
Монголын түүхийн тайлбар толиос:
“... “Их засаг” нь цэрэг иргэний төрийн шинж чанар хийгээд нүүдэлчин ахуйн өвөрмөц онцлогийг тусгасан хууль гэдгээрээ онцлогтой.”
Цэрэнбалтав С., Минжин Ц., Тэмүжин-Чингис хааны
Их засаг хууль, УБ., 2006
-Таны бичсэн “Их Монгол Улсын үеийн шашин шүтлэгийн байдлыг хуульчилсан тухай” судалгааг уншсан. Өнөөгийн Монголын төр тухайн үеийнх шиг бүх шашинд адил тэгш хандаж чадаж байна уу?
-Монголын эзэнт гүрний хамгийн хүчирхэг байсан үзэл санааны нэг гол цөм нь хүн бүр өөрийн дуртай шашныг шүтэх эрхтэй гэдэг үзэл байв. Монголчууд бүх шашин эв найртайгаар зэрэгцэн оршдог тэр нийслэлийг Хархорум хотод бүтээж чадсан. Эзэнт гүрний хаад Мөнх хаан, Хубилай нар шашны хамгийн өндөр түвшний мэтгэлцээнийг ордондоо зохион байгуулж байсан. Энд нь Рубрук орж байсан. Хубилай дээр гэхэд бидний сайн мэдэх Марко Поло Христийн шашины төлөөлөгчөөр очиж байв. Хаад маань юу гэж сургасан гэхээр, хүний гар таван хуруутай байдаг. Таван хуруу өөр өөр хэмжээтэй ч хүнд хэрэгтэйн адил шашин болгон өөр хэм хэмжээстэй байна. Бид мөнх тэнгэрээ шүтдэг. Та нарт болохоор бурхан агуу сургаалиа хайрлаж ээ. Түүнийгээ дагахтун гэдэг нь Библийг хэлж байгаа юм.
Өнөөдөр яагаад аль нэг шашныг түрүүнд тавиад байна вэ гэж та асуулаа. Шашнууд дундаас хамгийн энэрэнгүй бөгөөд нигүүлсэнгүй, шинжлэх ухаанч нь буддын шашин гэдэг. Монголын нутаг дэвсгэрт суурьшсан он тооллынхоо хувьд ч, Монголын ахуйд шингэсэн зан заншлынхаа хувьд ч, буддын шашин хөрсөн дээр илүү буучихсан байна. Гэхдээ сүүлийн гучаад жилд Христийн шашин маш их газар авлаа. Тэдний тархалт хөдөө орон нутагт ч хүрсэн. Зүгээр л Монгол гэр дээр загалмай зүүгээд Христийн шашны сүм болоод явчихаж байна. Бид юунаас сэргийлж байна гэхээр энэ олон шашин Монголчуудын маань эв эеийг сарниулах вий гэдгээс болгоомжлоод байгаа юм. Энэ үүднээсээ шашинд хүндэтгэлтэй байх учиртай. Маш зөв бодлого хэрэгтэй. Төр нь шашнаа дээдэлж, шашин нь төрөө хүндэтгэнэ гээд манай хуулинд бий. Тэгж л ойлгоно.
-Та Монголын түүхийг сайтар судалсан хүн. Өнөө цагт манай түүх судлал хамгийн маргаантай байна. Түүхийн таван боть гэхэд хүрээлэнгээс нэг, Их сургуулиас нэг гээд өөр өөр хувилбар гарсан. Түүхийг өмчлөх, өөрийнхөөрөө тайлбарлах нь их болжээ...?
-Тийм. Жишээ нь, бид нарын нүдэн дээр хамгийн тод харагдаж байгаа нь МАН засгийн эрх авахаар тусгаар тогтнолын түүх МАН-ынх юм шиг санагддаг. 1921 оны хувьсгалыг илүү дөвийлгөх ч юм уу. Харин Ардчилсан нам гарахаараа Чингис хааны түүхийг түлхүү толгойлж, Сүхбаатарынхаа талбайг Чингис хааны талбай болгодог ч юм уу. Гэтэл түүх бол намын өмч биш. Хоёрт, Монголын түүх бол Монголын төрт ёсны түүх болохоос биш тухайн үеийн төрийг засаглаж байсан намуудын түүх бишээ гэдгийг л онцгой анхаарах хэрэгтэй. Төрт ёсны залгамж болохоос биш намын түүх биш байхгүй юу. МУИС-н гаргасан Монголын эзэнт гүрний таван ботийг унших уу, ШУА -ийн гаргасан таван ботийг сонгох уу гэвэл би хоёуланг нь уншсан. Тэмдэглэгээ хийсэн номнууд нь ч байна /Инээв/.
Түүхийн бүтээл, түүхийн сурвалж уншвал дөрвөн зүйлийг харах хэрэгтэй. Нэгдүгээрт, зохиогч нь хэн болох. Хоёрдугаарт, тэр зохиогчийн бичиж байгаа цаг үе нь ямар вэ? Монголын эзэнт гүрний үеийн түүхийг бичиж байхад тэр зохиогч нь эзэнт гүрний үеийн яг тэр үед амьдарч байсан уу? Эсвэл дараа үед амьдарч байв уу? Гуравдугаарт, зохиогч Монголын тухай бичлээ гэхэд дотор нь байж байгаад бичсэн үү? Гадна нь байж байгаад бичив үү? Дөрөвдүгээрт, тэр зохиол өөрөө ямар төрийн ивээл дор бичигдсэн бэ? Энэ дөрвөн үндэслэлээр зохиогчийн субъектив санаанаас түүхийн бүтээл гардаг. Мөн гадны нөлөөнүүд байна. Яг судлаачдын бичиж байгаа өнцгөөс харахад хэн ямар сурвалж дээр яаж ажилласан бэ? Анхдагч сурвалж нь хэн байсан бэ? Ямар маргаантай асуудлыг тайлбарласан бэ? гэж хардаг. Жишээ нь бидний мэддэг 1080 онд хамаг Монгол Улс байгуулагдсан тухайг МУИС-ын номон дээр өөрөөр бичсэн байх. Эсвэл Чингис хааны төрсөн газар хаана вэ? гэхэд л гурав дөрвөн газрыг нэрлэсэн байх жишээтэй. Яг чухам аль нь үнэн бичээд байна гэдгийг жирийн уншигч нар ялгахад ихээхэн бэрхтэй болчихсон. Гэхдээ дэлхийн түүхийг, Монгол улсын түүхийг, тэр тусмаа төрийн түүхийг албан ёсоор бичиж байгаа газар нь өнөөдрийн хувьд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи байна. Өөрөөр хэлбэл ШУА-н Түүх Угсаатны Хүрээлэнгийн эрдэмтэд одоо Монгол Улсын албан ёсны түүхийг гаргаж байна. Дээрээс нь МУИС-ийн эрдэмтэд олон улсад явсан, хүчтэй, чадалтай бас эх сурвалжтай. Тухайн эх сурвалжуудыг эх хэлээр нь ашигладаг, эх сурвалжуудыг дандаа өөрсдийн орчуулгаар ашигладаг тул давуу тал бас бий. Би хувь судлаачийнхаа хүрээнд ШУА-иас гарсан таван ботийг ч, МУИС-аас гарсан таван ботийг ч зэрэгцүүлээд үзэж байна. Санал зөрөх юм ч гарч байгаа.
Манай хууль Ром, Германы эрхзүйн системийн бүлд багтдаг
-Шударга шүүх, хууль ёс ярихаар олон нийтийн итгэл багасаад л байх шиг. Маш их шүүмжлэл явдаг. Дээр нь Монголд аливаа ажил хуулийн биш хүний засаглалаар явдаг тухай олонтаа уншиж байсан. 150 орчим хүмүүс гол шийдвэрийг гаргадаг гэсэн улстөрчдийн үг ч бий. Та төрт ёсны эрх зүйг их судалсан хүн. Манай улс хүний засаглалаас хуулийн засаглал руу хэзээ шилжих бол?
-Манай хууль бол онолынхоо үүднээс эрхзүйт төр ёсыг дээдэлсэн, эрхзүйт төртэй хуулийг гол жанжин шугамаа болгосон, хуулийнхаа хэлээр бол Ром, Германы эрхзүйн системийн бүлд багтдаг шүү дээ. Гэхдээ цаад нарийн углуургаар нь аваад үзвэл Монголчууд хүнээр засагладаг гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр хүнээр засагладаг. Зүгээр онолынхоо үүднээс өнөөдөр Ром, Германы эрхзүйн бүлд байгаа болохоор л хуулийг гаргаж батлуулаад хуулийн дагуу явж байна. Гэтэл Чингис хаан өөрөө хэлсэн байдаг юм. Миний дээр төр, төрийн дээр тэнгэр бий гэж. Тухайн үеийн эзэнт гүрний хаан өөрийнхөө дээр төрт ёс, төрийн дээр тэнгэрээс өөр юм үгүй ээ гэдгийг зарлаж байгаа юм. Тэгээд Чингис хаан хэлдэг “Засаг зөрчсөн хэнийг ч болов цаазла” гэж. Засаг гэж хуулиа хэлж байна. Монголын их засаг хуулийг зөрчсөн хэнийг ч болов цаазла. Хаан хүү байсан ч гэсэн засгаар болго гэсэн. Өөрөөр хэлбэл их хуралдайд ирээгүй учраас засгаар болго гэж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр Монголын төрийн тэргүүн, их хурлын дарга эсвэл их хурлын гишүүд гээд магадгүй бизнесийн олигархи том бүлэглэлүүд ч гэсэн хуулиндаа нөлөөлөх нөлөөлөл их болчихжээ. Төрийг төлөөлж байгаа төрийн албан хаагч шүүгч, прокурор хүн хуулиа хэрэгжүүлье гээд явж байхад улс төрийн нөлөө, ямар нэгэн хүний нөлөө орж ирээд аливаа шийдвэрүүд буруу зөв гарч байгаа эсвэл харилцан адилгүй ял шийтгэлийн санкцтайгаар гарч байгаа хэргүүдийг бид мэдэж байна.
- Хуулийн дараа нь Үндэсний аюулгүй байдлын асуудал байна. Юм л бол үндэсний аюулгүй байдал гэдэг болж. Будаа тарьсан ч, хоол хийсэн ч, хувцас оёсон ч ерөөсөө түрий барьдаг үг болчихсон юм биш үү?
- Худал зүйлийг мянга давтахаар үнэн болдог гэж манай Монголын нэг сайхан үг бий. Эсвэл аливаа зүйлийг хэт их ярихаар үнэ цэнээ алддаг. Корона гэхээр, өнөөдөр гадагшаа гараагүй, Монголд тархаагүй юм чинь гээд тоохоо больсон шиг, аливаа зүйлийг мянга дахин давтахаар үнэ хүндгүй болчихдог. Хүн болгон үндэсний аюулгүй байдал яриад ирэхээр ходоод өвдсөн ч үндэсний аюулгүй байдал, нэг нь ханиад хүрсэн ч үндэсний аюулгүй байдал болчихсон. Нэг талаасаа ингэж харагдаж байж болно. Нөгөө талаасаа МУ-ын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө хүн бүр зүтгэх ёстой эд эс нь шүү гэдгийг байнга сануулж байгаа хэрэг. Үүнийг хүн болгон мэдэж, хүн бүр үр хүүхдүүддээ сургаж байх ёстой гэж хэлмээр байна. Мэдээж түвшин нь өөр л дөө. Гол нь тунг нь тааруулж, тэнцлийг нь олно гэж үг байдаг. Тэрийг л хэлээд байна. Үндэсний аюулгүй байдалд ордоггүй, өртдөггүй зүйл гэж байдаггүй.
Таны эрүүл мэнд, таны өмсөж байгаа хувцас, микро түвшинд хэрэглэж байгаа хэрэглээний бүх зүйлс байна. Эсвэл макро түвшинд болж байгаа үнийн бодлого, банкны бодлого зэрэг том зүйлс орно. Түвшингийн хувьд л ялгаатай болохоос хүн болгон үндэсний аюулгүй байдлын дархлааг өөртөө зайлшгүй суулгах, үр хүүхдүүддээ зайлшгүй хэлэх ёстой. Оюутан залуусдаа хэлдэг нэг зүйл бол МУ-ынхаа тусгаар тогтнолын төлөө чи дуугарахгүй юм бол өөр хэн дуугарах юм бэ? Өсгөн хүмүүжүүлж байгаа охиндоо, хүүдээ үүнийг ярихгүй бол чамаас өөр ярих хүн байхгүй гэдэг. Тусгаар тогтнол, Аюулгүй байдал гэхээр, надад ямар хамаатай юм биш гэж бодож магад. Уг нь бол хүн бүрт хамаатай. Бензины үнэ савлахад бид маш соргог мэдэрдэг. Харин маш олон эрлийз хүүхэд төрөж байхад мэдэж байна уу?
Мөн өнөөгийн Архангайн Цэцэрлэгт болсон Наху Гүний тулаан байна. Наймантай байлдсан байлдаан шүү дээ. Нэг цэрэг таван гал асаав гэж гардаг. Гэтэл Хонгоржийн талд би очоод харсан чинь цэрэг болгонд түлэх мод байтугай аргал хомоол ч байгаагүй
-Дархлааг яаж суулгах вэ?
-Хүүхдийн хүмүүжлээ Монгол ахуйтайгаа уялдуулах учиртай юм. Түүх соёлоо үр хүүхдүүддээ хэлж тайлж өгөөсэй. Учир холбогдлыг нь зааж өгөөсэй. Тэгсэн цагт тэр хүүхэд Монгол хүн болно. Тэрнээс биш хүүхдийг багаас нь хэлтэй устай болгоё гээд англи хэлтэй цэцэрлэгт өгөөд л англи хэлний сургуульд өгөөд байхаар Монгол гэдэг мөн чанараа аажмаар гээгээд байна. Хамгийн түрүүнд Монгол чанар, Монгол ёсзүйг хүүхдэд суулгах хэрэгтэй. Энэ тал дээр засаг төрийн бодлого, боловсролын яам, гэр бүл гээд хүн бүр оролцох ёстой. Хувьсгал хийхэд хүн болгоны хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг шиг Монгол улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнолд хүн болгоны хичээл зүтгэл санал санаачилга хэрэгтэй байдаг.
-Олон улсын харилцаанд манай Монгол улс ямар стратегитай байдаг вэ? Төвийг сахисан бодлогын дараа олон улсын тавцанд ганцаардмал, эдийн засгийн талаасаа хөшүүрэг дэмжлэггүй, цэргийн холбоотонгүй улс л болчих шиг.
-Наполеоны үг бий. Хэрвээ чи цэрэг болъё гэвэл Чингисийн цэргээс суралцаа гэж. Америкийн шилдэг 780 гаруй менежрүүдийн дунд судалгаа хийгээд Чингис хааны менежмент бол байгууллагыг удирдах эсвэл том корпорацийг удирдах хамгийн шилдэг менежмент юм байна гэж судлаачид нь дүгнэсэн. Голч шударгуу, хүмүүсийн гавъяа шагналыг шударгаар үнэлэх, өөрчлөлтийг даган зохицох чадвар, хурд хүчийг сайжруулах ч гэдэг юм уу, энэ олон менежментийг нь судлаад Америкийн шилдэг менежерүүд Чингис хааны стратегиас судлах болсон. Гэтэл Бурхан байгаа газраа үнэ хүндгүй гэдэг шиг дэлхийг удирдсан удирдагчийнхаа стратеги тактикийг Монголчууд бид тоохгүй байна. Түрүүн та “Нууц товчоо”-ноос уншсан тухайгаа хэлсэн. Баахан амьтан ядрахаараа нийлээд, задрахаараа салаад эсвэл дайн тулаан хийгээд байдаг гээд... Миний нэг судлагаа бий. Дайн болгоныг задалсан судалгаа юм л даа. Дайны сургамж нь юу байв? Зарчим нь юу байв? гэх мэт... Жишээ нь бид нарын хамгийн сайн мэддэг Бөртийг буцааж авчирсан Буур хээрийн дайн гэхэд л зорилгоо биелүүлсэн бол цааш давралгүй яг зорилго биелэсэн газраа зогсож сурахыг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл эрснээ оллоо. Бөртэ: Тэмүүжээн, Тэмүүжээн гэж дуудахад Бөртийг олж, дайныг зогсоов гэсэн байдаг. Мөн өнөөгийн Архангайн Цэцэрлэгт болсон Наху Гүний тулаан байна. Наймантай байлдсан байлдаан шүү дээ. Нэг цэрэг таван гал асаав гэж гардаг. Гэтэл Хонгоржийн талдби очоод харсан Найман зуун жилийн өмнө мод ургаж байсан газрын тогтоц ч байгаагүй. Тэгэхээр, хэрвээ чи технологийг түрүүлж эзэмшсэн бол хүмүүсийн сэтгэлзүйд хамгийн хурдан нөлөөлж чадна гэдгийг хэлээд байна. Өөрөөр хэлбэл тостой бамбар ч юм уу, олон галыг зэрэг удаан хугацаанд асаах технологи байжээ дээ. Тэрнээс цэрэг болгон таван гал түл гэхээр нь хүн бүр мод хормойлж ирээд гал асаагаад, манаад суусан хэрэг биш л дээ. Гол нь айлгах тактик, технологи үзүүлсэн байна. Найманы хаан хэлдэг шүү дээ. Газар дээр одноос ч олон гал ноцов. Монголчууд чинь цөөхүүлээ гэсэн олуулаа юм биш үү гэдэг. Энэ л сэтгэлзүйн байлдаан юм. Их хааны хэлсэн үг бий. Сэтгэлийг нь дагуулж чадвал бие нь хаа холдох вэ? гэж. Санаа нь бол, юуны төлөө, ямар юмны төлөө зориглож зорьж байгаа тэр сэтгэлийг, сэтгэлзүйг бэлдсэний дараа байлдаанд ор гэсэн утгатай. Энийг өнөө цагт авчирвал хэрвээ ажилчдынхаа сэтгэлийг дагуулж чадвал тэд чамайг дагаж, ажил чинь урагшилна гэж байгаа юм. Зүгээр мөнгө амлах юм бол тэр хүн сая төгрөгнийхөө төлөө л ажиллахаас биш илүү санаачилгатай ажиллах юмсан гэх сэтгэл гарахгүй. Өө би ажлаа хийсэн. Өнөөдөр би энэ үзгийг хийсэн. Энэ үзэг сая төгрөг. Энүүгээрээ зарчихна л гэнэ. Гэтэл сэтгэлтэй хүн энэ үзэг барихад, бичихэд дарагдаад байна. Бичгийг нь эргүүлчих юмсан. Энэ үзгийг удаан хэрэглэхэд өнгө нь онцгүй юм байна. Эмэгтэй хүнд улаан өнгөтэй, эрэгтэй хүнд хар өнгөтэйг хийнэ. Аливааг хөгжүүлэх техник чинь сэтгэлийг дагуулахаар л бий болдог болохоос мөнгөөр хөгжихгүй. Тэгэхээр Монголчуудын сэтгэлгээний гол ялгаа бол хүн чанарыг таних юм. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг дагуулахад л оршино уу? гэхээс биш мөнгөний үнэ цэнийг дагадаг хүнээс амжилттай санаа гарахгүй. Магадгүй хэн нэгэнд би, за энийг сая төгрөгөөр хийгээрэй гэхэд нөгөө хүн мөнгөндөө тааруулж л хийнэ үү гэхээс илүү инноваци, санаачилга гаргадаггүй юм. Суурин нийгэм бол урт удаан жилийнхээ түүхийн турш мөнгөн дээр суурилсан нийгэм. Эхлээд мөнгөтэй бол. Хуримтлалтай бол. Тэгвэл хүчтэй болно. Хүчтэй байх юм бол чи эрх мэдлийг авна гэж сургадаг. Монголд болохоор хэрвээ чи хүн чанартай, мөн чанартай байх юм бол ард түмнийхээ сэтгэлийг дагуулж чадна. Тэд чамд хүч болдог. Тэгэхээр мөнгөөр худалдаж авсан хүч илүү амжилтанд хүрэх үү? Сэтгэлээр, зорилгоор нэгдсэн хүч илүү амжилтанд хүрэх үү? Бодоорой.
Хэрвээ чи технологийг түрүүлж эзэмшсэн бол хүмүүсийн сэтгэлзүйд хамгийн хурдан нөлөөлж чадна. Өөрөөр хэлбэл тостой бамбар ч юм уу, олон галыг зэрэг удаан хугацаанд асаах технологитой байжээ дээ. Тэрнээс цэрэг болгон таван гал түл гэхээр нь хүн бүр мод хормойлж ирээд гал асаагаад, манаад суусан хэрэг биш л дээ.
Тэгэхээр мэдлэг боловсрол чухал уу? Сэтгэл чухал уу?
-Боловсрол гэж юуг хэлэх вэ? Мундаг тэр Харвардын дипломыг уу? Энэ хуудас цаасыг үнэ цэн гэж харах уу? Монголд бол боловсрол, ухаан, хүмүүжил гэсэн гурван юмыг хардаг. Хүмүүжил нь хүний багаасаа авсан зүйл. Боловсрол нь системтэйгээр хүнд суулгасан мэдлэг юм. Ухаан нь байгалиас заяасан хүний тархины сав юм. Хоёр литр тархины савтай хүнтэй 5 литрийн ухаанаар яриад хэрэггүй байхгүй юу. Энэ гурван зүйлийг л ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Дээд боловсролтой хүн гэхээр ядаж арван ном уншсан, олны дунд мэндэлчихдэг, хүндэлчихдэг гэж тодорхойлдог. Гэхдээ цаана нь хар ухаан, өвгөдийн ухаан, Монгол ухаан гэж юм бий. Энийг боловсролоор хэмждэггүй. Энэ ухаан бол цаанаасаа өгөгдөлтэй зүйл. Хүн дөрөвдүгээр ангийн боловсролтой, бүр бичиг үсэг тайлагдаагүй байж болно. Гэхдээ байгалиасаа өгөгдөлтэй хүнд Харвардын боловсрол хэрэггүй.
-Та яагаад түүхч, хуульч болсон юм бэ?
-Дунд сургуульдаа би математикийн сонгонд явдаг байсан. Манай гэр бүлд аав эдийн засагч, ах эдийн засагч, эгч эдийн засагч, ингээд гурван эдийн засагчтай. Арван жилээ төгсөөд шалгалт өгөх болов. Багадаа тоондоо их сайн байсан. 45 дугаар сургуулийнхан одоо ч мэдэх байх. Манай аав: "айлд нэг хуульч, нэг эмч, нэг эдийн засагч, нэг сайн малчин байх хэрэгтэй юм байна. Малчин нь эрүүл хүнс, ахуйгаар хангачихна. Эмч нь эрүүл мэндийг үзчихнэ. Эдийн засагч нь санхүүгээ барьчихна. Дээр нь нэмээд сайн хуульч их хэрэгтэй юм байна" гэв. Ах, эгч эдийн засагч болохоор нэг өдөр аав надад, миний хүү ер нь хуулиар сурвал яасан юм бэ? гэлээ. Тэр үед би хууль гэдэг юмыг мэддэг ч үгүй байсан. Маргааш нь МУИС-д шалгалт өгөх байсан хүн чинь гүйж яваад Шихихутагт эрх зүйн шалгалт өгсөн чинь тэнцчихсэн. Манай гэр тэгэхэд Гачуурт тосгонд байв. Морь уяна. Яг тэр өдөр 7 дугаар сарын 7-ны өдөр Гачууртын баяр болж таарсан. Манай морьд уралдаад, найзууд цуглачихсан байлаа. МУИС-т шалгалт өгөхөөр бэлдэж өмссөн гоё цагаан цамц хар юбкатайгаа шууд л наадмын талбай дээр очсон. Хүүхэд л болсон хойно, өө би хуулийн сургуульд орчихсон юм чинь дахиж шалгалт өгч хэрэггүй гээд л хуулийн сургуульдаа орчихсон. Нэгдүгээр курст түүхийн хичээлийг Ж.Болдбаатар академич заадаг байв. Монголын төр эрхзүйн түүх гээд. Түүхийг маш сайхан тайлбарлана. Тэгсэн түүхийн шалгалтан дээр “Асуултаа ойлгохгүй хүнээс ямар хариулт авах юм. Чи гар” гээд унагаачихдаг байна. Би хариад аавдаа “Багш их буруу байна. Гурван асуулттай шалгалт байсан. Нэг асуултыг нь би буруу хариулсан байна. Ядаж нөгөө хоёр асуултыг маань асуугаад надад гурав ч юм уу, сайн ч юмуу тавьчих байсан юм” гэж хов мэдүүлж байлаа. Аав тэгсэн “Миний хүү шалгалтандаа унаж үзэлгүй оюутан болно гэж байхгүй. Дахиад шалгалтандаа ор. Сайн уншаарай” гэв. Давтан шалгалтаа сайн уншиж ороод Чингис хааны байлдан дагуулал гэсэн асуултанд хариулж ярив. Ж.Болдбаатар багш над руу харж байснаа “Чи уул нь онц авахаар ярилаа. Даанч дахин шалгалт учраас нэг дүн бууруулна” гээд сайн тавьж байсан. Яг тэр мөчөөс хойш би түүх сонирхож эхэлсэн. Өөрөөр хэлбэл хуулийн сургуулийн нэгдүгээр курсийн шалгалтанд унасан тэр өдөр амьдралын эргүүлэг болсон. Тухайн үед дүрслэх урлагийн сургуулийн Төмөрийн Рэгзэн гэж зураач залуу байв. Тэрүүгээр нууц товчооны дүрүүдийн зургийг зуруулна. Би түүхийн хэдэн ном уншчихаад Сүбээдэй баатар зүүн гар нь шархтай, нүдэндэй сорвитой гээд ганц сурвалжаас уншсан мэдээгээ баяжуулаад дүр төрхийг нь гаргаад нөгөө залуугаар зуруулаад бид хоёр “Ардын эрх” сонинд дөрөвний нэг нүүрээр Ц.Минжингийн булан гэж нийтлүүлдэг байв. Чингис хаан, Өгөөдэй хаан, хатад, есөн өрлөг гээд яг дөрөвний нэг булантай. Ингэж сонинд бичиж эхэлснээс хойш түүхийг улам сонирхож эхэлсэн. Бичих тусам мэдэхгүй зүйл их гарна. Аавд монгол бичгийн маш олон ном байсан. Аавтайгаа сууж байгаад л, энийг уншаад өг, Чингис хаантай холбоотой онуудыг нь түүгээд өг гээд ааваараа монгол бичиг уншуулаад тэмдэглэдэг байлаа. Харин өөрөө кирилл номууд уншиж түүх сонирхох, түүх бичих, гараа эхэлсэн гэж хэлж болно. Тэгээд Их засаг хуулиараа магистраа, бас доктороо хамгаалаад дараа нь Их засгаараа түүхийн хүрээлэнд ажилласан. Хүний амьдралын эргэлт гэдэг сонин шүү.
Тэгэхээр хэрвээ суурь философио ойлгох юм бол асуудлыг яаж л бол яаж эргүүлнэ. Гуравт нь техникийн ном унш гэе. Техник ойлгодог хүний сэтгэлгээ хурдтай байдаг.
-Таны хүндэлдэг түүхч хэн бэ?
-Хамгийн түрүүнд академич Ж.Болдбаатар багшийгаа хэлнэ. Мөн зэрэгцэж хамт ажиллаж байсан түүхийн хүрээлэнгийн хамт олныг хэлнэ. Тэгээд би залуу үеэ хэлнэ. Бүгд л үе үедээ мундаг хүмүүс байхгүй юу. Тэд нараас л суралцаж байна.
-Танайх хурдан морь уядаг айл. Та хурдан морь унадаг байв уу?
-Хурдан морь унадаггүй. Гэхдээ морь сайн унадаг /инээв/. Би долдугаар ангиасаа морь унаж сурсан хүүхэд. Аль хэзээний хурдан мориноос бол томдчихсон. Гэхдээ уяа тойруулна гэж юм бий. Тэгж хурдан морийг уяа тойруулахдаа байнга гишгүүлдэг байв. Ер нь бол моринд дажгүй шүү. /Инээв/
-Та өглөө хэдэн цагт босдог вэ?
-Хүмүүс өдөр болгон 5:30 -д босно гээд 5 цагт сэрүүлгээ тавьдаг даа. Би бол за маргааш өглөө эрт ажилтай шүү гээд унтахад яг тэр өглөөдөө цагаасаа өмнө босчихдог. Ерөнхий сэрэх хэмжээс нь бол өглөөний 6 цаг. Хүн сэрнэ гэдэг бол нойр ханасны шинж, сэрсэн л бол босч бай гэж аав минь хэлдэг байв. Энийг багаас суулгаад өгчихсөн. Тэгэхээр миний нүд хэзээ нээгдэнэ тэр цагт шууд босдог. Сэрчихээд орондоо хэвтээд, утсаараа оролдоод хэвтээд байдаг хүмүүс байдаг даа. Надад тэгж хэвтэх гэдэг ойлголт байдаггүй. Сэрлээ л бол шууд босдог. Хүн зуун багштай байгаад өөрөө сахилга батгүй бол мянган шилдэг багш ч хэрэг болохгүй шүү дээ. Хүний хичээмтгий байх, хичээл зүтгэл гэдэг бол цэвэр өөрөөс нь шалтгаалдаг.
-Сахилга бат, хариуцлага гэдэг үг бидний өдөр тутмын амьдралд их цөөн таардаг болсон юм шигээ?
-Сахилга батын тухай би юу гэж хэлдэг вэ гэхээр, чи хэрвээ хүнд за гэж хэлсэн бол өөрийнхөө биелүүлж чадахыг л хэлсэн байгаа. Тиймээс хэлснээ заавал биелүүл гэдэг юмыг өөртөө болон шавь нартаа зааж өгдөг. Энэ бол сахилга бат байхгүй юу. Чи өнөөдөр 12 цагт уулзана аа гэсэн бол 12 цагт хүлээж бай. Ямар ч нөхцөл байдал гарсан байсан чи заавал хүлээж байх ёстой. Магадгүй чамд тэвчээр хэрэгтэй, ухаан хэрэгтэй байх. Гэхдээ сахилга бат гэдэг юмыг үргэлж өөрөө өөртөө хариуцлага гэж харж байх ёстой.
-Та одоо ямар ном уншиж байна?
-Монголын эзэнт гүрний таван ботийг харьцуулж уншлаа.
-Залуу хүмүүст уншууштай гурван номыг зөвлөөч гэвэл та ямар зөвөлгөө өгөх вэ?
-Хамгийн түрүүнд түүхийн ном унш. Гэхдээ түүхийг уншихдаа зүгээр “байжээ”-гийн түүх уншаад хэрэггүй. Чингис хаан байжээ. Байлдаан хийжээ. Ялалт байгуулжээ. Ингээд дуусчээ гэдэг. Оронд нь яагаад гэдэг асуултанд хариулж унш. Чингис хааныг 17-той залуу байхад 18-тай эхнэрийг нь булаагаад явчихлаа. Яагаад тэр дор нь эхнэрийнхээ хойноос хөөсөнгүй вэ? Энд л ухаан зарж байна. Яагаад заавал Ван хан дээр очсон бэ? Яагаад заавал Жамухаас тусламж эрсэн бэ? Яагаад тэд нарыг хүлээж зургаан сар болов? Яагаад гэдэг асуултанд хариулж уншвал түүх илүү амттай болно. Тэгээд асуусныхаа дараа яаж би энэ тактикийг өөрийнхөө амьдралд оруулж ирэх вэ? Монголын ЗА андгайг орчин цагт тусгаж болзооноосоо хоцрохгүй байх вэ? гэдэг ч юмуу, бүх юмыг асууж, уншиж байж түүхийн ном үр шимээ өгдөг. Дараа нь би философийн ном унш гэж зөвлөнө. Хэрвээ суурь философио ойлгочих юм бол тулгуурлаад ямар ч өөрчлөлтийг хувиргаж болно. Суурь философи нь улс төрийн намд ч гэсэн ялгаагүй. Соцдекээр явдаг нь нэг хэсэг байна. Либериал нэг хэсэг байна. Гэтэл дөнгөж элссэн шинэ гишүүн соцдекээ ч мэдэхгүй либериалаа ч мэдэхгүй нам нь ямар үзэл баримтлалтайгаа ч мэддэггүй. Тэгэхээр хэрвээ суурь философио ойлгох юм бол асуудлыг яаж л бол яаж эргүүлнэ. Гуравт нь техникийн ном унш гэе. Техник ойлгодог хүний сэтгэлгээ хурдтай байдаг. Сэтгэлгээний хурд гэдэг бол ерөөсөө л хариу үйлдэл үзүүлж байгаа тэр хурд байхгүй юу. Хэрвээ түүхийг ойлгох юм бол ирээдүйгээ харж чадна. Хэрвээ философитой бол суурь дэвсгэрээ сайн тавьж чадна. Хэрвээ техник буюу логик сэтгэлгээтэй бол аливаа юмыг хурдан реакцалж чадна. Хүнд ер нь энэ гурван мэдлэг байхад асуудлуудыг яаж л бол яаж шийднэ. Тэгэхээр энэ гурван төрлийн номыг уншаарай.
-Тун хэрэгтэй зөвлөгөө байна. Та өдөр тутмын ажлаа яаж төлөвлөдөг вэ?
-Хамгийн чухал ажлаасаа эхэлдэг. Стратеги судалгааны хүрээлэнд байхад хамгийн тэргүүлэх ажил бол төрийн ажил байв. Дараагийнх нь судалгааны ажил. Тэгээд зохиол бүтээл, найз нөхөд. Гэхдээ ажлыг эрэмбэлж харахаас илүү цаг хугацааны хуваариар нь ангилдаг. Хамгийн яаралтай, нэн яаралтай, за энийг ямар ч байсан ажлынхаа заваар хийж дуусгана даа гэсэн байдлаар... Хүмүүс асуудаг юм. Минжээ чи яаж энэ бүхнийг амжуулж байна гээд. Судалгаагаа ч хийдэг, номоо ч бичдэг, найзуудтайгаа ч уулздаг. Би долоо хоногийн нэг өдрийг яг өөртөө зориулдаг. “Хоризон” гээд уулын алхалтын клубынхантайгаа алхах, эсвэл найзуудтайгаа дугуй унах, эсвэл хүүхнүүдээрээ нийлээд кофе уугаад нэг сайхан суудаг. Тэгж байж миний амьдрал аль аль талдаа тэгш хэмтэй явдаг. Бид чинь залуу байна. Одоо яаж байна гэхээр, Бид нарын үеийнхэн идэр үе рүүгээ ороод ирлээ шүү дээ. Одооны залуучууд 25-тайдаа ипотекийн зээл авчихаж байна. Ипотекийн зээл аваад 20 жил зээлнээс зээлний, цалингаас цалингийн хооронд амьдардаг. Тэр хүнд юу бодогдох вэ гэхээр хамгийн түрүүнд зээлээ дарах нь гол зорилго болно. Зээлээ дарах гэж ургах нарнаас шингэх наран хүртэл ажиллаад 20 жилийн дараа ипотекийн зээлээ өгөөд дуусахад залуу нас нь зэрэгцээд дуусчихсан байдаг. Уг нь залуу цагтаа Монгол улсынхаа төлөө зүтгэх, дуугарах, ихийг хийх ёстой байдаг. Үнэ цэнтэй зүйлүүд чинь зөвхөн ахуй буюу мөнгөний системд орчихоор хүнд өөр зав чөлөө гардаггүй. Энэ бол цаад утгаараа гадаадынхны, харийн технологи шүү дээ. Ипотекийн зээлээр залуучуудыг уях технологи юм. Бидний залуу насанд ипотекийн зээл байсангүй. Бидний залуу нас гар утсанд уягдсангүй. Бидний залуу нас илүү амьд, илүү байгаллаг илүү бие биетэйгээ харьцсан тийм нийгмийн харьцаанд байсан учраас оюутан цагаа эргэн дурсахад өнөөгийн оюутнаас илүү жаргалтай байсан нь харагддаг юм. Одоогийн оюутныг харахаар гоё байна л даа. Гоё утастай, гоё макбүүктэй, бүх юмаа интернэтээр сурчихдаг. Бүх юмаа дэлхий ертөнцөөс татаад авчихдаг. Гэхдээ л манай үеийнхэнд сэтгэл гэдэг юм байдаг байхгүй юу.
-Эргээд харахад амьдралдаа хамгийн их харамсал төрж байсан үе бий юу?
-Аавыгаа алдахдаа л харамссан.
-Бас хязгааргүй баяр төрж, аз жаргалтай байсан үе?
-Доктор хамгаалаад ээжтэйгээ хамт тайзан дээр зогсож байхдаа аз жаргалтай байсан. Яагаад гэвэл би аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн.
-Цаашид олон сайхан мөрөөдлүүдээ биелүүлээрэй. Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Сэтгэгдлүүд : 0