Дусал ч цусны ул мөргүй бурхны бичээсүүд

    Минотавр өөрийгөө хамгаалах гэж бараг л оролдсонгүй гэвэл, Ариадна, чи итгэх үү? Хэмээн Тесей хэллээ.

    Хорхэ Лүис Борхэ

    Хэдэн ч удаа уншсан билээ дээ, энэ номыг. Г.Аюурзаны орчуулсан Аргентины суут зохиолч Хорхэ Лүис Борхэсийн “Хоёр хаан хоёр хонгил” ном цүнхнээс минь огтхон ч салдаггүй. Амсхийх зууртаа нээгээд л унших бүрийд олон олон төөрдөг байшин, эцэс төгсгөлгүй хэдэн зуун өрөөнүүд, цав цагаан, тас харанхуй орон зайнуудын цаана нь орших “Астерионы байшин”-гийн хаалганууд угтана. Түүний идиосинкратик өгүүллэгүүдийн нууцлаг байдал нь уншигчдийг бүрнээ ховсдож ахуйгаас чөлөөлөх ид шид нэвчсэн байдаг. Энэ бол хамгийн чухал нь бөгөөд Борхэсийн далд утгас бүхий бичээсүүдийн онцлог билээ.
    Астерион бол хамгийн дээд түвшинд боловсруулагдсан “лабиринт” бөгөөд Борхесийн агуу их уран санааны төгс хэлбэршил гэж би боддог. Ерөөс тус өгүүллэгийн зохиомж, уран сайхан, бичлэгийн хэв маягаас үзэхэд өгүүлбэр бүр нь тус тусдаа өөрийн гэсэн нууцыг хадгалсан байдаг. Дээр нь тэрээр Эдгар Погийнх шиг хүний сэтгэлзүйн дарамтыг нарийсган судалсан ба үүнийгээ бэлгэдэлтэй урнаар сүлж цоо шинэ зүйлийг бий болгож чадсан юм. Байшингийнхаа хязгааргүй хоосон хонгилоор тэнүүчлэн бэдрэгч Астерион хэзээ нэгэн цагт өөрийн биеийг орхиж ганцаардмал байдлаа орхино гэж итгэсэн ч тэрхүү зовлон шаналалаас нь ангижруулагч нь өөртэй нь адилхан байсныг анхнаасаа л мэдэж байсан. Тиймдээ ч “Гэхдээ аль ч тоглоом зугаанаасаа хавьгүй илүүд үздэг зүйл минь гэвэл санаандаа өөр нэгэн Астерионыг ургуулан бодох сатаарал минь билээ”. Ийнхүү тэр өөрийгөө шинээр нээдэг. Гагцхүү өөрийгөө олно гэдэг маш аюултай тоглоом гэдгийг Борхэс хүлээн зөвшөөрчээ. Гэвч зохиолыг маш анхааралтай уншиж байж л ийм гаргалгаанд хүрч, түүндээ итгэх боломжийг өөртөө зуун хувь бүрдүүлэх бололцоотой.
    “Мэдээж хэрэг надад өөрийгөө зугаацуулах юм бас бий. Би галзуурч улайрсан хонь шиг бүхий л хүчээ дуусаж, газар хөсөр унатлаа чулуун танхимуудаар сэхээгүй гүйж, заримдаа булаг шандны сүүдэрт сөхөрч, эсвэл хэн нэгэн намайг ангуучилж байгаа юм шиг байшингийнхаа хонгилуудын буланд нуугддаг билээ. Заримдаа дээврээс гулган бууж, бүхий л биеэрээ цус шүүртэл унадаг”. Борхесийн бусдаас ялгарах өвөрмөц “төөрдөг байшин” нь энэ юм. Түүний өгүүллэгүүд нэн аймшигтай байдлыг бий болгож, хар дом, ид шидийн ертөнцөөр аялуулах ч өгүүллэг бүрийн төгсгөл санаанд оромгүй огцом эргэлтүүдтэй байдаг.

    Гэвч төгсгөл бүр нь нууцлаг хонгил, зохиолын гүнд нэвтрэх түлхүүр болж өгдөг билээ. Астерион бол жам ёсны дүр бөгөөд хэзээ ч тасалдашгүй, хязгааргүй, ертөнцийн үгүйрэн бутарч, эргэн ургаж байдаг жамыг бидэнд сануулсан. “Бүх зүйл нэг биш арван дөрвөн удаа давтагддаг, гагцхүү хоёр л зүйл энэ хорвоо дээр давтагдашгүй: тэр нь дээд тэнгэрт, учир нь олдоггүй оньсого мэт наран; доод газар Астерион бий бөлгөө. 

    Гэвч төгсгөл бүр нь нууцлаг хонгил, зохиолын гүнд нэвтрэх түлхүүр болж өгдөг билээ. Астерион бол жам ёсны дүр бөгөөд хэзээ ч тасалдашгүй, хязгааргүй, ертөнцийн үгүйрэн бутарч, эргэн ургаж байдаг жамыг бидэнд сануулсан. “Бүх зүйл нэг биш арван дөрвөн удаа давтагддаг, гагцхүү хоёр л зүйл энэ хорвоо дээр давтагдашгүй: тэр нь дээд тэнгэрт, учир нь олдоггүй оньсого мэт наран; доод газар Астерион бий бөлгөө. Магадгүй би өөрөө одод, нар, энэ том байшинг бүтээсэн, харин үүнийгээ санадаггүй байж мэдэх л юм”. Энэхүү өгүүлбэрээс үзвэл Астерионы байшин дээр өгүүлсний адил зүгээр ч нэг байшин бус хорвоо ертөнц болж таараад буй юм. Энд гариг эрхэс, халуун лав, өргөн далай тэнгис, Минотавр, Эльфүүд, Чосэрийн үлгэрийн шидтэнгүүд, сул дорой хүмүүс, агуу их баатрууд, аварга том үлэг гүрвэл, нүдэнд үл үзэгдэх шоргоолж хүртэл бий. Тийн атал Астерион өөртэйгөө л ярьж өөрийгөө л зугаацуулан хязгааргүйд оршиж байна. Иймээс тэр өөрөө бүхнийг бүтээгч бурхны дүрд хувирсан нь илт.
    Борхэс өөрийн алдарт бүтээл болох “Бурхны бичээс” өгүүллэгтээ ч энэ санаагаа давтсан байдаг. Хүйтэн төмөр гянданд Кахолом пирамидийн шидтэн Тсинакан, нөгөө талд торон дотроо нэгэн жигд алхаагаараа орон зай, цаг хугацааг хэмжин явагч нь цоохор ягуар буюу ирвэс хоригдоно. Тсинакан “Би Бурхан болон орчлон ертөнцтэй нэгдэн нийлэв” хэмээдэг. Энэ хоёр өгүүллэгийн утга санаа ганцхан Борхэсийг л илтгэж байгаа мэт санагдавч дахин унших төдийд л өөр өөр Борхэс нүдэнд харагдаж, яг аль нь жинхэнэ Борхэс вэ гэдэг нь танигдахгүй болно. Магадгүй цоохор ирвэсийн арьсан дээрх Бурхны бичээс, бүх зүйл нь арван дөрвөн удаа давтагддаг төөрдөг байшингийн нууц  нь энэ болов уу.
    Цаашилбал Астерионы байшинд есөн жил тутамд есөн хүн зочлон ирдэг. Энэ нь жилд нэг л хүн ирдэг гэсэн утгатай. Гэвч тэдгээр хүмүүс Астерионыг гараа ч цустаж амжаагүй байхад нь үхэтхийн унаж шалан дээрх цогцос л сүүлийн мөчид үзэгдэнэ. Харин тэдгээрийн нэг Астерионыг зовлонгоос ангижруулах хүн нэгэн өдөр ирнэ гэдгийг нь зөгнөн хэлсэн билээ. Ингээд л тэр ганцаардахаа больчихдог. Басхүү өөрийнх нь дутахааргүй олон хонгил болоод хаалгатай байшинд ангижруулагч нь түүнийг аваачих болно гэдэгт Астерион итгэдэг.
    Тэрхүү зочлон ирдэг хүмүүс Астерион өөрөө байсан гэдэгт эргэлзэх юм алга. Учир нь “Ангижруулагч минь ямархуу төрхтэй байх бол оо гэж би өөрөөсөө асуудаг. Тэр бух байх болов уу, хүн байх болов уу? Магадгүй хүний нүүртэй бух ч байж болно оо доо? Эсвэл яг л над шиг байх юм болов уу?” хэмээнэ. Оньсогоны тайлал энэ хүрээд өндөрлөж байна. “Эсвэл яг л над шиг байх юм болов уу?” гэсэн өгүүлбэрээс л Астерион өөрийгөө урлан бүтээж, өөрийгөө хороож байсныг ойлгох болно. Харин уншигчдийг төөрөгдүүлэхийн тулд Борхэс бичвэрийн огцом эргэлт бий болгож тэс өөр төгсгөлтэй бид нүүр тулна.
    “Өглөөн нарны туяа хүрэл сэлэм дээр туслаа. Өнөө харин түүний дээр дусал ч цусны ул мөр үлдсэнгүй.  Минотавр өөрийгөө хамгаалах гэж бараг л оролдсонгүй гэвэл,  Ариадна, чи итгэх үү? Хэмээн Тесей хэллээ.” Дусал ч цусны ул мөргүй хүрэл сэлэм. Астерион энэ л сэлмээр ирсэн зочдыг хороох ёстой байсан ч гарт нь дусал ч цус үсрээгүй байхад зочид үхэдхийн унадаг байсны учрыг дээрх өгүүлбэрт тайлбарласан байна. Ердөө л энгийн шүү дээ. Астерионы ангижруулагч нь өөр нэгэн Астерион байсан юм. Илүү ойлгомжтойгоор хэлбэл Астерион өөрөө Астерионыг хөнөөсөн гэсэн үг. Тиймдээ ч Минотавр өөрийгөө хамгаалах гэж ер оролдсонгүй. Энэ л Борхесийн төөрдөг хонгил басхүү түүнд зочлох түлхүүр юм. Эцэст нь орчлонд оньсонго мэт наран ургаж, хоосны биежсэн дүр болох дусал ч цусгүй ул мөргүй сэлэм дээр нар тусчээ. Бүх зүйл ахин дахин давтагддаг хязгааргүй он жилүүдийн нэгэн өдөр ийн эхэлнэ.
    Латин Америкаас төрсөн орчин цагийн суут зохиолч Хорхэ Лүис Борхэсийн эцэг нь хуульч, зохиолч хүн байсан тул тэр багаасаа дэлхийн уран зохиолтой танилцсан гэж судлаачид үздэг. 1950 оны дундуур түүний хараа эцгийнх шигээ муудаж бараг л юм харж чадахаа больсон гэдэг. Яг энэ үедээ тэр Аргентины Хэл Бичгийн Академийн гишүүн, Бунэнос Айрэсийн их сургуульд уран зохиолын профессор болсон байсан юм.
    Түүний бүтээлүүд бух, цэцэрлэг, толь, номын сан их дүрслэгддэг. Энэ нь түүний бага настай холбоотой. Өвөг дээдэс нь Америк тивийг байлдан дагуулсан эртний Испаничууд байсан учир Борхэс тэр ид шид хийгээд биелшгүй зүйлийн тухай абсурд бодлуудыг өөртөө суулгаж чадсан болов уу. Угаас тэр амьдралынхаа турш номын сантай холбоотой өссөн. 1930-аад оны үед тэрээр нэлээд нэр хүндтэй зохиолч болсон боловч хамт ажиллагсдаасаа үүнийгээ нууж, чимээгүйхэн суудаг байв. Учир нь “Хачин зүйл гэвэл, би тэр үед нэлээд алдартай зохиолч болчихсон байв. Гэхдээ номын сан дотроо бол үгүй”. Борхэс өөрийгөө суутан болно гэж мэддэг, мэддэггүй байсан нь хамаагүй. Гагц тэр номын санд нь суутнууд буй мэддэг байсан. Тиймдээ ч нэгэн ярилцлагандаа “Надад “Дон Кихот” болон Диккенсийн туурвилууд маш онцгой сэтгэгдэл үлдээсэн. Харамсалтай нь би тэднийг давсан роман бичиж чадаагүй” гэж өгүүлсэн байдаг. Гэвч энэхүү даруухан хариулт жинхэнэ Борхэс биш байсан. Угтаа тэр бичиж чадаагүйдээ бус романыг үл тоосон билээ. Түүнийгээ Борхэс “Дэлгэрэнгүй том ном бичих нь их ажил үрсэн, хүч чадал шавхсан илүү зан. Хэдхэн минутанд ярьж болох зүйлийг 500 хуудас болгож дэлгэрүүлнэ гээд бод доо! Ийм тохиолдолд энэ ном аль хэдийнээ бичигдсэн, та зүгээр л тайлбар эсвэл дүгнэлт бичиж байгаа гэж төсөөл” хэмээн тайлбарласан байдаг.
    Үнэхээр тэр өгүүллэг бүртээ цоо шинэ зүйлийг нээж байсан. Түүний сэтгэхүйн парадокс бүхий өгүүллэг бүрт ямар нэгэн шид агууллагддаг байлаа. Нэгэнт түүний намтар бага насны тухай өгүүлснээс хойш төрсөн газартай нь холбогдох нэгэн өгүүллэгийн тухай ярилцъя.
    Энэ бол түүний багадаа сонсож өссөн, эсвэл өөрт нь тохиолдсон үнэн явдлын тонгоруу болоод урнаар дүрслэгдсэн хүүрнэл гэж би боддог. “Аль хэдийнээ төрөл арилжчихсан Франсиско Реалыг цэлмэг хөх тэнгэрээс гадуур хаа нэгтээ харлаа гээд төсөөлөөд үзье л дээ”. Борхэсийн бичсэн миний хамгийн дуртай өгүүллэгүүдийн эхний гуравт жагсан орох “Гудамжны булан эрхшээгч” ийн эхэлдэг. Хойд зүгийн сайн эрсийн талаар өгүүлдэг уг өгүүллэг яг л кино шиг үйл явдалтайгаар бичигдсэн. Өгүүлэгч залуу өөрөө Росэндо Хуарэс болон Франсиско Реал гэх домог мэт сайн эрстэй нэг шөний дотор гурван удаа тааралдаж явснаа өгүүлнэ. Гэхдээ залуу уг түүхээ Борхест ярьж өгч буйгаар зохиолжилсон нь бичвэрийн хувьд онцгой болж чадсан юм. Тэнгэр өөрөө гялтганах мэт сэрүүн салхитай шөнө Франсиско Реал хэмээх сайн эртэй өгүүлэгч баатар гурван ч удаа таарснаа зохиолын эхэнд өгүүлнэ. Тус нутгийн сайн эр Росэндо Хуарэстэй гар зөрүүлж хэн нь шилдэг тулаанч болохоо үзэхээр Франсиско уушийн газар ирнэ. Тэрээр орж ирэхдээ өгүүлэгч баатрыг ялаа үргээхийн төдий л гараа хөдөлгөөд дэлсчихдэг. “Би гараа хантаазан доогуураа шургуулсан чигтээ, ямар ч нэмэргүй зэвсгээ тэмтрээд, хаалга дэрлэн тэрийчихсэн байж билээ”.

    Ийнхүү хор шар нь буцалж байтал Росэндо ч Франсискотой зодолдож гараа бузарлахгүй хэмээгээд гарч одно. Гэтэл тус газрын хамгийн сайхан хүүхэн болох Ла Луханэраг тэвэрсээр Франсиско гарч оддог билээ. Энэ үед түүнд дэлсүүлж өөрийн хүч чадалгүйдээ гутарсан өгүүлэгч баатар маань гадаа гарч “Тэд өдийд хаана байгааг Бурхан л мэдэх хэрэг. Холдоогүй л байх ёстой. Хаа нэгтээ, тааралдсан эхний жалганд л янаглацгааж байгаа вий” гэх буюу “Намайг буцаж ороход, үлдэгсэд юу ч болоогүй юм шиг бүжиглэцгээсээр л байв. Би анзаарагдалгүй сэмхэн шиг ороод, бөөгнөрсөн олны дунд ууслаа” гэжээ. Гэтэл хэдэн хормын дараа Франсиско хутгалуулчихсан орж ирнэ. Бүгд л Луханэра руу дайрах боловч гаднаас орж ирсэн залуу ганцаараа өмгөөлнө. Энэ хооронд ч бүсгүй аль хэдийн зугтсан байдаг билээ. Анзааралтай уншдаг уншигч бол алуурчныг шуудхан л олчихно. Мэдээж гаднаас орж ирээд бөөгнөрсөн олны дунд сэмхэн уусдаг залуу шүү дээ. Гэвч зохиол төгстөл хэн ч үүнийг мэдээгүй байдаг.
    Франсискогийн цогцосыг тойрон зогсоцгоож байхад морин төвөргөөн дуулдсан нь цагдаа нар байжээ. Ийнхүү тэд нууц зайцаар цогцсыг шидэж орхиод юу ч болоогүй мэт бүжиглэцгээдэг. “Би гурван уулзварын цаана гэртээ сэтгэл өег, тайван харив. Цонх минь гэрэлтэй байх юм, тэгснээ дөхөөд очмогц унтарчихлаа. Үүнийг хармагцаа би хөл доорхи газраа ч мэдрэхгүй болтлоо яаран догдолж билээ”. Учир нь гэрт Луханнэра хүлээж буйг залуу мэднэ. Тиймдээ ч ингэтлээ хөөрч баярлаж буй юм. Үүний дараагаар “Тэгээд, Борхэс оо, би энэ хантаазан дороо зүүн сугандаа байнга нууж явдаг богинохон хурц хутгаа гаргаж ахин харахад тэр яг л цоо шинэ юм шиг, ямар ч цусны ул мөргүй, гялалзаж байсан юм даа”.
    Одоо бүгдээрээ алуурчин хэн болохыг мэдлээ. Гэвч эцсийн мөчид буюу, төөрдөг хонгилоос гарсныхаа дараа л үнэн зөвийг мэдэж байна. Абсурд шинжийг олон талаас нь судалж, нэг зүйлийн хоёр талыг ганцхан санаан дээр зэрэгцүүлэн хүүрнэж чаддаг нь Борхесийн гайхалтай шидийн үзүүлбэр гэлтэй. Энэ чанарыг дээрх өгүүллэгээс тодхон харж болно. Хэзээ ч бүтэхгүй зүйлийг бүтээж бичээсийнхээ нууцыг тайлах түлхүүрийг өгүүллэгийнхээ хаа нэгтээ нууж орхидог нь түүний авьяасыг илтгэнэ. “Гудамжны булан эрхшээгч”-ийн эцэслэл шиг төгсгөлийг  би уншсан бүтээл болгоноосоо хүсдэг байлаа. Үнэхээр энэ миний хүсч байсан төгсгөл мөн. Борхес оо, би чамд Коран судар дэлгэн таарсан хуудсан дээр нь сэлэм барин тангараглая.

Сэтгэгдлүүд : 6

  • Chang

    We used to work together

  • Woodrow

    Where's the postbox?

  • Isabelle

    Punk not dead

  • Eugene

    Is there ?

  • Gustavo

    Other amount

  • default

    Hi there!

Сэтгэгдэл оруулах

урлан