Д.Пүрэвдаваа: Гал унтартал ханилахаас галав юүлтэл ханилах биш, битгий хүнтэй муудалцаж бай гэж эмээ минь хэлдэг байлаа

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа ярьж байна.  Бид түүнийг энэ удаагийн зочноороо урьсан юм. 



    -Сэтгэл зүйн хувьд таныг амаргүй байдалд байгаа болов уу гэж бодож байна.  Сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээ болон мэдээллийн бүхий л хэрэгслээр таныг  “балбаж” байна.  Ер нь бол бүх хүнд байр сууриа илэрхийлэх, нэр төрөө хамгаалах эрх бий. Энэ үүднээс бид таныг сониныхоо зочноор урьж ярилцахаар шийдсэн юм. 

    -Баярлалаа.

    -Илэн далангүй ярилцъя. Сэтгүүл зүй бол шүүх байгууллага биш. Бид чухам бодит байдал дээр юу болсон бэ, танд юу тохиолдсон юм бэ гэдгийг л уншигчдадаа дамжуулах үүргээ биелүүлэхийг хүсч байна. Чухам юу болоод өнгөрөв өө. Би бичлэг үзсэн. Ажил хийж явахад гарч л байдаг маргаанууд харагдана лээ. Танай тамгын газар чинь тийм их камержсан юм уу, эсвэл зохион байгуулалттай биччихсэн юм уу. Тэгсэн мөртлөө тэр бичлэг жаахан монтажтай юм шиг санагдсан. Тэрийг нь харахаар олон нийтийн хэрэгслээр шуугиад байгаа шиг зодоод зодоод, цохиод цохиод яваад байгаа юм байхгүй юм. Өнөөдөр бол та эмэгтэй хүн зодсон, тэр битгий хэл хэвлийд нь байгаа хүүхдийн эрх чөлөөнд халдсан гэх хэл аманд орчихоод байна. Яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

    -Юуны түрүүнд намайг зочноороо урьсанд маш их талархаж байгаагаа хэлмээр байна. Мэдээж надад хувь хүний хувьд амаргүй байна. Зөвхөн Пүрэвдаваа гэдэг ганц хүнд гэхээсээ илүүтэйгээр миний гэр бүл, ах дүү, найз нөхдөд, ялангуяа миний ээжид хүнд тусч байгаа. Ээж, эхнэр хоёрт маань юу бодогдож байгаа бол. Би өөрөө хоёр охинтой. Охин дүүтэй, дээрээс нь хар багаасаа ээжтэйгээ өссөн, аав маань бага байхад нас барсан. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүнийг маш ихээр хайрлаж хүмүүжсэн хүн шүү дээ. Гэтэл нэг л өдөр бүх мэдээллийн хэрэгслээр хэрцгийгээр хүн зодсон юм шиг цацагдчихсан. Хувь хүний хувьд надад маш хэцүү санагдсан. Нүдэн дээр эхнэр маань хэдийгээр тэр сэдвийг хөндөхгүйг хичээж байгаа ч гэсэн цаана нь байгаа хүмүүс танай нөхөр чинь албан тушаалын заханд ч хүрээгүй байж сагсуурч байна гэж байгаа болов уу. Ээжид минь хүү чинь ийм хүн байсан юм уу гэж байгаа болов уу. Ээж, эхнэр хоёроо харахад хэдийгээр өөрөө буруугүй атлаа зовлонтой. Юу болов, яагаад ийм юм болов гэж олон удаа бодож байна. Ганчимэг сэтгүүлч ээ, би үнэндээ тэр хүнд хүрсэн зүйл байхгүй юм шүү дээ. Гэвч дуулиан ингээд хамж аваад давхичихлаа. 

    -Хоёр дахь бичлэг дээр тэр эмэгтэй тань руу дайрч очиж байгаа, та эхлээд түлхэж холдуулах гэж нэг үзээд, дахиад та сандал дээр суулгасан дүрс байна. Тэрэндээ та одоо харамсаж байна уу. Зүгээр зогсоод байсан бол танд хүрээд, маажиж, малтаад өнгөрсөн бол дээр байсан юм болов уу?

    -Тэр өдрийг би их сайн санаж байгаа. Яагаад гэхээр би тэр өдөр иргэдтэй уулзсан. Пүрэв гариг байсан юм. Тэгээд өдрийн 14 цагаас эхлээд цагт 10 орчим хүнтэй уулзсан гээд бодохоор 17 цаг гэхэд би хуваарийнхаа дагуу 40 орчим хүнтэй уулзах байсан юм. Тэгээд эхний гучин хэдэн хүнтэй уулзаад дуусахад яг дөрвөн цаг болсон байхгүй юу. Тэгээд 17 цагт ирэх ёстой байсан хүмүүс хуваарийнхаа дагуу ирээгүй учраас би 16 цаг 20 орчим минутын алдад тэр уулзалтын танхимаас гарсан юм. Азаар одоо бол бүх байгууллага хяналтын камертай болсон шүү дээ. Зөвхөн коридорт байдаг камерын бичлэг. Нийслэлийн батлагдсан журмынхаа хүрээнд иргэдтэй ганцаарчилж уулзаж болдоггүй. Э.Бат-Үүл даргын гаргасан тийм журам байдаг юм. Хэвлэлийн төлөөлөгч, мөн Засаг даргын зөвлөх, тэгээд би өөрөө иргэдтэй уулздаг юм. Дуусгаад л гараад ирэхэд нөгөө Н.Эрдэнэ над руу орилоод л гүйгээд ирсэн. Нөгөө дөрөвдүгээр хорооны Засаг дарга Оюунтуяатайгаа учир зүггүй хэл амаар доромжлоод дайсан. “Чи миний амьдралаар тоглодог хэн бэ, чамайг ер нь яасан ч яадаг юм бэ” гэх мэтээр хэл амаар доромжилж, бүх муу үгийг урсгаад л дайрсан. Би юуны түрүүнд эндээс холдох хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгээд өрөө рүүгээ орохоор чиглэсэн. Тэгсэн намайг зогсоох гэж оролдсон. Тэгээд миний өөдөөс дайрахаар нь би холдсон. Би чинь тийм намхан хүн биш. 1 метр 80 см өндөртэй. Н.Эрдэнэ нь 1 метр 70 гаруй байх, өндөр хүүхэн байхгүй юу. Тэгээд над руу дайрахаар нь би хоёр гарыг нь барьж аваад хажуу тийш нь суулгаад, тэгээд өрөө рүүгээ ороод хаалгаа түгжсэн. Ерөөсөө болсон явдал энэ.  

    -Тэр үйл явдал бол хоёр дахь бичлэгэн дээр байсан үйл явдал. Тэгэхээр тэр бичлэг чөлөөтэй, хэн нь ч нэгдсэн камерийн архиваас авч болох юм байна. Хэн нь ч аваад монтажлах бололцоотой юм байна. Тийм үү?

    -Тийм. Тэр асуудал 1-р сарын 28-нд болсон процесс байхгүй юу. Гэтэл 1-р сарын 28-нд тэр хүн ямар нэгэн байдлаар асуудалд орсон бол 2-р сарын 09-нд, шинийн нэгэн хүртэл. Энэ хооронд их олон хоног өнгөрсөн байгаа биз. Энэ хооронд яагаад хэвлэл мэдээлэл, Цагдаагийн байгууллагад хандаагүй юм бэ. Эмнэлэгт ч хандаагүй. Бүр “Цагаан сар” өнгөрөөд, эхний ажлын өдрүүд өнгөрөөд 2-р сарын 17-нд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэнэт цацах болов. Энэ нь ямар нэгэн зорилго, зохион байгуулалттай ажиллагаа байгаагийн шинж биш гэж үү.  

    -Тэр маргааныг ашиглах эрх ашиг гарч ирсэн байна гэж үү?

    -Тийм, эрх ашиг гарч ирсэн хэрэг. Азаар камерын бичлэг байсан. Зарим камерууд багтаамж нь дүүрчих юм бол дараад бичээд байдаг шүү дээ. Гэтэл тэр өдрийн бичлэг байж байсан. Тэгээд камерын бичлэгийг би хуулж авсан. Овоо удаан хадгалсан байгаа биз. Тэр чинь бараг 20 хоногийн өмнөх бичлэг шүү дээ. Тэгэхээр нь би яаралтай IT-гийн мэргэжилтэндээ үүрэг болгосон. Тэр хүн хаалгаар хэдэн цагт ороод, хэдэн цагт гарсан бүх цагийнх нь бичлэгийг аваад бүр тусад нь файл болгоод хадгалж ав гэж. 

    -Таныг ч гэсэн бичлэгийг хасч нийлүүлж эвлүүлэх бололцоотой гэж би хардаад байна л даа. Хардлага бол хязгааргүй зүйл. Тэгэхээр өөрийгөө хамгаалах үүднээс буюу янз бүрээр ашиглагдахаас нь өмнө сэргийлж хадгалсан гэж та хэлж байна. Тэгэхээр та нарын хооронд ер нь л таагүй байдал үүссэн байж. Миний авсан мэдээллээр бол хатагтай Н.Эрдэнийг албан тушаалаас нь бууруулсан шийдвэр гарснаас улбаатай үл ойлголцол үүссэн гэж ойлгосон. Энэ үнэн үү?

    -Үнэн. Хүүхэд гэр бүл хөгжлийн төв гэдэг байгууллага нь 2013 онд шинээр байгуулагдсан нэгж юм л даа. Н.Эрдэнэ дарга нь. 

     

    ДҮҮРГЭЭ ГЭСЭН СЭТГЭЛЭЭР АЖИЛЛААД ИРЭХЭЭР 
    ЗАРИМ ХҮМҮҮСТ ХЭЦҮҮ САНАГДСАН БАЙЖ МАГАДГҮЙ



    -Таны үед байгуулагдсан гэсэн үг үү?

    -Үндсэндээ “Хүүхдийн төлөө үндэсний газар гэж байгаа шүү дээ. Даргаар нь И.Нарантуяа нэг хэсэг ажилласан. Тэр байгууллагын салбар дүүрэг дэх нэгж нь байхгүй юу. Энэ маань хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан нэгж. Өнгөрсөн хугацаанд Н.Эрдэнэ дунд нь хүүхэд төрүүлээд нэг хэсэг чөлөөтэй байсан. Бусад хугацаанд даргаар нь ажилласан. Тэр байгууллага арав орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Н.Эрдэнэ удирдлагандаа ажиллах албан хаагчдынхаа 99 хувийг ерөнхийдөө өөрөө шийдвэр гаргаж авсан. Чиг үүрэг нь ердөө Төрийн үйлчилгээний байгууллага байхгүй юу.  

    -Та ажилд нь хөндлөнгөөс оролцох бололцоогүй юм уу?

    -Бололцоогүй. Тэгээд юу болсон бэ гэхээр Н.Эрдэнийн дор ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө гомдол гаргасан. Нэг удаа биш олон удаа гомдол гаргаж байсан. Би тэгээд орж ирэхээр нь аль болохоор та нар хоорондоо эвээ олж ажилла, монгол хүмүүс байна юу нь болохгүй байгаа юм гэж хэлдэг байсан. Эвтэй, зүйтэй явбал мэргэжлийн нарийн ур чадвар шаардахгүй төрийн алба байхгүй юу. Сүүлдээ үнэхээр тэсэхээ байсан. Албан хаагчид нь нэг удаа бас л над дээр орж ирсэн юм. Тэр нь юу болсон юм бэ гэхээр Н.Эрдэнэ нэг ч хүн үлдээлгүйгээр бүх албан хаагчдынхаа цалинг 15 хувиар хасчихсан байсан. Тэгээд тийм гомдол бариад ирэхээр нь, "За би мэдэхгүй ээ, би та нарт өдөр тутмын чиг үүрэг өгдөг хүн биш. Танайх босоо удирдлагатай. Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар байгаа шүү дээ" гэж хэлсэн. 

    -Нөгөөдүүл нь бас ажил төрлөө цалгардуулаад байсан юм болов уу?

    -Үнэндээ би нарийн мэдэхгүй. Н.Эрдэнэ гэдэг хүн өдөрт таван цаг хуралддаг л гэнэ. Хүнийг хэл амаар байнга доромжилдог, тэсвэрлэхэд хэцүү бүдүүлэг авир ааш байнга гаргаж байна гээд ажилчид нь бүгдээрээ гарын үсэг зураад ороод ирэх чинь хэцүү шүү дээ. Тэгээд  Нийслэлийн удирдлагад өөрсдөө гарын үсэг зурж гомдлоо өгсөн байдаг юм. Тэгээд Нийслэлээс ажлын хэсэг томилогдоод Н.Эрдэнийн ажлыг шалгадаг юм. Шалгасан тэр дүгнэлт дээр нь Н.Эрдэнэ гэдэг хүн удирдан чиглүүлэх авьяас чадвар, зохион байгуулалт муутай байна, хариуцлага тооцож ажилла гэдэг дүгнэлт гарсан. Тэгээд нөгөө нөхдүүд нь ажил хаях төвшинд хүрсэн. Тэгэхээр нь би төрийн үйл ажиллагааг зогсолтгүй, стандартын дагуу явуулахын тулд Н.Эрдэнэд хариуцлага тооцохоос өөр аргагүй болсон. Хэрвээ дүүргээс хүн шалгасан бол хүн хардана ш дээ. Нийслэлийн газраас нь шалгаад энэ хүн болохгүй байна гэдэг шийдвэр нь хүрээд ирсэн. Тэгээд би тэр шийдвэрт эс үйлдэл гаргах юм бол би өөрөө буруутан болно биз дээ. 

    -Нийслэлийн газрынх нь шийдвэрийг баталгаажуулах нь таны эрх мэдлийн хүрээнд байдаг асуудал юм уу?

    -Би тэр хүнийг томилдог болон хариуцлага тооцдог эрх бүхий субъект нь байхгүй юу. Мэргэжлийн чиг үүргээр нь Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар хангадаг. Тэр мэргэжлийн байгууллагаас нь энэ хүн дээрээ хариуцлага тооц гээд шийдвэр хүрээд ирэхэд эс үйлдэл гаргаж болохгүй. Тэгвэл ажил хаялт зарлах гээд, ажил зогсох гээд байдаг. Тийм зүйл болбол хэн хохирох вэ. Мэдээж дүүргийн хүүхдүүд хохирно. 

    -Босоо удирдлагын бүтэцтэй, тушаал бууруулах шийдвэр тэр газар нь гарсныг мэдсэн мөртлөө яагаад танд уурлаад байгаа юм бэ. Баталгаажуулчихлаа гээд уурлаад байгаа юм уу?

    -Уурлаж байгаа ганц шалтгаан нь намайг турхирсан гэх хардлага. 

    -Эсвэл та Нийслэлийн газарт нь матсан, тийм таагүй шийдвэр гаргахад нь нөлөөлсөн юм уу?

    -Албан хаагчидтай нь нийлж өөрийнх нь эсрэг турхирсан, намайг өмөөрсөнгүй, эд нарын талд орлоо гээд Н.Эрдэнэ уурлаад байгаа байхгүй юу. Ийм л шалтгаантай. Би тэр хүмүүсийг нь таних ч үгүй. Тэр хүмүүсээ өөрөө л ажилд авсан. Сайн ярих юм бол өөртэй нь л холбоотой улсууд. 

    -Харамсалтай юм. 

    -Тийм. Надад хуулиар ногдсон хоёр үүрэг байгаа шүү дээ. Нийслэлийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилт, мөрийн хөтөлбөрийг биелүүлэх. Мөн  Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргатай жил бүр гэрээ хийж ажилладаг. Нийслэлээс Э.Бат-Үүл дарга шийдвэр гаргахад тэрийг гүйцэтгэх үүрэгтэй. Н.Эрдэнэ гэдэг хүнд тухайн шийдвэр нь их хүнд туссан юм шиг байгаа юм. Би бол дарга л байх ёстой гэж тэр хатуу итгэж. Учир нь дарга хийх нэг тийм дадал зуршил өөрт нь үүсчихсэн байна л даа. Харин надад бол ганцхан тэдний асуудал тулж ирсэн байгаагүй, олон талаас дарамт ирчихсэн, хүнд байдалд ажиллаж байсан. ТҮЦ эрхлэгчдийн холбооны хэл ам. Хотоор дүүрэн ТҮЦ болчихсон байсан биз дээ. Тэгээд 2014 онд ТҮЦ-ний талаар нийслэлээс журам батлагдаж, загварыг нь баталж, ажил хийгдсэн юм. Тэгсэн өнгөрсөн 2015 онд ТҮЦ-ний хүмүүс зохион байгуулалтанд ороод над руу дайрсан байхгүй юу. Бид нийслэлийн л ажлаа хийнэ шүү дээ. Нийслэлээс АСЕМ-ийн уулзалт болох гэж байна. Дүүрэгт аюулгүй байдал, дээрээс нь хотын өнгө үзэмж, худалдаа үйлчилгээний соёл, хүнсний аюулгүй байдал гээд олон нөхцөл шаардлагын улмаас ТҮЦ-ийг холдуул гэдэг шийдвэр гаргасан. Би үүргээ биелүүлэхийн тулд хийчээж ажилласан. Ачуулж эхэлсэн. Ингээд бөөн дарамт үүсч байгаа юм.

    -Тэгэхээр чинь бөөн гомдогч, хорсогч нар гарч ирж байгаа биз дээ. 

    -Тэгсэн. Тэгээд тэр үед хүн дайраад л ороод ирэхээр нь тайлбарлаж өгнө. Ойлголцох гэж хичээнэ. Би их аажуухан ярьдаг хүн. Та анзаарч байгаа байх. Аажуухан ярихаар энэ согтуу байна гэдэг. Чанга ярихаар дарамталлаа гэдэг.  

     

    ТЭР ШИЙДВЭРТ ЭС ҮЙЛДЭЛ ГАРГАВАЛ БИ ӨӨРӨӨ БУРУУТАН БОЛНО
     


    -Яахав дээ архи, албан тушаал, авгай хүүхэн гурван гэсэн сэдвүүдээр л эр хүнийг сонждог нэг жишиг тогтчихсон. Харамсалтай нь ихэнх нь энэ сорилд уначихаад байх юм. Ялангуяа мэдээллийн ийм задгай тархацтай үед. Тэгэхээр тийм оролдлого байсан юм болов уу даа?

    -Өнгөрсөн хугацаанд ажлыг нь муулах сэдэв олдохгүй байсан байх. Миний бие олон нийтийн эрх ашгийн төлөө хууль гэдэг тоног төхөөрөмжөөр шийдвэр гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүн шүү дээ. Тэр шийдвэр нь нийтийн эрх ашгийн хүрээнд, тэр эрх ашгийг хангаж л гарч байх ёстой. Өнөөдөр татвар төлж байгаа иргэд маань манай дүүрэгт сургууль, цэцэрлэг нэмэгдээсэй, зам гэрэлтүүлэг нь сайжраасай, дахин шинэ гоё  газрууд бий болоосой гэж л төлдөг шүү дээ. Жишээлбэл, супермаркет ажиллуулдаг хүн байлаа гэж бодъё. Тэр дэлгүүрийнх нь үүдэн дээр гурван ширхэг ТҮЦ ажиллуулчих юм бол тэр байгууллагын орчин, соёл, орлогод таагүй нөлөө үзүүлнэ. Гудамж, харгуй цэвэрхэн байх ёстой. Мэргэжлийн хяналтаас тавьсан эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангуулах үүргийг бид биелүүлэх ёстой. Тэр бүх стандартыг биелүүлэх үүрэгтэй байхгүй юу. Гэтэл тэр нь нэг хэсэг хүмүүст таалагдахгүй болохоор шууд давшилдаг хар, шар Пи Ар мэдээгээр булах нь ажлын маань үр дүнг л саармагжуулж байгаа хэлбэр юм уу даа. Тэгэхээр энэ бүхнээс би айгаад суух уу. Нийтийн эрх ашгийг яах вэ гэдэг асуудал үүснэ биз дээ.

    -Уншигчид маань намайг адилхан эмэгтэй хүн байж энэ асуудлыг нэг их тоохгүй байна гэж бодох вий. Тийм учраас цаана нь юу байгаа юм бэ гэдгийг олж харахыг хүсч байна л даа. Уншигчид ч гэсэн олж хараасай гэж бодож байна. Уучлаарай. Тэр бүсгүй жирэмсэн, ураг аюултай байдалд орсон гэх мэдээ байгаа юм. Тэгэхээр бичлэгээс бол та сандал дээр суулгаад явсан. Тэгэхэд тийм юм болох магадлалтай юу, тэр үнэхээр жирэмсэн юм уу?

    -Нэгдүгээрт, жирэмсэн гэдгийг нь би мэдэхгүй. Би шалгаж үзээгүй, өндөр, биерхүү хүн байхгүй юу. Туранхай хүнийг хүн хараад л жирэмсэн гэдгийг нь мэднэ шүү дээ. Хоёрдугаарт, олон хүний нүдэн дээр болсон үйл явцаар тэр хүн над руу дайрсан. Би маргаанаас зайлсхийсэн. Ерөөсөө болсон процесс нь энэ. Ер нь бол хүн зэрэг дэв бууж, ажлаасаа халагдаж, хариуцлага тооцуулдаг тохиолдлууд манай улсад зөндөө байна. Тэр болгонд ийм байдлаар тэмцэл хийхгүй байгаа биз дээ. 

    -Тэр гэрч гэж яриад байгаа эмэгтэй хэн бэ? 

    -Дөрөвдүгээр хорооны Засаг дарга Оюунтуяа гэдэг хүн. 

    -Найз нь юм уу?

    -Найз нь бол биш. Н.Эрдэнэ тэр хоёр бол найз нөхөд биш. Би юу мэдэх вэ гэхээр Оюунтуяа миний үйл ажиллагааг эсэргүүцдэг хүний нэг. Тэгээд ашгүй муулах, нийлэх хүн оллоо гэсэн байдлаар асуудлыг дэвэргэж орж ирсэн. 

    -Тэгэхээр Пүрэвдаваа дарга аа, сонгууль ойртож байна. Энэ байтугай л чих дэлдийлгэсэн үйл явдлууд гарч ирж байна л даа. Үйл явдлынхаа хувьд өөрийгөө шатаадаг барьдаг үйдлийн дэргэд сүртэй зүйл биш. Янз бүрийн л юм болж байна. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүчтэй явсныг нь харж байхад ард талд нь нэг тийм зохион байгуулалт, түлхэлт харагдаж байна л даа. Энэ танай намынхантай, нэр дэвших гэж байгаа нөхдүүдтэй холбоотой юм биш үү ?

    -2-р сарын 17-ны өдөр хэвлэлээр шуугихад яг тэнцвэртэй мэдээлэл авна гээд маш олон сэтгүүлч, маш олон телевизийн улсууд манай дээр ирсэн. Тэгээд би хүн болгонд нь тайлбарласан л даа. За, би бүх мэдээллийн хэрэгслээр тэнцвэртэй мэдээлэл өгөх үүднээс энэ долоо хоногтоо багтаад хэвлэлийн бага хурал зарлана. 17-ны өдөр лхагва гариг байсан. Би тэгээд баасан гараг буюу 19-ний өдөр хэвлэлийн бага хурал зарласан. Тэгээд хэвлэлийн бага хурал дээр хүмүүс асуусан. Би ч өөрөө хэлсэн. Хэн ч харахад энэ бол сонгууль эхэлсний шинж тэмдэг. Сонгууль дөхөж байгаагийн илрэл юм. Уул нь улс төр гэдэг чинь зүүний, барууны үзэл баримтлал. Ардчилсан, коммунист намын үзэл баримтлал. Мөрийн хөтөлбөрөөрөө уралддаг болохоос биш гүжир гүтгэлгээр уралддаг юм биш биз дээ. 

    -Мөрийн хөтөлбөрийн биелэлт, алдаа оноогоор өрсөлдмөөр?

    -Тийм, Сүүлийн үед хувь хүн рүү чиглэсэн улс төр их хийх болж. Би үүнд их харамсаж байгаагаа хэлсэн. Одоо би яг тань шиг л хардалтын байдалтай байна. Хэн бэ гээд нэр цохож чадахгүй. Яагаад гэвэл надад нотлох баримт байхгүй. Юу үнэн бэ гэхээр Эрдэнэ, Оюунтуяа, Гантуяа гээд хэвлэлийн бага хурал хийлгээд байгаа хүмүүс бүгд надтай холбоотой хүмүүс. Сайн ярих юм бол Эрдэнэ гэдэг хүн манай дүүргийн Ардчилсан намын дүүргийн намын хорооны гишүүн. Тэгэхээр өөрийн эрхгүй манайхаас сонгогдсон гишүүд. Мөн Ардын намаас манай тойрогт нэр дэвшье гэсэн сонирхолтой нөхдүүд энэ ажиллагааг түлхэж өгч хамрагдаж таарна. Би хэн ч биш байсан бол над руу хэн ч дайрахгүй. Гурван жилийн хугацаанд дүүргээ гэсэн сэтгэлтэйгээр, хамаг хүчээ шавхан ажиллаад ирэхээр зарим хүмүүст хэцүү санагдсан байж магадгүй. 

    -Гэхдээ та шинэ хүн биш. Та бол энэ намын үндсэн хүмүүсийн нэг. Гаднаас танай намд орж ирээд гэрээ дугуйлчихсан нэр дэвшигчид өнөөдөр танай дүүрэг дээр хэд хэдээрээ байгаа. Тэд нар бол намын үндсэн эв нэгдэл, намын түүх, уламжлал, үнэт зүйлийг нэг их тоохгүй ш дээ. Тэр соёл нь өөрсдөд нь байхгүй. Тэгэхээр зэрэг тэр хүмүүс л дайралтууд хийж байна уу даа ? 

    -Санал нэг байна. Хүмүүсийн харж байгаагаар Ардчилсан намынхан л дотроо бие биенийгээ хэмлээд байна гэж аягүй муухай харж байна. Би үүнд маш их харамсаж байгаа. Яагаад гэвэл тэр хорооны Засаг дарга нь ч гэсэн Ардчилсан намын хүн. 

    -Би бол таныг мэднэ. Тэгэхээр энэ олон нийтийн сүлжээний, тантай уулзаж ч үзээгүй хүмүүс Ардчилсан намын үед гарч ирсэн шинэ пацаанууд, хурган дарга нар л ерөөсөө төрийн хүний төрхөө ч олохгүй байна. Эд л бужигнуулж байна. Пүрэвдаваа тэд нарын нэг юм байна гэсэн ойлголт явчихлаа. Тэгэхээр Ардчилсан намын гишүүн Пүрэвдаваагийн хувийн түүхээс сонирхмоор байна. Та хотын орлогч дарга байсан хүн. Бас энэ намд шинэ хүн ч биш. Тэр түүхээс ихэнхийг нь уншигчид мэдэхгүй байгаа учраас ярьж өгөөч ?

    -Түүх гэх юм бол би өөрөө энэ “Сансар”-ын л унаган хүүхэд. Одоо 15-р хороолол гэж ярьдаг шүү дээ. Энэ хороололд мэдээ орсон цагаасаа хойш амьдарч байгаа. Одоо ч гэсэн тэндээсээ нэг их холдоогүй, 13-р хороололд байна. Тэгээд сурагч байхад л Ардчилсан хөдөлгөөн үүссэн. Тухайн үед чинь МАХН болон бусад нь л гэж хуваагддаг үе байлаа шүү дээ. Миний ээж ардчиллыг дэмждэг хүн байсан. Тухайн үедээ их идэвхитэй дэмждэг байсан. Гэр бүлийн хүмүүжил ч гэдэг юм уу, ээжийн маань нөлөө их байсан байх гэж боддог юм. Тэгээд л Ардчилсан намын ухуулагчаас нь авахуулаад дүүргийн намын хорооны дарга хүртэл бүх ажлыг хийж үзсэн. 2000 онд манай нам бут ялагдсан. Тэр үед нь дүүргийн намын гишүүнээр элсэж байсан юм. 2000 оны сонгуульд ялагдсаныхаа дараа Ардчилсан нам чинь Социал демократууд, МҮДН-үүд гээд таван намаа нэгтгэлээ шүү дээ. Тэгээд нийлээд Ардчилсан нам болоход манай дээр дүүргийн нам дахин байгуулагдаж байсан юм. Тэгэхэд нь би очиж намын гишүүнээр элсэж байсан. Сурагч байхдаа хонхны С.Цогтсайхан гэдэг хүний нийтлэл, ярьдаг хэлдэг юмнуудыг нь ангайтлаа сонсож, бишрэн шүтдэг байлаа. Ерөнхийдөө бүх хүн ижилхэн амьдалтай, бүх хүн ижилхэн цалинтай, сайн ч ажиллана уу муу ч ажиллана уу үр дүн нь ижил байна гэдэг маань буруу жишиг юм байна. Хүн аливаад олон ургальч үзлээр ханддаг байх эрх чөлөөний чухлыг мэдэрч. Чөлөөт өрсөлдөөний нийгмийн үзэл баримтлалыг дотроо хүлээн зөвшөөрч сэтгэл зүрхээрээ энэ намд орсон. АН-д элсэхдээ АН-ын дүрэм журмыг хүлээн зөвшөөрөөд л орсон. Түүнээсээ хойш Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдсан 2000 оноос хойшхи бүх сонгуульд би оролцож ирсэн. Гэхдээ би эхлээд хороон дээрээ ухуулагч хийсэн. Хэсгийн хорооны ажилтан, тойргийн хорооны ажилтан, нэр дэвшигчийн менежер, Ерөнхийлөгчийн сонгуулийн менежер гээд бүх л ажилд нь үе шаттайгаар ажиллаж ирсэн. Тэгэхээр энэ намын дотор болж байгаа сайн муу бүхнийг, намын тогоон доторх халуун хүйтнийг мэднэ. 1990 онд Ардчилсан хувьсгал ялсан ч гэсэн Баянзүрх дүүрэгт бол ардчилал ялж байгаагүй. 2000 оноос хойш Д.Ганхуяг гишүүн л 2004 онд нэг сонгогдсон, 2008 онд бас Д.Ганхуяг гишүүн сонгогдож байсан. Тэгэхэд нийслэлийн төлөөлөл 0 хувь. Дүүргийн төлөөлөл 0 хувь. 100 хувь МАН ялдаг байсан. Ийм час улаан тойрог байлаа. 2012 оны орон нутгийн сонгууль, нийслэлийн сонгууль болон бүх шатны сонгуульд Баянзүрхчүүд АН-д итгэл үзүүлсэн. Үүний дүнгээр миний бие Засаг дарга болсон. Сайн ярих юм бол Баянзүрхийн хүн анх удаа Баянзүрхт, Баянзүрхийнхнээ төлөөлсөн төлөөлөл болж чадсан. 

    -Бас тантай ярилцах гэж байгаа юм чинь танай намынхнаас таны талаар асууж үзлээ.  Аль фракцид хамрагддаг нөхөр вэ гэж. Тэгсэн Д.Пүрэвдаваа чинь ёстой фракцгүй нөхөр байх шүү гэхэд нь би их гайхаж байсан. 

    -Тийм, би 2012 оны найман сар хүртэл фракц сонгоогүй байсан. Би ерөөсөө ганцхан л тодотголтой хүн явж ирсэн. “Баянзүрхийн хүн” гэдэг.

    -Тэгээд ҮЗХ-д яаж орох вэ. Танайх чинь бас хэцүү шүү дээ. 

    -Хэцүү хэцүү. Би 2009 онд ҮЗХ-ны гишүүн болж байсан. Ёстой ардаа фракцгүй ганц нөхөр тэнэсэн сум шиг ороод ирсэн л дээ.(инээв)

    -Фракцгүй, дээрээс татаасгүй хүн ҮЗХ-ны гишүүн болж байсан юм байна, тийм  үү?

    -Тийм ээ анхных. Хөдөлмөрлөөд яваад байхаар энэ нэг нөхрийн цаг нь болсон гээд надад итгэл үзүүлсэн байх. Дараа нь намайг намын дарга болгосон. Би бол түүнд их талархаж явдаг. Надад итгэл үзүүлсэн. Энэ хүн бол нэг хэсэг улсуудыг зөв чиглүүлээд явах чадвартай хүн гэж үзсэн байх. Буруу хүн гэж хараагүй л юм байлгүй дээ. Тэр итгэлийнх нь төлөө би ажиллах ёстой, зүтгэх ёстой. Зүтгэсэн. Нийслэлийн сонгуульд ялсныхаа дараагаар Э.Бат-Үүл даргын орлогч даргаар томилогдож ажилласан. Орон нутгийн сонгууль болох хугацаанд орлогч даргаар ажилласан. Тэр үед надад фракц сонгох шаардлага гарч ирсэн. Тэгэхэд манай нийслэлийн Засаг дарга дөрвөн орлогч даргатай байсан. Да.Ганболд гэдэг манай анхны лидерүүдийн нэг байдаг даа. Тэр хүний ажлыг би МҮДН-ын фракцид албан ёсоор элсээд авч байсан юм. 

    -Хамгийн идэвхигүй, хамгийн амбиц султай фракц байна. 

    -Ер нь би олон фракцид байж үзээгүй болохоор тэр фракц нь сайн, тэр нь муу гэж мэдэхгүй л дээ. Ямар ч байсан манай МҮДН фракц бол төлөв хүмүүс, ерөнхийдөө эдийн засагчид байдаг юм. Би өөрөө эдийн засагч мэргэжилтэй, үндсэндээ тооны хүн байхгүй юу. Би 1-р сургуулийн тооны ангийг төгссөндөө бахархаж явдаг. Багш нараараа бахархана. Сая ингээд л бөөн юм болоход манай багш нар залгаж байгаа байхгүй юу. Намайг тэгсэн гэхэд бүр итгэхгүй байгаа байхгүй юу. Чи үнэхээр энэ хэвлэлүүдээр бичээд, нийгмийн сүлжээгээр яриад байгаа шиг тийм юм болсон юм уу гээд. Тэгээд би юу боллоо гэж би тэгэх вэ дээ, багш минь гээд учирлаж байгаа юм. Би чинь ерөөсөө байрны хүүхдүүд гадаа тоглож байхад л гэртээ хичээлээ л хийдэг хүүхэд байсан юм шүү дээ. Тооны чиглэлийн хүүхэд байлаа. Манай тооныхон чинь сэтгэл хөдлөл багатай, төлөв хүмүүжилтэй улсууд байдаг. 

    -Хоёр өдрийн дотор л хүн зоддог, аймаар нөхөр болоод хувирчихлаа. 

    -МҮДН фракцын эдийн засагчдын тэр бүлэглэлийнхэн чинь биеэ авч явах соёл, хүмүүжил төлөвшил бүх юмаараа өөр л улсууд байдаг. Тэнд тодорхой дүрэм үйлчилдэг. Тэр нь надад  таалагддаг байхгүй юу. Тэр багт орсондоо би баярладаг. Үзэл бодол нийлнэ гэдэг чинь хамгийн чухал шалтгаан шүү дээ. Ялангуяа тооны чиглэлийн улсуудын сул тал нь жаахан удаан боддог,  олон бодолт хийдэг. Юмыг баталж нотолж, бодож төлөвлөдөг чанартай. Цацаа цалгиа, элдэв хөөрөл багатай. Би эдийн засагч хүн учраас дүүргийнхээ төсвийн үр өгөөжийг яавал нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр л ажиллаж ирсэн болохоос биш, элдэв PR ч юм уу, өөрийгөө таниулах тал дээр хуруугаа хөдөлгөөгүй нь үнэн.

    -Сонгуулийн өмнөх мөчлөгийн үед, цаг хугацааны хувьд ер нь л өдийд л байх. Сонгуулийн таавар хөвөрч байсан, аналитикууд, ажиглагчдын таамаг ид явж байсан үед Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвших хүмүүсийн нэлээн дээгүүрт таны нэр явж байсан. Тэгээд юу болсон юм бэ? 

    -Хамт олон тэргүүлээд явахаар хувь хүний үзэл баримтлал, миний ашиг сонирхол гэхээсээ илүүтэйгээр хамт олны шийдвэр маш хүчтэй орж ирдэг юм байна лээ. Янз янзын байдлаар өнгөрсөн жилээс намайг эхлээд оролдоод эхэлсэн. Тэгээд би хэлсэн. "За, яршиг амьдрал ямар нэгээр дуусах биш дээ. Үнэхээр та нар намайг хэрэггүй гэж үзэж байгаа бол би энэ ажлыг нь өгчихье. Намтай нь өгчихье. Та хэд л шийд. Надад бол тэрэнд санаа зовоод байх шалтгаан үнэндээ алга" гэж. Манай намын ардчиллын төлөө олон жил хамтдаа зүтгэсэн журмын нөхдүүдээ суулгаж байгаад л хэлсэн. Гэтэл урдаас "Тийм юм гэж байхгүй ээ, Пүрэвдаваа. Чиний гүйцэтгэсэн үүрэг гэж байгаа. Бид нарынх ч байгаа. Чи өөрийнхөөрөө ганцаараа асуудалд хандаж болохгүй. Чи энэ рүү яваад орсон л бол хамт л явна. Чи намын даргаа өгч болохгүй. Ингэж элдэв хүний хүссэнээр чи байж болохгүй. Чи ажлаа мөрөөрөө сайн хий. Бид нар хамтдаа үүнийг даваад л туулах ёстой" гэсэн. Ажил хийж явахад элдвийн л юм үзэх юм. 

    -Өмнөх сонгуулийн мөчлөгийг би яриад байгаа юм. 2012 онд яагаад дэвшээгүй юм бэ?

    -Аливаа юм дараалалтай байх ёстой юм болов уу гэж бодсон. 

    -Ямар дэс дараа вэ?

    -Ер нь юмыг алгасах сайн биш гэж үздэг. 2012 онд УИХ-д нэр дэвших тухайд намдаа хүсэлтээ илэрхийлж байсан. Тэгээд манай намын дүрмийн дагуу удирдлагууд буюу АН-ын дарга Н.Алтанхуяг дарга, Ш.Түвдэндорж дарга нартай зөвшилцөж нэр дэвших асуудлыг шийдвэрлэдэг.  

    -Тэгээд юу гэсэн, миний дүү хойшоо сууж бай л гэсэн үү?

    -Яг үнэнийг хэлэхэд энэ удаа өнжинө өө гэсэн.(инээв) 

    -Улс төр тэр талаараа "харгис" юм даа.

    -2012 онд намын удирдлагууд намайг нийслэлдээ нэр дэвш гэсэн. Тэр саналыг нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд нийслэлд ялсан. Нийслэлийн орлогч дарга болсон. Миний хувьд харамсаад байх юм байхгүй. Одоо манай зарим нөхдүүд тэгдэг л юм. Хэрвээ дэвшчихсэн байсан бол гээд. Ер нь миний үеийн  олон залуучууд УИХ-д сууж байна шүү дээ. Миний үеийнхээс гэх юм бол Б.Болор байна. О.Содбилэг, Н.Номтойбаяр байна. Номтойбаяр гэхэд манай нөгөө ангид байсан, 1-р сургуульд. 

    -Тэд мундаг залуучууд шүү дээ. Харин ч зарим согогтой гэмээр гишүүд тэдгээр залуусаас ичиж байх хэрэгтэй санагддаг.

    -Тийм. Гэхдээ би хүний нэр татаж ярих дургүй. Ерөнхий төвшнөөрөө, мэдлэг чадвараараа залуучууд ялгадаг л юм. 

    -Тэгэхээр ТҮЦ тойрсон хөдөлгөөнийг бол би үнэхээр сайн санаж байна. Гол цохилт тань дээр ирж байсан.  

    -Хүний аж амьдралтай холбоотой шийдвэр гаргах хэцүү л дээ. Гэтэл би дээрээс ирсэн тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй хүн. Бид хотынхоо соёлыг, эрүүл ахуйн аюулгүй байдлыг илүү бодох ёстой л доо.

    -Аливаа шинэ шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө газар хагалах, цас цуулаад түүчээлээд явах мэт жам ёсны л тэмцлүүдтэй учирна. Тэрний л нэг байж дээ?

    -Тийм. Ер нь зөв шийдвэр гаргахад маш цөөхөн хүнд таалагддаггүй. Иргэд бол ойлгож дэмжиж байгаа. Гэтэл тэр цөөхөн эсэгүүцэгч хүмүүс төрөл бүрийн арга саамыг ашиглаж, үймүүлдэг. Тэр нь цаашаа дэврээд явдаг. Энэ бол харамсалтай л явдал.Сайн шийдвэрийн үр дүн бол цаг хугацааны ард үлддэг. 

    -Дүүргийн Засаг дарга байх бас хэцүү, дүүргийн халуун амьдралд л хутгалдаж байдаг. 

    -Би ажлаа юутай жишдэг вэ гэхээр айлын ээж шиг л төсөөлдөг юм. Айл гэрийн эзэгтэйн ажил ямар ч сайн нэр байхгүй шүү дээ. Би ээжийгээ санадаг байхгүй юу. Аав маань их эрт бурхан болсон болохоор ээж маань дөрвөн хүүхдээ өсгөсөн. Орой гэртээ ажлаа тараад ороод ирэхэд л бид нар чинь тухайн үеийн амьдрал ямар байлаа. Хөвгүүд бол бужигнуулна шүү дээ. Зодолдоно, нэг нь уйлчихсан, нэг нь аяга шанагаа угаагаагүй, хоол ундаа хийгээгүй. Гэр ахуйн ажил барагдах биш дээ. Тэгээд ганц эмэгтэй хүн ажиллаж ажиллаж орой гэртээ ороод ирэхэд л хоолоо хийгээгүй, хичээлээ хийгээгүй, том нь том шиг, бага нь бага шиг байхгүй тарчихсан юмнууд байж байх ямар байх билээ. Тэгээд л бүгдийг нь загнаж зандраад л, ташраар гөвж өгөөд л хямгадахад гэр нам гүм болж байгаа юм шүү дээ. Тэгээд хүн хэнд хайртай байдаг юм. Ээждээ л хайртай байдаг. Айлуудад бол аав орой ирж сонин гарчиглаж байгаад л унтаад өгнө. Эсвэл зурагтын мэдээ үзэж байгаад өглөө гараад явна. Бага байхад аавын үүрэг энэ гэрт байдаг юм уу гэж зарим хүүхдүүд ярьдаг байсан юм. Гэтэл дүүргийн ажил яг ээж хүний ажилтай адилхан байхгүй юу. Ерөөсөө сайн нэр байхгүй. Өглөө гараад л цагдаа нь яаж байгаа бол, хог нь яаж байгаа бол, үер ус нь, онцгой нь яаж байгаа бол, эрүүл мэнд нь яаж байгаа бол гээд л бүх мэдээгээ аваад л ажиллана шүү дээ. Намар болохоор хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хэл ам дуусахгүй. Өвөл болохоор халтиргаа гулгаа нь дуусахгүй. Тэгээд л ахмадуудын халамж. Ийм ч юм авъя, тийм ч юм авъя гээд л. За, ингээд л хавар болно. Шар усны үер болно. Нөгөө цасан дороос нь баахан хог гараад ирнэ. Тэгээд л энийгээ цэвэрлэнэ. Нөгөө төсөв мөнгө нь хаана байна. Орлого нь тасарчих вий. Ингээд яг л нэг айлын эмэгтэй хүний ажилтай адилхан байдаг байхгүй юу. Гэтэл 365 хоногийн 300-д нь амьдал таслахгүй явж байхад нэг удаа гал алдахад л муу нэр зүүлгэдэг байхгүй юу. Дүүргийн засаг даргын ажил ийм л байдаг. Би өөрөө урьд нь энэ дүүрэгт л амьдардаг юм чинь засаг дага асан Б.Батзоригийг хараад энэ нэг голынхоо саадыг хичнээн ч удаа ухдаг юм гэж боддог байсан. Засаг дарга Т.Гантөмөр байхдаа ч нэг юм хийгээд тавьж байсан. Э.Мөнх-Очир байхдаа ч хийгээд л тавьж байсан. Одоо бас Б.Батзориг юун ногоон хашаа татчихав гээд л дотроо бодож л байдаг байсан. Д.Пүрэвдаваа гараад ирсэн чинь нөгөөхийг чинь дахиад л ухаж байгаа байхгүй юу. (инээв) Тэгсэн яасан гэсэн чинь тэр асуудал надтай хамаагүй л байдаг юм байна л даа. Өөрийн эрхгүй цаад доогуур нь явж байгаа шугам гэхэд нэг нь дулааны шугам, нөгөө нь цахилгааны шугам. Төсөв болгон тус тусдаа тавигдаад нэг өдөр л шугам солино гээд л ухаад л эхэлдэг. Тэгээд дээд газраас гарсан шийдвэрүүд болохоор бид нар дагаж мөрдөхөөс өөр ямар ч арга байхгүй. Ингээд л түжигнэж байгаа юм. 

    -Улс төрийн сонгууль дөхөхөөр Засаг даргад угаасаа өөрсдийнхөн ч, хүнийхэн ч дургүй болчихдог. Энийг мэднэ. Яагаад гэвэл нөгөө тойргоос мандат аваад Их хуралд гарсан нөхдүүдийн мөрийн хөтөлбөрийн биелэлт яасан бэ гэдэг асуулт гарч ирдэг. Тэрийг жинхэнэ нэгж дээр байгаа Засаг дарга нар л мэднэ. Гэхдээ л засаг дага нар юу ч  ярьдаггүй. Ярина гэсэн хардалт нь л түрүүлээд Засаг даргынхаа толгойг авах гээд байдаг байхгүй юу. Үүнийг л та амсаж байна уу даа? 

    -Яг үнэн.

    -Хэдий өөрийнхөн ч гэсэн энэ гишүүдийн маань тэр тэр мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил хийгдээгүй байна. Дөрвөн жилийн өмнөх амлалт нь ийм шүү дээ гээд  эрх биш нам дотроо ярьдаг биз  дээ.  Өөрөөр хэлбэл бодит рейтинг, үр дүн дээр байж байгаа хүн Засаг дарга байдаг. Тэгэхээр энэ үр дүнгээс айгаад Засаг даргыг хүний өөрийнгүй хавсраад нүддэг нь жам болчихлоо. Тэгэхээр би ч бас танаас танай гишүүдийн чинь нөгөө сайхан амлаж байсан амлалтуудын биелэлт  хэдэн хувьтай байдаг юм гэж асуух гээд байна?

    -Би үүнийг дүгнэхгүй. Иргэд дүгнэнэ. Яагаад гэвэл айл болгонд сурталчилгааны материал тухайн үед өгч байсан. Хүмүүс юу хэлж, ярьж байсныг нь санаж байгаа шүү дээ.  

    -Нам бас дүгнэнэ. 

    -Намын гишүүд мэдээж намаасаа л нэр дэвших квотоо авна. Авахын тулд дүгнүүлнэ. Тэр үед дүгнэнэ.Нам дотор манай Баянзүрх дүүргийн 10 ҮЗХ-ны гишүүн байгаа. 

    -Танайх чинь олуулаа юм байна шүү дээ.

    -Бусадтай харьцуулахад цөөхөн. Сонгинохайрхан 12. Мандатын тоог уул нь гурваар үржүүлдэг байхгүй юу. Налайхад хоёр ҮЗХ нь байдаг. Манайх нийлээд 12 байдаг. Хуучин бол дөрвөн суудалтай тойрог байлаа шүү дээ. Энэ 10 дотроос л уг нь нэр дэвших ёстой байхгүй юу.  

    Их хурлын танхимаас унзад хоолойгоор ярих, бусдын хийсэн ажлыг нээж тууз хайчлах, иргэдийн дунд орж ажиллах хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай л даа. Манай дүүрэг бол хамгийн олон хүн амтай. Таван аймгийн хэмжээтэй дүйх. Амьдралын түмэн өнгийг харж болно. Зуудаг нохой, хийсдэг хог ч засаг даргын л асуудал болж хувирдаг. 

    -Танайхаас сонгогдсон гишүүд намын үндсэн улсууд биш шүү дээ. Юм ер нь хийсэн гэхэд хэцүү л байх?

    -Гишүүдийг бас огт юм хийгээгүй гэж хэлж болохгүй. Юмаа хийсэн гээд даах амархан. Одоо би танд дахиад л ахуйн амьдралаар тайлбарлавал илүү ойрхон болов уу. Орой хүүхдүүд гэртээ байж байна. Ээж ажлаас ирлээ. Хуруу хөдөлгөөгүй байж хийсэн хоолонд оролцсон, гэрээ цэвэрлэсэн ч гэдгээр нь оролцсон хүмүүсийн тоо гэж гардаг шүү дээ. Яг үнэндээ нэг нь л хийдэг, нөгөө нь нэр зүүчихсэн байдаг тохиолдлууд бий шүү дээ. Ээжийг орж ирэхээс  таван минутын өмнө орж ирчихээд юу ч болоогүй юм шиг сууж байдаг, тэгсэн атлаа ажлаас хийлцсэн гэх үнэлгээ авчихдаг. (инээв) Гэтэл гэрт хамаг юмаа нугалдаг хүн байдаг шүү дээ. Нөгөөхийг нь хүн үнэлдэггүй. Яг тэрэн шиг дүүрэг гээд харъя л даа. Дүүрэг дээр олон нэгж байна. Яам, тамгын газар, агентлагууд гээд. Жишээлбэл, Батлан хамгаалахын салбар гэхэд маш их бүтээн байгуулалт хийлээ шүү дээ. Үнэхээр их юм хийсэн. 
     

    -“Нүүдэлчид” ирж мандат аваад л их хуралд гарчихдаг. Хийсэн ч юмгүй байх нь элбэг юм даа. 


    -Та Архангайг хар л даа. Фортуна, Болор хоёр сонгогдлоо. Танигдахын аргагүй л болгоод хаячихлаа шүү дээ. Увс аймгийг хар. Н.Алтанхуяг дарга боллоо. Танигдахын аргагүй болголоо. Ажнай тэр Өмнөговийг яав.

    -Баянхонгор Женко?

    -Тодорхой шүү дээ. Сэтгэлтэй хүмүүстэй газар үнэхээр юм хийж байна. Байгаа хугацаандаа нэр төртэйгөөр энэ ажлыг хийчихье л гэж хичээсэн юм. Хийсэн ажил маш их байна. Хийх юм ч их байна. Яахав, намайг чиглэсэн дайралтууд их ч эртнээс их ч дээрээс ирсэн. Гэхдээ тэвчээр гэдэг бол том соёл шүү гэж захидаг аавын ээжийн хүмүүжил надад өвлөгдсөн. Тийм болохоор л их л удаан хугацаанд чимээгүй байлаа. Одоо ч дайрсаар л байна. Ахиад ч дайрах биз дээ. Гал унтартал ханилахаас галав юүлтэл ханилах биш, битгий хүнтэй муудалцаж бай гэж эмээ минь хэлдэг байлаа. 

    -Тийм үү. Ингэхэд та ямар шашинтай вэ. Нөгөө “Мүүн” гэдэг нь арай биш биз дээ. Бүх хүн л “Мүүн” болоод явчих шиг боллоо.

    -Би Бурханы шашинтай хүн. Бурханы шашинтай олон л хүн байгаа байх. Бусадтай адилхан лам багштай, цайныхаа дээжийг бурхандаа өргөдөг. Бурхандаа залбирдаг. Монголчуудын сэтгэлээ засдаг Баянзүрх хайрханаараа овоглодог учраас амралтын өдөр очоод цайныхаа дээжийг өргөчихдөг. Тийм л үндэсний ёс заншилтай хүн дээ. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан