
Ном уншиж буй хүүхэд тунгаан бодож, сэтгэж байдаг. Сэтгэж буй хүүхдийн тархинд гэрэл хэзээд тусч байдаг. Гэрэл байгаа цагт өнгө ялгардаг. Бороо хур нартай зэрэгцэхэд тэнгэрт солонго татдагтай адилхан зүй тогтол юмуу даа. Хүүхдийн ном уншихгүйгээр том хүн болдоггүй гэлцдэг. Тэгэхээр хүүхдийн ном зөвхөн хүүхдийн биш томчуудын хувьд ч чухал. Энэ салбарт ажиллаж буй Nepko kids-ийн
үүсгэн байгуулагч, "Улаанбаатрын өнгө" хүүхдийн номын уралдааны санаагчлагч Б.Цолмон, Б.Оюунчимэг нарыг сэтгүүлийнхээ зочноор урив. Аюуд tower-ийн оффист нь уулзахдаа ярилцлагын гарчгаа дотроо бодож суув.
Өнгө нэмэгчид...? Яагаад болохгүй гэж...?
Tэд хүүхдийн сэтгэлд, зүрхэнд, ухаанд өнгө нэмж яваа шинэ цагийн залуус мөнөөс мөн.
Манай нилээн гайгүй зохиолч, яруу найрагч хэдэн цуврал хүүхдийн ном гаргасныхаа дараа нэгэн ярилцлагадаа хүүхдийн уран зохиолын салбар ашиг багатай, эрсдэл ихтэй гэсэн байсан. Гэр бүлээрээ энэ салбарт ажиллаж байгаа болохоор та хоёроос хамгийн түрүүнд энэ асуултыг л асууя гэж бодож явлаа?
Б.Цолмон: Ашигтай, маш ашигтай салбар. Хамгийн гол нь мөнгөөр хэмжихийн аргагүй. Бидний хүүхдүүдтэй цуг өсөж буй хүүхдүүд ирээдүйд ямар ч хүн болж болно. Тэд өсөж томрон нэг нийгэмд ажиллаж амьдарна. Хэрэв тэр үед аль нэг нь зөв төлөвшөөгүй бол хэцүү. Тиймээс өнөөдрийн хийж буй ажил маань хүүхдүүдийн ирээдүйд өгч байгаа хөрөнгө оруулалт юм. Ямар ч бизнес ашигтай байх хэрэгтэй гэдэг. Заавал ашигтай байхгүй ч алдагдлаа нөхдөг байх зорилготой гэх юм уу даа. Ашгийн бус байгууллага гэдэгтэй адил. Ашиг нь гэвэл хүүхдүүдэд өгч буй мэдлэг боловсрол хэдхэн жилийн дараа мэдэгдэхүйцээр эргээд ороод ирдэг. Манай номуудыг уншиж байсан хүүхдүүд хоёр сонгуулийн дараа гэхэд 20 гаруй настай залуус болсон байна.
Б.Оюунчимэг: Бидний хийж буй бизнес өөрийн болон бусад хүүхдэд хэрэгтэй. Мөн хувь хүний сонирхлоос улбаатай. Үүнээс гадна олон улсын хүүхдийн номын үзэсгэлэнгээр явахдаа хүүхдийн номны нийтлэгч нартай уулзахаар номоо маш сайн тайлбарладаг. Энэ номыг хийхийн тулд ингэсэн, номоороо дамжуулж ийм зүйлийг хэлэхийг хүссэн гээд маш сургамжтай юмс ярьдаг. Би дараа нь манай монгол номуудыг яаж хийдэг юм бол гэж бодсон. Гадаадын номын стандартыг чадах чинээгээрээ оруулж ирэх хэрэгтэй гэсэн үүднээс бизнесээ эхэлсэн.
-Найзтайгаа номын дэлгүүр орлоо. Найз маань дөрвөн настай хүүхэддээ уншаад өгөх аятайхан ном хүүхдийн номын тасагт нь хайсан. Авах ном олдоогүй. Нөгөө л нэг монгол ардын үлгэрийн эмхэтгэл, эсвэл төвөгтэй орчуулгатай гадны номууд. Монголд ер нь хүүхдийнхээ насны онцлогт тохирсон ном олох бэрх юм биш үү?
Б.Оюунчимэг: Бид нар зах зээлд хүүхдийн номын түүвэр судалгаа хийж үзэхэд нийтлэг анзаарагдаж байгаа зүйл нь нийт номын талаас илүү хувь нь монгол контентууд байгаа юм. Гэхдээ ихэнх нь буддаг, зурдаг номууд. Мэдээж өөр бусад төрлийн номууд бий ч энэ ном тэдэн насны хүүхдэд зориулсан гэсэн шошгоо огт хийдэггүй. Ингэхээр хүүхдийнхээ насны онцлогт тохирсон ном олоход төвөгтэй болдог. Гадны жишгээр бол хүүхдэд ямар мэдээллийг, ямар өнгийг хүлээж авах боломжтой насны ангилалд нь үндэслэн зохиолоо бичээд, хэвлэдэг. Манайд энэ тал нь хөгжөөгүй нь дутагдалтай санагддаг.
Б.Цолмон: 0-4 насны хүүхэд үндсэн таван өнгийг хүлээж авдаг. Үүнд нь тохируулан номоо хийвэл зүгээр гэсэн үг. Монгол гэхээрээ л туйлширч, шар тос, мал аж ахуй гэх мэтийг дүрсэлдэг. Гэтэл өнөөдөр өсөж, торниж буй хүүхдийн орчинд тийм зүйл байхгүй бол хүүхэд хүлээж авч чадахгүй. Аав, ээж нь үүнийг их тулгадаг. Хүүхэд сурах ёстой нь зөв боловч эхлээд ном унших дуртай болгохын тулд мэдэхгүй ертөнцийнх нь тухай ярих буруу. Харин тухайн өсөж торниж буй орчинтой нь ойрхон юмсыг илүү дөхөм хүлээн авдаг.
Б.Оюунчимэг: Манайх олон улсад гарсан хүүхдийн зохиолчтой. Ж.Дашдондог гуай харамсалтай нь өнгөрсөн. Бид Улаанбаатарын өнгө уралдаанаараа шинээр гарч ирж байгаа хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураачдыг илрүүлэх зорилготой байсан. Хүлээлтээс давсан сайн бүтээлүүд олон ирсэн. Хэрэв бид өөрсдөө шүүсэн бол нэлээн эргэлзэж, хүндрэлтэй байх байлаа. Аз болоход гаднын гурван том шүүгч олон улсын стандартаар нь шүүсэн. Тухайлбал, энэ номын текст нь зураг, өнгөтэйгөө уялдаж чадаж байна уу. Зарим номонд амьтны дуу оруулах хэрэгтэй гэдэг ч юм уу нэлээн үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн. Хэрэв энэ уралдаан цаашид жил бүр үргэлжилбэл Монголын хүүхдийн зохиолч, зураачдын бүтээлийн чанар дээшилнэ гэж бодож байна.
-Хүүхдийн номыг хэвлэнэ гэдэг нэг хэрэг. Хэвлэснийхээ дараа яаж уншуулах бас нэг асуудал. Орчин үед ном уншихаасаа илүү ээж аавынхаа утсыг авч тоглодог хүүхдүүд олон байна. Технологийн хөгжил, цаг үе маань ч ийм болж. Тэгэхээр хүүхдэд ном уншуулах арга байвал манай уншигчдад зөвлөөч?
Б.Оюунчимэг: Бид хэчнээн сайн сурталчилгаа хийсэн ч айлын хүүхдийн амьдралд нөлөөлөх аргагүй. Хүүхдэд ном уншуулах нь эцэг эхийнх нь үүрэг юм. Энэ ном танай хүүхдэд юу өгч чадах вэ гэдгийг эцэг эхэд нь тайлбарлах илүү үр дүнтэй болохоос хүүхдийг нь бол ятгах амаргүй. Ном бүр хүмүүжлийн, сэтгэлзүй талаасаа хүүхдийн төлөвшилд өндөр ач холбогдолтой байдаг. Эцэг эхчүүд эхлээд контентоо ойлгоод хүүхэддээ хүргэх нь чухал.
-Гадаадын хүүхдийн зохиолууд монгол хэлээр цуврал хэлбэрээр, хэд хэдэн ботиороо орчуулагдах болсон. Гэхдээ зарим орчуулгыг бол хүүхэд битгий хэл том хүн ойлгохооргүй байх юм. Яавал хүүхдийн номны орчуулга сайжрах вэ?
Б.Оюунчимэг: Миний бодлоор насанд хүрэгчдийн номыг орчуулахаас илүүтэй хүүхдийн ном орчуулах нь хүнд. Тиймээс хүүхдийн ном орчуулахад орчуулагч нар халширдаг. Үг болгоныг бодож орчуулахгүй бол хэцүү. Том хүн, хүүхэд яаж ойлгохоос эхлээд хэтэрхий энгийн үгээр бичихээр ном уншиж буй хүүхдийн үгийн баялагт тус нэмэр өгөхгүй гэж шүүмжлэх тохиолдол байдаг. Үгээ сонгох хэцүү. Яг хүүхдийн ном орчуулах чиглэлийн орчуулагчид байх хэрэгтэй. Эсвэл хүүхдийн номын орчуулгын мэргэжлээр мэргэшихгүй юмаа гэхэд, туршиж үзэх хэрэгтэй байх. Орчуулсан орчуулгаа цэцэрлэгт хүүхдүүдэд уншиж өгөөд, ойлгож байгаа үгүйг нь харж, орчуулгаа засаж болно.
Б.Цолмон: Одоо цагт соёлын ялгааны зөрүү ихсэх болсон. Тэндэхийн зүйр үг, Монголын зүйр үг гэдэг ялгаатай. Тэр болгоныг таарч, тохируулж орчуулна гэдэг амаргүй. Би Оюунааг ажлаа хийж байхад нь харж байсан /инээв/
-Гадаадын хүүхдийн номын үзэсгэлэнгүүдээр явсан байх. Өнөөгийн дэлхийн хүүхдийн уран зохиолын хандлага нь хаашаа чиглэж байна вэ? Манга зураг, эсвэл дижитал цаас холимог гэх мэт аль тал руугаа хөгжиж байна?
Б.Цолмон: Солонгос, Ази тал руугаа илүү цахим ном, и-бүүк гэх мэт хэлний сургалтын тал руугаа явж байгаа юм шиг санагдсан.
Б.Оюунчимэг: Гэхдээ уламжлалт цаасан хэвлэл давамгайлсаар байгаа. Өнөөдөр дэлхий даяар хэдэн зуун мянган хүүхдийн ном, хэвлэлийн газрууд бий. Сүүлийн жилүүдэд бүр нэмэгдсэн. Италид болдог хүүхдийн номын хамгийн том үзэсгэлэн дээр үүнийг анзаарсан. Азийг хамарсан Шанхайн хүүхдийн номын үзэсгэлэн гэж бий. Хүүхдийн номны үзэсгэлэн үндсэн номын үзэсгэлэнгээсээ тусдаа бие даан хөгжиж байгаа. Зөвхөн энэ жишээнээс л хэвлэн нийтлэгчид болоод хүүхдийн уран зохиолын салбар хэрхэн өсөж, хөгжиж байгааг харж болно. Чиглэлийн хувьд манга, комик нь бие даасан төрөл ч юм. Тиймээс тэр тал руугаа хошуурч байна гэж хэлэх хэцүү. Жил болгон нийгэм эсвэл олон улсад болж байгаа том үзэгдлүүдийг дагаад сэдэв нь өөрчлөгддөг. Одоо байгаль орчин, экологийн номууд илүү трэнд болж байна. Энэ бас дахиад өөрчлөгдөх байх.
Бид хэчнээн сайн сурталчилгаа хийсэн ч айлын хүүхдийн амьдралд нөлөөлөх аргагүй. Хүүхдэд ном уншуулах нь эцэг эхийнх нь үүрэг юм. Энэ ном танай хүүхдэд юу өгч чадах вэ гэдгийг эцэг эхэд нь тайлбарлах илүү үр дүнтэй болохоос хүүхдийг нь бол ятгаж чадахгүй.
-Дэлхийд хамгийн их алдаршиж байгаа хүүхдийн зохиолч гэвэл?
Б.Оюунчимэг: Хэлэхэд хэцүү юм. Хүүхдийн номын зохиолыг алдаршуулахад гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс бол хэвлэн нийтлэгчид. Тухайн ном хэдэн хэлээр хэвлэгдэж, хэдэн хүүхдэд хүрч байна гэдэг тусдаа үзүүлэлт. Насанд хүрэгчдийн номыг авч үзвэл Нобелийн шагналт зохиолчийнх гэвэл илүү хошуурдаг шиг хүүхдийн номон дотроо Нобелийн шагнал нь Ханс Кристиан Андерсоны шагнал байлаа гэхэд тийм шагналтай зохиолчдын номыг хэвлэхэд тэр ном нь илүү хүмүүст хүрдэг ч юм уу. Адилхан хандлага бий.
Б.Цолмон: “Үлэг гүрвэлийн гарын авлага” гэсэн нэртэй энэ номыг 12 настай Канад хүү гүрвэлийн тухай өөрийн ойлголт дээрээ тулгуурлаж бичсэн. Энэ ном хэд хэдэн хэлээр орчуулагдаж, хэдэн мянган хувиар хэвлэгдсэн.
Б.Оюунчимэг: Энэ номыг Нэпко хэвлэсэн. Номыг анх хараад манай монгол хүүхдүүд ч гэсэн юугаар дутах вэ? гэж бодсон. Хүүхэд бичсэн зохиол нийт хүүхдийн номын нэг хувьд ч хүрдэггүй. Тиймээс энэ ном олон улсын зах зээлд хүч түрэн гарч ирсэн. Яагаад монгол хүүхдийн бичсэн ном байж болохгүй вэ? гэж бодсон.
-Та хоёр хамгийн их хүндэлдэг хүүхдийн зохиолчоо нэрлээч?
Б.Оюунчимэг: Ямар хэцүү асуулт вэ. Сүүлд Марк Хаддоны The Curious Incident of the Dog in the Night-Time гэдэг номыг уншсан. Их сонирхолтой санагдсан. Монгол хэл рүү орчуулагдаагүй. Нилээн хэдэн жилийн өмнө хэвлэгдэхэд нь шүүмжлэгчид Харри Поттероос илүү олон нийтэд хүрэх зохиол гэж хэлж байсан. Гэхдээ Харри Поттер шиг бестселлер болж чадаагүй. Бидний мэдэхгүй өөр өнцгийг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар харуулсан зохиол. The Ассountant гээд киноны Бен Афлекийн бүтээсэн дүртэй адилхан нэг төрлийн аутизмтай, өөрт нь, юманд нь хүрэхээр уурладаг, хоолоо идэхдээ хүртэл шош гэх мэт бүх зүйлийг нь ялгаж байгаад иддэг хүүхэд хөршийнх нь нохой яагаад алагдсаныг мөрдөж байгаа тухай өгүүлдэг. Тэр хүүгийн дотоод ертөнцийг зохиолч нэг бодлын айж өрөвдтөл, нөгөө бодлын ойлготол нь харуулсан гоё зохиол байсан. Тэр зохиолчид л дурлаад байна. /Инээв/ Өөр номыг нь ч гэсэн уншина гэж бодож байгаа.
Б.Цолмон: Хятадад Цао Вэн Шуаны номнууд алдартай. Үзэсгэлэн дээр тааралдсан хүмүүс маш их шүтэж, цуг зургаа авахуулдаг. Эсвэл маш хүндэлж, тойрч гарч байгааг нь харсан. Олон тэрбум хүнд хүндлэгдсэн хүн гэхээр ямар аугаа нь харагдаж байгаа биз. Монголоосоо хүүхдийн зохиолч Ж.Дашдондог гуай байна. Монголд хүүхдийн зохиол байдаг гэдгийг дэлхийд таниулан, шүлэг, дуу зохиож, ”тэмээтэй номын санг” анх байгуулсан. Хүүхдийн номын хэвлэлийн газрууд ч Ж.Дашдондог гуайг мэддэг юм билээ. Дэлхий танина гэдэг шиг.
Б.Оюунчимэг: Цао Вэн Шуан бол зөвхөн Хятад гэлтгүй Европын орнуудад танигдсан зохиолч. Ханс Кристиан Андерсоны шагналтай. Манай Нэпкогийн орчуулагч Б.Гэрлээ номыг нь орчуулж байгаа. Монголоор хэлээр Хүрэлхүү, Наранцэцэг гэдэг нэрээрээ бууна.
“Үлэг гүрвэлийн гарын авлага” гэсэн нэртэй энэ номыг 12 настай Канад хүү гүрвэлийн тухай өөрийн ойлголт дээрээ тулгуурлаж бичсэн. Энэ ном хэд хэдэн хэлээр орчуулагдаж, хэдэн сая хувиар хэвлэгдсэн.
-Хэрэв хүүхдийн гурван ном санал болгооч гэвэл ямар гурван ном санал болгох вэ?
Б.Оюунчимэг: Улаанбаатарын өнгө уралдааныхаа зургаан номыг санал болгомоор байна.
Б.Цолмон: Насных нь ангиллаар гэвэл Жонатан Гулибэлийн аялал гээд өсвөр насны хүүхдүүдэд эдийн засгийн мэдлэг олгох номыг санал болгоё. Энэ ном шиг эдийн засгийн ойлголтыг өсвөр насны хүүхдэд өгсөн өөр зохиолыг би мэдэхгүй. Киногоор хангалттай мэдээлэл авдаг боловч драматик талдаа. Харин энэ номонд уншигчийг гол дүр болгож, өөрөө аялж байгаа юм шиг маш хөнгөн ойлгуулсан.
Б.Оюунчимэг: Үлгэр хэлбэрээр эдийн засгийн наад захын ойлголтуудыг өгсөн ном. Эрх чөлөө гэж ийм зүйл байдаг, хүний хөдөлмөрийг ингэж үнэлэх ёстой, татвар ийм учиртай гээд олон юмыг ойлгуулсан. Нэг хотод очиход тэр хот нь өндөр хүнээс татвар авдаг болохоор хүмүүс нь өвдөг дээрээ явдаг. Гол дүрийн аялагч хүүхэд түүнийг нь гайхаж байгаа байдал. Томчууд, хүүхдүүд уншиж болдог номын төрөл гэж байдаг даа. Энэ төрөлд багтана.
-Та хоёр ямар мэргэжилтэй вэ?
Б.Оюунчимэг: Цолмон их олон мэргэжилтэй /инээв/.
Б.Цолмон: Оюунаа орчуулагч. Би олон улсын бизнес, жижиг дунд бизнесийн талын мэргэжилтэй. Одоо ажиллуулж байгаа компани маань маркетингийн чиглэлийнх. Ер нь soft power чиглэлийг судалдаг даа.
-Та хоёр анх яаж танилцсан бэ?
Б.Цолмон: 10 жилийн нэгдүгээр ангидаа хамт суралцаж, танилцсан /инээв/. Дараа нь нэг жил сураад шилжсэн. Фэйсбүүкийн ачаар буцаж учирсан гэх үү дээ. Бага ангийнхаа грүппээс бие биенээ олсон /инээв/. Тэгэхэд би Америкт зургаан жил амьдрахдаа Оюунаатай чаталж байсан. Хааяа нэг мэнд мэдэж л чат бичдэг байсан. Дараа нь Хонконг руу нүүж, долоон жил амьдарсан. Тухайн үед Оюунаа Шанхайд сурдаг байхдаа Хонконг руу аялахад нь таарсан. Монголдоо ирээд хэд хэдэн том төслүүд хийе гэсэн эрмэлзэлтэй ирцгээсэн. Өөрчлөгдсөн зүйл байгаа боловч ерөнхий зорилгоосоо гажуудаагүй явж байгаа.
-Сонирхолтой урт зам туулсан учрал хайр байна. Гадаадад суралцаад төгссөн залуус маань эх орондоо хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн ирдэг. Гэвч нийгэм, орчин тойрны нөлөөллөөс болоод гал эрмэлзэл нь бөхөх тохиолдол олон. Хүсэл эрмэлзлээ яаж та хоёр шиг унтраахгүй асаах вэ?
Б.Оюунчимэг: Эрт тэтгэвэрт гарахын төлөө хичээх хэрэгтэй юм уу /Инээв/.
Б.Цолмон: Ямар ч бизнес сайн үйлсийн төлөө байсан ч өөрөө өөрийгөө авч явдаг байх ёстой. Байнгын хандиваар ажиллана гэдэг бүтэхгүй.
Б.Оюунчимэг: Гол нь дуртай ажлаа хийгээд явбал хэчнээн бэрхшээл тулгарсан ч давах туулах арга замыг олох санаа хэзээ ч дуусдаггүй.
Б.Цолмон: Номын төрлийн бизнесийг дэмждэг, байнга сэтгэлд байдаг хэд хэдэн захирал, түншүүд бий. Тэдгээр хүмүүстэйгээ байнга холбоотой ажилладаг. Ялангуяа толгой компани болох Нэпкогийн захирлуудаас яаж болоод байдаг юм гэмээр дэмжлэгүүдийг үзүүлдэг. Хэрэв ингэвэл танай ирээдүйд хэрэгтэй гэсэн чиглэлээр ятгаад, урам зориг өгдөгт нь талархдаг.
-Нэг салбарт нэг гэр бүлийн хоёр хамт ажиллаж байна. Ажил дээрээ ч, гэртээ ч хамт байх нь. Санал зөрөлдөх зэрэг маргаан гарахаар та хоёр яаж шийддэг вэ?
Б.Оюунчимэг: Хил заагаа зөв тогтоох хэрэгтэй юм билээ. Би хүүхдийн ном хэвлэлээ зуун хувь хариуцдаг. Цолмон маркетингийн компанитай болохоор зуун хувь маркетингаа хариуцдаг. Манай компанийн маркетингийг хийж өгдөг ч юм уу. Бид анх Монголдоо ирээд контейнероор хийсэн ‘Nitro B’ кофешопийг хамт байгуулсан. Цолмон контейнерээсээ хэзээ ч салахгүй байх /инээв/.
Би контейнероор хийсэн янз бүрийн шийдлүүдэд дуртай. Блю Скайн хажуу талд хоёр контейнер давхарласан кофешопт маань суугаад манай сэтгүүл, номыг уншиж тайван байх орчныг бүрдүүлсэн. Нэг талаасаа найз нөхөдтэйгээ hang out хийдэг. Одоо миний хэрэгжүүлж буй нэг төсөл нь 40 тонны контейнероор хүүхдүүдийн цуглардаг номын санг хийхийг зорьж байгаа.
-Яагаад?
Б.Цолмон: Томоохон компаниуд үйл ажиллагаагаа ямар нэг алдаанаас болоод зогсооход дэлхий дээр маш их хэмжээний төмөр энд тэнд хаягддаг. Үүнийг дахин ашиглах нь байгаль орчинд ээлтэй. Дахин ашиглаж, хаягдал төмрөөр юм хийнэ гэдэг надад гайхалтай санагддаг. Би контейнероор хийсэн янз бүрийн шийдлүүдэд дуртай. Блю Скайн хажуу талд хоёр контейнер давхарласан кофешопт маань суугаад манай сэтгүүл, номыг уншиж тайван байх орчныг бүрдүүлсэн. Нэг талаасаа найз нөхөдтэйгээ hang out хийдэг. Одоо миний хэрэгжүүлж буй нэг төсөл нь 40 тонны контейнероор хүүхдүүдийн цуглардаг номын санг хийхийг зорьж байгаа. Дотроо битүү номтой, төлбөртэй. Төлбөр нь юу байх вэ гэхээр тухайн номын санд байх хугацаандаа ном унших, хичээл хийх. Америкаас ирээд ажигласан хамгийн том асуудал гэвэл хүүхдүүд тууштай биш, нэг бүтэн кино үзээд суух тэвчээртэй хүүхэд бараг алга. Юунаас болсныг бодоод үзэхэд дунд сургуулийн хичээл 11:45 цагт тарахад дараагийн хичээл 12 цагаас ордог. Гэтэл Америк, Хятадад дараагийн хичээлийн ээлж гэж байдаггүй. Тэр анги зөвхөн хүүхдүүдэд зориулагдсан байдаг. Хичээл тараад ангидаа үлдэж, хичээлээ давтах, янз бүрийн сонирхолтой зүйл хийдэг. Монголд намайг бага байхад хэрэгждэг байсан систем одоог хүртэл байсаар... Өнөөдөр хоёр биш, бүр гурван ээлжтэй анги хүртэл байна. Хүүхдүүд хичээлээ тараад манай кофе шоп дээр ирдэг. Ахаа надад кофены мөнгө байхгүй гэхдээ суугаад хичээлээ хийж болох уу гэдэг. Би болно л гэдэг. Ихэнх кофе шопууд хүүхдүүдийг суулгахгүй байна. Учир нь хүүхдүүдийг шуугилдана, бас кофе худалдан авах чадваргүй гэж үздэг. Хүүхдүүд хаана хичээлээ хийх вэ?
Б.Оюунчимэг: Сургуулийнхаа номын сан руу төдийлөн ордоггүй юм шиг. Учир нь номын сан нь хэтэрхий дэгтэй, чимээгүй байлгадаг, яг ямар ном авахыг нь заадаг.
Б.Цолмон: Энэ төслийнхөө саналыг компаниудад тавихдаа ийм номын сан байгуулвал зардал нь хямдхан, авсаархан, зөөж болдог гэдэг давуу талыг нь хэлдэг. Шархадны эцэс, Баянхошуу гээд олон газар байгуулахыг мөрөөддөг. Бизнес талаас нь компаниудад ямар ашигтайг нь ч хэлдэг. Дотроо шатрын сургалт, хүүхдийн йога ч юмуу янз бүрийн эвентүүд зохиож болно.
Компаниудын хувьд энэ нь маш ашигтай төсөл. Ниссаны номын санд нэг хүүхэд өдөржингөө ном уншдаг байлаа гэхэд тэр хүүхэд найман жилийн дараа 20 нас хүрнэ. Тэгэхэд тэр хүүхэд хүний зүрхэнд орсон маркетинг буюу Ниссаныхаас өөр машин сонгохгүй. Өөрөөр хэлбэл өөр компанийн бүтээгдэхүүн сонгохоо болино гэсэн үг. Иймэрхүү төслүүдийг хийгээд явж байна. Хүүхэдтэй холбоотой төсөл санаанаас гарч өгөхгүй юм /инээв/.
“Баруун зүүн тархиа хөгжүүлье” гэсэн нэртэй ном яагаад сайн зарагдаад байгаа вэ гэхээр эцэг эхчүүд номонд мөнгө төлөхдөө тухайн номын ач тусыг анхаарахыг хичээж буй хэрэг. Бодит байдал дээр сайн ном болгон хүүхдийн аль аль тархийг зэрэг хөгжүүлдэг. Үүнийг л сайн ойлгуулж өгөх ёстой юм шиг санагдсан. Гэтэл эцэг эхчүүд нэрэнд нь болоод л номыг авч байгаа юм.
-Хүмүүсээс чөлөөт цагаараа юу хийдэг талаар асуухад ихэнх нь ном уншдаг гэдэг. Та хоёр паблишинг хүмүүс болохоор ном ханатлаа уншдаг байх. Өөр юу хийх вэ?
Б.Оюунчимэг: Ном унших нь бараг ажил юм даа.
Б.Цолмон: Чөлөөт цагаараа өөрсдийнхөө биш өөр кофе шопууд руу очиж ажлаа хийх дуртай. Өөрсдийн кофе шопт очихоор бөөн асуудал /инээв/. Кино үзэх сонирхолтой. Киноноос янз бүрийн зүйл сурдаг. Оюунааг кино руу оруулах гэж үзэж байгаа. Бас Тэрэлжид оффистой болох мөрөөдөл байна /инээв/. Гараас их юм гарна. Ирж уулзах хүмүүс нь ирж уулзана л биз. Тэрэлжид нэг контейнер хаус барьчихвал... /инээв/.
-Б.Оюунчимэг номын фестивалиудаар их явсан. Хамгийн сайхан номын соёлтой улс гэвэл ямар улс вэ? Эсвэл очсон газар, хот, хамгийн гоё номын яармаг гаргадаг улс орон сэтгэлд чинь үлдэв үү?
Б.Оюунчимэг: Яг хүүхдийн номоор дагнасан үзэсгэлэн гэвэл Шанхайн үзэсгэлэн. Гэхдээ дотроо хоёр хэсэгтэй. Нэг нь олон нийтэд зориулсан, хэн дуртай нь очоод ном худалдаж авах боломжтой. Нөгөө хэсэг нь зөвхөн мэргэжилтнүүд, нийтлэгч нарт зориулсан байдаг.
Б.Цолмон: Словени гээд цөөхөн хүн амтай улс хэрнээ хүүхдийн номын төлөө хийж байгаа зүйлс надад аугаа санагдсан. Монгол шиг л хэмжээтэй улс байхад тэр улсын компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивлаж байгаа мөнгөнийх нь үнийн дүнг нь сонсоод гайхсан. Засгийн газраас нь хүртэл ямар ч их мөнгө төсөвлөдөг юм. Хятадын засгийн газраас ч гэсэн хүүхдийн номын санд хэдэн тэрбумаар нь хөрөнгө төсөвлөдөг.
Б.Оюунчимэг: Гэхдээ төрөөс мөнгө авах албатай гэсэн үг биш л дээ. Хүүхдийн ном нэлээн зардалтай бүтдэг. Зураач, зохиолчийн хөдөлмөрөөс эхлээд л... Ном хэвлэлтэд гарахад үнэтэй зарж болохгүй гэдэг ч юм уу. Энэ талаараа насанд хүрэгчдийн уран зохиолын номтой харьцуулахад борлуулалт нь хэцүү. Манайхаас бусад бүх оронд маш сайн дэмжлэгтэйгээр гардаг юм билээ. Словени улс гэхэд хүүхдийн номыг гадагшаа олон улс руу гарахад тусалдаг Словенийн номын агентлаг ч юм уу байдаг. Тухайлбал, манай монгол компани тухайн номыг худалдаж авъя гэхэд орчуулагчийн дэмжлэг санал болгох гээд тухайн номоо олон улсад худалдаалахад нь бүх талын дэм үзүүлдэг. Манай засгийн газар хийх албагүй. Гэхдээ би монгол зохиолчдынхоо номыг Словенид зарлаа гэхэд танайхаас ямар дэмжлэг байгаа юм гэж асуудаг. Бид энэ номыг хэвлэхэд маш эрсдэлтэй. Нэгдүгээрт танигдсан алдартай зохиолч биш, хоёрдугаарт зарим талаар дутуу. Олон улсад гараад номын зах зээлд нь хүчтэй явж байгаа Бельги, Украины номын хажууд тодорхой хэмжээгээр гологдохоор ч юм уу байдаг. Дэмжлэг авах гэхээр байхгүй. Эдгээр хүчин зүйлүүд гадаадын зах зээлд Монголын уран зохиол гарахад хүндээр нөлөөлдөг. Гэхдээ эрсдэлээ өөрсдөө үүрээд манай номыг хэвлэх сонирхолтой газрууд бий.
-Хүүхдийн зохиолд зураг их чухал. Монголд хүүхдийн номын зураг сайн зурдаг зураачид хэр их вэ? Бусад орны сайн зураачдаас нэрлээч?
Б.Оюунчимэг: Манай зураач нар сайны хувьд сайн. Олон улсын шүүгч нараас зохиолыг нь уншихгүйгээр зургийг нь хараад номыг нь ойлгож байна гээд сайн үнэлгээ өгсөн. Тиймээс монгол зураач нар гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой. Бид тэдгээр зураачдаа гаднын томоохон байгууллага, зураачидтай холбож, мэргэжлийн түвшинд нь зөвлөгөө өгөх ажлууд хийвэл гологдох зүйл огт байхгүй. Зураач нараас Итали зураач нар их содон. Мөн Украин зураач нар сүүлийн үед хүч түрэн орж ирж байгаа.
Б.Цолмон: Монголд орж ирээгүй байсан Silent book гээд маш сонирхолтой концепци гараад удаж байна. Бид удахгүй гаргана.
-Монголд хамгийн их зарагдсан хүүхдийн ном гэвэл ямар ном байдаг вэ? Ж.Дашдондог гуайн номууд хэр зарагдаж байсан юм бол...
Б.Оюунчимэг: Баруун зүүн тархиа хөгжүүлье ном юм шиг байна лээ. Яг ингэж заагаад нэрлэсэн болохоор энэ ном нь сайн зарагддаг байх.
Б.Цолмон: Яг Ж.Дашдондог гуайн ид туурвилын үед ном зарагдах байтугай талхаа яаж авах вэ гэсэн хэцүү үе байсан. Миний анзаарснаар сүүлийн таван жилд хүмүүс идэвхитэй ном уншдаг болсон. Хүүхдэдээ чихэр авч өгье гэхийн оронд ном авч өгдөг. Хүүхдэдээ кола уулгах нь буруу юм аа гэдгийг эцэг эхчүүд харьцангуй ойлгодог болсон.
Б.Оюунчимэг: Баруун зүүн тархиа хөгжүүлье гэсэн нэртэй ном яагаад сайн зарагдаад байгаа вэ гэхээр эцэг эхчүүд номонд мөнгө төлөхдөө тухайн номын ач тусыг анхаарахыг хичээж буй хэрэг. Бодит байдал дээр сайн ном болгон хүүхдийн аль аль тархийг зэрэг хөгжүүлдэг. Үүнийг л сайн ойлгуулж өгөх ёстой юм шиг санагдсан. Гэтэл эцэг эхчүүд нэрэнд нь болоод л номыг авч байгаа юм. Ном бүр л тодорхой хэмжээнд энэ ойлголтыг тээсэн байдаг.
-Заа сүүлийн асуулт. Nepko Kids өнгөрсөн жил Улаанбаатарын өнгө гэж хүүхдийн номын уралдаан зарласан. Яагаад ийм нэр өгсөн юм бэ?
Б.Оюунчимэг: Ихэнх улсууд томоохон наадам, фестивалиа хотынхоо нэрээр нэрлэсэн байдаг. Тэгж хотоо таниулж хоногшуулдаг. Манай Улаанбаатар хот ч гэсэн өөрийн нэртэй ном хэвлэлийн арга хэмжээтэй гэдгийг хэлмээр санагдсан.
Б.Цолмон: Цаашдаа монгол зохиолыг гадагшаа гаргавал Mongolia гээд нэрлэсэн бол нэг улс байдаг гээд гадарлачихна. Тэгэхээр Улаанбаатар, Эрдэнэт ч гэдэг юм уу. Хотуудаа таниулах нь чухал. Америкт бол Чикаго хот байдаг шиг.
Б.Оюунчимэг: Франкфурт, Шанхайн номын үзэсгэлэнгээс эхлээд дан хотоор нэрлэдэг. Улсаараа нэрлэсэн үзэсгэлэн байхгүй. Яг Улаанбаатарын олон улсын фестиваль гэж байхгүй ч бид Улаанбаатарын өнгө гээд уралдаан зохион байгуулж байна. Яваандаа олон улсын номын яармаг болж өргөжүүлэх мөрөөлдөлтэй явдаг.
-Та хоёрын энэ гэгээн мөрөөдлүүд биелнэ гэдэгт итгэж байна. Сонин сайхан ярилцлага өгсөнд баярлалаа.
Сэтгэгдлүүд : 0