Г.Энхболор: ӨӨДРӨГ БАЙ...

    Энэ удаагийн ярилцагч маань Хонконгт ажиллаж буй Гантулгын Энхболор. Мэдээлэл харилцаа холбооны технологи, инноваци, гарааны бизнесийн чиглэлийн хүрээнийхэн түүнийг андахгүй. Монголбанкнаас ажлын гараагаа эхэлж, Дэлхийн банкинд ажиллаж, Монголын гарааны бизнесүүдийг дэмжих хөрөнгө босгож байсан туршлагатай нэгэн билээ.

    -Ярилцлагаа мэргэжлээс нь эхлэх үү. Яагаад санхүүч мэргэжлийг сонгосон бэ?
    -Би 15 настай жаахан охин дунд сургуулиа төгсөж байлаа. Мэргэжил сонголтын хувьд бусад хүүхдүүдийн л адилаар ээж, аавынхаа сонгосон сургуульд орж байсан. Тэр үед хүн болгоны  харж байснаар бол банк санхүүгийн салбарын хүн л амьдралаа залгуулж, хоолоо олж идэх чадвартай гэдэг байсан. Хэдий өөрөө сонгоогүй, хүслээрээ биш байсан ч мэргэжилдээ дурласан. Хүн ер нь нэг зүйлээ сайн хийнэ гэж бодоод байнга тэр зүйлээ хийж, анхаарч, суралцаад байхаар дуртай болдог юм шиг надад санагдсан. Сургуулиа төгсөөд шинэ оюутан Монголбанкинд ажилд орсон. Монголбанк залгамж чанараараа их удаан ажилласан ажилтан олонтой. Ихэнх нь гадагшаа явж мэдлэгээ дээшлүүлээд буцаад ажилдаа ордог юм. Тэр ч утгаараа энэ байгууллагын ажилтанууд гадаадаар яриад их чадварлаг байгаа нь намайг их алмайруулсан. Өөрийгөө ч голж эхэлсэн. Тэгээд л Америк рүү явахаар шийдээд мастераа хамгаалахаар явж байсан.
    -Тэр үеийн хорин настай Энхболорт одоогийн Энхболор хамгийн түрүүнд юу гэж хэлэх байсан бол? 
    -Хорин настай өөртөө “Олон зүйлд сонголт хийх шаардлага гарна тиймээс өөрөөсөө эхлээд бодож сонголтоо хийгээрэй. Өөрийгөө л бод, өөрөө өөртөө үнэнч бай.” гэж хэлэхийг хүсдэг. 
    -Зөвхөн өөрийгөө бодох, нэгдүгээрт тавих... хмм... Арай хувиа хичээсэн зан юм биш үү?
    -Эцсийн дүндээ эргээд харахад хүмүүс яагаад өөрийгөө олж чадахгүй, өөрийнхөөрөө байж чадахгүй, стресс бухимдалд орж байгаа вэ гэхээр хийж байгаа сонголт нь бусдын нүдээр харж, бусдын үгийг сонсож, хэн нэгний төлөө хийгээд байгаа учраас тэр шүү дээ. Жишээ нь аав, ээж хоёр миний өмнөөс миний сонголтыг хийсэн байхад тэдний итгэлийг алдахгүйн тулд амьдардаг. Мөн эхнэр, нөхрийнхөө төлөө тэдний гэр бүл гэж явсаар 30 нас хүрээд эргээд хартал би өөрийгөө танихгүй "Энэ Энхболор гэдэг хүн яг хэн бэ?" гэж өрөөсөө асууж, юуны төлөө яваад байгаагаа ч мэдэхгүй байсан. Яагаад ийм бодол төрсөн бэ гэхээр би нэг удаа гэртээ ганцаараа үлдсэн юм. Тэр үед би юу хийж цагийг өнгөрөөх вэ? юу хийвэл надад тааламжтай байх вэ гэдгээ мэдэхгүй зүгээр л нийгмийн бүтээгдэхүүн болсон байсан. Мэдээж өнгөрсөн хугацаанд амьдарсан, гэхдээ яаж амьдарсан бэ гэвэл өөрийнхөө сонгох ёстой сонголтыг өөрөө хийлгүйгээр амьдарсан гэсэн бодол төрсөн. Энэ бодол төрөх үеийн тэр сонин мэдрэмжийг үгээр тайлбарлахад нэг биет дээр өчнөөн гоё чимэг зүүлт зүүчихсэн гаднаасаа бол тансаг сайхан харагдаад байдаг, дотроо юу ч байхгүй юм шиг. Тэр гоёл зүүлт бүгд нэг л өдөр байхгүй болно. Юу ч үүрд мөнх байдаггүй. Тэр үед чи өөрийгөө ойлгохгүй бол хэн ч биш болж хувирч байгаа мэт. 

    Гарааны бизнесийг заавал хэдэн залуучууд нийлээд ширээгээ тойрч суугаад эхлэх биш томоохон корпорациуд нийлээд шинэ бизнес эхлүүлээд хэрэглэгчиддээ хүргэдэг.  Өнөөдрийн хувьд гарааны бизнесээр амжилттай яваа нь "Lend.mn", "Erxes", "iHotel", "Zeel.mn" гээд 4 жилийн өмнөхийг бодвол амжилттай яваа гарааны бизнесүүд улам л олширсоор байна.  

    -Тэр үед бол хувийн амьдралын тэнцвэр алдагдсан ч карьераа бол алдаагүй байж тийм үү?
    -Монголбанкинд ажиллаж байгаад Америк руу санхүүгийн чиглэлээр мастерт суралцахаар явсан. Сурч байсан сургууль маань тийм ч мундаг, алдартай биш ч гэсэн өөр өөр үндэсний олон хүүхдүүдтэй нэг анги байсан. Тэнд мэргэжил гэхээсээ илүү, мундаг сургуулийн нэр төр гэхээс илүүтэй хувь хүн, практик тал дээр анхаарч, мөн тэр олон орны залуусын орон орных нь соёлыг хүндэтгэж, суралцсан. Тэндээс хүмүүс нэгнээ байгаагаар нь хүлээж авах, байгааг нь хүндлэх, шүүмжлэлгүйгээр хандах ёстой гэдгийг илүү ойлгож авсан. 
    -Мэргэжлээрээ мастераа хамгаалчихлаа. Дараа нь яасан бэ? Эдийн засагчийн замнал нь аль хүртэл явсныг мэдмээр байна л даа...
    -Би сурахынхаа хажуугаар ажил хийж байгаад нэг бүсгүйтэй танилцсан юм. Тэр бүсгүй дэлхийн банкинд ажиллладаг байсан. Тэгээд докторын зэргийн ажилтай нь танилцаж, хийж байгаа зүйлийг нь сонирхож холбоотой байх болсон. Нэг удаа Монголбанкинд байхдаа ажилладаг байсан программууд дээрээ ажиллаж байсныг хараад найз маань "Би нэг төсөл хэрэгжүүлж байгаа, чи тэр төсөлд өөрийнхөө чаддаг зүйлээрээ оролцоод үзэх үү" гэсэн санал тавьсан юм. Тэр төсөл олон улсад хэрэгждэг. Анх Джибутигийн  30 хоногийн гэрээтэйгээр төсөлд нь оролцсон. Яг тэр үед нь Монголд нэг төсөл хэрэгжих гэж байгааг сонсоод хөөцөлдсөөр байгаад ороод анх Дэлхийн банкны мэдээлэл харилцаа холбооны технологийн газарт нь ажиллаж эхэлсэн. Тэрнийхээ хүрээнд одоо Монголд хэрэгжиж байгаа “Ухаалаг Засаг” төслийн суурь нь тавигдаж билээ. Янз бүрийн төслүүд дээр ажиллахад суурь нь санхүүгийн мэргэжилтэн байсан болохоор аливааг тооцоолох, цаасан дээр буулгахад арай дөхөм байсан. Мэдээж мэдээлэл харилцаа холбооны салбар руу оронгуут бүхий л зүйлийг цоо шинээр суралцах болсон. Хүмүүс дөрвөн жил их сургуульд суралцаж нэг мэргэжил эзэмшдэг бол, банкинд байх хугацаанд зургаан жил ажиллаад дахиад нэг мэргэжилтэй болсон. Тэгээд 2015 онд манайх Монгол руу нүүж ирэх болсон. Америкт байхдаа Монголын  гарааны бизнесийн орчин руу чиглэсэн санхүүжилтын эх үүсвэр олж авсан. Түүгээрээ Монголд хоёр жилийн хугацаанд агаарын бохирдол, хөрсний бохирдлын эсрэг, эко хөгжлийг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн. Энэ чиглэлээр ажиллаад мөн гарааны бизнесийн талаар суралцаж эхэлсэн дээ. Ер нь бол их сонин, эхлээд санхүүгийн чиглэлээр дараа нь мэдээлэл технологийн чиглэл, тэгээд гарааны бизнес. Гарааны бизнесийн санаануудыг хаанаас гарч ирдэг, инновацийг хэрхэн бүтээдэг аргачлалуудыг суралцаад энэ чиглэлээр олон компанид зөвлөгөө өгдөг зөвлөх болсон байсан. 

    -Монголд гарааны бизнесийг тэгээс эхлээд одоо хөл дээрээ зогссон хүн хэр олон байдаг бол?
    -Зөндөө байгаа. Гарааны бизнесийн суурь утга нь юу вэ гэхээр хэрэглэгчдэд үүсэж буй асуудлыг барьж аваад тэрийг нь шийдвэрлэх, шинэ санаа боловсруулаад тэрийгээ гаргаж ирээд борлуулах, хүргүүлэх. Энгийнээр бол шаардлагатай байгаа зүйлийг нь амар хялбар болгох санааг олж, шаардлагатай хүнд нь хүргэх гэж хэлж болно. Гарааны бизнесийг заавал хэдэн залуучууд нийлээд ширээгээ тойрч суугаад эхлэх биш томоохон корпорациуд нийлээд шинэ бизнес эхлүүлээд хэрэглэгчиддээ хүргэдэг.  Өнөөдрийн хувьд гарааны бизнесээр амжилттай яваа нь "Lend.mn", "Erxes", "iHotel", "Zeel.mn" гээд 4 жилийн өмнөхийг бодвол амжилттай яваа гарааны бизнесүүд улам л олширсоор байна.  
    -Одоо Монголд гарааны бизнес газар авч байна. Аливаад үечлэл гэж байдаг шүү дээ. Эдийн засгийн хувьд үечлэл гэж байдаг уу? Дараагийн үеийг юу гэж харж байна вэ?
    -Заавал Монголын жишээн дээр биш олон улсын хувьд авч үзье л дээ. Гарааны бизнесээ эхлүүлээд тодорхой хэдэн тооны хэрэглэгчдэд санаагаа амжилттай баталгаажуулснаар дараагийн түвшин буюу илүү олон хэрэглэгчийн асуудлыг оновчтой шийдвэрлэх бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, цаашлаад олон улс руу гаргах гэх мэт үе шатууд байгаа. Өнөөдрийн хувьд хамгийн олон хэрэглэгчтэй, бидний сайн мэдэж байгаа гарааны бизнес бол "Facebook" байна. 
    -Facebook гарааны бизнес байсан юм уу?
    -Тийм. Гарааны бизнес байсан. Өмнө нь арай өөр хэрэглэгдэхүүн байсан шүү дээ. Гэтэл "Facebook" гарч ирээд хүмүүсийн хоорондын харилцааг илүү ойртуулж, эхний ээлжинд танилын хүрээнд холбоо тогтоох байсан бол томорсоор байгаад одоогийн хөгжилд хүрсэн. Одоо бол "Facebook"-ийг гарааны бизнес гэж хэлэх хүн бараг байхгүй. Үүнтэй адил Монголын компаниуд болон гарааны бизнесүүд олон улсын зах зээлд гарах алхмуудаа аль хэдийнээ хийгээд эхэлсэн байгаа. Дэлхий хавтгай шүү. Та өөрөө "Gamma" үүсгэн байгуулагч. "Gamma" гэхээр нэг тийм өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй залууст зөвлөгөө өгдөг хүмүүсийн сайн дурын нэгдэл ч юм шиг. Яагаад байгуулах болов, та нарын очих цэг чинь хаа хүрэх вэ? Бидний ихэнхи нь нойр, хоол, дасгал хөдөлгөөн, сэтгэлзүйн эрүүл мэндийг чухалчилж авч үздэггүй, ихэвчлэн амьдралын буруу хэв маягтай явах хандлагатай байдаг. Нийтлэг жишээ нь бид заримдаа өглөө ядарч сэрээд, өглөөний цайгаа уулгүй ажил руугаа санд мэнд яарч ирээд сандарсан, ядарсан хүн ажлын ширээн дээрээ шууд суучихдаг. Ийм өдөр та бүтээмжтэй байж чаддаг уу? Өөрөөсөө асуугаад үзээрэй. Бидний өөрсдөөсөө байнга асуудаг асуулт нь “Хүн яаж өөрийн потенцалиа бүрэн ашиглаж, тогтмол өндөр бүтээмжтэй байх вэ?” юм. Энэхүү асуултын хүрээнд бид олон талын шинжлэх ухаан, сэтгэл судлал, тархи судлал, хооллолтын талаарх ном, эрдэм шинжилгээний өгүүллэг, судалгааны материал судалж үзээд тун сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн. Бүтээмж хэмээх ойлголт нь дан ганц нэг хувьсагчаас хамаарах ойлголт огт биш, харин ч олон төрлийн хүчин зүйлсээс хамаарах цогц ойлголт болохыг сайтар ойлгосон. Бүтээмж ярихын өмнө бид эрүүл зөв амьдралын хэв маяг, зөв дадал зуршил, тархи болон сэтгэлзүйн эрүүл мэнд гэх мэтчилэн Монголд төдийлөн яригдаад байдаггүй сэдвүүдийг тайлбарлах шаардлагатай болсон. Энэ олон талын төвөгтэй мэдээллийг бид хэрэглэгч нартаа мэргэжлийн түвшинд, ойлгомжтой бөгөөд цэгцтэй өгөхийн тулд чиглэл бүртээ олон жилийн туршлагатай, мэргэжлийн дасгалжуулагч нартай хамтран онлайн контент бүтээж хэрэглэгчиддээ хүргэдэг. Эцсийн үр дүнд нь хэрэглэгч өөрийн ашиглагдахгүй байгаа нөөц потенцалиа бүрэн ашиглаж, тогтмол өндөр бүтээмж гаргах замаар ажил болон амьдралын талбар дээрээ илүү амжилтанд хүрэх боломжтой болох юм. Энэ зорилго чиглэлээ олохын тул "Gamma" нилээн урт зам туулсан шүү. (Инээв) Одоо "Gamma" аль хэдийнээ 1200 гаруй хүнд өөрийгөө дараачийн түвшинд гаргаж "Gamma" түвшинд ойртоход нь тусалсан байна.  "Gamma" түвшин гэдэг нь хүний тархины хамгийн өндөр чадамж буюу ойролцоогоор 40 герц дээрх тархины давтамжийн түвшинг хэлдэг. 

    Бүтээмж хэмээх ойлголт нь дан ганц нэг хувьсагчаас хамаарах ойлголт огт биш, харин ч олон төрлийн хүчин зүйлээс хамаарах цогц ойлголт болохыг сайтар ойлгосон. Бүтээмж ярихын өмнө бид эрүүл зөв амьдралын хэв маяг, зөв дадал зуршил, тархи болон сэтгэлзүйн эрүүл мэнд гэх мэтчилэн Монголд төдийлөн яригдаад байдаггүй сэдвүүдийг тайлбарлах шаардлагатай болсон. 

    -Хувь хүний хөгжлийн хувьд Гаммагийн хүмүүстэй ажилласан бодит жишээнээс яриач. Үр дүн гардаг уу?
    -Манайх онлайнаар гурван сарын хугацаанд 1200 гаруй хүнд үйлчилсэн байна. Сүүлд бид бүтээмжийн суурь ойлголтуудын нэг болох "self-management" буюу хувийн төлөвлөлтийн ур чадвараа хөгжүүлэхэд туслах "Gamma Mind", мөн анхаарал төвлөрүүлэх чадвар болон стресс менежментийн чадварыг хөгжүүлэхэд туслах бясалгал дээр суурилсан "Gamma Calm" гээд хоёр шинэ хөтөлбөр оруулж ирж туршиж үзэж байгаа. Энэ мэт сонирхолтой олон хөтөлбөрүүд удахгүй танилцуулагдана. 
    Үүнээс өмнө бидэнтэй хамт "G30" хөтөлбөрөөр дамжуулан 200 гаруй хүнээс нэг сарын турш эрүүл амьдралын хэв маягт суралцсан. Онлайнаар бол манай "Facebook" болон "Instagram" хуудсаар дамжуулан 70.000 гаруй хүн долоон хоног бүр хэрэгцээт мэдээллээ аваад өдөр бүр суралцаад явдаг. Бидний харснаар хамгийн их мэдэгдэхүйц өөрчлөгдсөн нэг залуу бий. Буруу амьдралын хэв маягтай байсан залуу одоо дэлхийн шилдэг их сургуулийн нэгэнд нь сураад амьдрал нь жигдрээд мөр бүтэн амьдарч байгаа. Эрүүл хэв маягаар амьдралаа авч явж, өөрийгөө юу хийж, хаана хүрч чадахаа мэдэрчихсэн. Ингэж өөрчлөгдсөн залуус зөндөө бий... 
    -Хувийн зохион байгуулалттай, үлгэр жишээ хүний хувьд нэг өдрийн амьдрал чинь яг яаж өнгөрдөг вэ? Цагийн хуваарь, эсвэл тогтсон дэглэм ч юм уу?
    -Хамгийн түрүүнд хэлэх ёстой зүйл бол 21 цаг 30 минутанд орондоо ордог. Гэхдээ Монголд ирэхээр энэ дэглэм алдагдана \инээв\. Хонконгт байхад бол яг л энэ цагтаа орондоо орж чаддаг. Унтахаасаа өмнө нэг цагийн хугацаанд ном уншина эсвэл охинтойгоо цагийг өнгөрөөнө, аль болох тайвшруулах л зүйл хийнэ. Мэдээж орой эрт унтчихсан хүн чинь өглөө 05:00-06:00 хооронд сэрүүлэггүй л сэрнэ дээ. Нар тусах хэсгээ хаалгүй унтдаг. Тэгээд нар тусмагц босоод хамгийн түрүүнд ус ууна. Дараа нь 10-30 минут йогийн дасгал болон бясалгал хийнэ. Кофегоо ууна. Усанд ороод ажилдаа явахдаа бэлтгэнэ. Ажил руугаа автобусаар нэг цаг орчим явдаг учраас 7:30-08:00 хооронд гарна. Бүтэн цаг явж байхдаа заавал нэг ном уншина. Миний хувьд 2019 онд 20 гаруй ном уншиж дуусгасан байна. Тавин ном болгох зорилт тавьсан боловч одоо угаасаа амжихгүй болсон. Зун нэг номон дээр их удчихсан л даа. За тэгээд ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад цайны цагаараа цайгаа ууна. Орой 17:00 цагт ажлаа тараад гэр рүүгээ явна. Харих хугацаандаа бас ном уншина хэрвээ уншмааргүй санагдвал "Friends" ч юм уу өөрийнхөө дуртай олон ангит киногоо үзнэ. Оройны хооллолт бол тараг ууна заримдаа хөнгөн хооллочихоод л буцаад унтах процесс руугаа орно доо. Амралтын өдрөөр бол охиндоо их цаг гаргадаг. Заримдаа юу ч хийхгүй хоол хийж идээд л "Netflix" үзээд өнгөрүүлэхийг илүүд үздэг болчихсон. Уг нь ийм байгаагүй сүүлийн үед өөртөө чөлөө өгдөг болоод байгаа. 
    -Ер нь бол хүн болгон тэгж боддог юм байна. Би саяхан оросын бизнесмэн залуутай ярилцахад бас хэлсэн. Чөлөөт цагтай тэр цагтаа кино үзнэ, найзуудтайгаа гадуур гардаг гэж байсан. Байнга цагт баригдаад чөлөө завгүй гүйгээд байвал хүнд хэцүү санагдаж шантарч эхэлж магадгүй юм. Таны хувьд ажлаа яаж төлөвлөдөг вэ, өдрөөр эсвэл сараар ч юм уу, бүр жилээр нь гаргадаг уу?
    -Өмнө хийж байсан ажлуудтай харьцуулахад одоогийн ажил маань жилийн эхэнд ажил төлөвлөлтөө хийчихдэг. Өмнө яадаг байсан бэ гэхээр Дэлхийн банкинд ажиллаж байхад би өөрийнхөө цалинг өөрөө бий болгодог байсан. Тухайн төсөл дээр намайг сонгож ажиллуулах тэр нөхцөлийг би заавал хийж байж цалинтай байна гэсэн үг. Тэгэхийн тулд шинэ төслүүд дээр ажиллаж үнэ цэнээ бий болгох шаардлагатай болж байгаа юм. Тэнд бол маш олон хүн байгаа. Зөвхөн Монголын гурван сая иргэн биш дэлхийн долоон тэрбум хүний зах зээлтэй өрсөлдөж байгаа учраас яагаад заавал намайг сонгох ёстой гэдгийг мэдрүүлэхийн тулд маш сайн, бусдаас илүү мэддэг ганц л юмтай болох ёстой байсан. Тэр тал дээр ажлаа маш сайн төлөвлөдөг. Дэлхийн банкинд орчихоод бараг өдрийн 24 цагийн 48 цагт ажиллана гэдэг шиг их хичээж ажиллаж байсан. Асар их зүйл уншиж, судалж, шинээр бий болгож олон зүйл хийж байсан. Нийлбэр дүнгээрээ өнөөдөр Энхболор гэдэг хүн ямар үнэ цэнийг бий болгож чадах вэ гэдэг тал дээр илүү их анхаарч ажиллаж байлаа. Төлөвлөлтөн дээр бол сайн хэлж мэдэхгүй байна. Төлөвлөхөд хэцүү байсан. Ийм төсөл байна гэж сонсоод л очиж өөрийгөө "борлуулах" ажлууд их хийгдэх ёстой шүү дээ. Тэгэхээр өөрийгөө боловсруулж хүнтэй зөв харьцах, өмнө хамтарч ажиллаж байсан хүмүүсдээ өөрийнхөө давуу талуудыг түлхүү гаргаж ажиллах, багаар ажиллах гэсэн зүйлүүд дээр түлхүү анхаардаг. Үүнээс төлөвлөгөө бол чухал байгаагүй шиг санагдаж байна. 

    -Таны мөрөөдөл юу вэ?
    -Өмнө хүссэн, бодсон, мөрөөдсөн зүйлс үргэлж биелчихдэг байсан. Дэлхийн банкинд орж ажиллах юмсан гэж хүссэн. Тэнд ажилласан. Одоо бол би сайн бодож байгаад мөрөөднө өө. Ер нь бол олон хүмүүст туслах тийм юм бүтээмээр байсан. "Gamma" гэдэг компанийг ч бий болгож манай баг олон хүний амьдралд эерэг бодлыг түгээж, аливаад тууштай, тэмүүлэлтэй байж чадах тийм хүмүүсийн нэгдэл юм. Хааяа боддог л доо, "өөдрөг сэтгэхүйг хүмүүст дамжуулах боломжтой байдаг бол" гэж. 
    -Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Яагаад номын талаар асуусан бэ гэвэл номын сонголт маш их байдаг. Тэр олон сонголтоос хүн ямар ном сонговол зүгээр вэ гэдэг үргэлж асуудал болж байдаг шүү дээ.
    -"The Art of Living" гэсэн ном байгаа. Вьетнамын буддын ламын амьдралыг харах өнцгийг тайлбарласан ном л доо. Хүн ер нь суралцахад оройтохгүй, эртдэх ч үгүй. Яг хүнд өөрт нь сонирхол байгаад сонирхлоо мэдэрч чадвал тэр чиглэлийнхээ номнуудыг унших хэрэгтэй байх. Яагаад ч юм амьдралын цаг үе, мөчлөг болгонд нь тохирсон ном гарч ирээд байдаг юм шиг санагддаг. Номын дэлгүүрт ороод ном харж байхад яг тухайн үед надад хэлэх хэрэгтэй байсан үгнүүд бичээстэй байдаг. Их инээдтэй. 
    -Танд унших бүртээ оюуны таашаалыг авч чаддаг олон удаа уншиж байсан ном бий юу?
    -Байгаа шүү. Гэхдээ уншсан ном болгоноос өөр хоорондоо ялгаатай л болохоос авах зүйл дандаа байдаг шүү дээ. Хүн яг өөртөө юу хэрэгтэй байгаа, өөрөө юу хүсэж байгаагаа мэдээд, түүндээ тааруулж номоо сонгосон тохиолдолд мэдэхийг хүссэн зүйлээ мэдэж аваад таашаалыг мэдэрдэг байж болох юм. Миний уншсан номноос хамгийн сүүлд гэвэл зунжингаа уншсан хоёр ном байна. Нэг нь өөрийгөө таних гурван асуултанд хариулт авах 1. Би хэн бэ? 2. Хайр гэж юу вэ? 3. Бодит байдал гэж яг юу вэ? "Don Miguel Ruiz"-ын  “The Three Questions”  гэсэн ном бий. Энэ асуултуудад хариулт аваад энэ номыг уншихад үнэхээр гайхалтай. Өөрийгөө олохгүй байсан учраа олж, эргэн тойрны хүмүүстэй, юмстай харьцах суурь ойлголтыг гүн гүнзгий шигтгэсэн. Өмнө ойлгож мэдэж байсан зүйлүүдийг бататгаж өгсөн. Нөгөө ном нь болохоор "Eckhart Tolle" зохиолчийн “A New Earth” гээд энэ хоёр номыг 2019 онд онцолж байна. 
    -“A New Earth” гээд амьдралын зорилгоо дахин эргэцүүлэх тухай ном уу? 
    -Хүн төрсөн цагаасаа бусдын гаргаж буй хандлага, зан ааш болгоноос төлөвшиж бий болдог юм байна л даа. Хүүхэд шинээр мэндлэхдээ юу ч мэдэхгүй яг л цагаан цаас шиг харин тэр цаасан дээр өнгөтөөр зураг зурах уу, хараар зурах уу гэдэг эцэг эхчүүд, хамаатан садан цаашлаад цэцэрлэг, сургуулийн багш, хамт олон, найз нөхөд гээд бүх тойрон хүрээлэгчдэд хамаатай. Энэ бүхнээс хувь хүн бий болж, сайн муу, сайхан муухайг ялгаж аливаад шүүлтүүртэй хандаж эхэлмэгц бусад хүний чамайг үнэлэх үнэлгээ гарч ирдэг. Яг энэ процессийг номноос маш сайн ойлгосон. 
    -Таны ажилд амжилт хүсье. 
    -Баярлалаа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан