Some may never live, but the crazy never dies

    Зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхийн 2015 онд бичсэн “Миний мэдэх женко Баттулга”  ном англи, орос  хэлээр орчуулагдан гарсан билээ.

    Саяхан  зохиолчтой Penguin random house компани түүний бичсэн “Санкара” эссэ роман болон “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” номыг англи, хятад хэлээр хэвлэн дэлхий дахинд түгээх гэрээ хийжээ.

                Penguin random house- ын Сингапур дахь  салбарын хариуцлагтай нарын бичгийн дарга Нора Назарене зохиолчид Х.Баттулга хэрхэн сонгуульд ялж ерөнхийлөгч болсон, одоо явуулж буй үйл ажиллагааны тухай нэмэлт бүлгүүд бичих хүсэлт тавьсан бөгөөд Д.Төрмөнх нэмэлт бүлэг бичиж  Penguin random house-д хүлээлгэн өгсөн байна.

    Гэрээнд заасны дагуу “Миний мэдэх ерөнхийлөгч Баттулга” ном энэ оны сүүлээр “Санкара” эссэ роман ирэх оны эхээр дэлхий дахины уншигчдын хүртээл болох аж. Гэрээнд заасан ёсоор эхний ээлжид ном тус бүрийг хоёр хэлээр тус бүр 20 000 хувь хэвлэх ажээ.

    Penguin Random House (PRH) нь анх 1800 оноос Британид үүссэн  домогт компани бөгөөд эдүгээ АНУ- ын давуу эзэмшилтэй  энэ компани нь Британийн  Pearson plc, Германы хэвлэл мэдээллийн  Bertelsmann компаниуд хувьцааг хамтран эзэмшдэг үндэстэн дамнасан групп ажээ.

    2013 оны байдлаар Penguin Random House компани дэлхий даяар 10,000 орчим ажилтантай, 250 салбар нэгжтэй, жил бүр  15,000 нэр төрлийн ном хэвлэж  жилдээ 800 сая ном борлуулдаг юм байна

    Доржхандын Төрмөнх. Түүний аав Б.Доржханд нь социализмын үеийн уран зургийн ертөнцөд нэртэй, мөртэй явсан эрхэм билээ. Тэр дундаа монументал чимэглэл хэмээх сүрлэг томруун урлагийн гол зүтгэлтэн байсан юм. Түүний бүтээлийн заримыг мэдэхээс дурдахад Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөны дотоод мозайк, 19 р хороолол явах замд таарах хэдэн барилгын ханын шигтгэмэл гээд одоо ч бий. Өндөр соёлтой, зөөлөн, их даруухан хүн байсан гэж мэдэх хүмүүс нь дурсахыг цөөнгүй сонсож байв. Эднийхэн гэрээрээ зураачид. Төрөө маань ч зураач мэргэжилтэй. Түүнийг мэддэг болоод олон жил өнгөрчээ. Мэдээж бидний үеийнхэн дотор Төрөөг мэдэхгүй байх боломжгүй. Тэр тусмаа утга зохиол, урлаг, сэтгүүл зүйн хүрээнийхний хувьд тэр тод Од. 2000-аад оны эхээр Төрөөгийн студи манай сонины ойролцоо (Өдрийн сонин) жижигхэн хоёр өрөө байранд байрлаж байлаа. Нэг удаа над руу утас цохиж байна. Лхагваа ах та хоёрыг би ярилцлагын нэвтрүүлэгт урих гэсэн юм. Ийм ийм учиртай гээд, бид цаг товлов. Маргааш нь тэдний студийн өрөөнд товлосон цагтаа хүрээд очтол алдарт Бавуугийн Лхагвасүрэн тамхиа баагиулаад сууж байна. Гурвуул хол ойрын тухай хэсэг буу халаад, шууд бичлэгтээ оров. Нийгэм, цаг үе гээд л юу эсийг ч хамрав. Лхагваа ах эфирт утаа манаруулаад л. Тэгж байснаа гэнэт зогс л болов. Лхагваа ах намайг загнаж байнаа. Бусад үед ангалзаад л байдаг, хажуунаас олигтойхон хуцаад өгөөч дээ гээд л...Гурвуулаа пис хийтэл инээлдэж, удалгүй бичлэгтээ буцаж орсноор ярилцлагаа дуусгаж билээ. Олон жил өнгөрчээ, тэр үеэс хойш. Бид хараа бараандаа ажиллаж амьдарсаар өдий хүрэв. Саяхан Төрөөгийн “Санкара” хэмээх эсээ роман хэвлэгдэж шуугиан тарьлаа. Хурдаараа номын дэлгүүр орж нэгийг олж авав. Авсан өдрөө нэг амьсгаагаар уншаад дуусгачихав. Манай Төрөө бичнэ гэж зүгээр л бүжжээ. Атаархав, анддаа ахин дурлав. Ингээд би түүн рүү утас цохилоо. Хоёулаа ярилцъя гэтэл “ За яах юм бэ, Ганаа. Хоёулаа дараа болоё. Би саяхан яриа өгчихсөн, ер нь юмаа л хийж байхаас биш хийсэн тухайгаа, хийх гэж байгаагаа яриад байх дэмий ш дээ” гээд л цааргалж байна. Хуучны гэмгүй андын хувьд жаахан гоморхонгуй утсаа тавьлаа. Ахиад хоёр хоногийн дараа залгатал “Хотоос хол байна” гэж эвтэйхэн бултах гэж үзэв. Шулуухан байгаа газар чинь яваад очъё гэж тулгаж байж бид хоёр уулзах болдог юм. Төрөө их зантай болчихсон, зангаа эвдчихсэндээ чингэж буй хэрэг огт биш. Тэр зүгээр л машин шиг ажиллаж байна. Алхаагаар бол зүгээр нэг яаруухан алхах биш “гүйж” байна гэж хэлмээр. Түүний зохиолоо бичээд суугаад байгаа тэр буйд газар нь Налайхаас цааш 15 км-ийн зайтай Туулын хар түнээд орших “Городок” юм. Одоо ч орос нэрээрээ хэвээр эл хотхоны байрандаа мань хүн ганцаар бичих туурвих ажилдаа ийнхүү шамдан суудаг ажээ. Энд БНМАУ- ын үед ЗХУ- ын армийн агаарын хөлгийн эсрэг пуужингийн хамгаалалтын 128 –р анги 1967 оноос 1972 он хүртэл байрлаж байсан юм. “Городок” нь орос цэргийн хотхон бөгөөд нээрээ ч олны хөлөөс хол атлаа тэрүүхэн тэндээ арав гаруй таван давхар байшинтай, бараг нэг жижиг сумын төв шиг газар л даа. Энд зурхайч Тэрбиш, орчуулагч Болдбаатар, сэтгүүлч Саруулбуян бас миний уулзахаар очиж яваа Төрмөнх гэсэн хэдэн нэртэй сэхээтэн амьдардаг гэх. Харин бусад оршин суугчид нь Батлан хамгаалах яамны ажилчид болон хожим оросуудын хаяад явсан байрыг тохижуулаад зарсан учир эрээвэр хураавар хүмүүс оршин суудаг газар гэдгийг би зам зуур мэдэж авлаа. Тэднийх гурван өрөө байртай бөгөөд том өрөөндөө том цагаан бичгийн ширээ, мөн ном болон пянзаар дүүрсэн цагаан өнгийн тавиуртай. Түүн дээрээ пянз тоглуулагч, өсгөгч тэргүүтнээ байрлуулж, хараар будсан ханандаа зурагт өлгөсөн нэлээд өвөрмөц бөгөөд тохилог сайхан айл ажээ. Ингээд өөд өөдөөсөө харан сууж, жижигхэн дуу хураагуураа асааж бидний албан ёсны ярилцлага эхэллээ.

    -Та эндээ л суугаад юм аа бичээд байдаг болсон юм аа даа?

    -Ихэнхдээ. Хотын гэртээ бас суунаа. Гэхдээ охин балчир болохоор үймүүлээд, юм бичих нь бүү хэл ном ч тухтай унших аргагүй болоод эндээ л голдуу ганцаараа бүгэх  юм даа. Номын өргөө гэж амьхандаа нэрлэдэг юм. (инээв)

    -Би таны өмнө өгсөн ярилцлагуудыг харсан. Бас “Санкара” номыг тань барьж аваад нэг амьсгаагаар уншиж дуусгалаа. Мэддэг гэж бодож явсан ч огт мэдэхгүй Төрмөнхийн туулсан амьдралаар амьсгалж, шаналж, нэг үгээр нөлөөнд нь орчхоод гарч чаддаггүй ээ. Таныг би бусдаас өөр хүн гэж бодож байна. Тэгээд уншигчиддаа тэр өөр Төрмөнхийг л үзүүлэх санаатай ирсэн минь энэ. Та илэн далангүй ярьж өгнө биз дээ?

    -“Санкара” номондоо бүгдийг шахуу биччихсэн болохоор нэмж юугаа ярих юм бол доо…

    - “Санкара” - д нүцгэн үнэнийг бичсэн гэж та хэлж байгаа. Үнэхээр ч эргэлзээ бараг төрөхөөргүй түүх байна билээ. Үнэн хэрэгтээ бүгд л тэрхүү нүцгэн гэх тодотголтой үнэнийг бичихийг зорьдог. Гэвч замдаа багагүй будлих нь элбэг. Нэрэлхэх, ичих, айх, эсвэл нэмэрлэж нисгэх аль аль нь энэ замд тохиолддог. Танд эдгээрээс хэр их тохиолдов. Бас нуусан үнэн хэр их үлдэв дээ?

    -Мэдээж бүх амьдралаа бичээгүй нь тодорхой. Эссэ-роман гэж нэрлэчихээд байгаа ч жанраа одоо болтол сайн мэдэхгүй л байна. Уран зохиол ч гэхэд хаашаа, зохиосон юм ховор. Гэхдээ бүү мэд дээ, ном гэж өөрөө л нэг хөтлөөд явчихдаг зарчмаар... гэхдээ уйтгартай биш, уншууртай болгох гэж л  хичээсэн юм. Бас кино зохиолын формат нэлээд байж мэднэ.

    -Таны хувьд үнэнийг бичихэд жаргаж бичдэг үү, эсвэл зовох нь их үү ? Ер нь үнэнээ өөрөө мөшгөх гэгч ямархуу ажил байна вэ. Жишээ нь  та амьдралаасаа аваад хаячихмаар тэр их зовлон руу эргэж очихдоо ахиад зүдрэв үү, сэтгэл зүрхний ямар хэмнэл дунд “Санкара”-гийн ард гарав?

    -Үнэндээ зовлонтой байсан үеэ тийм ч их гаргаагүй л болов уу даа. Гол зарчим бол хүн хаанаас ч аз жаргалыг олж болдог гэдгийг үзүүлэх гэсэн байж ч магад. Орон шорон гэдэг мэдээж хүсэх зүйл биш ч гэлээ тийм зовлонтой газарт хүн өөрийгөө олж болдог. Тэгээд ч дүүгийнхээ өмнөөс хэрэг хүлээсэн болохоор арай л зоригтой туулсан үеүүд юм шиг хожим бодогдсон. Галзуугийн больниц бол миний амьдралдаа үзсэн хамгийн их зүйл бодогдуулсан газар гэх мэт. Юу ч гэмээр юм бэ дээ. Бараг долоон жилийн өмнө бичсэн ч сая л хэвлүүлж байгаа юм. Харин анх Х.Баттулга уншаад их тоосон мөн Г.Аюурзана засах юм алга, алдаагаа хараад л хэвлэчих гэсэн болохоор л зориглосон байж тун мэднэ. Надад бол юу нь сонин байх билээ дээ. Үнэн учраас овоо хүнд хүрээд байгаа юм болов уу л гэж бодох юм. Алсдаа хоёр анги кино ч болчихмоор санагдаад бичсэн гэх үү дээ....

    -Та цаашдаа ингээд бичээд л байх бодолтой байгаа юу? Эсвэл өөр төлөвлөгөө бий юу?

    -Маргааш юу болохыг би мэдэхгүй. Хүн гэдэг өнөөдөртөө л амьдрах боломжтой. Хүн бүр л тийм байдаг. Маргааш шал өөр юм хийгээд унахыг би тааж хэлж мэдэхгүй. Гэхдээ кино зохиол, уран зохиол нийтлэлээ л бичсээр байх болов уу л гэж бодож байна. Ер нь маргааш тэгнэ, ингэнэ гэж ам гарах огт хэрэггүй. Нэг зүйлээ тууштай хийгээд байхаар бонус гэж нэг юм ирдэг шиг. Хийж буй ажилдаа ч сайжрахаас гадна  олдог хэд нь ч нэмэгдээд үнэ цэнэтэй болдог шиг. Маргаашийн амжилт доройтол  гэдэг өнөөдөр та хийж байдаг түүний л үр дагавар юм шүү дээ.

    -Арай л шашинжсан, эсвэл хөгшин хүний үг юм биш үү.  Эрсдэл дунд насаараа амьдарсан, шууд утгаараа ялагч байж яагаад ийм сонин “томоотой” нөхөр болж орхив оо. Уран бүтээлчдийн амнаас бол ховор л унадаг номлол байх чинь....

    -Ерөөсөө л тийм шүү дээ. Чи дэлхийн бүх алтыг ч өгөөд өчигдөрт очиж чадахгүй. Бясалгал хийдэг болсоноос хойш л ийм бодолтой болсон байх. Бид өнөөдрөө өнгөрсөний тухай харамсал, бас баяр ирээдүйн тухай хүсэл шунал, мөн айдсаар л барж байдгаа биеэрээ мэдрээд өнөөдөртөө л төвлөрч чадвал өнөөдрөө л хайр баясалаар дүүргэж чадвал маргааш гэдэг болоогүй зүйл болдогоороо болно гэж бодох болсон байх.

    -Улс төрийн сэдвээр голдуу нийтлэл бичих юм, улс төрд орох бодол байдаг уу?  Шилдэг нийтлэлчдийн клубт та зуу гаруй нийтлэл бичсэнийг чинь давхардсан тоогоор зургаан сая гаруй удаа уншсан байв уу.

    -Уг нь анх намайг Баабар тэр клубт урихдаа урлаг, утга зохиол танин мэдэхгүйн юм бичих байх гэж урьсан юм билээ. Гэтэл би улс төрийн л өнцөгтэй юм бичдэг олны нэг болчихсон. Яагаад гэвэл өнөөдөр энэ сэдэв л эрэлттэй болоод тэр шүү дээ. Юу ч ярьсан явж явж улс төр л болчихдог ийм л нийгэмд амьдарч байна, бид. Гэхдээ бас улс төрд орж насны бөгсөнд нэр хүндээ унагаад яахав дээ. (инээв) Харин зөвлөх, туслах ажлыг бол одоо ч хийж л байгаа. Энэ нь надад зохих ажил шиг. Ер нь нийгэм нийтдээ улс төржсөн байнаа.  Нүүр номыг хар л даа. Гоё сайхан дуу тавихаар арав хүрэхгүй хүнд таалагддаг. Улс төрийн чанартай хэрүүл тавибал хэдэн зуу бүр хэдэн мянган хүнд таалагдахаар барахгүй коментоор хэрүүл цувж өгнө.

    -Яг тийм шүү. Зөөлөн, гэгээн юм бичдэг хүмүүсийг элдэв нэр хоч зүүж яллах гээд ч байдаг болсон юм шиг. Нохой шуугиулагчдыг бол дагаад л пижигнэчих. Ингэхэд та бас фэйсбүүкт их идэвхтэй байх юм билээ. Хайран цаг биш үү?

    -Өдөр тутмын ажил маань компьютерийн ард суух юм болохоор байнга орж харах юм даа. Хайран цаг гээд таг устгаад алга болж болохгүй л дээ. Бас нэг нийтлэлч ухаантай болохоор. Олны санаа бодлыг мэдэх гэдэг ялангуяа сэтгүүлчид ч зохиолчид ч хэрэгтэй. Александр Тарковскийн “Сталкер” кинон дээр нэг зохиолч гардаг даа. Түүнээс хажууд нь яваа бас нэг өрвийсөн нөхөр “Та юун тухай бичдэг юм бэ гэж асуухад тэрээр уншигчдийнхаа л тухай бичдэг” гэж хариулдаг даа. Тэгэхээр уншигчид маань ямар вэ гэдгийг харж байх ёстой юм. Анх гарч ирэхдээ ч бас ч гэж хүмүүс нэрээ бодож олонд муу санаатайгаа харуулах дургүй, болгоомжтой үгээ цэнэж бичдэг байсан шиг. Одоо ч бүр нэр нүүр өнгөрч. “Олны дунд үгээ мэд ганцаар суухдаа сэтгэлээ мэд” гэдэг фэйсбүүкт шууд хамаатай үг. Би ч илт өөдгүй санаатай улсыг өөрт муу хандаагүй ч бусдад мунхагаа гайхуулахыг нь  хараад найзаасаа хасаж л суудаг. Өөрт чинь харагдаад байгаа бүхэн чиний найз юм шүү дээ.  Гэхдээ барагдахгүй юм билээ, тийм улс. Гайгүй нөхөр гэж бодож байтал удахгүй танигдаад л гайтай болох нь мэдэгдээд ирнэ. Гэхдээ энэ бүгд хормын төдий л эмоци юм шүү дээ. Гудманд тааралдаад фэйсбүүкийн постуудаасаа болж хэрэлдэж зодолдоод байдаггүй биз дээ. Ер нь амьдрал ийм л түр зуурын зүйл юм даа. Тэгэхээр элдэв балай юм бичиж өөрийнхөө нэрийг өөрөө барж суух ямар хэрэгтэй юм бол бүү мэд. Зүгээр л өөрийгөө хэн гэдгээ үзүүлдэг газар болоод удлаа даа.

    -Өмнө бол цөөн тооны сэтгүүлч, зохиолчдын л бичсэнийг уншдаг байсан бол одоо ч хүн бүр  “сэтгүүлч” болчихсон юм шиг харагдах болж.

    -Тэгш амгалангаар харж чадвал энэ нүүр ном бас олны сэтгэлийн  толь юм. Ер нь энэ хүн ямар хүн юм гэдэг шууд харагдана. Тэгэхээр цөөн хүнтэй манайханд хүн танихад  бас ч тустай сайн тал байна. Өнгөн дээрээ их сүрхий харагддаг хүмүүсийн нүүр номыг уншихад л тэр хэн бэ гэдэг илт шүү дээ. Ганц ч удаа номны тухай юм бичээгүй хүмүүс ихэнх нь дээ.  Эд баялаг мөнгөөр ядуу байх нэг хэрэг,  сэтгэлийн баялаггүй ядуу хүмүүс  маш их болжээ…

    -Улам л оюунаар ядуу, сэтгэлээр ядуу болоод байгаа нь таныхаар юутай холбоотой вэ?

    -Мэдээж олон хүчин зүйл бий. Ажилгүй, түүнээсээ болоод ядуу байгаа бол нийтлэг асуудал. Нэг талаас фэйсбүүкт тийм завтай хүмүүс дийлэнх нь юм шиг .  Гэвч бас статистик тоо харахаар тийм ядуу биш ч юм шиг. Жишээ нь, манайд 900 гаруй мянган машин байдаг гэнэ. Тэрнээс 800 гаад мянга нь хувийн машин гэсэн тоо хараад их гайхсан. Ерөнхийлөгч нэг удаа уулзахдаа энэ тоог хэлээд гайхаж байна билээ. Машин унах насанд хүрсэн хүмүүсийн тал нь байгаа биз дээ, бараг.

    -Энэ их оюуны хоосрол юутай холбоотой вэ гэх асуултыг бид их тавьдаг. Энд тэндгүй л энэ сэдэв явж байгаа. Та юу гэж бодож байна.  Ном уншихаа байсантай холбоотойгоор оюуны хоосролд ороод байна уу… бас л улс төр, нийгмийн гажуудалтай холбоотой юм уу. Үнэндээ ядуу хүн талхаа л авахыг бодохоос номонд мөнгө үрэхгүй шүү дээ?

    -Нэгд аль ч улсад, аль ч нийгэмд,  аль ч цаг үед баян чинээлэг, эрх мэдэлтэй хүмүүс дандаа цөөнх байсан байдаг. Тэгэхээр сэтгэлгээний хоосролыг ядуутай холбоотой гэх арай л худлаа дүгнэлт байх. “Ямар ч ядуу хүнд саван авах мөнгө олдоно” гэж нэг бүсгүй “Танайд хоноё” нэвтрүүлгээр хэлж байсан даа. Мэдээж улс төр нийгмийн хууль энэ тэрээс хамааралтай зүйл олон байгаа ч гэлээ хувь хүн хэрхэн оюун ухаан, сэтгэл зүрхээ цэвэр авч явах өөртэй нь л хамаатай зүйл. Дэлхий дахинд ном уншдаг хэсэг бас л цөөнх. Одоо кино, телевиз, дээр ярьсан нүүр ном гэх гоё нэртэй ч муухайгаа үзүүлдэг талбарт хамаг цагаа үрээд  ном төвлөрч унших улам л багасаад байгаа. Би ч өөрөө тийм их ном уншдаг хүн гэж өөрийгөө хэлж чадахгүй. Мэдээж уншина л даа. Ийм болохоор ном бичих надад их зүгээр санагдах болсон. Уншдаг хэдэд л зориулж бичнээ гэсэн үг. Уншдаг тэр цөөнх нь оюунлаг хэсэг байдаг. Тэхээр “Сталкер” дээр өгүүлдэг шиг уншигчдынхаа л тухай бичих, тэд л унших болохоор  тун зүгээр.   Ер нь товчхондоо бол гаднаа гоёх бусдад баян тансаг сайхан харагдахад хамаг хүчээ зориулаад байгаагаас л сэтгэл хоосроод байх шиг. Үүнийг дээрх машины тоо харуулж байна. Гар утас ямар үнэтэй билээ дээ. Үнэтэй нь хэдэн сая төгрөг, гэтэл бараг бүгд тийм үнэтэй утас л барихад хамаг мөнгөө үрж байгаа шүү дээ. Гар утасны тоо, үнэ гэж статистик гарвал аймаар том тоо гарч ирэх нь ойлгомжтой. Гурван сая хүнд дөрвөн сая утас ч байж мэднэ. Бас 9911 тэй утас хэдэн арван сая гээ биз дээ. Ийм л нэг хэлбэр хөөсөн, түүнээсээ болж дотроо тарчилсан сэтгэлийн цэнгэл нь эд л болчихсон нийгэм бий болж дээ. Хүн угаасаа гадагшаа л харж амьдардаг ч дотогшоо харж байх их чухал юм. Өөрийгөө толинд л хараад байхаас биш дотроо юу болж байгааг хардаг хүн бараг үгүй. Ямар нэгэн муухай бодол, сайхан бодол хэзээ ч алга болдоггүй. Далд ухамсарт шингэж хоцордог. Үүнээс л өнөөх үйлийн үр гэдэг гарч ирээд байгаа юм. Далд ухамсарт цуглуулсан үйлийн үр дүн хадгалагдсаар л байдаг гэсэн үг. Нэг тохироо нь бүрдэхээр галт уул шиг дэлбэрнэ гэсэн үг.  

    -Танайхыг харахад нэлээд чинээлэг харагдах юм. Ингэхэд та яаж мөнгө олдгоо хэлж болох уу?

    -Үгүй яахав дээ, ДУДС- д сурч байсан болоод өнгө зүс донжийг тааруулахдаа гайгүй болоод тэгж харагдаж байж мэднэ. Тийм айхтар үнэтэй тавилга сэлт бол байхгүй ш дээ. Анх бол телевизийн студи ажиллуулж, нэвтрүүлэг энэ тэр хийж олон жил амьдарлаа залгуулдаг байлаа. Мэдээж сонгуулиар л овоо хэдэн бор юм олно. Одоо бол номоо бичиж түүнийгээ зарж амьдарч байна. Түмний нэг хөрөг цувралыг мөн дажгүй үнээр бичдэг.

    -Та үргэлж бичиж суудаг юм уу? Энд ганцаараа байхдаа өдөржин бичээд л суух уу. Өөр хэмнэлүүдээс үнэхээр залхаж орхисон уу?

    -Би олон зэрэг юм юм хийж чаддаг гэдгээ эхлээд хэлэх хэрэгтэй байх. Одоо гэхэд өмнө орчуулж гаргасан “Кино зохиолчдын библи” ном зарагдаж дуусаад их удсан, хүмүүс дахиж хэвлээрэй гээд байдаг болохоор түүнийгээ нэг сайн ариутган шүүгээд дээр нь юм хум нэмж янзалж сууна. “Сайн кино бүтээхэд гурван зүйл хэрэгтэй. Эхлээд сайн зохиол, дараа нь сайн зохиол, гурав дахь нь мөн л сайн зохиол” гэсэн Холливудын хэлц үг байдаг болохоос яаж бичих гарын авлага нэг ч гараагүй тул дахиж хэвлэж буян хийх л санаатай юм.  Мөн дээр хэлсэн “Түмний нэг хөрөг  цуврал”-ын гурван ч ном бичигдэж байгаа. Мэдээж үнэгүй ч үүргээ бодож шилдэг нийтлэчдийн клубт нийтлэлээ үе үе бичнэ. Саяхан Ч.Содбилэгтэй хамтарч бичсэн түүхэн сэдэвт гурамсан романыхаа  гуравдугаар дэвтрээ явуулж байна. Хааяа бас хөгжмийн зохиолчид ая өгч, үг бичүүлдэг. Яг  одоо бас хоёр ч хүн хандсан түүнийгээ онгодтой байвал бичнэ. Мөн интернетээс бичиж буй зүйлдээ таарах эх сурвалж  хайж олж, орчуулж бэлдэнэ гэх мэт. Заримдаа бол долоо хоногоор ч яс суудаг, заримдаа бол үгүй. Өдөр өдрийн л аашаа дагана даа. Пянзаа сонсоно, ном уншина, кино үзнэ . Миний мөнгө үрдэг гол хоёр зүйл ном, пянз хоёр. Пянз бас үнэтэй хобби. Нэг пянз 40000-100000 орчимд хэлбэлздэг болохоор дуртай зүйлсээ худалдаж авах мөнгөтэй байх хэрэгтэй. Гэр орноо тэжээнэ, нялх охины цэцэрлэг, сургуулийн зардал гээд гэрийн эзний үүрэг гэж юм бий.  Ийм л зүйлс  ээлжлээд бор хоногууд өнгөрч байна даа …

    -Нэг нэвтрүүлгээр орохдоо “чөмгөө дундартал ажиллана гэдэг их хачин үг, надад дундрах чөмөг байгаа ч билүү …” гэж маазарч байсан. Гэхдээ ядарна биз дээ, ийм их ажилтай суухад?

    -Ядарна л даа. Заримдаа толгой өвдөнө. Гэхдээ би бичиж суухдаа маш аз жаргалтай болдог. Тэгээд л жаргах гэж бичээд байгаа дон ч байж  мэднэ. Гэхдээ л дуртай юмаа хийж байгаа болохоор ажил гэж огт боддоггүй юм. Миний хобби юм чинь. Хоббигоороо мөнгө олж байгаа болохоор сайхан л даа. Ажил гэдэг үг нэг л тарчлаантай хэцүү зүйлийг илтгээд байх шиг байдаг. Хүн ер нь дургүй ажлаа хийж олсон хэдээ дуртай хоббидоо л зориулдаг шүү дээ.

    -Бүсгүйчүүд, сархад, зугаа цэнгэл, аз сорьсон алхмууд, аялал...энэ бүх амтат зүйлсээс холдчихсон гэхээр бүр нэг гайхаад байх юм. Арай эрт биш үү?

    -Архинаас бол гарсаан. Их ч уудаг байлаа. Одоо эрхбиш болоо биз дээ... (инээв) Би угийн л гэрсэг хүн. Гэрээ тохижуулаад тухтай суухыг эртнээс хичээдэг байсан. Кофенд нугасгүй, за тамхи их татах юм даа. Сайхны өмнө нүд бүруугүй гэгчээр сайхан зүйлд дурлах ч залуу нас шигээ бүр араас нь хөөцөлдөх нэг л цэнгэл биш санагдах болж. Хүн ер нь оюун ухаанаар бол хөгширдөггүй бололтой юм байна. Бие бол мэдээж хуучирна. Одоо тэгээд нялх хэнз охинтой болоод түүнтэйгээ л байх жаргал болж. Дахиж төрөх шиг, дахиж амьдрал эхлэх шиг үйл явдал байдаг юм байнаа. Хэнз хүүхэд гэж сонсож байснаас биш биеэр мэдрэх шал өөр юм. Сайхан хөгжим, сайхан ном, сайхан кино гээд энэ хорвоод сайхан зүйл бишгүй олон шүү дээ. Гадаад улсад номоо гаргаж хэвлүүлж эхэлсэн тэр бас л маш сайхан зүйл. Бас өнөөх мөнгөнөөс болоод хийж чаддаггүй байсан киноны тухай бодлоо ч орхиогүй. Кино гэхдээ их азгүй урлаг яагаад гэвэл мөнгөнөөс шууд хамааралтай. Нас насанд таарсан жаргал цэнгэл гэж байх юм даа. Мөнх бус гэдэг сэтгэлд маш их хамаатай зүйл шиг. Өмнө цэнгэл авдаг байсан зүйл алга болдог ч нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг хорвоо шүү дээ...

    -Амьдралдаа учирсан бүсгүйчүүдийнхээ тухай та бичжээ. Зарим үед жаахан зүрхшээмээр үнэнийг хүртэл. Ил гарч ирээд дагуулаад явахаас ичдэг хэрнээ халуухан шөнүүдийг хамт өнгөрөөдөг анхны бүсгүй, амьдралыг чинь хамаагүй хөнгөвчлөөд хаячихаж байгаа  бэлтэй, бийлэгжүү бүсгүйн тухай гээд л...Гэхдээ л эмэгтэйчүүдэд хэтэрхий хайнга хандсан юм шиг санагдсан. “Санкара”-д дурьдагдаагүй халуухан бүсгүйчүүд өчнөөн л биз дээ?

    -Гэхдээ нэг зүйл байх юм аа. Амьдрал л болсон хойно учирч уулзаж, дурлаж явсан бүсгүйчүүд овоо хэд байдаг ч тэд одоо ч надад сайн хандсан хэвээрээ л байдаг. Ном бол нэг өөр хэрэг, тэр номонд орох ёстой нь л өөрөө ордог байх. Яагаад гэвэл тэр чинь өөрийн гэсэн нэг дүрмээр өөрөө явдаг эд болохоос миний амьдралын дурдатгал эсвэл бүртэл тооцоо биш шүү дээ...Нэгэнт өнгөрсөн ч гэлээ тэр цагтаа сайхан байсан дурсамж хожим ч сэтгэлд гэрэлтэй, дулаан хэвээр үлддэг юм шиг. Би телевизэд их удсан. Бас ч гэж од шуу юм байсан болоод сайхан хайр дурлалтай таарч явсаан. Гэвч нэг л болж өгөөгүй учрал ч их л байсан. “Хонин цагаан үүл” гэж Том Жагаагийн ая, миний шүлэг талийгч анд Бадрууганы дуулсан дууны шүлгээ одоо сонсоход тэр бүх эмоци  тэнд үлдсэн санагддаг.

    Хонин цагаан үүл нь ээ хө

    Хувирч сэмрээд нүүлээ дээ хө

    Хонгор жаалхан чамтайгаа би ай хө

    Ханилахын заяа ч дутлаа даа хө... гээд л манай Ууган дуулдаг даа... (инээв)

    Сараагийн дуулдаг Хоовонгийн ая “Аниргүйн шивнээ” ч гэсэн тиймэрхүү л шивнээ байсан юм билээ.

     

    -Гандаж шарласан модны навчсыг

    Хүйтэн салхи хийсгэн одлоо

    Ганихарч цөхөрсөн өнчин сэтгэлээ

    Ганцхан өөрөө л өрөвдөөд хоцорлоо... гээд л үү... Сараагийн дуу энэ хотоор хаддаг байв даа. Миний хувьд одоо ч бест дуу хэвээрээ.

     -Залуу халуун насны хайрлаж дурлаж явсан үеийн сэтгэл хөдлөлүүд шингэж үлдсэн байх гэж одоо боддог . Ийм галзуу үеүүд хүн бүхний л амьдралд байдаг. Манайханд нэг сонин зан байдаг нь өөрийнхөө ханилж дурлаж яваад салж холдсон хүмүүсээ муулаад байдаг зан. Гээндээ ч бий гоондоо ч бий шүү дээ.

    -Тэвчихийн аргагүй булай зан бол наадах чинь. Хайрлуулж, хамт эрсдэл хийж, тэр хүнээр амьсгалж, хамтдаа дурсамжийн тор нэхэж нэхчихээд хожим муу хэлээд л яваа хүмүүс харагддаг.

    -Тэгэхээр уусан архи унтсан хүүхнээ бүү муу хэлж бай гэдэг их үнэн үг санагддаг.

    -Та хэдэн хүүхэдтэй вэ?

    -Түрүүн чи хэлээд байсан анхны хайрын үр Зоригоо гэж залуу бий. Японд сурч байсан бүр Сити банкны дэд ерөнхийлөгч японд хийж байгаад энд ирчихсэн хүү байгаа даа. Номунзул гэж охин байна. Мөн л номонд дурдагдсан. Кино зохиол бичээд байгаа одоо.  Энгүлэн гэж охин байна. Энхтүвшин гэж хүүтэй минь хамт өсөж том болсон. Одоо модель хийдэг сайхан залуу байгаа. Одоо бас нэг Нинжин гэж нялх охин байна даа...Баахан охидтой л хүн дээ би.

    -Эмээ тань их хүчирхэг эмэгтэй байсан юм билээ. Бараг дангаар нь юм бичмээр... Харин та ээжийнхээ тухай бага ярих юм.

    -Эмээ маань их урт насалсан хүн, 94 тэйдээ өнгөрсөн. Дундговийн Эрдэнэдалайн хүн. Маш ухаалаг, буянтай буурал байлаа. Би ер нь эмээ өвөөгийн хүүхэд юм даа. Цогзолмаа эмээ, уран дархан  Зундуй өвөө энэ гурав дээр л хүн болсон. Ээж маань хэдэн жилийн өмнө бурхан болсон. Эрдэнэтэд байсан юм. Багад маань салаад явчихсан болоод жоохон хол өссөн гэх үү дээ. Эмээтэйгээ л ойр байсан болоод эмээгийнхээ тухай нэлээд түлхүү биччихсэн  юм шиг. Намайг хүн болгосон хүн юм даа. Хүнээр хүн хийсэн хүн байжээ.

    -Аавын тань бурханы орон луу явах мөч надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Сувдаа эгч гэх тэр эмэгтэйтэй та хожим холбогдож байв уу ? Таны аавын өдрийн тэмдэглэлүүд үлдсэн үү?

    -Би аавынхаа тухай нэг ч нэвтрүүлэг хийгээгүй өнөөг хүрч. “Санкара”-д ч гэсэн тийм их оруулаагүй л юм билээ. Сувдаа эгч одоо байгаа . Нэг их уулзаад байхгүй юм даа. Аавыг минь түшиж эцсийн хоног хүртэл хамт байсан хүн. Бид ааваас гурвуулаа ч хоёр маань өөд болчихсон. Би ч ганцаараа л торойж үлдсэн хүн дээ. Аав тэмдэглэл хөтөлдөггүй байсан. Зураач хүн зурна л шүү дээ. Аавын ажлууд эгчид байгаа байх. Харин хожим би аавынхаа тухай нэг ном бичих санаа байгаа ч яаж бичих, ямар хэлбэртэй байхаа бодож олоогүй л сууж байгаа гэх үү дээ. Зүгээр нэг дурдатгалын ном бичих ч хаашаа . Нэг л өөр бүтэц хэлбэртэй баймаар санагддаг юм. Зураачид бол аавыг маш сайн мэднэ. Бүгд ам сайтай явцгаадаг. Гэвч бас мэддэг хүмүүс нь цөөрөөд л байна даа...Аав минь дээ гэж...(түүний хоолой цахиртаад ирлээ)

    -Хэцүү бэрхийг туулсан ч чив чимээгүй эдэлсэн өвгөн зураач. Өөрөөр амьдарч болох л байсан авьяастан. Үр хүүхэд, хүрээлсэн нийгэм, амссан зовлон зүдгүүртээ нэгээхэн ч гомдож, гоншгоноогүй хатаагдсан эцэг...  Б.Доржханд гуайн тухай кино хиймээр санагдсан. Энэ талаар та бодсон уу?

    -Харин нэг тиймэрхүү л юм бодож явдаг юм. Хуурай дурдатгал бичээд ч дээ... Хэдэн хүн унших билээ. Би аавынхаа тухай нэг өөдтэй л юм хийх юмсан гэсээр нэг ч юм хийлгүй өдий хүрч дээ. Том сэхээтэн, том удирдагч мөртлөө арай л хэтэрхий даруухан ажлын төлөө төрсөн хүн байсан юм даа. Би бол хажууд нь залхуу залхаг амьтан шүү дээ. Асар их номтой, асар хичээнгүй тэгээд ямар сайхан сэтгэлтэй, зөөлөн, тэгсэн хэрнээ олныг татах их хүчтэй хүн байсан юм даа. Хаяа аавыгаа бодохоор өөрийгөө маш их голдог. Аав минь дуугүй хийхээ хийгээд л явдаг. Амьд байхдаа нэг их үгүйлэгддэггүй ч өнгөрсөн хойноо маш их үгүйлэгддэг тийм хүмүүсийн нэг байсан юм. Хааяа маш их санаагаар унадаг байсан. Гэхдээ тэрийгээ ер харуулах дургүй. Хуучны сэхээтний нэг тийм алт шиг чанар аавд минь бүгд байсан юм даа. Яахав Доржхандын Төрмөнх гэж сайн хэлүүлж явахдаа аавыгаа баярлуулж байна гэж, муу хэлүүлж явахдаа харамсаж явсаар л өнөөг хүрч дээ...

    -Найз нөхдийн тухай ярихгүй юу. Таныхаар найз гэж хэн юм бэ. Та дүүгийнхээ хэргийг өмнөөс нь үүрч чанга дэглэмтэй шоронд олон жил сууснаа “Санкара” номондоо ил тод бичсэн . Зовлон гэж юу вэ, Бясалгал хийснээр зовлонгоос салах уу. Бас л “Санкара”-г уншиж байж бясалгалд гүн орсныг тань мэдлээ?

    -Найз нөхөд гэдэг бас л цаг үргэлж өөрчлөгдөж байдаг шиг. Гэхдээ мэдээж гуч дөчин жил найзалсан найз нар байгаа л даа. Тухайн үеийн байдлаас найз гэх ойлголт агуулгаа өөрчлөгдөж байдаг шиг. Хорих газарт хамт байсан улсыг бас найз гэлгүй яахав дээ. Төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар бид хоёр гучаад жил, Шар Энхээ гэх анд маань мөн л дөчөөд жил, ерөнхийлөгч болчихсон анд маань ч мөн дөчөөд жилийн өмнийн л анд нар. Одоо ч хэвээрээ  байж л байна. Гэтэл ууж явахад их ойр байсан нөхөд одоо харин сураггүй болчихсон байх жишээтэй. Гэхдээ одоо энэ цахим ертөнцөөс болоод уулзаж учрах улам л ховор болж эхэлж байна. Найз гэдэг тайлбарлан ярихад их төвөгтэй эд. Ядарч явахад ойр байсан ч задарч явахад алга болчихдог найз байхад, чадалтай явахад шаваад байснаа ядарч зүдрэхэд алга болдог нь илүү олон. Найз гэдэг юуны өмнө хүндэлтэл, дотоод хайр юм болов уу л гэж бодох юм даа. Тэр хайр, хүндэтгэл  ямар нэгэн зүйлээр нөхцөлдөж улам гүнзгийрэн агуулгаа өөрчилж байдаг юм болов уу. Эхнэр аваад амьдралаа бодоод эхлэхээр найз нар хөндийрч өөр өөрийн амьдралаа хөөгөөд явчихдаг. Гэхдээ ямар ч үед тэр нэг нөхөрлөлийг хүндэтгэх  сэтгэл байсаар л байвал тэр найз мөн байх л даа. Гэхдээ өөртөө л тус болсныг найз гэх их өрөөсгөл амиа хичээсэн үзэл элбэг. Өөрөө тэр найздаа тус болж сэтгэлийн гүндээ хүндэлж хайрлаж байна уу гэдгээ өөрөөсөө эхлээд асуух хэрэгтэй байх.С.Цогтсайхан Б.Бадрууган… гэх мэт олон ч найз нар маань үгүй болж дээ.  Эрчүүдийн нөхөрлөл их чухал ч нэг эвдрэхээрээ эргэж сэргэдэггүй бүр дайсан ч болдог юм шиг.

    -Зовлон гэдэг?

    -Бүх зовлонгийн дундаас хамгийн хүнд нь сэтгэлийн зовлон бололтой. Өвдөх мэдээж зовлон. Гэвч тэр зовлонт мэдрэмжийг улам зовлонтой болгодог зүйл бол сэтгэлийн зовлон. Бясалгал гэдэг их товчоор хэлбэл сэтгэлдээ тэгш амгаланг тогтоож дадуулах, өөрт буй сэтгэлийн дайснаа үгүй хийх арга гэж хэлж болно. Бясалгалын тухай их олон ярьсан болохоор энэ удаад дэлгэрүүлж яримааргүй байна. Нэгд, хийж үзээгүй хүнд тайлбарлахад их төвөгтэйн дээр байнга бясалгал яриад байх мөн л эго ч юм шиг нэг их гайхуулаад байгаа мэт учир номонд хазгай юм даа. Товчдоо бол тэртэй тэргүй өгсөж уруудаж байдаг хорвоогийн жамыг энэ олон сайхан муухай мэдрэмжүүдэд сэтгэлээр  унаж босолгүй  тэгш амгалан  хандаж сурахыг л заадаг гэж ойлгож болно. Бүх сайхан муухай мэдрэмж түр зуурынх. Сексээс их сайхан мэдрэмж авдаг гэх ч тэр хоёр гурван минут л үргэлжилнэ. Тэгээд арилж үгүй болно. Хайр дурлал ч мөн адил хамгийн мөнх бус үүссэн шигээ алга болдог эд шүү дээ. Бясалгал энэ хүний шунаад байгаа элдэв сайхан  мэдрэмж болон  өвдөх, зовох гэх мэт  муухай мэдрэмжинд ялгалгүй тэгш амгаланг хадгалж гарах тухай л юм даа…

    -Та Ерөнхийлөгчийг бясалгалд суулгах гэж ятгаж үзсэн үү?

    -Үзсээн. Гэхдээ тэр сууж амжаагүй л байна. Н.Энхбаяр бол суусан шүү дээ. Зохиолч Г.Аюурзана, Петровисын Оюунгэрэл… гээд олон хүнийг суулгаж чадсан  л даа. Х.Баттулга эхлээд жүдочдыг ч суулгасан. Харин яг олон улсын тэмцээнд оролцоод ирэхэд нь таарсан учир ядарцгаасан, тэгээд ч цагаан хоолонд хоолшихгүй зэргээс болж ихэнх нь шантарч гарсан болохоор надад “Чиний энэ хийгээд байгаа бясалгал бас ч тэр болгон суучихдаг эд биш бололтой. Тамирчид уг нь сэтгэлийн тэнхээтэйсэн…” гэж байсан. Одоо ч бүр худлаа боллоо л доо. Арав хоног төрийн тэргүүн ажлаа орхиод яаж ч суух билээ дээ. Гэхдээ Ганжуурын гурван ботиос эхлээд бясалгалын олон ном өгсөн бүгдийг харин уншчихсан шүү.  Агуу юм энгийн байдаг номтой болохоор хөндлөнгөөс харахад нүдээ аниад завилж суугаад байгаа юм шиг энгийн ч гэсэн бас их хэцүү эд шүү дээ. Хүний сэтгэлийн хир хэр зэргээс бас хамаарч хүн бүрт өөр өөрөөр мэдрэгдэнэ. Би ч маш их санкаратай хүн болохоор арваад жил сууж буй ч өнөөх санкара тийм ч сайн нимгэрээгүй л байх шиг. Гэвч хийсээр байгаад үхэлтэй золгоно гэж боддог. Үхэх цагт их хэрэг болно шүү дээ. Хүн амьдалынхаа эхний хорин таван жилийг юм сурахад, удаах хорин таван жилийг сурсан зүйлээрээ амьдарч, бүтээхэд, үлдсэн хорин таван жилийг үхэлдээ бэлдэхэд суралцах ёстой гэдэг юм билээ. Би одоо сүүлийн хорин таван жил рүүгээ орчихсон болохоор бүтээхийн хажуугаар үхэлдээ бэлдэх хэрэгтэй л дээ. Бид бүгд үхнэ шүү дээ…

    -Гурван жилийн өмнө таны бичсэн “ Миний мэдэх Женко Баттулга “ номыг уншсан. Бээжингийн эмнэлэгт бас л тэр номтой ханьсаж байв. Тухайн үед энэ чинь Женкогийн тухай ном биз дээ. Төрөөгийн “Би” л хутгалдаад яваад байх юм гэж жаахан ундууцаж байсан. Сая “Санкара” –г уншаад тэгж л бичигдэх ном байж гэж ойлголоо. Сайн мэддэг хүнийхээ тухай бичих хэцүү байдаг. Танд түүний номыг бичих ямар байв?

    -Би хутгалдахаас өөр аргагүй нэр нь ч гэсэн “Миний мэдэх женко Баттулга” шүү дээ. Харин одоо гадна хэвлэгдэж гараад эхэлсэн чинь ерөнхийлөгч болсноос хойшх үеийн бүлэг нэмж бичиж дүүргэ гэх гадны паблишерүүд бий болоод байнаа. Энэ харин их хэцүү нэмэлт болох гээд гайхаад л сууна. Тэр цаг бол их өөр цаг үе. 2015 оны үе шүү дээ. Өнөөх барьж хорих гээд л бөөн юм болж байсан үе. Тэгээд ч би өөрийнхөө мэдэх зүйлийг л бичсэн бөгөөд би гэх баатар орж ирж байж л юм болох ёстой байсан юм. Бичих явц тийм хэцүү байгаагүй. Харин одоо л хэцүү болох гээд байна даа. Яг л хуучнаараа байгаа л даа. Гэхдээ өнөөх маань төрийн тэргүүн болчихсон байдаг. Анх ерөнхийлөгч болсны дараахан уулзаад “Би чамайг ерөнхийлөгч гэж огт харахгүй байнаа...” гэхэд “ Би ч гэсэн ...” гэж байж билээ. Бид хоёрын харьцаа бол мэдээж өөрчлөгдөхгүй ч төрийн тэргүүн гэдгээр бол өөр байх ёстой . Үүний учрыг яаж салгаж үлдсэн нэг бүлгийг бичихээ бодож ёстой “зовж, шаналж “ суух боллоо. Нэгэнт гадныхан тэгж хүссэн болохоор бичиж л таарах шиг. Тэгээд нэг ап дэйт хийгээд монголоороо бас гаргана даа. Эхнэрийн тухай гэх мэт хүмүүсийн мэдэхгүй зүйл ч бас их орхигдсоон өмнөхөд...

    -Ерөнхийлөгчийн одоогийн үйл ажиллагаа, ялангуяа бизнес, эдийн засгийн чиглэлийн баримталж буй бодлогууд, улс төрийн хуучин эгнээнийхэнтэй хийж буй тэмцэл нь танд юу бодогдуулдаг вэ?

    -Одоо ярихад эрт байгаад л гол “зовлон” оршиж байна. УИХ ын чуулганы нээлт дээр хэлсэн үг түүний яг бодож буй зүйл юм шүү дээ. Эрс шинэчлэл хийх тухай. Гэхдээ бүх зүйлс аажуухан ч гэсэн явж л байгааг бүгд харж л байгаа. Тэгэхээр би энд илүү үг хэлэх арай л эрт шиг. Нэг зүйлийг харин нэмж хэлмээр байна , мэдэхийн хувьд. Тэр мөнгөнд баясахаа байгаад удсан хүн. Тэр мулти миллионер, лимузин унаж үзнэ гээд сая доллараар авч унаад дөчин минут яваад л уйдсаныг би мэднэ. Түүнд бүх юм байгаа. Орос эхнэр ч гэлээ эрчүүдийн мөрөөдөл биз дээ...Ер нь товчоор бол тэр одоо энэ улсыг л улс шиг улс болгох ганц том амбицтай хүн. Пак  Жон Хи  шиг Ли Куан Ю шиг л түүхэнд үлдэх юм бүтээх ганц л хүсэл шунал байдгийг нь би дөчин жил шахам ойр явсан хүний хувьд хэлж чадна. Чингис хааны морьт хөшөө хэн босгов? Жүдо бөхийг ийм зэрэгтэй хэн болгов. Майдар хот энэ тэр гэсэн өчнөөн төслийг хэн хийлээ гэх мэт. Гэвч тээг саад их байна даа. УИХ гэдэг 76 хүнээс сайндаа 16 нь сайд болдог үлдсэн 60 нь дайсан, тэгээд л засаг нь унаад байгааг бид бүгд харж байна. Ерөнхийлөгчид санхүү мөнгөний ямар ч эрх байхгүй. Түр зуурын арван дөрвөн сартай засаг юугаа хийх билээ дээ...За ингээд л улс төржих гээд байдаг юм зогсоё.

    -“Миний мэдэхгүй З. Энхболд” –ыг хараахан уншиж амжаагүй байна. Түүнийг энэ цагийн хамгийн содон дүрүүдийн нэг гэдгийг мэдэж байна. Маш олон удаа уулзаж байлаа, олон ч удаа ярилцаж байсан. Одоо хөшигний араас хутгагч, Төр баригч... юу юу ч гэнэв . Миний мэдэхгүй их л олон талт, их л өөр Энхболдын тухай цахимынхан бичих болж. Та номынхоо тухай, түүний тухай өөрт үлдсэнээ хуваалцаач?

    -Тэр номыг бас л дахиж ап дэйт хиймээр ном байгаа юм аа. Таван толгойг авч үлдсэн түүхийг л тойруулж бичсэн юм шүү дээ. Сонгууль болох гээд цаг шахуу ч байсан даа. Маш сонирхолтой хүн. Их прагматик, технократ хүн юм билээ. Одоо ч улам ойр дотно болсон болохоор илүү сайн мэддэг болж. 

    -Намтарчилсан хөрөг ном бичих амаргүй. Хүмүүс түүхээ цэвэрхэн үлдээх хүсэлтэйгээс болоод . Энд ярьж байгаа хоёр эрхэм бол тэр мэт зүйлийг давчихсан улсууд. Харин таныг сонгуулийн өмнө хэвлэгдэж байгаа болохоор “Миний мэдэх Женко”-г  зүгээр л вальс шиг хийчихсэн гэж бодоод байдаг юм.

    -Харин дээр хэллээ. Бараг дөчин жил мэдэх болохоор өөрийгөө бичиж байгаа мэт амархан хөнгөхөн явчихсан байх гэж. Гэхдээ цаашид нэмэж бичих л хэрэгтэй болно. Ер нь аль ч хүний намтрыг нэг бичээд орхих арга байхгүй юм билээ. Цаг хугацаа өнгөрхөд хүн өөр болоод л байдаг. Амьд хүмүүс шүү дээ. Нас нөгчсөн хойно нь бичиж байгаа биш учир хүн яаж ч өөрчлөгдөж болно. Нийгмийн сэтгэл зүй ч гэсэн туж өөрчлөгдөж байдаг.  Мөнх бус зүйл юм даа. Би өөрөө нэмж амжихгүй ч хожим түүхэн эх сурвалж болж үлддэг зүйл зөвхөн ном шүү дээ.

    -Одоо дахиад “Санкара”- гаас уншсанаа тодруулмаар байх юм. Таны амьдрал тэр чигээрээ кино шиг юм. Яагаад ингэж хамаг бүхнээ ил дэлгэх бодолтой болсон юм бэ? Маш сайн гүйлгээтэй байгаа юм билээ. Олон ч хүн магтахыг  сонссон.

    -Зүгээр л нэг ном уншаад л Нью-Йоркод амьдарч байсан үеийн үйл явдлаа бичиж “Чөтгөрийн хотын тэмдэглэл”  гэж бэсрэг ном гаргасан. Дараа нь урд хойш нь нэмж бичсээр байгаад л ийм юм болчихсон юм. Би дээр хэлсэн дээ. Ном уншдаг хүн цөөн, тийм хүрээлэл ихэнхдээ зовлон үзээгүй байдаг юм шиг болохоор л зовсон зүдэрсэн, мандаж буурсан бодит түүх сонин санагдаад байгаа болов уу. Гол нь үнэн болохоор л хүчтэй хүрч байх шиг. Зохиосон юм бараг байхгүй, хоёр үнэний дунд нэг худал л хавчуулсан ном гэж түрүүн ярианы эхэнд чамд хэлсэн дээ. Ямар  жанрт багтахаа одоо ч би өөрөө мэддэггүй. Бодит түүхээс сэдэвлэсэн эсээ-роман л гэж тодорхойлсон ухаантай. Мянган ширхэгийг хэвлэсэн, хэдхэн сард дуусчихсан. Одоо дахиад л нэмж хэвлүүлэх гэж байна. Ном гэж эхлээд бөөнөөр нь мөнгө зарж хэвлүүлээд цувуулж аваад идчих юм даа. Өөр орлого ямар байх биш. Гэхдээ ном буянтай эд шүү.

    -“Санкара”-д ч тэр Нэр нэгтний хоёр үхэл, Бүх зүйлс арилан оддог” гэх  хоёр номд ч тэр зөн ёрын зүйлс их орсон санагдсан. Та бурхан, шашинд итгэдэг үү?

    -Випашяна бясалгал бол Бурхан багш буюу Сидхард Гоутамын анх нээсэн зүйл.  Өөрөө тэр бясалгалаараа гэгээрэлд хүрсэн. Бясалгал гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Шашин гэдэг бол түүн дээр дөрөөлж олныг барих гэсэн өөр зүйл юм л даа. Манайд ерээд оноос эргэж дэлгэрсэн ч ихэнхдээ мөнгө олох, нэр хүнд олох, бүр хэтрүүлэн хэлбэл олныг мунхруулах зэвсэг болчихсон эд. Гэхдээ мухар сүжиг бас хэрэгтэй . Ядаж нүглээс айх айдсаар хүнийг ёс суртахуунтай байхад дагуулна. Энэ их урт яриа болох сэдэв болохоор ингээд зогссон дээр байх аа. Лам нарыг бас буруутгах ёсгүй. Гэхдээ шашин бурхан хоёр өөр зүйл л гэж ойлговол зохино.

    -Нэр нэгтний хоёр үхэл , All things must pass хоёр номонд Лигдэн хутагт хаан болон Эсэн тайшийн тухай давхар өгүүлдэг. Эсэн тайш Хятадын хааныг баривчлаад хонь хариулуулж байсан гэх нь ч бий. Харин та хоёрын номонд шал өөрөөр, бүр их хүндэтгэлтэй хандаж байсан тухай бичсэн байна билээ.

    -Хятадын хааныг олзолсон ганц хаан бол Эсэн тайш юм. Гэхдээ чи бод доо. Бид жишээ нь, Хятадтай таарамжгүй байсан үедээ  Мао Зэдүнийг олзоллоо гэж төсөөлье л дөө. Тэгээд Маогоор  хонь хариулуулж энэ тэр мунхаг бүдүүлэг хандах уу. Төрт ёсыг маш эртнээс сахиж ирсэн Монголчууд тийм бүдүүлэг байх ямар ч үндэс байхгүй. Тэгээд ч түүхэн хэсэгт орсон үйл явдлууд бүгд эх сурвалжтай, түүнээс огт гажаагүй бичигдсэн юм. Тэгж ярьж байхыг би сонссон. Тэр хүн түүхээ мэдэхгүй байна. Монголчууд  асар эртний хаант ёсны өндөр соёлтой ард түмэн. Тэр хоёр номд өгүүлж буй бүхэн түүхэн эх сурвалжтай. Гадна дотнын олон эх сурвалжийг харж байж маргаангүй зүйлсийг л оруулсан юм. Одоо бичигдэж буй Тогоонтөмөр хааны тухай гучин дэвтэр эх сурвалж байна шүү дээ. Тийм учир тэндээс л сонирхолтой хэсгийг түүж үнэн бичих ёстой. Тиймээс ч түүх бичнэ гэдэг их хариуцлагатай ажил.  Энэ бол зохиодог зүйл огт биш юм.

    -Номнуудыг тань уншиж байхад хоорондоо холбогдох аргагүй зүйлийг их холбож бичсэн байх юм. Рок хөгжим сонсдог хэрнээ бурхны номд шимтдэг, орон шорон гэснээ ном нь өөрөө  My sweet lord дуунд хүртэл зориулсан атлаа дотроо дундад зууны түүх өгүүлдэг. Мөн кондуктор хийдэг атлаа хүн цаазалдаг хүний амьдрал тэгээд бас тэнгэрийн оронд төрчихөөд доод тивийн үйл явдлыг үзээд байх гэх мэт зөн ёр дүүрэн. Таны өөрийн амьдрал ч бас л нэг тийм хоорондоо их эрс тэс зүйлсээр дүүрэн байх юм?

    -Яахав амьдралд үзсэн туулсан бүхэн нөлөө мөрөө үзүүлдэгтэй бол маргах арга байхгүй. Гэхдээ миний л бодлоор амьдрал асар баян шүү дээ. Зөвхөн детектив амьдралтай хүн, трагеди амьдралтай хүн, порно амьдралтай хүн гэж хаана ч байхгүй. Сайн муугаар сав дүүрдэг хорвоо. Миний амьдрал  ч тийм л холилдож сүлэлдсэн амьдрал байсан. Яахав бусад хүмүүсээс нэлээд өөр хэт олон туйлд очиж байсан байж болно. Чангын шорон, галзуугийн эмнэлэг, гадаад улс орнууд гэх мэт. Гэхдээ хорвоо үүнээс ч баян, маш олон талтай болохоор нэг жанрт баригдах боломжгүй болов уу. Нөгөө талаар зүгээр л зохиолчийн  шийдэл, олонд тааруулсан хэрэг байж болох юм. Ер нь бол тэр олон янзын хил хязгаарыг нэвтэлж байж л жинхэнэ зохиолч төрдөг болов уу гэж боддог юм. Би бусдаас арай өөр гэдэг үнэн байх. Тэгэхээр ямар олон төрлийн амт мэдэрсэн түүнээ бусдад амтлуулах гэж  бичсэн хэрэг ч байж болно. Амьдрал маш олон өнгөтэй, маш олон янзын амттай. Үнэхээр маш баян юм даа…

    Ийнхүү бидний энэ удаагийн яриа өндөрлөсөн билээ. Тэднийхээс гараад орчин тойрныг ажин, хэсэг зогсов. Хөдөө буйдхан сумын төв шиг тэр газар нэг л ер бусын орчин мэт санагдаж, амьдрал нээрээ л баян юм даа гэх бодол сэтгэл хөглөж “Ай хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биед багтахааргүй их хүслийн далай юм даа …” гэх дууны ая сэтгэл дотор эгшиглэн байж билээ. Амьдрал баян шүү дээ гэх үгийг гурван хүний хоёр нь амнаасаа унагаж, сүрхий философдож байдаг. Харин Төрөөг “ амьдрал дэндүү баян юм аа, үнэхээр” гэж хэлээд босоход энэ үг шууд л зүрхэнд амь орон ирж байлаа...Яагаад ингэж буйг “Санкара”-г уншсан хүмүүс л мэдэрч, надтай толгой дохин санал нийлж байгаа биз. Түүний бичсэн номнуудыг олон түмэн уншаасай гэж бодох ч нээрээ л түүний хэлдэгээр уншдаг тэр оюунлаг хэсэг л уншина даа. Тэгэвч хүн бүрийг өөр болгох арга ч байхгүй тэгэх ч хэрэггүй юм даа …гэх мэт олон гэгээлэг бодолдоо хөтлүүлсээр түгжрээ бухимдал дүүрэн нийслэл хотынхоо зүг хөдөллөө.

Сэтгэгдлүүд : 6

  • Ricky

    weight loss program

  • Annmarie

    фото голой соседки порно.фото.теща

  • Louie

    ебливая жена фото кончил на ноги

  • MiniGlito

    Targeting this axis may provide beneficial effect in the treatment of breast cancer <a href=http://ciali.top>cialis coupons</a>

  • mdygvpnb

    Some may never live, but the crazy never dies <a href="http://www.gbisv77210v2x5u2870ylwb85tua769vs.org/">amdygvpnb</a> mdygvpnb http://www.gbisv77210v2x5u2870ylwb85tua769vs.org/ [url=http://www.gbisv77210v2x5u2870ylwb85tua769vs.org/]umdygvpnb[/url]

  • ifzcqyfwt

    Some may never live, but the crazy never dies ifzcqyfwt http://www.gje69d4704azl932k7dcxv1i4357gmo1s.org/ <a href="http://www.gje69d4704azl932k7dcxv1i4357gmo1s.org/">aifzcqyfwt</a> [url=http://www.gje69d4704azl932k7dcxv1i4357gmo1s.org/]uifzcqyfwt[/url]

Сэтгэгдэл оруулах

урлан