Т.Гантулга: Би БЭЛЭЭР алхана аа

    Миний энэ удаагийн зочин МАН-ын нарийн бичгийн дарга, улс төрийн шинжлэх ухааны доктор, сонгуулийн технологич Түдэвхүүгийн Гантулга. Түүнтэй ярилцаагүй олон жил болжээ. Олон жилийн дараах энэхүү ярилцлага маань уншигч таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. 



    -Тантай олон жилийн дараа ярилцлагын ширээний ард эргэн сууж байна. Та бол намаа хаанчилж байх үед дотроос нь шинэчилж, тэмцэж явсан хүн. Таны тэр “Онц их хурал”-аас хойш олон он улирчээ. Миний асуулт их эртний явдлаас эхлэх нь. Тэр үеэс хойш нам, төрд та тасралтгүй ажилласан. Гэхдээ дуугаа хураасан. Хэт удаан дуугүй байлаа. Ер нь таны тэр үеийн улс төрийн тэмцлийн зорилго биелсэн юм уу?

    -Цаг хугацаа их хурдан өнгөрдөг юм байна. Үнэхээр удсан байна. Бараг 10 жил болчихож. Буруу санаагүй бол тухайн үед та өөрөө хамгийн оновчтой дүгнэлтийг хийсэн санагдах юм. “Айлын амбаарт орсон намыг гишүүдэд нь гаргаж өглөө. Энэ гавьяа Миеэгомбын Энхболд, Түдэвхүүгийн Гантулга гэдэг хоёр хүнд хэзээ нэгэн цагт ирнэ…” гэсэн дүгнэлтийг та хийж байсан биз дээ. Айхтар дүгнэлт байна даа, энэ бүхний ард хэзээ яаж гарна даа гэж ярьж байснаа харин би санаж байна. “Онц их хурал”-ын төлөөх хөдөлгөөний талаар надаас өмнө манай намын дарга байсан том эрхэм эхлээд дуугарвал их зохимжтой байгаа юм. Би тэр хүний дараа дуугарах ёстой юм. Юманд чинь бас нэг эрэмбэ гэж байдаг даа. Ер нь бол нэг цэг хатганаа. Яагаад гэвэл та 10 жилийн өмнө ч энэ зорилгыг надаас нэхэж л байсан.

    -Эрэмбэ, хүлээлт, зам тавих, зай тавих гэдэг ойлголт одоо бол алга болж байна. Дуугүй байх, дугаар хүлээх ч юм уу энэ ойлголтууд улс төрийн амьдралд ховордсон. Их өөр, түрэмгий шинэ үе түрээд гараад ирчихсэн байна. Жараад оны та нарыг ах нараа буулгаж байсан үетэй чинь зүйрлэшгүй хатуу тэмцэл ч хүлээж байж магадгүй?

    -Харин ч намын амьдралд тэр эрэмбэ, зиндаа, ээлж халаа гэдэг ойлголтууд чинь яс хадгалагдаж явдаг юм ш дээ. Та хэт их эрх чөлөөтэй салбарт ажилладаг, нэг үгээр мань мэтээс өөр зан чанартай хүн болохоор зориуд ингэж хэлж байх шиг байна. Ямар амьдрал туулснаа ч, ямар үе хүлээж байгааг ч бидний үеийнхэн сайн мэддэг. Магадгүй хамгийн хатуужсан үе манай үе байх шүү.

    -Сая та бид хоёр гавьяа ярилаа. Сонгуулийн үр дүнгээр та хоёрт энэ гавьяа ирлээ дээ… Юу бодогдож байна?

    -Боломж бол ирсэн. Энэ олон түмний сэтгэл гэдэг чинь алга урвах төдийд л эргэдэг юм ш тээ. Нэг утгагүй буруу томилгоо л эргүүлж болно. Сая хараа биз дээ. Өрсөлдөгч улс төрийн хүчнийхээ зан аашийг олохоос эхлээд төр барих ухаан, орчин үеийн улс төрийн маркетинг, мэдээллийн технологи зэрэг олон хүчин зүйлүүдийг сайтар тооцож аль болох төлөөллийн оролцоог хангаж шийдвэр гарч байвал наанадаж МАН 100 жилийн ойгоо эрх баригч хүчний статустайгаар тэмдэглэнэ. Эс чадваас бид намынхаа ойг ч хийж чадахгүй л таагүй байдалд орно. Хамгийн доод эрх ашгийн төвшинд гэхэд л бидэнд ийм хатуу тулгалт ирсэн гэдгийг ойлгож байна.

    -Т.Гантулга гэж хэн бэ гэдгийг улс төрийнхөн, улс төрийн шинжээч, ажиглагчид гээд явцуу маягийн хүрээнд мэднэ. Та улстөрчийн хувьд олон түмэнд зориулж улс төрийн ямар нэгэн энтертаймент үзүүлэхгүй явсаар 10 жилийг өнгөрөөлөө. Энэ жаахан харамсалтай юм биш үү?

    -Юу ч гэмээр юм бэ дээ, хувь хүний төлөвшилтэй хамаатай ойлголт байх л даа. 50 нас гэдэг бол хувь хүний хөгжлийн үүднээс харахад бас том тоо юмаа даа. Өнгөрсөн хугацаанд үзэж сонссон, хуримтлуулан хураасан, бясалган бодсон, туршсан, алдсан оносон бүх юмыг одоо нэг багцлаад, цогцоор нь, нэг тийм том зураглалаар харж базах гээд байдаг болчихож. Үүнийгээ хүмүүст хэлэхээр хүмүүс хүлээж авах ч юм уу, үгүй ч юм уу. Ойлгох ч юм уу, ойлгохгүй ч юм уу. Энэ талаасаа би их эргэлздэг болсон учраас хэвлэлд ярихаас татгалздаг болсон. Ярихаасаа илүү дотроо их боддог, цааш нь ургуулдаг, хэд хэд хувааж хардаг, задаргаа хийж үздэг зан маань илүү хөгжиж байгаа ч юм шиг. Нөгөө талаасаа улстөрчдийн үзүүлдэг энтертаймент их уран сайханжсан, буруу тийшээ холбирсон. Энэ хэвийлт бараг үзэгдлийн, жишгийн төвшинд хүртэл тэлсэн. Энэ нь бодлогын олон улстөрчдийг дотогшоо өөр лүүгээ ороход хүргэсэн болов уу.
     

    Т.Гантулга: Сэтгэлгээний хурд, сайн бодолт хэрэгтэй


    -Уг нь их хурдтай, яралзсан ритмтэй тоглогч л харагддаг байсан. Та санаж байгаа бол нэг биш удаа “тархиа гайхуулаач” гэдэг зөвлөгөөг өгч байсан.

    -Намайг үнэлдэгт талархаж байна. Үзэл санааны хийгээд сэтгэлгээний тоглолт хийх орчин нөхцөл бас орон зай алга даа. Мөн сэтгүүлчдийг хүссэн үед нь л зассан тайзан дээр чинь тоглож өгдөг кукла байх хэцүү. (инээв) Таныг урихаар би энэ талаас нь хараад татгалзаад байсан юм л даа.

    -Ямар муу санаатай юм бэ?

    -Муу санаатай бишээ. Гадагшаа бол миний бүх зан чанар байдгаараа л байгаа. Нээлттэй, урьдынхаараа. Дотогшоо жаахан өөрчлөгдсөн гэдгийгээ л хэлж байгаа юм. Ер нь хүн болж өгвөл хэд хэдэн чадварыг эзэмших ёстой. Би өнөөдрийн хүрсэн төвшин, системчилсэн мэдлэг, эзэмшсэн боловсрол, хуримтлуулсан туршлага дээрээ л суурилж бодож байгаа юм шүү дээ. Хэрвээ улс төрд явъя гэж шийдсэн бол өөрийгөө их сайн бэлдэх ёстой. Тамирчид бүх хүчээ дайчилж сайн бэлтгэл хийж байж л олимпид амжилт гаргаж байгаатай адилхан улс төрд явж байгаа хүн бол тархины фитнесс сайн хийх хэрэгтэй.

    -Тархины фитнесс ээ. Энэ чинь лидерүүдийн төвшний л асуудал байх аа даа?

    -Тийм ч байж болно, бас үгүй ч байж болно. Лидер улстөрч байхын тулд гурван чадварыг эзэмшсэн байх ёстой болов уу. Нэгд, концепцийн буюу бодлого, үзэл санааны чадвар. Ямар нэгэн дээд эрэмбийн албан тушаал дээр очиход том бодлогын төвшний сэтгэлгээ байхгүй бол тэр салбар унана. Өөрөө ч унана. Өөрөө унах хувийн зовлон. Энэ нь тавилангийн асуудал. Салбар унах төрийн зовлон. Улс орны болон салбарын макро төвшний хэмжээний үзэл санаа тээгч байж гэмээнэ концепцийн чадвар буюу тархины бяр суудаг.

    -Хоёр дахь нь?

    -Стратегийн чадвар буюу төлөвлөх, шийдвэр гаргах чадвар. Сэтгэлгээний хурд, сайн бодолт хэрэгтэй. Гурав дахь нь, техникийн буюу гүйцэтгэлийн чадвар. Би энэ ойлголтыг жаахан задалж ярья. Гүйцэтгэлийн чадваргүй улстөрчид асуудлыг өөх ч биш булчирхай ч биш болгож хаядаг. Үүрэг гүйцэтгэж чаддаггүй. Хувийн зохион байгуулалт, хувийн төлөвлөлтгүй байдал, харилцааны алдаанууд, ачаа даах тэнхээ буюу хүн чанарын дутуу дулимаг байдал өөрөө хэзээ ч сайн гүйцэтгэл гаргаж чаддаггүй. Энэ гурван чадвартай байж гэмээнэ том салбарыг авч явах, улс орны хэмжээний шийдвэр гаргах төвшин рүү алхах ёстой юм. Энэ чадварыг эзэмшихийн тулд хүн зайлшгүй юм сурах хэрэгтэй, юм унших хэрэгтэй, бодох хэрэгтэй. Үүнийг би тархины фитнесс гэж хэлээд байгаа юм. Дээр нь өөрөө дадлагажсан байх хэрэгтэй, бас бүх сорилтуудаар туршигдсан байх хэрэгтэй. Энэ хугацаа явсаар байгаад тодорхой орон зайг туулж, цаг хугацаагаар шалгагдаж, амьдрал дээр батлагдсан байж хэмээн дээрх чадваруудын талаар яригдана. Түүнээс биш шууд нэг давхраас есөн давхар руу гарчихад эргээд буухад лифт ч байхгүй шат ч байхгүй нэлээн өвдөж л унаж төгсөнө шүү дээ.

    -10 жилийн өмнөх, 15 жилийн өмнөх улс төрд Т.Гантулга далд атлаа “маш аюултай” тоглогч харагддаг байсан юм. Эсвэл ерөөсөө “аюултай тоглогч” байгаагүй юм уу?

    -Ер нь хүмүүсийн үнэлгээ цагийн эрхээр өөрчлөгдөх юм даа. Хүний нөхөрлөл ч бас тийм шүү дээ. Хүн өөрийнхөө үзэл бодол ойролцоо, өөрийнхөө зиндааны, өөртэйгөө төстэй хүмүүстэй л нөхөрлөдөг шүү дээ. Өөрсдийгөө оргил гэж үзнэ үү, юу гэж үзнэ үү хамаа алга. Оргил бол оргил. Oргилд дээд эрэмбийн зарчим л үйлчилдэг.

    -“Аюултай тоглогч” гэх энэ үг танд таалагдахгүй байх шиг. Гоё үнэлгээ биш гэж үү?

    -Ерөнхий агуулгаараа миний үеийнхний л надад өгсөн үнэлгээ шүү дээ. Та нарын л өгсөн үнэлгээ. Муу юм уу, сайн юм уу мэдэхгүй. Үнэлгээ өгсөн хүмүүс нь өөрсдөө мэднэ биз дээ. Тэгээд ч тамирчин байхаасаа дасгалжуулагч байх хувь заяанд төрсөн ч юм бил үү хэн мэдлээ. /инээв/

    -Та оргилын тухай ярилаа. Бас л сонин ойлголт?

    -Оргил байх их зовлонтой шүү дээ. Оргил бол мөнхийн сонор сэрэмжтэй, өндөр зэрэглэлийн харуулд зогсохоос гадна нийгмийн гэхээсээ илүү хүн-байгалийн янз бүрийн араншинг давахаас эхлээд өөрийн зовлонтой. Сүүлдээ нэг тийм уйтгартай ганцаардмал амьдралд ордог байх гэж би боддог юм. Уулын бэлд бол амьдрал буцалж байдаг. Бэлгүй уул гэж байхгүй. Би амьдрал дунд буюу бэлд дуртай. Үеийнхнээсээ тасрах хүсэл алга. Хүний амьдралын чанар аль болох урт насалж, олон найз нөхөдтэй байхад оршдог.

    -Бэл байхаар шийдсэн байх нь ээ…

    -Уулын бэлээр явнаа.

    -Сая манай монголчууд улс төрийн ээлжит сонголтоо хийлээ. Танай нам том ялагдлын сүүдэр туссан дөрвөн жилийг туулж гарч ирлээ. Хэцүү үед намд ажиллах сонголт хийж, намын арыг дааж сонгуульд ажилласан хүний нэг яах аргагүй та.

    -Маргашгүй үнэн, хэн нэгэн барьцахгүй нь лавтай. Зугтаaгүй, зүтгэж ажилласныг намын олон түмэн мэднээ.

    -Өмнөх сонгуулиудаас илүү хэцүү нь юу байв. Мэдээж өмнөх сонгуулиар ялагдсан, өрөвдүүлэх, санагалзуулах орон зай танайд том давуу тал байлаа. Стратегийн ямар шинэ төвшин рүү очиж ажиллав. Эсвэл зүгээр урсгалаар нь аядуу явав уу?

    -Би өөрийгөө сонгуулийн технологиор дагнан мэргэшсэн цөөхөн хүний л нэг гэж боддог. Ерөнхийдөө сонгуульд амжилт үзүүлэхэд нөлөөлдөг дөрвөн гол хүчин зүйл байдаг. Нэгд үзэл санаа буюу тодорхой үзэл суртал. Хоёрт, мэдээж сонгуулийн стратеги. Гуравт, сонгуулийн технологи байна. Дөрөв дэх нь санхүүгийн хүчин зүйл. Энэ удаагийн сонгуулийн онцлог гэвэл мэдээллийн хурд, дата бааз, мэдээллийн технологид суурилсан хэвлэл мэдээллийн олон төрлийн хэрэгсэл оролцсон “цагаан дайны” хэмжээнд болсон. Мөн контент үйлдвэрлэл чанарын болон мэргэжлийн төвшинд хүрсэн, контент түгээлт цогц сүлжээнд орж улам боловсронгуй болж чадсан.

    -Ялсан намын зүг бүх хүн л харж байна. Өмнөх эрх баригчдыг шалга, хорь, ух төнх гэсэн шаардлагууд ч дуулдах. Одоо тэгээд л өшөө авалтууд эхлэх үү гээд хэлчихвэл та эгдүүцэх байх даа?

    -Бид ердөө өш хонзон ярихгүй. Ямар хүнд нөхцөлд улс орон орсон байна вэ гэдгийг л товчхон хэлье. Нэгд, эрх баригчдын дарангуйллын он жилүүд байлаа. Хоёрт, нь шүүх хүчний байгууллагуудыг дохио зангаагаараа хөдөлгөсөн айдаст автсан жилүүд байлаа. Эцэст нь хэвлэл мэдээллийнхний эрх чөлөөг нь хаан боогдуулсан, цензурдсэн, хаалтын гэрээгээр амыг нь үдчихсэн дөрвөн жилийн дундуур сөрөг хүчин явж гарч ирлээ л дээ. Яг энэ төвөгтэй үед сөрөг хүчний хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи, сургалт судалгаа, пиарын бодлого буюу хуучнаар үзэл суртлын асуудал хариуцсан намын нарийн бичгийн дарга бол гэдэг даалгавар надад ирсэн. Би хувьдаа албан тушаал биш бараг шийтгэл гэж хүлээж авсан. Энэ хэцүү ажлыг авахад надад бодогдсон хэдхэн л юм байсан. Бид нарт юу ч байхгүй. Ганцхан л юм байсан. Тэр бол ард түмэн. Яаж ард түмний хүчийг авах вэ гэдэг дээр л тархиа нэрэн байж ажиллацгаасан. Би Ленинээс иш татах дуртай. Лениний хэлсэн “Үзэл санаа массад хүрсэн үед л хүч болдог” гэсэн алдарт сургаал байдаг. Тэгээд ямар үзэл санааг массад хүргэж байж ард түмний хүч буюу дэмжлэгийг авах вэ гэдэг дээр л ажиллалаа шүү дээ, саяны дөрвөн жил. МАН-ын дарга Миеэгомбын Энхболд намын даргын албаа аваад хурлын хаалт дээр энгийн юм шиг мөртлөө маш том таван зарчмын тухай хэлсэн байдаг юм. Тэрний нэг нь намынхаа үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргад зориулсан гэмээр нэг зарчим. Тэр нь юу вэ гэвэл МАН үзэл суртлын хориглолтоос үзэл суртлын давшилт хийнээ гэдэг зарчмыг гаргасан. Миний ажлаа хийх чиг мөн байгаа биз дээ. Миний ажлаа хийх чиг ингээд гараад ирчихсэн л дээ. Энэ чигийн хүрээнд би гурван зүйлийг л барьж ажилласан. Эхнийх нь Ардчилсан намын бодлогын алдаа хийгээд ардчилагчдын үнэн дүрийг олон түмэнд ойлгуулж, нүүрэндээ зүүсэн маскийг нь хуулах нэг юм байна аа даа. Хоёр дахь нь хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн засаглалын хэлбэр болох ардчиллыг яаж дарангуйлал болгон ашиглаж байгааг илчлэх замаар ардчиллыг дахин сэргээж, ардчиллыг аврах тухай цогц үзэл санаа байсан. Гурав дахь нь, Монголчуудын үндэсний аюулгүй байдал болон тусгаар тогтнолыг батжуулан хамгаалахад Ардын намын хүлээх үүрэг хариуцлага гэсэн гурван фронтоор үзэл суртлынхаа давшилтыг хийсэн. Энэ үйл ажиллагаа маань олон түмэнд хүрч хүч болж чадсан юм байна. Саяын сонгуулийн үр дүн бол энэ шүү дээ. Бэлтгэлийг ингэж л хийсэн. Хоёр дахь үр дүнд хүргэсэн хүчин зүйл бол Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын Удирдах Зөвлөлийн барьсан бодлого, байр суурь. Тамирчдын амжилт гаргах суурь нь бэлтгэл. Улстөрчдийн амжилт мөн л бэлтгэлээс хамаардаг. Тэгэхдээ нэг ялгаа байгаа. Тамирчин хүнд бол алтан медаль авбал сайн, мөнгөн медаль муугүй, ядаж хүрэл медаль авах хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь улс төрд медаль гэж байхгүй. Медалийн өнгө байхгүй. Зөвхөн ганцхан ялалт гэж байдаг.

    -Тэр тусмаа мөнгө, хүрэл гэж байхгүй.

    -Байхгүй. Зөвхөн алт бөгөөд ялалт. Энэ үнэнийг олж харсан Намын дарга хоёр жилийн өмнөөс нэр дэвших сонирхолтой намын гишүүд, намын дэмжигчид чөлөөтэйгээр нэр дэвших бэлтгэлдээ гар. Зөвхөн өөрийгөө л сурталчил хамт зэрэгцээд явж байгаа нөхөртөө битгий буруу юм хийгээрэй гэдэг ажиллах зарчмаа тохирч Удирдах Зөвлөлөөрөө журам батлаад нийтэд зарласан. Энийгээ ганцхан шалгуураар хумьсан. Энэ миний хүн, миний найз гэдэг өнцгөөс биш зөвхөн олон түмний саналд тулгуурласан судалгаанд үндэслэж тэдэн дотроос нэр дэвшигчдээ гаргаж ирсэн, долоон удаагийн судалгаа хийсэн. Долоон удаагийн судалгаагаар гарч ирсэн баталгаатай, найдвартай шалгарсан хүмүүсээ дэвшүүлсэн. Монголчуудын хэлдгээр долоо хэмжиж нэг огтол гэдэг шиг долоо хэмжиж нэг огтолсон маань зөв болжээ гэж бодож байгаа. Мөн сонгуулийн бэлтгэл хангах ажлын хэсгүүдийг жил хагасын өмнө байгуулж сонгуулийн стратеги, пиарын төлөвлөгөө, эерэг сөрөг контентууд, эрх баригчдын алдаануудын архив, контент түгээлтийн дэд бүтэц, штабт ажиллах бүрэлдэхүүний судалгааг хүртэл хийж бэлтгэл бүрэн хангагдсан байсан. Яг сонгуулийн сурталчилгааны 18 хоногт бид нэг их тэвдээгүй. Ардчилсан намын тухайд гэвэл сонгуулийн стратегийн том алдааг гаргасан. Дөнгөж сая хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн яваад өнгөрлөө. Хөлбөмбөгт хамгаалагчийн байрлал дээр тоглож байгаа тоглогчоос довтлогчийн байрлал дээрх тоглогч гоол оруулах магадлал 98 хувийн давуу нөхцөлтэй байдаг. Улс төрд бол эрх баригчид зөвхөн хамгаалагчийн байрлал дээр л тоглодог. Сөрөг хүчин довтлогчийн байрлал дээр тоглох бол ойлгомжтой. Харамсалтай нь эрх баригчид талбайгаа хаячихаад манай талбай руу ороод ирсэн. Өөрөөр хэлбэл бүгд довтлогчид болоод явчихлаар чинь сөрөг хүчин л хожно биз дээ. Тэд онолын бус, дүрмийн бус тоглолт хийгээд явчихсан. Хожигдлын эхний шалтгаан энэ байсан. Манай нам сөрөг хүчний хувьд дээд зэргийн халаах технологи хэрэглэх байсан ч огт хэрэглээгүй. Нийгмийн сэтгэл зүйг бүр хөөрлийн төвшинд авчирч ядуурал, өргөн хэрэглээний барааны өсөлт, валютын ханшны өсөлт, төрийн албан хаагчдын цалингийн уналт, эдийн засгийн хямрал, өрийн айдас зэргээр хийсэн сөрөг контентүүдээрээ бөмбөгдсөн бол халалт дээд цэгтээ хүрэх байсан. Харамсалтай нь бас Ардчилсан нам буруу концепциор явсан. Хүмүүсийг тайвшруулах, хийсэн юмаа ярих бодлого биш цэвэр сөрөг хүчний байран дээр очиж өөрсдөө эсрэгээрээ ард түмнийг хөөргөж халааж өгсөн. Тэр нь бидэнд өрсөлдөөнийг маш энгийн болгож өгсөн. Манай намд сөрөг ухуулга хийх шаардлага гарч ирээгүй гэхэд болно. Бид бэлдсэн сөрөг контентын сандаа гар хүрээгүй. Сонгогч, өргөн олон түмэндээ Сонгуулийн тухай хуулийн хүрээнд намынхаа мөрийн хөтөлбөр, нэр дэвшигчдээ л танилцуулсан. Дараагийн нэг зүйл бол МАН энэ удаагийн сонгуульд ихэд хичээсэн, хариуцлагатай хандсан. Яагаад гэвэл Монгол Улсын орших эс орших хувь заяа ангалын ирмэгт ирсэн. Ёстой нөгөө ухрах уу, урагшлах уу гэж даапаалсан шиг урагшилсан ч хэцүү ухарсан ч хэцүү тийм цэгт тулж ирсэн. Харин ард түмэн өөрсдийнхөө ирээдүйг зөв сонгосон.
     

    Хүний амьдралын чанар аль болох урт насалж, олон найз нөхөдтэй байхад оршдог


    -Намын тань үе үеийн дарга нар, лидерүүд бүгд цугласан байсан.

    -Би хэллээ шүү дээ. Манай нам энэ сонгуульд маш хариуцлагатай бэлтгэл хангаж оролцсон. Ёстой нөгөө газар газрын атаманууд нь голомт дээрээ ирж цугласан гэдэг шиг манай намын үе үеийн дарга нараас гадна сонгуулийн стратегич, технологич, пиарчин, гүйцэтгэгч нар нь бүгд тал талаасаа цугласан. Бүгдээрээ эрвийхээрээ зүтгэлээ.

    -Агуу их ялалтын дараах өдрүүд үргэлжилж байна. Нөгөө утгаар тоолуур эргээд эхэллээ. Өмнөх эрх баригчдад уурссан олон түмэн үнэндээ санаанд оромгүй үйлдэл гаргалаа л даа. Энэ хэвийн биш, хэтийдсэн ялалтыг та нар яг энэ хэмжээнд нь харж байсан уу. Эсвэл үр дүн та бүхэнд ч санаанд оромгүй байв уу?

    -Энэ том ялалтын үнэ цэнийг ялагдлын зовлон дээр боссон юм шүү гэж би хэлмээр байна. Хүн зовлон даадаг, харин жаргал даадаггүй. Цөөнхийн зовлонгоос олонхийн зовлон түм дахин хэцүү дээ. Ард түмний шүүхэд ар өврийн хаалга үгүй, ямар хатуу бөгөөд шударга гэдгийг харлаа. Дөрвөн жилийн дараа л хийсэн ажил, хэрэг явдлаа дүгнүүлнэ шүү дээ. Дөрвөн жил гэдэг бол маш хурдан юм байна. Эрх баригчдад ард түмэн ер нь л хатуу шүү дээ. Одоо бид ажиллана, дараа нь дүнгээ тавиулна. Ардчилсан намынхан сонгуулийнхаа хуулийг өөрсдөө хийж, хамгийн эвгүй тогтолцоог өөрсдөө сонгож авсан. Бид нарт бол баримжаа байсан уу гэвэл байсан. Маш зөв явбал савах хандлага манай руу илүү байсан. Салхи наашаа эргэчихсэн цаг л даа. Салхины өөдөөс бид нар ямар нэгэн илүү үйлдэл хийхийг хүсээгүй. Илүүдсэн юм бүхэн юу болдгийг мэддэг учраас бид маш хичээнгүй хамжааргатай, чамбай, нягт байсан. Ялалтын түлхүүр Эв нэгдэл байсан. Манай намын сонгуулийн штабын удирдлага, зохион байгуулалтыг зарим хүмүүс ойлгоогүй, бүр замын дундаас бүтэхгүй юм байна гээд гарсан нэгэн ч байгаа, дэлбэртлээ уурласан нэгэн ч бас байсан. Хэн удирдаж байгаа нь мэдэгдэхгүй олон оролцоотой мөртлөө зөвхөн ганцхан гарт бүх удирдлага мөн хяналт байсан. Энэ бас л манай амжилттай болсон сонгуулийн стратегийн л нэг.

    -Даруу байсан гэх гээд л байна уу?

    -Тийм ээ, бид даруу байсан.

    -Сөрөг хүчин сонгуулийн маргааш тодорхой шаардлага тавьсан. Үнэхээр ч зарим тойргууд дээр улаан цайм “юм” орчихсон бололтой харагдах. Зарим ажиглагчид “Төрийн эргэлт” гэх томьёоллыг ч ашиглаж тайлбарласан. Үүнд та ямар хариу өгөх бол?

    -Ер нь бол нөгөө гэгээн цагаан өдөр гэрэлт наран дор олон түмний нүдэн дээр болоод өнгөрсөн үйл явдал. СЕХ бол маш сайн ажилласан. Сонгуулийн үйл явц шууд ил явлаа шүү дээ. Ахин хэлье, өөрсдөө хуулиа баталсан. Хоёрт, өөрсдөдөө тааруулсан тойргоо зурсан. Энэ үнэн үү, үнэн. Гуравт, хамгаалаад байсан “хар машин”-аа ашигласан. Бүх шүүх эрх мэдэл эрх баригчдын гарт байсан уу, байсан. Бас хэвлэл мэдээллийг барьсан хаалтын гэрээ нь үргэлжилж байсан. Санхүү бизнесийн бүх боломж нь мөн байсан. Яг үнэндээ 9:1 харьцаатай хоёр нам өрсөлдсөн. Ийм тэнцвэргүй сонгуульд орж ялагдчихаад олон долоон юм ярьж хэрэггүй ээ. Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг шиг өгч авч сурах хэрэгтэй.

    -Улс төрийн олон л шинэ намууд гарч ирлээ. Сошиал ертөнцөд бол том том нам болж яваа гэх дүр яваад л байлаа. Шинэ хуучинтай нь нийлүүлээд гурав дахь хүчний орон зайд жаахан ч гэсэн орон зай өгөх байх гэж харж байсан л даа. Гурав дахь хүчинд гэвч ард түмэн айхтар итгэдэггүй юм байна.

    -Мажоритар буюу олонхийн саналаар сонгох системийг Англи-Саксоны улс төрийн соёл, төлөвшил өндөр, хоёр намын тогтолцоо бүхий улс орнууд ихэвчлэн хэрэглэдэг. Энэ тогтолцоо нь өөрөө гурав дахь хүчинд орон зай өгдөггүйгээрээ онцлог.

    -Танай С.Баяр дарга хэлж байсан юм. “Ялалт хүүг хуваах эцэг дэндүү олон ч ялагдал хэмээх хүү л өнчин ганцаараа хоцрох юм даа” гэж. Ялагдал гэдэг өнчин хүү зовлонгоо ганцаараа эдэлдэг юм байна лээ гэж. Ингэхэд ялагдал гэдэг өнчин хүүд хэр ээлтэй эрх баригчид байх бол. Та бол улс төрд хүн чанар чухал гэж их ярьдаг хүн. Монголын улс төрийн хоёр том баганын нэг бол яах аргагүй Ардчилсан нам. Эдэндээ та нар яаж хандах юм. Барьж хориод л, шоронд хийгээд л, зарим савсаг хүмүүсийн хүсч байгаа шиг явах уу?

    -Бишээ, Ганаа. Монголчууд нэг тийм айдастай байна. Бүү айцгаа гэж хэлмээр байна. Бүү айцгаа. Бид тэнгэрээс нэг өдөр бууж ирсэн улс биш. Энэ улс орныг чинь бараг зуун жил авч явсан тулхтай, туршлагатай улс төрийн хүчин. Бизнес эрхлэгчид буюу баялаг бүтээгчид энэ эдийн засгийн хүнд үед ажиллаж байгаа хувийн хэвшлийнхэнд дарамт нэмж өгөхгүй. Хоёр жилийн өмнө Путин их гоё хэлсэн юм аа. Малый бизнес, начинающийся с нулья, получит налоговые каникулы…гэж. Бүгдээрээ нийлээд л зүтгэнэ. Өөр арга зам байхгүй.

    -Гяндангийн орон болгохгүй гэж танайхан олон жилийн өмнөх Ц.Нямдорж шигээ хэлж чадах уу. Тэр бол ингэж хэлээд, хэлсэндээ хүрсэн л дээ?

    -Үзэгдлийн хувьд тийм зүйлс сайн үр дүн авчрахгүй. Бид цөөхүүлээ, цөөхөн тусмаа бие биенийгээ шорон оронд оруулж, амьдрал ахуй, нэр төрөөр нь тоглоно гэдэг бол таагүй зүйл гэж боддог. Үнэхээр гарцаа байхгүй эрх мэдлээ хэтрүүлэн идсэн уусан, ашиглан шамшигдуулсан байвал хуулиараа л шийдэгдэнэ.Зарчим бол ийм. Захиалгаар, өрсөлдөгчдөө намнах үзэгдлийг үргэлжлүүлж болохгүй.

    -Халаа сэлгээ эхлэнэ гэж төрийн албаныхан бас түгшиж байна.

    -Мэргэшсэн төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулна. Монгол төрийн ноён нуруу, үнэт капитал болсон төрийн албан хаагчдыг хөдөлгөхгүй. Харин танил талаараа, тооноор орж ирэгсэдийн тухайд асуудал өөр байх болно. АН эрх барих хугацаандаа яам, агентлагуудад мэддэгийг мэддэгүйгээр, чаддагийг чаддаггүйгээр сольсон юм билээ. Энэ бол засч болох зүйл.

    -Яахав дээ, өнгөрсөн дөрвөн жил танайхан шоронд хүмүүсээ эргээд л явж байсан. Зовлон амссан хүмүүс учраас асууж байгаа юм шүү. Бас олны асуухыг хүсч байгааг л аль болох багтаах хүслээр таныг хоргоогоод байгааг ойлгоорой?

    -Үнэн. Бас шоронд нэгнийгээ алдсан. Ардчилсан намыг хүчтэй сөрөг хүчин, хүчтэй өрсөлдөгч байгаасай гэж л хүсч байна. Тэгж байж бид хамтдаа хөгжинө. Тийм байж чадахгүй бол манай намын хөгжил ч удаашрах учраас Ардчилсан намыг сайн нам байгаасай, шинэчлэгдээсэй, төлөвшөөсэй, зангараг суугаасай гэж хүснэ. Хүчтэй өрсөлдөгч, хүчтэй сөрөг хүчин байгаасай гэдгийг л ерөөнө. Ер нь бид нарт тийм дайсагнасан, өс хонзон санасан хүмүүжил, ёс зүй болон шаардлага, хэрэгцээ байхгүй. Бид нар нэг наран дор жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцах нэг Монгол.

    -Ер нь бол энэ нам гэж бүтцийг тараах ёстой ч гэх хэсэг байх юм. Манай танай гэх хатуу хуваарилалт нам дээр л байна гэж. Нам гэж ер нь юу юм. Хамгийн энгийнээр ахуйжуулж хариулбал?

    -Би маш энгийнээр бас Ленинээс иш татчихъя гэж бодож байна. Надад энэ тодорхойлолт үнэмшилтэй санагддаг. Улс төрийн нам үүсэн хөгжөөд зуун наян жил болж байна. Энэ хугацаанд бол улс төр, нийгэм судлаачид намын талаар зуу гаруй тодорхойлолт хэлсэн байдаг. Ленин юу гэсэн гэхээр “Нам бол нэр төр, нандин чанар” л гэж хэлсэн. Хэрвээ намын гишүүн та болсон бол манлайлагч бай, нэр төртэй бай, хариуцлагатай бай, ёс зүйтэй бай. Ийм л шаардлагыг тавьчихсан. Харин энэ хүрээнээс халиад явчихлаар зэрэг л нам муухай харагдаад байгаа байхгүй юу. Намыг бол одоо хүмүүс нэг тийм өөр байдлаар л хараад байна шүү дээ. Одоо жишээлбэл албан тушаалын дамжаа ч юм уу, эрх мэдлийн дамжаа ч юм уу, бизнесийн дамжаа ч юм уу. Ийм энгийн байдал руу намыг оруулж байгаа нь бол харамсалтай. Гэхдээ ардчилсан орон л байх юм бол улс төрийн намгүйгээр хаашаа ч явахгүй. Хаант засаглалтай болбол намын хэрэг байхгүй ч байж болно. Маш хатуугаар ингэж л хэлье. Тийм учраас намыг ойлгохгүй байгаа хандлага бол ардчиллаасаа ухарч байгаагийн л нэг илрэл гэсэн үг.
     

    Ёстой газар газрын атаманууд нь голомт дээрээ ирж цугласан


    -Саяхан болоод өнгөрсөн нэг үйл явдлыг асууя. Энэ сэдвээр танайхан тухтай, тулхтай хариулаагүй байгаа. Сонгуулийн үеэр айхтар хоёр том хар пиар явлаа. Нэг нь Эрдэнэт тойрсон сэдэв. Нэг нь танай намынхны дотооддоо ярьж байсан ярианы эвлүүлсэн бичлэг. Үр дүнд нь хэдэн сайхан залуучуудыг тэр чигт нь гүжир ойлголт нөмөрч байх шиг байна.

    -Сонгуулиар тэр байтугай л шуугиж байдаг шүү дээ.

    -Би юу гэж харсан бэ гэвэл тэр бол шийдвэр биш. Саналын төвшинд бол есөн шидийн зүйл яригдана шүү дээ. Саналын төвшинд бол мөнгө босгох гээд явж байх үед түмэн янзын санал гарна. Санал бол санал. Буудъя, хууръя, хулгайлъя… ер нь юу ч ярьж болно. Үүнийг энэ талаас нь хэн ч тайлбарласангүй. Тэгэхээр тэр бичлэг ер нь юу байсан юм бэ? Одоо энэ бол насан туршийн яриа, нэг тийм тохуурхал болчихлоо шүү дээ. Нөгөө авилгалын загалмайлсан эцэг, газрын наймаачин гээд нэг эзэн биегүй, нотлогдоогүй юмнууд явдаг шүү дээ. Үүнд тань шиг айхтар хүн бол хариултаа бэлдсэн байх л даа?

    -Би намын удирдлагуудын нэгийн хувиар сонгуулийн бэлтгэл ажлын явцад сонгуулийн стратеги, сонгуулийн тактик, сонгуулийн технологи, пиарын төлөвлөгөө, санүүжилтын схем танилцуулахад байнга л байсан. Хэзээ ч ийм юмыг би сонсоогүй. Би хариуцлагатай хэлж байна шүү. Хоёрт, яахав дээ орчин үед бол Ганаа чиний хоолойг хүртэл хийж чадна. Бүр нарийн олон замаар унших юм бол яахав танигдана л даа. Ямар ч эвлүүлэг хийж чадна. Энэ бол зүгээр л гүтгэлэг. Өөр өөр үеийн, янз бүрийн яриануудыг тасдаж эвлүүлэн зүүж, их хөдөлмөр, үнэ мөнгө орсон ажил байна билээ. Бүгд эвлүүлэг.

    -Та нар өөрсдөө бол улс төрийн маш нарийн криминал шинжээчид шүү дээ. Энийг ер нь нэг задлаад үзүүлчихгүй яасан юм бэ?

    -Би криминал шинжээч биш л дээ.

    -Өөр сэдэв рүү оръё. Т.Бадамжунай гэж нэг фигур байдаг л даа. Тэр хүнтэй одоо энэ буг чөтгөр болгож зүхэж харааж байгаа цахим жаалуудын хэд нь ядаж уулзаж, гар барьсан байдаг юм бол. Монголын хамгийн муу баатар болгочихоод л орилж сууцгаах юм. Бүх юманд л Т.Бадамжунай. Хаана, ямар шүүхээр, юу тогтоогдсон юм, ямар гэмт үйлдэл хийсэн юм. Өөрөө огт нэр төрөө хамгаалахгүй таг дуугүй явдгаас л болов уу. Эсвэл?

    -Ерөөсөө л тэр. Өөрөө авч хэлэлцдэггүй, тоодог ч үгүй. Ёстой цаг хугацаа, амьдралын шүүлтүүрт өөрийгөө даатгасан бодгаль. Бурхан багшийн сургаалд “…Юу нь болох, юу нь болохгүйг хэлээд өгөх хүнтэй учирвал бүү сал гэж…” гэж сургасан байдаг. Ийм л хүн.

    -Тэрэн шиг яг ийм хэцүү хувь тавиланг бол Ц.Сандуй гэдэг хүн үүрээд л дуугуй явж байгаа. Дараагийн Т.Бадамжунай болгож Ц.Сандуй гэдэг залууг баахан нүдлээ л дээ. Монголын улс төрд зуд болсон ч, бараг цахилгаан шат гацсан ч тэрнээс боллоо гэж чичлэгддэг хэдэн фигур байна.

    -Монголын ард түмэн ухаантай. Хэрвээ ард түмэн тэр бүхнийг үнэн гэж бодсон бол бид нарт ийм өндөр итгэл өгөх үү. Өгөхгүй шүү дээ. Жишээлбэл, гурван зуун мянган төгрөг, Эрдэнэтийн асуудалд ч автахгүй байна. Энэ сайн төлөвшил байхгүй юу. Ард түмний хариултаас илүү хариулт хэрэггүй. Монголын ард түмэн энэ асуудалд хариултаа өгчихсөн. Хангалттай. Нотолгоогоо өгчихсөн.

    -Энэ тийм байдаг юм байж. Хувь тавилангийн асуудлыг бол залуучууд өөрсдөө чардайтал эдлэнэ л дээ гээд орхиж байна гэж ойлгох уу?

    -Залуучууд гэснээс саяын сонгуулиар хэдэн сайхан залуучуудтай ажиллалаа. Манай дараагийн үе бол чамбай үе гарч ирж байгаа юм байна. Жишээлбэл, манай генсек Ж.Мөнхбатыг би онцолмоор байна. Ж.Мөнхбат бол үнэхээр бидний нүдэн дээр өсч, хөгжиж өөрийн үеийнхээ ачааг үүрч эхэллээ. Одоо бол мань хүн өөрийн гэсэн хараатай, өөрийн гэсэн бодлоготой, хэнд ч басуулахгүй улстөрч болсон байна. Аа, таны хатгаад байгаа хувь тавилан дээр болбол би арай өөр юм боддог. Жишээлбэл, улс төр лүү зүтгэж байгаа залуучууд хэд хэдэн юмаа золиослоно гэдгээ тооцож ухамсарлах хэрэгтэй. Жишээлбэл, гэр бүлдээ зориулах цаггүй болно. Өөрийнхөө эрүүл мэнд, нэр төрийг золиосолдог. Ямар ч дайралт гүтгэлгэнд бэлтгэгдэх хэрэгтэй. Эдгээр хатуу үнэнийг хүлээн зөвшөөрч байж л яв. Ганцхан манайд байгаа юм биш дэлхийн бусад бүх оронд ийм л байдаг. М.Тэтчерийн “… улс төр бол бие биенийхээ нүд цавчих агшныг хүлээгээд зогсож байгаа, хурцын хурц сэлэм барьсан зөвхөн эрчүүдийн хатуу тоглоом…” гэж алдарт үгээ хэлж, сэрэмжлүүлэг өгсөн байдаг.

    -С.Баярцогт гэхэд халширмаар юм туулж яваа л харагддаг юм л даа.

    -Энэ олон үзэл санаа тээсэн, энэ олон бие даасан хувийн тоглолттой, энэ том улс төрийн амьдралд энэ зэргийн юм байх шүү дээ.

    -Тавилан болгоныг өрөвддөг сэтгүүлч хүн би биш юм даа л гэж хариулж байна даа. Би бол хүйтэн логиктой улстөрч гэж байна, тийм үү?

    -Их сонин. Би хүний тухай ярих дургүй. Хүний асуудал ярихаар л элдэв хэл аманд өртчих гээд байдаг.

    -Би ганцхан хүнийг асуугаад л хаая. М.Энхболд гэдэг лидер хойшоо хагас алхам ухарлаа. Том соёл юм даа. Том тэвчээр, том нерв. Та яаж харж байна? Албан тушаалын төлөө алалцаж байна гэж л ерөнхийд нь танайхныг хүмүүс хараад байна. Цагаан байшин дотор тийм дайн байна уу?

    -Манай намд нэгэн ховор үнэт зүйл байдаг юм. Бид нар ямар ч байсан учраа нэг тийм углуургатай, эерэг үр дүнтэйгээр ололцож чаддаг юмаа. Тийм чадвар байгаад байдаг юм, бид нарт. Цаг үеэ хурааж, сууриндаа зөв суусан хүндийн төв гэж би М.Энхболд даргыг тодорхойлмоор байна. Энэ хүн өөр дээрээ нэг тийм тулах хүч бий болгож өөрийгөө дандаа золиосолж, юмаа дотогш нь шингээж явдаг сайхан ч юм уу, хэцүү ч юм уу өвөрмөц нэгэн зан төлөвтэй. Манай үеийнхний нэгнээ хайрлах жудаг бас ухаан л юм даа. Мань хүн ч янз бүрээр хэлүүлж, тэр бүрийг шингээж, өөрийнхөөсөө гадна найз нөхдийнхөө ачааг үүрэлцэж өнөөдрийн өндөрлөгт хүрчээ. М.Энхболд өөрийн ноён нуруу, хүн чанар, нинжин сэтгэл, тэвчээрийн туйл байж найз нөхдийнхөө сэтгэлийг хурааж, тэд нараараа хүлээн зөвшөөрүүлж маш том пирамид босгосон байна. Энэ пирамид нь ганхалгүйгээр цаг хугацааны болон амьдралын шалгууруудыг давсан байна. Иймд би нөхрөө баярлах хийгээд гомдохын хязгаарыг давсан хүн л гэж үнэлдэг.
     

    Бид нар нэг наран дор жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцах нэг Монгол


    -Жараад оныхон та нар манай улс төрд хамгийн аймшигтай бөгөөд гайхалтайгаар бичигдэж үлдэх нөхдүүд л дээ. Та нар бол Н.Энхбаяр гэдэг багштай байсан улсууд. Багшийгаа “барьж идсэн” л хүмүүс л дээ. Ингэж бас харж л байлаа.

    -Намайг шатааж, уурлуулах гээд байх шиг байна. Би тэгэхгүй. Барьж идсэн гэдэг чинь яасан ч муухай үг юм. Таны л бичсэн зүйл шүү дээ.

    -У.Хүрэлсүх, Т.Гантулга хоёр саяны сонгуульд нэр дэвшилгүй хойшоо суугаад үлдлээ. Одоо та хэн болох юм. Тэр ч дархлагдсан Шадар сайд юм байна?

    -У.Хүрэлсүхийн хэмжээний лидер бас харизмтай улстөрчийг бэлдэхэд дахиад 25 жил хэрэгтэй. Би бол найзыгаа манай намын нэг жанжин л гэж үздэг. Миний хувьд хувиа бодоод ганцхан суудлын төлөө явах совесть хүрээгүй юм. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологи, сургалт судалгаа, Пи-Ар хариуцсан намын Нарийн бичгийн дарга гэдэг хариуцлагатай алба ажлыг Улсын Их Хурлын гишүүн эсвэл сайд болох дамжаа гэж аваагүй. Харин ч цөөнх болсон намаа олонхи болгож ялуулах, юу чаддагаа харуулах боломж гэж харсан. Тэгээд ч хэн нэгэнд тусалсныхаа төлөө мөн нам, төрд ажилласныхаа төлөө хариу нэхэж явсангүй.

    -Багшийгаа барьж идсэн гэж хэлээд таны эгдүүг хүргэчихэв үү дээ?

    -Хүн чинь гурван эрдэнэд мөргөж амьдардаг юм шүү дээ, Ганаа. Одоогийн залуучууд бол мэдэхгүй, нэг их ойшоохгүй ч байж магад. Сошиал орчинд л тийм нэг түр зуурын цэцэг харсан эрвээхий шиг л эргэлдэж байна шүү дээ. Би заримдаа мэдээллийн хогийн сав болтлоо донтсон хүмүүсийг хараад харамсах сэтгэл төрдөг. Бидний үеийнхэн бол ном их уншиж байсан. Номонд мөргөх хэрэгтэй. Дараа нь багшид мөргөх ёстой. Мөн хуврагт мөргөх буюу бас нэг филисофитой байх учиртай. Н.Энхбаяр гэдэг хүн намайг их улс төрд оруулж ирсэн гавьяатай “багш” мөн үү гэвэл мөн. Би хоёрын хооронд маш олон сайхан дурсамжууд байдаг. За, шулуухан хэлэхэд нэг тийм хар бараан дурсамж бол алга даа. Тэгээд яахав хувь заяаны эрхээр бид хоёрын зам салсан. Тэгээд одоо яалтай ч билээ дээ. Би эр хүнийг ядрахад их дургүй.

    -Та энэ үгээрээ эргээд шанаадаж байна шүү дээ.

    -Би хувьдаа эргэж нэг сайхан уулзанаа гэж боддог. Бид хоёрт бас хоорондоо ярих нандин юм байгаа байх.

    -Тийм нуга үлдсэн байх гэж үү?

    -Тийм юм байгаа. Одоо бол манай үеийнхэн өөрсдөө багш болчихлоо шүү дээ. /инээв/

    -Өнгөрсөн дөрвөн жил таныг хоёр удаа гүн хямарч байхыг харсан. Ээжийгээ алдаад хямрахыг харсан, А.Базархүү гуайг нас барахад маш сонин байдалд орохыг харсан. Тэр хүн таны хувьд хэн байсан юм бэ?
     

    -Монголчуудын шүтлэг бишрэл, зан үйл, ёс, ясны шүтэн барилдлага, олз хийгээд гарзны төлөөс их сонин юм билээ. Янз бүрийн хар цагаан хэл ам, сайн муу хэлүүлж байх үед миний хамгийн хайртай хүн ээжийг минь аваад явахад олон л зүйлийг холбож боддог юм билээ. Шулуухан хэлэхэд. Их сонин болсон л доо. Миний эмээ 99 насандаа ээжийн минь урьдхан бараг 60 хоногийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа юм. Би жар хоногийн дараа ээжийгээ явчихна гэж яаж мэдэх юм бэ. Ээжийгээ бол эмээгийн насыг насалдаггүй юм аа гэхэд ядаж 90 хүрнэ гэж бодож тайван явсан хүн ш дээ. Хүн чинь их тэнэг байдаг юм байна лээ. Хүний орчлонд эхийгээ алдана гэдэг шиг том гарз байхгүй юм билээ. Гэв гэнэт алдчихсан учраас ээжийнхээ араас би олон сар өөрөө өөртөө чимээгүй шаналсан. Дурсгалыг мөнхжүүлж нэлээн хэдэн юм бүтээсэн. Ээжид минь зориулж төрийн соёрхолт зохиолч Д.Төрбат ах “Сүүтэй сахиус” гэж роман бичиж өгсөн. Монголын анхны намтарчилсан роман юмаа даа. Уг нь хэвлүүлье гэж бодсон юм. Сонгуулийн өмнө хүмүүс буруу зөв ойлгох вий гээд хойш нь тавьчихсан байгаа. Ном гэснээс би үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргын хувьд “Улс төрийн үзэл санаа” гээд ном бичээд бэлэн болчихсон байгаа. Сонгуулийн үетэй зэрэгцээд нягтлах цаг гараагүй. Харин одоо аль алиныг нь сайн шүүгээд хэвлүүлнэ дээ. Энэ хоёр номоо одоо гаргачихна. Ээждээ зориулж сайхан Цагаан дарь эх бурхан бүтээгээд Төв гандандаа залсан байгаа. А.Базархүү гэж миний хувьд аавыг минь орлосон хүний дээд байлаа. Монголын оюун санааны төв, цаг үеэсээ хол түрүүлсэн ухаантан байсан даа, Ах минь. Тэр хүн шиг тархины бяр суулгадаг дасгалжуулагч ховор доо. Ямартаа бид “Мэргэн ах” гэх билээ дээ. Муу ахыгаа алдахад бас их харамссан шүү. Бас л сайхан ид залуугаараа яваад өгсөн. Нэгэн ухаантны хэлсэн …хүчтэй хүнийг зовлон сорьж ирдэг… гэсэн үгэнд л тайтгарах юм даа.
     

    -Эмзэг юм асуусан бол уучлаарай.

    -Зүгээр ээ. Улирал солигдох үед хүний сэтгэл дагаж байдаг юм байна. Урьд нь ажигласангүй явжээ. Ээжтэйгээ байхад эрх танхи, омголон явдаг юм билээ. Одоо тэгээд бусдын туулдаг жамыг туулж л явна даа.

    -Ярилцлагынхаа төгсгөлд би танаас Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтыг тань асуумаар байна. Энийгээ та нар яг яаж харж байгаа юм. Олон нийт их л өндөр хүлээлттэй байсан. Харин та нар тэдний сэтгэлд хүрсэнгүй.

    -Мэргэжлийн Засгийн газрыг маш товчоор тодорхойлбол шийдвэр гаргах процесс бүх шатанд технологижсон, салбар бүрийн оролцоо тэгш хангагдсан байхыг хэлнэ. Түүнээс сайн малын эмч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг удирдахыг мэргэжлийн гэхгүй л дээ. Салбарын сайдыг өндөр дээд эрэмбийн чадвар эзэмшсэн улстөрчийн ажил гэж боддог. Сайд бол тухайн салбарынхаа топ менежер учраас шийдвэр гаргах чигийг л өгдөг. Харин гүйцэтгэлийг төрийн захиргааны мэргэжлээрээ дагнан мэргэшсэн салбарын мэргэжилтэнгүүд хийдэг. Хаана очих, юу хийхээ мэдэхгүй бол эрх мэдэл, мөнгө байгаад ч тус болдоггүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жил харууллаа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан