуулсан гэж бодож байна. Манай академи 100 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтад оролцож байсан ч биднийг гайхшруулсан шүү. Манай академийн зүгээс ойг тохиолдуулан хэд хэдэн санал санаачилга гаргасан. Зарим гишүүд маань бүр аавын төрсөн нутаг Давст сумыг Цэдэнбал сум болгох санал гаргасан шүү. /инээв/ 
    -Тийм үү. Огт сонсоогүй юм байна?
    -Тэгсэн. Чойбалсан хот гэдэг шиг. Би эрс татгалзсан. Миний бодлоор Давст гэдэг нэр их сайхан юм шиг сонсогддог. Багаас дассан болоод тэр үү. Тэр хэвээрээ л үлдэг гэж би бодсон. Харин миний дэвшүүлсэн олон санал санаачилгыг ойн арга хэмжээ зохион байгуулах комисс дэмжсэн. Би Монголын ард түмэн Ю.Цэдэнбалыг дурсаж яваасай гэж хүсэж байна. Түүний нэрэмжит Эрдэнэт үйлдвэр, цэргийн бүрэлдэхүүн байна. Гэвч энэ бол чухал биш. Хамгийн гол нь хүн бүрийн сэтгэлд аав минь дурсагдаж байгаасай гэж л хүсдэг. Тиймдээ ч би академийнхандаа хэлдэг бидний ажил Ю.Цэдэнбалыг монголчуудын сэтгэлд дурсагдахад чиглэх ёстой юм шүү гэж. 
    -Ю.Цэдэнбал даргын цөөн хөшөө Монголд бий. Танд хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг хөшөө аль нь вэ?
    -Миний бодлоор Улаангом хотод байдаг хөшөө хамгийн гоё нь. 100 жилийн ойгоор очихдоо л би  тэр хөшөөг анх удаа харсан. Өмнө нь жижиг цээжин биений хөшөө байдаг байсан. Тэр хөшөөг Давст сум руу шилжүүлээд оронд нь бүтэн биений том хөшөө босгосон байсан. Дараагийн миний дуртай хөшөө бол Улаанбаатар хотод байх “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын бариулсан хөшөө. Тэр хөшөө миний аавын залуухан сайд байх үеийг мөнхөлсөн байдаг. Энэ хоёр хөшөөнд би хамгийн их дуртай. 

     Аав маань өдөр бүхэн тэмдэглэл хөтөлдөг байсан. Киноны хамгийн сүүлд “би чадах зүйлээ хийж бүтээж чадаагүй нь тоогүй еэ” гэсэн аавын сүүлчийн тэмдэглэл нь ч гардаг.

    -Нэгэнт дурсгал ярьсан болохоор Ю.Цэдэнбал даргын дүрийг мөнхөлсөн кинонуудын талаар ярья. Таны аавтай хамгийн адилхан санагддаг, таны сэтгэлд хүрсэн дэлгэцийн бүтээл байдаг уу? 
    -100 жилийн ойгоор дөрвөн баримтат кино хийгдсэн. Миний бодлоор их сайхан бүтээлүүд болсон. Б.Хатчулуун гэж залуухан кино найруулагч найруулсан юм билээ. Би тэр залуутай нэг л удаа уулзсан. Тэр надад  дөрвөн ширхэг диск бэлэглэсэн юм. Би их олон удаа тэр кинонуудыг үзсэн. Манай аавын цэргийн, улс төрийн, эдийн засгийн болон хувийн амьдралыг харуулсан дөрвөн өөр кино байсан. Тэр үед зурагтаар гарч олны хүртээл болсон. Аав маань өдөр бүхэн тэмдэглэл хөтөлдөг байсан. Киноны хамгийн сүүлд “би чадах зүйлээ хийж бүтээж чадаагүй нь тоогүй еэ” гэсэн аавын сүүлчийн тэмдэглэл нь ч гардаг.
    -Нас барсных нь маргааш ширээн дээр нь үлдсэн тэмдэглэлд тийм өгүүлбэр байсан гэж дуулсан? 
    -Нас барсных нь маргааш өглөө ширээнээс нь олдсон. Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө 44 жил удирдаж явсан хүний амьдрал, хувь тавилан юм. Тийм болохоор киноны уран бүтээлчид түүхийн үнэнийг үлдээхийг зорьсон биз. Өөрийнх нь гараар бичсэн тэмдэглэлүүдийг нь тэд ил гаргахыг хүссэн. Манай академийнхан ч гаргаж өгөх ёстой зүйлсийг гаргаж өгсөн. 
    -Та сонин бөгөөд амаргүй амьдрал туулсан хүн. Та өөрийн эцгийн бүтээсэн нийгэмд өсч өндийсөн. Өөрийнхөө туулсан амьдралаар ном бичиж байгаа юу. Таны дурсамж их сонирхолтой байх болов уу?
    -Би яг одоо ээлжит нэгэн номоо бичиж байгаа. Аавынхаа талаар өөрийн дурсамжаа бичиж байгаа юм л даа. 2016 онд хоёр дахь удаагаа хэвлэгдсэн “Сүүлчийн долоон жил” гэж миний анхны ном түүний амьдралын зөвхөн 7 жилээр хязгаарлагдаж байсан бол одоо би түүний бүхий л амьдралын талаар бичиж байгаа. Ном бичнэ гэдэг бол тэр чигээрээ уран бүтээлийн ажил юм. Маш их цаг хугацаа шаарддаг ажил. Хэзээ чамд онгод орж ирэхийг хэлж мэдэхгүй. Энэ бол нэг шөнө суугаад л даргынхаа даалгасан ажлыг хийж дуусгахаас өөр шүү дээ. Номоо хэзээ бичиж дуусгахаа хэлж мэдэхгүй байна. 
    -Та өөрийнхөө дурсам­жийн номыг гаргавал бас их сонирхолтой шүү дээ. Миний бодлоор та их сонин амьдрал туулсан хүн. 
    -Одоо бичиж байгаа номондоо аавынхаа талаар дурсамжаа голчлон бичнэ. Байнгын харилцаа холбоотой байсан болохоор өөрийнхөө талаар ч бага зэрэг дурдах байх. 

    Гурван хамгаалагч нийт долуулаа хоригдож байсан

    -Таны амьдрал дахин давтагдахгүй шүү дээ. Нэг талаар таныг "хаан"-ы хүү ч гэж харж болно. Ээдрээ дүүрэн энэ амьдрал олон хүнд тохиох тавилан биш юм л даа?
    -Миний амьдралын талаар би өөрөө биш өөр хэн нэгэн бичих хэрэгтэй байх гэж бодож байна. Би Монголын цөөн сэтгүүлчид ярилцлага өгч байсан. Миний тухай ном бол олон хүний намайг дүрсэлсэн дүрслэл байх хэрэгтэй байх. Та ч тэр номыг бүтээхэд өөрийн хувь нэмрээ оруулж байна гэж би бодож байна. 
    -Ном гэснээс Оросын сэтгүүлч Леонид Шинкарев таны аав ээжийн амьдралаар ном бичсэн. Тэр ном танд таалагдсан уу. Та одоо түүнтэй ямар нэг байдлаар харилцаа холбоотой байдаг уу?
    -Тийм ээ. Тэр номыг би уншсан. Гэвч та намайг уучлаарай, Шинкаревын талаар би маш муу сэтгэгдэлтэй байдаг. Тэр хүн бол хулгайч, бас залилагч гэдгийг л би шууд хэлнэ. 
    -Таны үг намайг алмайруулж байна шүү. 
    -Тэр номыг би маш сайн уншсанаас гадна тодорхой шүүмж бичсэн. Тэддүгээр хуудсанд тэгж бичсэн нь худал гэх маягаар баримттайгаар  тодорхой шүүмжилсэн байгаа. 
    -Анастасия Ивановнатай тохиролцсоны үндсэн дээр бичсэн гэж ойлгосон шүү дээ? 
    -Энэ бол Шинкаревын биш манай ээжийн дурсамжийн ном байх байсан юм. Ээж маань дурсамжаа ном болгох хүсэлтэй байсан юм л даа. Тэгээд Шинкаревыг уран зохиолын туслахаар нь ажиллаач ээ гэж урьсан юм. Харин Шинкарев их зальтай хүн байсан. Тэр ээжээр бүгдийг яриулж бичлэг хийж, тэмдэглэж аваад, дээр нь ээжийн бүх гар бичмэлийг аваад түүнийг нас барсны дараа өөрийн нэрээр ном болгоод гаргачихсан. Тэр ч бүү хэл ээжээс манай гэр бүлийн альбомонд байдаг хувийн зургуудыг авчихаад буцааж өгөөгүй. Түүний номонд орсон зурагны 90 хувь нь манай гэр бүлийн хувийн архивын  зурагнууд.
    -Фото архивын хувьд харамсалтай юм болж. 
    -Бидэнд өөр юу үлдсэн юм бэ. Ядаж хувийн зургийн цомгийг минь дээрэмдэхгүй байж болноо доо.   
    -Анх Ерөнхий сайд асан С.Баяр Орост элчин сайдаар ажиллаж байхдаа энэ номны талаар надад ярьж, энэ сэдвээр дагнаж бид ярилцлага хийж байлаа. Тэр номыг маш их сэтгэл догдлолтой хүлээж авч байж билээ. Монголчууд  хурдан олж уншихыг л хүсч байсан, маш их эрэлт хүлээлт үүсч байсныг санаж байна?
    -Шинкарев С.Баяр хоёр миний бодлоор их сайн найзууд байсан. Зузаан андууд гэж хэлж болохоор. 
    -Сэтгүүл зүйн үүднээс бол үнэхээр сайн төсөл болсон гэж үздэг...
    -Тэр номноос монголчууд их олон зүйлийг мэдэж авсан байх. Гэвч дахин хэлье тэр ном миний ээжийн нэрээр хэвлэгдэх учиртай байсан. Шинкарев бол уран зохиолын хулгайч л гэж би хэлнэ. Зохиогчийн эрхийг хулгайлсан хэргээр би түүнийг шүүхэд өгье ч гэж бодсон. Их явдал чирэгдэл болох байх гэж бодоод больчихсон юм. 
    -Та Леонид Шинкаревтай зөндөө уулзаж байсан биз дээ. Таны аав ээжтэй ойр байсан сэтгүүлч шүү дээ. Тэр хүн одоо бий юу? 
    -Тийм ээ. Би хэд хэд уулзаж байсан. Хамгийн сүүлд 10-аад жилийн өмнө уулзахдаа гэр бүлийн зурагнуудыг маань буцааж өгөхийг шаардсан. Тэгсэн ч тэр эргүүлж өгөөгүй.  

     Тэр ч бүү хэл ээжээс манай гэр бүлийн альбомонд байдаг хувийн зургуудыг авчихаад буцааж өгөөгүй. Түүний номонд орсон зурагны 90 хувь нь манай гэр бүлийн хувийн архивын  зурагнууд.

    -Таны монгол дахь хүүхэд ахуй насны амьдрал “Их тэнгэр”-т голцуу өнгөрсөн байх. Монголд очоод та амьдарч байсан газруудаараа явдаг уу. Хамгийн сайхан санагддаг газар аль нь вэ? 
    -Тийм ээ. Манай хамгийн анхны зуны байшин одоогийн “Найрамдал” зуслангийн ойролцоо ойд байдаг байсан. Их жижиг модон байшин байсан юм. 70-аад онд байшин маань их муудаж эхэлсэн. Тэгээд аав маань тэр байшинг буулгуулж байсан. Түүний дараагаар “Их тэнгэр”-т зундаа амьдрах болсон. Тэндэхийн бүх уулын оргилд гарч тоглодог жаал байлаа. 
    -Улаанбаатар хотын төвд бас танай өвлийн ордон байдаг байсан.
    -Тийм ээ. Одоо манай академийн хамгийн том зорилго бол тэр өвлийн ордонг Ю.Цэдэнбалын музей болгох явдал юм. Зэргэлдээх байшинд нь маршал Х.Чойбалсангийн музей байдаг. Тэр түүхэн байшинд аавын маань музейг нээвэл үнэхээр сайхансан. Энэ ажлыг манай академи санаачлаад хэрэгжүүлэхээр хичээж байгаа ч тийм урагштай биш байгаа. Одоо тэр байшин Ерөнхийлөгчийн Тамгын газарт харьялагддаг юм билээ. Би Монголын хэвлэлд өгсөн олон ярилцлагадаа аавынхаа өмч хөрөнгөний талаар дурдаж байсан. Байшин ч биш хувийн эд зүйлс шүү дээ. Бүх зүйл хураагдсан. 1989 онд шиг санаж байна. Та санаж байгаа байх аавын эсрэг олон үйл явдал болж байсан үед л дээ. Тэр үед аавын маань талаар их муухай зүйлс яригдаж, бичигдэж байсан. Түүний өмчийг хураахдаа хууль бусаар хураасан. Аль ч улсад хүний хувийн өмчийг зөвхөн хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хураадаг. Тэр үед ямар ч хуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн том даргын тушаалаар л хураачихсан. Манай академийн бас нэгэн зорилго бол олж болох зүйлсийг нь олж Ю.Цэдэнбалын музейд байршуулах юм. Энэ ажлыг эхлүүлээд бид зарим зүйлсийг олсон. Монголын 14 байгууллагад хадгалагдаж байгаа Ю.Цэдэнбалын хувийн эд зүйлс гэх жагсаалтыг бид гаргаад байна. Хуулиар бол тэр бүгд миний хувийн өмч болох ёстой. Гэвч би хувьдаа юу ч авахгүйгээр зөвхөн аавынхаа музейг нээж тэр бүгдийг хадгална гэж боддог. Өөртөө дурсгал болгож ямар нэгэн зүйл, хэд хэдэн ном авч болох юм. Үлдсэнийг нь бүгдийг музейн өмч болгоно гэж мөрөөддөг.  
    -44 жил Монгол улсыг удирдаж, бүтээн байгуулалтуудыг хийсэн хүн. Тэр үед ганцхан чемодантай л Орос руу явсан гэдэг. Гавьяа шагнал гээд бүх зүйлийг нь хураасан. Музей гэж ярихаар сэтгэл өвдөж байна л даа. Ю.Цэдэнбал дарга хувьдаа бас тийм ч их эд хөрөнгөтэй хүн байгаагүй ч биз. Ер нь эргэж ямар нэгэн юм олгосон уу? 
    -Түүнийг энд баривчилж хорино гэж хэн ч мэдээгүй шүү дээ. Тийм болохоор нэг л чемодантай ирсэн. Манай хамаатнууд болон ойр дотны хүмүүст байсан зүйлсийг л цуглуулж чадсан. Тэр бүгд одоо миний Улаанбаатар дахь гэрт маань хадгалагдаж байгаа. Бас л музей нээгдэхээр өгнө гэж бодоод хадгалж байгаа. 
    -Улаанбаатар дахь байраа та нэлээн сүүлд авсан байх аа?
    -Тийм ээ. Зөндөө удаан монголд очоогүй байж байгаад 1999 онд очиход “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат гэх мэт томоохон бизнесмэнүүд надад Улаанбаатар хотод байр өгье гэж санал тавьж байсан. Мэдээж тэр хүмүүст би баярладаг. Гэхдээ хувь хүнээс байр орон сууц авахгүй гээд би татгалзсан юм. Монголын Төр л байр өгвөл авна гэж би хэлж байсан. Тэр хүсэлт маань биеллээ олж 2000 онд Улаанбаатар хотын захиргаа надад байр өгсөн юм. Монголын Төр өгсөн гэсэн үг л дээ.

    Түүнийг энд баривчилж хорино гэж хэн ч мэдээгүй шүү дээ. Тийм болохоор нэг л чемодантай ирсэн

    -1984 онд билүү дээ таны болон таны аавын паспортыг хурааж авсан. Аль улсын иргэн нь тодорхойгүй хэсэг хугацаанд байсан. Одоо та албан ёсоор Монгол Улсын иргэн үү?
    -Тэр үедээ энэ асуудал их том асуудал болж байсан. 1999 онд Монголын иргэншлээ сэргээхээр би Монголын шүүхэд хандсан юм. Энэ бол хуулийн дагуу тавигдсан асуудал байсан. Яагаад гэвэл залуу хүн бүр 16 нас хүрээд паспорт авдаг. Миний 16 настайдаа авсан паспорт Монгол паспорт байсан. Дараа нь 1973 онд Москвад ирээд Москвагийн улсын их сургуульд элсэн суралцахдаа ч монголын иргэний хувиар суралцдаг байсан. Стипендээ хүртэл Монголын төрөөс авдаг байснаа тод санаж байна. Тэр үед зөвлөлтийн оюутнууд 40 рубль авдаг байсан. Харин би 60 рубль авдаг байлаа. 1984 онд төрийн эргэлт болоход эндэхийн Монголын ЭСЯ манай гэр бүлийн бүх гишүүний паспортыг хураасан. Аав маань Москвад паспортгүй амьдарч байсан. Мэдээж ямар нэгэн паспорттой байх хэрэгтэй учир би дараа нь ЗХУ-ын паспорттой болсон. Орос паспорттой олон жил амьдарсны эцэст Монголын шүүхэд хандаж иргэншлээ сэргээсэн. Би чинь нэгэн цагт монголынхоо ГХЯ-д хүртэл ажиллаж явсан хүн шүү дээ. 1982-1983 онуудад би Москва дахь Монголын ЭСЯ-д монголын дипломат ажилтан гэгдэж ажиллаж байсан юм. Иргэншлээ сэргээхээр шүүхэд хандахдаа ГХЯ-ны архиваас өөрийнхөө дипломат паспортны хуулбар зэрэг хэд хэдэн баримт бичиг бүрдүүлсэн. Тэгээд л монголын иргэншлээ сэргээсэн дээ.
    -Тэгэхээр та хоёр улсын иргэншилтэй гэсэн үг үү?
    -Оросын иргэншлээсээ би татгалзаагүй ээ. 
    -Та Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийг төгссөн. Танай ангийнхан гэж ямар хүмүүс байдаг юм бэ? Та бага насныхаа тухай ярьж өгөөч?
    -Төгссөнөөсөө хойш ангийнхантайгаа нэг л удаа уулзсан даа. Бүгдэнтэй нь ч биш. 1973 онд Москвад оюутан болж ирчихээд тэр үед энд суралцаж байсан хэдтэйгээ л уулзсан. Манай ангид надтай нийлээд таван монгол бас 20 гаруй орос хүүхэд суралцдаг байсан. 90-ээд онд манай ангийн Сарантуяа гэж охин эндэхийн Эрдэнэтийн төлөөлөгчийн газар ажиллаж байхад нь нэг олж уулзсан юм байна. 
    -Нөгөө гурван монголоо та санаж байна уу? 
    -Цолмон, Буянтогтох гэж хүүхдүүд байсан. Нэгийг нь санахгүй байна. 
    -Ер нь та хязгаарлагдмал орчинд өссөн. Хүүхдүүдтэй ойртож дотносож, тоглож наадах гэхээр бүх зүйл хараа хяналттай, төрийн хамгаалалтад хэцүү байсан уу?
    -Үнэндээ надад ямар ч хязгаарлалт байгаагүй. Сургууль руугаа алхаад л явчихдаг байсан. Сургууль маань өвлийн байшингаас холгүй байдаг байсан л даа. Ангийнхаа хүүхдүүд, найзуудыгаа би гэртээ ч авчирч тоглодог байсан. Тийм хүүхэд ирнэ гээд нэрийг нь хэлчихэд л оруулчихдаг байсан. Ер нь чөлөөтэй байсан шүү.
    -Та биофизикч мэргэжилтэй байх аа. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ? Та өөрөө сонгосон уу?
    -Тийм ээ, өөрөө сонгосон. Яагаад энэ мэргэжлийг сонгосноо мэдэхгүй юм. Дунд сургуулиа төгсөхдөө мэргэжлээ сонгох сонголтон дээр ирсэн. Манай хамаатнууд ойр дотны хүмүүс  чи аав, ээж, ах шиг ээ эдийн засагч бол гэдэг байсан. Тэгэхэд нь би “Манай гэрт хангалттай олон эдийн засагч байна шүү дээ” гэж хэлдэг байсан. /инээв/ Биофизикч болсондоо би сэтгэл хангалуун байдаг. 
    -Таны ах Владислав ямар мэргэжлээр хаана суралцаж төгссөн бэ? 
    -Слава Москвагийн их сургуулийн эдийн засгийн факультетийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 
    -Та Москвагийн их сургуулийг хэдэн онд төгссөн бэ?
    -1973-1978 онуудад таван жил суралцаж төгссөн. Төгсөөд сургуульдаа, тэнхимдээ ажиллахаар үлдсэн. 
    -Оюутан болж ирээд та оюутны байранд амьдардаг байсан уу. Эсвэл танайх энд байртай байсан уу?
    -Ах маань энд ажиллаж амьдардаг байсан болохоор бид энд байртай байсан. Ах маань 1966 онд энд оюутан болж ирсэн.  

    90-ээд онд биофизикч мэргэжлээрээ Оросын шинжлэх ухааны академийн их сургуулиудад ажиллаж байсан. Түүний дараа хоёр дахь мэргэжлээрээ мөн л Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын институтэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.  

    -Танай их сургуулийн ангийнхан таныг монголын удирдагчийн хүүхэд гэдгийг мэддэг байсан уу? 
    -Хэдхэн сарын өмнө би их сургуулийн ангийнхантайгаа уулзсан юм. Тэгээд яриад сууж байхад манай ангийн нэг охин эхний жилдээ чамайг хэний хүү гэдгийг чинь бид огт мэддэггүй байсан шүү гэж байсан. /инээв/ Би ч ярьдаггүй, хэн ч асуудаггүй байсан юм чинь. Энгийн оюутан шиг л байсан. Дараа нь харин бүгд мэдчихсэн л дээ. 
    -Төгсөөд та чинь мэргэжлээрээ ажиллаагүй юм аа даа?
    -Мэргэжлээрээ бараг л ажиллаагүй. Москвагийн их сургуулийг төгсөөд тэндээ ажлын гараагаа эхэлж байсан. Мартсанаас Гадаад худалдааны академид хоёр дахь боловсролоо эзэмшиж, ах дүүсийнхээ хэлснээр эдийн засагч болсон доо. 90-ээд онд биофизикч мэргэжлээрээ Оросын шинжлэх ухааны академийн их сургуулиудад ажиллаж байсан. Түүний дараа хоёр дахь мэргэжлээрээ мөн л Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын институтэд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.  
    -Ажил мэргэжлийнхээ карьерын талаар яриач. Өөрийн хүссэнээр явах боломж танд бараг байгаагүй болов уу. Монголын ЭСЯ-д бас ажиллаж байсан гэсэн.
     -1978-1982 онд Москвагийн их сургуулийн Биологийн факультетад ажилласан. 1982-1983 онд Москва дахь Монголын ЭСЯ-д ажиллаж байгаад 1983-1986 онд Гадаад худалдааны академид суралцаж төгссөн. Тэрний дараа нэг жил ажилгүй байсан. 
    -Таныг оюутан байх үед таны эцэг, эх Монголын хамгийн том эрх мэдлийг гартаа атгаж байсан. Таны оюутан цаг бусад залуучууд шиг зугаа цэнгэлтэй, наргиан наадамтай өнгөрч чадсан уу. Эсвэл монголоос болон эндэхийн зарим газруудаас хараа хяналт ихтэй байсан уу?
    -Мэдээж залуу нас юм чинь наргиан наадам байлгүй яахав. Тэр үед хяналт тавьдаггүй байсан. Харин 1984 онд аавыг маань баривчилж, гэрийн хорионд оруулснаас хойш жинхэнэ хяналт эхэлсэн дээ. Ямар байгууллага хянадаг байсныг та өөрөө мэдэж байгаа байх. Оюутан ахуй цаг маань их тайван амгалан үед өнгөрсөн байдаг юм. Бид найзуудаараа цугларч хамтдаа цагийг өнгөрөөдөг байсан. Байртай нэгнийдээ цугларна, оюутны байранд ч цугларна. Манайд ч их цуглардаг байсан. Манайх Москвагийн төвд их сайхан байртай байсан л даа. Гэхдээ тэндээс нүүсэндээ би харамсдаггүй. Одоо Москвагийн төвд амьдарна гэдэг хэцүү болсон. Замын түгжрээ, агаарын бохирдол гээд олон асуудалтай. Одоо миний амьдардаг Химки дүүрэг харьцангуй тайван амгалан, дээрээс нь аж үйлдвэр байдаггүй учир цэвэр агаартай. Энд амьдрах болсон бас нэг шалтгаан бол Шереметьево онгоцны буудалтай ойр. Шереметьево онгоцны буудлаас Монголын маань онгоц нисдэг шүү дээ. Ингэж бодохоор их сайхан санагддаг юм. Монгол явахад ч их ойр. 

    -Таны охин Анастасияг монголчууд сайн мэднэ. Танд Анастасиягаас өөр хүүхэд байдаг уу?
    -Өөр хүүхэд байхгүй. Сониноос Анастасия маань саяхан нөхөрт гарсан. Монголчуудад энэ мэдээ сонин байх болов уу. /инээв/ 
    -Сайхан мэдээ байна. 
    -Тийм ээ, би саяхан л мэдсэн. Над руу залгаж хэлсэн л дээ. 
    -Анастасия ямар мэргэжилтэй билээ?
    -Тэр Москвагийн их сургуулийн Ази, Африк судлалын сургуулийг төгссөн. Тэр өөрөө бол монгол хэл судлах зорилготой байсан юм. Харамсалтай нь тэр жил сургуульд нь монгол судлалын анги бүрдээгүй. 
    -Таны охин Ю.Цэдэнбал даргын цорын ганц ач охин болж таарч байна уу. Таны ах хүүхэдгүй юу?  
    -Тийм ээ. Манай ах Владислав хүнтэй сууж, гэрлэж, үр хүүхдээ төрүүлж амжаагүй.  
    -Таны ах Владиславыг их сайхан сэтгэлтэй, сайн залуу байсан гэж ярьдаг. Тэр их эрт нас барсан. Түүний үхэлд өөр ямар нэгэн зүйл нөлөөлсөн юм шиг санагддаггүй юу ? 
    -Мэдэхгүй юм даа.  (санаа алдав) 
    -Угаалгын өрөөнөөс нь нас барсан байдалтай олсон гэж мэдээлэгдсэн санагдана.
    -Ямар нэгэн нөлөө байгаагүй байх л гэж бодож байна. 1984 онд аавд маань болон манай гэр бүлд тохиолдсон тэр аймшигт цохилтуудаас болж тэр их шаналж явдаг байсан. Тэр үйл явдал түүний сэтгэл зүйд их хүндээр туссан. Энэ явдал их бага хэмжээгээр нөлөөлсөн байж магадгүй. 
    -Ахыгаа Москвад оршуулсан уу?
    -Тийм ээ. Ээжийгээ ч энд нэг оршуулгын газар оршуулсан.  
    -Та Монголд очихдоо аавынхаа шарил дээр очдог байх. 
    -Надад нэгэн хувийн заншил байдаг юм. Монголд очихдоо би онгоцны буудалд буугаад л нэг тийшээ зорьдог. Хамгийн түрүүнд аавынхаа шарил дээр очдог. Монгол ёсоор гурав тойроод, сүү өргөдөг. Аавтайгаа уулзчихаад тэгсний дараа л гэртээ очдог юм. 
    -Таны ээж, аав Москвад хаана амьдардаг байсан бэ? 
    -1984 онд Москвад гэрийн хорионд байхдаа манай гэр бүл хэдэн сар улсын өмчийн байшинд байсан юм. Манай гэр бүлийн дөрвөн гишүүн дээр нь аавын хувийн гурван хамгаалагч нийт долуулаа хоригдож байсан. “Сүүлчийн долоон жил” номондоо би энэ тухай тодорхой бичсэн. 1985 онд биднийг суллаад, ах бид хоёрын амьдардаг байранд гэр бүлээрээ амьдрах болсон. Хотын төвд Монголын ЭСЯ-тай ойролцоо амьдардаг байсан л даа. 
    -Одоо тэр байр чинь байдаг уу? 
    -Байшин нь байгаа. Гэхдээ биднийх байхаа больсон. 
    -Д.Дожоодорж зохиолч Москвад ирж нэвтрүүлэг хийж байсан. Тэр байр мөн үү?
    -Тийм ээ. Тэр байр мөн. 2000 он хүртэл тэнд амьдарч байсан. Тэр байр маань зургаан өрөө, тохилог сайхан байр байсан. Тэрнээс хойш хэд хэд нүүсэн. 
    -Таны ах хэдэн онд нас барсан билээ?
    -Ах маань 1999 онд өнгөрсөн. 
    -Ю.Цэдэнбал дарга сүүлийн жилүүддээ Монгол явахыг өдөр шөнөгүй гуйж байсан гэдэг. Энэ үнэн үү. Тэр үеийн Монголын Элчин сайд ирж уулздаггүй байсан гэж яригддаг. Хэн гэж хүн байсан юм бэ?
    -Санахгүй байна. Би хүний нэр тогтоохдоо муу л даа. Ер нь энд амьдарч байх хугацаандаа үргэлж л Монгол явахыг мөрөөддөг байсан. Байнга л Монгол явна гэж ярьдаг. Эх орондоо очиж амьсгал хураахыг хүсдэг байсан. Харамсалтай нь тэгж чадаагүй. Цогцсыг нь Монгол руу явуулж, тэнд оршуулсан нь л сайн хэрэг болж дээ гэж би боддог. Яаж ч мэдэхээр, бидэнд ямраар ч хандаж болохоор хэцүү нөхцөл байдалд бид амьдарч байсан үе шүү дээ.  
    -Ю.Цэдэнбал дарга ер нь дуу дуулдаг байсан уу? 
    -Үгүй, тэр огт дуулж чаддаггүй хүн байсан. Түүнээс бусад бараг бүх монгол хүн дуулж чаддаг байх. /инээв/ Би аавыгаа дууриагаад бас дуулж чаддаггүй. 
    -Одоог болтол хөрөнгө мөнгө биш юм гэхэд шагналыг нь буцаан олгох тухайд ямар ч үйл явц болоогүй. Магадгүй таны хамгийн их хүлээдэг зүйл энэ байх?
    -Одоогоор тийм зүйл болоогүй. Дээр хэлсэнчлэн бид түүний хувийн эд зүйлс хадгалагдаж байгаа номын сан, музей зэрэг 14 байгууллагыг олсон. Аав маань тухайн үед Монголын хамгийн баялаг хувийн номын сантай хүн байсан. Тэр номын сангийн нэг хэсэг нь улсын номын сангийн фондод хадгалагдаж байгаа юм билээ. 
    -Мөнгөн олговор ганц ч удаа танай гэр бүлд олгоогүй юу. Та бол гэр бүлээ хэлмэгдэлд өртсөн гэж үздэг. Энэ талаар байр сууриа илэрхийлж ч байсан? 
    -Тийм юм болж байгаагүй. Харин 2016 онд аавын 100 жилийн ойгоор Монголын төр надад 15 сая төгрөгийн чек өгсөн. 
    -15 сая төгрөг үү?
    -Тийм ээ.  

    -Таны аавыг түүхэнд янз бүрээр л авч үздэг. Зарим түүхчид түүнийг их хүчтэй буруутгадаг. Малыг хүчээр нийгэмчилж байсан, сэхээтнүүдэд их муу ханддаг байсан, цөллөгөнд явуулдаг байсан, Монголыг ЗХУ-ын республик болгох гэж байсан гэх мэтээр шүүмжилдэг. Саяхан нас барсан Ц.Лоохууз гуай зэрэг хүмүүс таны аавын талаар аймшигтай зүйлс ярьдаг байсан. Та тэр үеийн Төв хорооны дарга нарын хүүхдүүдтэй холбоотой байдаг уу? Тэд нарын талаар юу гэж боддог вэ?
    - Монгол Улс ЗХУ-аас ихээхэн хамаарал бүхий цаг үе байсан учир ЗХУ-д болж байсан зүйл Монголд ч болдог байсан. Гэхдээ арай өөрөөр. 1930-аад онд ЗХУ-ын бүх энгийн иргэдийг хүчээр колхоз-д нэгтгэж байсан. Энэ үйл явдал Монголд 20 жилийн дараа буюу 50-аад онд болсон. Харьцангуй зөөлөн болсон гэж би боддог. ЗХУ-д бол эсэргүүцсэн хүмүүсийг алах ч тохиолдол байсан. ЗХУ-ын зайлшгүй зарим шаардлагыг эсэргүүцсэн бол Монгол гэж улс одоо байхгүй байх байсан гэдгийг би итгэлтэйгээр хэлнэ. Миний аавын хамгийн том гавьяа бол Монголын тусгаар байдлыг хадгалсан явдал гэж боддог. Мэдээж эдийн засаг, улс төрд ч олон гавьяа байгуулсан. ЗХУ-ын республик болгох гэж байсан талаар хөндөж яривал тийм аюул занал байсан нөхцөл байдлыг нарийн авч үзэх зайлшгүй шаардлага бас харагдана биз. Брежневийн үед шүү дээ. Болгарын удирдагч Тодор Живковын санаачилга байсан юм билээ. 1973 онд шиг санаж байна. Тэр үед нефтийн дэлхийн хямрал болж байсан. Тэр хямралд Болгар улс ихээхэн өртөж өндөр үнээр барууны орнуудаас нефть худалдаж авдаг байсан. Харин ЗХУ-д нэгдвэл үнэгүй нефть авна гэж бодоод Живков Брежневт хүсэлт тавьсан байдаг. Брежневт тэр санаа маш их таалагдаж Монголыг ч бас ЗХУ-д нэгтгэхээр зүтгэсэн. Болгарыг 16 дахь, Монголыг 17 дахь республикээр оруулах санал тавьж эхэлсэн. Тэр үед ЗХУ-д тухайн үеийн социалист лагерийн улс, орнуудыг нэгтгэх тухай асуудал яригдаж байжээ. Тэр үед Л.Брежнев энэ санааг нь өлгөж аваад, эхлээд Болгарыг өөртөө нэгтгэж, цаашлаад Орос гүрнийг улам тэлэх, хүчирхэгжүүлэх үүднээс Монголыг ч гэсэн давхар нэгтгэчихье гэсэн бодол өвөрлөсөн юм билээ. Энэ талаар аав маань надад ярьж байсан. Хамгийн сонин нь, Л.Брежнев Крымд амарч байхдаа социалист орнуудын төрийн тэргүүнүүдийг урьж, санаа оноо солилцож, тэр ч бүү хэл манай аавд тойруу замаар хандан “Манайд нэгдвэл яасан юм бэ?” гэж хэлж байсныг нь аав юу ч ойлгохгүй юм шиг, магадгүй тэнэг ч юм шиг царайлж байгаад тулгалтаас нь мултарч байсан гэдэг. Л.Брежнев тэсгэл алдаж санаагаа шууд хэлэхэд “Леонид Ильич манай улс ЗХУ-тай хамгийн нягт харилцаа холбоотой байж, бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна. Гэхдээ манай улсын тусгаар тогтнолыг хадгална гэсэн нэг л болзолтой үед” гэж хэлсэн гэдэг. Түүнээс хойш Л.Брежнев тэр тухай эргэж сөхөөгүй гэдэг.
    -ЗХУ-ын Намын төв хороонд ажиллаж байсан Надиров гэж хүн энэ тухай ярьсан байсныг би уншиж байсан юм байна. Надиров таныхаар хэр тоглогч байсан бэ?
    -Надировыг би сайн мэднэ. Миний аавын талаар бичсэн номыг нь бас сайн уншсан. Зарим хэсэгт тэр яг үнэнийг бичээгүйг ч бас мэднэ. Л.Брежневтэй уулзсан тэр уулзалтан дээр өөрийн биеэр байсан болохоор энэ тухай бол номондоо бичсэн байсан. Өөрийнхөө харах өнцгөөр л үнэнийг бичсэн байсан.

    Хамгийн сонин нь, Л.Брежнев Крымд амарч байхдаа социалист орнуудын төрийн тэргүүнүүдийг урьж, санаа оноо солилцож, тэр ч бүү хэл манай аавд тойруу замаар хандан “Манайд нэгдвэл яасан юм бэ?” гэж хэлж байсныг нь аав юу ч ойлгохгүй юм шиг, магадгүй тэнэг ч юм шиг царайлж байгаад тулгалтаас нь мултарч байсан гэдэг. 

    Ц.Лоохууз юм чинь мэдээж новшийн л юм ярина шүү дээ

    -Аавын тань үед хэлмэгдсэн Ц.Лоохууз гуайн талаар та юу гэж боддог вэ? Нас барахаасаа өмнө таны ээж, аавын талаар хурцхан ярилцлага өгсөн байсан. С.Жалан-Аажав, Б.Сурмаажав, Х.Нямбуу нарын талаар та хэр мэдэх вэ? 
    -Ц.Лоохууз юм чинь мэдээж новшийн л юм ярина шүү дээ. С.Жалан-Аажав гуайг би сайн мэддэг байсан. Тэр аавыг маань сайнаар дурсдаг байсан. Бусдаар бол тэдний хоорондын нарийн харилцааг би шүүхгүй. Бид мэдэх ч үгүй. 
    -Нэг хэсэг монголын шар хэвлэлүүд таныг архинд орсон гэж бичдэг байсан? 
    -Хатуу юм уухаа болиод би их удаж байна. Хааяа баяр ёслолын үеэр вино л уудаг. Шар хэвлэлүүд яахав дээ, төрөл бүрийн домог зохиож цацдаг. Дэлхий даяар л ийм байдаг.  
    -Тантай уулзсаных бас нэг зүйлийг асуумаар байна. Югославт танайхан гэр бүлээрээ айлчилж байсан. Тэр үеэр таны ээж Анастасия Ивановна Ю.Цэдэнбал дарга хоёрын хооронд нэг яриа болж байсан тухай уншиж байсан юм. “Тито бол жинхэнэ эр хүн. Чамд ч Тито шиг байх боломж байсан шүү дээ. Хэрэв чи Тито шиг эр хүн байсан бол Москва чамд өнөөдөр өөрөөр хандах байсан даа” гэж таны ээж аавд тань хэлж байсан гэсэн. Энэ тухай Надиров ярьсан байдаг. Энэ хэр үнэний ортой вэ. Таны ээж аав хоёрын харилцааны тухай олон домог яриа байдаг шүү дээ?     
    -Ер нь бол аавд маань сонголт байгаагүй л дээ. Манай ааваас өмнө Монгол Улс ЗХУ-ын өмнө хэтэрхий сөгдчихсөн байсан. Югослав Монголтой харьцуулахад хүчирхэг орон байсан. Тиймдээ ч Тито том загнах боломжтой байсан байх. Аав ээж хоёрын хооронд тийм яриа гарсан байхыг үгүйсгэхгүй. Яг ингэж хэлсэн эсэхийг би мэдэхгүй. Намайг байхгүйд ярьсан байж болох юм. Коммунист орнуудын удирдагчдаас аав маань Титотой хамгийн ойр найзууд байсан. Тито ч Монголд их хайртай байсан. Дэлхийн нэгдүгээр дайнд австрийн цэрэгт байлдаж явсан Тито оросуудад олзлогдон, Сибирьт цөлөгдөж, сүүлдээ Монголын хилийн ойролцоо нэг баян хасаг айлд толгой хорогдон тэнд айрганд орж, айргаар сүрьеэгээ эмчилсэн юм билээ. Аав тэр тухай нь ярьж байсныг санаж байна. 
    -Анастасия Ивановна манай урлаг соёл, эрүүл мэнд, боловсролын салбарт маш их зүйл хийсэн. Улс төрийн хүрээнийхэн бол түүнийг маш хүчтэй дарангуйлагч байсан, Монголыг Оросын нөлөөнд оруулахад их үүрэг гүйцэтгэсэн хатагтай гэж ч ярьдаг. Та ээжийнхээ түүхэнд хөндлөнгөөс яаж ханддаг вэ?
    -Мэдээж түүнд сайн тал их байсан. Сул тал ч байсан байх. Монголд түүнтэй маргалдаж, зарим талаар гашуун үнэнийг хэлдэг нэг л хүн байсан. Тэр хүн таны өөдөөс хараад сууж байна. Яагаад гэвэл бусад хүмүүс түүнээс их айдаг байсан. Их амаргүй ааштай хүн байсан л даа. Гэсэн хэдий ч ээж маань агуу хүн байсан юм шүү. Монголд их олон сайхан зүйл хийснийг нь бүх хүн л мэднэ. 1990-ээд оны эхээр юм уу даа нэгэн залуухан улстөрч ээжийг маань их муухайгаар ярьж байхад нь түүнээс ахмад нэгэн хүн чи тэр хүний хүчинд л эрүүл саруул өсч хүмүүжсэн байх шүү гэж хэлж байсан гэдэг. Ээж маань үнэндээ монголын хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, эрүүл мэндийн төлөө, монголын урлагийн төлөө олон зүйл хийсэн.
    -Таны аав ээж хоёрыг амьдралынхаа турш хоорондоо их муу харилцаатай байсан гэж зарим судлаачид ярьдаг. Та л сайн мэднэ шүү дээ. Та алиных нь зан чанарыг илүү дууриасан бэ. Зарим намтар судлаачид таныг ээжтэйгээ таарамж муутай байсан гэж ярьдаг. Энэ тухай та ярьж болох уу?
    -Тэр хоёр хоорондоо биш, би л ээжтэйгээ хааяа зөрчилддөг байсан. Түүнийг буруу зүйл хийхэд шууд хэлдэг хүн нь би байсан юм л даа. Тэрнээс болоод ээж надад гомдчихдог байсан. Амьдралынх нь сүүлийн жилүүдэд бид хоёрын харилцаа сайжирсан. Эрх мэдэлгүй болсон учир маргалдах зүйлгүй болсон гэх үү дээ. Гэхдээ л тэр Монголд их зүйл хийсэн учир Улаанбаатар хотод түүний хөшөө байх ёстой гэж би боддог. “Найрамдал” зусланд нэг хөшөө байдаг шиг санаж байна. Зан чанарын хувьд би аав ээжийнхээ алиныг ч дуурайгаагүй өөрийнхөө л ганцхан хувилбар. Харин гадаад байдлаараа аавтайгаа илүү адилхан. Хүн бүр л тэгж хэлдэг. Аав бид хоёр их сайн харилцаатай байдаг байсан. Гэхдээ уулзалдах нь ховор байсан. Аав өдөржингөө ажилтай байдаг байсан л даа. Өглөө ажилдаа явахад нь би унтаж байдаг байсан. Орой ирэхэд нь бас л унтаж байдаг. Мэдээж бид хоёр олон зүйл ярьдаг байсан. Юун тухай ярьдаг байсан бэ гэдгийг миний бичиж байгаа номноос уншаарай.

    Гэхдээ л тэр Монголд их зүйл хийсэн учир Улаанбаатар хотод түүний хөшөө байх ёстой гэж би боддог. “Найрамдал” зусланд нэг хөшөө байдаг шиг санаж байна.

    -Ю.Цэдэнбал дарга таныг орос эмэгтэйтэй битгий гэрлээрэй, монгол хүнтэй гэрлээрэй ч гэдэг юм уу, та хоёрын хооронд аав хүү хоёрын нандин яриа болдог байсан уу? Өөрөө орос эхнэртэй гэдгээрээ их шүүмжлүүлдэг байсан.
    -Шууд шулуухан энэ талаар хэзээ ч ярьж байгаагүй юм байна. Нэгэн өөр түүх ярихад 2016 онд түүний 100 жилийн ойгоор Монгол очиход миний аавын дор ажиллаж байсан П.Дамдин гуай надад хандаж үг хэлэхдээ чиний аав нэг л алдаа хийсэн. Монгол эхнэр аваагүй нь түүний алдаа байсан. Харин чи аавынхаа алдааг засаж монгол эхнэртэй болсон гэж хэлсэн. /инээв/ П.Дамдин гуай аавын үед Үйлдвэрлэлийн сайд, түүний дараа Төв Хорооны Нарийн Бичгийн албыг хашиж байсан. Ажлаа сайн хийдэг, их эрч хүчтэй хүн байсан. Монгол хүн тийм чанаруудтай байх нь ховор. /инээв/ Харамсалтай нь саяхан өнгөрчихсөн. Энэ мэдээг дуулаад би харууссан. Түүний талаар ээжтэй маань холбоотой бас нэгэн хөгжилтэй зүйл санаанд орлоо. Ээж маань хүүхдийн асуудалд онцгой анхаарч ажилладаг байсан шүү дээ. Тэр үед ээжийн танилууд хүүхдийн гутлын үйлдвэр их муу гутал хийж байна гэж гомдоллож л дээ. Ээж маань өөрийн биеэр хүүхдийн гутал худалдаалдаг газраар явж үзээд нэг гутал худалдаж аваад тэр гутлаа хайрцагт хийж бэлэг шиг боогоод П.Дамдин гуайд явуулсан гэсэн. Харин дээр нь “Дамдин ахаа, танд монголын хүүхдүүд бичиж байна. Ийм гутал өмсөөд бидний хөл их өвдөж байна. Бид сайхан гуталтай болмоор байна” гэж захиа бичээд явуулсан байгаа юм. Хэдхэн хоногийн дараа П.Дамдин гуайн төрсөн өдөр болох гэж байсан гэсэн. Тэр тэргүүн хатагтайгаас их үнэтэй гоё бэлэг ирсэн байх даа гэж бодоод задлаад үзтэл хүүхдийн гутал байсан гэсэн. Тэгээд тэр хамгийн богино хугацаанд хүүхдийн гутлын үйлдвэрлэлийг шинэчилсэн гэж П.Дамдин гуай өөрөө надад ярьж байсан юм. /инээв/   
    -Энд хорионд байхад нь улс төрийн хүрээнийхэн Ю.Цэдэнбал даргаас зайгаа барьж, уулзахаас айдаг болсон гэсэн. Тэр үед түүнийг зорьж ирж байсан цөөхөн хүний нэг бол П.Дамдин гуай. Та түүний талаар их халуун дулаан сэтгэгдэлтэй явдаг юм байна. Түүнээс өөр хүн даргыг зорьж ирж байсан уу? 
    -Ирж байсан. Бас Галсан доктор эргэж ирж байсан. Аавын үед боловсролын сайд байсан хүн л дээ. 1984 онд тэр Европоос буцах замдаа аав дээр зорьж ирж байсан юм. Монголын Төр хориглосоор байхад тэр аавтай ирж уулзаад явсан. Харин монголд очиход нь түүнийг бүх ажлаас нь халсан байдаг. Тэр үед Галсан доктор боловсролын сайд, Орос хэлний институтын захирал, тэнхимийн эрхлэгч гээд гурван ажил эрхэлдэг байсан. Тэгээд хэсэг хугацаанд тэр ажилгүй байж байгаад нэг газар харуул болсон байдаг юм. Аавтай маань уулзсаны төлөө л ийм явдал болж байсан юм шүү дээ. Сансарын нисгэгч Ж.Гүррагчаа бас ирж уулзаж байсан юм байна. 
    -Та тэр үеийн улс төрийн товчооны дарга нарын хүүхдүүдийг хэр мэдэх вэ? Ойр дотно байсан хүн бий юу?
    -Их ойр дотно байсан хүн байхгүй. Гомбожав даргын хүү, Дамдин даргын хүүг мэддэг байсан. Харин манай ах Моломжамц даргын охинтой сайн найзууд байсан. Бидэнд үерхэж нөхөрлөх боломж их хэцүү байсан. Бараг гаргадаггүй байсан юм болов уу. 
    -Ю.Цэдэнбал даргын ажлын авсан Ж.Батмөнх даргыг та мэдэх үү? Түүний талаар юу боддог вэ?
    -Мэднэ ээ. Түүний талаар сайн муу аль аль л бодол байдаг. “Сүүлчийн долоон жил” номондоо би түүний талаар бичсэн л дээ.  
    -Сансрын нисгэгч Жанибековыг та сайн мэдэх үү?
    -Сайн мэднэ. Ааваараа дамжуулж хэд хэд уулзаж байсан юм. Миний бодлоор тэр хүн их сайн хүн. Их сайн зурдаг зураач хүн байсан. 
    -Лев Гумилевыг та таних уу?
    -Танина. Гэхдээ хувиараа уулзаж байгаагүй. Их сайн эрдэмтэн гэж түүнийг боддог. 
    -Хүүхэд байхдаа та аав ээжтэйгээ хэр олон оронд айлчилж байсан бэ? 
    -Олон орноор явж байгаагүй. Болгар, Унгар, Югослав гэх мэт цөөхөн улсад айлчилж байсан. Мартсанаас аав маань Унгарын удирдагч Янош Кадартай их сайн харилцаатай байсан. 
    -Та чинь буддын шашинтай билүү. Далай ламын институттай их ойрхон ажилладаг гэж сонссон. Николай II хаан Санкт-Петербургт буддын сүм барих анхны шийдвэрийг гаргаж байсан. Хэдэн жилийн өмнө Москва хотын дарга буддын сүм байгуулахад газар өгнө гэсэн шийдвэр гарсан юм билээ. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байгаа вэ?
    -Тийм ээ. Николай II хааны үед Санкт-Петербургт баригдсан буддын сүм бол Европын анхны буддын сүм. Москвад буддын шашинтай олон хүн байдаг. Миний хүрээлэлд ч олон байдаг. Москва хотын удирдлагууд хотын захад буддын сүм барих газар олгосон. Гэхдээ сүм барих хөрөнгө мөнгө шийдэгдээгүй байгаа. 

    Бидний хувийн эд зүйлсээс их олныг зүгээр л хулгайлчихсан шүү дээ. Миний нэг танил Улаанбаатарын нэг хуучин номын дэлгүүрт орсон чинь аавын маань хувийн номын сангийн тамгатай ном байсан гэсэн. Надад тэр дэлгүүрийн хаягийг өгөөд тэр номыг худалдаж аваарай гэсэн. Гэвч их үнэтэй зарагдаж байсан учир би авч чадаагүй.

    -Танаас албан ёсоор асууя гэж бодсон юм. Саяхан таны нэртэй фэйсбүүк хаягаар хуучин ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай юм бичсэн байсан. Миний аавын зургийн цуглуулгыг хулгайлсан гэх мэт. Танд цахим хаяг байдаг уу? 
    -Нэгдүгээрт, надад нийгмийн сүлжээнд ямар ч хаяг байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Өөр сувгаар ч монголын улстөрчдийг буруушааж үзэл бодлоо илэрхийлж байгаагүйгээ бас хэлье. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг зургийн галерейтай гэж би сонссон. Манай зургийг хулгайлсан гэж би огт хэлээгүй. Энэ бол ташаа мэдээлэл.
    -Ю.Цэдэнбал дарга зургийн цуглуулгатай байсан юм уу? Монгол зураачдын зураг уу?  
    -Тийм ээ. 20 орчим зураг байсан. Ихэвчлэн бэлгэнд ирсэн зургууд юм. Манай өвлийн ордонд хадгалагдаж байсан. Монгол зураачдын, гадны ч зураачдын зураг байсан.
    -Одоо москвад танд тэр зурагнуудаас нэг ч байхгүй юу?
    -Ах бид хоёр амьдарч байх үед авчирсан нэг зураг л үлдсэн. Монгол зураачийн зурсан намар цагийн Монголын байгалийг дүрсэлсэн зураг байдаг юм. Бусад зураг Монголд л байх ёстой. Нэг зураг Улаанбаатар дахь Жуковын музейд хадгалагдаж байгаа гэж сонссон. Одоо тэр музей ажилладаг эсэхийг мэдэхгүй юм. Тэр зургийг аавд Жуков өөрөө бэлэглэж байсан юм билээ. Василий Теркин гэдэг нэртэй их алдартай зураг. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Василий Теркин гэдэг алдарт цэргийн зураг. Зураачийн нэрийг сайн санахгүй байна. Тэр зураач Жуковт бэлэглээд Жуков аавд бэлэглэж байсан юм билээ. Бидний хувийн эд зүйлсээс их олныг зүгээр л хулгайлчихсан шүү дээ. Миний нэг танил Улаанбаатарын нэг хуучин номын дэлгүүрт орсон чинь аавын маань хувийн номын сангийн тамгатай ном байсан гэсэн. Надад тэр дэлгүүрийн хаягийг өгөөд тэр номыг худалдаж аваарай гэсэн. Гэвч их үнэтэй зарагдаж байсан учир би авч чадаагүй. 
    -Монголын сүүлийн үеийн улстөрчдөөс хэнтэй илүү дотно байдаг вэ?
    -Би ер нь улс төрөөс хол байхыг хичээдэг. Гэхдээ ажлын шаардлагаар академийнхаа шугамаар хүмүүстэй харилцаа холбоо тогтоох шаардлагатай болдог. 2000-аад оны эхээр олон намын удирдлагатай харилцах шаардлага тулгардаг байсан. Тэр үед шар хэвлэлүүд намайг их дагадаг байсан л даа. Нэг намын хүнтэй уулзахаар л Ц.Зориг тэдний намд элслээ гээд маргааш нь биччихдэг байсан. Тэр мэдээнүүдэд итгэх юм бол би Монголын бүх намын гишүүн болсон. /инээв/ Үнэн хэрэгтээ бол би аль нэг намын харьяалалд байдаггүй, улс төр сонирхдоггүй хүн. Аавын 100 жилийн ойгоор тэр үеийн Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбат намайг хүлээж авж уулзсан. 
    -Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай таныг сайн харилцаатай гэж сонссон юм байна.
    -Сайн харилцаатай гэж би хэлэхгүй. 2000 оны эхээр ажил хэргээр л хэдэн удаа уулзаж байсан юм. 
    -Та нээрээ одоогийн Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой их хуралд өрсөлдөж явсан шүү дээ. Энэ сонирхолтой түүх шүү? 
    -Тийм шүү, Ц.Нямдоржтой бас би их ээдрээтэй харилцаатай. (инээв) Аавын 100 жилийн ойгоор бид хоёр зэрэгцээд Түүхийн музейд үзэсгэлэн нээгээд зогсож байсан. 
    -Юм ярилцсан биз дээ? 
    -Энгийн хэдэн үг л солилцсон. Тэр надад юм хэлээд би эргүүлээд хоёр өгүүлбэр хэлэх жишээний л. (инээв)  
    -Ингэхэд та хэзээ өвөө болох гэж байна?
    -Удахгүй өвөө болно гэж итгэж байна. Дээр дурьдсанчлан охин маань нөхөрт гараад удаагүй байгаа.
    -Хүргэнийхээ талаар яриач?
    -Нэг орос залуу бий. Би өөрөө саяхан л танилцсан. Албан ёсоор гэрлэхдээ л надтай танилцуулсан. Анастасия их сонирхолтой ааштай хүн л дээ. Хэний ч үгийг сонсдоггүй, өөрөө бүх шийдвэрийг гаргадаг хүн. Сүүлийн мөч хүртэл нөхрөө надтай танилцуулаагүй. 
    -Анхны эхнэртэйгээ буюу Анастасиягийн ээжтэй та холбоотой байдаг уу?
    - Бараг л үгүй дээ. Ихэнхдээ охинтойгоо л харьцдаг. 
    -Анастасия Ивановна таны охинд их хайртай байсан гэж ярьдаг. Ач охиндоо өөрийнхөө эд зүйлсээс дурсгаж үлдээсэн болов уу?
    -Тийм ээ, их хайртай байсан. Ээжийн маань гэх цөөхөн эд зүйлс бас Улаанбаатар дахь гэрт маань байж байгаад алга болчихсон. Москвад байсан цөөхөн хэдэн гоёл чимэглэлээсээ ач охиндоо өгсөн шиг санаж байна. Бид юу ч үгүй л гэнэт Орос руу нисч байсан шүү дээ. Ямар тодорхойгүй, ойлгомжгүй нөхцөл байдалд гэдгийг одоо тайлбарлах нь илүүц биз. Тэгэхээр өв хөрөнгө, үнэт эдлэл гэх юм юу ч байхгүй. 
    -Таны аавын зурагнаас харахад ер нь л даруухан хүн байсан юм шиг санагддаг. Х.Чойбалсан гуайтай харьцуулахад цаг, бөгж гэх мэт зүйлс сонирхдоггүй байсан юм шиг. Ааваас тань танд ямар нэг юм үлдсэн үү?
    -Гоёл чимэглэлийн зүйл бол аавд огт байдаггүй байсан. Ээжид маань л байдаг байсан байх. Хувцас хэрэглэлээс нь харин үлдсэн байдаг. Заримыг нь би Улаангом хотын музейд өгсөн. Хамгийн сүүлд Монголд очоод тэр музейн захиралтай уулзсан юм. Тэгэхэд ээжийнхээ хоёр даашинзыг музейд өгсөн юм байна.
    -Таны ээжийн хамаатан садан байдаг уу. Рязань мужид тэднийхний ул мөр их байх?
    -Их олон эгч дүүтэй байсан. Харамсалтай нь бүгд өнгөрчихсөн. Харилцаа холбоо тасраад удсан. Нэг эгч нь л гэхэд Украйнд амьдардаг байсан. Ээжийн бага дүүгийн охинтой би хааяа утсаар ярьдаг. Өөр өөрийн ажил амьдралтай болохоор нэг хотод амьдраад ч уулзаж чадахгүй юм даа. 
    -Ээжийнхээ төрсөн гэрт очиж байсан уу?
    -Очиж байгаагүй. Амьдарч байсан байшинг нь нураачихсан шиг санаж байна.
    -Монголд одоо Ю.Цэдэнбал даргын ганц эмэгтэй дүү нь байдаг билүү?
    -Тийм ээ. Одоо амьд байгаа нь Жавзмаа эгч байна. Бид холбоотой байдаг. Аав маань эхээс 11-үүлээ хүн байсан шүү дээ. 

    Монголын сайхан байгаль үргэлж сэтгэлд минь уяатай байдаг

    -Улаанбаатар дахь байраа та түрээслүүлдэг үү? 
    -Үгүй. Намайг эзгүйд тэр байранд аавын талын нэг хамаатан амьдардаг байсан. Аавын ахын охин Сүрэн гэж миний үеэлийн хүү нь миний байранд амьдардаг байсан юм. Тэр маань цахилгаан станцад ажилладаг юм. Байртай болох гэж 20 жил хүлээсний эцэст хоёр жилийн өмнө ажлаас нь байр өгсөн.
    -Та одоо ямар орлогоор амьдарч байна вэ? Тэтгэвэрт гарсан уу?
    -Тэтгэвэрт гарсан. Одоо би нэг танилынхаа жижгэвтэр компанид эдийн засгийн зөвлөх хийдэг. Гэхдээ байнга биш хааяа нэг зөвлөгөө авъя гэсэн хүнд очиж зөвлөгөө өгдөг ажил. Зөвхөн тэтгэврээрээ амьдарна гэвэл их хэцүү. Ямартаа ч ажилтай болохоор орлого маань амьдралд хүрэлцдэг. 
    -Таны аав хадгаламж ч үгүй байсан юм байх даа?  
    -Аав маань бага зэрэг хадгаламжтай байсан. Бага мөнгө байсан, инфляциас болоод бүр багассан. Түүнээс хойш тэр мөнгөөр ээж маань амьдардаг байсан. Би зөвхөн өөрийнхөө олсон мөнгөөр амьдардаг. 
    -Сүүлийн долоон жил Москвад танайхныг их тааруу амьдардаг байсан гэдэг. Үнэхээр тийм байсан юм уу. Та өлсөж үзсэн үү. Их олон янзын мэдээлэл сонсож байсан болохоор би ингэж асуугаад байгаа юм шүү, та ойлгоорой?
    -Үгүй ээ. Өлсөж үзээгүй. Тэр хэцүү үед ах маань ажил хийдэг байсан. Цалин сайтай байсан шүү. Дутагдаж гачигдаж байгаагүй. Мэдээж сэтгэл зүйн хувьд бид хэцүү байсан. 
    -Энд сууж байсан Элчин сайдуудтай та ямар харилцаатай байсан вэ? Эндэхийн ЭСЯ-д хожим ч гэсэн ажиллаж болоогүй юм уу?
    -Сүүлийн 10-20 жилд өөр өөр элчин сайдууд байсан. Харилцаа ч өөр өөр байдаг байсан. Зарим элчин сайдууд надад их тусалдаг байсан. Мартсанаас манай Улаанбаатарын гэрт байсан тавилга бүгд алга болсон. Тэр тавилганаас олбол музейдээ байрлуулах юмсан гэж боддог. Тэгээд аавын маань эдэлж хэрэглэж байсан тавилга музей нээхэд хэрэг болно гэж бодоод би Москвад хэрэглэж байсан тавилгыг нь Монгол руу явуулсан юм. Музей нээгдээгүй байгаа болохоор тэр тавилгууд Улаанбаатарын гэрт маань хадгалагдаж байгаа. 4-5 жилийн өмнө тэр тавилгуудыг Монгол руу явуулахад эндэхийн ЭСЯ тусалж байсан юм. Тухайн үед надад контейнертэй ачаа явуулах мөнгө байгаагүй юм. Ачааны зардлыг өмнөх засгийн үед Сангийн сайд байсан Б.Чойжилсүрэн хувиасаа гаргаж тусалсан. Элчин сайд Б.Дэлгэрмаатай би сайн харилцаатай байдаг. Түүнийг Ардчилсан намын нарийн бичиг байхад нь уулзаж байсан юм. Хожим нь Элчин сайд болж ирээд 2016 онд Монгол явахад бичиг баримтын асуудлыг маань шийдэж өгч байсан. Түүний ээжийг би сайн мэддэг байсан. Н.Норовбанзад гуайг, түүний гайхалтай дууг мэдэхгүй монгол хүн байхгүй шүү дээ. Ш.Алтангэрэл гэж өмнөх сайдтай ажлаар уулзах гэж ороод дөрвөн цаг орчим ярилцаад гарч байснаа санаж байна. /инээв/ Сонирхолтой яриа өрнүүлсэн л дээ. 

    Хааяа амьдарч байсан байшингаа, Улаанбаатарын гудамж талбайг зүүдэлдэг. Монгол хүмүүсийн зочломтгой зан, дуу хуурыг байнга л санаж бодож явдаг. Монголчуудтайгаа харилцахад үргэлж сайхан байдаг. Тантай уулзаж хөөрөлдөх бас сайхан байлаа. Монголчууддаа хамгийн сайн сайхан, аз жаргалыг хүсэж байгааг минь дамжуулж өгөөрэй.

    -Таны ээж урлагийн өндөр мэдрэмжтэй хүн байсан. Та өөрөө урлагт ойр өссөн байх. Бас уран зохиолын мэргэжилтэй эхнэртэй. Таны эхнэр Дариймаа юу хийж байгаа вэ?
    -Тэр сайн байгаа. Ихэвчлэн олон хэлнээс орчуулга хийж мөнгө олдог. Тэр шинжлэх ухааны доктор, эрдэмтэн хүн. Ямар шинжлэх ухааны доктор юм бэ гэж хүмүүс асуухаар нь би тэр хамгийн бага цалинтай шинжлэх ухааны доктор гэж хариулдаг юм. /инээв/
    -Та хоёрыг хамгийн анх Монголд хамт очиход би уулзаж байсан.  
     -Тийм ээ, санаж байна. 
    -Монголын дуурийн театрт та их очдог байсан уу? Таны ээжийн түүх энэ театртай нэлээд холбоотой?
    -Их очдог байсан. Сүүлийн жилүүдэд театр орох маань цөөрөөд байна шүү. Ээж маань дуурийн театраас гадна хуримын ордон, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг, Найрамдал зуслан гээд олон зүйл бүтээн байгуулсан. Тиймээс Улаанбаатар хотод хөшөө нь босоосой гэж хүсдэг.

    -Та хэзээ Монголд очих бодолтой байна. Монголын юу таны сэтгэлд хамгийн тод үлдсэн байдаг вэ?
    -Одоо хэзээ очихыгоо сайн мэдэхгүй байна. Монголыг үргэлж л санадаг. Хамгийн түрүүнд Монголын сайхан байгаль үргэлж сэтгэлд минь уяатай байдаг. Хааяа амьдарч байсан байшингаа, Улаанбаатарын гудамж талбайг зүүдэлдэг. Монгол хүмүүсийн зочломтгой зан, дуу хуурыг байнга л санаж бодож явдаг. Монголчуудтайгаа харилцахад үргэлж сайхан байдаг. Тантай уулзаж хөөрөлдөх бас сайхан байлаа. Монголчууддаа хамгийн сайн сайхан, аз жаргалыг хүсэж байгааг минь дамжуулж өгөөрэй.

Сэтгэгдлүүд : 6

  • Stanley

    I came here to study

  • Claudio

    I'm self-employed

  • Maya

    I don't like pubs

  • Juan

    I've been made redundant

  • Brooks

    Jonny was here

  • зочин

    Элбэгдорж хүүрийг Бал даргын сүнс хорвоогоос арчих болтугай.

Сэтгэгдэл оруулах

урлан