Оросын Засгийн газрын шинэ тэргүүн Михаил Мишустин

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүр Холбооны хуралд хандан үг хэлдэг билээ. Энэ жилийнх 16 дахь удаагийнх бөгөөд уламжлалт ёсоор улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан бөгөөд хоёр онцлогтой байлаа. Нэгдүгээрт, Оросын төрийн тэргүүн оны эхэнд хандсан, хоёрдугаарт, Засгийн газрыг огцруулахаар болсноо мэдэгдсэн. Олон жилийн хамтрагч Д.Медведевийг Засгийн газрын тэргүүнээс чөлөөлөх болсон нь нэг хэсэгтээ л хэвлэл мэдээллийн гол сэдэв нь болсон.

    Ингэхдээ Холбооны татварын албаны дарга Михаил Мишустинд энэ албыг санал болгож байгаагаа хэлсэн. Олон нийтэд төдийлөн танил бус  М.Мишустин ч төрийнх тэргүүний саналыг хүлээн авсан. Ингээд Төрийн Думаар батлуулах гээд хуулийн дагуу бүх юм маш хурдтайгаар өрнөж шинэ Засгийн газрын маш богино хугацаанд эмхлэн байгуулсан.
    Өдгөө 53 настай Михаил Мушистин нь Москвагийн уугуул иргэн. СТАНКИН нэрээр олны танил болсон Москвагийн технологийн их сургуулийг багаж хэрэгсэл автоматжуулсан төслийн инженерээр төгсч хожим нь эдийн засгийн ухааны доктор хамгаалсан.
    Түүнийг Ерөнхий сайдаар томилогдоод долоо хоног ч болоогүй байхад өөрийнх нь болон эхнэрийнх нь орлогын мэдүүлгийг олон нийтийн хүртээл болгосон юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар 2010 онд М.Мишустин нь Оросын төрд хариуцлагатай алба хааж буй  хамгийн чинээлэг албан хаагчдын жагсаалтад нэлээд дээгүүр бичигдсэн байдаг. 2009 онд 78.9 сая рублийн орлого олж, 2015 онд  “Forbes” сэтгүүлээс гаргасан   судалгаагаар хамгийн их орлоготой төрийн албан хаагчдын жагсаалтын 54 дүгээрт бичигдсэн бол 2014 онд түүний эхнэр Владлена Мишустина  төрийн албан хаагчдын хамгийн их орлоготой эхнэрүүдийн жагсаалтад багтсан байдаг. 
    Михаил Мишустин дээд сургуульд онц сурч амжилттай төгсөөд төрд ажиллажээ. Гэвч  2008 онд төрийн албаа орхин Олон улсын компьютерчдийн клубыг байгуулсан. Хоёр жилийн дараа тухайн үед  ОХУ-ын Ерөнхий сайдаар томилогдоод удаагүй байсан  В.Путин түүнд Холбооны татварын албанд ажиллахыг санал болгосон. Оросын төрийн тэргүүн түүнийг нэлээд эртнээс судалж эхэлсэн гэсэн яриа ч бий. Михаил Мишустин нь хариуцсан ажилдаа эзэн болж чаддаг, үүгээрээ ихэд үнэлэгддэг. Түүнийг байдал хамгийн хүнд байгаа халуун цэг дээр нэг бус удаа томилж М.Мишустин ч даалгасан ажлыг нэр төртэйгээр гүйцэтгэжээ. 
    Яагаад Михаил Мишустиныг Ерөнхий сайдад санал болгов гэсэн асуултад янз бүрийн тайлбар өгсөн байдаг. Зарим нэгэн эх сурвалжид дурдсанаар тэрээр Ерөнхийлөгч В.Путинтэй тун ойрхон байдаг хүрээлэлд хамардаг аж. Бусадтай хэл амаа ололцож чаддаг, шаардлагатай үед хэнд буулт хийхээ мэддэг. Сангийн сайдын албыг хашиж байсан нэрт эдийн засагч Алексей Кудринтэй нөхөрлөдөг. Ташрамд дурдахад А.Кудрин Оросын Ерөнхийлөгчийн үнэлдэг улстөрчдийн нэг. М.Мишустинээр Засгийн газрыг тэргүүлүүлэх саналыг Эдийн засгийн онцгой бүсүүдийг удирдах холбооны агентлагийн тэргүүн Герман Греф дэвшүүлсэн гэнэ. Гэхдээ  энэ нь бас учиртай. М.Мишустин нь “Роснефть”-ийн тэргүүн И.Сечинтэй нэлээд ойр нөхөрлөдөг аж. Тэд цугтаа хоккей тоглодог, хоёулаа “Шөнийн хоккейн лиг”-ийн гишүүн.  Оросын Ерөнхийлөгч хоккей сонирхдог бас тоглодог. Тиймээс М.Мишустины ард чухам хэн байгаа гэдэг асуултын хариулт нь тодорхой В.Путин.  
    Уншигч таньд Оросын шинэ Ерөнхий сайдын талаар бас нэгэн сонирхолтой баримт дэлгэе. 2008 онд М.Мишустиныг хөрөнгө завшсан хэргээр буруутгасан тул төрийн албыг орхисон байна. Тэрээр РосОЭЗ буюу Холбооны эдийн засгийн онцгой бүсүүдийг удирдах  агентлагт ажиллаж байхдаа 2,5 тэрбум рубль идэж шамшигдуулсан буюу төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан зэрэг олон зөрчлүүд гаргасан хэмээн буруутгагдаж байжээ. Оросын төв телевизийн сэтгүүлч С.Соколов тухайн үедээ үүнтэй холбоотой нэлээд баримт цуглуулсан байдаг гэнэ. Одоо ч түүнтэй танилцах боломжтой. Түүнд дурдсанаар М.Мишустин Оросын баячуудын амьдардаг Москвагийн Рублевкад эдлэн газартэй. Түүнээсээ жилдээ л хэдэн сая ам.долларын ашиг олдог. 

    Тэрбээр татвар төлөлтийг нэг талаас нэлээд чанга хяналттай, нөгөө талаас хэнийг ч хилсдүүлэхээргүй болгон шинэчилсэн гэдэг. Түүнээс гадна санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхүйц арга замыг олж чаддаг, Оросын бүс нутгуудын онцлогийг сайн мэддэг. 

    Оросын Засгийн газрын тэргүүнээр томилогдохоосоо өмнө хариуцлагатай алба хашиж байсан хэдий ч хэвлэл мэдээлэлийнхэнд ярилцлага бараг өгдөггүй. Өнөөдрийг хүртэл бараг ганцхан л ярилцлага өгсөн байдаг. 2010 онд буюу Холбооны татварын албыг тэргүүлэх болсныхоо дараахан нэрт сэтгүүлч Владимир Позднерийн нэвтрүүлэгт оржээ. 
    2004 онд түүнийг “Роснедвижимость”-ийн тэргүүнээр томилохдоо үл хөдлөх хөрөнгөнөөс аль болох түргэн ашиг олдог болгохыг үүрэг болгосон. Тэр ч үүргээ биелүүлж чадсан. “UFG Capital Partners” ерөнхийлөгчөөр ажиллахдаа  чадварлаг боловсон хүчин болохоо харуулсан.
    2009 онд түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч нөөц боловсон хүчний жагсаалтанд авсан байдаг. Михаил Мишустиныг Холбооны татварын албыг удирдахдаа ажилд нь ямар ахиц дэвшил гаргасан талаар ч яригдах болсон. Хамгийн гол нь өгсөн үүргийг ягштал биелүүлдэг.Тус салбарт маш том шинэчлэл хийж татвар төлөлтийн хэмжээг огцом нэмэгдүүлсэн. Төрийн Думын нэгэн гишүүний ярьснаар М.Мишустин бусад улс орнуудын татварын албаны хийж чадаагүй ажлыг амжилттай хэрэгжүүлсэн аж.  Тодруулбал шинэ технологи дээр суурласан татвар төлөгчдийн тавьдаг шаардлагыг хангахуйц, бүх татвар төлөлтийн байдалтай танилцаж болохуйц тунгалаг болгосон. Тэрбээр татвар төлөлтийг нэг талаас нэлээд чанга хяналттай, нөгөө талаас хэнийг ч хилсдүүлэхээргүй болгон шинэчилсэн гэдэг. Түүнээс гадна санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхүйц арга замыг олж чаддаг, Оросын бүс нутгуудын онцлогийг сайн мэддэг. Оросын зарим улстөрчдийн ярьснаар В.Путин энэ жилийн Холбооны хуралд хандсан илтгэлдээ онцлон дурдсан нийгмийн нэгдмэл, тэгш байдлыг хангах зорилтыг амьдралд дээр хэрэгжүүлж чадах хүн нь Михаил Мишустин аж. 
    Оросын парламентийн  “Нэгдсэн Орос” намын бүлгийн хурал дээр М.Мишустин үг хэлэхдээ Ерөнхийлөгчийн өгсөн даалгаврыг шуурхай бөгөөд чанартай хийж гүйцэтгэх нь түүний гол зорилго хэмээн онцолсон гэнэ. 
    Судлаачдын бичсэнээр М.Мишустин нь өргөн хүрээг хамарсан чухал бөгөөд амаргүй ажлыг нөхцөл байдал хүнд  байсан ч зохион байгуулан хэрэгжүүлж чаддаг нэгэн. 
    ОХУ-ын шинээр томилогдсон Ерөнхий сайд парламент дахь намуудын бүлгүүдийн гишүүдтэй уулзахдаа хамгийн түрүүн ядууралтай тэмцэх ажилд гол хүч, анхаарлаа хандуулахын сацуу Засгийн газрын бүрэлдэхүүнд  томоохон шинэчлэл хийнэ гэжээ.
    Михаил Мишустин ажилдаа ороод удаагүй байна. Ерөнхийлөгч В.Путины итгэл найдварыг дааж чадах эсэхийг харуулахад нэг их хугацаа шаардагдахгүй .Шаардлагатай бол В.Путинд  энэ хариуцлагатай албанд томилох боловсон хүчний нөөц ч хангалттай бий.
    М.Мишустины гэр бүлийн  талаар мэдээлэл хомс. Гурван хүүтэй. Хоёр том нь Швейцарьт дунд сургууль дүүргээд өдгөө  Э.Бауманы нэрэмжит  Москвагийн техникийн их сургуульд суралцдаг.  Отгон хүү нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч. М.Мишустиных нэлээд хэдэн газар үл хөдлөх хөрөнгөтэй айл. 

Сэтгэгдлүүд : 2

  • Draisaw

    <a href=https://cialiswwshop.com/>cheap cialis</a>

  • Draisaw

    <a href=https://cialiswwshop.com/>best cialis online</a>

Сэтгэгдэл оруулах

урлан