Б.ГЭРЛЭЭ: ОРЧУУЛГА БОЛ БОДОЖ ЭРГЭЦҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ

    Эхэнд өгүүлэх нь:
    Анх хавтасны зургийг нь үзээд худалдан авах хүсэл огтоос төрөөгүй ч “Норвегийн ой” гэх нэрийг нь үзсэн даруйд өнөөх номыг тэврээд “касс”-руу зүглэсэн юм. Мүракамитай, ярилцлагын минь гол зочин болох орчуулагч Б.Гэрлээтэй ч мөн ингэж л анх учирсан билээ. “Онгоц газардмагц “Тамхи татахыг хориглосон” сануулга унтарч, намуухан хөгжим эгшиглэв. Найрал хөгжим Битлзийн “Norwegian Wood” хэмээх аялгууг гайхалтай тоглох аж. Энэ аялгууг сонсох бүр толгой эргэдэг. Үнэндээ толгой эргэх биш, дурсамж дурдатгал минь сэргэдэг юм”. Номын гурав дахь цогцолбор болох эдгээр өгүүлбэрийг уншсан даруйд хичээл хийх хүсэл ч төрсөнгүй. Учир нь яг тэр үед уран зохиолын лекц орж байсан бөгөөд би завсарлагаан бүрт Интерномын дэлгүүр лүү гүйчихдэг байв. Тэгээд тус номыг олж авсан хэрэг. Харин хичээлийн дундуур сөхөж харчихаад хичээл хийх хүсэл унтарсан нь энэ. Харин хамгийн сүүлд Мүраками, орчуулагч Б.Гэрлээ хоёртой дахин нэг зэрэг учрав. Гэвч Мүракамигийн “Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа...” туужийг “Норвегийн ой”-гоос өмнө орчуулчихсан байж. Ямартаа ч дахин гурав дахь учрал нь орчуулагч Б.Гэрлээ ном товхимол өрсөн ажлын ширээнийхээ ардаас босч гар барин мэндлэх мөч байв. Мэдээж учрал бүхнийг урьдчилан төсөөлөх аргагүй. Гэхдээ би асуултуудаа аль хэдийн бэлдчихсэн байлаа. 

    -Мүракамигийн “Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа” зохиолыг хайртай хүндээ зориулж орчуулсан гэсэн. Олон сайхан хайрын тууж бий. Гэтэл уг зохиолын чухам юу нь таны сэтгэлийг тэгтлээ их хөдөлгөж хайртай хүндээ зориулж орчуулах шийдвэрт хүргэсэн бэ?
    -Муракамигийн тэр зохиолд айлын ганц хүүгийн тухай өгүүлдэг. Гол дүрийнх нь зан чанар тэр хүний зан чанартай их төстэй. Өөрийгөө олж хараасай гэсэндээ сонгож орчуулсан. Тэр тууж эрчүүдэд их таалагддаг. Эр хүний нууцхан бодлыг дэлгэж харуулсан болохоор тэр болов уу. Хэд хэдэн хүн уншаад тэгж хэлж байсан шүү.
    -Мо Янийн “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” романыг сүүлд орчуулсан. Уг нь “зүдэгч” гэж англи хэлрүү буусан байдаг. Харин та яагаад “зүдэгсэд” гэж буулгасан бэ?
    -Номын нэрийг орчуулахад заримдаа их хэцүү. Мо Яний романы нэрийг үгчилбэл “төрлөөс төрөл дамжин төрж үхэхээс алжааж байна” гэсэн утгатай. Яаж оноохоо мэдэхгүй Б.Цэнддоо гуайтай зөвлөхөд “Амьдралын хүрдэнд зүдэгсэд” гэж нэрлэе гээд түүгээр нь тогтсон. Нэг биш нэлээн хэдэн хүний хувь заяаны тухай өгүүлдэг учраас цаад утгаараа энэ нь сайхан оносон гэж бодох юм.
    -Нобелийн шагнал авсан зохиолч гэхээс илүүтэй Мо Янийн бичлэгийн хэлбэр, амьдралынх нь баялаг дурсамжийн аль нэг таны сэтгэлийг олзолсон байх. Юуны учир Мо Янийн зохиолуудтай зууралдах болов оо?
    -Ном орчуулахаас өмнө миний хятад хэл тийм ч сайн байгаагүй, одоо ч айхтар сайн болоогүй. Хятадын зохиолчдыг ч сайн мэддэггүй байлаа. Тэр үед Мо Янь Нобелийн шагнал хүртээд удаагүй байсан юм. Зохиолчийн тухай, шагнал гардаад уншсан лекц, “Дарсны орон” романыг нь уншихад маш их таалагдсан учраас орчуулахаар зориглосон. “Дарсны орон” бол миний орчуулсан гурав дахь ном. Дараа нь “Өөрчлөлт” туужийг нь орчуулаач гэсэн санал тавихад барьж орчуулаад, нэг хэсэгтээ л Мо Яний зохиол бүтээлд автаж, нэлээн хэдийг нь уншаад, тэр дундаас “Амьдралын хүрдэнд зүдэгсэд”, “Улаан шиш” хоёрыг нь орчуулах юмсан гэж мөрөөддөг байлаа.  Мөрөөдөл маань биелсэн шүү. Хоёуланг нь орчуулсан.
    -Мо Янийн зохиол бүтээлүүд маш их ёгт өгүүлэмжтэй, харгис дүрслэлүүд, домогчилсон уран сэтгэмжтэй байдаг. Азийн шидэт реализм ч гэж шүүмжлэгчид дурдсан нь бий. Харин Мүракамигийн зохиолууд Японы уламжлалт бичлэгийн хэв маягаас тэс ондоо ч гэсэн дүрүүд ихээхэн ганцаардмал ахуйд оршдог. Хооронд нь харьцуулах аргагүй эрс тэрс энэ хоёр ертөнц уншигчийн тань хувиар үзэл бодлыг чинь хоёр талд аваачиж хуваадаг уу, эсвэл тэнцвэржүүлж байдаг уу?
    -Би Муракамигийн хоёр зохиолыг орчуулсан ч уншигчийн хувьд Мо Яньд илүү дуртай. Зохиолууд нь өрнөлтэй, шог хошин мөртлөө уран өгүүлэмжтэй, илүү бодитой санагддаг. Сүүлийн үед харин Гао Синзяний зохиолууд таалагдаад байгаа. Лу Синий нэрэмжит шагнал хүртсэн, өгүүллэг, туужуудыг нь уншиж байгаа.
    -Та уншигчийн хувьд орчуулсан зохиолууд шигээ л бүтээлд дуртай юу? Бүр өөр төрлийн бүтээлд шимтдэг уншигч уу?
    -Орчуулсан зохиол шигээ зохиолд бол шимтдэг шүү. Детектив, адал явдал, тэр тусмаа хувь хүний хөгжлийн ном уншаад байдаггүй. Багадаа л адал явдалтай зохиол уншдаг байж.

    -Та хятад, орос хэлнээс орчуулга хийдэг. Хятад бол хэдэн мянган ханзтай, үргэлж шинэчлэгдэж байдаг хэцүү хэл гэж хүмүүс ярьдаг. Ер нь аливаа хэлийг орчуулга хийж хэмжээнд хүртэл сурахад асар их тэвчээр шаарддаг ч гэдэг. Харин таны хувьд?
    -Анх хятад хэлнээс ном орчуулахдаа 10 үг байлаа гэхэд гурваас тавыг нь толь бичгээс хардаг байлаа. Одоо ч толь бичиг ашигладаг. Гэлээ гээд ямар ч ажлыг хийгээд байхаар дадлагажаад өөриймшүүлдэг шиг орчуулга хийх тусам үгийн сан баяжиж, тэр хэрээр энэ үгийг хам утгатай нь холбоод ингэж бас буулгаж болох юм гэдгийг мэдэрдэг болж байна. Чиний хэлдгээр орчуулга бол маш их тэвчээр, дээр нь авьяас чадвар шаардсан ажил. Эмх цэгцтэй, өсөн дэвжихэд тэмүүлдэг, өөртөө чанга хатуу ханддаг хүн л хийнэ дээ.
    -Энэ зохиолыг л уншина, орчуулна. Тиймээс би хэлээ сайжруулах ёстой гэж бодсон удаа бий юу?
    -Сүүлд орчуулсан “Амьдралын хүрдэнд зүдэгсэд”-ийг хятадаар уншаад тэгж бодож байлаа. Мо Янь ер нь өдөр тутам ашиглаад байдаггүй үг хэллэг, нутгийн аялга хавчуулж бичдэг. Анх нэг өгүүллэгийг нь уншаад, арай гэж талыг нь там тум ойлгоод сэтгэлээр их унаж билээ. Гэхдээ шантраагүй, тольдоод л орчуулаад байсан. Нэлээн хэдэн өгүүллэг тууж, романыг нь орчуулахад яваандаа тэр зохиолчийн арга барил, хэлэх гэсэн санааг нь мэдэрч ойлгож эхэлдэг юм байна лээ.
    -Та блогтоо орчуулж тавьсан захидлуудаасаа алинд нь хамгийн дуртай вэ?
    -Ремаркийн захидлууд их сайхан санагддаг. Захидлуудаараа бичсэн “Хайртай гэж хэлээч” романыг нь гаргана даа гэж бодож явдаг.
    -Та “Анандгэрэл” блог дээрээ орчуулгын бүтээлээс гадна өөр орны сайт дээр гарсан урлаг соёлын мэдээллүүдийг цаг тухайд нь орчуулж хүмүүст хүргэдэг. Ажлын хажуугаар эдгээрийг хэрхэн амжуулдаг вэ?
    -Тэр үед бас ч гэж завтай байдаг байсан болохоор сонирхолтой санагдсан юмаа орчуулж оруулдаг байсан. Харин сүүлийн хэдэн жил завгүй явах нь ихсээд юм нэмж чадахгүй л байна.
    -Яруу найргийн орчуулга нэг их хийгээгүй санагддаг. Үүнээс татгалзах ямар нэг шалтгаан байгаа юу?
    -Юм бичдэг, мөр холбодог хүн л шүлэг орчуулах юм билээ. Хэд хэдэн шүлэг, дууны үг орчуулж үзээд эвлэж өгөхгүй болохоор нь ер нь больё гэж шийдсэн. Чаддаг юмаа л хийе.

    Дунд өгүүлэх нь:
    Орчуулга бол уран зохиолын “хар ажил” гэж хүмүүс ярьдаг. Өөр хүний бүтээлийг унаган төрөлх үгсийн сангаараа дахин амилуулж буй тухай тэд гадарлах ч сөхөөгүй. Гэвч энэхүү “хар ажил” үргэлжид “цагаан мөр”-тэй байв. Хятадын анхны Нобелийн шагналт зохиолч Мо Янийн тухай, түүний зохиолын уран сайхан, өвөрмөц бичлэгийн хэлбэртэй бид эх хэлээрээ танилцахад орчуулагч Б.Гэрлээгийн гүйцэтгэсэн үүр чухал байв. 
    Үргэлжид хэн нэгнээр дутаж явдаг амьдрал. Харин хэн нэгнийг үгүйлэхээ болоход ямар нэг зүйл түүнийг орлож байх хэрэгтэй. Учир нь оршихуйг ганцаараа бүтээх ямар ч боломж үгүй билээ. Тиймээс л зарим нь зураг зурж, дуу сонсож, сонирхсон зүйлсээ цуглуулж, ном хүртэл уншдаг. Номыг хүмүүс зохион бичиж танигдахын аргагүй, сэтгэл догдлуулам гайхалтай ертөнцөд хүргэнэ. Зарим нь номыг орчуулж, нөгөө догдлом сайхан ертөнцийг эх хэлнээ дахин амилуулна. Тэгвэл уран зохиолын орчуулга өөрөө бүтээл болж төрдөг жамтай. Уран зохиолын орчуулагчид “уран бүтээлчид” байдаг гэх бодол энэ цэг дээрээс л төрсөн юм. Бусдынх нь тухай харин үргэлжүүлж уншигтун.

    -Уран зохиолд, ер нь номонд донтох гэж хүмүүс их ярьдаг. Түүнтэй адилхан та аливаа нэг зохиолыг хөрвүүлэх явцад орчуулгын ажилдаа донтох үе байдаг уу?
    -Байлгүй яах вэ. Саяхан би Hero Баатарын ярилцлагыг уншсан. “Хийж байгаа бүхэндээ дурлаж хийдэг” гэж хэлсэн байсан даа. Би ажилдаа дуртай, дурлаж хийдэг. Суугаад харахад хэдэн цаг өнгөрчихсөн байдаг. Гэхдээ ихэвчлэн өглөө, үдээс өмнө сууж, ажил амралтаа зохицуулахыг хичээж байна.
    -Уран зохиолын орчуулгаас гадна та Канэманы “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү”, М.Зыгарийн “Путин ба Путинчууд”, Үй Хуагийн “Хятад орныг 10 үгээр”, Трампын “Би хэзээ ч бууж өгдөггүй” зэрэг олон арван ном орчуулсан. Тэгвэл уран зохиолын болон эдгээр номуудын орчуулах нь ямар ялгаатай вэ?
    -Уран зохиол орчуулахад үгээр тоглож, нэг найзын маань хэлснээр халгиа цалгиатай бичих бүрэн боломжтой. Харин баримтат, судалгааны бүтээл дээр хамаагүй хальж боломгүй юм шиг санагдсан. Мэдээж тодорхой хэмжээнд үгээр тоглоно. Баримтат зохиол харьцангуй энгийн өгүүлэмжтэй ч түүнийг нь эвлүүлж буулгахын тулд бодох хэрэгтэй. Орчуулгыг би ерөөсөө бодож эргэцүүлэх үйл явц л гэж ойлгодог.
    -“Амьдралын хүрдэнд зүдэгсэд”-ийг саяхан уншиж дуусгасан. Тэр их үйл явдал, олон нэрний хооронд төөрөлдөөгүйгээр үл барам, их сайхан орчуулгатай болждээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Харин танд миний орчуулга их сайн болж байна даа гэх мэдрэмж ажиллах явцад төрж байсан уу? Түүнийгээ хэрхэн мэддэг вэ?
    -Нэг номоос нөгөөд өсөн дэвжих юмсан, өөрийгөө хөгжүүлэх юмсан л гэж боддог. Тийм болохоор сүүлд гаргаснаа энэ нь арай дээр болоо юу даа гэж санах нь их. Тэгээд хэдэн өдөр, хэдэн сарын дараа нөгөө номоо эргүүлж байгаад “Энийг өөрөөр хэлчихдэг ч байж уу?” гээд голдог. Азаар надад орчуулсан номуудыг маань уншаад зөвлөгөө өгдөг “сайн шүүмжлэгч” бий. Номыг маань уншсан хүмүүс сайхан болжээ гэж хэлэхэд их урамшдаг болохоор уншигчдынхаа итгэлийг алдахгүй байхсан, аль болох шинэ соргог юм хүргэхсэн л гэж боддог доо. 
    -Нэг найз маань надаас “Дарсны орон” романы анх орчуулагдаж гарсных нь дараахан авч уншсан юм. Эргүүлж өгөхдөө “Би одоо бараг хэд хоног махтай хоол идэж чадахгүй байх аа” гэж байсан. Танд ийм бэрхшээл тулгарсан уу?
    -Тэгж байгаагүй ээ. Гэхдээ ном зохиол өөрийн гэсэн энергитэй байдаг юм билээ. Хар бараан энергитэй зохиол байна, эсвэл би тэгж мэдэрсэн үү, бүү мэд. Олон жилийн өмнө би Освенцимээс амьд гарсан польш эмэгтэйн дурсамжийг орчуулсан юм. Тэр дурсамжийг засах гэхээр л ерөөсөө голоор нэг юм зураад, тээглээд явж өгдөггүй, их хүнд ном. Хэвлэгдэхгүй байх аа. Үүнтэй яг эсрэг хүнийг эрчилж тэтгэдэг ном бас байна. Миний хувьд Трампын ном тийм энергитэй санагдсан. “Амьдрал эрээн бараантай юм хойно хаа нэг уйтгарлаж гуниглалгүй яах вэ. Сэтгэл тавгүй бол би гольфын талбай ордог. Үгүй бол өрөөндөө гольфын бөмбөгөө хэд цохино. Гэхдээ л гутрах нь ухамсарт хүний хувьд угаас хэсэг зуурын үзэгдэл шүү дээ. Хэлэхэд амархан ч оюун сэтгэлийн хувьд өөрийгөө эрчлэн зоригжуулах үзлийг өргөн олонд сайтар ухуулах ёстой” гэж бичсэн байдаг. 
    -Орчуулагч Гэрлээ орчуулсан зохиолуудаасаа алинд нь дуртай вэ?
    -Ихэнх номоо дурлаж орчуулсан болохоор бүгдэд нь дуртай. Тэр дундаа Муракамигийн “Алтан нарнаас баруунтаа, хилийн дээснээс урагшхан...”, Мо Яний “Амьдралын хүрдэнд зүдэгсэд”, Үй Хуагийн “Хятад орныг арван үгээр” гуравтаа илүү хайртай.
    -Анх ээж тань Митчеллийн “Салхин туугдагсад” романыг Оросоос авчирч өгсөн тухай нэг ярилцлагадаа дурдсан нь бий. “Уншаад уншаад уйдаагүй” номын тань жагсаалтанд мөн багтдаг юм билээ. Анх ээжээсээ ном авч байсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?
    -Би эмээ өвөө дээрээ өссөн айлын ганц охин. Тэгэхэд би арван зургаатай, эмээ маань өнгөрөөд удаагүй, ээжтэйгээ тэгтлээ дотно байгаагүй болохоор жигтэйхэн ганцаарддаг байсан. Ээж Эрхүү яваад ирэхдээ надад “Салхинд туугдагсад”-ыг авчирч өгсөн юм. Таалагдсан киноныхоо зохиолыг уншсан чинь киноноосоо хамаагүй илүү санагдаад, хэдэн жил бараг цээжилтлээ эргүүлж тойруулж уншсан. Өөр ном тэгж уншиж байснаа санадаггүй. Ихдээ л эргэж нэг сөхдөг.
    -Таныг хүмүүс хувь хүний үүднээс “Орчуулагч Б.Гэрлээ” гэх үгсээр л тодорхойлдог. Өөр тэдэнд мэдэх зүйл байхгүй. Харин таны хувьд энэ хүртэл туулсан зам чинь олон баялаг түүхээр дүүрэн болов уу?
    -Зарим хүмүүсийн нүдээр харахад байж боломгүй алдаа хийж л байсан. Гэхдээ тэр алдаа нүдийг минь тодорхой хэмжээнд нээж, харьцангуй уужуу хүлээцтэй болгосон учраас би өнгөрсөндөө харамсдаггүй. Сургуулиа төгсөөд олон газар ажиллаж байлаа. Орчуулагчийг зарц шиг үздэг, хүн гэж тоохгүй газар ч байна, хүндэлдэг газар ч байна. Тэр болгоныг энд яриад яах вэ. Хүн л юм чинь толгой гэдгэр алхмаар санагдана. Ном орчуулж эхэлсэн маань ч нэг талаар энэ бодолтой минь холбоотой.

    Эцэст нь өгүүлэх нь:
    Хэн нэгэнтэй уулзаж ярилцана гэдэг ажил үүргээс огт өөр зүйл. Ингэж бодохын тулд ярилцахаар товлосон зочинтойгоо уулзах өдөр товлож, ярилцлагын ширээний ард урьсан ч өөртөө ямар нэгэн “ажил үүрэг”-ийн шугамаар түүнтэй уулзаагүй гэж итгүүлэх нь чухал. Тэгээд л би анх түүнтэй уулзахаар зориглохдоо өөртөө хэдийн ингээд итгүүлчихсэн билээ. 
    Хүмүүс “орчуулагч Б.Гэрлээ” гэдэг хоёр үгээр л түүнийг төсөөлдөг. Учир нь тэр олон нийттэй нээлттэй харилцаатай байх дургүй. Энэ нь угаас түүнд анхнаасаа төлөвшиж суусан чанар болов уу. Басхүү хэн нэгэнтэй илэн далангүй нээлттэй ярилцдаг хүн биш. Аливаад нууцлаг байр сууринаас ханддаг зарим хүмүүс зөвхөн ажил мэргэжилдээ дуртай байх нь элбэг. Гэлээ ч хүнийг “хүн л” сатааруулж, зан аашийг нь өөрчилж орхидог шүү дээ. Төрөл дундаасаа ч бид “хүн” гэдэг амьтныг эрэх болсон энэ зуунд дээрх тодорхойлолт ч хариулт өгч чадахгүй. Тиймээс орчуулагчдаа өөрийнх нь талаар хэдэн асуулт тавиад үзье.  

    -Мо Яний “Эргэлт” туужийн хоёр дахь өгүүлбэрт “Энэ цэг дээр миний ой санамж биетэй минь нэгэн цул ертөнц болон нэгддэг” гэсэн байдаг. Таны ой санамжинд үлдсэн тийм нэгэн мартахын аргагүй баг насны дурсамж юу байна вэ?
    -Өвөө, эмээ хоёр маань сэхээтэн улс. Миний өвөө Тимирязевын академийг төгссөн гурван монгол хүний нэг. Сайхан шүдтэй, үргэлж инээсэн, нийтэч хүн байсан. Эмээ маань түүхч “Үйлдвэрчний эвлэл, намын дээд сургууль”-д багшилдаг байсан. Сэтгэлийн хаттай, махруу, зарчимч, тууштай, миний үлгэр дууриал болсон хүн байсан. Гурав дөрвөн настай л байсан болов уу, хуучин танктай хөшөөний хажууд өвөөдөө тэврүүлж, гадаа тоглож яваад телевизийн бичлэгт орсноо ерөөсөө мартдаггүй. Өвөөг нас барсны дараа, олон жилийн дараа тэр хэсэгхэн бичлэг цаг агаарын мэдээгээр гарахад эмээ маань уйлж байсныг нь ч тодхон санадаг. Тэр бичлэгээ олж авах юмсан л гэж боддог.
    -Та МУИС-ийн Хятад хэлний ангийг төгссөн. Ихэнх хүүхдүүд цаашлаад Хятад улс руу өөр мэргэжил эзэмшихээр суралцах юм уу, аль нэг томоохон компанид орчуулагч хийх, хэлтэй бол хөлтэй гэдэг дүрмийн дагуу бизнесийн чиглэлээр ажиллах нь түлхүү байдаг. Харин та яаж яваад уран зохиолтой холбогдчихсон юм бэ?
    -Сургуулиа төгсөөд үргэлжлүүлж сурах боломж байгаагүй л дээ, надад. Төгсөөд л ажилд орсон. Тэр нь ч оносон гэж боддог. Алдаж оносоор өөрийгөө олсон, угаасаа дуу цөөнтэй болохоор аман гэхээсээ илүү бичгийн орчуулга хийх дуртай байлаа. Тэгж явсаар сэтгэлд таарсан ажлаа хийдэг болсон доо. Бизнесийн тухайд бол би ерөөсөө ч бизнес хийх хүн биш. Тийм сэтгэхүй надад байхгүй. 
    -Анх өөрт нь зориулж орчуулсан Мүракамигийн тууж хайртай хүнд чинь таалагдсан уу?
    -Таалагдсан шүү. Хэд хэдэн удаа уншсан байх. Юм уншдаг мэдлэгтэй залуу л даа. Намайг голдог, үнэтэй зөвлөгөө өгдөг дотны маань хүн. Бид хоёрын зам амьдралын эрхээр нийлээгүй ч одоо хүртэл надад зөвлөж, түшиг болж явдаг.
    -Таныг их зожиг талдаа, хүнтэй нийлэхийг нэг их хүсдэггүй хүн гэж байсан. Яагаад тэр вэ? Хүмүүс харилцааны тал дээр дутагдалтай санагддаг хэрэг үү, энэ нийгэм ерөөсөө таниас хэт хөндий мэдрэмж төрүүлдэг хэрэг үү?
    -Айлын ганц болохоор зожиг зантай. Аав, ээжийгээ олон жилийн өмнө алдаад, олон алдаа гаргасан, сөхөрч унасан, тэгээд эргээд босож байна. Тэр болгонд би шантралгүй зүтгэсэндээ одоо сэтгэл хангалуун, өег явдаг. Багадаа, өсвөр насандаа их эв хавгүй хүүхэд байсан болохоор өөрөөсөө их ичдэг байсан нь бас зожиг болоход нөлөөлсөн биз. Ажил маань ч үүнд нөлөөлдөг. Орчуулга бол ганцаараа л хийдэг тийм зүйл шүү дээ.Их сургуульд ороод, сэтгэлд таарсан анги хамт олонтой болж, хамаагүй нээлттэй болсон ч цөөхөн хэдэн л найзтай. Тэр хэд маань зовсон ч жаргасан ч хамт байсан даа. 
    -Одоо та орчуулгын ямар бүтээлүүд дээр ажиллаж байна вэ? Их хурдтай орчуулагч болохоор тань энэ асуултыг заавал асуумаар санагдлаа...
    -Одоо би Мукэржи Сиддхартагийн бичсэн “Хорт хавдрын түүх” гэж ном орчуулж байна. Сиддхарта шинжлэх ухааныг энгийн хэлээр өргөн олонд хүргэсэн, олон хэлнээ орчуулагдсан энэ бүтээлээрээ 2011 онд Пулицерийн шагнал хүртсэн. Түүнээс гадна Монгол-Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан гаргаж байгаа хоёр ч түүвэр дээр Хятадын олон нийтийн радио телевизийн монгол хэлний редакцийн мэргэжилтэн До.Болдхуягтай хамтарч ажиллалаа. Ойрын төлөвлөгөө гэвэл Гао Синзяний түүврийг гаргах бодолтой байна. 

Сэтгэгдлүүд : 2

  • Эрхэс

    Кэнзогийн ярилцлага сайжирч байна.

  • default

    Hi there!

Сэтгэгдэл оруулах

урлан