С.Мөнхчулуун: Энэ нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд залуус бидэнд ухрах эрх байхгүй

    Миний энэ удаагийн зочин НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун.
    Тэрбээр Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, мөн СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга, НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан.
    Мөн Хотын даргад намын бодлого сөрж өрсөлдсөн “хэрэг”-ээр намаасаа хөөгдсөн гээд арвин баялаг намтартай нэгэн юм.
    Би хувьдаа юмыг дуулгавартай дагасан залуусаас илүү сөрсөн хүнийг илүү олж харахыг хүсдэг. Миний ажигласнаар манай иргэд ч тийм байх шиг санагддаг. Ингээд С.Мөнхчулууны ярианд анхаарлаа хандуулахыг хүсье.  

    - Ээлжит залуу зочинтойгоо ярилцах гэж байна. Эрч хүчээр дүүрэн залуустай ярилцахад шинээр хөглөгдөөд сайхан байдаг. Миний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
    - Миний хувьд тантай ярилцана гэдэг маш том нэр хүндийн хэрэг. Таны ярилцлагуудыг уншаад хэзээ нэгэн цагт ярилцана даа гэж бодож байсан маань биелж байна.
    - Таны ажил хэргийн түүхэнд ээдрээ тохиолдсон сонирхолтой цаг үед хоёулаа уулзаж байна. Мэдээж танд хэцүү байгаа байх, гэхдээ миний хувьд, бидний мэргэжлийн хувьд цаг үеийн ийм тохиолыг онцгой үе гэж үздэг. Яагаад гэвэл ийм үед хүний сэтгэл санаа задгайрсан, илүү эрх чөлөөлөг болдог. Ер нь юу болоод өнгөрөв өө, гэдгээс хоёулаа яриагаа эхэлье.
    - Эрх чөлөө гэдэг үг надтай одоо бол их ойртсон байгаа байх. Өмнө нь би Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын мэргэжилтнээс эхлээд л Төр, хувийн хэвшил түншлэлийн Концессын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн албан хаагч хүн байлаа. Дараа нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Төлөөлөгчөөр сонгогдоод, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Нийслэлийн Намын Хорооны дэд дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Тэр үед тодорхой хэмжээгээр баригдмал орчинд ажилладаг. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэнтэй тийм ч нээлттэй ярилцах боломж хязгаарлагдмал. Энэ үүднээс эрх чөлөө жаахан хумигдмал л даа. Төрийн албан хаагчдын ярих, ярихгүй юм гэж байна. Төрөөс гарсан бодлого шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэх л чиг үүрэгтэй шүү дээ. Төрийн захиргааны албан хаагчид чинь аль нам ялахаас хамааралгүйгээр ялсан намын гишүүн шиг л ажилладаг. Тэр нам, хүчний мөрийн хөтөлбөрийг биелүүлэх гэж л ажиллах ёстой. Дараа нь эрх баригч намын дэд дарга, бүлгийн дарга гэдэг бол нэр дэвшихдээ дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөр, тухайлбал нийслэлд нэр дэвшихдээ “Аз жаргалтай хот” гэж мөрийн хөтөлбөртэй сонгуульд орж байсан, тэр бодлогоо хэрэгжүүлэхээр ажилласан. Хүмүүст яаж хийж, хэрэгжүүлэх гэж байгаа ажлаа таниулах вэ, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаасаа дуугардаг. Одоо бол нам бус болсон учраас хувь төлөөлөгчийн хувьд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд, иргэдийн санал хүсэлт, гомдлыг ямар нэгэн цензур, хаалт боолтгүйгээр дамжуулах эрхтэй болсон. /инээв/
    - Үүнийг та үзэл санааны эрх чөлөө гэж харж байна уу?
    - Үзэл санааны эрх чөлөө гэж харж байна.
    - Гэхдээ хуучин сурсан юмнаасаа холдоход цаг хугацаа шаарддаг шүү дээ. Нэгдсэн бодлого баримтлахгүй, хувь төлөөлөгчийнхөө үүргийг биелүүлэхэд сэтгэл зүйд ямар байх юм бэ?
    - Надад бол сэтгэл зүйн хувьд тийм хүчтэй гэхээр өөрчлөлт гараагүй.  

    Нэхмэлийн шаруудыг барилгажуулах төсөл, Хог боловсруулах үйлдвэр, Яармаг-Нисэх-Шувуун фабрикын 20 км зам, Өвөр Гүнтийн 11 км зам, Чингэлтэй - Баянхошууны 3,2 км зам, Амгалан дулааны станц, “ВRT” тусгай замын автобус гээд олон төслүүдийг хэрэгжүүлэхээр эхлүүлсэн. Яг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй ажлуудыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох юм байна гээд бид эхлүүлж байсан. 

    -Та ер нь сэтгэл хөдлөл багатай, дуу цөөтэй хүн шиг гаднаас харагддаг. Их зантай ч юм шиг, эсвэл их битүү дотогшоо ч хүн юм шиг...
    - Би сүүлийн жилүүдэд болж өнгөрсөн үйл явдлууд, түүнээс хойш үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийгөө уншаад л байгаа юм. Унших гэж оролдоод байна. Яагаад ийм байдал үүсэв, ямар учиртай юм бэ гээд бодоод байгаа юм. Намайг бага байхад ээжийн маань аав, ээж хоёр манайд цуг байдаг байсан. Өвөө эмээ хоёр маань ардын зүйр цэцэн үгээр биднийг хүмүүжүүлдэг байсан л даа. Өвөөгийнхөө байнга хэлдэг байсан “долоо хэмжиж нэг огтол” гэдэг үгийг би өөртөө өөрийн философи болгосон. Яс маханд минь шингэтэл хэлдэг байсан учраас байнга бодогддог. Бүлэг дээр асуудал шийдэхэд ч гэсэн тунгааж байгаад эцсийн шийдвэрээ гаргадаг. Энэ маань нөлөөлдөг байх, юун түрүүнд шийдвэр гаргачихъя гэж боддоггүй. Тэр үед нийслэлийн Засаг даргад заалнаас нэр дэвшихээ ч маш их бодож байж л шийдсэн.
    - Та үнэхээр сайн бодсон уу. Том донсолгоон авчирсан шийдвэр шүү дээ.
    - Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Намын хорооны даргаар Су.Батболд дарга байсан. Нийслэлийн Намын хорооны даргын асуудал хөндөгдөөд, Нийслэлийн засаг дарга нь Нийслэлийн Намын дарга байх ёстой гэсэн байр суурьтай байсан.Намын бүлгийн даргын хувьд, дэд даргын хувьд ч тэр. Намын даргын өрсөлдөөн явагдаад Су.Батболд дарга ажлаа өгсөн. Үүний дараа Су.Батболд даргыг огцруулна гэсэн бичиг Ерөнхий Сайдаас ирсэн. Тэр үед бид нар огцруулахгүй гэдэг байр суурьтай байсан. Яагаад гэвэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 11 сард хуралдаад, Су.Батболд даргын ажлыг III улирлын байдлаар 80 хувьтай сайн, хангалттай гээд дүгнэсэн байсан. Ингэж хангалттай гэж дүгнэгдсэн байхад, яагаад 10 хоногийн дараа огцруулах ёстой юм бэ гэдэг асуудал үүссэн. Би огцруулж болохгүй гэдэг байр суурьтай байсан. Су.Батболд дарга шахалт дарамтанд орсноор өөрөө өргөдлөө өгч байсан тэр үед би Намын бүлгийн даргынхаа ажлыг өгье өө гээд, өөрийнхөө хүсэлтээр бүлгийн даргын ажлаа өгсөн. Хэрвээ ийм байдал үүсээд байгаа юм бол нөгөө бидний ярьдаг, нийгмийн ардчилсан үзэлтэй, шударга ёс, эв нэгдлийг хангана  гэдэг нам маань яагаад ийм шударга бус байна вэ, тийм учраас өрсөлдөх нь зөв гэж нөхөдтэйгөө ярилцаад шийдсэн. 
    - Та бол 20-той залуу биш. 40-тэй хүн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурал буюу  Нийслэлд хамгийн олон жил ажилласан хүний нэг байх шүү.
    - Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад олон жил ажилласан. Үндсэндээ нийслэлийн бүтээгдэхүүн гэсэн үг. Мэргэжилтнээсээ эхлээд хэлтсийн дарга, тамгын газрын дарга хүртлээ ажилласан.
    - Одоогоос 10 гаруй жилийн өмнө нийслэлд томилогдож байсан юм билээ. Өмчийн харилцааны газар гэж ямар чиг үүрэгтэй газар болох талаар та ярихгүй юу ?
    - Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт би 2009 оноос ажиллаж эхэлсэн. Энэ газар нийслэлийн өмчийн ашиглалт, хамгаалалт, менежментийг нь хариуцдаг газар юм. Намайг мэргэжилтнээр ажиллаж байх үед Төрийн өмчит үйлдвэрийн газар байж байгаад, төрийн захиргааны байгууллага болсон. 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Концессын тухай хууль батлагдаад, үүнтэй холбоотойгоор ТӨХ-н дээр Концессын газар байгуулагдаад, нийслэлийн хэмжээнд Концессын баг гэж байгуулж, багийн ахлагчаар нь намайг томилсон. Ингээд л хоёр мэргэжилтэнтэй гурвуулаа ажлаа эхлүүлж байсан даа.
    - Засаг дарга хэн байсан бэ?
    - Г.Мөнхбаяр дарга байсан. Тэгээд л бид цоо шинэ газрын бодлогын баримт бичгийг нь боловсруулахаас ажлаа эхэлсэн. Гэрээний загваруудыг гаргаж, концессын ажил гэж яг  ямар юм байхыг тодорхойлж тавихаас эхлээд суурь ажлуудаа хийсэн.  Тэгээд яваандаа хэлтэс болж өргөжөөд, концессын ажлуудыг нийслэлд эхлүүлсэн дээ. Тухайлбал, Нэхмэлийн шаруудыг барилгажуулах төсөл, Хог боловсруулах үйлдвэр, Яармаг-Нисэх-Шувуун фабрикын 20 км зам, Өвөр Гүнтийн 11 км зам, Чингэлтэй - Баянхошууны 3,2 км зам, Амгалан дулааны станц, “ВRT” тусгай замын автобус гээд олон төслүүдийг хэрэгжүүлэхээр эхлүүлсэн. Яг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжгүй ажлуудыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох юм байна гээд бид эхлүүлж байсан. Энэ ажлуудаас Амгалан дулааны станцыг сүүлд нь Засгийн газар аваад, хэрэгжүүлээд явсан. “ВRT” төслийг Хотын захиргааАзийн Хөгжлийн банктай хамтраад хэрэгжүүлэх гээд явж байна.

    Намайг төрж байхад Вьетнамын дайн болж байсан. Тэгээд хилийн мөргөлдөөн болох гээд, Оросын цэргийн ангиуд хил дээр оччихсон, аав маань салаан дарга болохоор мэдээж тэнд.  Манай эгч гурван  настай, ээж жирэмсэн. Гэтэл бүх офицеруудын эхнэрүүдийг дайн болно гээд хот руу татаад авчихсан... 

    - Төрийн хүний түүх ил байх ёстой. Ялангуяа улс төрчдийн намтрыг шилэн болгоё гэж би уриалаад яваад байгаа юм. Таны түүхийг төрснөөс тань эхэлж сонирхоё. Дорноговь аймагт явж байтал та телевизээр гарч таардаг юм. Тэнд байсан хүмүүс “Энэ Мөнхчулуун манай нутгийн залуу” гэхийг сонссон. Та Дорноговьд төрсөн юм уу?
    - Тийм. Миний аав Дундговь, ээж Өмнөговийн хүн. Харин би Дорноговьд төрсөн. Гурван говьд аав, ээж, хүү гурав төрсөн болохоор хүмүүс манайхныг говийнхон л гэдэг. Аав маань цэргийн сургууль төгсөөд, ээжтэй хотод танилцаж хувь заяагаа холбосон байдаг. Залуу хосууд Зүүнбаянд томилогдож, тэнд гал голомтоо үүсгэн  ажиллаж амьдарч байхад нь би төрсөн байдаг. Хэдийгээр намайг бага байхад манайх хот руу нүүж ирсэн боловч одоо ч Зүүнбаяндаа очоод элсэн дээр нь хөрвөөхөд нэг л сэтгэлд дотно сайхан мэдрэмж төрдөг. Сонин юм шүү, хүний унасан газар угаасан ус тийм л байдаг юм билээ. Намайг төрж байхад Вьетнамын дайн болж байсан. Тэгээд хилийн мөргөлдөөн болох гээд, Оросын цэргийн ангиуд хил дээр оччихсон, аав маань салаан дарга болохоор мэдээж тэнд.  Манай эгч гурван  настай, ээж жирэмсэн. Гэтэл бүх офицеруудын эхнэрүүдийг дайн болно гээд хот руу татаад авчихсан. Ээж өнөө маргаашгүй төрөх байсан болохоор яваагүй юм байна лээ. Нэг удаа аав тушаал аваад шөнө Зүүнбаянд, анги дээрээ ирэхэд нь би төрөөд тав хоночихсон, зөвхөн манай гэрийн гэрэл асаалттай бусад айл нь нүүгээд явчихсан байсан гэсэн. Тэгэхэд гэртээ ороод гарч болохгүй аравхан алхамын наана гэрэлтэй цонх хараад хүүхдийн уйлах дуу сонсоод л нулимс урссан гэж аав маань дурсдагсан. Ингэж би гэдэг хүн хил дээр, дайны онц байдал зарласан байх үед офицерийн гэр бүлд төрсөн түүхтэй.
    Одоо эхнэр, хоёр охинтойгоо амьдардаг. Миний эхнэрийг Т.Ариунбулаг гэдэг, кино жүжигчин, найруулагч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр буриад эмэгтэй байгаа. Манай том охин бид 2-ыг Германд байхад төрсөн, эх орондоо ирсний дараа бага охин маань төрсөн.
    - Зүүнбаян ч үнэхээр алдартай нутаг л даа.
    - Цэргийн хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг. Хаана томилно тэнд нь очно.  Аав минь Зүүнбаянд алба хашиж байгаад дараа нь Сонгины шувуун фабрикийн 277 дугаар ангид томилогдсон. Тэгээд би 4 дүгээр анги хүртлээ Биогийн 10, Шувуун фабрикын 26 дугаар дунд сургуулиудад суралцсан.
    1990 оны үед ардчилсан хувьсгал гарч, улс даяаар зарим цэргийн ангиудыг татан буулгаж, офицеруудын цомхотгол явагдлаа. Монгол улс маань дөнгөж зах зээлд шилжиж байсан үе. Тэгэхэд аав минь: -“Би 20 жил ажилласан гээд” 38 настай өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч байсан.

    Германд оюутан байхдаа Герман дахь МАСЗХ-ны салбар зөвлөлийг байгуулж, www.mongolchuud.de веб хуудсыг ажиллуулж, Европын холбоон дахь Монгол оюутнуудын дунд арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. 

    - 38-тай юу. Цэргийнхэн тэр үед арай л хэлмэгдсэн санагддаг юм ?
    - Тэтгэврээ авах гэж очоод ичлээ гэсээр ирдэг байсан. (инээв) Штабын дарга байсан хүн болохоор сэтгэл зүйн хувьд тийм залуугаараа тэтгэвэрт сууна гэхэд амаргүй л байсан байх.
    Толгойтын цэргийн хотхонд офицеруудад байр өгөхөд манайх тэнд байранд орж, нүүж ирснээр би Толгойтын 42 дугаар дунд сургуульд суралцаж, тэндээ 10 жилээ дүүргэсэн дээ. Дунд сургуулиа төгсөөд тухайн үеийн ТИС-ийн механик инженерийн ангид элсэн суралцаж,  2000 онд төгссөн. Дараа нь эхнэр маань урлагийн түүхээр, би магистрантурт суралцахаар бид Герман улсыг зорьсон. Баруунд гэлтгүй бүх улс ЕБС нь 12-р анги төгсдөг. Харин манай улс чинь 10-р анги төгсдөг болохоор шууд магистрт орж болохгүй байдаг байлаа. Тэгээд Улс төр, түүхийн мэргэжлээр зэрэг суралцсан. Улс төрийн хичээлээ амжилттай дуусгаад, түүхийн чиглэлээ орхисон. Англи, герман, латин хэлнээс түүх уншиж, бичих хичээлүүдээ хийнэ. Тэгээд түүхийн чиглэлээ дуусгахад дахиад 4 жил шаардлагатай байсан учир цаг хугацаа алдаад байна гэж үзээд Монголруугаа ирсэн.
    Германд оюутан байхдаа Герман дахь МАСЗХ-ны салбар зөвлөлийг байгуулж, www.mongolchuud.de веб хуудсыг ажиллуулж, Европын холбоон дахь Монгол оюутнуудын дунд арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. 
    Монголд ч би идэвхтэй оюутан байлаа. 1999 онд намд элссэн байсан. Бас хамгийн анхны Монголын  хамгаалалтын албыг байгуулаад ажиллуулж байлаа.
    - Тэгээд л таныг “Х-ТҮЦ”-ийн хамгаалагч байсан гээд байдаг юм  байна.
    - Тийм тийм. Уитни Хьюстаны “Бие хамгаалагч” киног үзээд, хамгаалалтын албыг яг тийм романтикаар төсөөлж хамгаалалтын алба байгуулж байлаа.
    - Танай ШУТИС арай өөр уур амьсгалтай  сургууль. Хөвгүүд ихтэй...
    - Манай Механик-инженерийн сургууль бүр өвөрмөц.  “1000 хар”-ын сургууль нэртэй. Би 18 настай хамгаалалтын компани байгуулчихаад дан өөрийнхөө сургуулиас, бас Цагдаагийн Академиас оюутнууд авч ажиллуулдаг байсан. Одоо бодоход би чинь ажил олгогч, олон оюутнуудадтус дэм болж байжээ гэж боддог. Уулзахаараа тэд маань ч бас ярьдаг даа. 
    - Тэр үед мөнгө олж чаддаг байсан уу ?
    - Олно оо. Ээжийн цалин 40-50 мянга байхад манай нэг хамгаалагч өдрийн 3000 төгрөгийн цалинтай байлаа. Оюутны автобусны сарын билет 3000 төгрөг байсан үе шүү дээ. Бас хөөрхөн хуримтлал үүсгээд явдаг байсан. Тэр үед манай компанид ажиллаж байсан залуусын зарим одоо тусдаа компаниуд байгуулаад явж байна. Тэд анх манайд ажиллаж байхдаа хариуцлага гэдгийг маш сайн ухамсарлаж ойлгож авсан гэж ярьдаг. Тэр үед том, том хурандаа ах нарын хамгаалалтын албууд гарч ирж байсан. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд бид гэрээндээ ямар нэгэн алдаа зөрчил гаргах юм бол нэг ч төгрөгийн цалин авахгүй гэсэн заалт оруулахаас эхлээд тухайн үедээ шинэ, шинэ хариуцлагын тухай менежмент оруулж ирж ажиллаж байлаа. Энэ нь маш том хариуцлагын хөшүүрэг болж байсан. Анх байгуулж байсан тэр компани, тэнд хамт ажиллаж байсан залуусдаа би хайртай. Одоо бүгдээрээ маш сайн ажиллаж, гэр бүлтэй болчихсон сайхан амьдарч байгаа. Ихэнх нь надтай холбоотой байдаг.
    - Таныг Сонгинохайрхан дүүргээс л намын идэвхтэй гишүүнээр ажлаа  эхлүүлсэн юм байна гэж бодож байсан. Тэгвэл бүр оюутан байхдаа намд элссэн юм байна.
    - Тийм. Европын холбоонд үргэлжлүүлээд үйл ажиллагаа явуулдаг байлаа. 2007 онд  НАМЗХ-ны удирдлагууд болон Нийслэлийн Эмэгтэйчүүдийн Холбооны дарга, Д.Баярсайхан / одоо НИТХ-ын төлөөлөгч/ нар миний сурч байсан Штуттгарт хотод Дэлхийн эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ой болоход би тэдэнтэй уулзаад, албан ажилд нь тусалж байсан. Бас Испанид дэлхийн Социал Демократ Залуучуудын холбооны 100 жилийн ой болоод, тухайн СОЦ декийн гишүүн байсан Ж.Мөнхбат, дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭКО ХХК-ийн захирал С.Нямдаваа гээд олон залуучууд очиход хуралд нь оролцуулж, хэлмэрч хийж, зохион байгуулагч оронтэй холбож ажиллаж байлаа. Намын ажлыг тэнд байхаасаа л идэвхтэй хийж явлаа. Германдаа нэг үйл ажиллагаа хийх бүртээ Монголоосоо хэдэн баярын бичиг хийлгүүлээд, тамга даруулаад аваад явна. Сүүлдээ бүх зүйлээ өөрөө л зохицуулдаг болсон. 2008 онд Монголдоо ирээд гэрийн хаягийнхаа дагуу Сонгинохайрхан дүүргийн намын хороон дээрээ очиж уулзаад улс төрийн ажилтанаар ажилласан. Намар нь сонгууль явагдаад дүүргийн Намын хорооны дэд даргаар томилогдож ажилласан.

    СХД-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа төр, иргэдийг холбосон ажлын хүрээнд төр нь иргэндээ тэгш бус үйлчилж байгааг олж харсан, зарим иргэдийн амьдралын түвшин маш доогуур, тэр иргэдэд төрийн үйлчилгээ огт хүрэхгүй байгааг олж харсан. Төрийн албан хаагчдын тогтворгүй байдлаас үүдэж төр чадваргүй, сул, сэтгэлгүй ажиллаж байгааг харсан

    - Намын батлахаа 1999 онд хэнээс авч байв ?
    - Сонгуулийн үе байсан. Манай дүүрэгт нэр дэвшиж байсан, талийгаач Ц.Дашдорж гишүүнээс гардан авч байлаа. 2009 онд төрийн албаны шалгалт өгөөд намаас түдгэлзэж Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт бүртгэлийн мэргэжилтэнээр орж ажилласан. Тэгээд төрийн албанд ажиллаж байгаад 2016 онд намын гишүүнчлэлээ сэргээсэн. 2015 онд хамтарсан Засгийн газар байгуулагдаад ажиллаж байсан тул манай Сонгинохайрхан дүүрэг МАН-аас 22, АН-аас 17, МАХН-аас 2 гишүүн сонгогдсон байхад Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тохиролцоо хийгээд АН-ын М.Чинболдыг Засаг даргаар нь, ИТХ-ын даргаар нь МАН-ын Х.Нямбаатарыг томилж байлаа. Миний хувьд төрийн захиргааны албан хаагч улс төржүүлэхгүй, жин тунг нь тааруулж ажилласан. Ер нь НИТХ-д нэр дэвших бодолтой байсан болохоор хуулийн дагуу 12 сарын 31-ний өдрөөр өргөдлөө өгөөд  ажлаасаа чөлөөлөгдсөн. Яагаад улс төрд орох болсон бэ гэхээр СХД-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа төр, иргэдийг холбосон ажлын хүрээнд төр нь иргэндээ тэгш бус үйлчилж байгааг олж харсан, зарим иргэдийн амьдралын түвшин маш доогуур, тэр иргэдэд төрийн үйлчилгээ огт хүрэхгүй байгааг олж харсан. Төрийн албан хаагчдын тогтворгүй байдлаас үүдэж төр чадваргүй, сул, сэтгэлгүй ажиллаж байгааг харсан, иргэдэд үйлчлэх ёстой албан хаагчид шүү гэдгээ огт ухамсарлахгүй өөрсдийгөө дарга гэсэн дүрд тоглож, иргэдийн төрөөс авах болоцоог ноцтой зөрчиж байгааг олж харсан учраас, бас нийслэлд ажиллаж байсан ажлын туршлага маань их нөлөөлсөн. “Та улс төрийг сонирхохгүй байсан ч улс төр таныг сонирхоно” гэдэг үнэн юм билээ.
    - Тухайн үед хэн удирдлага байна, тэр тэрний хүн, энэ энэний хүн гээд наагаад явчихдаг нэг хэцүү зүйл танд ч тохиолдож байсан байх. Гэтэл хүний залуу нас гэдэг өөрөө өөртөө эзэн байдаг үе ш дээ. Ийм хандлага олон залууст гай болдог. Энэ талаар та юу боддог вэ?
    - Аль ч намын үед төрийн албанд ажилд орсон байна тэр намын хүн гэж шууд харна. Өнөөдөр төрийн захиргааны шалгалт өгөөд, төрд ажилд орж байгаа бүх хүнийг МАН-ынх л гэнэ. Өнгөрсөн дөрвөн жилд ажилд орсныг бүгдийг АН-ынх л гээд байдаг болчихоод байгаа юм. Энэ үнэхээр буруу зүйл. Залуучууд зүгээр л ажлаа хийсээр байдаг. Гэтэл ингэж тал талаас нь гүтгэж хэлмэгдүүлэх явдал үнэхээр их болсон.

    - Дүүргийн намын дэд даргаас та яагаад больсон бэ?
    - Дүүргийн Намын хорооны дэд дарга байхдаа би өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгчихсөн. Шударга бус зүйлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй зантай. Дагаад урсаад байдаггүй, үнэн зөвийн төлөө сөрөөд явчихдаг.
    - Таагүй мэдрэмж ирүүлэх ч юм уу, эсвэл шударга бус цохилт авангуут шууд ажлаас гарчихдаг байсан юм уу. Эсвэл цэргийн гэр бүлд өссөн нь илүү өөрийнхөөрөө зан чанартай болгосон юм болов уу ?
    - Аль аль нь л байгаа байх. Дээрээс нь би Германд найман  жил хүмүүжсэн гэж болно. Германы хүмүүжил тийм бол тийм, үгүй бол үгүй. Манай цэргийнхний хүмүүжилтэй ер нь адил. Хууль, дүрэмд юу гэж заасан байна тэрийг л дагаж мөрдөнө. Хэлсэн, ярьсандаа байна. Ийм хүмүүжил төлөвшил гэрээсээ болон тэр сайхан орноос авсан.

    Сонгинохайрхан дүүрэгт АН-ын Засаг даргатай байх үед томилогдсон хүмүүсээс одоо нэг нь ч байхгүй. Ийм байдлаас болж Төр маань тогтворгүй, чанаргүй, боловсон хүчин нь туниагүй байгаад байна. Нам солигдох болгонд тэр даргын хүн гэдгээр халж, сольдог асуудал байж болохгүй. Хөлд нь хэн үрэгддэг вэ, Монголын сайхан залуучууд, иргэд л үрэгдэж байна

    - Сүүлд “60 тэрбум”-ын сүлжээ гэсэн сэдэв гаргаж ирж  нүдлээ. Үүний хөлд олон гэмгүй залуус өртсөн гэж би хардаг. Таныг ч гэсэн учир битүүлэг юм руу оруулаад л явчих шиг болсон ?
    Ер нь тэрний хүн, энэний хүн гэдэг асуудал МУ-ын хөгжилд, залуусын амьдралд маш их тээр болж байна. Ийм асуудалд хавчуулагдаж, бие махбодиороо мэдэрсэн хүний хувьд улстөрд орж энэ бүх болж бүтэхгүй байгаа юмтай өөрөө тэмцье, өөрчилье гэж л би шийдвэр гаргасан. Өнөөдөр төрийн албаныхан тогтвортой болох гээд, мэргэшээд явж байтал, энэ тэр намын хүн байна аа гээд бүгдийг нь сольчихдог. Намынхан нь дотроо өмнөх даргын, тэр даргын хүн гээд бас сольчихдог. Тэгэхээр хийж хэрэгжүүлэх гэж байсан ажил, ажилтан бүгд шинээр эхэлдэг. Төр гэдэг бол сайн менежер байх ёстой. Хувийн компани хамгийн шилдэг хүнийг менежерээрээ авч ажиллуулдаг. Гэтэл Төр яагаад шилдэг хүмүүсийг ажиллуулж чадахгүй, өөрсдийн талын хүмүүсээр ажил хийлгэх гээд байна вэ. Сонгинохайрхан дүүрэгт байхдаа би төрийн захиргааны чиглэлээр докторантурт суралцахаар элссэн. Тухайн цаг үетэй холбоотойгоор “Төрийн албаны тогтвортой байдал Монгол Улсын хөгжилд нөлөөлөх нь” гэдэг сэдвийг судалгааны ажлын сэдвээрээ авсан. Яагаад гэвэл, дүүрэг дээр ч, хотод ч сонгуулийн дараа юу болдог билээ. Бид бүгдийг нь мэднэ. Бараг 100 хувь солигддог. Шинэ хүмүүс орж ирээд арай гэж гурван жил орчим ажиллаад ажилдаа зүгширч байтал төр солигдож байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт АН-ын Засаг даргатай байх үед томилогдсон хүмүүсээс одоо нэг нь ч байхгүй. Ийм байдлаас болж Төр маань тогтворгүй, чанаргүй, боловсон хүчин нь туниагүй байгаад байна. Нам солигдох болгонд тэр даргын хүн гэдгээр халж, сольдог асуудал байж болохгүй. Хөлд нь хэн үрэгддэг вэ, Монголын сайхан залуучууд, иргэд л үрэгдэж байна.
    Намайг хотын даргад заалнаас нэр дэвшиж байхад 60 тэрбумынх, өөр юу юу ч билээ баахан гүтгэлэг явуулсан. Хотын Засаг дарга “Ам нээвэл” гэдэг нэвтрүүлгээр С.Мөнхчулуун 60 тэрбумынх, МАНАН-ийн хүн гээд л ярьж байх жишээтэй. Яаж яваад би одоо тийм нэртэй болчихоод байгаагаа ерөөсөө ойлгодоггүй. Дүүргийн ИХ-ын дарга Х.Нямбаатар даргатай хамт М.Энхболд даргыг  УИХ-ын дэд дарга байхад нь цаг авч, дүүргийн асуудлыг ярих гэж 2015 онд уулзаж байсан. Төрийн захиргааны ажилтнуудын хувьд, дүүргийн ажилтнуудын хувьд УИХ-ын дэд даргатай уулзана гэдэг сүрдмээр л үйл явдал. Тэгж нэг хальтхан уулзалт хийж байсан. Түүнээс хойш огт уулзалдаж үзээгүй байж байгаад Д.Сумъяабазар даргатай хамт уяан дээр нь очиж байсан гэх мэт  хэд хэдэн удаа тааралдаж байсан. Тааралдаад за, Мөнхчулуун ажил нь сайн уу гэвэл миний нэрийг мэдэж байна даа гэж бодохоос өөр юм байхгүй.  
    - Таныг М.Энхболдын тогтоосон хотын бүтэц, схемэн дээр ажилласан гэдэг талаас харахаас өөр аргагүй юм л даа. Жишээлбэл, Ц.Сандуйтай таныг тийм ч сайн харилцаатай байгаагүй гэж хүмүүс хэлдэг. Гэтэл хоёулаа хамт намаас хөөгдсөн ?
    - Намайг Нийслэлийн Өмчийн Харилцааны газарт ажиллаж байхад Ц.Сандуй дарга Нийслэлийн Газрын албаны дарга байсан.  Дүүрэг, нийслэлийн дарга нар хүмүүсээс хэр хүндлэл хүлээж байгаа эсэх нь ер нь харагддаг л даа. Тухайлбал, Г.Мөнхбаяр даргыг тамгын газрын байранд явж байвал албан ажлаар уулзахааргүй л бол сүрдээд буцдаг байх жишээтэй. Цэрэг шиг л байдаг байсан. Бусад газар, хэлтсийн нартаа ч хүндэтгэлтэй ханддаг. Ц.Сандуй даргыг харж л байсан болохоос тулж уулзаж үзээгүй. Ер нь төрийн алба зэрэг дэв, цолоороо эрэмбэтэй байдаг байлаа шүү дээ. Зарим хүмүүс өөрсдийнхөө зарчимгүй, хүмүүжилгүй, боловсролгүй байдлаараа бусдыг харах гээд байдаг. Яг өөр шигээ санаж хүмүүсийг дуртайгаараа бодож, дуртайгаараа гүтгэж, янз бүрийн зохиол зохиож суудаг. Бидний үед нэг газар ажилладаг, ажиллаж байсан гээд найзархаж, нөхөрлөж явахгүй шүү дээ. Газрын дарга нар газрын дарга нартайгаа, хэлтсийн дарга хэлтсийн дарга нартайгаа харьцдаг байсан болохоор Ц.Сандуй дарга бол тээр хол л байлаа. 2016 онд нийслэлд дэвшихээр нийслэлийн намын хороон дээр очихдоо Ц.Сандуй даргатай уулзсан. Тэр үед ямар нэгэн татгалзах зүйлгүй, мөнгө төгрөг, тийм ийм шаардлага тавилгүй судалгаа хийж үзээд болох юм байна гээд дэвшүүлсэн. 
    - Ц.Сандуй дарга их хурдтай, шуурхай, бүх юм нь тодорхой хүн. Нийслэлд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулах гэж маш нарийн судалгаа хийлгэж, цаг наргүй  ажиллаж байсныг нь мэдэх юм.
    - Ц.Сандуй дарга төрийн албаны хүн.Төрийн захиргааны ажилтан хүн бол энэ ажлыг яаж хийх вэ, ямар асуудал байна вэ, ямар гарц байна вэ гэдгийг тодорхойлохдоо мэргэшсэн байдаг. Төрийн албанд ажиллаж байгаагүй хүмүүс төсөөллөөрөө ажлаа хийгээд тэр нь хөрсөндөө буухгүй байдаг. Ийм ялгаатай байдаг.

    Бид 1 өдөр идээд дуусах талх авахдаа л хатсан байна уу, хөгцөрсөн байна уу, амт чанар нь ямар юм бэ гэж шилж сонгож авдаг. Гэтэл 4 жил, цаашлаад 40 жил таны болон таны үр хүүхдийн амьдрах нийгмийг ямар байх вэ гэдгийг чиглүүлэх хүнийг сонгохдоо олны танил, намаар нь, багаар нь гэж сонгох нь буруу юм шүү. Харин энэ хүн ямар мэргэжил, ямар дадлага туршлагатай юм бэ гэдгийг нарийн судалж, нягталж байж өөрсдийн тань төлөө ажиллах хүнийг сонгоорой л гэж захих байна даа.

    -Та олон жил явсан намаасаа хөөгдсөн. Энэ бол хэзээ ч төсөөлж яваагүй зүйл байх. Та ер нь Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд таалагдаагүй юм биш үү. Энэ өнцгөөс хэн ч танаас асууж байгаагүй болов уу ?
    - УИХ-ын гишүүдэд үү. Тийм ээ, миний нэг сул тал байна. Цэргийн хүний гэр бүлд төрж өссөн нэг чанар байна. Төрийн хүний зарчмыг баримталж явахыг эрхэмлэдэг. 
    Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дэд дарга, Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нартай хамтарч ажиллаж байсан. Миний зан бол дарга руу өдөр бүр гүйж очдоггүй. Тийм байж үзээгүй. Д.Сумьяабазар гишүүн дүүрэг дээр уулзалт хийхэд үед нь л очдог байсан. Миний бодол бол хийсэн ажлаараа хүнд дүгнэгдэж, түүгээрээ тэр хүнд дэм болъё гэж боддог байснаас би цүнх барьж гүйдэггүй. Тэгээд бас намайг үгэнд ордоггүй гэж ярьдаг юм билээ. Би хүний үгээр ажиллах гэж биш ард түмнийхээ төлөө төрийн хуульд захирагдаж ажиллах гэж төр, улс төрд орсон хүн.
    - Намаас хөөхдөө нэг үндэслэл хэлнэ биз дээ. Та нарыг хөөхөөсөө өмнө ер нь уулзсан юм уу?  
    - Намын хяналтын хорооны дарга Д.Батбаатар дуудаад “За, С.Мөнхчулуун чамайг хотын даргад нэр дэвшвэл намаас хөөнө. Эсвэл өөр асуудал ярина” гэсэн. Өмнө нь  С.Амарсайхан гэдэг хүн мөн л намаас тулгаж өгсөн бодлогыг сөрж НИТХ-ын даргаар орж ирсэн. Намайг яагаад ялгаварлаж байгаа юм бэ? гэж асуусан. Чамайг хөөхдөө Ц.Сандуйтай хамт хөөнө. Яагаад гэвэл Ц.Сандуйг 60 тэрбумаар нь хөөнө. Чамайг тэр 60 тэрбумынхантай холбоотой гэж харагдуулна гэж надад шууд хэлсэн. Ийм л юм ярьдаг юм билээ. 
    - Намын удирдах зөвлөлөөс С.Амарсайхан даргыг Хотын дарга болгохоор бодлого оруулж ирэхэд та сөрсөн. Тэгснээрээ та намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн уурыг үнэхээр хүргэлээ шүү дээ.
    -  С.Амарсайхан дарга бол НИТХ-ын дарга болохдоо ч бодлого сөрж дарга болсон хүн. Дараа нь Нийслэлийн намын даргын сонгуульд Су.Батболд дарга бодлогоор орж ирсэн байхад Д.Сумъяабазар бодлого сөрж бас дарга болсон. Ер нь бол чөлөөт өрсөлдөөний зарчмаар явах ёстой шүү дээ. Бодлого биш тулгалт байх юм бол өрсөлдөх шаардлагагүй шүү дээ. Нам дотор эрүүл саруул өрсөлдөөн явж байна гэж харж байсан. Тэгэхэд дараа нь С.Амарсайхан гэж бодлого сөрсөн хүнийг дараагийн бодлого болгоод л оруулж ирсэн. Тэгвэл яагаад бид нар бас дэвшиж болдоггүй юм. Яагаад бидэн дээр намын шударга ёс, зарчим үнэт зүйл алдагдаад байна вэ гэсэн асуудал үүсч байгаа юм. Биднийг эхний санал хураалтын урьд өдөр Засгийн газрын ордонд дуудаж уулзсан. Хяналтын хорооны дарга болон намын олон удирдлагууд оролцсон. Бодлого сөрвөл хариуцлага тооцно гэсэн асуудлыг ярьсан. Намайг Нийслэлийн Засаг даргын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзсан. Надад хэн нь ч ялгаагүй намын гишүүд. Та нар дотооддоо учраа олоорой гэсэн. Гэсэн ч бүх юм өөрөөр л явсан даа.
    - Нийслэлийн Засаг даргад өрсөлдөөд та ялсан  хэдий ч Ерөнхий сайд  таныг батламжлаагүй. Үүний шалтгаан нь юу байсан гэж та дүгнэдэг бол ?
    - Нийслэлийн Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 43 төлөөлөгчөөс 24 нь намайг дэмжсэн. 30 хоногийн дараа Ерөнхий Сайд намайг үндэслэлгүйгээр буцаасан. Түүнийг нь би ахиад өрсөлдөөд үз гэж байгаа юм байна л гэж ойлгосон. Тэгээд дахиж өрсөлдсөн. Цааш нь юу болсныг та бүгд сайн мэдэж байгаа шүү дээ. Тэгээд яахав энэ нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд залуус бидэнд ухрах эрх байхгүй. Дараагийн шийдвэрээ гаргаад явж байна. Зорилгынхоо төлөө явна. 
    Намайг томилоогүй буцаасан шалтгаан нь С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга болгохгүй гэсэндээ биш С.Амарсайханыг Засаг дарга болгох ёстой гэсэнд л байсан юм. Одоо яахав дээ, эхний ээлжинд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд тойрогтоо хийсэн ажлаа иргэдээрээ дүгнүүлэх ёстой. Иргэдийнхээ санаа бодлыг сонсоно. Цааш нь дэмжих нь үү, үгүй юу гэдгийг харах ёстой. СХД-ээс НИТХ-д сонгогдоод дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Би өөрөө Сонгинохайрхан дүүргийн хүүхэд. Манай дүүрэгт Монгол улсын хүн амын 10% нь амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур маш олон иргэд амьдардаг. Санхүү эдийн засгийн хувьд татаастай байдаг. Дүүрэг бие даасан төсөвгүй гэх мэт олон асуудлууд байдаг учраас энэ бүгдийг шийдэхийн төлөө ажиллана.
    - Намуудаас УИХ-д нэр дэвшээч гэсэн санал их ирэв үү?
    - Намдаа гишүүнээр элсээч, манай намаас УИХ-д нэр дэвшээч гэсэн олон санал ирсэн. Гэвч миний хувьд намын бодлогыг сөрж, Нийслэлийн Засаг даргад заалнаас бие даан нэр дэвшээд ялалт байгууллаа гэж намын гишүүнээс хасагдсан болохоос өөрийн хүсэлтээр намаас гарсан хүн биш. Тиймээс одоогоор нам сонгох хүсэл алга. Харин нэр дэвшиж ялалт байгуулсны дараа өөрийн дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хөрсөн дээр буулгаж, ажил болгохын тулд шийдвэр гаргана гэж харж байгаа.
    - Таны хуучин намын удирдлагуудын ажлыг дүгнэвэл?
    - Намын удирдлагуудын алдаа оноог иргэд л дүгнэх байх. Иргэд сонгуулиар сонголтоо маш хариуцлагатай хийх ёстой.  Хэрвээ өмнөх сонголтоо зөв байсан бол сонголтоо үргэлжлүүлээд дэмжээд явах ёстой. Тааруу байсан бол хариуцлага тооцоод дараагийн хүмүүсээ сонгох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол сонгогчдын мэдэх асуудал.
    -Сонгогчиддоо хандаж юу хэлэх вэ? 
    -Сонгууль гэдэг та бүхэнд үндсэн хуулиар олгогдсон төр барих эрх юм. Тиймээс маш хэрсүү сонголт хийгээрэй! Бид 1 өдөр идээд дуусах талх авахдаа л хатсан байна уу, хөгцөрсөн байна уу, амт чанар нь ямар юм бэ гэж шилж сонгож авдаг. Гэтэл 4 жил, цаашлаад 40 жил таны болон таны үр хүүхдийн амьдрах нийгмийг ямар байх вэ гэдгийг чиглүүлэх хүнийг сонгохдоо олны танил, намаар нь, багаар нь гэж сонгох нь буруу юм шүү. Харин энэ хүн ямар мэрэгжил, ямар дадлага туршлагатай юм бэ гэдгийг нарийн судалж, нягталж байж өөрсдийн тань төлөө ажиллах хүнийг сонгоорой л гэж захих байна даа. Мөн мөнгө тарааж байгаа, хууль бус зүйлд уриалж байгаа, хууль бус зүйл шаардаж байгаа хүмүүсийг бүү сонгоорой! Сонгогдохоосоо өмнө хулгай хийж, сонгогдохоосоо өмнө авилгал өгч байгаа хүн бол цаашдаа таны боломжийг хулгайлах нь тодорхой гэдгийг сайн бодоорой гэж захих байна. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан