С.АМАРСАЙХАН: МИНИЙ ҮЕД НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ШИЙДВЭРҮҮД ГАРНА

    Энэ удаа бид хүндэт зочноороо Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг урьж ярилцлаа. Бидний яриа өргөн сэдвийг хамарсан, уншигчдын хариулт хүлээж байсан олон зүйлд хариулт өгсөн гэдэгт итгэж байна. Ингээд Хотын даргын ертөнцөөр аялна уу.

    -Хотын олон даргатай ярилцаж байлаа. Мэдээж тэд янз бүрийн цаг үед ажиллаж байсан. Таных ч гэсэн дуулиан шуугиан дүүрэн, бас л өвөрмөц үе таарч байх шиг байна. Саналыг маань хүлээж авсанд баярлалаа.
    -Намайг зочноороо урьсанд баярлалаа. Тантай бас олон жилийн өмнө ажил амьдралынхаа сонин л цаг үед ярилцаж байсан маань санагдаж байна. Үнэндээ цаг хором бүхэн асар үнэтэй, сул зогсох өчүүхэн ч эрхгүй өдрүүдийг өнгөрүүлж байна гэж хэлж болно. Хурдтай ажиллах тусам ахиад илүү хурд, илүү сайн шийдэл олох дарамтаар завсар өгөхгүй шахаж байдаг ажил юм л даа. 
    -НИТХ буюу нийслэлийн парламентад та олон жил ажиллаж байна. НИТХ-д нэр дэвшинэ гэдэг өөрөө үндсэндээ улс төрд орох шийдвэр гаргалаа гэсэн үг. Харин гараагаа яагаад заавал тэндээс  эхэлсэн юм бол. Аль ч цэгээс эхэлж болно шүү дээ?
    -2012 онд НИТХ-д нэр дэвшиж, төрж өссөн дүүрэг Налайхаасаа  сонгогдсон. Тэр үед МАН цөөнх болсон. Ингээд НИТХ-д сонгогчдоо төлөөлөөд ажилласан даа. Анх яагаад НИТХ-д нэр дэвших болсон бэ гэхээр одоо бидний ярьж байгаа болох болохгүй зүйл, хүндрэл, бэрхшээлүүд мөн л зовоож байсан. Хотын энэ асуудлууд, иргэдийн бухимдал бахь байдгаараа. Залуу хүний хувьд энэ асуудлуудыг цэгцлэхэд оролцох ёстой юм байна. Гаднаас нь халаглаж суух биш, гар бие оролцож ажиллая гэж л зорьсон. Дүүрэг, хот, тосгоныхоо асуудлуудыг шийдвэрлэхэд бид өөрсдөө оролцож байж энэ ужигарсан хэцүү байдлуудыг өөрчилнө. Хоёрдугаарт, НИТХ-д нэр дэвших хүртлээ төрийн алба, хувийн хэвшил гээд аль алинд нь ажиллаж олон жил явсан, тэр хэрээрээ өөрийн гэсэн туршлагыг хуримтлуулсан байсан. Тийм учраас цаашдаа улс орны, хот тосгоны асуудлуудыг шийдвэрлэхэд хараад суудаг биш, болохгүй байна гээд зовлон тоочоод суугаад байдаг биш, би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг байдлаар чимээгүй яваад байдаг биш, асуудлыг шийдэхэд гар, бие оролцоё гэж л анх НИТХ-д нэр дэвшсэн. Иргэдээ төлөөлж ажилласан. Ингэж явсаар НИТХ-ын даргын албанд сонгогдон ажиллаж үзлээ. 2017-2018 онд НИТХ-ын даргын ажлыг жил гаруй хугацаанд хийлээ. Хотын даргаар ажиллах үүрэг хүлээж аваад гурван сар ажиллаж байна. Ямар нөхцөл байдлын дунд ажиллаж байгааг маань Улаанбаатар хотын иргэд бүгд мэдэж байгаа байх.  
    -Ер нь хотын парламентыг удирдах ямар байдаг вэ. НИТХ-ын төлөөлөгчийн ажиллах түвшин бол амьдралын яг энэ хөрсөн дээр л хутгалдаж явах ёстой түвшин. Нөгөө талаас нэгж нэгжээс сонгогдож ирсэн нам, бүлэглэлийн хүмүүс. Тийм олонлогтой ажиллахад сонирхолтой тал нь юу байсан бэ. Мөн залхмаар тал нь юу вэ. Яг одоо бол том сөрөг хүчинтэй үед ажиллаж байна шүү дээ?
    -НИТХ бол хотын хөгжлийн бодлого, шийдлийг гаргаж байдаг бүтэц.  Хот цаашдаа яаж хөгжих ёстой вэ, ямар бодлого, шийдлийг хэрэгжүүлэх ёстой вэ гээд өөрөөр хэлбэл, дүрэм, журам, тогтоол шийдвэр гээд иргэн бүрийн, оршин суугч бүрийн ажил амьдрал, цаг минут, алхаа гишгээтэй холбоотой шийдвэр гаргадаг гэдгээрээ онцлогтой. Тэр хэрээрээ амьдрал, ажлын дадлага туршлага, сэтгэл, зүтгэл, туулсан замнал гээд хүнээс ихээхэн зүйл шаардсан ажил. Нөгөө талаараа иргэдийн эрүүл мэнд, боловсролын асуудал, амь нас, алхаж байгаа газар бүр нь эрсдэлгүй, амар тайван байх ийм боломжийг бүрдүүлэхийн төлөөх бодлого, шийдлийг хамгийн зөв гаргах ёстой байгууллага. Гаргасан бодлого, шийдвэрийг нь Хотын дарга, НЗДТГ бүгдийг нь хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллах ёстой. Мэдээж Хотын даргын хуулиар хүлээсэн үүрэг гэж бий. Нөгөө талаасаа яг ажил амьдрал өрнөж байгаа орчин нөхцөлийг өөрчлөхөд оролцох боломжтойгоороо сонирхолтой гэж болно. Мэдээж энэ бүхний ар талд хариуцлага, ёс суртахуун, хууль ёсны зарчмууд бий.   

    Залуу хүний хувьд энэ асуудлуудыг цэгцлэхэд оролцох ёстой юм байна. Гаднаас нь халаглаж суух биш, гар бие оролцож ажиллая гэж л зорьсон. Дүүрэг, хот, тосгоныхоо асуудлуудыг шийдвэрлэхэд бид өөрсдөө оролцож байж энэ ужигарсан хэцүү байдлуудыг өөрчилнө. 

    -Энэ удаагийн НИТХ нам хүчний төлөөллийн харьцааны түвшин ойролцоо. Тийм учраас том сөрөг хүчинтэй ажиллаж байгааг онцлоод байгаа юм. Үүнийгээ дагаад хурал дотор улс төржилт давамгайлж байна уу гэж харагдах үе олон?
    -Нэг талаасаа цаг үеийн нөхцөл байдал гэдэг юм уу, улс орны эдийн засагтай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах явц гээд олон хүчин зүйл нөлөөлж байгаа учраас улс төржилт нь их юм шиг харагдаж байгаа байх. Нөгөө талаасаа цаг үеийн шаардлага, нийгмийн захиалгаар тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол болохгүй ийм хатуу цаг үе таарсан гэж харах ёстой болов уу. 
    -Иргэдийн хурлаар дамжиж гарч ирсэн түшээдийн  замнал их тодорхой байдаг. Арай өөр төлөвшилтэй хүмүүс гарч ирдэг.  Г.Мөнхбаяр дарга, Д.Амарбаясгалан дарга байна. Та гээд олон хүн нэрлэж болно. 
    -Түрүүний бид хоёрын ярьсан тэр буцалсан халуун амьдрал, анхан шатны бодлогууд дунд, иргэдийн өдөр тутмын асуудлууд дотор олон жил ажиллах нь өөрөө маш том туршлага гэдэгтэй би санал нийлнэ. 
    -Өмнөх НИТХ-ын буюу Э.Бат-Үүл даргын үед төлөөлөгч Д.Амарбаясгалан та хоёр байнга л бүх юмыг эсэргүүцэгчийн байр суурин дээр ажиллаж байсан. Үнэхээр намын гишүүний хувьд, сөрөг хүчний төлөөллийн хувьд улс төрийн тоглолтдоо баригдаж байв уу. Эсвэл үнэхээр таалагдахгүй буруу шийдвэрүүд яваад байсан юм уу?
    -Улс төр гэхээсээ илүү бодит асуудалд илүү үнэлэлт, дүгнэлт хийж ажиллаж байсан. Одоо эргээд харахад ч маш олон зүйл дээр тийм л байдаг. Иргэдийн ажил амьдралтай холбоотой шийдвэр гаргах явцад буруу, алдаатай шийдлүүд орж ирэхэд зайлшгүй байр сууриа илэрхийлэх, эсэргүүцэхээс өөр аргагүй нөхцөл үүснэ. Ийм үед улс төржөөд байгаа юм шиг, зориуд улс төрийн өнцгөөс асуудалд хандаад байгаа юм шиг харагдчих болов уу гэж нэрээ хичээх боломж байдаггүй. 2012 онд намайг анх НИТХ-д сонгогдоод орж ирэхэд манай нам цөөнх, 14 төлөөлөгчтэй байсан. Бас л төвөгтэй санагддаг байлаа. Тэр тусмаа бизнесийн салбараас, аж ахуй эрхэлж байгаад орж ирсэн би жишээ нь, дандаа тооцоо, судалгаа гэдэг ч юм уу, яг гараад алхаад явахад бидний ажил, амьдралд юу нь болж байна, юу нь болохгүй байна. Ингэж хэрэлдэж хэлцэн байж, цаг урсган байж боловсруулсан бичиг баримт, гаргах гэж байгаа шийдвэр, төсөл, хөтөлбөрийнх нь бодитой хэрэгжих өгөөж нь юу вэ гэдэг дээр өөрийн эрхгүй харьцуулалт хийгээд байдаг юм билээ. Бид цөөнх байсан хэдий ч төлөөлөгчдийн ихэнх нь улс төр, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай төлөөлөгчид байлаа. Жишээ нь, манай Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр гэхэд 4-5 удаа НИТХ-д сонгогдсон хүн байж байх жишээтэй. Их олон өнгө аястай, олон салбараас бүрдсэн ийм төлөөлөгчид байсан учраас асуудалд их ажил хэрэгч, судалгаа, тооцоотой ханддаг байсан байдаг юм. 

    Яагаад гэвэл энд би төлөөлөгч байсан ч, НИТХ-ын дарга байсан ч гудамжинд гараад бид нэг л хотын иргэд, нэг л зовлонтой, нэг л хүндрэл бэрхшээлийг туулж байгаа, хөгжил дэвшилд тэмүүлж байгаа хүмүүс. Тийм учраас бид энэ өрөөнд мянган сайхан зүйл яриад, том албан тушаалтан байгаад ч гаргаж байгаа шийдвэр нь буруу, гараад бүх асуудал нь хүндрэлтэй байвал дарга цэрэг хэн ч байсны хэрэг байхгүй.

    -Та байр суурийн зөрөлдөөн дээр хүчин мөхөсдөх, олонхын хүчээр асуудал шийдэгдэхэд төрдөг мэдрэмжийг амссан хүн. Одоогийн цөөнхөө хэр ойлгодог дарга байсан бэ?
    -Гол баримталдаг зарчим бол цөөнхийн оролцоог хангах. Олонх гэж хүч түрж асуудалд туйлшрахгүйгээр, цөөнхөө ардаа хаяхгүйгээр тэнцвэртэй байдлыг хангах нь чухал гэдэг зарчмаар асуудалд ханддаг байсан. Тэр ч утгаараа цөөнхийг ч, олонхоо ч шүүмжилдэг. Зөвийг нь зөв гэдэг, бурууг нь болохгүй гэдэг. Бурууд хатуу, зөвд зөөлөн гэдэг шиг аль аль талд нь нээлттэй байх зарчим баримталж ажилласан гэж боддог. Одоо ч тэр зарчмаа баримтлан ажиллаж байгаа. Яагаад гэвэл улс төрийн аливаа мөчлөг, цөөнх, олонх гэдэг бол бидний ажил, амьдралд ирдэг, явдаг үйл явдал гэж харах ёстой гэж боддог. Тэр үйл явцын дунд, байгаа цаг хугацаандаа бид хамгийн зөв шийдвэрийг л гаргах ёстой. Яагаад гэвэл энд би төлөөлөгч байсан ч, НИТХ-ын дарга байсан ч гудамжинд гараад бид нэг л хотын иргэд, нэг л зовлонтой, нэг л хүндрэл бэрхшээлийг туулж байгаа, хөгжил дэвшилд тэмүүлж байгаа хүмүүс. Тийм учраас бид энэ өрөөнд мянган сайхан зүйл яриад, том албан тушаалтан байгаад ч гаргаж байгаа шийдвэр нь буруу, гараад бүх асуудал нь хүндрэлтэй байвал дарга цэрэг хэн ч байсны хэрэг байхгүй. Өндөр албан тушаалтай, дарга, эсвэл цэрэг  байлаа гээд гудамжинд гарахад зовлон, жаргал бидний хэнийг ч ялгахгүй. Тэгэхээр зовлон, жаргал нэг учраас түүнийхээ ард гарахын тулд асуудалд илүү бодитой хандах ёстой гэж бодож явдаг. 
    -Сая өөрийнхөө удирдаж байсан НИТХ-аас хангалттай хувиар гарч ирж чадсан гэж бодож байна уу. Миний харж байгаагаар хангалтгүй байна. Хоёр жил хамт ажилласан баг байдаг. Заалнаас ардчилсан зарчмаар нэр дэвшсэн өрсөлдөгч байдаг. Нэлээн зовлонтой сонгогдлоо доо гэж харсан. Өөртөө ирсэн энэ удаагийн ялалтаа эргээд дүгнэсэн л байх?
         - Өмнөх жишгүүдтэй харьцуулахад томилгоо, санал хураалт, болж өрнөсөн явцыг авч үзэхэд амаргүй гэж хэлж болох, дээрээс нь өндөр өрсөлдөөнтэй, цаг үе нь бас улс төр улайссан, сонгууль ойртсон үе таарч байгаагаараа өвөрмөц байсан. Цөөнх улс төрөө хийдэг. Дотор нь хувь хүмүүсийн сонирхол, улстөрчдийн өөрсдийн болон хамаарал бүхий бүлэглэлийн эрх ашиг гээд олон юм орж ирж байгаа биз. Хамгийн гол нь манай нам дотор өнгөрсөн хугацаанд олон үйл явц өрнөж, тэр нь шинэчлэлийн процесс болон тэлж, тэр хэмжээгээрээ нийгмийн анхаарлын төвд байлаа. Энэ нь өөрөө талцал хуваагдал, үзэл санааны олон зөрчлийг тээж байна. Улс орны ирээдүйн эрх ашигтай холбоотой том үйл явц учраас энэ бүхнийг араасаа дагуулах нь ч зүйн хэрэг. Зөвхөн хоёр нам хоорондоо улс төрийн бодлого, шийдлээрээ өрсөлдөж байгаа бол өөр асуудал. Нам дотроо нэгдсэн бодлоготой бол тэс өөр асуудал шүү дээ. 
    -Тэр мэдээж...
    -Улс төр, бизнесийн гээд маш олон талаар хоорондоо нөхцөлдөж, ууссан, олон жил энэ хотыг нийлж барьж багласан нам дагнасан бүлэглэлүүдийн эсэргүүцэл дотроос хүнд нөхцөл байдалд сонгогдсон гэдгээ би маш сайн мэдэж байгаа. Тэр тусмаа сөрж зогсох ёстой, өрсөлдөх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байсан. Яагаад гэвэл НИТХ-ын төлөөлөгч хийнэ гэдэг нэг асуудал. Хурлын дарга хийнэ гэдэг нь хурлыг удирдаж, зохион байгуулахаас гадна хотын бодлого, шийдлийг гаргахын тул төлөөлөгчдийн оролцоог хангах, олон ургальч үзэл санааны төвлөрлийг хадгалж ажиллах ёстой учраас энэ тал дээр хичээж ажилласан. Хурлын төлөөлөгчид иргэдээс сонгогдож гарч ирсэн хүмүүс. Тийм учраас сонгогчдодоо өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд хурал, зөвлөгөөндөө заавал ямар нэгэн урилга заллагагүйгээр оролцдог байх ёс зүй, хариуцлагатай байдал зэргээ хангаж ажиллаж байж НИТХ гэх байгууллага бодитой үйл ажиллагаа явуулах боломж нь бүрддэг. Тэр талаасаа асуудлуудыг зохион байгуулах, шийдвэр гаргах нь нэг өөр асуудал. Гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх гэдэг мөн тэс өөр асуудал байдаг. Өнгөрсөн хугацаанд хотын бодлого, ирээдүйн хот төлөвлөлт, хотын байнгын ажил амьдралтай холбоотой Улаанбаатар хотод өрнөсөн алдаатай, оноотой асуудлуудыг зөв гольдрилд нь оруулахын төлөө бид хичээж ажиллаж байгаа. Оноотой гэхээсээ илүү алдаж ирсэн хүндрэлтэй олон асуудал өнөөдрийн Улаанбаатарын зовлон болж байна. Энэ агаар, орчны бохирдол, хотын төлөвлөлт дээр хийсэн алдаанууд, бодлогогүй газар олголтууд, иргэдийн ажил амьдрал, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын орчин гээд яг бодит амьдрал дээр нь ирж туссан сүүдрийг яаж түргэн арилгах вэ. Яаж хамгийн сайн шийдлүүдийг олж, хамгийн зөв гүйцэтгэлтэй ажиллах вэ гэдэг л хамгийн чухал зүйл мөн биз дээ. Тэгвэл тэр оносон гүйцэтгэлийг хийхийн тулд энэ хотын бодлого хэрэгжүүлдэг түвшин, хотын засаглалд агаар оруулах зайлшгүй шаардлага байна гэж харсан. 

    НИТХ-ын даргад өрсөлдөж байхад өмнө нь хотын удирдлагаар ажиллаж байсан хоёр гурван хүн надтай ирж уулзаж, утсаар ярьж, зөвлөгөө өгч л байсан. “Амьдралаа бод, бизнесээ бод, ирээдүйгээ бод. Ийм юм руу орж яах гэсэн юм. Чи нэрээ татчихвал бүх юм болох гээд байна” гэцгээгээд л. Гэвч би тийм натуртай хүн биш.  НИТХ даргад өрсөлдөхөд бас хоёр удаа санал хураалт болж байсан. 
     

    -Ийм богино хугацаанд хүнд шийдвэр гаргаад, ассан гал руу орох нь өөрөө тооцсон л алхам байх. Маш эрсдэлтэй шийдвэр гэдгийг бүгд л харж байна?
    -Тийм. Хувь хүн талаасаа эрсдэлтэй шийдвэр яах аргагүй мөн.
    -Сонгууль тун ойртсон байна. НИТХ-аа удирдаад, илүү зовлонтой ачаа үүрэхгүйгээр сонгуульд орох боломжоороо та дэнчин тавьчихлаа?
    -Та түрүүн цөөнх байхдаа улс төржсөн шинжтэй маргаан их гаргадаг  байсан гэж хэлж байсан. Ер нь аливаа бүтцийн дотор нь ороод, дал мөрөө алгадалцаад, найзан дундаа явах шиг амархан юм байдаггүй шүү дээ. НИТХ-ын даргаа хийгээд, элдэв гал өөр дээрээ дуудахгүй, худлаа инээсэн мөрийн амьтан явах байсан бол надад ийшээ орох ямар ч шаардлага байхгүй. НИТХ-ын даргад өрсөлдөж байхад өмнө нь хотын удирдлагаар ажиллаж байсан хоёр гурван хүн надтай ирж уулзаж, утсаар ярьж, зөвлөгөө өгч л байсан. “Амьдралаа бод, бизнесээ бод, ирээдүйгээ бод. Ийм юм руу орж яах гэсэн юм. Чи нэрээ татчихвал бүх юм болох гээд байна” гэцгээгээд л. Гэвч би тийм натуртай хүн биш. НИТХ даргад өрсөлдөхөд бас хоёр удаа санал хураалт болж байсан. 
    -Сая Хотын дарга болоход бас хоёр удаа санал хураасан. Эхнийх дээр төлөөлөгч С.Мөнхчулуун ялсан гэж ойлгож болох уу?
    -Нэгэнт өнгөрсөн явдлын араас элдэв юм ярих нь тийм ч зохистой зүйл биш. Ер нь бол эхнийх дээр санал зассан шүү дээ.
    -Нэг том үйлчилсэн хүчин зүйл нь намын Удирдах зөвлөлийн байр суурь байсан. Засгийн газрын  тэргүүн ч таныг ил тод дэмжсэн. Ийм хатуу нөхцөл байдлыг сөрөх маш хэцүү. Энэ хэцүүг заалнаас нэр дэвшиж өрсөлдсөн С.Мөнхчулуун үүрлээ. Намын бодлого энэ удаа  таны том түшиц байлаа. Энэ түшгийг бол та авлаа. Хоёр санал хураалт явагдахад таныг маш их шүүмжлэл, хардлага дагасан. Тэгж хардах үндэслэл байгаа. Хуучин тийм технологи явдаг л байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
    -Мөнгөөр аливаа бүх асуудлыг, тэр дундаа албан тушаал, эрх мэдлийг шийдээд сурчихсан, тэрийг зохион байгуулаад яваад ирсэн хүнд бол энэ бүх зүйл амархан байх. Би бол хөдөлмөрийн үнэ цэн, амьдралын үнэ цэн, мөнгөний үнэ цэнийг өөрөөр хардаг. Асгаруулсан хөлс, алдсан алдаа, олсон амжилт бүхэн минь минийх. Өөрөө биеэрээ туулж ирсэн түүх маань учраас, тэндээс олсон туршлага, авсан үзэл санаагаа би хүндэтгэдэг.  Мөнгө бол хүнд тийм амархан олддог зүйл биш. Хөдөлмөрлөхгүйгээр орж ирсэн мөнгийг цацахад амархан байх л даа. Миний хувьд хөдөлмөрлөж олсон тав арван мянган төгрөг ч бай, хэдэн сая төгрөг ч бай буруу жишигт зориулж тараах хямдхан мөнгө биш. Тэр тусмаа хүсч мөрөөдөж, тэмцэж яваа ирээдүйнхээ эсрэг, түүнийг минь нураах гэж яваа бүлэглэлийн  тогтолцоонд ороогдож би залуу насныхаа хөдөлмөрийг цацах хүн биш. Тэр нь ч өнөөдөр олон талаасаа нүдүүлэх онгорхой болж өгдөг байх. Хэрэв мөнгөөр шийддэг байсан бол үүнийг аль хэзээний шийдэх байсан. Хоёр удаа санал хураах ч шаардлага байхгүй биз дээ. 

    Тэр тусмаа хүсч мөрөөдөж, тэмцэж яваа ирээдүйнхээ эсрэг, түүнийг минь нураах гэж яваа бүлэглэлийн  тогтолцоонд ороогдож би залуу насныхаа хөдөлмөрийг цацах хүн биш. 

    -Мэдээж танд өгсөн хамгийн ойлгомжтой даалгавар бол ажил хийх. Намын буюу улс төрийн бодлогын шинжтэй гол даалгавар юу байсан бэ. “Хотын бүлэг” гэж бидний олон жил ярьсан барих барьцгүй бүтцийг тараах уу. Хэрэв тийм бол хүн солих мэтийн ийм механик ажиллагаа явуулаад хийж чадна гэж та бодож байна уу?
    -Ер нь намын улс төрийн шийдвэр гарсан. Дээрээс нь надад итгэл, хариуцлага хүлээлгэсэн. Тэрний цаана юу явагдах юм, далд юу үүрч байгаа юм гэхээсээ илүү нийгэмд хүлээлт болсон авлига, хээл хахууль, тогтсон буруу жишиг, аалзны тор шиг хэрсэн ужиг тогтолцоог өөрчлөх захиалга байсан гэж харж болно. Би ч өөрөө тэрний төлөө хатуу зогссон гэдгээ түрүүн хэлсэн. Үүнийг өөрчлөх ёстой, хотын хөгжилд тээг садаа болж байгаа буруу жишиг тогтолцоог эвдэх ёстой. Гэхдээ энэ ажил амаргүй. Одоо ч гэсэн маш амаргүй байгаа. Ур чадвар, хариуцлага, мэргэжлийн бүтэц зохион байгуулалт, эр зоригоор эмхэлж цэгцлэх гэж зүтгэж байгаа ч аалзны тор шиг хэрсэн бохир сүлжээ тасарч өгөхгүй л байна. 
    -Хуучин дөрвөн орлогчтой байсныг хоёр болгосон. Зарим талаар хуучин орлогч нараас том цар хүрээ хамарсан төслийн удирдагч нарыг шинээр томилсон байна билээ. Богино хугацаанд илүү үр бүтээлтэй ажиллаж чадна гэж тооцсон бүтэц байх. Ж.Батбаясгалан, Анхмаа гэдэг хоёр орлогч даргыг үлдээсэн нь анхаарал татаж байна. Энэ хоёр даргыг ямар үнэ цэнээр үлдээсэн юм бэ. Тохиролцоо юу, эсвэл үнэхээр сайн ажилладаг дарга нар уу?
    -Хоёр орлогчийн хувьд тодорхой хугацаанд ажлаа хийчихсэн, ажлаа мэддэг хүмүүс учраас үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Харин дөрвөн төслийн удирдагчийн хувьд бол салбар салбараа хариуцан ажиллаж чадах хүмүүс гэж үзсэн. Нийслэл бол нэг компани, аж ахуйн нэгж биш, нэг өрхийн асуудал биш. Нэгдүгээрт, НИТХ-тайгаа бодлого шийдвэрээ нэгтгээд явчих, хоёрдугаарт, өөр өөрийн гэсэн ажил амьдралын дадлага туршлагатай, салбар салбараа аваад явчих боломжтой, туршлагатай залуус учраас төсөл хөтөлбөрийг хариуцсан чиглэл чиглэлээр нь шинээр томилсон. Агаарын бохирдлыг бууруулах, зам дэд бүтэц, хот байгуулалт, үйлдвэрлэл, инновац гээд шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахаас өөр аргагүй байна. Ийм тодорхой бүтцээр явахгүй бол нэг хүнд өмнө нь дөрөв таван салбарыг хариуцуулаад өгчихдөг. Нөгөөх нь хүрч ажиллаж чаддаггүй. Дунд нь гүйсээр байгаад аль ч ажил нь гүйцэтгэлгүй үлддэг. Ийм учраас ажлыг нь оновчтой хариуцуулаад, цаг хугацаатай үүрэг даалгаврыг нь өгөөд, хариуцлага тооцох тогтолцоо нь ил тод хэлбэрээр ажлыг явуулахгүй бол болохгүй. Нөгөө талаар энэ хүмүүс энэ ажлыг хийх бүрэн боломжтой, сэтгэл зүтгэлтэй залуус учраас хариуцлага хүлээлгэж байгаа юм. 
    -Намуудын хамгийн том ахуйн зовлон нь боловсон хүчнээ, гишүүдээ ажил төрөлтэй авч явах асуудал байдаг юм шиг харагддаг . Хамгийн том гомдол хүний нөөцөөс нь, тэр хэсгээс нь л ирж байдаг. Тэд нь дарга нараа гороолж, ээрч байдаг. Та багийн сонголтуудаа гоё  тодорхойлолтоор аваад гарч байгаа ч үнэн хэрэгтээ зүгээр л дарга нарын өгсөн, “энэ хүмүүст ажил олго гэсэн” шахаас байсан юм биш биз дээ. Хэрвээ тийм бол та энэ богино хугацаанд мөрөөдөж байгаа шигээ шижигнэтэл ажиллах хэцүү шүү дээ. Та өөрийн болзлоо сөргүүлэн тавьж чадсан уу?
    -Ер нь бол нэлээн өндөр шалгууртайгаар томилсон гэж бодож байгаа. Олон хүнийг өрсөлдүүлсэн. Нэг орлогчид хоёр гурван хүн өрсөлдөж байж шийдэгдсэн. Төслийн удирдагч, орлогчийн статустай ажиллах учраас. Яагаад гэвэл миний өөрийн ажил дүгнэгдэх учраас. Дээрээс нь чадвартай, сэтгэлтэй, эрч хүчтэй, залуу баг байх ёстой гэж үзсэн учраас. 
    -Хамт эргэж чадах дугуй байх ёстой учраас...
    -Тийм. Бүх зүйл дээр ойлголцож, хүчээ нэгтгэж, богино цаг хугацаанд хурдтай үр дүнтэй ажиллах шаардлага тулгарсан тохиолдолд өөрөөр байх боломжгүй. 
     -Залуу үедээ ажил хийх, эрч хүчээ, эрдэм чадвараа улс орондоо зориулах бололцоог нээж өгөх нь чухал байна. Энэ үүднээс таны сонголтуудыг дэмжиж байна. Харин яг өөрөө сонгож чадсан гэдэгт жаахан эргэлзээд л ийм асуулт тавьж байгаа юм?
    -Мэдээж намын бодлого, улс төрийн шийдвэр гэж бий. Гэхдээ өөрөө сонгосон гэж хэлж болно. Одоо бид бодлого шийдвэр, ойлголцлоо нэгтгэж байж ажиллах шаардлага тулгарч байна. Би хамтран зүтгэж буй нөхдөдөө өөрсдөд нь ч хэлсэн. Миний тавьж байгаа зарчим бол ажил хийх чадвартай хэн ч байж болно. Ямар ч хүнийг ажилд томилох санал ирж болно. Гэхдээ хариуцсан ажлаа бүрэн дүүрэн гүйцэтгэх хэмжээний чадвартай, дээрээс нь сэтгэлтэй, зүтгэлтэй хүн байх ёстой. Сэтгэлтэй, өөрийнхөө ажилд дуртай, бусдын төлөө явах итгэл үнэмшилтэй хүмүүс төрийн ажлыг тэр дундаа хотын ажлыг хийнэ. 
    -Бас намын захиас болгоныг шингээдэг газар хот биш шүү дээ.  
    -Ний нуугүй ярихад өнгөрсөн хугацаанд ний нуугүй ярихад тийм байдал нүүрлэж ирсэн. Тийм ч учраас би халаа сэлгээг элдвээр хэлүүлэх, хэвлэлээр балбуулах мэтээс хулчийхгүй хийж байгаа. Бүтэц зохион байгуулалтуудыг өөрчилж байгаа. 
    -Нөгөө талаар ажил албанаас өөрчлөгдөж байгаа хүмүүс мөн л танай намын хүмүүс. Дайсан цуглуулж, гал дуудаж байгаа нэг том ажил бол халаа сэлгээ. Бүгд намын тань гишүүн байдаг. Тэгэхээр эргэж ирэх цохилт маш их. 
    -Хувь хүн талаасаа амаргүй шийдвэрүүд нэг бус гаргаж байна. Хүнд гэж үзэж болох шийдвэрийг ч зарим тохиолдолд гаргаж байгаа. Гэхдээ миний үед нийтийн эрх ашиг, хотын том зорилго, зорилтын төлөө шийдвэрүүд гарна. Энэ шаардлагуудыг хотын иргэд өөрсдөө харж мэдэрч байгаа. Ингэж байж маш бат бөхөөр тогтсон буруу тогтолцоог өөрчилнө гэдгийг ч мэдэж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн жил гаруйн хугацаанд босч ирсэн, үргэлжилсэн улс төрийн хямралууд байна шүү дээ. Нэг хэсэг нь шударга ёсны хувьсгал гээд байгаа. Нөгөө хэсэг нь нийгмийн захиалга гэж үзэж байгаа. Зарим нь улс төр, бизнесийн бүлэглэл ужигарсан сүлжээг задлах ажиллагаа ч гэж харж байгаа. Энэ бүхнийг тэгээд яах ёстой юм. Хийх ёстой, цэгцлэх шаардлагатай ажил мөн үү гэвэл мөн. Хэн нэгэн хийх л ёстой. Бүр хугацаа алдахгүйгээр. Цаашид удаан хугацаанд үргэлжлүүлж унжруулж, сунжруулж болохгүй, ийм л нийгмийн захиалга байна гэж харж байгаа.

     

    Хөрөнгийн бирж, Монгол цахилгаан холбоо хоёрын дундах хоёрхон урсгалтай, машин зөрөх үү үгүй юу гэмээр зам байдаг даа. Тэр замыг хүртэл хувийн компанид олгочихсон байна гээд бод. 

    -Нөгөө талаас танай намын 2016 онд барьж орж ирсэн мөрийн хөтөлбөр гэж байгаа. Та бүхний Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд, УИХ-д барьж орсон мөрийн хөтөлбөр. Тэр мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар түвшинд байна вэ. УИХ-ын гишүүд гэхэд л дандаа гуйлга, шахаас, миний тойрогт ингээч, тэгээч гэсэн нэг төрлийн дарамтын давхарга ажиллаж байдаг. Та энэ харилцаан дундуур яаж биеэ авч явж байна вэ?
    -Хүн амын дийлэнх оршин суугаа хотын ажил гэдэг бол нэгдүгээрт, Засгийн газрын бодлого шийдлийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй оролцох, энэ хүрээнд УИХ, Засгийн газартайгаа хамтарч, ойлголцож, бодлого, шийдлээ нэгтгэхгүйгээр явах ажил биш. Тиймээс УИХ, Засгийн газрын гишүүдтэйгээ аль болох мэдээллээ ойр ойрхон солилцож, зовлон жаргалаа хуваалцаж, бодлого шийдлээ нэгтгэхийг хичээж байгаа. Энэ бол хотын даргын хүссэн, хүсээгүй хүлээсэн үүргийн нэг. Хоёрдугаарт, намын мөрийн хөтөлбөр бий. Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр бий. Энэ мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангахад саяны УИХ, Засгийн газрын шийдвэр дэмжлэг, зарим нэг гарц гаргалгааг хамтарч гаргах асуудал зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа ч бид мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх тал дээр бүх анхаарлаа тавьж ажиллаж байгаа. Олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд явж буйн дотор болж байгаа нь ч байна, болохгүй байгаа нь ч байна, төсөв хөрөнгө, хууль эрхзүйн орчноос шалтгаалсан асуудлууд ч байна. Бүх талын нөөц боломжоо дайчилж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Дээрээс нь өнөөгийн улс төрийн, цаг үеийн, эдийн засгийн, боловсон хүчний гээд олон хүндрэлтэй бэрхшээлтэй асуудал байгаа. Шууд дайраад хийхэд хэцүү асуудлууд олон байгаа ч гүйцэтгэл талаасаа харахад багагүй ажлыг хийж амжуулах боломжтой гэж харж байна.
    -Та нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээж авснаас хойшхи 100 хоногийн ажлаа дүгнэсэн байна билээ. Хэр их зүйлийг амжуулж чадсан байна?
    -Хотын ажил бол оршин суугчдынхаа ажил амьдрал дунд орж ажиллахыг шаарддаг, цэвэр аж ахуйн ажил. ХОТ буюу Хүн Орчин Төлөвлөлт гэсэн агуулгынхаа хүрээнд ажлаа төлөвлөсөн. Нийслэлийн ажил амьдралтай холбоотой ужигарсан олон асуудал бий. Тэр бүхнийг бүгдийг нь 100 хоногт амжуулан засаж сайжруулна гэдэг боломжгүй. Асуудал, бэрхшээлийг засахын тулд энгийн хэрнээ чухал зүйлээс эхлэх ёстой. Хүн бүр шат шатандаа хариуцсан ажилдаа эзэн болж, хариуцлагатай, сэтгэлтэй ажиллах нь чухал байна. Хотын хөгжлийн тухай асуудлыг алсын хараатай, өргөн хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Хамгийн гол нь хүний хөгжлийн асуудлуудаа нэн тэргүүнд анхаарч ажиллахгүйгээр хотын хөгжлийг ярих, асуудлыг шийдвэрлэх, төлөвлөх боломжгүй учраас Хүн төвтэй хот гэсэн бодлогоос ажлаа эхлүүлсэн. Хотын хөгжил бол хүний хөгжлөөр илэрхийлэгдэх учиртай. Тиймээс хүнийхээ төлөө үйлчилдэг, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг нэвтрүүлж, хүн ардынхаа эрүүл аюулгүй, ээлтэй орчинд ажиллаж амьдрах, хүүхэд, залуусынхаа сурч, хөгжих боломжийг бүрдүүлсэн, нийгэм, хотын хөгжилд иргэд, оршин суугчдынхаа оролцоог хангасан, олон нийтийн идэвхи санаачилгыг нэмэгдүүлсэн ХҮН ТӨВТЭЙ БОДЛОГЫГ хэрэгжүүлж  эхлээд байна.  Аливаа ажлыг хийж хэрэгжүүлэхэд юуны түрүүнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, хотын удирдлагууд бид өдөр тутмынхаа ажлын хариуцлагыг дээшлүүлэх ёстой юм байна. Үүнийг юунаас эхлэх вэ гэвэл, төрийн албыг хариуцлагатай, ёс зүйтэй, ил тод нээлттэй болгох асуудлуудыг горимонд нь оруулах. Жишээ нь, олон жил яригдаж ирсэн тендер буюу худалдан авах ажиллагаатай холбоотой хардалт сэрдлэгүүд байна. Авлигал, хээл хахуулийн асуудал байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагддаг бүхий л худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй болгох ажлыг эхлүүлсэн. Бид нар айхтар том зорилго зорилт гэж шинэ юм гаргаж ирэхээс илүүтэй хотын иргэд, оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангая, агаар, хөрс, орчны бохирдлоос салах ажлыг хийе, нийтийн тээвэр, зам, дэд бүтцийнхээ ажлыг шийдвэрлэхийг урьтал болгож байгаа. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд ямар бодлого шийдвэр байх ёстой, ямар зохион байгуулалттай ажиллах ёстой юм, үр дүнтэй ажиллахын тулд хэн юу хийх ёстой юм гэдэг асуудал дээр голлон төвлөрч байна. Үндсэндээ иймэрхүү хурдтай ажиллахад хотын өдөр тутмын амьдралд ямар ямар шинэчлэл хийх юм. Богино хугацаанд юуг нь хийх юм, дунд хугацаанд юу хийх юм гэдэг зорилго төлөвлөгөөгөө гаргаад ажиллаж байна.
    -Та хот гэдэг үгийг сонирхолтой томъёолсон байна лээ. Х буюу Хүн төвтэй хот. О буюу орчин төвтэй шийдэл. Т буюу Төлөвлөлт төвтэй хөгжил гэж. Хотын хөгжлийн бодлогыг байнга л иргэд голж байдаг. 
    - Ер нь хот гэдэг өөрөө хүмүүсийн нэгдэл. Хот гэдэг ойлголтын агуулга бол ерөөсөө л хүн, орчин, төлөвлөлт гэсэн энэ томъёололд байгаа юм. Бид хэт их ахуйн талаас нь гэдэг талаас юм уу, эдийн засаг талаас нь, барилга байгууламж талаас нь асуудалд хандаад, хүнээ орхичихсон. Хүний орчны аюулгүй байдал гээд явган хүний зам, орчин, алхах гишгэх, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ стандарт гээд хүн рүү чиглэсэн бодлогоо орхигдуулсан юм байна. Тэгэхээр одоо өдөр тутам хүн рүү чиглэсэн бодлого дээрээ анхаарч ажиллая. Хүн төвтэй бодлогоо хэрэгжүүлье. Хотын асуудал гэдэг бол зөвхөн хотын захиргааны асуудал биш, аль нэг албан тушаалтны асуудал биш. Хот өөрөө аливаа улс орны, ялангуяа Монгол Улсын хувьд, нийслэл Улаанбаатар хот гэдэг бол улс орны хөгжлийн толь, хөгжлийн хэмжүүр нь, хэм хэмжээ нь юм. Тэгэхээр энэ бүхэн стандарттай байх ёстой. Хүн рүүгээ чиглэсэн өдөр тутмын ажлын бодлого нь өөрөө тодорхой, ойлгомжтой байх ёстой. Дээрээс нь орчныхоо асуудлыг шийдвэрлэх ёстой. Орчныхоо асуудлыг шийдвэрлэхгүйгээр бид бас л төлөвлөлтгүй, тооцоогүй асуудал ярьж явсаар байгаад нэг мэдэхэд өөрсдөө чөлөөтэй алхах гишгэх аюулгүй зам талбайгүй, өвөлдөө утаа, зундаа шороо тоос, үмхий үнэр гээд эрүүл агаар амьсгалах боломжгүй хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ. Дээрээс нь төсвийн хөрөнгийг илүү үр бүтээлтэй зарцуулахын тулд төлөвлөлттэй ажиллая. Улс төрийн сонгуулийн мөчлөг дагаад дөрөв дөрвөн жилээр төлөвлөгөөгүй, төлөвлөгөө байсан ч тэр нь бодлогын залгамж чанаргүй явцгаадаг. Хотын асуудлыг зөвхөн сонгуулийн хүрээнд ярьдаг, нэг бол мөрийн хөтөлбөрийн хүрээнд хардаг, эргээд тэрийгээ орхигдуулчихдаг, хаячихдаг болжээ. Ийм учраас энэ хот төлөвлөлтгүй, бодлогогүй, эмх замбараагүй явж ирсний хор уршгийг одоо бид нүдээр үзэж, биеэр туулж  байна. Тиймээс одоо энэхүү хүн, орчин, төлөвлөлт гэсэн агуулгуудын хүрээнд асуудлаа төлөвлөж шийдээд явах ёстой. 
    -МАН зах зээлийн нийгмийнхээ мөн чанарын эсрэг явж эхэлсэн. Уурхайг очиж хаадаг, хөрөнгө оруулагчдыг хөөдөг. Хураана, нураана л гэдэг болсон гэж нийгмийн зарим хэсэг хүчтэй шүүмжилж байна.  Хөрөнгө оруулагчдыг дууддаг улс орон хөгждөг болохоос хөрөнгө оруулалтын орчноо самардаг улс хөгждөггүй. 
    -Шүүмжлэл зүй ёсных байх ёстой. Тэгж байж тусгал нь зөв “бай”-гаа олж, тэр нь өөрчлөгдөж хөгжиж, сайжирч явдаг. Зүгээр шүүмжлэхийн тулд л шүүмжлэх нь, мушгин гуйвуулах нь өөрөө зохисгүй үйлдэл гэдгийг та бас сайн мэднэ. 

    -Та хувийн хэвшлийн эзэмшиж байсан газруудыг эхнээс нь чөлөөлж байгаа. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тухай асуудлыг хүмүүс их маш их гайхаж, зарим талаар цочирдож хүлээж авах шиг боллоо. Анх тэр хэсгийн доод талыг авто зогсоол хийх  мэтээр дэд бүтэцжүүлэх, дээд талд нь орчин цагийн шийдэл бүхий байгууламж хийх тендер зарлагдаад нэг компани авсан байх нь. Гэвч уг компани нь газрыг банкинд барьцаалж зээл аваад, ажлаа хийхгүй алга болжээ гэж ойлгосон.  
    -Үнэхээр хувийн хэвшлийг яаж ч ойлгох гэж хичээгээд зөвтгөж болохгүй, хотын иргэд гэлтгүй монголчууд бүгд цочирдмоор явдал шүү дээ. 
    -Араас нь “Улаанбаатар” зочид буудал, УДЭТ-ын өмнөх нийтийн эзэмшлийн талбай, эдгээрийг тойрсон газруудыг бүгдийг нь л авчихсан байсан болоод явчихлаа. Гутлын 22-ын арын цэцэрлэг ч өртсөн л гэнэ. Иргэд энэ талаар мэдмээр байна. Яг юу болчихсон байсан юм. Нэг талаасаа хувийн хэвшил юм хийх гээд, зээл аваад ядаж явахад нь гарч ирээд л цуцалдаг, хурааж авдаг хотын дарга харагдаад байдаг. Нөгөө талаас баахан хууль бус газар олголт, тэрийг тойрсон ойлгомжгүй асуудлууд үүсчихсэн байдаг. Энэ талаар та нэг сайн ойлголт өгөөч ?
    -Энэ бол үнэхээр амаргүй асуудал. Нэлээд сайн ярьж тайлбарлах ёстой. Яг бизнес эрхлэгчдийн хувьд ойлгомжгүй харагдаж байгаа зүйл гарч байгаа байх. Бид бизнес эрхлэгчдийг, баялаг бүтээгчдийг, аж ахуй эрхлэгчдийг дэмжих ёстой. Угаасаа улс орны хөгжлийн гол хөдөлгөх хүч нь бизнес эрхлэгчид. Үүнийг хэн ч үгүйсгээгүй. Бизнес эрхлэгчдээ дэмжээд явъя гэхээр яалт ч үгүй ийм хачин юмнууд гарч ирээд байх юм. Төв талбайн урд талын хэсэг байна, саяны ярьдаг цэцэрлэгт хүрээлэнгүүд байна. Би нэг л зүйлийг хэлье. Бизнес хийж болно. Хөрөнгө оруулалт хийж, ашиг олох гэж аж ахуйн нэгжүүд ажилладаг. Гэхдээ зөв төсөлд хөрөнгө оруулаач. Хууль ёсны дагуух бизнест хөрөнгөө оруулаач. Хүлээн зөвшөөрөөд явчихаж болохгүй асуудлууд яалт ч үгүй байгаа юм. Төв талбайгаас гадна ямар гээч хачирхалтай юмнууд байна гээч. Хөрөнгийн бирж, Монгол цахилгаан холбоо хоёрын дундах хоёрхон урсгалтай, машин зөрөх үү үгүй юу гэмээр зам байдаг даа. Тэр замыг хүртэл хувийн компанид олгочихсон байна гээд бод. Газар авч болно, барилга байгууламж барьж болно. Зам дээр барьж болохгүй биз дээ. (инээв) Газар авч болно, бүтээн байгуулалт хийж болно. Гэхдээ ийм хүний ой тоонд багтамгүй, буухааргүй зүйл байж болохгүй. 
    -Тэр хэсэгхэн замыг хүртэл хувийн компанид өгчихсөн байдаг. Хэзээ шийдвэр нь гарсан байх юм?
    -Тэр замын тухайд 2017 онд гарсан шийдвэр байсан байх аа. Сүхбаатарын талбайн урд хэсэг бол 2006 онд олгогдсон байна билээ. Хэцүү байна. Өөр юм хиймээр байна. Гэтэл ийм хачин юмнуудтай ноцолдоод явж байдаг. Хотын төвийн эргэн тойронд байгаа бүхий л нийтийн эзэмшлийн цэцэрлэгт гудамж, хүмүүс алхдаг, амардаг, суудаг бүх газрыг ингээд авцгаачихсан байх жишээтэй. Бүгдийг нь олгочихсон, зарим нь банкны барьцаанд тавигдчихсан. 
    -Тэгэхээр Худалдаа хөгжлийн банк л бүгдийг нь аваад,  цуглуулаад байсан болж байна уу. Өөр хүмүүс аваад Худалдаа хөгжлийн банкинд зээлийн барьцаанд тавьчихсан байсан юм уу ?
    -Сүхбаатарын талбайн өмнөх газрыг анх “UВ construction” гэдэг компани аваад, Улаанбаатар хотын банкинд 10 сая ам.долларын барьцаанд тавьчихсан байсан. 
    -Тэр компани нь хааччихсан юм. Тендерийнхээ ажлыг гүйцэтгэх хүчин чадалгүй юм у?
    -Тэр компани байгаа байлгүй дээ. Юу ч хийгээгүй, ямар ч зураг төсөл байхгүй. Ямар ч бичиг баримт бүрдүүлэлт гэдэг юм уу, боловсруулсан төсөл гэх зүйл байхгүй. Газрыг нь зүгээр л авчихсан. Барилга байшин барина, эхлээд тохижуулна гээд авчихсан явж байх хугацаандаа төслөө хэрэгжүүлээгүй, сүүлдээ машины зогсоол болгоод л. Машины зогсоолынх нь гэрээ гэхэд инээдэмтэй. Хэрвээ ашиг олбол Улаанбаатар хотод мөнгө өгнө, олохгүй бол мөнгө өгөхгүй гэдэг гэрээтэй зогсоол ажиллаж байсан. Ийм л асуудал байхгүй юу. Тэгэхээр бүхэл бүтэн Улаанбаатар хот талбай гаргаж өгчихөөд тэгээд төслөө хэрэгжүүлэхгүй болохоор нөгөө компани нь машины зогсоол хийчихдэг. Гэхдээ аж ахуйн нэгжүүдээ ад үзэж, бүгдийг байхгүй болгоно, юм хийж болохгүй гэсэн үг биш шүү. Ийм жишиггүй хачин юм байж болохгүй учраас л зогсоож байна. Ямар ч хөрөнгө оруулалт хийж, асуудал шийдсэн юм байхгүй. 
    -10 сая доллараа тавиад туучихсан банк яах уу?
    -Тэр компани нь одоо шүүхэд хандсан л байгаа. 
    -Тэр банк нь уу. Манай барьцаанд байсан, бидний авах ёстой байсан өмчийг энэ нөхөр цуцаллаа гээд үү?
    -Банкны барьцаанд тавьсан байсан “UB констракшн” гэдэг компани нь шүүхэд хандсан. Манайх эзэмшилдээ аваад банкны барьцаанд тавьсан байсан газрыг Улаанбаатар хот цуцалчихлаа. Үүнийг сэргээж өгөөч гээд шүүхэд хандчихсан байна. 
    -Хошин гэхэд багадмаар хошин зүйл болж байгаа юм байна. 
    -Арай л байж болохгүй зүйлүүд л дээ. Инээх ч хэцүү зүйл. Энэ хэдэн цэцэрлэгт хүрээлэнгүүд 3-4 Засаг даргыг дамжаад л олгогдоод, нөгөөдүүл нь сунгаад явчихсан. Тэгээд сүүлд нь банкны барьцаанд тавиад л...

    Тэр замын тухайд 2017 онд гарсан шийдвэр байсан байх аа. Сүхбаатарын талбайн урд хэсэг бол 2006 онд олгогдсон байна билээ. Хэцүү байна. Өөр юм хиймээр байна. Гэтэл ийм хачин юмнуудтай ноцолдоод явж байдаг. Хотын төвийн эргэн тойронд байгаа бүхий л нийтийн эзэмшлийн цэцэрлэгт гудамж, хүмүүс алхдаг, амардаг, суудаг бүх газрыг ингээд авцгаачихсан байх жишээтэй. Бүгдийг нь олгочихсон, зарим нь банкны барьцаанд тавигдчихсан. 
     

    -Гутлын 22-ын арын цэцэрлэгийг бас хүн авчихсан байна уу. Доод талд нь машины зогсоол, дээд талд нь хөшөө дурсгал бүхий гоё цэцэрлэгт гудамж хийнэ гэсэн төсөл л байх уу. Эсвэл барилга барих гэж байх юм уу?
    -Энэ хорьхон метр хүрэхгүй өргөнтэй газрын доор ямар юмных нь автомашины зогсоол хийх вэ дээ. Жишээ нь, түрүүн ярьдаг тэр зам байна. Бид энэ замыг өгөөд байшин бариулчих юм бол энд ордог, гардаг гарц байхгүй болно. Ямар ч төлөвлөлт байхгүй, ийм төсөл нэртэй юмнуудыг зогсоохоос өөр яах юм бэ. 
    -Хотын захиргаа тойрсон төлөвлөлт гэхэд л ямар ч учир утга алга?
    -Хотын захиргааг тойрсон төлөвлөлт үнэхээр хэцүү болчихсон. Жишээ нь, би сая 120-ын 2-3 газрын эрхийг хүчингүй болгосон. 5-6 байрны дунд 54 газар олгосон нь дандаа олон нийтийн эзэмшлийн талбай. Тэр орчимд хүүхдийн хөлбөмбөгийн талбайг гэхэд л гурав хуваагаад олгочихсон байна. 
     -Хамгийн ногоон биш хот, хамгийн их утаатай, шороотой, хогтой гээд л бид нүдээд байдаг. Гэтэл байгаа ганц нэг жижигхэн талбайг хүртэл байхгүй болгох шийдвэрүүд гаргаад явцгаачихсан байдаг? 
    -Гутлын 22-ын арын тэр жижигхэн модтой цэцэрлэгийг байхгүй болгоод, ямар машины зогсоол хийх юм. Тэрний доогуур ямар авто зогсоол хийх юм. Ямар ч боломжгүй газар шүү дээ. Дандаа магистрал шугамууд явж байгаа, хотын дулаан, цахилгааны шугамуудын газрыг тэр чигээр нь олгочихсон. Энэ газруудаас өөр олон газар байна. Их сургуулийн оюутны талбай, Драмын театрын арын талбай, Сүхбаатарын талбай, Улаанбаатар зочид буудлын урд талын талбай, Асашёрюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Ю.Цэдэнбал гуайн хөшөөтэй талбай гээд бүгд олгогдчихсон. 
    -Таныг хотын иргэд олон нийт дэмжиж байна шүү дээ. Одоо зогсож болохгүй биз дээ. Та тэгж чадах уу?  
    -Цуцлаад Улаанбаатар хотын тусгай хэрэгцээнд авч байгаа. Өөр олон цэцэрлэгт хүрээлэнгүүд байна. Цаашаа олон нийтийн талбай, цэцэрлэгт талбайнуудыг бүгдийг нь бүртгэж, тодорхой болгоно.  
    -Авч байгаа, өгч байгаа хүмүүсийн сэтгэл нь өвддөггүй юм байх даа. Үнэхээр гайхмаар?
    -Авдаг нь бизнесээ бодоод авчихдаг юм байж. Өгч байгаа албан тушаалтнууд нь юу хийж байгаагаа боддоггүй байсан гэж үү. Анхнаасаа өгөөгүй бол энэ аж ахуйн нэгжүүд, иргэд ингэж цагаа үрэхгүй, мөнгөө үрэхгүй байсан. Нэг нь цуцална, нэг нь цуцлуулчихлаа гэх ийм хөгийн асуудлууд гарахгүй байх байлаа. Хотын даргаар ажиллаж байгаа би ч гэсэн ийм юмтай ноцолдохгүй, өөр үр бүтээлтэй ажил хийгээд явж байх байсан.  
    -Залуу, яралзсан хурдтай дарга нар айдасгүй зоригтой ажилладаг. Жишээ нь, С.Баярцогт гэхэд л төв талбайн хоймрын бунхан, шарилуудыг нүүлгэж чадсан. Тэрэн шиг Сүхбаатарын талбайгаа өөр газар байгуулж, энэ хоёрынхоо утга учиргүй эсрэгцсэн төлөвлөлтийг нэг мөсөн шийдэж болдоггүй юм уу. Танд тийм мөрөөдөл бий юу? 
    -Ер нь бол түүх дурсгалын газруудаа, дээрээс нь олон нийтийн талбайнуудын нэршил, хамгаалалт, ялгаа заагийг нь маш сайн гаргаж өгөх ёстой. Энэ тал дээр хийгдэх ёстой олон ажил бий.  
    -Ингэхэд Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын шинэ зам, Яармагийн шинэ гарц, гэр хорооллын дахин төлөвлөлт, түрээсийн орон сууц гээд том хөтөлбөрүүд маань урагшилж чадах нь уу? 
    -Том төсөл, хөтөлбөрүүдээ явуулна. Жишээ нь, Налайхын замыг аравдугаар сарын 30-ны дотор ашиглалтад оруулна. Замын цагдаагийн гүүрэн байгууламж есдүгээр сарын 30 гэхэд ашиглалтад орно. Яармагийн гүүр ашиглалтад ороод явж байгаа. Одоо Баянхошуу, Сэлбийн том магистрал дэд бүтцүүд нь татагдаад дуусч байна. Орлогод нийцсэн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг ирэх жилээс эрчимжүүлнэ. 2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Энэ эхлэх ёстой ажил байсан. Гэхдээ буруу эхэлсэн. Олон газар, олон байршил дээр хүч, хөрөнгө тарамдсан асуудал байгаа. Тэгээд гүйцэтгэгч компаниуд нь ямар ч шалгуургүйгээр орчихсон сүүлдээ ажлаа хийж чадахгүй унагасан. 
    -Бид үнэндээ компаниудаа бойжуулж чадсангүй өдий хүрчихэж. Жаахан босоод гараад ирэхээр нь эргэж “алдаг”. Татвараар дарамтална. Шударга бус өрсөлдөөнөөр авлана. Гэх мэт буруу орчноос болоод компаниуд нь хөгжиж томорч чаддаггүй. Зориглоод гадна дотноос зээл аваад хөдөлсөн ч тендерүүдэд нь ялж чаддаггүй. Тендерт ялах заавартай компаниуд л авдаг. 
    -Тендерийг ил тод болгох гол шалтгаан бол ерөөсөө л энэ.  Компани, аж ахуйн нэгжүүд нь эрүүл өрсөлдөж, чадвартай нь ажил авдаг. Ажлаа чанартай хийдэг зүй ёсны дагуух тогтолцоонд нь оруулахгүй бол одоо энэ улс орон хэцүүдлээ. Дарга нарын, эсвэл асуудал хариуцсан дунд шатныхны халаасны компаниуд, цаасан дээрх компаниуд тендерт орж ажил авдаг.  Тэгээд чанаргүй хийдэг, дээрээс нь авлигал, нөгөө 10 хувиа тушаадаг, дахиад өөрсдөө ашгаа авдаг гээд бүх бохир жишгүүдийг устгах ёстой. Тэгж байж компаниуд өндийнө.   
    -Зүгээр л хэдэн хүнээ ажилтай байлгахын төлөө чимээгүй зүтгэдэг. Илүү томорч чаддаггүй ч мөрөөрөө ажиллаад л байдаг  барилгын дундаж компани цэцэрлэгийн барилга барих гээд тендер олж авч чаддаггүй юм билээ. Тендерт орох гэж гүйгээд,  мөрөөдөөд бардаггүй юм байна лээ. 
    -Барахгүй. Дандаа цаагуураа зохион байгуулалтад орчихсон. Зуучлагчид байна. Дээрээс нь хариуцсан нөхдүүд нь өөрсдөө зохион байгуулагчид болчихсон явж байна гээд бод. 
    -Одоо тэгээд энэнээс яаж салах уу?
    -Хууль хяналтын байгууллагууд нь хатуу хяналт тавьдаг, бүх зүйлийг нь нээлттэй, ил тод болгосон цагт өөрчлөгдөнө. Тийм бүлэгчилсэн бохир мафиудыг бүгдийг нь илчилж, аалзны тор шиг хэрсэн хэлхээ хэрээсийг нь таслан зогсоогоод ирэхээр аяндаа горимондоо орно. Гэхдээ энэ бүхэн богино хугацаанд арилахгүй. 
    -Та хэр эдийн засгийн бололцоотой ажиллаж байгаа Засаг дарга вэ?
    -Ний нуугүй хэлэхэд хотын төсөв их хүнд байгаа. Улсын төсвийн 30 хувиа төвлөрүүлж байна. 2018 онд 208 тэрбум төгрөг буюу 30 хувиа төвлөрүүлсэн бол, 2019 онд 289 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлнэ. Үндсэндээ Улаанбаатар хотын хэмжээнд яг хотын төсвөөр 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил 2019 онд хийгдэж байна. Бүх концессын эрх хаагдчихсан. Дээрээс нь өөрийнх нь төсөв хязгаарлагдмал. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй нөхцөлд ажиллаж байгаа. Өмнө нь 2012-2016 оны хувьд бондын хөрөнгө, зээл, концесс гээд бүх төрлийн боломжууд нь нээлттэй байсан учраас харьцангуй олон ажлууд хийх боломж нь байсан. Гэхдээ бид гадаад, дотоодын зээл тусламж, хөрөнгө оруулалтаар урьд өмнө хийж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхийг зорьж байна. Гол гол зам, дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлж явуулна. Түрээсийн орон сууц гэдэг шинэ хэлбэрийг гаргаж ирж байгаа. Яагаад гэвэл өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлт гээд л нэг компани оруулчихдаг, нэг айл өрх, иргэдтэй гэрээ хийчихдэг байсан. Компани нь гүйцэтгэлээ хийхгүй алга болчихдог, иргэд нь гудамжинд гараад орон байргүй болсон 600 гаруй иргэдийг өнгөрсөн хугацаанд орон сууцанд нь орууллаа. Дахин төлөвлөлтөөс хохирсон иргэд шүү дээ. Цаашид дахин төлөвлөлтийн ажлыг зөв явуулахын тулд түрээслээд өмчилдөг орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. Эхнээсээ энэ ажил явж байна. Энэ жил нийтдээ 9 байршил дээр 20 гаруй мянган орон сууцыг барих ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

    100 айлыг НИТХ-ын дарга байхдаа нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж байсан. Одоо зам дэд бүтцийнх нь өргөтгөлийн ажил нь хийгдээд явж байна. Барилгын материалын 200 гаруй үйлдвэр байсан. 

    -100 айл, Гурвалжингийн гүүр орчмын наймааны цэгүүд, хот дотор ажиллаж байгаа жижиг захуудыг яах вэ?
    -100 айлыг НИТХ-ын дарга байхдаа нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж байсан. Одоо зам дэд бүтцийнх нь өргөтгөлийн ажил нь хийгдээд явж байна. Барилгын материалын 200 гаруй үйлдвэр байсан. Энэ бүхнийг шилжүүлэх, цэгцлэх ажил бол үнэхээр хүнд ажил. Будаг шунх, төмөр, чулууны цэгүүд гээд үй олон газрууд бөөгнөрчихсөн. Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийн тийшээ зарим нь явна, зарим нь хотын зах руу бусад боломжтой хэсэг рүү нүүнэ. 100 айлын зам дэд бүтцийг шинэчлээд дахин төлөвлөлтийг эхлүүлэх боломж бүрдэж байгаа. Цааш нь нүүлгэн шилжүүлэх, хотын суурьшил, үйлдвэрлэлийн бүсийг ялгах ажлууд дэс дарааллаараа явагдах ёстой. 
    -Малын захууд байна... 
    -20 гаруй арьс ширний үйлдвэрүүд байна. Ямар нэгэн шүүлтүүргүйгээр, усыг цэвэршүүлэхгүйгээр шууд Туул гол руу цэвэрлэх байгууламж руу цутгаж байна. Үүнээс болоод Туул голын бохирдол асар их байна. Цэвэрлэх байгууламжийн үнэр танар, арчилгаа ашиглалт, ачаалал нэмэгдэж байна. Эмээлт рүү үйлдвэрлэл технологийн парк барих ажлыг эрчимжүүлж, арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах асуудал явж байгаа. Засгийн газрын тогтоол, Их хурлын тогтоол шийдвэр гарсан.  
    -Одоо түр мартагнаж байгаа ч утааны асуудал тун удахгүй шаналгана. Засгийн Газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр хэрэгжиж байна. Олон талын байр суурь, маргаан дагуулах шийдвэр ч үнэхээр Улаанбатарчууд түүхий нүүрснээс татгалзаж чадвал агаарын бохирдлыг 40-50 хувь хүртэл бууруулж чадна гэсэн тооцоо бий. Бэлтгэл ажил хэр явж байна вэ?  
    -Засгийн Газрын 62 дугаар тогтоол өнгөрсөн тавдугаар 15-аас хойш хэрэгжээд явж байна. Нийслэлд энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд 640 цэгээр 600 гаруй мянган тонн нүүрсийг сайжруулсан түлш хэлбэрээр нийлүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ бол үнэхээр хүнд ажил. 
    -Түүхий нүүрснээс татгалзчихвал агаарын бохирдол 50 хувиар гэдэг тооцоо хэр үндэслэлтэй вэ?
    -50 хувь биш юмаа гэхэд 30 хувиар бууруулах зорилт тавиад ажиллаж байна.  
    -Одоо ингээд наадамлаад найрлаад явж байтал утаа уугиад л эхэлнэ. Үнэхээр аймшигтай байна. 
    -Өнгөрсөн хугацаанд зун нь утаагаа мартаад, өвөл нь гэнэт санадаг байсан бол одоо зуны турш нийслэл, хороо, дүүргүүдээр сайжруулсан түлшүүдийг түгээх, нийлүүлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа. Дахин хэлэхэд энэ их хүнд ажил. Амаргүй ажил. Гэхдээ бид нарын амь нас, эрүүл мэнд, ирээдүй хойчтой холбоотой зүйл. Олон жил ярьсан, гамшгийн хэмжээнд хүрсэн хорт утааг бууруулахын тулд, хүнд нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд нийслэл хот бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж байгаа. Зөвхөн нийслэлээс гадна үүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн өөрсдийнх нь оролцоо маш чухал. Тиймээс иргэдийн оролцоог хангахыг хичээж байна. Иргэдийн, аж ахуйн нэгжийн оролцоогүйгээр, нийслэлийн бүх шатны байгууллагуудын, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоогүйгээр энэ ажлыг хийнэ гэж байхгүй. Тэгэхээр хороо, дүүргүүдэд  хэсгийн ахлагчид 4000 гаруй хүнийг зохион байгуулалтад оруулж, түгээлт, тээвэрлэлт, хэрэглээн дээр хяналт тавих хэрэгтэй байгаа. Тэгээд түлшний  чанарын, хольц найрлагын асуудал байгаа. Түлшийг Улаанбаатар хотод хэрэглэхээс гадна хөдөө орон нутаг руу зөөлгөөд явуулчихгүй байх тал дээр хяналт тавьж ажиллах асуудал бас бидний өмнө тулгамдаж байна. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа 14 цэг дээр хяналтын пост ажиллуулахаар болсон. Бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатай ажил учраас бүхий л боломжоороо ажиллаж байна. Үр дүн гарах байх гэж бодож байгаа. Засгийн Газраас гаргасан шийдвэрийн хүрээнд иргэд оршин суугчид маш сайн дэмжиж ажиллах хэрэгтэй байна. 
    -Шинээр нэмж барих, ашиглалтанд орох барилгуудын талаар та түрүүн хэллээ. Гэхдээ үнэ буурахгүй байна. Хүмүүс хичээгээд ч байранд орж чадахгүй байна. 
    -Ер нь манай хотынхны агаар, хөрсний бохирдлоос салах эцсийн зогсоол нь иргэд, оршин суугчдыг орон сууцаар хангах явдал юм. Гэхдээ орон сууцжуулахдаа энд тэнд эрээвэр хураавар байдлаар барилга барьдаг. Тэр нь чанаргүй байх биш юм. Хэд хэдэн зүйл дээр бид анхаарч байна. Нэгд, чанар. Яагаад гэвэл нэг иргэн байр авлаа гэхэд насаараа хөдөлмөрлөсөн цаг хугацаа, хүч хөдөлмөр, хүүхдүүдийнхээ ирээдүйг барьцаалж байж орон сууцанд ордог. Гэтэл тэр нь чанаргүй, ороод бараг жил болоогүй, өрийн хаалгаа хаагаагүй байхад нь л дээвэр нь нураад унадаг юм уу, шал нь цөмрөөд, хана нь хуйлраад, дээрээс ус дуслаад, доороос хөрсний ус нэвчээд байдаг, тийм л байдалтай байгаа. Тиймээс барилгын чанар, аюулгүй байдал, стандартыг хангах нь чухал. Барихын тулд барих бус, яг бодитой чанартай барих хэрэгтэй юм. Хоёрт мэдээж үнэ. Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх гээд зах зээлийн дундаж үнээс доогуур, 1.2-1.5 саяас хэтрэхгүй байх ямар боломж байна гэдгийг судалж байна. Гэхдээ үнийг хүчээр барина гэдэг тийм амар зүйл биш. Яагаад гэвэл барилгын материалын дийлэнх нь импортоор орж ирж байна. Валютын ханшаас шууд хамаарна. Инфляцын түвшин гэж бас нэг зүйл байна...
    -Гэхдээ нэг үеэ бодвол барилгын материалын түүхий эдийг эх орондоо үйлдвэрлэдэг болоод байгаа. Гэсэн ч хятад цемент орж ирсээр л байна. Энэ мэт дээр төрийн бодлого алдагдаад байгаа юм биш үү? 
    -Энд олон талын шалтгаан, хүчин зүйл байна. Нийслэлээс энэ тал дээр юуг илүү анхаарч байна гэхээр үнийг барихын тулд нийслэл өөрөө газраа чөлөөлөөд, чөлөөлсөн газар дээрээ тодорхой хувийг нь түрээсэлдэг, тэгээд өмчлүүлдэг жишиг рүү орж байна. Заавал барьцаа төлөхгүйгээр түрээслүүлээд өмчлүүлдэг байх, ингэхдээ дундаж кв бүхий орон сууцыг дунджаар сарын 1.2 сая төгрөг төлөөд 5 жилийн хугацаанд орон сууцаа өмчлөөд авдаг байх тал дээр илүү анхаарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Тэгж байж үнийг барих боломж бүрдэх юм. 
    -Хот тэлж, гоё гоё хорооллууд баригдаж л байна. Ер нь хотын захын төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хийж байгаа, орон сууцны хорооллууд барьж буй компаниудад урамшууллын ямар систем, дэмжлэгийн хөшүүрэг байна вэ?
    -Одоо тийм хөшүүрэг байхгүй. Ийм хөшүүргийг бий болгохын тулд бид дагуул хотуудыг бий болгоё, хаяа хотууд, хотын шинэ дэд төвүүдийг бий болгох үүднээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн концепц дээр энийгээ тусгаад явж байна. Жишээ нь, “Аэросити”, Чингэлтэй, Баянхошууны дэд төвүүд байна. Энэ төвүүдийг бид захаас нь эхэлж төлөвлөлтөнд оруулж, тэнд нь хямд өртөгтэй, чанартай барилга, орон сууцуудыг бариад, аюулгүй нийтийн тээврээ тийш нь хөнгөлөлттэй үнээр явуулдаг дэд бүтцийг бий болгох ёстой. Энэ томоохон дэд бүтцээ дагасан, шинэ Нисэхийн болон Налайхын шинэ замыг дагасан, Төв аймгийн орчмын, аялал жуулчлалын, хөнгөн үйлдвэрлэлийн, ХАА-н, ачаа тээврийн, ложистикийн гэсэн байдлаар хотуудаа эдийн засгийн хувьд, хөгжлийн хувьд, бүсийнх нь хувьд төрөлжүүлэхгүйгээр, өнөөдрийн энэ холилдсон байдлаар явах юм бол бид зовлонгоосоо салж чадахгүй. Тэгээд тэр дэд бүтцээ дагасан, хотын хөгжлөө дагасан аялал жуулчлалаа хөгжүүлж, ажлын байр бий болгох, Эдийн засгийн тусгай бүс байгуулах гэх мэт томоохон бүтээн байгуулалтын, бодлогын ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байгаа юм. Тийм учраас Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиа эргэж харах хэрэгтэй байна. 
    -Хотын даргатайгаа ярилцаж байгаагийнх зуны аялал жуулчлалын талаар ярья. Театрууд нь зун амарчихдаг. Жуулчны баазууд гээд хэдэн навсархай гэрүүд, бие засах газар ч байхгүй байх жишээний. Шөнийн гудамж гээд нээгээд байсан, та татан буулгачихлаа. Үзэж харах юм байхгүй, очоод цагийг аятай өнгөрүүлчих газрууд багатай. Ирсэн зочдоо аваад хөдөө давхихыг аялал жуулчлал хөгжүүлж байна гэхгүй байх. 
    -Асуудлууд байна. Энэ бүх асуудлыг яг одоо үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд, иргэдийн оролцоотой шийдвэрлэх хэрэгтэй байдаг. Жуулчны баазуудыг стандарт хангуулах шаардлага байнга яригддаг. Ер нь манайд бүх юм хэт задгай байдлаар яваад ирчихсэн. Тийм ч учраас одоо бид хөлөөсөө толгой хүртэл асуудлууд дунд хөдөлж чадахгүй зогсож байна. Бизнесээ яг ном журмынх нь хүрээнд хийж буй ААН-үүд мэдээж маш олон байна. Шаардлага хүлээж аваад, тэрийгээ хэрэгжүүлдэг байгууллагууд байна. Гэтэл хажуугаар нь хүлээж авдаггүй, ажлаа хийдэггүй, газар эзэмшиж байна гээд хашаад хаячихдаг, тэр нь хогийн хонхор шиг хогоор дүүрчихсэн газрууд ч олон байна. Шөнийн гудамжны тухайд үнэхээр цэгцлэхгүй бол болохгүй байсан юм. Судалгаа аваад ирэхээр хамгийн их гэмт хэрэг гардаг, хамгийн их архидан согтуурдаг газар болж хувирсан. Тэгээд дээр нь замын бөглөрөл, түгжрэлээ яая гэж байхад гудамжаа хаачихдаг. Оршин суугчид нь амралтын өдрүүдээр гаръя гэхээр бүтэн хоёр өдөр замыг нь хаагаад хаячихдаг байсан. Хотоороо очоод дуулж цэнгээд байхад чөлөөтэй, сайхан байсан гэхэд тэндэхийн айлууд ямар байсан гэж бодож байна. Нэг хэсэг нь зугаалж цэнгэхийн тулд нөгөө хэсгийнхээ эрүүл мэндийн эрх ашгаас авахуулаад аюулгүй байдалд нь халддаг байж таарах юм уу. Тэр хавийн оршин суугчдаас авахуулаад сургууль соёлын газрууд, төрөх эмнэлэг хүртэл байж байна шүү дээ. Тэр хавийн оршин суугчид өглөө ажилдаа гарахад нь нь шатан дээр шээчихсэн, өмхий үнэр танар, хог новш хөглөрүүлчихсэн байдаг. Шөнөжингөө орлион чарлаан тасардаггүй. Ийм байхад бид аялал жуулчлалыг дэмжиж байна шөнийн гудамжийг ажиллуулах ямар ч боломж байхгүй.

    “Аэросити”, Чингэлтэй, Баянхошууны дэд төвүүд байна. Энэ төвүүдийг бид захаас нь эхэлж төлөвлөлтөнд оруулж, тэнд нь хямд өртөгтэй, чанартай барилга, орон сууцуудыг бариад, аюулгүй нийтийн тээврээ тийш нь хөнгөлөлттэй үнээр явуулдаг дэд бүтцийг бий болгох ёстой. Энэ томоохон дэд бүтцээ дагасан, шинэ Нисэхийн болон Налайхын шинэ замыг дагасан, Төв аймгийн орчмын, аялал жуулчлалын, хөнгөн үйлдвэрлэлийн, ХАА-н, ачаа тээврийн, ложистикийн гэсэн байдлаар хотуудаа эдийн засгийн хувьд, хөгжлийн хувьд, бүсийнх нь хувьд төрөлжүүлэхгүйгээр, өнөөдрийн энэ холилдсон байдлаар явах юм бол бид зовлонгоосоо салж чадахгүй. 

    -Гэхдээ хотын амьдралын нэг хэсэг бол шөнийн амьдрал. Өөр хувилбараар хөгжүүлж болохгүй юу?
    -Тэрийг илүү зохимжтой орчинд хийхээр төлөвлөж байна. Жишээ нь, Үндэсний  цэцэрлэгт хүрээлэнд ч байдаг юм уу, залуучуудын танин мэдэхүйн, оюуны хөгжлийг дэмжсэн, урлаг соёлын ажиллагааг түлхүү дэмжсэн, өрхийн үйлдвэрлэл, үндэсний гар урлалын бүтээлээ дэлгэн тавьж таниулдаг, үндэсний соёл урлаг, зан заншлаа сурталчилсан тийм байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Шөнийн гудамж гэхээсээ арай илүү аюулгүй орчинд зохицсон, боломжтой газруудад энэ талын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хөгжүүлэхээр судалж байна. Үндэсний соёл, урлагаа дээдэлж, аялал жуулчлалаа хөгжүүлэх асуудлыг хөндөж, гол нь хотын соёлыг арай өөр түвшинд гаргасан байх ёстой гэдэг үүднээс төлөвлөж байна. 
    -Танд тавих хувийн амьдрал ахуйтай тань холбоотой асуулт байна. Байгаль орчинд ээлгүй, мод бургас цавчдаг хотын дарга гэж таныг шүүмжилж байна. Хувийнх нь бизнес Туул голыг сүйтгэж байна гэх мэтээр. Энэ ямар учиртай юм бэ ?
    -“Оюуны ундраа” компани 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн компани л даа. Миний ах дүүсийн байгуулсан компани. Гэхдээ би үйл ажиллагаанд оролцохоо болиод удаж байна. Нэгдүгээрт, хуулиараа хориотой. Хоёрдугаарт, улс төр, бизнес хоёрыг хольж хутгахгүй гэсэн зарчмыг баримталдаг. Туулын бургас сүйтгэсэн гэж яриад байгаа энэ асуудал нь бол яг бодитой гэхээсээ илүүтэй улс төр орсон, санаатай явуулж байгаа асуудал. Очоод үзээд, холбогдох газруудаас асууж тодруулбал илүү хариулт өгөх байх. Би хотын дарга битгий хэл, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласнаасаа хойш өөрийн болон ах дүү, хамаатан садны нэр дээр ямар ч газар олгосон, нийслэлээс өгсөн юм байхгүй. 
    -Зайсанд “Оюуны ундраа” барилга байгууламж барьсан. Ер нь хэдэн обьект байдаг юм? 
    -Зайсанд “Зайсан Хилл”, “Зайсан Скуэр” гээд хоёр газар бий. Анх 2007 онд аялал жуулчлалын зориулалтаар нь аваад, түүнээс хойш төсөл хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Шүүх хуулийн байгууллагад хандаж явж байж газрын эрхийг нь сэргээлгээгээд  “Зайсан Хилл” гэж төсөл хийсэн. Яг аялал жуулчлал, олон нийтийн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн чиглэлээр явж байгаа. 
    -4.41 га газрыг 17 сая төгрөгөөр авчихсан байсан гээд л бичиж байгаа. Тэр төсөл үү ? 
    -Газрын төлбөрийг нь төлөөд л авсан байдаг. Худалдаж авсан, хууль бусаар авсан ямар ч асуудал байхгүй. 2007 онд зураг төслөө боловсруулаад БОЯ-нд өгөөд л зохих журмаар нь явсан.  Яг үнэндээ Зайсан толгой дээр тухтай суудаг газар ч үгүй, бие засдаг газар ч үгүй, хог шороонд дарагдсан газар л байсан. Гадна дотныхон ирдэг, орон нутгийн иргэд ирдэг, гэвч үзэх харах зүйлгүй, тиймээс энд нэг олон нийтийн нийгмийн чиглэлийн төсөл хэрэгжүүлчихье л гэж анх зорьсон. Олон ч хүндрэл бэрхшээлийг туулсан. Бас л өмнө байсан Байгаль орчны сайд цуцлаад, бөөн асуудал болж байгаад л явсан. Тэр орчинд зориулалтаараа ашиглагдаж байгаа төсөл гэж хэлж болно. Одоо харин олон улстөрчдийн туулсан, мушгин гуйвуулдаг, харлуулдаг, шантаажны хонгилоор оруулаад л чирээд явж байх шиг байна. 
    -Та Налайхад уурхайчны гэр бүлд төрж өссөн хүн. 1992 онд анх төрийн албанд ажилд орж байсан байдаг. Дараа нь дипломат албанд ажилласан. Ингэхэд дипломат алба танд таалагдаагүй юу. Яагаад гарсан бэ. Англи, орос, хятад хэлтэй. АНУ-д олон жил сурч, ажилласан хүн юм билээ? 
    -Дипломат албанд 2000-2004 он хүртэл ажилласан. ЭСЯ-ны консулын ажилтнаас нь эхлээд атташегээр ажилласан. Ер нь анх сургууль төгсөөд эх орондоо ирж ажиллахдаа төрд зүтгэе, тэр дундаа дипломат албанд ажиллая гэж мөрөөдөж байсан л даа. Миний багын мөрөөдөл гэж хэлж болно. Дипломат албанд ажиллах сонирхол надад үнэхээр их байсан. Бага байхад манай хамаатны нэг ах Москвад ЭСЯ-нд ажилладаг байлаа. Зун амраад манайд айлчилж ирнэ. Жаахан хүүхдэд их л гоё, сүрдмээр, сайхан сэтгэгдэл төрдөг байсан байх. Тэрнээс болсон уу, нэг л мэдэхэд би дипломат болно гэж мөрөөддөг болсон. Гадаадад л ажиллана даа гэж боддог байсан. Тэр мөрөөдөл маань нэг ёсондоо биелсэн. Сайхан ажилласан. Тухайн үед залуу байсан. Элчин сайдтайгаа үзэл бодол зөрөлдөх асуудлууд гарсан. Тэгээд томилолтын хугацаа ч дууссан. Монголдоо ирсэн. Яагаад ч юм үргэлжлүүлж ажиллах хүсэлгүй болсон. Хувийн хэвшилд ажиллах шийдвэр гаргасан.  
    -Таны үндсэн мэргэжил чинь?
    -Эрх зүйч. 
    -Монголд суралцсан уу? 
    -АНУ-д Соут вейстерны их сургуулийг төгссөн. Залуу насныхаа хүсэл тэмүүллээр олон жилийг сурч боловсрохын төлөө зориулсан. 
    -Танай аав ерөөсөө л уурхайчин хүн үү? 
    -Налайхын уурхай анх нээгдэхэд Увс, Ховд, Баян-Өлгийгөөс олон хүн ажиллахаар ирж байсан. Тэр залуусын нэг нь манай аав. Ээж маань ч мөн адил. Налайх бол Монголын аж үйлдвэрийн ууган уурхай. Өнөөдөр ч Монгол Улсад тийм нүүрсний далд уурхай байхгүй. Газар доогуур 5-6 км явдаг байсан уурхай шүү дээ. Дээрээс нь шилний үйлдвэр, шохойн завод. Үйлдвэрүүдийг дагаад амьдрал сайтай. Ажил сайтай. Дээрээс нь жинхэнэ ажил хөдөлмөр ундарч байсан газар. Манай аав бол малтагчаас эхлээд баяжуулах цехийн дарга, хэлтсийн дарга, уурхайн Намын үүрийн дарга хүртэл хийж явсан жинхэнэ уурхайчин хүн. Ээж маань бас л уурхайд ирээд машинистаас эхлээд ажиллсан. Хоёулаа тэтгэвэрт гартлаа уурхайдаа ажилласан. 14 хүүхэд төрүүлж өсгөсөн хүмүүс. 
    -Өнөр өтгөн айл юм аа?
    -Тийм ээ. Тав нь бага байхдаа өнгөрсөн гэдэг. Одоо бид есүүлээ үлдсэн. 
    -Та айлын бага нь уу? 
    -Би найм дахь нь. Доороо нэг дүүтэй. Дээрээ нэг эгчтэй, зургаан ахтай.
    -Манай улстөрчид, ажил албагүй явсан ч юм уу, сургууль соёлоо дуусгаагүй ч юм уу, түүхийнхээ таагүй гэж боддог хэсгээ  намтраасаа нуучихдаг юм. Ялангуяа төр төлөөлж байгаа хүмүүсийн намтар бол шилэн байх ёстой гэж би үздэг. Нөгөө талаас хүн өөрийн түүхээ нууж яах юм бэ. Хүний нуусан түүх эцэгтээ гологдсон хүү шиг шазруун байдаг, хэзээ ч юм гараад ирдэг. Таны намтарт нуусан буюу дутуу дулимаг санагдаад ичиж явдаг хэсэг байдаг уу? 
    -Өө, надад өөрийнхөө түүхийг, гарал үүсэл, ажил амьдралаа нуух шаардлага байхгүй. Тэр дундаа ичих ямар ч зүйл байхгүй. Яагаад гэвэл би жинхэнэ хөдөлмөрч аав, ээжийн гэр бүлд олуулаа бужигнаж, аз жаргалтай өссөн. 

    -Танай одоо ээж хэдтэй вэ? 
    -Манай ээж 87 настай сайхан буурал одоо Налайхад амьдарч байна. Хагас бүтэн сайнд заавал ээж дээрээ очдог. 
    -Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?
    -Би гурван хүүхэдтэй. Хоёр бага нь хүү. Нэг охинтой. Бага нь 15 хүрч байна, том нь 26 хүрч байна. 
    -Хүн болгонд сонирхдог зүйл, ямар нэг хообий байдаг. Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
    -Миний хувьд зав чөлөө гарвал спортоор хичээллэх сонирхолтой. 1988 оноос хойш таеквондогоор хичээллэж байгаа. Мэдээж спорт болгон хүнийг бие, сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй, уйгагүй шаргуу хөдөлмөрлөх чанарт суралцуулдаг. Тэр дундаа таеквондо бол асар их хүндлэлийн спорт. Том, бага гэлтгүй, бусдыг хүндлэх, хүний үгийг хүлээцтэй сонсох тал дээр би өөрийгөө гайгүй сайн гэж боддог. Юм болгон дээр түрүүлж дуугараад, хүн болгонтой мөчөөрхөөд байдаггүй. Энэ бол таеквондогийн спортын надад өгсөн хамгийн том хүмүүжил. 
    -Таеквондогийн ямар нэг зэрэгтэй юү?
    -Хар бүстэй. Сүүлийн үед ажлын ачааллаас болоод бэлтгэл хийгээгүй нэлээд удсан шүү (инээв). 
    -Таныг гадаадад хийх айлчлалуудаа цуцалсан гэж сонссон. Үнэхээр их ажилтай болохоор тэгэв үү. Хотод гадаад харилцааны асуудал амин чухал биш гэж үзсэн үү ? 
    -Ер нь манайд зуны гуравхан сар бүтээн байгуулалтын ажил, өвлийн бэлтгэл ид хийгддэг. Тийм болохоор гадаад айлчлалуудаа цуцалж байгаа. Нийслэлийн бүх шатны удирдлагуудыг зуны турш амрахгүй ажиллах шийдвэр гаргасан.  
    -Тийм үү. Наадах чинь нөгөө сайд нар цалингүй ажиллана гэдэг шиг хошин шийдвэр юм биш үү?  
     -Үнэхээр шаардлага байгаа учраас гаргасан. Бүгд хүлээж аваад, ойлголцоод ажиллаж байгаа. 

    -Наадмаар олон жуулчин ирнэ. Шинэ сонин, үзэж харах содон зүйлс юутай байх вэ? 
    -Монгол түмний минь их баяр цэнгэл наадам сайхан болох нь дамжиггүй. Наадмаар монгол хүн болж төрснөөрөө омогшин бахархаж, сэтгэл догдолдоггүй хүн байхгүй гэдэгт бүрэн итгэж байна. Туурга тусгаар улсын эрх чөлөөт ард иргэд хотгор газрыг холтортол, өвдөг газрыг өлтөртөл наадан цэнгэдэг уламжлал дэлхий дахинд тийм ч түгээмэл биш. Тийм ч учраас Монголыг зорин ирдэг жуулчдын дийлэнх олонх нь Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирдэг шүү дээ. Нийслэл хотын маань 380 жилийн ой давхцаж байгаа учраас өнөө жилийн Улсын наадмаар хотын түүх, соёл, өв уламжлалаа олон нийтэд сурталчлахад анхаарч ажиллана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас баяр наадмын зохион байгуулалтад ихээхэн  анхаарч байгаа. Бэлтгэл ажлаа бүрэн хангаад явж байна. Хагмийн гол нь наадамчин олныхоо аюулгүй байдлыг хангах, баяр ёслолын үеэр ямар нэг эрсдэл гаргахгүй байх талаас илүү анхаарч байна. 

Сэтгэгдлүүд : 8

  • иргэн

    Хотын даргаа, Монтелын гудамж, Урт цагааны гудамж 2г хотын төвийн үлгэр жишээ гудамж болгоорой. Та одоо нэг алхаад үзээрэй

  • zochin

    Xotiin teevriin avtobus chin bugd air xuuchin bna unertei avtobus xuvtsas xirtuuleed bna bas uvchin taraaj bna suudal muuxai bna buun toos shoroo xir bna

  • zochin

    Nalaikh ruu zamaa zasaach nutag chin yum bol

  • Энгүүн

    Уг нь овоо зүйлүүд яриад бгаан. Одоо богино хугацаанд төрийн ажилд суралц, их үглэхээ боль, цаастай ажиллаж сур, өөрөө цаас бичиж үз. Богино хугацаанд өсмөөр байна, пиараа багасга, тодорхой асуудлууд бариад шуурхай шийдээч дээ.

  • dashnyam

    amjilt hvsie zorigtoi shineleg shiidwer gargaj boditoi bvteelch ajil hiij baigd chin ih talarhaj bga shv

  • Premels

    Cialis Eds Apotheke https://oscialipop.com - buy cheap generic cialis online Iuzizu Acquisto Viagra Generico In Italia <a href=https://oscialipop.com>buy cialis professional</a> Cialis Generica Intveh https://oscialipop.com - online cialis

  • Thomasgaiff

    <a href=https://t.me/Moscowadsfree>вакансии работодателя москва</a> - в группе Объявления Москвы

  • Thomasgaiff

    <a href=https://t.me/Moscowadsfree>авито москва бу</a> - лучше заходи в группу Объявления Москва - это надёжнее

Сэтгэгдэл оруулах

урлан