А.Ундраа: Зарим улс аж үйлдвэрийн V хувьсгалдаа орсон байхад бид IV хувьсгалаа ч эхлээгүй шахам сууж байна

    Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Италийн парламентийн бүлгийн дарга, физикийн шинжлэх ухааны доктор Агваанлувсангийн УНДРААТАЙ ярилцлаа.

    -Манай сэтгүүлийн урилгыг хүлээн авсан таньд баярлалаа. Яриагаа өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас эхэлье. Сүүлийн үед саарал жагсаалт, Үндсэн хуулийн өөрчлөлт гээд олон үйл явдал болж байна?
    -Жил бүрийн энэ үед улсын төсөв хэлэлцдэг. Аль тойрогт ямар ажил хэлэлцэх үү. Ямар бүтээн байгуулалт байх вэ? Улсын эдийн засгийн нөхцөл байдал зэрэг дээр анхаарал төвлөрдөг үе л дээ. Энэ уламжлал яг 10 дугаар сарын сүүлээр буюу одоо таарч байна. Түүн дээр нэмэгдээд энэ жил юугаараа онцлог юм гэхээр өөрийн тань хэлснээр түүхэн жил болгож байгаа нэг зүйл бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Бид 1924 онд анхны үндсэн хуулиа баталсан. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа батлаад, 2000 онд долоон өөрчлөлт оруулаад тэрнээс хойш бодох юм бол дөрөв дэх удаагийн том өөрчлөлт гэж хэлж болохуйц, яах аргагүй түүхэн цаг үе. Энэ утгаараа хувь заяаны оноолт гэж болно. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт олон нийтийн анхаарлыг маш их татаж байна. Одоо төсвийн хэлэлцүүлгийн үеэр түр зуур намжсан байдалтай байна.  
    Бид гадаад нөхцөл байдлаа харвал Монголын эдийн засаг сайжирсан, эдийн засгийн үндсэн параметрүүд өссөн юм шиг харагдаж байгаа. Валютын нөөц, инфляцийн түвшин, ажил эрхлэлтийн түвшин мөн ядуурлын түвшин, орлого бүх салбарт өссөн зэргээс харахад эдийн засаг сайжраад байгаа юм шиг хэрнээ яагаад Саарал жагсаалтанд ороод, дэлхийн эдийн засгийн зүгээс бидэнд тааруу дүн тавьж байна вэ? гэхээр л болохгүй зүйл цаана нь байна. Саарал жагсаалт нь өөрөө мөнгө угаах гэмт хэрэг, эсвэл ямар нэгэн байдлаар мөнгөний эх үүсвэрийнхээ гарал үүслийг нь баталгаажуулж чадахгүй байна гэдэг чинь эдийн засаг эрүүл биш байна аа гэсэн үг. Магадгүй сүүдрийн эдийн засаг их, авлига их зэрэг болохгүй зүйлс байгаа болохоор л  тэр жагсаалтанд орсон байх. Эргээд л эдийн засаг сайжирсан хэрнээ нэг тийм ширүүн урсгалтай голоор явж байгаа юм шиг л амаргүй цаг үе. Гэхдээ улс эх орон маань энэ үеийг даваад гарна гэсэн итгэлтэй байгаа.  

    -Төсвийн хэлэлцүүлгээр Увс, Хэнтий аймгууд руу илүү төсөв хуваарилсан. Тэр хуваарилснаас гадна зээлийн санхүүжилтээр авсан мөнгөөрөө хөшөө барих гэж байна?
    -Эзэн Чингис хаан болон эзэнт гүрний асуудал бол мянганы түүх шүү дээ. Тэр ч утгаараа энэ цор ганц аймгийн асуудал биш Монголын хувь заяа, Монгол Улсын нэрийн хуудас хүн бүрийн бахархал. Тэрнээс биш ямар нэгэн аймаг, хэн нэгэн хүний явцуу хүслээр хязгаарлах нь бол харамч, атгаг санаа, цаагуураа бодох юм бол өгөөмөр сэтгэлийн дутагдал гэж харж байгаа. Тэр хөшөө барьсан нь яг хэлж байгаа зорилгодоо нийцсэн шийдэл мөн үү гээд ярих юм бол аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэрнээсээ орлого олох явдал. Жуулчдаас зарлага их гаргах, тодруулж хэлбэл эдийн засгийн хувьд чадавх сайтай жуулчдын тоог нэмэгдүүлэх нь олон тооны жуулчин ирүүлэхээс илүү чухал бодлого мөн. Тэгэхээр нэг хүн ирээд их валют зарцуулах, худалдан авалт хийх чадавх өндөр байх тусмаа магадгүй нөгөө талаараа байгаль орчинд ээлтэй, үйлчилгээнд ирэх дарамт багасах сайн талтай. "High-end tourism" гэж байдаг. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд дээд түвшний үйлчилгээ, маш нарийн төлөвлөлт хэрэгтэй. Үнэхээр найрсаг, зочломтгой ард түмэн мөн үү, үгүй юу гэдгээ чин сэтгэлээсээ харуулдаг соёлтой болох хэрэгтэй. Аливаа зүйлийг сайн хийх чадвар жуулчлалын үйлдвэрлэлтэй салшгүй холбоотой. Өөрөө та сая хэлж байна шүү дээ. Тэр хөшөөг барилаа гэхэд ганцхан тэр хөшөөг л үзэх гэж очдоггүй гэж. Цаад түүхийг нь уншихын тулд тэр түүхэн үед эргэж очихын тулд ухаан санааны аялал хийх гэж очдог. Нэмээд тав тух, үйлчилгээ зэрэг бүх зүйлийг төгс сайн хийж тэр жуулчны хүссэн хоол, хүссэн байрыг хангах дайны үйлчилгээтэй байж аялал жуулчлал хөгжинө. Аялалд гарах замаасаа эхлээд очиж, байрлах буудал гээд цогцоор нь хөгжүүлж, тал бүрийн хүчин чармайлт орж байж өндөр зэрэглэлийн аялал жуулчлал хөгжинө. Дэлхийн хүмүүст маш их сонголт байгаа. Хаашаа ч аялах боломжтой байгаа энэ үед агаарын тээврийн үйлчилгээнээсээ авхуулаад, идэх хоолныхоо эрүүл ахуйн стандарт гээд бүх юм хамаарч байна. 
    Би урлагийн асар их мэдлэгтэй хүн биш л дээ, гэхдээ яагаад тэгээд толгой хэсгийг тавьчихсан байгаа юм бэ? Хүнийг бүсэлхийгээр нь тавихгүй, өвдөг сөхрүүлж тавихгүй шүү дээ билэгдэл талаасаа. Хүн хоёр хөл дээрээ бүтэн зогсоо байна уу гэхээс Монгол цэргийн жанжид, монгол ноёдын тасарсан хоёр толгойг дух духаар нь нийлүүлээд тавьсан нь надад бэлэгдэл талаасаа таатай санагдаагүй. Гишүүдийн бухимдаж байгаа нь аялал жуулчлал үйлдвэрлэлийн асуудал, стандартын асуудал гэхээсээ илүүтэй манай тойрогт яагаад хуваарилаагүй юм, яагаад нэг тойрог онцгой гэж барьцсан бухимдал их байна. Тэр бол үнэн л дээ. Бид төсвийг хариуцлагатай зохицуулах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ татвар төлөгчдийн мөнгө учраас эргээд төрийн үйлчилгээг иргэдэд оновчтой хүргэх бидний ажлын хариуцлагын асуудал яригдаж байгаа юм. 

    Миний итгэл үнэмшил бол академи гэдэг нэр төрийн байгууллага байх ёстой гэж боддог

    -Та энэ жил ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа вэ?
    -Одоо өргөн барихаар ажиллаж байгаа нэг хууль байна. Өргөн барьсан хоёр хууль байгаа. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны салбарын инноваци, хувийн секторын хөрөнгө оруулалт гээд илүү үйлдвэрлэлтэй холбох заалтууд шинэчилсэн хэлбэрээр хуулийн төсөлд өөрчлөлт орсон байгаа. Нөгөөдөх нь шинжлэх ухааны академийн тухай хууль байгаа. Академи бол төрийн бус байгууллага хэлбэрээр нилээд олон жил явж ирлээ. Миний итгэл үнэмшил бол академи гэдэг нэр төрийн байгууллага байх ёстой гэж боддог. Олон улсын жишиг тийм. Академийн харьяа хүрээлэнгүүд их дээд сургуулиудтайгаа нэгдэж ажиллах ёстой гэсэн зарчмын том өөрчлөлтийг энэ Шинжлэх ухааны академийн тухай хуульд хийх юмсан гэж энэ хоёр хуулийг санаачлан ажиллаж байгаа. Бас нэг хууль өргөн барихад бэлэн болоод байгаа нь Монголбанкны эрдэнэсийн сангийн тухай хууль. Эрдэнэсийн санд түүхийн олон хосгүй үнэт олдворууд байдаг. Мөн алт худалдан авах түүнийг сертификатжуулах үйл ажиллагаа явагддаг. Мөн үе үеийн бүх мөнгөн дэвсгэртийн архивыг хадгалж байна. Эрдэнэсийн санг бие даасан хуулиар зохицуулах, эрдэнэсийн санг бүртгэлжүүлэх, бүрэн бүтэн байдлыг хангах, баяжуулах нь эргүүлээд эдийн засгийн хөшүүрэг болж өгнө гэсэн үзэл баримтлалтай хууль байгаа юм. Үүнийг дөрвөн гишүүн өргөн барихаар бэлтгэл үйл ажиллагаагаа хангаад явж байна. 
    -Олон нийтийн дунд УИХ-ын эмэгтэй гишүүд идэвхигүй байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар дорвитой ажил хийхгүй байна гэсэн шүүмж байна л даа. Энэ УИХ-ын эмэгтэй гишүүд үнэхээр юм хийхгүй байна уу? 
    -Ер нь хэд хэдэн шалтгаантай гэж бодож байна. Эмэгтэй гишүүдийн бүлгэм бол дажгүй ажилладаг. Өмнөх парламентийн хувьд эмэгтэй гишүүдийн албан бус бүлгэм анх удаа байгуулагдсан. Арван нэгэн гишүүнтэй, гэхдээ хэд хэдэн улс төрийн хүчнийх. Илүү баланстай байсан гэсэн үг. Одоо бол нэг намын 12 гишүүн, нөгөө намаас ганцхан гишүүн байдаг. Ийм үед тэнцвэрт байдал алдагдана. Системийн онолоор бол тэгш бус систем болж хувирна. Ийм нөхцөлд ажиллахад ямар ч тохиолдолд асуудал олон талт байдлаар тодордоггүй. Магадгүй Ардчилсан намаас илүү олон эмэгтэй байсан бол тэнцвэртэй болох байх. Ихэнх нь манай намын гишүүд учраас манай намын эмэгтэйчүүддээ хандах хандлагатай нягт уялдаатай. Одоогийн байдлаар манай намын эмэгтэй гишүүддээ хандах хандлага маш сул, хоцрогдсон гэж хэлнэ. Би зөвхөн өнөөдөр хэлж байгаа биш, өнгөрсөн хугацаанд ч хэлж, ярьж ирсэн. Манай эмэгтэйчүүдийн байгууллагад мэдлэг, туршлагатай хүмүүс олон бий. Даанч хийсэн ажлыг нь дүгнээд харахад зарим үйл ажиллагаа нь нийгэм цаг үеэсээ хоцрогдсон юмнуудыг их хийдэг. Өндөр үнэтэй арга хэмжээ зохион байгуулах, тэрэн дээрээ бие биенийгээ шагнах эсвэл бүүр улиг болсон баярыг дахин дахин тэмдэглэх гэх мэт. Жишээ хэлэхэд эмэгтэйчүүдийн байгууллагын тайлангийн хурал болсон. Би тэр хуралд урилгаар суусан юм. Монголд ирээд улс төрийн намд ороод удаагүй байсан үе. Ерөнхийдөө ийм салбар зөвлөлүүдтэй, ийм бүтэцтэй, ийм байгууллага юм байна гэж бодоод сонсоод өнгөрсөн. Дараа жил нь дахиад тайлангийн хурал болоод тайлангийн номоо авчирч өгсөн. Тэр номыг эргүүлээд үзэхэд өмнөх жилийн номыг дахиад өгсөн юм шиг санагдсан. Тэгээд би "Надад андуураад өнгөрсөн жилийн тайлангаа өгсөн юм шиг байна" гэсэн "Үгүй наад ном чинь энэ жилийнх" гэсэн би гараа өргөөд тэгвэл ихэнх үйл ажиллагаа өнгөрсөн оныхтой яг адилхныг давтаж байгаа юм уу буруу шүү дээ гэж хэлсэн. Шинэ юм санаачилж болоогүй юм уу гэж шүүмжилсэн. Намын ихэнх ажлыг эмэгтэйчүүд нугалдаг. Гэтэл сонгуульт ажил, удирдах ажил болоход эмэгтэйчүүдээ хойш тавьдаг. Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын нэр дэвшигчдийн 25 хувь эмэгтэй байх ёстой гэдэг нь дээд биш доод хязгаар юм шүү. Манай намын бүх шатны сонгуульт ажилд эмэгтэй ажилтан 30 хувь байх ёстой гэсэн дүрмийг намын дүрэмд их хурлаар баталж тусгасан. М.Энхболд даргын үед энийг санаачилж баталсан. Намын Их Хуралд оролцсон ихэнх хүмүүс дэмжээгүй. Бөөн маргаан болж байж батлагдсан л даа. Тэнд ирсэн эмэгтэй гишүүд тэмцэх маягтай болж байж батлуулсан. Нөгөө талдаа зүгээр эмэгтэй гишүүн сонгогдсон цагаасаа л хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал дээр заавал ажиллах ёстой гэж тулгадаг. Яагаад эрэгтэй гишүүд энэ чухал асуудлуудаас чөлөөлөгдөх ёстой гэж? Яагаад тэд энэ үйл хэргээс хойш суух ёстой гэж? Энэ чинь бас л хоцрогдсон хэрэг. Манай нам дотор энэ мэт дарангуйллын уур амьсгал хүчтэй байна. Коммунист ч биш бүр фашист маягаар ажиллаж байна гээд намын бага хурал дээр хэлсэн. Зарим нь намайг өөрийнхөө намыг арай хэтэрхий хатуу шүүмжлээд байна гэж гомдож магадгүй. 
    -Нам дотор бас тийм хандлага байгаад байх шиг байна. Хэд хэдэн хүн хатуу шүүмжлээд авсан тал бий...
    -Тийм. Намын цөөнгүй гишүүд ийм байр суурьтай, шүүмжлэлтэй хандаад байгаа. Тэр нь сайн л даа. Бүгдээрээ нийлж байгаад ижилхэн алдаа хийвэл яах юм. Битгий алдаасай, зөв тийшээ яваасай, сайжраасай л гэсэндээ алдаж байгаагаа засаасай л гэж тэгж байгаа хэрэг. Хөөчихгүй бол одоохондоо намын гишүүн байж л байна/инээв/.

    Намд 2012 оны эхээр элссэн. Тухайн үедээ аль намд элсэх вэ гэдгээ нэлээд бодож намуудын үзэл баримтлалыг судалсан. Ямар ч байсан гадаад яамны ажлаа өгчихөөд улс төрд идэвхитэй байя гэж шийдсэн. Хувь хүний хувьд ямар үзэл баримтлалтай хүн бэ гэдгээ бол сайн мэдэж байсан.

    Таныг хөөчихвөл яах уу? 
    -Яахав дээ. Хөөх процесс нь нэг юмыг хэлэх л байх даа.
    -Та яагаад МАН-д орсон юм бэ? Таныг АНУ-ын Станфордын Их Сургуульд байхад өөр ажилд урьж авчирсан санагдаж байна?
    -Тийм. Би тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилогдон цөмийн аюулгүй байдлын асуудал, ураны асуудал, занар гээд манайд шинэлэг салбаруудаар ажиллаж байсан. Жишээ нь занарыг ашигт малтмалын хуулиар эсвэл газрын тосны хуулиар зохицуулах ёстой юу, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулах ёстой юу прогрессив роялти юу, нүүрсний давхрагын метан хий олборлох газрын тосны хуулиар зохицуулагдах уу, эсвэл нүүрсний дагалдах бүтээгдэхүүн гэж тооцох уу гээд энгийн юм шиг хэрнээ энэ асуудал тухайн үед хуулийн хувьд тодорхойгүй байсан цаг үе. Тэдгээр техникийн асуудлуудад зөвлөхөөр уригдаж ирсэн. Намд 2012 оны эхээр элссэн. Тухайн үедээ аль намд элсэх вэ гэдгээ нэлээд бодож намуудын үзэл баримтлалыг судалсан. Ямар ч байсан гадаад яамны ажлаа өгчихөөд улс төрд идэвхитэй байя гэж шийдсэн. Хувь хүний хувьд ямар үзэл баримтлалтай хүн бэ гэдгээ бол сайн мэдэж байсан. Миний амьдарч байсан Калифорниагийн улс төрийн байдал ихэнх хүмүүс илүү зүүн төвийн үзэлтэй. Гэхдээ Калифорниа чинь их сонин шүү дээ. Бeркли хавь чинь бүүр хэт зүүн. Байгаль орчны хувьд ч тэр ёстой нөгөө "Мод тэвэрч очоод хөрөөдүүлдэггүй" гэдэг хүмүүс чинь тэнд байдаг. Дайны эсрэг пасифист хөдөлгөөнийг, Вьетнамын дайны эсрэг жагсаал гээд л түүхэн үүднээсээ Бeрклигийн оюутнуудаас эхэлж байсан. Ер нь бол хэт зүүний хүмүүс бүр социализмаас ч зүүн тийшээ шахуу тийм хүмүүс. Би бол тийм хэт зүүний хүн бол биш гэдгээ мэдсэн. Нөгөө талд бол баруун төвийн, хэт барууны үзэл. Магадгүй Америк талдаа бол Бүгд найрамдах намын явуулдаг бодлого бусад олон улсуудад байдаг Консерватив намын явуулдаг бодлогууд гэхээр ерөнхийдөө байгаль орчинд халгаатай ч юм шиг эсвэл эдийн засаг л өсөж байвал ямар ч үнээр хамаагүй чөлөөт эдийн засгийг л зүгээр чөлөөт байлгах ёстой тэрний цаад байгаль орчин, нийгмийн өртөг нь аяндаа өөрөө учраа олно гэдэг нэг тийм үзэл нь надад яг нийгэмдээ бол харгис юм шиг санагдсан. Өөрөөр хэлвэл корпорациудыг л томруулаад чинээлэг баян давхрагыг дэмжээд байх юм бол аяндаа тэндээс бүрдэж байгаа татварын системээр нийгмийн болон дараа дараагийн зүйлээ дэмжээд явчихна гэдэг зарчмаар Бүгд найрамдах нам явдаг шүү дээ. Манай Ардчилсан нам бол баруун төвийн нам. Зарим бодлого нь энэ үзэл баримтлалтайгаа таардаг. Монголбанкнаас мөнгө хэвлээд зарим том компанийг дэмжиж байна, Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл өгч байна, аль болох том компани корпорациуд нь хөл дээрээ босоод нийгмийн асуудлууд нь аяндаа шийдэгдэнэ гээд байдаг. Харин манай Монгол Ардын Нам бол зүүн төвийн нам. Явуулж байгаа бодлого нь ихэнхдээ нийгэм рүү чиглэсэн, цалинтай ээж хөтөлбөр, насны хишиг, оюутны мөнгө, хүүхдийн мөнгө зэрэг илүү халамж талдаа. Хавтгайруулсан халамжийг би дэмждэггүй ч гэсэн нийгэм энэрэнгүй байх ёстой, эмзэг хэсгээ халамжлах ёстой гэж боддог. Тиймээс зүүн төвийн үзлээ дагаж МАН-д элссэн. Манай Монголд социал демократ үзэлтэй гэж өөрсдийгөө тунхагласан хэд хэдэн нам бий. А.Ганбаатар даргатай Социал демократ нам үйл ажиллагаа нь идэвхигүй байдаг. МАХН бол социал демократ үзэлтэй гэж бичиж байгаа ч гэсэн үндсэндээ нэг хүнийг тойрон хүрээлсэн бүлэг юм шиг харагдаж байсан. 
    -Америкт бол улстөрч хүн үзэл бодлоо гэнэт солих, өөр намд элсвэл нэр хүндээ алдаж рейтинг нь унадаг. Үзэл бодол төлөвшөөгүй, тогтворгүй гээд их шүүмжлэлтэй ханддаг. Миний мэдэхээр 2000 оноос хойш Америкт гуравхан сенатын гишүүн намаа сольсон байдаг. Гэтэл Монголд болохоор намаас нам дамжиж солиод явдаг улстөрчид тоогоо алдлаа. Үзэл бодлоосоо, зарчмаасаа ухрах, хамт зүтгэж байсан намын нөхдөөсөө урвах явдал газар авлаа. Монголын улстөрчдийн үзэл бодол төлөвшөөгүй байгаа юм бишүү. Шинээр шууд нам байгуулдаг. Сонгуулиар дэмжиж байснаа маргааш нь огцор гээд дайрдаг. Танд тэгж санагддаг уу?
    -Таны хэлдэг үнэн. Үзэл бодол төлөвших хувь хүний ч асуудал бас байна. Зарим нам баруун зүүнээ ч тодорхой болгохгүй байна. Ийм байж болно гэж үү? Би нэг хүнтэй жаахан санаа бодол зөрөлдөөд. Философич Б.Батчулуун багш л даа. Бид хоёр С.Оюун гишүүний өрөөнд тааралдсан юм. Айн Рэйндийн “Атлантын нуруу тэнийв” номыг уншаад "Atlas Shrugged" гээд тэмцээнд хүүхдүүд орно гээд тэтгэлэгт хөтөлбөр зарладаг юм байна. Оюутнууд орох гэж байгаа гэхээр нь тэр номыг нь унштал үнэхээр харгис санагдсан. Хэт чөлөөтэй байдал, бараг анархизмыг номлосон байсан. Чөлөөт байдал хэдий чухал ч хэтрээд эхлэхээрээ бараг төргүй байя гээд байгаа юм уу гэмээр зэрлэг капитализмын философи яваад Б.Батчулуун багш тэрийг хүчтэй хамгаалаад, тэгээд би зүүний үзэлд яагаад итгэдгээ түүнд ярьсан. Намайг хэт зүүнийх гэж ойлгоод баахан мэтгэлзэж байгаад за хоёулаа санаа нийлэхгүй юм байна гэхдээ хэн хэнийхээ үзэл бодлыг хүндэтгээд энхтайвнаар зэрэгцэн оршиё гээд гар барьсан. Б.Батчулуун багш Иргэний Зориг намын үзэл баримтлалыг бичсэн гэсэн. Тэгэхээр Иргэний Зориг нам хэт барууны үзэлтэй юм байна гэж ойлгоод байж байтал Ногоон намтай нэгдчихсэн. Ногоон нам бол зүүний үзэлтэй нам. Тэгэхээр тэдний хувьд үзэл баримтлалаа хэрхэн тодорхойлох бол гэсэн миний гайхшрал арилаагүй байна. Намууд төлөвших тухайд манай улс төрийн орчны нэг тодорхой кэйс гэж боддог. 

    Түрүүн тэтгэлэгт хөтөлбөр гэж та ярилаа. Та оюутнуудад тэтгэлэг өгдөг. Физикийн ухааны эрдэмтэн хүн яагаад Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудад тэтгэлэг өгч байгаа юм бэ?
    -Монголчууд шинжлэх ухаандаа анхаарал тавьдаг байсан үе буюу 1987 онд Монгол Улсын Их Сургуульд гүнзгийрүүлсэн сургалттай анги анх нээгдэхэд элсэн орж байлаа. Тэр үед Сайд нарын зөвлөлийн тогтоолоор тэрхүү математик, физикийн ангийг байгуулж байсан. Сайд нарын зөвлөлийн тогтоолын нэр нь хүртэл их холч. Университетийн судалгааны чанарыг сайжруулах чиглэлтэй тийм тогтоол. Гэхдээ Их сургуулийн судалгааны чанарыг сайжруулах гэж орон даяар математик, физиктээ авьяастай сайн 13-14 хөн настай хүүхдүүдийг сонгож авч ирээд дотуур байранд байрлуулаад Москвагийн Улсын Их сургуулийн Ландаугийн школ гэж байдаг тэрний загвараар математик, физикийн онцгой авьяасыг хөгжүүлнэ гэж цуглуулж байсан. Өвөг дээдэс маань тийм ухаантай алсын хараатай бодлого баримталдаг байжээ. Бид нар оюутан шиг тэтгэлэг авдаг. Дандаа шилдэг эрдэмтэд хичээл орж байлаа. Монгол хэлийг гэхэд С.Дулам багш, астрономыг Д.Халтар багш гээд л тухайн үеийн салбар, салбарын шилдэг багш нар орж байсан. Тийм онцлогтой ангийг бүрдүүлээд ердийн сургуулийн хичээлээс хоёр дахин илүү цагаар орж байсан. Орос хэл дээр хичээл орж байлаа. 1994 онд их сургуулиа төгсчихөөд Италид очсон. Тэнд "UNESCO"-гийн тэтгэлгээр ирсэн олон орны оюутнуудаас дутахааргүй бэлтгэлтэй байсан. Сургуулиа төгсөөд Монголдоо иртэл залуу эрдэмтэд бүгд гадагшаа гарсан, олон настай багш нар тэтгэвэртээ гарсан байв. Байгалийн шинжлэх ухааныг дэмжих бодлого алдагдсан, олон залуус хууль, эдийн засгийн салбар руу хошуурдаг болсон байв. Гэтэл одоо ажилгүй эдийн засагчид ямар олон байна. Зарим салбарт мэргэжилтэн илүүдээд байхад заримд нь мэргэжлийн хүмүүс дутагдаж байна. Үнэхээр мэдлэгт тулгуурласан эдийн засгаа хөгжүүлье гэвэл шинжлэх ухаан, инженер техникийн салбараа анхаарах зайлшгүй шаардлага байна. 
    1942 онд дэлхийд дайн өрнөж байхад монголчууд бид Их сургууль байгуулж байлаа. Тэгээд 1980-аад оны төгсгөл үед Университетийн боловсрол судалгааг сайжруулна гээд 160-аад залуусыг бэлтгэж байв. Тэр залуус одоо дэлхийн топ судалгааны төвүүдэд ажиллаж, их сургуулиудад багшилж байна. Монголын олон их сургуулийн гол боловсон хүчнүүд болсон байгаа. Тийм л алсын хараатай байж. Үүнийг эргээд эхлүүлэх ёстой. Түүний тулд тэтгэлэг санаачлан гурав дахь жилдээ олгож байна. Надаас хавьгүй илүү хүч чадалтай томоохон компани корпорациуд үүнд анхаараасай гэж боддог. Яагаад гэвэл бид чадавхитай боловсон хүчний дутагдлын хямрал дунд байна. Энэ асуудалд анхаарахгүй бол бид шинжлэх ухаан, технологийн эрин зуунаас хоцрогдоно. Зарим улсад аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал төгсгөл болж "Soceity 5.0" гэж тавдугаар хувьсгалдаа орсон байхад бид дөрвийгөө ч эхлээгүй шахам сууж байна. Тэгэхдээ зарим салбарт амдаж хөгжих боломж байгаа. Бид 30 биш 3000 тэтгэлгийг, 30 тэтгэлгийг 30 дахин үржүүлсэн чанартай тэтгэлгүүдийг өгмөөр байна. Тэтгэлгийн тухай асуусанд баяртай байна.

    Аливаа зүйлийг сурахад тухайн сурч байгаа зүйлээсээ хамаараад арга барил нь өөр өөр байх л даа. Гэхдээ бүх зүйлд арга барил хэрэгтэй. Тухайн хүн тухайн зүйлээ ямар түвшинд сурч байгаагаасаа хамаарна. Мөн өөрийнхөө сурах арга барилыг өөрөө олсон байх нь илүү чухал юм шиг. Хэрвээ арга барилаа мэдэхгүй байгаа бол эхлээд арга барилаа олох дээрээ илүү ажиллах хэрэгтэй, тэгж байж л аливааг сайн сурна. 

    -Монголын боловсролын систем их буруу байгаад байна. Тэтгэлгээр биш өөрөөрөө гадаадад очоод сурахаар их сургуульд юу сурснаа өөрөөсөө асууж гайхахад хүрдэг юм шиг.  Тэр тал дээр та яг юуг чухалчилж харж байна вэ?
    -1990-ээд оны эхээр боловсрол тэр дундаа байгалийн шинжлэх ухааны салбар чамгүй өндөр түвшинд хүрсэн байсан. Тэрнээс хойш бол уруудсан. Энэ нь эцсийн дүндээ бодлогын хямрал байлаа. Түүчээ болсон залуус нь гадагшаа гарч тэндээ суурьшаад эх орондоо ирдэггүй. Ажиллаж амьдарч байгаа залуус тэгэхээс өөр арга байхгүй. Бид боловсрол олгож байгаа багш ажилчдаа сайн бэлтгэж, ажилд авахдаа өндөр цензур тавих, цалин урамшууллыг зоригтойгоор нэмэх ёстой. Мөн сургалтын төлбөрийн асуудал байна. Яаж дэлхийн хэмжээний боловсролыг одоогийн төлдөг төлбөрөөрөө авах вэ? Энэ бол боломжгүй зүйл. Багш хүн энэ бүхний үндэс суурь хэрнээ багшийн амьдрал сайнгүй байгаа шүү дээ. Тиймээс үүнийгээ л өөрчлөх хэрэгтэй. Мөн ихэнх хүмүүс их сургуулиа цөөхөн болгох хэрэгтэй гэж хэлдэг. Оюутны тоог цөөхөн болгож айл өрхөд дарамт болгохгүйн тулд зээлээр сурах нөхцлийг хангаад төлбөрийг нэмж болох юм. Иймд өндөр төлбөр төлснийхөө хэрээр чанартай боловсрол шаардах эрхтэй болно. Их сургуулиудыг нэгтгэх үйл явц одоохондоо судалгааны түвшинд явж байгаа. Яг аль сургуулиудыг хооронд нь нэгтэх, энэ нэгтгэх гэдэг маань зүгээр цаасан дээр бичсэн зүйл байх уу, эсвэл бүтцийн хувьд томоохон ажил болох уу гэдэг нь дараагийн асуудал л даа. Одоо гэхэд л цахилгаанчин олдохгүй байна гэж байна. Гэтэл эдийн засагч мэргэжилтэй ажилгүй хүн зөндөө. Хөдөлмөрийн зах зээл боловсролын бодлогын уялдаа үгүйлэгдэж байна.
    -Хоёулаа илүү хувийн сэдвээр ярилцвал уншигчдад бас сонин байх болов уу. Таны нэг ярилцлагыг уншиж байсан. Та арван найман настайдаа хүүхдээ төрүүлж байсан гэсэн. Тэрнийхээ хажуугаар сурч байсан тухайгаа ярьсан байна лээ. Одоо бол хүүхэдтэй болсон бол чөлөө их авдаг, сургууль завсарддаг болсон. Энэ сурах арга барил тал дээр та юу гэж хэлмээр байна. Яавал аливааг хурдан сурах вэ?
    -Ер нь бол сурахад суралцана гэдэг чухал зүйл юм шиг надад санагддаг. Аливаа зүйлийг сурахад тухайн сурч байгаа зүйлээсээ хамаараад арга барил нь өөр өөр байх л даа. Гэхдээ бүх зүйлд арга барил хэрэгтэй. Тухайн хүн тухайн зүйлээ ямар түвшинд сурч байгаагаасаа хамаарна. Мөн өөрийнхөө сурах арга барилыг өөрөө олсон байх нь илүү чухал юм шиг. Хэрвээ арга барилаа мэдэхгүй байгаа бол эхлээд арга барилаа олох дээрээ илүү ажиллах хэрэгтэй, тэгж байж л аливааг сайн сурна. Магадгүй энэ нь бүх салбарт академикаас гадна урлаг, спортод ч тэр арга хэрэгтэй гэдэгтэй бол бүх л багш нар санал нийлэх байх, тийм ээ. Сонирхуулахад би оюутан байхдаа аав ээжийнхээ найзынд амьдардаг байлаа. Тэр эгч маань ээжтэй адилхан математикийн багш мэргэжилтэй. Эгч нэг удаа манай Ундраа сурахад сурсан хүн гэж хэлж байсан. Ээж одоо болтол найзынхаа тэгж хэлснийг тод дурсдаг. Тэр үг яагаад ч юм сурах арга барил гэдэг үгийг санагдууллаа. Би хэл сурсан аргаасаа хуваалцвал би акцентгүй англи хэлээр ярьдаг хүн биш л дээ. Гэхдээ үгийн сан сайн гэж боддог. Анх арван долоон настай англи хэлний мэдлэг олж авах боломж олдож байсан. Тухайн курст сурч байхдаа жирэмсэн байв. Тэр үед дөнгөж англи хэл сурах нь зөвшөөрөгдөж эхэлж байсан хэдий ч манай ангийнхан англи хэл хэнд хэрэгтэй юм гээд  орос хэлээ л бүрэн сурч байвал болоо гээд хамт англи хэлний курст явах хүүхэд олдоогүй. Тэгээд би өвөлжин явлаа. Давхар биетэй болохоор гэдэс томроод л байсан чинь нэг  удаа англи хэлний багш маань “Ээ би чамайг таргалаад байна гэж бодоод байсан чинь маамаалах гэж байсан байна шүү дээ” гээд бүүр ийм байж өдөр, цаг алгасахгүй сууж мэрийж байсан гэж бодохоор гээд л бараг миний өмнөөс багш минь баярлаад байсан. Сүүлд АНУ-д доктор хамгаалсны дараа ангийн нэг найз маань дээр үед Ундрааг англи хэл хамт суръя гэхэд нь сурсан бол өдийд бас л Америк явчихсан байх ч байсан юм билүү гэж билээ. Италид очоод TOEFL-ийн шалгалт өгөх гэж бэлдэж байхдаа физикийн үг хэллэгээс гадна өөр олон үг хэллэг сурах шаардлагатай болсон. Дуугаар дамжуулж үг цээжлэх их үр дүнтэй байсан. Аяыг нь мэдэж байгаа дуунуудынхаа үгийг нь толь бичгээс түүж бичээд цээжилчихье гэж бодсон. Мэдэхгүй үгээ толь бичгээс харж дууны үгнийхээ хажуугаар жагсаагаад бичиж тэмдэглэсэн. Эхний ээлжинд хүүхдийн дуунуудыг цээжилж эхэлсэн. Ямар ч хүүхдийн дуу байсан нэг дуунаас доод тал нь 10-15 шинэ үг сурдаг юм байна лээ. Өөр дууны үг бол 20-иос дээш үг цээжилж болохуйц байсан. Тиймээс дуртай дууныхаа утга учрыг мэдээд сураад явах миний хувьд үг цээжлэх дөт арга санагдсан. Бас нэр хүндтэй телевизийн сувгуудыг үзэж болох юм. Одоо бол боломж сонголт их байна. Над шиг заавал Тавдугаар сургуулийн хажуугийн подвальд англи хэл үзэх хэрэггүй. Подвальд байгаа курсүүдийг муулж байгаа юм биш шүү. \инээв\
    -Кино үзэх дуртай гэсэн. Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ? Таны хамгийн дуртай кино юу вэ?
    -Онгоцонд "Casablanca" үзсэн. Гэртээ "Sideways", бас "Inside out" үзсэн. Японы зарим найруулагчдын кино, Орос Шукшиний кинонуудад дуртай.
    -Таныг сошиалд хааяа шүлэг оруулж, залуусын утга зохиолын арга хэмжээнүүдэд оролцоод явахыг анзаарсан. Та шүлэг бичдэг болсон юм уу?
    -Шүлэг бичдэг байсан. \инээв\  Математик, физикийн авьяастай хүүхдүүд гээд сонгогдоод ирлээ. Олимпиадад бэлдэх ёстой байсан хүүхдүүд чинь байрны хүүхдүүдтэйгээ нийлээд тэр үед Залуучуудын соёлын ордонд Л.Урианхай багшийн хичээллүүлдэг утга зохиолын бүлгэм гэж байсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тэнд “Улаан Од” сонины сурвалжлагч гээд явдаг, олон ах эгч нар ирж шүлгээ уншдаг байлаа. Бид нарын дунд авьяастай хүүхдүүд зөндөө байсан. Би өөрийгөө авьяастай гэж хэлэхгүй, би зүгээр сонсох дуртай, бас шүлэг оролдоно. 1989 онд Болор цом, Утгын чимэг, Шувуун саарал гээд утга зохиолын тэмцээн уралдаанууд анх зохион байгуулагдаж эхэлж байсан үе. Тэгээд тэр бүлгэмд явдаг байсан ах, эгч нар бид нарыг дэмжиж байсан болохоор утга зохиолын наадмуудын жинхэнэ одоогоор бол VIP суудлын урилга олддог байлаа. Тэрнээс хойш Америк, Италиар яваад шүлгээсээ жаахан хөндийрсөн. Гэвч утга зохиолд дуртай хэвээрээ. Америкт очоод барууны утга зохиолын маш том ертөнцөд шумбан орсон. Тэрний нөлөөгөөр ч  юм уу манай том хүү утга зохиолоор суралцаж Станфордын их сургуулийн Утга зохиолын ангийг төгссөн. Бурхан багшийн сургааль, Далай ламын бичсэн хэд хэдэн бүтээлийг уншиж, Библи, Коран, еврейчүүдийн ариун судар Танак зэрэг бүх шашны гол судруудыг ойлгож уншиж судлахыг хичээсэн. Исламын шашинд хоёр тэрбум хүн итгээд тэр шашинг шүтэж байна шүү дээ. Тэгэхээр судрыг нь ямар ч байсан уншиж чадлынхаа хэрээр ойлгоё гэж бодсон юм. Магадгүй хүн хоорондын харилцааг чухалчилж, өвөг дээдэс тэр үеийн олон ургалч үзлийг, олон шашныг хүлээн зөвшөөрч эзэлсэн улс орнуудынхаа шашныг өөрчилье гэхгүй шашин шүтэх эрх чөлөөг нь өөрийнхөөр нь байлгадаг байсан гайхалтай түүх байна. Аливааг уншилгүйгээр харанхуйгаар тахин шүтэх эсвэл эсэргүүцэх утгагүй, таньж мэдэх юмсан гэж хичээж ирсэн. 

    -Та шүлгийн ном гаргах уу?
    -Үгүй ээ. Одоо харин сүүлийн үед сонгодог зохиол орчуулах гээд байгаа. Улс төр чинь их стресстэй юм. Манай нам олонх хэрнээ хааяа ганцаардчих юм. Нам дотроо цөөнх болчихдог үе бий. Ардчиллын зарчим юм чинь олонхоо л дагана л даа. Гэхдээ л бухимдах үед стресс тайлах ганц зүйл нь урлаг л байна. Хөгжим сонсоно, утга зохиол тэр дундаа сонгодог яруу найргууд байна. Цөөнгүй ном уншсаны ачаар англиар яруу найраг унших мэдрэмж маань таашаал өгөх хэмжээнд очсонд баярладаг.  Мэдрэмж гэдэг юм харьцангуй ойлголт. Та нэг шүлэг уншаад тэр шүлэгнээс ямар ч мэдрэмж төрж болно. Тэр мэдрэмжийг хэн ч шүүхгүй, яагаад гэвэл тэр мэдрэмж хувийн зүйл. Тэр хүний дотоод сэтгэлийн юм болохоор сонгодог зохиолуудыг уншаад өөрт төрсөн мэдрэмжээрээ орчуулна гэдэг бол мэдрэмжээ хуваалцах хэлбэр гэж бодож байна. 
    -"Elizabeth Barrett Browning", "Lord Byron", "Maya Angelou" нарын шүлгээс ганц нэгийг орчуулсан. E. E. Cummings гээд миний хамгийн дуртай найрагч бий. Тэрний бүтээлийг буулгах гээд үнэхээр амаргүй байсан ч, гэхдээ яахав дур эзнээ голохгүй гэгчээр буулгахыг оролдсон \инээв\.
     -Нэгэнт ном шүлэг зохиолын тухай ярьсан юм чинь хоёулаа залуучуудад уншууртай сайхан номууд санал болгох уу?
    -Монгол хэл дээр хэвлэгдээд гарчихсан одоо байгаа ном бол Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” гээд үзэл бодолдоо үнэнч байхын талаар маш нарийн үзүүлж чадсан зохиол шиг санагддаг. Тэрийг уншаасай гэж бодож байна. Би өөрөө англи хэл дээрхийг нь нилээн олон жилийн өмнө уншиж байсан. Орчуулгын зарим номнууд муу орчуулгатай бол цагийн гарз байдаг. Харин энэ орчуулга маш сайн болсон байна билээ. Ер нь "Тагтаа" хэвлэлийн газрынхны орчуулга сайн байгаа. Залуу хүний үзэл бодол, хайр дурлал хоёр хоорондоо яаж зөрчилдөж байгаа талаар нилээн гүн зохиол. Хоёр дахь санал болгох ном бол монгол хэл дээр байгаа үгүйг нь мэдэхгүй Ишигүрогийн “Never let me go” нэртэй зохиол. Япон хүн хэрнээ англиар зохиолоо бичдэг. 1980-аад оны хийсвэр нийгмийн тухай үйл явдал. Хуруу шилний хүүхэд буюу эр эм бэлгийн эсийг нийлүүлж хүүхэд бий болгочихсон. Тэгээд тэр хүүхдүүдийг нэг асрамжийн газар төрсөн ээж аавтай биш зүгээр хүмүүсийн хараа хяналтанд амьдруулж огт өвтгөхгүй, эрүүл цэвэр газарт байлгаж байгаад нас биед хүрэнгүүт нь эд эрхтнийг нь эмчилгээнд зориулдаг харгис гэмээр ном л доо. Тэгээд бодоод байхад тэнд сүнс гэж байдаг болов уу, эцэг эхийн хайр халамжаас хүүхэд яг бий болдог уу хайр байхгүйгээр хүчээр ингээд эвцэлдүүлчихсэн тэр хүмүүсийн хоорондын харилцаа ямар байх вэ гээд их сонирхолтой. Мэдээж 1980-аад онд цаг хугацаа тийм байгаагүй шүү дээ. Тэгэхээр тэр хүн цаг хугацааг магадгүй зөгнөж бичсэн ч юм шиг, ирээдүйгээ харж бичсэн юм шиг. Одоо бол хүний зүрх тархи хоёроос бусад бүх эрхтнийг хиймлээр хийж байна. Тэгэхээр тэр зохиол бол өнгөрсөнд болсон зүйл юм шиг хэрнээ ирээдүйн олон асуултанд хариулж магадгүй байгаа юм.
    -За одоо тэгвэл таны санал болгох гурав дахь ном...
    -“Арбатын хүүхдүүд”-ийг уншаагүй бол бас залуус уншаасай. Биднийг бага байхад 1980-аад онд “Арбатын хүүхдүүд” яг гарч байхад Сталины үеийн хэлмэгдүүлэлт, тэр үеийн залуус зүгээр үзэл бодлынхоо төлөө хэлсэн үгнийхээ төлөө хэрхэн хэлмэгдэж зовж байсан, хүн хүндээ итгэх итгэл хомсдож матаас хийж, амиа зогоодог арчаагүй байдал ч гардаг. Гэхдээ гол баатрууд нь яг тэр үед амьдарч байгаа цөллөгийн амьдрал бас гардаг. Хүнийг эрх чөлөөгөөр нь хааж боосон, эрх чөлөөгөө хасуулсан нийгэмд амьдарна гэдэг ямар вэ гэдгийг гол дүрийн Сашагийн дүрээр харуулсан. Тийм хүнд үед ч Саша, Варя гэдэг хоёр хүний хайр сэтгэлээр холбогддог. Бид нарын хувьд бол хүүхэд байсан, нийгмийн өөрчлөлтөнд орж байсан болохоор тэр зохиолын агуулга ухаарал өгч байв. Мастер Маргарита бол дараагийн асуудал шүү дээ. Зарим залуус Мастер Маргаритаг алдартай болохоор нь мэддэг байж магадгүй ч тухайн үед бидэнд Арбатын хүүхдүүд их нөлөөлсөн номнуудын нэг. Саша одоогийнхоор бол крэш маань байлаа \инээв\.

    Улс төр чинь их стресстэй юм бухимдах үед стресс тайлах ганц зүйл нь урлаг л байна

    -Бага насны мөрөөдөл байсан байх?
    -Мөрөөдөл гэвэл би их механик зүйлийг мөрөөдөж байсан юм байна лээ. Манай ээж математикийн багш, харин аав утга зохиолд дуртай хүн байсан. Энэ хоёр хүний нөлөөлөл хүмүүжлээр хүмүүжсэн. Надад алдартай эрдэмтдийн намтар түүхийн ном их авч өгдөг байсан. Бодвол намайг үлгэр жишээ аваасай гэж боддог байсан байх. Би тэр дундаас гурван эрдэмтний намтрыг хуулж бичээд ширээнийхээ хажууд наачихсан байдаг байлаа. Тэр дунд Польшийн цөмийн физикийн эрдэмтэн Мари Кюри байсан. Тэрбээр Францад очоод хамгийн анхны Францын академийн гишүүн болсон. Хамгийн анхны Нобелийн шагнал авсан эмэгтэй. Хоёр салбарт Нобелийн шагнал авсан цорын ганц хүн зэрэг туулсан амьдралынх нь талаар товчхон намтар байсан. Тэрийг уншаад Кюри шиг тийм цөмийн физикч эрдэмтэн болох юмсан гэж бодож яваад л нэг мэдэхэд эрдэмтэн болчихсон. Механик мөрөөдөл байгаа биздээ/инээв/. Одоо бол арай өөр гэгээлэг зүйлсийг мөрөөдөж байна. Тэтгэлэг өгөх асуудал буюу энэ нөхөрлөл оюун санааг дэмждэг соёлыг Монголдоо өргөжүүлэх, залуусыг зөв чиглэл рүү залах юмсан. Би эрдэмтэн байж үзлээ, улс төрд орж үзлээ, олон хүний итгэлийг авч төрд хүчин зүтгэж, хууль батлахад хувь нэмрээ орууллаа. Энэ байр суурь маань хэр удаан үргэлжлэх нь үү. Ямартай ч хүн насаараа төрд байхгүй. Тиймээс урлагийг, шинжлэх ухааныг дэмжиж ажиллана аа.  
    -Таны номын санг олон номтой гэж сонссон. Уншсан номоос хүний тархинд нэг хувь нь тогтдог гэдэг. Та ном унших ямар арга хэрэглэдэг вэ. Тэмдэглэл хийдэг үү?
    -Монголд 1700 орчим нь байгаа энэ нь хагасаас арай бага ном гэсэн үг л дээ. Сүүлийн үед бас нэмэгдээд номын тавиур дүүрч агуулахад хэцүү болж эхэлж байна. Бусад ном маань Америкт агуулахад байгаа. Тэр номнуудаа нааш нь авч ирэх тээврийн зардал агуулах байр сав хүндрэлтэй байгаад байна. Тэгээд номнуудаа авч ирэхээрээ хувийн номын сан ч юм уу, эсвэл номтой Кофе шоп ч юм уу нээвэл боломж байна гэж хараад байгаа. Би зарим номоо уншиж амжаагүй. Зарим дуртай номнуудаа шимтэн уншсаар хуучирсан /инээв/. Мэргэжлийн номнууд, утга зохиолын ном олон бий. Би номон дээрээ тэмдэглэл хийдэг. Манай том хүү ч утга зохиолоор сурдаг болохоор бас их ном цуглуулна. Номон дээр зурж бичиж болохгүй гээд л тэрнээс болж манай гэрт бяцхан дайн болно.

    Тэгээд номнуудаа авч ирэхээрээ хувийн номын сан ч юм уу, эсвэл номтой Кофе шоп ч юм уу нээвэл боломж байна гэж хараад байгаа

    -Та нийгмийн бодлогын байнгын хороонд ажиллаж байгаа. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын талаар санал шүүмж тасрахгүй байгаа. Иргэд ч сэтгэл хангалуун биш байх шиг...
    -Энэ их чухал сэдэв. Гэхдээ хоёулаа их өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа. Нийгэм, боловсрол, танин мэдэхүй зэрэг тэр ч утгаараа Нийгмийн бодлогын байнгын хороонд хийсэн ажлууд, УИХ-ын гишүүний хувьд хийсэн ажлууд мөн хувь хүний хувьд хийсэн ажил гээд ерөнхийдөө л яригдчихлаа. Гэхдээ нийгмийн бодлогын байнгын хороонд байхдаа хийсэн ажлуудын нэг нь энэ эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санг шалгах ажлын хэсэгт өмнөх жил гишүүнээр орж ажилласан. Энэ жил ажлын хэсгийг ахалж ажиллаа. Тэгэхээр бидэнд тэтгэвэр, тэтгэмжийн олон төрөл байгаа. Гэвч олон хүний анхаарлыг татдаг нь тэтгэврийн асуудал. Иргэдийн гомдоллодог зүйл нь магадгүй нийгмийн даатгалаа маш өндөр төлдөг хэрнээ тэтгэвэрт гараад төлсөн мөнгөнийхөө багахан хувийг авдагт байгаа юм. Америкт бол "Social Security" буюу нийгмийн даатгал бол төрөөс даадаг сан. Харин 401к гэдэг нь нэрийн сан буюу өөрийнхөө цалингаас татварын хөнгөлөлттэйгөөр хүссэн дүнгээрээ орлого хийж болдог. Гэхдээ заавал тэтгэврийн насанд хүрч байж авна. Энэ нь татваргүйгээр өсөхийн зэрэгцээ хувьцаа, үнэт цаас, бонд худалдаж авч болдог. Нэрийн дансаа бол яаж ч өсгөж болох эрх чөлөө байдаг. Энэ нь хүн өндөр цалинтай байгаад их л хадгалж чадвал өндөр дүнгээр тэтгэвэртээ сууна гэхээр шударга сонсогдож байгаа биздээ. Манайд бол 401к шиг данс хэрэгжих хууль эрхзүйн зохицуулалт одоогоор байхгүй. Он гараад нийгмийн даатгал нэг хувиар нэмэгдэнэ гэж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалд төлж байгаа мөнгөний тодорхой хэсгийг нэгдсэн санд өгөөд үлдсэн хэсгээ өөрийн нэрийн дансанд хийгээд нэг компанид хөрөнгө оруулалт хийгээд өсгөх боломжийн талаар олон хүн асууж байна. Хуулийн зохицуулалтыг нийгмийн даатгалын цогц хууль Засгийн Газарт өргөн баригдахаар энэ тухай нийгмээрээ маш өргөн хүрээнд ярих хэрэгтэй. Тэр хуулийг батлах нь зөв чиглэл рүү орох боломж гэж харж байна. Нөгөө талдаа эрүүл мэндийн даатгалын асуудал яагаад чухал вэ гэдэг нь ойлгомжтой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж хүн бүрт ямар нэг байдлаар хамаатай. Нэг хүн хүнд өвдөхөд л нийтийн сүлжээгээр хандив тусламж хүсдэг. Мэдээж өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэдэг. Хүн болгон өвдөөд хандиваар эмчилгээнийхээ зардлыг бүрдүүлж чадах уу? Алийн болгон хандиваар мөнгө цуглуулж эмчлэх юм бэ. Бүгдийг нь сайн эмчилье гэвэл системээ сайжруулах хэрэгтэй. Түрүүнд багшийн цалин байр байдлыг ярьсан шиг эмч нар мөн адилхан. Даатгалын санд мөнгө байхгүй биш байгаа. Гэхдээ тэр мөнгийг яаж зарцуулах вэ гэдэг чухал. Чанартай эмийг яаж сонгох ёстой юм. Эмийн сангуудад тавигдах хяналт шалгалтаа хэр байлгах вэ гээд цаашлаад оношлох, урьдчилан сэргийлэх мөн эмчилгээ, үйлчилгээндээ тусламж үйлгээндээ эрүүл мэндийн сангийн үйл ажиллагааг уяхаас өөр аргагүй. Даатгалын сангийн мөнгийг бол аль банканд ямар хүүтэй байршуулсан бэ гэдгээсээ хамаарна. Мөн зарим банк нь дампуурч байна. Энэ чинь олон нийтийн, олон хүний хурааж хуримтлуулсан мөнгийг хадгалж байсан банк нь дампуурчихаар олон нийт бухимдахгүй яах юм бэ. Энэ бол нийгэмд тулгамдаад байгаа асуудал л даа. Одоохондоо даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг аль банкинд ямар хүүтэй байршуулах асуудал хамаг анхаарлыг татаж байгаа ч эрүүл мэндийн даатгалын шинэчлэл маш өргөн хүрээтэй чухал асуудал. Энийг дурдаад өнгөрөх биш нухацтай ярьцгаах ёстой гэж ойлгож байна. Хувийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал энэ сэдвээр хоёулаа дахиад ярилцах боломж гарах байх гэж найдаж байна. 

    -Ахиад л урлагийн талаар, та бас Италид олон жил амьдарсан. Итали бол урлагийн эх орон. Хуучний түүхэн барилга ихтэй. Улаанбаатарын ой санамж болсон түүхэн барилгуудаа нурааж шинэчлэх ажил маргаан дагуулаад байна. Заавал ингэж нурааж сүйтгэх хэрэг байна уу. Нураалгүй авч үлдэх боломж байдаг юм уу?
    -Би энийг бол намын нэгдсэн бодлого гэж бодохгүй байна. Гэхдээ засгийн бодлого шийдвэрийн нэг хэсэг байх. Миний ойлгосноор намын мөрийн хөтөлбөр бодлогод түүхэн өв соёлоо хамгаалах, хадгалж үлдэх, тэрийгээ засах өргөтгөх магадгүй шинээр өөр газар музей барина уу гэхээс байгаа музейгээ нураагаад суурин дээр нь барь гэж заасан мөрийн хөтөлбөрийн заалт хаана байгаа вэ. Цагаан дээр хараар бичсэн заалт бол байхгүй. Заавал архитектурын дурсгал, Улаанбаатарын нэрийн хуудас болсон барилгуудыг сэргээн засварлах хүчитгэх олон арга байна. Чингис хааны Цонжин болдог дахь хөшөө байна даа. Тэрний доор хүрэл зэвсгийн үеийн музей байсан. Тэнд очоод тэр музейг үзэхэд ямар сонирхолтой билээ. Мэдээж дэлхийн хамгийн том морьт хөшөөг үзээд гайхшрахаас гадна, тэнд байгаа хүрэл зэвсгийн үеийн музейгээс илүү суурь мэдлэг олж, шимтэй үзвэр болдог байсан жишээг дурдмаар байна. 
    Музейн урлагийг бид хөгжүүлэх ёстой. Та түрүүн европын орноор жишээ татлаа. Цаг хугацаа тэдний талд байгаа юм. Хуучин барилга, архитекторт нь цаг хугацаа өнгөрөхийн хирээр улам хуучин болно. Улам үнэ цэнтэй болно. Хэдэн зуун жилээр үзүүлсэн ч үнэ цэнтэй хэвээр байна. Тэгэхээр бид 2500 жилийн өмнөх металлургийн ур чадвараа яагаад үзүүлж болохгүй гэж. Баялаг түүхгүй улс зөндөө байгаа. Гэтэл бидэнд бол агуу түүх соёл, асар их баялаг боломж заяажээ. Үүнийгээ үнэгүйдүйлж болохгүй. 
    -Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан