
"Ид шидийн уут", "Лантуун дохио", "Jack's coffee", "Bright Mongolia", "Ид шидийн орон" гэж та лавтай сонссон буй заа. Энэ олон ажлуудыг залуу хүн яаж амжуулдаг вэ? Үнэндээ сонсоход сайхан боловч хэзээ ч сэтгэлийн хөөрлөөр хийхийн аргагүй тус дэм юм. Маш сайн ар тал үгүй бол ахихгүй. Тэр их бүтээн байгуулалт, хүнд бэрх амьдралыг хараад мэдрэх эмзэглэл, олон асуудлын ард гарахад түшиг хэрэгтэй. Тийм тулгуур болсон, бас гэгээлэг сайхан хүсэл эрмэлзэлтэй бүсгүйг танилцуулж байна.
-Монголд кофены соёл сүүлийн зургаан жилд эрчимтэй түгэн дэлгэрч байна. Энэ давалгаан аль хэсэгт "Jack’s coffee" байна вэ? Ямар үнэ цэнийг бүтээж байгаа бол?
-Сүүлийн хэдэн жил гадны сүлжээ кофе шопууд олноор бий болж манай улсад кофены соёл түгэн дэлгэрэхэд хэрэглэгчдийг бэлдэж зах зээлийн хувьд эерэг нөлөө үзүүлсэн. "Jack’s coffee" 2014 онд анхны салбараа Саппорогийн "Гурвалжин-2" төвд нээж байсан. Тухайн үед аяга американог 3000 төгрөгөөр худалдаалдаг байлаа. Алкахол биш кофе ууж цагийг өнгөрөөдөг залуус илүү олон болж, кофе уудаг, дурладаг залуусын клубүүд үүсч, кофегоор дамжуулан хүмүүс нөхөрлөж эхэлсэн түүх ч бий. Зарим үед “аяга хоолтой яагаад адилхан үнэтэй байгаа юм”, "энэ чинь ямар гашуун кофе вэ" гэх зэрэг шүүмжилсэн сэтгэгдлүүд ирдэг байсныг бодвол өнөөдөр хотын төвийн манай салбар кофе шопт хүмүүс гар аргаар чанасан кофег сонгон үйлчлүүлж байгаа нь бидний хэрэглээ хэрхэн өргөжиж байгааг харуулах бизээ. Энэ бүх түүхийн нэгээхэн хэсэг болж "Jack’s coffee" үргэлжилж байна. Хүмүүс манай нэрийг сонсоод гадны кофе шоп уу гэж асуух нь олонтаа. Түүх нь их энгийн. Үүсгэн байгуулагч нь манай нөхөр Ч.Ганжавхлан. Найз нөхөд нь Жак гэж хочилдог юм. Жак кофе уух дуртай, хэрэгслүүдээ аваад л явна, кофе хийж хүмүүстэй яриа өрнүүлнэ, энэ нь л "Jack’s coffee"-ний эхлэх суурь болсон. Өнөөдөр бид Улаанбаатар хотод салбар кофе шоп хоёр, шууд худалдааны цэг нэг, хөдөө орон нутагт хоёр салбар ажиллуулахаас гадна өөрсдөө кофегоо дотооддоо хуурч боловсруулж шинэлэг сайхан кофег зах зээлд нийлүүлж байна.
-Монголд кофег түүхийгээр нь оруулж ирээд боловсруулдаг газрууд хэр олон байдаг юм бол?
-Монголд кофе ургадаггүй учраас Монголын кофены зах зээлийн мэдээллийг импортын мэдээнээс харж дүгнэлт хийж болно. Чанадаг кофены зах зээлийн ердөө наймхан хувийг дотооддоо хуурч боловсруулдаг газрууд эзэлж байгаа. Тэгэхээр цөөхөн байгаа дотооддоо кофе хуурдаг газрууд нь хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй дэлгүүрийн лангуун дээр байгаа импортын кофег хэрхэн орлож, шинэхэн хуурсан кофены давуу талыг хэрэглэгчдэд таниулах тал дээр хамтарч ажиллах ёстой гэж би боддог. Тийм ч учраас кофе хуурдаг бусад газруудтайгаа нөхөрсөг байхыг эрмэлздэг. Шинэхэн хуурсан кофег төсөөлвөл цехийн талх шинээрээ ямар байдаг билээ, яг тийм мэдрэмж гэж ойлгож болно. Манай үйлдвэрээс ердөө гурваас долоо хоногийн дотор шинэ хууралтууд үргэлж гардаг. Гэтэл импортын кофенууд тодорхой хугацааг тээвэрт зарцуулан, менежментийн шийдлүүдийг дамжин хэрэглэгчдийн гарт ирэхдээ дор хаяж тав, зургаан сарыг алддаг. Анзаарвал ихэнх импортын кофенууд хууралт хийсэн өдрөө биш хугацаа нь дуусах өдрийгөө сав баглаан дээрээ бичдэг. Харин бид савлагааныхаа нүүрэн хэсэгт хууралт хийсэн өдрөө тэмдэглэдэг. Гадаад хүмүүс Монголд ирээд “Старбакс” оръё гэхээсээ илүүтэй энэ улсын дотоодын сонирхолтой сүлжээ нь юу байдаг юм бол, монголчууд кофег хэрхэн хэрэглэдэг вэ гэдгийг илүүтэй сонирхох болно. Уг бүтээгдэхүүн нь өөрөө гадны соёлоос манайд нэвтэрч байгаа дэлхийн хамгийн түгээмэл ундааны нэг учраас улс үндэстэн бүрийн хийх аргачлалаас хамааран онцлог амтууд гардаг. Ганцхан аяга кофе үйлчлүүлэгчийн ширээн дээр очихдоо маш олон зүйлийг туулдаг. Танзани, Этиоп зэрэг Африкийн орнуудад кофены үрийг ширхэг болгоноор нь гараараа түүдэг. Бидний итгэл үнэмшил бол “Энэ бол зүгээр нэг аяга кофе биш, аяга дүүрэн аз жаргал, хичээл зүтгэл, хөдөлмөр юм”. Яагаад гэвэл эквадорын бүс нутагт ургасан кофег ардууд түүж хатааж бэлтгээд дэлхийн зах зээлд нийлүүлнэ. Үүнийг бид сорчлон хамгийн сонирхолтой амтуудыг оруулж ирэн хуурч боловсруулж, савлаж худалдаанд гаргахаас гадна, кофе шоптоо ашиглан аяга кофе болгон гаргаж байна. Хэдий чинээ их үйл явцыг дотооддоо хийнэ, төдий хэмжээгээр ажлын байр бий болж, бүтээгдэхүүнд шингэх нэмүү өртөг нь Монголдоо үлдэж байгаа юм. Нэгэн сонирхолтой зүйлийг хэлэхэд кофены амт зөвхөн “хар кофе” гэлтгүй маш олон салдаг. Ямар хэрэгслээр, ямар үед, ямар мэдрэмжээр хийж байгаа нь амтанд нь нөлөөлдөг онцлогтой. Тийм ч учраас залуус кофег их сонирхдог.
Вьетнамд жишээ нь өндөгтэй кофе гэж байдаг, харин Монголд кофетой зохицох бас цаг агаар, уур амьсгалд нийцэх нь шар тос бас цөцгий байдаг. Шар тос нь хүний биед сайнаас гадна хэрвээ хар кофе гашуун санагддаг бол тэрхүү хүчтэй амтыг нь арай зөөллөж өгдөг.
-Монгол кофе гээд ярихаар шар тостой кофе санаанд орж байна?
-Шар тостой кофег худалдаанд гаргахад хүмүүс таатай хүлээж авсан. Өмнө хэлсэнчлэн улс орон бүр өөрсдийн онцлог кофены жортой байдаг. Вьетнамд жишээ нь өндөгтэй кофе гэж байдаг, харин Монголд кофетой зохицох бас цаг агаар, уур амьсгалд нийцэх нь шар тос бас цөцгий байдаг. Шар тос нь хүний биед сайнаас гадна хэрвээ хар кофе гашуун санагддаг бол тэрхүү хүчтэй амтыг нь арай зөөллөж өгдөг.
-Хэрэв ууж үзсэн хамгийн сайхан кофегээ хэл гэвэл ямар кофег нэрлэх вэ. Миний хувьд Америкт байхад ядраад явж байгаад “Старбакс” орж хоёр доллар 30 центээр авч ууж байсан кофе их дурсамжтай санагддаг?
-Энэ асуултыг хүмүүс их асуудаг. Бүгд л ижилхэн хар кофе боловч ургасан газрынхаа онцлог, хөрс, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад өөр өөр амттай. Яг л нутаг нутгийн ааруулууд өөр аргаар хийгдсэн, өөр амттай байдагтай адил тухайн улс орон бүрийн кофе тариалах ёс заншил өөр. Мөн хүн хүний амтлах мэдрэхүй, сонирхол өөр байдаг учраас энэ асуултанд хариулах боломжгүй. Ямар үед, ямар дурсамжтай, яаж ууснаасаа шалтгаалж амт нь өөр мэдрэгдэнэ. Кофе амьтай. Үүнийг кофены амтны аялалд гарсан хүмүүс ойлгоно. /инээв/
-Кофетой амьдралаа холбосон таны түүх их сонирхолтой санагдаж байна. Яаж кофед ингэтлээ “дурлав” аа?
-Өмнө нь би огт кофе уудаггүй байсан. Жавхаа намайг кофенд оруулах гэж олон удаа оролдсондоо. Уухаар салгалаад таагүй мэдрэмж нь давамгайлаад байдаг байсан учир сонирхдоггүй байлаа. Гэтэл одоо кофе уух нь ажлын чухал хэсэг болсон учир уухгүй байх боломжгүй. Бас бие маань үүнийг хүлээж авдаг болтол хичээллэж ажилласан. /Хүн айдсаасаа салах, тархиндаа хүлээн зөвшөөрч биеэ удирдах зэрэгт нөлөөлдөг аргачлал бий, сонирхвол миний блогоос энэ тухай уншиж болно/.
Мөн кафейнд мэдрэг хүмүүст зориулан уусан ч зүрхэнд ачаалал өгч салгалдаггүй кофег худалдаанд гаргасан. Энэ бизнес рүү орж ажиллаад нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд кофе хэмээх шинэ ертөнцийг өөртөө нээж, мөн гэр бүлийнхээ бизнесийг амжилттай авч явах хэрэгцээ байгаа учраас мэдэхгүйгээс мэдэх хүртэл явах нь сонирхолтой, үнэ цэнтэй байгаа.
-Кофены салбарын ажиллах хүчний тухайд ямар онцлогтой байдаг вэ?
-Хоёр төрөл байдаг. Эхнийх нь кофе гэдэг зүйлд бүрэн автсан хүн. Яг л алдартай тогоочийн гарын хоолтой адил аяга кофе гэдэг тухайн баристагийн гарын хоол нь гэдгийг ойлгосон хүн. Энэ төрлийн хүн кофены салбарт удаан тогтвортой ажилладаг. Кофе бол оньсого шиг ундаа. Тэр оньсогонд нь автчихвал хүмүүс амтны аялалд гардаг. Хэрэв тэгвэл энэ салбартаа улам л гоё амттай кофе хийхийг хүсч, учрыг нь олж, эзэн нь болмоор санагддаг. Хоёр дахь нь оюутнууд. Нэг долоо хоногт 2, 3 өдөр хичээлтэй, хичээлийнхээ хажуугаар ажил хийж, мөнгө олох зорилготой залуус суралцаад ордог. Тэгээд л бас хэрхэн кофенд автахаас шалтгаалж цаашдын зам нь зурагддаг. Өөр суурь мэргэжилтэй хэрнээ мэргэшсэн бариста болсон хүмүүс ч байдаг.
Гадаад хүмүүс Монголд ирээд “Старбакс” оръё гэхээсээ илүүтэй энэ улсын дотоодын сонирхолтой сүлжээ нь юу байдаг юм бол, монголчууд кофег хэрхэн хэрэглэдэг вэ гэдгийг илүүтэй сонирхох болно. Уг бүтээгдэхүүн нь өөрөө гадны соёлоос манайд нэвтэрч байгаа дэлхийн хамгийн түгээмэл ундааны нэг учраас улс үндэстэн бүрийн хийх аргачлалаас хамааран онцлог амтууд гардаг.
-Таны фэйсбүүк хаягийг харахад их аялдаг юм шиг санагдсан. Нэг харахад л нуурын эрэг дээр, эсвэл морь уначихсан ууланд явж байдаг. Одоо танд аялах бодол байна уу?
-Би Дархан хотод 10 жилээ төгссөн. Оюутан болохоосоо өмнө хотоосоо огт гарч үзээгүй. Манай ээж хараа хяналт өндөртэй байсан болохоор намайг ийш тийш нь явахыг дэмждэггүй байлаа. Оюутан болсны дараагаар Монголоо ч мэдэхгүй, хөдөө ч явж үзээгүй ойлгомжгүй нөхөр гараад ирсэн. Харин аялаад эхлэхээр ямар нэгэн зүйлийг даван туулж байгаа мэдрэмж нь маш гайхалтай санагдсан. Аялал болгон утга учиртай байдаг. Энэ жил морин аяллуудад явсан, мөн өвөл Хөвсгөлийн тайгад урцанд хонож үзсэн. Өвлийн Хөвсгөл гайхалтай юм билээ. Шөнө урцанд галын элч ээхээ болих үед их хүйтэн ч өглөө болж нар мандах нь үзэсгэлэнтэй гэх мэт энгийн зүйлсээс гоо сайхныг олж харж таашааж амьдрах сайхаан. Бас Баян-Өлгийн Алтай Таван Богд руу өнгөрсөн жил явсан. Дахиж очиж, нэг юм уу хоёр сар амьдарвал их сонирхолтой юм байна даа гэж бодсон.
-Нэг явсан газар луугаа яагаад дахиад явна гэж?
-Аялал гэдэг хэсэгхэн хугацаанд, тухайн газрын хэсэгхэнийг нь л хардаг. Тиймээс Баян-Өлгийд ахиад нэг сарын хугацаанд байгаад үзвэл илүү сонирхолтой юм болов уу гэж бодогдсон. Өнгөрсөн удаад очиход соёлын ялгаа болон хүмүүсийн байгаа байдал, байгаль гээд маш олон зүйл нь сонирхол татсан. Зах зээлийн хувьд Оростой ойрхон болохоор хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд нь хүртэл өөр. Шинэ ертөнц шиг санагдсан. Өнгөрсөн долоо хоногт нэг хүн “Баян-Өлгийд танай нэг салбарыг нээвэл яах вэ” гэж холбогдсон. Миний дээрх бодол тэр санал хоёр огтлолцоод ирэх жил Баян-Өлгийд нэг салбараа нээнгээ дахин нэг очвол гэж мөрөөдөөд амжсан. Алтай Таван Богдыг үзэх гэж жуулчид маш их очдог. Кофе шопийн хэрэгцээ байдаг газар болохоор яагаад болохгүй гэж, тиймээ.
-Алтай Таван Богд руу аялах аялал танд гайхалтай сэтгэгдэл үлдээсэн бололтой. Аяллын хамгийн сонирхолтой нь ямар үе байв?
-Алтай Таван Богдын Малчин оргил руу нь гарсан. Давтагдашгүй мэдрэмж. Оргилд гарахын өмнөх шөнө айх, догдлох, сандрах, сүрдэх гээд л хамаг мэдрэмж давхцаад унтаж чадаагүй. Ерөнхийлөгчийн овооноос цааш уулын бэл хүртэл мориор явахгүй бол зам нь боломжгүй, тийнхүү бэлд очиход өглөөний арван цаг болоод авиралт эхэлж оройны долоон цагийн орчимд бууж ирсэн.
-Яагаад тэгж их сандарсан бэ?
-Өмнөх өдөр нь интернэтээс мэдээлэл уншихад ууланд авираад осолдсон хүмүүсийн тухай мэдээлэл их байсан. Малчин оргилын цастай хэсгийг Орос, хар газрыг Монгол гэж хиллэдэг юм билээ. Хөл л алдвал унаад үхнэ гэж бодохоор сүрдээд, чичрээд байх шиг мэдрэмж төрж байсан. Гэхдээ оргил дээр гарах, ДТД 4051 метр өндөрт үүлстэй зэрэгцэн зогсох, оргилоос буцаад бууж ирэхэд даван туулсан мэдрэмж мэдрэгдэж байсан даг. Улмаар давна, чадна гэсэн мэдрэмж маань амьдрал, ажил дээр ч гэсэн нөлөөлдөг юм шигээ. Чадна гэж бодож байгаа л бол чадна гэж итгэдэг. Тэр чадна гэсэн түвшнийг аялал улам ахиулж, нэмдэг юм шиг санагдсан. Хэрвээ би Алтай Таван Богдын аяллыг даван туулаагүй бол дараа нь гурван өдрийн морин аялалд явахгүй байсан. Хэрэв морин аялалд яваагүй бол өвлийн морин аяллын талаар бодох ч үгүй байсан гэдэг ч юм уу. Ямар нэгэн зүйлс улам шат ахиад байдаг юм шиг санагдсан.
-Аялна гэж их ярьдаг боловч бодит болгож чадахгүй байсаар цаг хугацаа алдаж байгаа хүмүүс олон. Тэдгээр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
-Аялал болгон өөр. Бид өөрсдийн хэв маягийг бий болгох боломжтой. Аялал гэдэг хэлбэргүй гэж боддог. Бид өнөөдөр маш завгүй амьдарч байна. Заримдаа хүүхэд байхдаа тоглодог байсан тоглоомын талбай, амьдарч байсан газартаа очиход хүртэл маш гоё дурсамжийн аялал болдог. Би өмнө нь амьдардаг байсан байшиндаа очоод, цонхоор нь уул яаж харагддаг байсныг харж, аавтайгаа тоглодог байсан хүүхэд насаа дурсаад тэр дурсамжинд харагдаж байгаа байдлыг зураг болгон буулгаж авч үлдэх юм сан гэж хүсдэг. Багадаа сурдаг байсан сургууль, цэцэрлэг. Цэцэрлэгийн хүүхдүүд гадаа тоглож байгаа нь манай цонхоор харагддаг тэрхэн нэг хэсэг гээд бүх зүйлийг гэрчлэн гэрэл зурагт болон үгс болгон үлдээж дурсамжийн аялал хийхийг хүсч байгаа. Юу ч өөрчлөгдөөгүй газарт очихоор өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж, өсөж томорсноо мэдэрдэг гэдэг. Аялал гэхээр заавал хаа нэг газар очих биш юу ч байж болно. Манай ээж намайг хаашаа ч явуулдаггүй байсан. Гэртээ суугаад ч хүн ертөнцийг таньж болно гэдэг хандлагатай. Энэ нь ч нэг талаараа үнэн үг л дээ. Би дээр дурьдсан дурсамжийн аяллыг хийе гэж бодоод байгаа. Аялал гэдэг үгийг тунгаавал шинээр нээх гэсэн үгтэй огтлолцох болов уу.
Жавхаа "Лантуун дохио" ТББ-ыг үүсгээд долоон жил болж байгаа. Тэр үеийнх нь итгэл үнэмшил нь одоо ч хэвээрээ. Өнөөдөр маш олон залуус ажилд нь нэгдэж байна. ТББ-ынх нь үндсэн зорилго нь хүчирхийллийн эсрэг. Тэр дотроо хүүхдийн хүчирхийллийн эсрэг хийж байгаа тэмцэл нь “Ид шидийн орон” юм. Маш олон хүмүүс өөрийгөө яаж хамгаалахаа мэдэхгүй нөхцөл байдалд байдаг.
-"Лантуун дохио" ТББ-аас санаачилсан “Ид шидийн орон-2” үүд хаалгаа нээгээд удаагүй байна. Залуус өөрсдөө хандив цуглуулж, маш олон хүүхдүүдэд гэрэлтэй ирээдүй бэлэглэсэн энэ төсөл бараг Монголын анхны томоохон төслийн нэг байх. “Ид шидийн орон”-ы ажил хэр их байдаг вэ. Тухайлбал, та нөхрийнхөө ажилд нь хэрхэн оролцдог вэ?
-Жавхаа "Лантуун дохио" ТББ-ыг үүсгээд долоон жил болж байгаа. Тэр үеийнх нь итгэл үнэмшил нь одоо ч хэвээрээ. Өнөөдөр маш олон залуус ажилд нь нэгдэж байна. ТББ-ынх нь үндсэн зорилго нь хүчирхийллийн эсрэг. Тэр дотроо хүүхдийн хүчирхийллийн эсрэг хийж байгаа тэмцэл нь “Ид шидийн орон” юм. Маш олон хүмүүс өөрийгөө яаж хамгаалахаа мэдэхгүй нөхцөл байдалд байдаг. Надад таван жилийн өмнө Жавхаа өнөөдөр хийж буй ажлынхаа талаар ярьж байсан. Гэхдээ тухайн үед төслийнхөө нэрийг бодож олоогүй байлаа. Тэр үед би дэмжиж байсан ч гэлээ бодит болоход маш хол санагдаж байсан. Одоо харин хийж хэрэгжүүлээд бодит болгочихсон сууж байгааг нь хараад тухайн үед цаасан дээр зураад мөрөөдөл байсан зүйл бүтсэн нь гайхалтай санагддаг. Эхний “Ид шидийн орон”-оо байгуулсан юм чинь дараагийнхыг нь хийж чадна гэсэн итгэл, хамт олны хүчээр ажил нь улам илүү урагшилж, үр дүн нь гарч байна. Мөн хүн болгон туслах гэж эрмэлздэг болжээ. Би өдөр болгон ажилд нь оролцож чаддаггүй ч Жавхааг нийгмийн ажилдаа 100 хувь өөрийгөө зориулах боломжоор нь хангаж өгч буй нь миний оролцоо гэж би боддог. Ерөнхийдөө бүх зүйлсийг нь мэддэг ч төлөөлдөггүй, ажилд нь хамаагүй оролцдоггүй.
-Нэгэнт л хамт амьдарч байгаа учраас “Ид шидийн орон”-той холбоотой асуудлууд маш их гардаг байх. Нийгмийн дарамт, өөрийн сэтгэлзүйн дарамтаас эхлээд л. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг харах маш хэцүү, харж байгаа хүний сэтгэл санаа өвдөнө, шанална. Эсвэл бүүр хэцүү амьдралтай айлыг хараад л орой нь гэртээ ирээд стресстэнэ. Хүн болгон ийм ажил хийгээд байж чадахгүй. Энэ стрессийг яаж тайлж, даван туулдаг юм бол. Гэр бүлийн хувьд?
-Би Жавхаагаас их суралцдаг. Би ажил дээрээ стресстээд гэртээ очоод өдөр болсон зүйлсээ ярьдаг байсан. Жавхаа болохоор ярьдаггүй. Өдөр нь ямар ч муу зүйлс болсон тайван байж чаддаг. Түүнийг хаалганыхаа гадаа тэр олон асуудлаа хаяад ороод ирж чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Тэрнээс биш түүнд маш олон сайн муу зүйлс тохиолдож байгаа шүү дээ. Бид хэн хэн нь бичих сонирхолтой. Өөрт байгаа мэдрэмжээ ямар нэгэн байдлаар бичиж илэрхийлдэг. Энэ нь сэтгэл дотор өрнөж буй зүйлээ гадагш гаргаж илэрхийлж байгаа хэрэг. Хэрэв гадагшлуулахгүй бол багтрал, депресс үүснэ. Гаргаж гадагшлуулж байгаа нь стрессээ тайлж байгаа арга. Үүнийгээ бид заримдаа ярилцана, ярилцахгүй бол тус тусдаа юм бичээд л хөгжим сонсоод сууж байдаг. Үүн дээр сайн ойлголцдог болохоор тэр намайг дэмждэг, би ч түүнийг дэмждэг.
-Нийгмийн зүгээс хийж буй ажлыг нь зарим хүмүүс сайшаана, зарим нь буруушаана. Хамгийн сүүлд та хоёр хурим хийсэн. Тэгэхэд зарим хүмүүс мөнгөн дүнгийн тооцоог тайлангаар гарга гээд л. Би хааяа энэ төрлийн ажил хийхээр байнгын хүмүүст ярих тайлагнах шаардлага гардгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээд хэр баргийн хүн хийхээргүй ажил байна гэж бодсон. Хуримын зардлын тайланг гаргатал нь нийгмээс үзүүлж байгаа дарамт их байсан байх...
-Тийм. Яахав нэг талаараа хүмүүс хардах эрхтэй. Өнгөрсөн жил тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр “Ид шидийн орон-1” бүтсэн. Бид яг тэр үеэр хуримаа хийж байлаа. Тэгэхэд хүмүүс интернэтээр “хурим хийсэн байна”, “тэдэн байр авсан уу” гэх зэргээр бичиж байсан. Гэтэл яг үнэндээ аав ээжийнхээ тусламжтайгаар л хуримаа хийсэн шүү дээ. Иймэрхүү хардалтууд ирэх учраас, бас хандив өгч байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд "Лантуун Дохио" ТББ санхүүгийн үйл ажиллагаандаа олон улсын аудит оруулсан. Мөн хандив тусламж нь нүдэн дээр нь бодит болоод байшин нь сүндэрлэн босч байгаа учраас хүмүүс итгэдэг. Хүмүүсийн итгэл л энэ ид шидийг бий болгож байгаа. Хүний “хүнд итгэдэггүй” сөрөг зан чанарыг нь зөв гарцаар тайлчихаар хүнд итгэх итгэл нь хоёр дахин өсдөг юм шиг хандлага ажиглагдсан. Магадгүй хүмүүс хувийн бизнес нь өргөжөөд байна гээд харддаг байхыг үгүйсгэхгүй. Гэтэл манай "Jack’s coffee"-ний хамт олон өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар аажмаар өргөжиж, маш их хөдөлмөрлөж байгаа. Санхүүгийн хувьд эмх цэгцтэй, шударга ажиллах зарчмыг баримталдаг.
Номын баяр болсон ч талбай дээр, шинэ жилийн баяр болгоноор “Ид шидтэй уут” гээд л янз бүрийн олон арга хэмжээ зохиож, үйл ажиллагаанд оролцдог. Та хоёр амралт гэж байдаг болов уу гэж боддог. Цагаа яаж зохицуулах уу?
-Цагийн менежментийг сайн хийж чадахгүй байгаа. Нойр, хооллох цагаа зөв зохицуулах ёстой гэж боддог ч ажил дээр цаг хүрэлцдэггүй. Төлөвлөх боловч төлөвлөсөн зүйлээ хийж амждаггүй. Өдөр болгон ямар нэгэн "гал унтраах" ажлууд гарч ирдэг. Өдөр болгон төлөвлөсөн зургаан зүйлийнхээ ядаж хамгийн том гурвыг нь хийх ёстой гэдэг. Төлөвлөлт маань амжилтгүй болохоор сүүлдээ цагийн менежмент дээрээ эрсдлийн цаг гэж оруулсан. Ямар нэгэн байдлаар гэнэтийн төлөвлөөгүй юм гараад ирдэг. Хамгийн түрүүнд ажлын хэлхээн дээр надаас болж уягдаж байгаа ажлуудыг гараасаа гаргаад, харин надаар хаагдах ажлуудыг хойш тавьж буюу оройн цагаар компьютер дээр сууж хийдэг.
-Пүрэвжаргалын сэтгэлд шинэ жилийн баяраас үлдсэн хамгийн сайхан мартагдахааргүй дурсамж гэвэл...
-Шинэ жил гэхээр гэр бүл хамгийн түрүүнд санагддаг. Би дээрээ гурван ахтай, айлын бага охин. Ах нар маань надаас даруй 16 насаар ах. Хүүхдүүдтэй нь илүү ойрхон, хамт өссөн гэхэд болно. Айлын бага хэрнээ эгчийн байр суурьтай болчихсон гэхдээ эгч байхдаа дуртай биш нэг тийм хүүхэд байлаа. Шинэ жил гэвэл маш их төмс арилгаж байсан нь тод санагдаж байна. Аав ээжийн авч өгч байсан Орос гацуур ах нараар дамжин надад өвлөгдөж ирсэн. Саа, тоглоом зэрэг нь хуучирсан байдал нь сэтгэлд дулаахан мэдрэмж төрүүлдэг. Дархан хотод нүд гялбаад, нулимс гартал цас ордог. Урд талын цэцэрлэгт дүү бид нар цасаар байлдаад тоглодог байсан зүйлс санаанд орж байна даа.
-Ном унших, юмуу дуртай зүйлдээ цаг гаргах зав зай гарч байна уу?
-Сүүлийн үед би орныхоо хажууд яруу найргийн номууд тавьж байгаа. Одоо “Бизнесээ томруулах нь” гэдэг ном цүнхэндээ авч явж, уншиж байгаа. Ном цүнхэлж авч явж, унших юмсан гэж үргэлж хичээдэг. Сүүлд уншсан номнууд дандаа бизнестэй холбоотой байна. Өдөржин ажилтай байгаад орой номоо унших гэхээр амармаар санагддаг. Тиймээс ганц хоёр шүлэг уншиж, түүнээсээ маш сайхан таашаал, мэдрэмж авч байгаад унтвал амралт болоод байна.
-Шүлэг бичиж байгаа юм биш үү?
-Шүлэг бичдэггүй ээ харин блог хөтөлдөг. Сүүлд блогтоо бичвэр бичихээр бичээд л устгаад нэг л болж өгдөггүй. Эсвэл завгүй яардаг темпэнд орчихоор тэгээд байх шиг. Хурдан унтаад өглөө эрт босоод ингэнэ, тэгнэ гээд маргаашийн төлөвлөгөө бодогддог. Бичих дуртай болоод ч тэрүү ер нь би юмыг дэгстүүлж, романтик байдлаас харах дуртай. Намайг "Eagle" телевизэд ажилладаг байхад Энхтайваны гүүрээр бид хоёр байнга явдаг байлаа. Заримдаа инээлдээд, заримдаа гомдож тунирхаад гээд их олон дүр төрхтэй, сэтгэл хөдлөлтэйгөөр тэр гүүрийг давж алхдаг байсан. Харин одоо хүүтэй болж энэ гүүрээр гэр лүүгээ яарч, ажилдаа явж гэртээ харьж байна. Амьдрал энгийн сайхан л байнадаа.
-Уйтгарлах завгүй залуу нас гэдэг шиг л...?
-Уйтгарлах зав бас гаргана. Зарим өдөр бол орноосоо босч чадахгүй. Бие өвдөөгүй ч сэтгэлзүйн байдлаасаа болдог. Гэхдээ би тэрийгээ яаж зөв удирдах вэ гэдэгт их санаа зовж байгаа. Гэхдээ хүн болгон тийм байх л даа.
-Хүн болгон л тийм байдаг. Хүн болгон өөр өөрийн аргаар тайлна. Тухайлбал, бясалгал, иогт явна. Биеийн тамираар хичээллэнэ?
-Хүн юм хойно заримдаа зовлон шаналал мэдэрнэ шүү дээ. Гэхдээ түүнийг байгаагаар нь хүлээн авч шаналж зовох дуртай. Сэтгэл зүрхээ мэдрээд, илүү амьд байгаа мэт санагддаг.
-Наадах чинь яруу найрагчйн мэдрэмж юм биш үү?
-Яруу найрагч найзуудтайгаа уулзахаар тэр хүмүүс ертөнцийг шал өөр нүдээр хардаг шүү. Нэг тийм гэгээн шаналалтай, жинхэнэ хүмүүс мэт санагддаг.
-Сүүлд ямар кино үзэв. Медиа талын хүн болохоор кино сонирхох байх?
-Орой харьчихаад ямар нэгэн байдлаар утасны цэнэг дуусахгүй л бол салж чадахгүй нэг цуврал кино үзэж байгаа. Тэр нь “Netflix” дээр орсон Элизабет хатан хааны тухай цуврал кино. Эхний бүлгийг нь дуусгаад хоёр луу нь орсон. Нэг оройдоо 2-3 анги үздэг.
-Пүүжээгийн мөрөөдөл юу вэ? Хийсвэр эсвэл механик ч юм уу. Механик гэхээр тэдэн хүүхэдтэй, тэдэн кофе шопийн салбартай болно гэх мэт. Хийсвэр гэвэл улс орноо сайжруулах, хүүхдүүдэд аз жаргал өгөх гэх мэт. Аль ч мөрөөдөл нь байж болно?
-Одоо 30 хүрээгүй байна. Энэ насаа хоёр нугалсны дараагаар цоглог залуухан сэтгэлгээтэй нэгэн эмээ болж, намайг гэж тодотгох үндсэн зуршлууд маань өөрчлөгдөхгүй гэж боддог. Яаж ч амжилттай явсан биед эвтэйхэн хувцсаа өмсөөд явах дуртай байдал минь хэвээрээ гэх мэт намайг бий болгодог зуршлууд байгаа шүү дээ. Дуу хөгжим сонсох, хүмүүстэй ярилцах, аялах, хүүхдэдээ цаг гаргаж багшлах дуртай зэрэг зуршлуудаа хадгална. Сүүлийн үед манай гэр бүлийн зорьж байгаа зүйл нь минимал байхыг хичээж байгаа. Хэзээ нэг өдөр бүхнийг хаяад явлаа гэхэд ямар нэгэн зүйлд сэтгэл зүрхээ шингээхгүй орхиод явж чадах байдлаар эд зүйлсэд хандах ёстой. Гэртээ ч шинэ юм аваагүй удаж байна. Цүнхээ үүрээд л хүүхэд, нөхөртэйгөө гараад явчихаж болдог тийм эрх чөлөөтэй сэтгэлзүйтэй байхыг хүсдэг. Хамт ертөнцийг таних. Үүнд амьдрал хүрэлцэхгүй байх аа. Ямар сайндаа 100 наслах юм сан гэж бодож байна. Надад маш олон тэмдэглэлийн дэвтрүүд байдаг юм. Түүн дээрээ бичиж тэмдэглэж өөрийнхөө тухайн үеийн мэдрэмжийг үлдээх дуртай. Тухайн үед байгаа зүйлсээ ямар ч шүүлтүүргүй буулгачихсан. Дараа нь уншихад өөрийгөө ямар үзэл бодолтой, мэдрэмжтэй байсан, өнөөдөр яаж өөрчлөгдөв гэдгээ харах боломжтой болдог юм. Заримдаа ичгүүртэй зүйлээ ч бичнэ, бас сайн сайхныг, хор шар хүрсэн хүсч тэмүүлж байгаа зүйлээ ч бичнэ. Яг хувцасгүй нүцгэн зогсох шиг өөрийнхөө мэдрэмжийг тэгж үлдээх дуртай. Бүр дараа хэзээ нэг өдөр хэвлэж болох л юм.
-Та ч бас романтик, таны нөхөр ч бас романтик байх нь. Тэгж байж л тохирно. Ганжавхлангийн чиний сэтгэлд үлдээсэн хамгийн романтик дурсамж нь юу вэ?
-Бидний зангидагддаг, огтлолцдог зүйл бол бие биендээ өөрийнх нь ертөнцийг үлдээж чаддаг байдал гэж боддог. Бид хамтдаа хэрнээ хэрхэн өөрийнхөөрөө байх вэ гэдэгт суралцсаар л байна. Харин зарим тохиолдолд хэтэрхий өөрийн гэсэн үзэл давамгайлж ганцаараа байгаад сурсан хүмүүс “хамтдаа байх” гэдэг үйл явцад суралцдаг юм шигээ. Хамгийн гол нь би түүний ертөнцийг, тэр миний ертөнцийг хүлээн зөвшөөрдөг. Дурсамж гэвэл бид хоёрыг үерхэж эхэлсэн зун маш их бороо орсон. Өглөө сэрэхэд л бороо үнэртэнэ. Бороотой “Play time” гээд л. Тухайн үед талбай дээр “Сонгодог” үдэш болж, би зохион байгуулалтанд нь оролцсон юм. Би даашинзтай, Жавхаа шүхэртэй, хамтдаа бороонд талбайгаас хүүхдийн 100 хүртэл алхсан. Шүхэр барьсан Жавхлангийн тал хувцас нь нороод би ганцаараа нороогүй байсан. Тэр орой коктэйл уунгаа амьдралын тухай ярилцаад л... Ахуйн зүйлсээс илүүтэй их хийсвэр ухагдахуунуудын тухай яриа ихэнхдээ өрнөнө. Харин одоо бол ахуйн зүйлс ярьж суух нь жаргал болж байна даа. /инээв/
-Пүүжээгийн ажлын нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Ажлаа хэрхэн төлөвлөж нэг өдрийг өнгөрөөж байна. Түрүүнд төлөвлөгөөнийхөө дагуу байж чадахгүй байгаа гэсэн дээ. Гэхдээ нэг гол шугам байгаа шүү дээ. Шугамаа яаж төлөвлөж байна?
-Тогтсон арга барилаа олж авахын тулд өөрчлөөд янз бүрээр туршиж үзэж суралцаж байна. Орой нь маргаашийнхаа ажлыг "Google Keep" дээр төлөвлөж бичнэ. Өдөр тутмын зүйлсээ тийнхүү төлөвлөөд харин сар сарын болон улирлын төлөвлөгөөг "excel "дээр гаргана. Өдөр тутамдаа "Google calendar" ашиглана. Бас ерөнхий агуулгын төлөвлөлтийг зургийн дэвтэр дээр хийнэ. Зураглалаа гаргаж зураад процессийг бүтнээр нь нэг хуудас дээр харах дуртай. Тэгээд хамгийн чухлуудыг нь цаг хугацааны дэс дараалалтай уялдуулан салгаад, түүнийг хийхийн тулд шаардлагатай алхмуудыг төлөвлөдөг. Нилээн задалж төлөвлөдөг. Ингэснээр заримдаа цаг алдах гээд байгаа юм шиг санагддаг ч төлөвлөлт бол заавал байх ёстой зүйл гэж итгэдэг учраас энэ арга барилаараа хийдэг. Бизнес төлөвлөлт дээр цаг хугацаа, хүний нөөц болон хөрөнгө мөнгөний хамаарлыг оновчтой хийж чадвал тухайн ажил амжилттай болно. Энэ хэсэгт ийм эрсдэл үүснэ. Энэ хэсгийг автоматжуулбал ингэнэ гэдэг ч юм уу тэгж л зурж хийдэг. Толгойн дотроо зурахаар аль нэг хэсэг нь алдагдаад байдаг.
-Ажлаа төлөвлөдөг тэмдэглэлийн дэвтэр нь нөгөө олон хадгалаастай дэвтрээс чинь тусдаа байдаг уу?
-Тийм. Тэгэхгүй бол баларна.
-Хадгалдаг дэвтрүүдээ одоог хүртэл хөтөлж байгаа юу?
-Тийм. Тэмдэглэл бүр он сар, хаана байгаа, гадаа ямар байсан тухай гэсэн гурван зүйлээр эхэлдэг. Тэмдэглэлийн дэвтрийг эргэж харахын гоё нь би ийм байсан даа гээд өөрөө өөрийгөө таньж мэддэг. Бид их завгүй нийгэмд амьдарч байна. Хүн өөрийгөө хүртэл анзаарахгүй явахаар, нэг мэдэхэд л цаг хугацаа өнгөрчихсөн байдаг завгүй нийгэм. Тэмдэглэл минь надад өөрийгөө анзаарах боломжийг олгож би хэрхэн өөрчлөгдөж, үзэл санаа маань яаж төлөвшиж байгааг буюу өөрийгөө хажуунаас нь харах боломжийг олгодог. Би өмнө нь мэдрэмж, сэтгэл хөдлөлдөө тулгуурлан амьдралдаа хандаж байсан бол одоо тоо бармтад итгэж, дата цуглуулан, сэтгэл хөдлөлөө дарах шаардлагатай болсон. Бизнес дээр бол сэтгэл хөдлөлөөр энэ үнэхээр сайхан бүтээгдэхүүн болно гээд ганцаараа түүндээ итгээд сохроор хийж болохгүй. Нөхцөл байдал, статистикийг харж, судлах гэх мэт зүйлс дээр ажиллах шаардлагатай болно.
-Улс төр, нийгэмд болж байгаа үйл явдлыг сонирхдог уу. Хааяа Ганжавхланг харахаар уурлаад бухимдаад бичсэн постууд байдаг. Тухайлбал, ЖДҮ, "Кореа Айр" онгоцонд болсон үйлчлэгчийн хэрэг дээр гэх мэт. Үүн шиг улс төр, нийгмийн үйл явдлыг хэр сонирхдог вэ. Сонирхохоор уур чинь хүрэх үү?
-Хүрнэ. Өмнө нь телевизэд ажилладаг байсан үед өдөр тутмын мэдээлэлтэй ойрхон байдаг байсан. Харин ажлаас гарсны дараа нэг л тийм хоосон оргиод, мэдээллээс тасарсан юм шиг санагдсан, гэхдээ амьдраад болоод л байсан. Хэсэгтээ буюу нэг жил улс төр, нийгмийн мэдээллээс ангид амьдарч болоод байсан авч бизнесийн салбарт ажиллаад ирэхээр хүмүүс энд чин үнэнээр хөдөлмөрлөж байхад улс төрд шударга бус бий болоод байхаар яалт ч үгүй дургүй хүрдэг юм билээ. Ирэх жил ЖДҮ-д төслөө өгье гэж бодож байлаа. Гэтэл сая ЖДҮДС-гийн төсвийг хаасан байна. Хөрөнгө оруулалтаараа эргээд өөрийгөө нөхдөг сан болгож байгаа юм байна. Гэтэл Солонгос улс дайны дараа хэрхэн хөл дээрээ босож ирсэн билээдээ, аж үйлдвэржилтийг хөгжүүлж тэр төрлийн зүйлст илүүтэй хөрөнгө оруулалт хийж дэмжсэн учраас эдийн засгийн хувьд хүчирхэг болсон. Улстөрчдөөс импортыг орлож дотооддоо нэмүү өртөг шингээсэн үйлдвэрүүдийг дэмжих бодолгүй байгаа нь харагддаг. Яагаад гэвэл энэ тийм амархан биш л дээ. Гэхдээ бид хийх ёстой. Харин зах зээл дээр яг л импортынх, дотоодынх гэлтгүй энгийн бүтээгдэхүүнүүдийн нэгэн адилаар өрсөлдөх ёстой.
Иймэрхүү хардалтууд ирэх учраас, бас хандив өгч байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд "Лантуун Дохио" ТББ санхүүгийн үйл ажиллагаандаа олон улсын аудит оруулсан. Мөн хандив тусламж нь нүдэн дээр нь бодит болоод байшин нь сүндэрлэн босч байгаа учраас хүмүүс итгэдэг. Хүмүүсийн итгэл л энэ ид шидийг бий болгож байгаа. “Хүнд итгэдэггүй” хүний сөрөг зан чанарыг нь зөв гарцаар тайлчихаар хүнд итгэх итгэл нь хоёр дахин өсдөг юм шиг хандлага ажиглагдсан.
-ЖДҮ-д хамрагдахаар баттай шийдсэн байх нь ээ?
-Бид кофе бүтэх үйл явцын дийлэнх хувийг дотооддоо хийж болоод байгаа юм. Энгийнээр хэлвэл тарьж ургуулахаас бусдыг нь. Энэ чинь жимс юм шүү дээ. Дэлхийд зах зээлээрээ нефтийн дараа ордог өргөн хэрэглээний хүнс. Эцсийн бүтээгдэхүүн хүртэлх шат дамжлагуудыг дотооддоо хийснээрээ хэрэглэгчдэд шинэ хууралтын кофе очно. Мөн ажлын байр бий болно, зах зээлд эзлэх хувь нэмэгдвэл, мөн тоног төхөөрөмжүүд нэвтрүүлж хууралтын үйлдвэрээ өргөжүүлвэл эцсийн үнэ өнөөдөр байгаа үнээ дахиад буурах боломжтой. Хүмүүс дотооддоо хийж байгаа гэчихээд яагаад хямдхан биш байгаа юм бэ гэж л асуудаг, гэхдээ үүний цаана маш олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Энгийн харилцан хамаарал л юмдаа. Гэлээ гээд хэн ч биднийг үүнийг хий гээгүй, хэндээ гомдоллох вэ. Хийгээд зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлнэ гээд ажиллаж байна даа. Зах зээл боломж байгааг олж харсан бол мөн өөрсдийнхөө нөөц бололцоог мэдэрч чадсан бол зүгээр суух боломжгүй. Одоогоор манайхаас албан байгууллагууд болон гадны хөрөнгө оруулалттай газрууд, мөн хувь хэрэглэгч нар болон кофе шопууд үрээ авч хэрэглэдэг. Тэгэхээр бусад кофе шопууд хүртэл манай өрсөлдөгч биш, хэрэглэгч нар болж байгаа юм.
-Нэлээн их ажилтай байгаа юм байна. Зарим залуус бол улс төр сонирхохгүй. Харин зарим нь улс төртэй илүү ойр амьдарч байна?
-Бид нар улс төрийг сонирхохгүй, оролцохгүй байх ямарч боломжгүй. Ойд ганцаараа амьдраагүйгээс хойш нийгмийн харилцаанд орж л байгаа учраас, маргааш авч байгаа талхны үнэд улс төр нөлөөлдөг учраас оролцох л хэрэгтэй. Хэрэв төвөгтэй байна гээд орхиж байгаа бол тэр хүн шударга бус байдлыг улам өөгшүүлж байгаа гэж боддог. Үйлдвэрлэгчид НӨАТ-ын дарамтанд орж, нийгмийн даатгалын шимтгэл сар бүр ороод. Энэ бүхнийг шингээж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болно гэтэл зах зээл дээр хэрэглэгчид хохирно. Мөн бүтээгдэхүүний үнэ буух боломжгүй болно. Уг нь нийгмийн даатгалын шимтгэлийг, мөн улсдаа төлж байгаа татварыг бид улсынхаа илүү сайхан маргаашийн төлөө гэж итгэж төлдөг. Гэтэл шударга бус зарцуулалт, түүхий ялзарсан бодлогын дүнд тэрхүү хөлс хөдөлмөр шингэсэн хөрөнгийг үрэн таран хийгээд байхаар итгэл үнэмшил гэдэг зүйл байхгүй болж байгаа юм.
-Нийгмийн даатгалын шимтгэлийг сая нэмсэн шүү дээ?
-Тийм төсөл өргөн баригдсан, хараахан баталгаажаагүй байгаа. Тэр мэдээ гарсан өглөө би ажилдаа гарах зуур манай ээж дүүтэйгээ утсаар ярьж байхдаа “Мэдээгээр тэтгэвэр хэдэн төгрөгөөр нэмнэ гэж байна” гэж ярьсныг нь сонсоод энд бид энэ шимтгэлийг нэмэх ёсгүй гэж бодож байхад тэнд ахмад настнууд нэмэх хэрэгтэй гэж бодож байна. Энэ л нийгмийн харилцан хамаарал юм. Тэдгээр хүмүүс насаараа хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ шударга хүртээмжтэйгээр авах эрхтэй. Харин тэр зүйлийг нь үрэн таран хийчихээд, одоо та бүхнээс авах татвараа дахин нэмнэ хэмээн сандайлах улс төрчид л ичмээр байна. Саяхан бас хүүхдийн 20 мянган төгрөгийг өгнө гэж байсан. Энэ нь үр өгөөжийн хувьд үнэхээр чухал зүйл мөн байсан уу. Цэцэрлэгийн хүртээмжгүй байж зөв зүйлдээ хөрөнгө оруулахгүй, зүгээр л сонгууль ойртоод ирэхээр тэд ядарсан хүмүүст тусалж байгаа ДҮР л ЭСГЭЖ байна. Уг нь жинхнээсээ хүмүүст туслахыг хүсэж, тусалж, дэмждэг бол гэж бодох юм. Тэглээ гээд өөрөө улстөрч болохгүйгээс хойш шаардлага тавьж байнга оролцож байх ёстой гэж боддог.
-Ид шидийн орон ч юм уу, "Jacks сoffee"-г ажиллуулахад найз нөхдийн тусламж, дэмжлэг, оролцоо маш их хэрэгтэй байдаг уу. Бизнесийг тогтвортой авч явна гэдэг хэцүү шүү дээ. Энэ бүхэнд хэн хамгийн их түшиг тулгуур болох вэ?
-Тийм шүү. Бизнес эрхлээд удаагүй байгаа учир алдах онох зүйл их гарна. Зарим бизнес эрхэлдэг найзуудаасаа зөвлөгөө тусламж авч санаа бодлоо солилцоно. Хийж бүтээхийн улам их хүсэлд автана. Заримдаа алдана, алдаа болгоноосоо суралцана, бас заримдаа найзуудынхаа алдаанаас суралцана. Өсөлтийн үе дээрээ яваа учраас манай компанид салбар нэгжүүд хараахан тогтворжоогүй тул бүх хэсэг рүү орж ажиллах хэрэг гарна. Жишээ нь маркетинг, санхүү, хүний нөөц, үйл ажиллагаа, үйлчилгээ, үйлдвэрлэл гэх зэрэг. Тийм учраас зарим хэсэг дээр гаднаас аутсорсинг байдлаар зарим зүйлсийг хийх хэрэгтэй болдог. Энэ үед найз нөхдийн дэмжлэг мөн их нэмэртэй байдаг. Ямар азаар сайхан нөхөдтэй юм бэ гэж хааяа баярладаг. Надад тусалдаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Аа харин "Ид шидийн орон" төслийн хувьд бол зөв зүйл хийж байхад дэмжих хүмүүс үнэхээр их байдаг юм билээ. Монголчууд хүүхдийн төлөө нэгдэж, хүүхдийг хамгаалж чаддаг, түүний төлөө гараа сунгаж чаддаг хүмүүс гэдэг нь харагдана. Бид хагархай бутархай биш юм байна гэдгийг мэдрүүлсэн гайхалтай төсөл.
Сэтгэгдлүүд : 0