
2013 оны "Цагаан Уул" наадмын тэргүүн байрын шагналт, АНУ-д амьдарч буй залуу зохиолч, яруу найрагч Эрдэнэбаатарын Бүжинлхамтай ярилцлаа. Түүний “Намрыг мартагсад” шүлгийн түүвэр “Ариан” тууж өөрийн өнгө аястай. Холыг зорьсон түүний амьдрал ч бас нэг нэмэгдэхүүн гарч, шинэ өнгө аяс оржээ. Тэрээр үүнийгээ “сүнс урлал” томъёолж.
-Та АНУ яваад нэлээн удчихлаа. Аль эрэгт нь, ямар хотод амьдарч, юу хийж байгаа тухай сонин сайхнаасаа хуваалцаж болох уу?
-АНУ-д амьдарч байгаа тухайгаа яривал миний яагаад энд ирэх болсон түүх минь заавал дурдагдах ёстой болов уу. Миний 2015 онд хэвлүүлсэн Ариан тууж бол үргэлжилсэн үгийн төрлөөр бичих гэж оролдсон анхны минь бүтээл. Энэ зохиолоо хэвлүүлэх үед би хорин гурван настай байсан. Харин хорин гурван настай залуу уран бүтээлчийн хувьд өөрийн хэмжээндээ л зүрх сэтгэлээ энэхүү зохиолдоо шавхсаны дараа уран зохиол гэх энэ илбийн ертөнцөд өөрийгөө зориулж чадах эсэхээ мэдэхийн тулд хол явахаас илүү зоримог сонголт, гарц байхгүй юм шиг санагдсан. Арван найм, арван естэй үеийн догдлуун сэтгэл, гэнэн итгэл хоёр “Намрыг мартагсад”-ыг бичүүлсэн бол “Ариан” харин тэр сэтгэлийг миний дотроос бүгдийг нь шавхан гаргаад, цэгцлээд тавьчихсан сүүлчийн бадаг байсан гэж би боддог. Эргээд уншихад хэтэрхий их сэтгэл хөдлөлтэй, басхүү зохиолынх нь дүр бүхнээс би харагддаг ч энэ жижигхэн ном намайг ахиад цаашаа явах ёстойг, бас хоосорсон цээжээ арай илүү хөдөлшгүй, бат бөх итгэлээр дүүргэх ёстойг ойлгуулсан байж мэдэх юм. Тэгээд л “Хол явах юм сан, орон гэрээ санаж уйлах юм сан” гэдэг шүлгийн мөр шиг гэгэлзсэн хүн юу ч төлөвлөж, санасан зүйлгүйгээр энэ оронд ирсэн дээ. Одоо гэтэл нүд ирмэхийн зуур таван жил өнгөрчихсөн, би зүүн эрэгт нь, Арлингтон хотод хайртай хүнтэйгээ бас хүүтэйгээ амьдарч байгаа. Сайн ээж байх, сайн уран бүтээлч байх хоёр зэрэгцэн оршиж болох уу гэдэг асуултынхаа хариуг олох гээд хичээж л явна. (Инээв)
-Америкт хэсэг амьдарсан манай зохиолч, яруу найрагчид бий. Яваад ирэхээрээ шинэ тэсрэлттэй бүтээл гаргахгүй. Ер нь эрх чөлөөний оронд удахаар нэлээн мохоо болчихдог юм шиг?
-Эрх чөлөөний гэгдэх энэ оронд ирээд уран бүтээлч мохоо болно гэдэг бол өрөөсгөл ойлголт болов уу. Үүнээс гадна яг тэр уран бүтээлч өөрийгөө мохоо болсон гэж бодож байна уу, үгүй юу гэдэг бас өөр ойлголт байх. Үнэхээр бичих ёстой хүн биш л бол хэн ч хаана ч мохно. Хүний хийж гүйцэлдүүлэх ёстой бүхэн, хувь тавиланд ер нь нийгэм орчин нөхцөл нөлөөлөх боломжтой гэдэгт итгэдэггүй. Харин ч авьяастай хүнийг бол шинэ газар орон, учирсан тохиол, үзэж туулсан бүхэн нь өнгөлөн торддог болов уу л гэж найдаж байна.
-Барууны зохиолчдын бичлэгийн арга хэлбэрийг судалж, ажиглаж байгаа байх. Ер нь өнөөдрийн америкийн уран зохиолын чиг хандлага ямар байна вэ?
-Америкт амьдрах нэг талаараа их сонирхолтой санагддаг л даа. Зөвхөн барууны гэлтгүй бүх л улс үндэстэнтэй уулзаж танилцах, тэдний ёс заншлыг ойлгох, нэг нийгэмд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн өөр, өөр арьсны өнгөтэй, хэл соёлтой, өөрсдийн гэсэн үнэт зүйлстэй хүмүүс хэрхэн яаж бие, биеэ хайрлаж бас үзэн ядаж амьдардаг болохыг нь ажиглах сонирхолтой байдаг.
Яг энэ онцлогийг нь уран зохиолоос нь ч бас харах боломжтой. Харин зохиолчдын бичлэгийн арга хэлбэрийг судлахаасаа илүүтэй би хэрхэн зохиол бичих вэ гэсэн асуултын араас их мөшгөдөг байх аа. Гэтэл надтай тааралдсан номуудад болон судалсан хичээлүүдэд маань ихэвчлэн яг таг “ном бүтээх жор”-ыг нэлээн нарийн зааж өгсөн байсан нь надад их хачин санагдаж байсан. Угаасаа л бүх зүйлийг ямар нэг шинжлэх ухааны нотолгоотойгоор л авч үздэг ард түмний хувьд миний ойлгосноор бүтээлч сэтгэлгээ ч мөн томьёологдох боломжтой гэж үзэгддэг юм шиг. Миний хувьд иймэрхүү хоосон онолуудыг мэдчихэд илүүдэхгүй боловч хэт их орооцолдоод бас дэмий юм уу даа гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ. Харин хувь хүнийхээ хувьд би зохиолын сүнслэг байдал болон уран бүтээлчийн бүтээлээ туурвиж байх үеийн эрчим хүчний үелзэл уншигчийн сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлж цаашдаа ямар гээч ид шидийг бүтээдэг бол гэсэн мөрөөдөмтгий итгэлүүддээ илүү дуртай. Үүнийг онолын дагуу биш онгодын хүчээр бүтээх болов уу гэж бодох юм.
Харин Америкийн уран зохиолын чиг хандлагын хувьд утга зохиол судлаач хүн биш учраас би бүрэн хариулт өгч чадахгүй байх. Гэхдээ хэвлэлийн компаниуд хэний бүтээлийг хэвлэх вэ гэдгийг шийддэг, Америкийн утга зохиолын зах зээлд зөвхөн “хэвлэгдэнэ” гэдэг нь л том даваа байсан үе өнгөрч “Self-publishing” илүү эрчээ аваад эхэлсэн. Тухайн уран бүтээлч өөрийн уншигчаа л бэлдэж чадсан бол ном нь хэдэн мянгаараа ч борлогдох боломжтой байгаа нь л миний хувьд онцлууштай зүйл байна даа.
-Америкууд маш их уншдаг хүмүүс байдаг. Нийтийн номын сангаас гадна номын дэлгүүрүүд нь ном хэвлэл унших боломжтой сайхан тохилог байдаг. Ном хэвлэлийн салбараас нь монголд санаа авч болохоор ажиглагдсан зүйл танд байна уу?
-Зөвхөн номын сангийн тохилог байдал гэлтгүй Америк бол хүний амьдрах нөхцөлийг хэлбэрийнх нь хувьд нэлээн сайн хялбарчлаад өгчихсөн газар гэдгийг ихэнх хүмүүс мэдэх байх. Гэвч миний бодлоор номд дуртай байх, хайртай байх, түүнийг уншдаг бас мэдэрдэг байхад номын сангийн тохь, тух зэрэг нь тийм ч айхтар чухал биш. Харин хэдийнээ унших дадалтай болчихсон залуус нь, бас хүүхдүүддээ орой бүр үлгэр уншиж өгөхөө мартдаггүй эцэг, эх нь илүү таалагддаг. Бидэнд ч гэсэн гэрийнхээ галыг тойрч суугаад /миний хувьд бол цагаан шавран пийшинг налж суугаад/ сонсдог байсан эмээ, өвөө нарын ярьдаг үлгэр, домог, туульс гээд өөрсдийн үнэт соёл байгаа л шүү дээ. Тэрийгээ л мартахгүй аваад үлдчихвэл хүүхдүүд ч багаасаа үлгэр домгоор дамжуулж номд дуртай болоод тухтай номын сандаа суучих өдөр ойрхон байх аа.
-"Тагтаа паблишин"-гийн Б.Баясгалантай ярилцаж суухад манай монголчууд уран зохиолын тухай маш буруу ойлголттой байна. Зүгээр чөлөөт цагаараа хийдэг ажил, эсвэл зохиолчид гэхээр ядуу хүмүүс байх юм шиг санадаг. Гэтэл уран зохиолын зам мөрийн хөөгөөд элбэг сайхан амьдарч болно гэсэн? Үүнтэй санал нийлэх үү?
-Зохиолч хүн зөвхөн зохиолч байсныхаа төлөө ядуу зүдүү амьдарч байна гэвэл надад энэ хэтэрхий сул дорой сонсогдож байна. Нэн ялангуяа орчин үед Ван Гогын дүр эсгэж амьдраад юу гэх вэ дээ. Жинхэнэ уран зохиолыг хүмүүс ойлгодоггүй учраас ном нь зарагдахгүй харин арилжааны зохиолыг л хүмүүс авдаг учраас муу зохиолчид баяждаг гэсэн ойлголт үеэ өнгөрөөсөн байх. Хэдийгээр би айхтар номоосоо ашиг орлого олоогүй ч гэлээ энэ асуултад залуу хүнийхээ итгэлээр нэлээн өөдрөг хариулт өгнө өө. Тэгээд ч яг одоо хүн төрөлхтөн урьд хожид туулж байгаагүй тийм сонин өвөрмөц цаг үеийн эхний гэрчүүд болцгоож байгаа шүү дээ. Дэлхийн хаанаас ч аль ч оронд ажиллах боломжтой ямар нэг шат, дамжлагыг давах шаардлагагүйгээр өөрийн бүтээлээ хүнд хүргэх боломжтой тийм цаг үе ирчихсэн. Басхүү хүний хөдөлмөр улам л хөнгөвчлөгдөхийн хэрээр бүтээлч сэтгэхүйгээ хүндэлдэг, уран бүтээлчдэд “хайртай” дэлхий бий болж байна даа гэж санадаг.
-Та хайрын шүлэг их бичсэн байдаг. Намрыг мартагсад номын завсар байх навч ямар нэг хайртай холбоотой юу? Таны хувьд ер нь навч ямар нэг утга агуулгатай юу?
Зүгээр л хорин настай хүүхдийн гэнэн бас тэнэг сэтгэл шиг л үзэсгэлэнтэй үхсэн тийм навчнууд. (инээв)
-Уран зохиолын шинэлэг мэдрэмж, санаа авъя гэсэн залууст гадаадын ямар зохиолчийг уншихыг зөвлөх вэ?
-Миний хувьд шинэлэг мэдрэмж, санаа авах гэхээсээ илүүтэй урам зориг бас урлан бүтээхүйн дадал олж авахын тулд зохиолчдын ярилцлага болон тэдний уран бүтээлээ хэрхэн туурвидаг тухай эсээ, нийтлэлүүд унших маш их дуртай. Ер нь бол үргэлжилсэн үгийн зохиолыг эх хэл дээрээ уншиж, англиар бол түлхүү “non-fiction” л уншдаг юм байна. Санал болгох ном гэвэл “Paris review” сэтгүүлээс эмхэтгэн гаргасан үе, үеийн зохиолчдын шилмэл ярилцлагын түүвэр болох “Writer at work” мөн “Women at work” хоёр цувралыг санал болгож байна.
-Та хүссэнээрээ амьдарч чадаж байна уу?
-Бусдын л адил хайрлагдаж бас хайрлаж, эх хүн болохын сайхныг мэдэрч, гэр бүлтэйгээ элэг бүтэн байгаа гээд амьдралд минь хүссэнээрээ амьдарч байна гэж хэлээд талархах ёстой зүйл мянга, мянгаараа бий. Үүнээс гадна би Монгол гэх маш өвөрмөц, асар ухаалаг оюун санаатай, нүүдэлчин “айл”-аас гаралтай гэдгээрээ үргэлж бахархдаг. Ямар ч байсан хөгжих, сурах, өчигдрөөсөө арай илүү дээр хүн байх боломжийг олгодог эрх чөлөөтэй амьдралтайдаа сэтгэл хангалуун явдаг. Харин уран бүтээлийн хувьд бол хүссэнээрээ амьдарч чадаж байна гэж хариулахад бас арай л залуу, өлсгөлөн байх шиг байна аа. (инээв)
-Зохиолч яруу найрагчид ямар нэг зүйлээр хөглөгддөг (inspiration) байх. Эсвэл төрөлхийн хөгтэй төрдөг ч гэх юм уу? Та өөрийгөө яаж хөглөж байна вэ?
-Энэ тухай урьд нь их боддог байсан юм байна. Магадгүй миний үеийн бичдэг залуус яг энэ шатыг давсан ч байж магадгүй л дээ. Айхтар хөгширчхөөгүй ч гэсэн арван найм, естэй үед бороо хараад шүлэг бичдэг байсан мэдрэмж, догдлуун сэтгэл хорин тав, зургаатайгаас хойш үгүй болоод эхлэхээр хүн өөрийгөө “writer’s block”-д орсон ч гэх юм уу, эсвэл би угаасаа авьяасгүй байсан юм байна гэх эргэлзээтэй нүүр тулдаг байх. Миний л хувьд бол яг тэгсэн. Тэр үед үнэхээр бичихийг хүсээд, шинэ санаа толгойд эргэлдээд байв ч бичиж чадахгүй, за бичлээ гэхэд заавал ямар нэг сэтгэл санааны хямралд орж байж л бичдэг байлаа. Тэгээд зохиолч хүн заавал уй гунигт автаж байж л бичих ёстой гэж үү гэдэг асуулттай нүүр тулав. Үүнийхээ хариултыг олох гэж нэг удаа өөрийн хүндэлдэг зохиолч ах руу захиа хаяглаад зориг хүрэхгүй устгаж байснаа хүртэл санаж байна. Мэдээж тэгээд юу ч бичиж чадахгүй байгаа хүнд хэрхэн “inspiration” олж авах вэ, блокоосоо хэрхэн гарах вэ гэдэг тухай уншихаас өөр ямар сонголт үлдэх вэ дээ. Ер нь тэгж л англи хэлээ арай дорвитой болгосон байх шүү.(инээв) Хэдийгээр урам зориг өгсөн нийтлэлүүд намайг тэр “хямрал”-аас гаргаж хүчрээгүй ч гэсэн би ямартай ч өнгөрсөн таван жилд уран бүтээлдээ хандах итгэл үнэмшлээ олж авсан байх. Ямартай ч зөвхөн өөрийгөө илэрхийлэх төдий аминч үзлээр бичихгүй, сайн сайхны гэрлийг заавал харанхуйд ч гэсэн нууна даа гэж санаж яваа. Тэгэхээр онгодыг ч бас сайн, сайхнаас л олж авах хэрэгтэй болох нь. Бас онгод гэдэг зүйл зөвхөн онцгой хормуудад ирдэг гэхээсээ илүү өөрийнхөө ухамсрын урсгал руу хэрхэн цэврээр бас хурдан орж байгаагаар хэмжигддэг, сурч болдог зүйл юм байна гэж бодох болсон. Яг л тамирчин шиг. Хэрвээ хэн нэгэн үхлийн өмнө гудайхааргүй сэтгэлийн төлөвшил олж авсан бол заавал уй гунигаар бичээд байх шаардлага үгүй ч юм шиг. Яг л бясалгал хийж байхдаа бүхний гадна талд гараад ажиглах ёстой байдаг шиг л… Харин ийм л туг далбаа зүрхэндээ өлгөсөн нь намайг арай илүү сэтгэлийн тэнхээтэй болгосон байх даа гэж боддог.
-Та шашин шүтдэг үү?
-Шашин гэдэг зүйлд нэг их ач холбогдол өгдөггүй байсан ч ямар нэг асуулттай тулгараад, түүнийхээ эрэлд гарахаар энэ л цэг дээр ирээд байсан болохоор сүүлийн жилүүдэд шашны ойлголтуудыг нэлээн сонирхох болсон. Харин Америкт ирээд үргэлж нотолгоо хайдаг хүмүүсийн дунд орчихсон чинь буддын шашинтай гэж хэлээд зөрүүдэлмээр санагдаад байдаг. Ер нь буддын ухаан талдаа илүү итгэл үнэмшилтэй.
-Одоо ямар шинэ ном “урлаж” байна вэ?
-Яг одоо 2020 ондоо амжиж гаргахаар яруу найргийн “Сүнс урлал” түүвэр мөн үлгэрийн ном бэлдэж байгаа. Шүлгийн түүвэр маань бол нэлээн сайн биежчихсэн байгаа. Харин үлгэрийн ном маань бол миний хамаг хүчийг шавхаж байна. Гаргаж чадах эсэхээ мэдэхгүй байгаа ч, ямар байсан энэ нөхөр гарч байж л дараагийн бүтээлдээ орох болохоор дуусгана даа.
-Бичих цаг төлөвлөлт, нэг өдрийн төлөвлөгөөг яаж гаргадаг вэ?
-Яг өнөөдрийн байдлаар бол бичих цаг төлөвлөлт гэдэг үг яг мөрөөдөл шиг л сонсогдож байна. (инээв) Бодь сэтгэл хүү минь ой зургаан сартай. Энэ нөхрийг унтуулж байж л жаахан цаг гардаг. Тэгэхээр ер нь оройн есөөс хойш суудаг. Ер нь бол мөрөөдөж явдаг ажил төлөвлөлтийн хуваарь бий шүү. Уг нь би үүрээр их бүтээлч байдаг. (инээв)
Сэтгэлийн тэнгист балаг тарьсан
Хуй салхи болчхов би!
Сэлүүрээ гээчхээд төөрч явсан
Далайчин эрийг залгичхав би!
Гэм нүглээрээ би түүнийг зөөж
Гэрэл гэгээнээс хулгайлан одов!
Шувуу ч үгүй хоосон тэнгэрт нь
Шуурга дэгдээж орхив би!
Зүрхэнд минь амьд амьтан үзэгдэв гээд
Зүдэрсэн эр намайг хайрлаж орхив!
Салхи гэдэг үймүүлэхээс өөр
Шидгүй шүү! гэж наманчлан гуйхад минь
Сахиулсан тэнгэр юм уу чи гээд
Тэр над руу инээмсэглэх болов!
Жигүүр минь энэ байна гэж худал хэлээд
Өргөстэй гараа атгуулчхав би!
Жинхэнэ адислал энэ үү гээд
Өөрийнхөө цусыг л үнсэв тэр!
2015.08.23
Удган модонд чихээ наатал ийн хэллээ
Хонгор охин минь чи
Хоёр зүрхтэй болжээ
Атгын чинээ нэг зүрх чиний цээжинд
Амь халуун нөгөө зүрх нь хэвлийд чинь цохилж байна!
2018 он
Сүнс урлал
Үрийнхээ зүрхийг ургуулсан ариун сүмд
Чамайг би хөтлөн аваачъя!
Үүрдийн энэ орчлонг түүний ээж нь ч бас
Ийм л газар бүтээсэн байх учиртай!
Энэ л газар чи чимээ бүү гаргаарай!
Эхийн чинь хэвлийд хэн гэгч дээд тэнгэр
Сүнсийг чинь шивнэсэн болохыг
Харин чи санахыг оролдоорой!
Алив гараа өгөөч, хайрын Бурхан минь!
Анд нөхөр минь чамайг би танихгүй ч
Ийн дуудмаар байна!
Хэзээ нэгэн цагт чи үүлсийн гүнд ниссэн
Тэнгэрийн ширхэг байсныг чинь
Үнэнээсээ би харсан учраас л
Чамд би итгэж байна!
Өө! Гайхах хэрэггүй дээ, чи минь
Үгсийн хөндий шиг харагддаг энэ газар
Үрээ ч гэсэн би өдлүүлсэн гэдэг нь үнэн юм шүү!
Өөрийнхөө шүлгүүдийг ч бас би энэ л нутагт
Өндийлгөн торниулж эрийн цээнд хүргэдэг юм шүү!
Гэхдээ юу гээч, анд минь… хамгийн хэцүү нь юу гээч!
Гэрлийг урин дуудаад, яруу найргийн цээжинд сайтар шигтгэх
Хөндий хоосон сийлбэр гэв гэнэтхэн л дуулж эхлээд хуур болдог шиг
Хөнгөхөн тэр шүлгийн мөрүүдэд зохист сүнсийг нь л шингээх!
Үүний тулд уран хутга минь иртэй байх ёстой! Зүрх минь ч бас!
Өөрөөсөө өндөр бүр хэтэрхий өндөрт оршдог байх учиртай!
Амь тээсэн халуун моддыг хөрөөдчихөөд дараа нь ахин амь шивнэх
Аугаа урчууд мэт л өөрийн дотоодыг эрхшээдэг байх ёстой!
Одоо чи бүхнийг үзлээ шүү, гэрэлхэн минь!
Орчлонгийн нэгэн буланд эгэлхэн амьдарч буй
Энэ бяцхан эмэгтэй хэвлийдээ юу урладгийг
Ингээд чи минь мэддэг боллоо!
Өвгөн Бурханы ариун саванд хүн болж бүрэлдэхдээ
Өнийн энэ хорвоод сүнс урлах гэж төрсөн
Бүдэгхэн энэ улирал нэг л өдөр солигдох ч
Бүхнийг мэдэж байсан гэдгийг харин чи л гэрчлээрэй!
2019.12.29
Сэтгэгдлүүд : 0