Н.Лүндэндорж: Философич байх нь хуульчийн давуу тал болохоос сул тал биш

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, ноён Н.ЛҮНДЭНДОРЖТОЙ ярилцах хүсэл үргэлж надад явдаг байв. Гэвч тохироо нэг л бүрдэж өгөхгүй явсаар энэ хүрчээ. Бидний яриа өргөн хүрээнд өрнөсөн бөгөөд өчүүхэн ч хаалтгүйгээр илэн далангүй хөвөрч байлаа. Магадгүй тэр энэ удаа урьд өмнө нь хэзээ ч нээж байгаагүйгээр сэтгэл зүрхээ чөлөөлж, сулласан байж мэдэх юм. 


     

    -Таныг философийн анги төгссөнийг мэднэ. Гэхдээ зарим хуульчид философич хүн хуулийн байгууллага толгойлж байна гэж шүүмжлэх юм. Харин би философи & хуульч гэх хослолыг давуу тал гэж хардаг. 

    -Баярлалаа. Та бараг ярилцлагынхаа гарчгийг олчих шиг боллоо. Миний шавь нар энэ хослолын ил тээгчид гэж би дотроо боддог. Философийн боловсролгүй хүн нийгмийн үзэгдлийг зөв ойлгох нь юу л бол.

    -Хоёулаа яриагаа таны бага нас, эцэг, эхийн тань талаархи сэдвээс эхлэе. Та чинь аль аймгийн хүн билээ?

    -“Оpen door” олон хүний уншдаг, нэр хүндтэй сонин болжээ. Энэ сонин намайг зочноороо урьж, тэгээд ийм нэртэй сэтгүүлч надтай ярилцаж байгаад би дотроо ихэд олзуурхан таашааж байна. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчин айлын хүүхэд. Гурван хүү, нэг охинтой айлын гурав дахь хүү. Аав маань Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Тэсийн хүрээ гэж байхад шавилан сууж байгаад, хүрээ хийд тарах үеэр хар болж цэрэгт явсан гэдэг. Аав маань хүүхэд байхдаа шавилж байсан ч төвд бичиг уншчихдаг. Тэр үедээ бичгийн соёлтой хүн байсан. Цэргийн албаа хаачихаад нутагтаа очиж мал маллаж, жижигхэн алба хашиж байсан хүн. Би багадаа эцэг эхийнхээ дэргэд мал маллаж л өссөн дөө.

    -Та ер нь хэдэн үеэ мэдэх вэ?

    -Нэг их олон үеэ мэдэхгүй. Аавынхаа аавыг л мэднэ. Би ер нь их сонин түүхтэй хүн шүү дээ. 1964 он хүртэл сумынхаа дунд сургуульд сурч, зургадугаар ангиа төгсөөд л хөдөө мал дээр гарсан. 

    -Айлын бага хүү болохоор эрхлээд, сургуулиас гарна гэж туйлаад л мал дээр гарчихсан уу?

    -Манайх сумын төв дээр байдаг байсан. Хэдэн малаа айлд тавина. Айлд тавьсан мал өсдөггүй. Гэтэл хэдэн хүүхдийнх нь амьдралд мал хэрэгтэй байдаг. Тэгээд л аав маань мал өсөхгүй нь гээд няравынхаа ажлыг өгөөд хөдөө гарсан. 1972 оны намар тэгж намайг анх сургуулийн дотуур байранд оруулж байгаа юм. Тэр үеийн  дотуур байрны амьдрал их хүнд. Нэг шавар байшинд, ор дэр гэж хүн унтахын аргагүй. Арай гэж долоо хоноод л  сургуулиа хаяад оргочихсон. Намар есдүгээр сарын сүүлчээр шиг л санадаг юм. Цүнхтэй номоо үүрээд явган 20-иод км гүйсээр ээж, аав дээрээ очсон чинь хонио ахарлаад сууж байна. Аав, ээж маань жигтэйхэн ядарчихсан, хорчийсон хар юм болчихсон байж билээ. Тэгээд надаас, миний хүү яагаад хүрээд ирэв гэж асууж байна. Би урдаас нь сургуульд сурахгүй, тэр дотуур байранд чинь амьдарч чадахгүй. Малчин болно л гэлээ.  Аав ч мал дагавал ам тосдоно гэдэг. Миний хүү малд нүдтэй л гэж байна. Тэгээд болоогүй ээ, эмэгтэй дүүгээ бас уруу татаад сургуулиас гаргачихсан. Намар багш нар сургуулиас гарсан хүүхдүүдийг морь, мотоцикльтэй хөөцөлдөөд ирэхээр нь дүүтэйгээ гэрийнхээ ойролцоохь жалганд нуугдчихна. Нүдэнд нь үзэгдэхгүй бол хөөхгүй гэж л боддог байсан шиг байгаа юм. Удалгүй манайх оторт гарч сумын төвөөс холдсоноор л нэг мөр сургуулиа хаясан даа. Сургуулиас гарсан өвлөө л буруу юм хийснээ мэдсэн. Өвөлжингөө хонь хариулахдаа “Эрх чөлөө” гэдэг сонин уншина, ангийн хүүхдүүд олимпиадад оролцсон гэж дуулдаад л... Би ч олон юмнаас тасрах нь дээ гэж бодогдоод сэтгэл нэг л гундуу. Буцаад сургуульдаа орно гэхээр анги ухарч орох гээд байх шиг санагдаад бас эвгүй. Аз болж, дараа жил нь Намын төв хорооны IX бүгд хурал хуралдаж, илгээлтийн эзэд гаргах ажил өрнөлөө. Онц сурдаг байсныхаа ачаар тэр хөдөлгөөнд багтсан. Ингээд долдугаар ангийн гэрчилгээ авч, илгээлтийн эзэн малчин болсон юм. Хоёр  жил мал маллаж байгаад 1974 онд цэрэгт явсан.

    -Та бас цэрэгт явсан юм уу?

    -151 дүгээр ангид гурван жил алба хаасан. Тэр үед цэргийн алба чанга. Зодуур нүдүүр ихтэй. Би ч энэ зодуур нүдүүрийг даваад гурван жилийн дараа амьд мэнд халагддаг болов уу яадаг бол гэж боддог л байсан. Нэг жил өнгөрөөд л цэргийн амьдрал сайхан болоод явчихна шүү дээ. Хүнд үеийг давангуутаа л цэрэг хүн өөрийгөө хөгжүүлдэг, уншдаг, сонсдог болно. Бас хүний үг дааж, үүрэг даалгавар биелүүлж, бие бялдраа хөгжүүлж хат сууна. Албаа хаачихаад 1977 онд халагдаад, сумандаа  сумын клубын эрхлэгч, эвлэлийн үүрийн дарга хийж байлаа. Тэр үедээ л намд орлогч гишүүнээр элссэн юм. Тэгээд цаашдаа сурах ёстой юм байна гэж бодоод 8, 9, 10 дугаар ангидаа оройгоор сурсан. 1980 онд 10 дугаар ангиа төгсөөд, конкурст орлоо. Гурван сар айлын зуны амбаарт сууж бэлдээд конкурсдэж тэнцээд, Их сургуулийн философийн ангид элсэн, таван жил суралцсан. Тэр үеийн Их сургуулийн философийн ангийн хичээлийн хөтөлбөр Москвагийн Их сургуулийн философийн ангийн хөтөлбөрөөр явдаг байсан. Үнэндээ ч эхний нэг хоёр жилдээ хасагдчихгүй байх л зорилготой байсан. Гуравдугаар курсээсээ хөлөө олж, төгсөхдөө харин дажгүй дүнтэй төгссөн юм даг. 

    -Ингэхэд намд хэдэн настай элсэж байв аа?

    -22-той л байсан. Тэр үед намд элссэн хүн ажил амьдралтай, ер нь л тэргүүлэх үүрэгтэй. Энэ хэв шинж нь хүмүүсийн дотоод сонирхлыг их татдаг байж. Тэр жамаар л орлогч гишүүнээр элссэн. Их сургуулиа төгсөх хавар, сургуулийн намын хорооны дарга  жижиг Бат-Очир гэдэг хүн намайг дуудлаа. Очтол, за чамайг МАХН-ын Төв хороо судалж байгаад “Намын амьдрал” сэтгүүлд авахаар ярилцаж байна. Санжмятав гэдэг хүн  чамайг дуудаж уулзах байх. Тэр хүний асуултыг сайн сонсож, бодож байгаад хариулаарай. Чам шиг хөдөөний хүүхдэд аятайхан боломж шүү. “Намын амьдрал” сэтгүүлд орчихвол цаашдаа сургууль соёл, байр сав гээд амьдралын чинь олон асуудал шийдэгдэнэ. Тиймээс тэр хүнтэй уулзахдаа ухаантайхан шиг байж байгаад тэнцэхийг хичээгээрэй гэж захисан. Тэгээд л 1985 онд “Намын амьдрал” сэтгүүлд социализмын онол, практик гэдэг булан хариуцдаг редактороор томилогдож ажиллалаа. Энэ үеэс л миний өнөөгийн ажил, амьдралын гараа эхэлсэн дээ.

    -Монголчууд бид нутаг нугаараа бүлэрхэх дуртай улс. Манай нутгийнхан ийм ч мундаг тийм ч сүрхий гэж омгорхох нь түгээмэл. Харин Хөвсгөлийнхний онцлог гэх шинж юу вэ?

    -Манай Хөвсгөлийнхөн зарим аймгийнхан шиг нэгдэж ажиллахдаа жаахан тааруухан санагддаг. Онцлог гэвэл ил шулуун үгтэй, хурцхан үг хэлчихдэг зан нь юм уу даа. Хамгийн тод жишээ нь манай Б.Чимэд багш байна. Аливааг егөөтэйхөн, гашуундуу үгээр илэрхийлчихнэ. Тэр нь тусахдаа ч тусч, дургүй хүргэхдээ ч хүргэчихдэг биз. Бас онох цагт нь онуулж, алдах цагт нь алдуулж явдаг ийм нэг шинж чанар бидэнд байна уу даа л гэж боддог юм. Миний шавь нар, найз нөхөд сонин хэвлэлд юм бичихээрээ хүмүүсийн дургүйг хүргэсэн гашуун үгээр бичих юм.  Жаахан зөөллөж болдоггүй юм уу. Ийм хүн дандаа л дотроо уйлж, нийгмээс цохилт авч явдаг юм шүү гэж хэлдэг л юм. Тэгээд яахав дээ, өөрийн сурсан арга барил, хэрэглэдэг үгийн сонголт тиймэрхүү хойно. 

    -Гэхдээ та уралцаад байгаа харагддаггүй. Их л тэвчээртэй хүн юм даа гэж хардаг. 

    -Би цөөнгүй ном уншсан хүн. Эрдэмтдийн тодорхойлсон ардчилсан, чөлөөт нийгмийн зарчмууд гэж байдаг. Тэрний нэг чухал шинж нь тэвчихүй  гэж үздэг. Тэвчихүй гэдэг чинь зөвхөн өөрийн талаас бус бусдын үзэл бодлыг бас хүндэтгэж ойлгох чадварыг агуулдаг. Тэгж байж л хүн зөв харагдаж, зөв амьдардаг. Хүн юм хэлэх бүрт өөдөөс нь чулуу шидээд байвал хариуд нь чулуу л ирнэ. Бурхны сургаальд ч зэвсэг барьсан хүний өөдөөс цэцэг барин золго гэсэн байдаг биз дээ. Хэрүүл тэмцэл, чамайг ингэвэл би тэгнэ дээ гэсэн атгаг бодлоор хүн өөрийгөө цэнэглэвэл амьд явахад их л зовлон болно доо. Муухай ч харагдана. Нөгөөтэйгүүр би олон шавьтай хүн. Шавь нартаа үлгэр дууриалал болох үүрэгтэй. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоорно гэдэг. Ард түмэн айхтар ухаантай шүү. Өнөөдөр буруу ойлгосон ч, маргааш зөв ойлгоно. Алалдаж тэмцэж, адилхан уралцсанаараа нэр хүндээ алдана  уу гэхээс сайхан харагдана гэж би ер нь боддоггүй шүү. 

    -Таны хувьд аав, ээжийнхээ алиных нь зан чанарыг илүү дууриасан бэ. Ээж, аав тань ер нь ямархуу хүмүүс байв?

    -Манай аав их хашир, дуу цөөтэй, амьдралын ухаантай хүн байсан. Нутгийнхан маань  манай аавыг их сүрхий хүн байсан гэж ярьдаг юм. Харин ээж маань их хатуу чанга, хурц тод үгтэй, шулуун шударга, хэлье гэснээ хэнд ч хэлчихдэг дайчин хүн байсан. Би ээжтэйгээ их ойр өссөн. Намайг 15-тай байхад аав маань тэнгэрт хальсан юм. Миний сургуулиас гарах шалтгаан аавтай бас холбоотой. Намайг хөдөө гарсны дараа жил аав маань бурхан болсон юм шүү дээ. Ингэж ээждээ хань болох, гэр орноо авч явах шаардлага гарсан. Тэгээд ч тэр үү, надад ээжийн маань зан чанар илүү байдаг шиг санагддаг. Ээждээ би бүхнээс илүү хайртай. Бас ээжийнхээ хамгийн хайртай хүүхэд нь байсан гэж боддог.

    -Улсуудын ярьж байгааг сонсоход эхийн хайрыг гүйцэх хайр энэ хорвоод байдаггүй гэх. Нас нэлээн яваад ирэхээр ингэж хэлэхээс өөр аргагүй байдаг байх даа гэж боддог юм. Таны хувьд ч эхийн хайрыг гүйцэх хайр энэ орчлонд байхгүй юм шиг байна уу?

    -Эхийн хайр бол бусад олдмол хайруудаас өөр. Төрмөл хайр шүү дээ. Махнаасаа мах, яснаасаа яс болгож тасалчихсан учраас үгээр өгүүлшгүй тийм өвөрмөц, тийм дээд хайраар үрээ хайрладаг байх. Эх хүн сайхан юм бодож, үр хүүхдийнхээ талаар сайныг хүсэхэд оюун санааныхаа холбоогоор тэр нь үр хүүхдэд нь хүрдэг. Эх хүн тийм хүчтэй энергитэй. Мэдээж, бусад хайранд үнэ цэнтэй шинжүүд байлгүй л яахав. Гэхдээ л эхийн хайр шиг оюун санаа, далд энергиэрээ нөмөрлөж байдаг хүчтэй чадамжгүй байх аа. 

    -Амьдралын онцгой үеүдэд сэтгэлд орж ирдэг ээжийн тань хэлж байсан ямар үг байдаг вэ. Би хүмүүсийн аав, ээжийнх нь хэлсэн үгнүүдийг цуглуулдаг юм. Ил дол болсон, олны дунд явдаг үгнээс өөр үгс байдаг болохоор. 

    -Ээж маань эв найртай, бие биедээ өмөг түшиг болж яваарай, ядарч зүдэрсэн үед нь анхаарал халамж тавьж яваарай гэж л их захидаг байсан. Ээж маань надад манай нэг ахыг  бүр онцгойлон захидаг байсансан. Ахыгаа л мартаж болохгүй гэдэг байсан. Нэг тийм ачааг намайг сонгож үүрүүлсэн гэх юм уу даа.(инээв) Тэр ачаагаа би одоо ч үүрч л яваа. Ээжийн хэлсэн үгнүүдээс хамгийн онцгой нь “Цагийнхаа аясыг чагнаж явдаг юм шүү”, "Аливаа юмын эхнээс нь л болзошгүй муу үр дагаврыг дандаа харж бай" гэж захидаг байсан нь. Тэгэхэд би  "ээж та дандаа юмыг юунд ингэж муу талаас хардаг юм" гэхэд хэрсүүгээс хэрэг бурууддаггүй юмаа хүү минь гэдэг байж билээ. 

    -Философийн анги төгсөөд сэтгүүлд ажиллаж байсан юм байна. Их сургуулийн багш болох шийдвэрээ хэрхэн яаж гаргаж байв. Хэдэн онд  Их сургуульд ирсэн юм бэ?

    -1990 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын шийдвэрээр тэр үеийн сэхээтнүүдийн мөрөөдөл болсон ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид аспирантурт явсан юм. Намын түүх болон орос хэлний шалгалт өгч тэнцсэн. Гурван жил сураад, философийн ухаанаар докторын зэргээ хамгаалж, 1994 онд эргэж ирсэн. Ирээд сургуульд анх явуулсан МАХН-ын Төв хороон дээрээ очлоо. Сургуулиа төгсөөд ирлээ, ажил төрөл юу байна вэ гэсэн чинь тэр үеийн намын удирдлага “та нарыг зохицуулах нь бүү хэл өөрсдийгөө яая гэж байна, амь амиа бодоорой” гэсэн дээ. 

    -Ёстой л тэгж хэлэхээс өөр аргагүй үе байсан даа?

    -Би “Намын амьдрал” сэтгүүлд байхдаа гайгүй юм хум бичээд байдаг байсан юм. Тэгсэн сэтгүүлч Б.Пүрэвдаш, чи  эрдэмтэн болоод ирсэн юм чинь “Ардын эрх” сонинд орж ажилла. Парламентын тоймчоор Ө.Энхтүвшин ажиллаж байгаад гарчихлаа.  Ц.Балдоржид хэлсэн чинь чамайг авъя гэж байна гэсэн. Тэгээд Төрийн ордны 105 тоотод очлоо. Сонины өглөөний шуурхай болж байна. Хүлээгээд тардаггүй ээ. Зүгээр суухаар Их сургуулиар оръё гэж бодоод хуулийн сургууль руу очлоо. Хуулийн сургуулийн дэд захирал нь өмгөөлөгч Б.Цэрэнжээ, захирал нь  И.Дашням багш. Хойно доктор хамгаалчихаад ирлээ. “Ардын эрх” сонинд тоймч хийх гээд Ц.Балдорж эрхлэгчтэй уулзах гээд явж байна гэсэн чинь, чи тэнд очиж яах юм бэ. Манай сургууль багш, эрдэмтэнгүй болчихоод байна. Улс төр судлал гэдэг шинэ хичээл тавьчихсан чинь заах хүн алга. Чи манайд ажилла. Тушаалыг чинь гаргая. Чи сэтгүүлч хийж яах юм бэ. Эрдэмтэн хүн Их сургууль бараад гэдэг юм. Маргааш нь л Хуулийн сургуульд багшаар орж, Их сургууль руу хөл тавьсан түүхтэй. 1994 он шүү дээ. Хуулийн сургуульд багшилж байхдаа хууль зүйн шинжлэх ухааны суурь мэдлэг хэрэгтэйг ойлгосон. Би иргэнлэг ёс төлөвших нийгэм философийн асуудал гэдэг сэдвээр зэрэг хамгаалсан учраас иргэнлэг ёсыг судлахад төр, эрхзүйн онолыг судлах шаардлага гарсан. Тэр үед бакалаврт зориулсан 2.5 жилийн сургалт явдаг болчихсон байсан. Би тэнд нь багшлангаа сурч, эрх зүйчийн  боловсрол олж авсан.

    -УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг С.Нарангэрэл гуай хоцрогдсон бакалавр гээд л загнах юм. Таныг ч гэсэн философич болохоос хуульч биш гэдэг. Энэ мэт шүүмжлэлийг та яаж хүлээж авдаг бол?

    -Намайг хуульч мөн биш гэх нь сонирхолтой сэдэв биш. Ер нь хүний ажил мэргэжлийг дипломоор хэмждэггүй. Тэр хүн юу мэдэж, чадаж, хаана хүлээн зөвшөөрөгдөж байгаагаар нь л шийдэгддэг.  Хуульч гэсэн дипломтой мөртлөө тэр талаар ямар ч төсөөлөл, мэдлэг чадваргүй хүн зөндөө байдаг. Хуульчийн дипломгүй мөртлөө хуульчаас илүү чадварлаг хүн ч зөндөө л бий. Сонирхуулахад, АНУ-ын зарим муж  улсад хууль зүйн сургууль төгсөөгүй  ч өмгөөлөгчдийг дагалдаж  шалгалт өгч хуульч, шүүгч болдог жишиг бий.  Нөгөө талаас одоо намайг хуульч биш гэж хэлээд бараг ач холбогдолгүй болсондоо. Би Монгол Улсын Хууль зүйн сургуульд 20 жил багшилж, хуулийн сургуулийнх нь профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор болсон хүн. Би өөрийгөө ямархуу доктор гэдгийгээ харьцуулалтын аргаар төсөөлж байгаа. Хууль зүйн онолын талаархи миний лекцүүд болон бүтээлүүдийг маань миний шавь нар, олон нийт хүлээн зөвшөөрдөг. Энэ л надад хангалттай. Хэн нэг хүн юу гэж хэлэх нь сонин биш. Мөн гэснээр хуульч болчихгүй, биш гэснээр биш болчихгүй.Юу мэдэж, чаддаг нь чухал биз дээ. Би хууль зүйн шинжлэх ухааны хүн бүр ноолдоггүй онолын салбараар мэргэшсэн төдийгүй, сургууль маягийн юм үүсгэсэн хүн гэдгийг олон хүн ил биш гэхэд далд хүлээн зөвшөөрдөг юм аа. 


    -Амьдралын тань багагүй хугацаа Их сургуулийн танхимд өнгөрлөө. Хуульчдын тоо шингээх зах зээлээсээ давчихсан гэдэг. Бас сүүлийн 25 жилд бэлтгэгдсэн болон түүнээс өмнөх үед бэлтгэгдсэн хуульчид дунд ямар нэгэн ялгаа байна уу. Цаг үеийн том шилжилт явагдлаа. Надад бол ялгаа байна гэж харагддаг? 

    -Ялгаа байлгүй яахав. Хоёр өөр дэглэмд бэлтгэгдэж, хоёр өөр онол, үзэл суртлаар явчихсан, хоёр өөр арга зүйгээр сурсан учраас ялгаатай. Социализмын үед хуулийн сургуульд сурсан хүмүүс юу заалгасан нь ойлгомжтой ш дээ. Марксист- ленинист онол арга зүй дээр тулгуурласан үзэл сурталжсан хичээл заалгасан учраас тэр авсан мэдлэг нь хадаатай шингээстэй, итгэл үнэмшил нь болоод л байж л байгаа. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Гэхдээ тэр цаг үед сурсан ч өөрийгөө гайхалтай шинэчилсэн хуульчид олон байдаг. Хамгийн тод жишээ нь Б.Чимэд багш. Б.Чимэд багш сүүлийн 20 жилд өөрийгөө гайхалтай өөрчилж шинэчилсэн хүн. Залуучуудыг онцгой анхааралтай сонсдог  байсан. Жишээ нь, залуучуудыг илтгэл тавьж байхад хамгийн урд нь очоод суучихсан. Тоомсоргүй мэт дүртэй харагдах атлаа цаанаа бүх лакотороо дээд зэргээр ажиллуулчихсан байдаг хүн шүү дээ. Гэтэл зарим нөхөд, энэ муусайн залуучуудыг би сонсоод байхдаа яадаг юм гэж хий томорч явсаар хоцорчихдог. Ер нь хүн түүхэн цаг   үеийнхээ бүтээгдэхүүн байдаг учраас өөрийгөө хөгжүүлж өөрчлөх чадварыг эзэмшсэн  хүн л удаан хоцорно.

    -Б.Чимэд гуай таныг нэг нутгийн гэдэг утгаараа илүү дотносож ханддаг, илүү нөмөр нөөлөг үзүүлдэг байсан уу?

    -Бид хоёроос чинь өнөө Хөвсгөлийн араншин гарна шүү дээ. Жигтэй сайхан ярилцаад суух ч үе байсан, маргалдаж муудалцах үе ч байсан. Намайг учиргүй илүү хайрлаад л, тэгье ингэе гэх юм байгаагүй. Гэхдээ миний мэдлэг чадварыг хүндэтгэдэг байсан. Би ч тэр хүний мэдлэг чадварыг хүндэтгэдэг, ойлгодог байсан. 

    -Сүүлийн үед хүн болгон л Б.Чимэд багш ингэж хэлж байсан, тэгж  байсан гээд хуучин толь бичиг эргүүлж байгаа юм шиг ярих болж. Хэсэг хугацааны дараа С.Нарангэрэл ингэж байсан юмаа л гэх байх. Бас Н.Лүндэндорж тэгж хэлсэн л гэдэг болох байх. Ингэж нэг хуучин хөшөө босгож ирээд л яриад байдаг, түүгээрээ өөр үед тулгалт хийх явдалд би тийм ч хүндэтгэлтэй ханддаггүй. 

    -Монголд хүмүүсийг амьд сэрүүн байхад нь үнэ цэнийг нь олж хардаггүй, уураг тархийг нь хүндэтгэж ашиглаж мөлжөөгүй мөртлөө тэнгэрт хальсных нь дараа үндэсний баатраар өргөмжилдөг хандлага байдаг. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд шүүмжлэгдээд л яваад байдаг. Шинжлэх ухааны хувьд бол өөр. Эрдэмтдийнхээ хэлсэн үг, судалгааных нь үр дүнг олон жил ишлэх, дагах хандлага байдаг. Олон жил судалж явж байгаад хэлчихсэн дүгнэлтийн ганц өгүүлбэр нь ч үнэ цэнтэй байдаг. Тэрийг нь үнэлж ишилж ярьдаг, цаашдын судалгаандаа ашиглаж, чиг баримжаагаа болгодог. Энэ бол шинжлэх ухааны жишиг л дээ. 

    -Таныхаар хууль зүйн шинжлэх ухаанд Б.Чимэд гэдэг хүн хөшөө мөн үү?

    -Б.Чимэд багшид олноо хүлээн зөвшөөрөгдсөн онцлог чанар олон байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хуульчид, хуулийн эрдэмтэд иргэний, захиргааны гээд тэр чиглэлээ л мэддэг болохоос өөр салбарын талаар батажсан мэдлэг нь нимгэн байдаг нь мэдрэгддэг. Б.Чимэд багшийн хувьд аль ч салбараар ярьдаг хүн байсан. Онол ч, түүх ч ярьчихдаг. Б.Чимэд багшийг захиргаа, Үндсэн хуулийн эрх зүйн хүн гэдэг ч үнэндээ бусад салбарын мэдлэгээрээ бусад хуульчдаас яалт ч үгүй ялгардаг. Тиймдээ ч олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөж хүндлэгддэг .

    -Б.Чимэд гуай академич уу?

    -Дэд докторын зэрэгтэй. Их сургуулийн профессор ч болоогүй хүн ш дээ. Ер нь тэр хэргэм зэрэг гол биш. Хамгийн гол нь тухайн хүний хүлээн зөвшөөрөгдсөн чадал, боловсролынх нь  тэнхээ л чухал. 

    -Хоёр үеийн хуульчдын ялгааг таниас асуусан даа. Сүүлийн 20-иод жил бэлтгэгдсэн хуульчид яалт ч үгүй таны шавь нар. Таны нэг хэсэг шавь нараас бусад хуульчдад байхгүй хэт эрх чөлөөтэй, зоримог чанар харагдах юм. Шижигнэсэн гэж хэлж болохоор тийм үе гараад ирсэн байна. Тэр шазруун эгнээг Н.Лүндэндоржийн бэлтгэсэн сэхүүн хүүхдүүд гэж хэлэх нь бий. Тэгэхээр тэр Н.Лүндэндоржийн болохгүй хүүхдүүд гэгддэг үеийнхний талаар танд ямар бодол явдгийг сонирхвол?

    -Их сонирхолтой асуулт байна. Хууль зүйн салбарт Лүндэндорж бол миний багш гэж намайг хүндэтгэж, хүлээн зөвшөөрдөг мянга мянган шавь нартай болжээ. Хаана ч очсон тэд нарын харцнаас би түүнийг олж хардаг. Тэд нараараа үргэлж бахархдаг. Хичээл заалгаагүй мөртлөө "би таны номыг уншиж таны шавь болсон" гэж  хэлдэг шавь ч бас олон. Тийм учраас шавь нарын минь  алдаа нь ч минийх, амжилт нь ч минийх. Олон мундаг шавиараа би ямагт бахархаж явдаг. Би Их сургуульд 20-иод жил багшлахад ойролцоогоор жилд 300-гаад хүн төгсдөг гээд бодохоор 5000-6000 хүнд хичээл зааж л дээ. Бакалавр, магистр, докторын төвшинд хичээл заасан, тэд нар бүгд миний шавь гэж хэлэх хэцүү л дээ. Мэдээж өргөн утгаараа тэд миний шавь. Гэхдээ намайг дагаж, миний үзэл санаа, онолын мэдлэг, судалгаа хийдэг арга барилыг сонгосон хүүхдүүд өөрсдөө хүрээд л ирдэг. Би ч хэнд нь ямар ном уншихыг онож хэлэхийг хичээдэг. Лав Х.Тэмүүжинг Шопенгаурын “Зан суртахуун” гэдэг номоор эхлүүлж байсан юм. Сэтгэлгээг нь  хөгжүүлэхийн тулд сэтгэсэн жишээнээс суралцуулах, үлгэр дууриал үзүүлэх, бодол санаа, судалгааныхаа үр дүнг бичих урлагт сургах гээд багшийн хийх ажил их. Эргээд бодоход багшийн  өөрийн үлгэр дууриал их чухал юм шиг байгаа юм. Өөрөө түүнийг үзүүлж чадахгүй бол, хүлээн зөвшөөрөгдөхгүй бол багш тэгээд л цагийн аясаар хөнгөрөөд ирнэ биз дээ. Норматив сэтгэлгээтэй хүүхдүүд надад ханддаггүй. Миний шавь нарын нэг онцлог бол стандарт бус сэтгэлгээтэй, тодорхой үзэл бодол байр суурьт хүлэгддэггүй, их уншиж эргэцүүлэн боддог, асуудалд судалгаа, шинжлэх ухааны үүднээс ханддаг, эцэст нь багшийнх нь "сул тал" гэж хэлэгддэг философи сэтгэлгээгээрээ тэд бусдаас ялгардаг. Тэд Монголын хууль зүйн онолын  сэтгэлгээнд  орон зайгаа эзэлсэн шүү.

    -Тэр орон зай эзлээд байгаа нөхдийг нэрлэж болох уу?

    -Бололгүй яахав. Багшийн бахархал бол бэлтгэсэн шавь, түүний чадал тэнхээ, эрдэм ухаан шүү дээ. Намайг ийм олон гайхамшигтай шавьтай учруулсан МУИС-даа  би үргэлж баярлаж явдаг. Бүгдийг нэрлэх бололцоогүй учраас нэрийг нь орхисон шавь нар багшийгаа уучилна бизээ. Х.Тэмүүжин анхны шавь. Тийм учраас би түүнд илүү хайртай байдаг юм. Багштайгаа ширээ,сандал хувааж суугаад ном уншиж байсан хүүхэд шүү дээ. Дараа нь А.Гансүх, Ч.Өнөрбаяр, О.Баасанхүү, М.Батсуурь, Л.Өлзийсайхан, Б.Баярсайхан, О.Мөнхсайхан, Ж.Сайнхишиг, С.Билгүүн, Б.Энхбаяр  гээд олон ухаант шавь нар минь учирсан. Эдний дотор хууль зүйн шинжлэх ухааны цоо шинэ салбараар  Монголын анхдагчид ч байгаа.

    -Таны шавь Х.Тэмүүжингийн хуулийн салбар дахь шинэтгэлийг шүүмжлэх хүмүүс олон байдаг. Эрс эсэргүүцэгчид ч их.  

    -Ажил хийсэн хүнийг тойрч яриа гардаг, шүүмжлэл өрнөдөг. Алдаа хийхгүй гэвэл юу ч хийхгүй суухын нэр. Тэр портфельтэй хүн. Ерөнхийлөгч үнэт зүйлтэй хүн гэж  тодорхойлсон. Ийм л хүн шинэтгэл хийдэг. Шинэтгэл эсэргүүцэлтэй тулгардаг. Энэ бол энгийн логик. Харин үүнээс сургамж авч илүү хашир, илүү ухаантай цаашид ажиллах нь тодорхой. Болж өнгөрсөн үйл явц, тохиолдсон бүхэн нь түүнд ухаарал өгнө. Асар том давуу тал нь болно. Залуу хүний зам урт. Харин ах нартайгаа аятайхан харилцаж, тэдний туршлагыг ашиглаж сурах хэрэгтэй. Тэдний цаг үе улам бүр хажууд ирээд байнаа. Энэ бол том хариуцлага, түүнийг яаж даахаа сайн бодох, өөрсдийгөө бэлтгэх гээд тэдний өмнө түмэн ажил байна даа.

    -Шавь нар нь зовлон амсах, бэрхшээл туулах, алдаж онох үед багш хүнд ямар байдаг бол. Шавь нараасаа болж багшийн хувьд яллуулах, басхүү бахархалт таашаалыг эдлэх гэж байдаг уу. Багш шавийн дунд хувь заяаны далд хэлхээ байх уу?

    -Манай нийгмийн бас нэг зовлон юм уу даа. Тэрний хүн, энэний хүн гээд давуу талыг нь сул тал болгож гуйвуулж харах гээд байгаа хандлага ажиглагддаг. Миний хувьд хүмүүсийн давуу талыг сул тал болгож харж болохгүй л гэж үздэг. Хүний бодит хүчийг үнэлэх зүй ёсны хэмжүүрүүдийн дээр ийм зүй бус хандлага гишгэж болохгүй шүү дээ. Эргээд нийгэмдээ асар хохиролтой үзэгдэл. 

    -Гэхдээ аль аль талаасаа сэтгэлийн зовлон тээх юм байдаг биз дээ?

    -Тэгэлгүй яахав. Тэрнээс гадна залуучууд чинь үгэнд орох орохгүй юм гэж бас байна. Зөвлөх, зөвлөхгүй юм ч бий. Элдэв юм дуулахаар сэтгэл өвдөж, ингэхгүй яав, тэгэхгүй яав, надаас асуучихгүй яасан юм бол гэж санаа зовох юм байнаа байна. Үүнтэй адилхан өвгөн болсон багш нь элдвээр дуудуулж, хардуулж сэрдүүлж явааг хараад шавь нарын маань сэтгэл бас өвддөг биз. Тэднийгээ зовоохгүй яваад дуусахсан гэж л боддог. 

    -Таныг би нэг юмаар бахархаасай гэж бодож байна. Таны хувь тавилангаа холбосон шавь нар дунд хэн нэг даргын лифтэнд сууж амжилтад хүрэх арга барилтай хүн байдаггүй нь анзаарагддаг. Нэг тийм байлдах чадвартай, өөрийгөө өөрөө бүтээдэг шазруун залуус шиг санагддаг юм. Энэ бол танд баяр хүргэх шалтгаан мөн. Та өөрөө зургадугаар ангидаа сургуулиас гарах шийдвэр гаргасан ч тэндээ шингээд дууссангүй. Амьдрал тань тэмцэл байж. Тийм ч учраас та энэ хүртэл явж чадаж. 

    -Нээрээ миний шавь нар амьтан хүний цүнх барьж, гар хөл үнсэж явж амжилтад хүрээгүй юм байна шүү. Шавь нарын мань сэтгэдэг арга барил, чадал тэнхээг хүмүүс олж харж, дэмжсэн байна. Би өөрийн чинь хэлж байгаатай санал нийлж, сэтгэл маань баясч байна. Надад өмнө нь ийм дүгнэлтийг хэн нэгэн хэлээгүй юм болов уу. Миний шавь нар хэвийн олонхиос сэтгэх чадвар, аливаад хандах хандлагаараа, авьяас билэг, өрсөлдөх чадвараараа ялгарч байна. Нэг тийм зоримог шийдэмгий зан чанар бол тэдний ихэнхэд байдаг. Танд баярлалаа. 

    -Янз бүрийн л багш байдаг. Оюутнуудын зүрхэнд орчихсон, хатуу ширүүнээр имиж хийсэн, юм л бол унагаж кайф авдаг ч багш нар байна. Урсгалаар нь тавьж туучихаад, зөвхөн сайнаар дурсагдахыг чухалчилдаг бөөрөнхий, хувиа хичээсэн багш нар ч байдаг.  Харин та ямар багш вэ?

    -Анх багшилж байхдаа нэлээн хатуухан байсан юм шиг байгаа юм. Гэхдээ   олноор нь унагаад байдаггүй. Тавьж байгаа дүнгийнхээ хариуцлагыг их бодно. Одоо харин их зөөлөрсөн юм болов уу. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний сэтгэл  зөөлөрдөг юм байна. Шалгалт авч байхдаа мэдэхгүй байна гэхээсээ илүү мэдэхгүй байгаа чинь тийм байдалд чамайг хожим хүргэнэ шүү гэж сануулна. Ер нь шалгалт бол сургалт юм шүү дээ. Сүүлийн жилүүдэд дүн тавихаа ч больсон. Лекцээ ороод залуу багш нараар дүнгээ тавиулчихдаг юм. Оюутанд дүн тавилгүй 5-6 жил болчихсон байна.

    -С.Нарангэрэл гуай та хоёр өөд өөдөөсөө харсан өрөөнд суудаг байсан. Түүний таны шавьтай шүүхдэлцсэн явдлыг би хувьдаа ихэд сонирхдог. Учир нь хэзээ ч болж байгаагүй үйл явдал учраас. Тэр шүүх хурал танд ямар нэг шарх үлдээсэн үү. Одоо С.Нарангэрэл багш таныг чиглэсэн байнгын дайралт хийж явдаг нь Х.Тэмүүжингийн ард таныг байдаг гэж боддогийнх байж болох юм. 

    -Хүнд байсан. Нараа багш чинь их огцом зантай хүн шүү дээ. Гэхдээ уур нь дорхноо гарчихна. Их өвөрмөц сэтгэлгээтэй хүн л дээ. Х.Тэмүүжин ингэсэн байна, чиний шавь гээд  л хашгираад унана. Бичсэн юмыг нь канондчихоод орж ирж ширээн дээр шидээд л, загнаад л байна. Би дуугүй л сууна. Юу хэлэхээ мэдэхгүй байдалд орж байсан. Хүнд байсаан, тэр үед. Уг нь багш, шавь  хоёр шүүхдэлцсэнийг Монголд болж байгаагүй гэдэг талаас нь харсан болохоос хүн шүүхээр зөв буруугаа дэнслүүлнэ гэдэг соёлт ертөнцөд хэвийн л үзэгдэл шүү дээ. 

    -Их сонин явдал шүү дээ. Хэрвээ С.Нарангэрэл багш өөрөө очоод мэтгэлцсэн бол  үнэхээр сонирхолтой хичээл болох байсан?

    -Х.Тэмүүжин түүнийг хоцрогдсон гэж хэлсэн байсан. С.Нарангэрэл багш би хоцрогдоогүй гээд шүүхэдсэн. Гэхдээ хоцрогдлыг шүүх тогтоодоггүй. Миний шавь нар хэрвээ Лүндээ багш маань хоцрогдсон байнаа гэвэл би лав тоохгүй. Хүн гээч амьтан цаг үеийн бүтээгдэхүүн учраас цагийн эрхээр хоцрогдоно. Хоцорч л байгаа шүү дээ, бид. Харин залуучууд бол шал өөр цаг үе, цоо шинэ технологийн эринд боловсорч байгаа болохоор биднээс хувь илүү байх нь тодорхой. 

    -Тэр үйл явдлаас үүдэж С.Нарангэрэл, Х.Тэмүүжин хоёрт нийгмийн зүгээс хэцүү дүгнэлтүүд очсон болов уу гэж боддог. Х.Тэмүүжин ёс жудаггүй шавь гэгдэж,  С.Нарангэрэл ч овилгогүй, утга учиргүй маргаан дэгдээсэн хачирхалтай багш болж үлдсэн. Та Х.Тэмүүжинд тэр үед ямар нэг байдлаар зөвлөх юм уу, зэмлэх хандлага үзүүлсэн үү?

    -Тийм юм ёстой байхгүй. Нэгэнт “С.Нарангэрэл багш хоцрогдсон” гээд хэлчихсэн, амнаас нь гарчихсан үгийг яалтай билээ. Ганц удаа л “Ямар юм болоод байна даа. Нараа багш  бөөн уур хилэн болоод байх юм. Юунд ийм дэмий үг хэлээ вэ” л гэж хэлсэн. Түүнээс биш сэдэв болгож ярьсан удаагүй. 

    -С.Нарангэрэл гуайг их түргэн ууртай ч хурдан тайвширдаг хүн гэж та хэлсэн. С.Нарангэрэл багшийг уурлаж хашгирч байхад та өмнөөс нь дуугардаггүй юм шиг байгаа юм. Би нэг тохиолдлыг сануулмаар байна. Нэг сонгуулийн үеэр та хоёр өөр өөр нэр дэвшигчдийг дэмжсэн ярилцлага өгч байсан. Өрсөлдөгч хоёрыг тус тусдаа дэмжсэн. Би тэр үед С.Нарангэрэл гуайгаас ярилцлага авахдаа Н.Лүндэндорж багш  та хоёр нэг сургуулийн захирлууд байж яагаад ийм эсрэг тэсрэг байр суурьтай байдаг юм бэ гэж асууж байсан юм. Хэдийгээр С.Нарангэрэлийг аашилж байхад та юм хэлдэггүй өнгөрөөдөг ч, хэзээ ч түүнийхээр асуудалд ханддаггүй, нэг байр суурин дээр нэгдэж өгдөггүй юм шиг байгаа юм. Тэгээд бодохоор та ч гэсэн “хачин хүн” юм шиг ээ.  

    -Зан зангаа авалцана гэдэг л тэр байх. (инээв) Өөрийн чинь хэлсэн тэр ярилцлага Нараа багш бид хоёрын ам мурийх анхны үндэс болсон юм. Нараа багш, Н.Энхбаяр чамайг дэмжиж, “Төрийн онол” номонд чинь шилдэг сурах бичгийн шагнал өгч, эрдэмтдийнхээ зөвлөлд оруулж байхад чи өөр хүн дэмжлээ. Журамгүй, жудаггүй гээд л таны ярилцлагад орохдоо намайг шүршсэн. Дараа нь би өрөөнд нь ороод та эрдэмтэн хүн, багш хүн ийм зүйлийг хэвлэл мэдээллээр ярих хэрэгтэй байсан юм уу. Хэнийг дэмжих нь хувь хүний сэтгэх эрх чөлөөний асуудал. Яахаараа ийм дэмий юм хийдэг юм бэ гээд хэлчихсэн юм. Тэгсэн өөдөөс, чи журамгүй жудаггүй нөхөр. Давраад байгаа шүү, ер нь гээд л хашгираад унасан. (инээв) Чамайг нэг тэгж хэлэх цаг болсон гээд л. Дахиж тэр асуудлаар бид ерөөсөө яриагүй л дээ. 

    -Саяхан С.Нарангэрэл гуай телевизээр ярилцлага өгөхдөө таны талаар нэлээн таагүй  мессеж илгээчих шиг болсон. Үнэхээр хэн нэгэнд тань ямар нэгэн сэтгэлийн өр ширийн асуудал байна уу?

    -(Инээв) Бид чинь бараг 15-16 жил дарга цэрэг, багш шавь, найз нөхөд явлаа шүү дээ. Их дотно харилцаатай байсан. Зүү орох завсаргүй найзууд гэж олон нийт ч хардаг. Тийм ч байсан. С.Нарангэрэл багшийн надад муудсан шалтгаан нь шүүхийн шинэтгэлийг Н.Энхбаяр хийхгүй юм байна гэснээс л улбаатай болов уу. Би Н.Энхбаярт ч гэсэн шүүхийн шинэтгэлийн талаархи саналаа бичгээр тавьж л байсан. Тэр хүн хийхгүй юм байна гэдгийг харсан. Харин Ц.Элбэгдорж хийх юм шиг байна. Анхаарлаа энэ салбар руу хандуулж байна гээд хэвлэлд ярилцлага өгчихсөн чинь л Н.Энхбаярыг дэмжилгүй, Ц.Элбэгдоржийг дэмжлээ гээд их уурласан. Дараа нь Их сургууль дээр шинэчлэх хөдөлгөөнийг хэсэг эрдэмтэд өрнүүлсэн юм. Өндөр хөгжилтэй оронд доктор хамгаалсан залуучууд тусдаа клуб байгуулж, их сургууль хоцрогдчихлоо, менежмент нь буруу байна гээд олон асуудал гаргаж тавьсан. Намайг урьж ярилцаад би дэмжсэн юм. Саналаа ч хэлсэн. Тэгсэн тэд маань хамтарч ажиллах санал тавиад, хөдөлгөөн өрнүүлээд ажиллаж эхэлсэн. Их сургуулийн хэмжээнд санал асуулга, судалгаа хийж, хөгжлийн шинэ загвар боловсрууллаа. Тэгээд Их сургуулийн удирдлагыг солих хэрэгтэй юм байна.  Хуулиараа таван жил ажиллах ёстой захирал 12 жил болчихож гээд асуудал гаргаж ирж тавиад удирдлага ч  солигдсон. Тэр үед манай залуучууд Их сургуулийн захиралд намайг өрсөлд, таны нэрийг дэвшүүлье гээд, би сонгон шалгаруулалтад орж нэгээр гарч ирсэн. Гэвч тэр үед салбарын сайд нь МАН-ын хүн байсан. Тэгээд Н.Лүндэндоржийг томилохгүй, манай намыг олон жил шүүмжилсэн улс төрийн асуудалтай, тэрс үзэлтэй нөхөр гээд томилоогүй. Тэгж нэрээ дэвшүүлсэн явдал дахиад л Нараа багшийн уурыг хүргэчихсэн. Миний зөвшөөрөлгүйгээр их сургуулийн ректор  болох гэж том юм  мөрөөдлөө энэ тэр гээд жаахан таагүй байх шиг байсан юм. 


    -МАН-ынхан өөрийг чинь гаргахгүй гэж бол ер нь мэдэж байсан биз дээ?

    -Гадарлаж байсан ч залуучуудын итгэлийг бодсон. Тэгээд Их сургуулийн удирдлага солигдоод С.Төмөр-Очир багш захирал болсон. УИХ-ын дарга, сайд  байсан учраас сургуульд ректороор ирээд С.Нарангэрэл багш, болон бусад олон жил декан хийсэн хүмүүсийг тайлангаа тавьдаггүй. Тайлангаа тавь, үгүй бол өөрчилнө гэж шахсан юм шиг байгаа юм. Тэгсэн С.Нарангэрэл багш уурлачихсан. Чиний авчирсан энэ өгөр толгойт чинь надаар оролдоод байна. Чамайг захирал болгох гээд байна. Чи миний сандал ширээ рүү өнгийгөөд байна гээд байдаг. Би ч Нараа багшид, намайг бол гэсэн ч болохгүй. Би таны орлогчоор 15 жил ажиллачихлаа. Та тайвшир л даа гэхээр ойлголоо гээд л явдаг. Удалгүй дахиад л оволзоод явчихна. Ийм гурван шалтгаанаас болоод л Нараа багш надад гомдчихсон. Би Нараа багшийн талаар нэг ч муу муухай үг хэлж үзээгүй. Хоцрогдсон, хуучирсан гэж хэлсэн удаагүй. Харин намайг Нараа багш, хүн муутай, алуурчин ер нь хэлж болох болохгүй болгоноор хэлсэн. Хүн болгонд л муу хэлж явдаг. Би одоо л Нараа багшийн талаар танд ам нээж байна. Өөрийг чинь асуугаад байгаа учраас.

    -Би ч гэсэн хоёр хүний хоорондын харилцааны талаар болж өгвөл асуухгүй гэж боддог. Та Эрдэнэтэд шүүхийн шинэтгэлийн асуудлаар уулзалт хийсэн гэсэн. Уулзалтын үеэр Нараа багш тэнд бас нэхэж очоод элдэв үг хэлсэн гэх мэдээ сонсоод түүний үзэн ядалт өвчин эмгэгийн төвшинд оччихож гэж бодоод сонирхож асуулаа. Та тэр үед нь түүнд юу гэж хэлсэн бэ?

    -Орон нутгаар Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн асуудлаар Дорнод, Дорноговь, Дархан, Эрдэнэтэд очсон. Эрдэнэтэд уурхайчдын ордонд 500-гаад хүнтэй уулзалт хийж байж байтал заалны дундуур хоёр хүн гүйгээд ороод ирлээ. Нэг нь халзан толгойтой шар нөхөр, нөгөө нь Нараа багш. Нараа багшийг орж ирэнгүүт нь ярьж байгаагаа зогсоогоод яах гэсэн юм бол гээд ажигласан чинь “Лүндээ, чи энд байгаа юм уу, чи өндөр албан тушаалд очоод гурван жил надтай уулзсангүй” гээд л загнаад уналаа. Би ч яахав дээ, сайн байна уу багшаа,  та сайн явж байна уу л гэлээ. Тэгсэн “Би бол Л.Цог гишүүний зөвлөх, аймгуудаар явж байна” гэснээ иргэд рүү харж нэг юм хэлснээ, за за чи наад ярьж байгаагаа үргэлжлүүл гэж хэлчихээд л гүйгээд гараад явчихна лээ.

    -Эрдэнэтийнхэн их гайхсан гэсэн. Шинэтгэлийн талаар ярих гэж байгаа юм болов уу гэж харсан шиг байгаа юм. 

    -Гайхна л даа. (инээнэ) Юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Учиргүй гомдож өс хонзон санаад гүйгээд байгааг нь би үнэхээр ойлгож, учрыг нь олдоггүй юм. Би тэр хүний амьдралд ямар гай тарьчихсан юм бэ. Нэг хуулийн сургуулийн деканы албан тушаал тэр хүнд тийм их үнэ цэнтэй байсан гэж үү. Тэгээд ч би тэр суудалд нь суучихсан биш. Ингэж би хааяа боддог. Хүн юм болохоор сэтгэл шархлах үе байна шүү дээ. Тэгээд аажимдаа тэр хүнийг буруутгахаасаа илүү, ойр дотно нөхөрлөж явсан хүндээ тийм юм бодуулснаараа өөрөө л буруутай юм болов уу даа гэж заримдаа боддог. Тэрнээс биш чи тэгсэн ингэсэн гээд Нараа багшид үг дайгаад яахав, буянаараа болог. “Тэр хүн юу гэж хэлэх нь чухал биш, тэр хүнд тэгж бодуулсандаа л байгаа юм аа” гэсэн үг байдаг даа.

    -Та Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын дарга. ШЕЗ өмнө нь байсан ч эргэж гарч ирэхдээ байр байшинтай, том бүтэцтэй болчихсоноороо олны анхаарлыг татаад байх шиг байна. Тэгэхээр энэ байгууллагын агуулга, үзэл санааг түр орхиод эдийн засгийн хувьд гадуур бичигдээд байгаа шиг тийм “баян” байгууллага юм уу гэх асуултыг тавья ?

    -1992 оны Үндсэн хуулиар Монгол Улс, шүүх захиргааны төв байгууллага байгуулна гээд заачихсан ч байгуулахгүй явсаар 20-иод жил болчихсон юм. 10-аад жил шүүхийн захиргааг Хуульзүйн сайдын албанд хавсаргаж үзсэн ч болоогүй. Зарим сайд нар ерөнхий шүүгчдийг аваачиж загнадаг, хэрэг төвгийг нь авчруулж танилцдаг бурангуй явдал ч гарах болсон учраас өөрчлөөд УДШ-ийн ерөнхий шүүгчид хавсаргасан. Ерөнхий шүүгчид захиргааны чиг үүрэг өгчихөөр түүгээр дамжиж шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх явдал бас бий болсон. Ерөнхийдөө шүүхэд прокурор шиг босоо удирдлагын тогтолцоотой маягийн байгууллага болж хувирсан л даа. Шүүгчийнхээ хараат бус байдлыг хөндөөд байна гэх шүүмжлэл гараад эхэлсэн. Тэгээд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шүүхийн шинэтгэлийн бодлогодоо шүүхийн захиргааг тусад нь гаргахаар гурав дахь шинэ моделийг гаргаж ирсэн нь л энэ. Байгуулаад ажлаа эхлүүлэх гэсэн байргүй. Ажилтнуудын маань зарим нь гэрээрээ, зарим нь компани дээр сууж ажилладаг гэхчлэн хэцүү нөхцөлд л байсан. Тэр үед Чингэлтэй дүүргийн шүүхийн байрыг байна гэхээр нь очиж үзсэн чинь бохир, дулаанаа ч шийдээгүй. Зүгээр л нэг байшин барьчихсан. Хойд гэр хороолол нүүхээр магистраль шугам ирээд дулаан татчихна гэж төлөвлөсөн байдалтай. Өнөө хороолол нь ч баригдаагүй, байшин нь балгас болчихсон байсныг өөд нь татаад бойлуураар халаадаг болгож. Бохир нь шийдэгдээгүй учраас доор нь нэг ёмкось булаад асуудлаа шийдсэн. Хотын төвд гэхэд хэцүү л дээ.

    -Танай зөвлөл хэдэн хүнтэй юм бэ?

    -Таван гишүүнтэй. Ажлын алба 70 гаруй хуульчтай.  Өөрийн байртай болсных бүх шүүхийн мэдээллийн дата бааз байгуулчихлаа. Хаана ямар ачаалал, асуудал үүсч байна гэдгийг эндээс хянах, дүгнэлт хийх, бодлого боловсруулах нөхцөл бүрдсэн. Мөн Монголын  бүх шүүхүүдтэй видео хурал, сургалт хийх техникийн бололцоо бүрдчихлээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны тухайд энэ бол маш чухал шийдэл л дээ.  Тэр ч бүү дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт байгаа профессоруудтай холбогдож сургалт явуулах бололцоотой. Гэхдээ бусдын яриад байгаа шиг баян тансаг байгууллага биш шүү. Ерөөс төрд гурван эрх мэдэл байдаг.  Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Шүүх эрх мэдлийн захиргааны байгууллага. Шүүхийн төсөв Улсын төсвийн 0.30-40 хувьтай 20 жил болсон бол шүүхийн шинэтгэлийн үр дүнд одоо 0.80 хувьтай боллоо. Нэг хувь хүрэхгүй ч энэ бол том амжилт. Шүүх засаглал нь төлөвшсөн орнуудад улсын төсвийн 2-5 хүртэл хувийг төсвөөс авдаг.

    -Олон жил шүүх засаглал, тогтолцоо, ёс зүйн сэдвээр хэлж тэмцсэн хүн. Шүүх дээр овоорсон лагшмал асуудлыг угаалгын машинд хэд сэгсрээд л цэвэрлэдэг шиг шийдчих боломжгүй. Саяхан таны парламент дээр хэлсэн үгнээс болоод гаргасан Шүүгчдийн холбооны мэдэгдлийг үзлээ. Их хувийн шинжтэй, албан ёсны гэх стандартгүй мэдэгдэл гэж харсан. Шүүгчдийн холбооны гишүүн шүүгчдээс холбооных нь талаар асууж, хурлаа хийж гаргасан мэдэгдэл үү гэж асуухаар хурал хийгээгүй гэх юм. 

    -Тийм л юм билээ. 

    -Би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ярилцахдаа  шүүхийн шинэтгэлийн асуудлаар асуусан. Ерөнхийлөгч шүүгчдийн талаар шүүмж сонсох дургүй, буглааг нь бага багаар цэвэрлэж, алхам алхмаар урагшилж байна. Ажил урагшаа явж байна, явуулах талаас нь  та нар түлхэц өг гээд хир халдаадаггүй. Шүүх бахь байдгаараа, харин ч бүр маапаанд хутгалдсан байдал нь ужиграх шинжтэй байна. Яагаад энэ вэ. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна.

    -Түрүүний асуултад гүйцээгээд хариулчихмаар байна. Та зөв ажиглаж, зөв судалгаа хийсэн байна. Шүүгчдийн холбоог толгойлдог хүн нь УДШ-ийн захиргааны хэргийн тэнхмийн шүүгч Батсүрэн. 

    -Төрийн бус байгууллага биз дээ?

    -Төрийн бус байгууллага. Удирдах зөвлөлд нь есөн хүн байдаг. Мэдэгдэл гаргаж шүүгчдийн нэрийн өмнөөс дуугарах гэж байгаа бол төлөөлөх эрхтэй байгууллага нь хуралдаж шийдвэр гаргах ёстой. Надад ирсэн мэдээллээр  бодит байдал дээр хоёр гурван хүн сууж байгаад л Н.Лүндэндоржийг чимхээд авья, улс төрд ч ашиглая гэж хэлэлцсэн юм байна гэж ойлгосон. Уг мэдэгдэл нь үнэхээр буруу хандлагатай, шүүгчдийн нэр хүндэд халтай үйлдэл болсон. УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд, шүүгчид улс төрийн захиалгаар шийдвэр гаргаж, нэр хүндээ унагаж байгаа талаар таны бодлыг сонсъё гэсэн. Би ч шүүхийн шинэтгэл хийх болсон нэг шалтгаан нь олон түмний дунд шүүхийн нэр хүнд буурсантай холбоотой. Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч нь хөтөлбөр гаргасан гэж хариулсан. Энэ үнэн. Хэрвээ шүүхийн нэр хүнд сайн байсан бол шинэтгэл хийх хэрэггүй л дээ. 

    -Н.Лүндэндорж л шүүхийг тааруугаар дүгнээд, түүнийгээ  парламент дээр хэлсэн юм шиг  ойлгоод мэдэгдэл гаргахдаа хүртэл бухимдсан бололтой. 

    -Би биш ээ. Гадаад дотоодын судалгааны байгууллага, Монголын төр, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Ерөнхийлөгч нь дүгнээд реформ хийхээс өөр арга алга гэсэн шийдэлд хүрсэн юм. Реформыг өдөр болгон хийдэггүй, бүр болохоо болихоор нь л хийдэг зүйл. 

    -Та бичдэг хуульчдын нэг. Шүүхийн шинэтгэлийн асуудлыг олон жил хөндсөн. Сая гарсан мэдэгдлээс олон жилийн хонзогнол, бухимдал ажиглагдсан.

    -Шүүгчид тэр мэдэгдлийг дэмжихгүй байгаа. Ганц хоёр хүн л хийсэн үйлдэл.Тэгээд ч бүх өөрчлөлт 100 хувийн дэмжлэг авна гэж хаа байхав. Эсэргүүцэгчдийн дунд найз нөхөд маань ч байж л байна. Ойр дотны маань хүн хүртэл чи л дэмий юм ярьж, шинэтгэл гэж асуудал босгож  ирлээ гэж буруутгаж байсан үе бий. Олон шүүгч зөв ойлгож, тэвчээртэй хандаж, сэтгэлээр уналгүй ажлаа сайн хийгээрэй гэж урам өгч байгаа. Тиймдээ ч миний санаа зовохгүй байна. Гэхдээ ийм балай юм хийдэг хүмүүс жаахан ичих хэрэгтэй л дээ. 

    -Шүүхийн нэр хүнд олон түмний итгэл дээр тулгуурладаг. Энэ нь шүүх зөв оршихуйн үндэс. Шүүгчдийн цалинг өсгөх шийдэл нэлээд шүүмжлэл дагуулдаг. Цалин нэмэгдсэнээр ямар ахиц ажиглагдав. Хийж буй бодлогуудын үр дүн ер нь гарч байна уу?

    -Ахиц байнаа, байна. Монгол Улсын шүүхийн шинэтгэл, тэр тусмаа хуулийн байгууллагын шинэтгэлийг би амжилттай яваа реформ гэж үнэлдэг. Нөгөөтэйгүүр шүүхийн шинэтгэлийн автор болох Ерөнхийлөгчийн зүгээс энэ реформыг амжилтад хүргэх хүсэл зориг асар хүчтэй байна. Тэр хүсэл зориг унтарвал энэ ажил урагшлахгүй. Тэр утгаараа шүүхийн шинэтгэл амжилттай өрнөж, бодит үр дүнгүүд гарч байна. Хэзээ Монголын шүүх нээлттэй байлаа. Сэтгүүлч бүү хэл хуулийн оюутан ч шүүхийн шийдвэр үзэж чаддаггүй байсан. Монголын шүүхийн нээлттэй байдал АНУ, Германаас ч түрүүлсэн. Тэд нар гайхаж, та нар ийм богино хугацаанд яаж ингэж чадав. Бараг хэтэрхий нээчихсэн юм биш үү гэж асууж байна. Цалинтай холбоотой асуудлын тухайд хэдэн шүүгчдийг цалингаар цалгиулаад байгаа гэж харах нь харалган хэрэг. Шударга ёс үнэтэй байдаг юм. Түүнд мөнгө төлж байгаа гэж дэлхий хардаг үед бид амьдарч байна. Бага цалинтай  шүүгчтэй улсад авлига тэр хэмжээгээр өндөр байдгийг дэлхийн түүх нотолдог. Шүүгч хүн олон эрхээ хязгаарлуулсан байдаг. Түүнийх нь төлөө хийж байгаа төлбөр гэж харах ёстой. Шүүгчид, шударга ажиллаж, чанартай шийдвэр гаргая гэж чин сэтгэлээсээ чармайдаг боллоо гэж ярьж байна. Хамгийн гол нь шүүгч хүний сэтгэл зүрхэнд хариуцлагатай байя гэсэн мэргэжлийн хүсэл өндийж,  гэрэл ассан. Энэ бол шүүхийн шинэтгэлийн хамгийн гол үр дүн. Түүнээс биш шүүгчийг хараат бус байлгах гэж хажууд нь манаач цагдаа зогсоогоод яах юм бэ. Хүн буруу юм хийе гэвэл хийж л таарна. Зарим хүмүүс, шударга ёсыг мөнгөгүйгээр тогтооно гээд байдаг. Бага цалинтай ч шударга ажиллая гэдэг чинь коммунист лоозон.Үүний улмаас “Шударга ёс үнэтэй байдаг юм” гэсэн англичуудын хэллэг үүссэн.  Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Юи шударга ёс тогтоохын тулд шүүгчдийн жилийн цалинг сая доллар болгосон. Тэр хэрээр хариуцлага нь ихэссэн. Тэрний хүчинд тус улс өнөөдөр авлигагүй, хамгийн шударга, хуулийн засаглалтай улсын тоонд багтсан. Энэ мэтийг манайхан жаахан хармаар л байгаа юм.

    -Шүүгчийн сарын цалин 10 сая болоогүй ч тэрбумын үнэтэй байр аваад л байна.

    -Монголын шүүгчдийн цалинг улс төр болгоод, энэ бодлогыг унагая гэсэн явуургүй улс төр нь эх орноо хорлоход хүрч байгааг ойлгоосой.

    -Ц.Нямдорж сайд л лав эсрэг байр суурь илэрхийлдэг. 

    -8 сая төгрөгийн цалинтай шүүгч одоо байхгүй. Ирээдүйд бий болноо. Шүүгчдийн дунд 40-өөс дээш жил ажилласан 4 шүүгч 4-5 сая төгрөгийн цалинтай байгаа. Бусдын тухайд дунджаар бол 1700 ам.доллар. Татвараа төлөөд гар дээрээ 1300 ам.доллар л авч байхад улс төр хийх гээд байх юм даа.

    -Ямар ч байсан бодлогын энэ хөшүүрэг үр дүнгээ өгч байгаа гэх гээд байна уу, та?

    -Өгч байгаа. Шүүгч хүн шударга ажиллая гэх чин эрмэлзэлтэй болж байгаа нь л хангалттай. Төр надад ийм цалин өгч байхад би сайн ажиллах ёстой гэх бодол төрнө гэдэг том амжилт шүү.

    -Энгийн иргэд шүүхэд итгэхгүй, шүүх засаглал дарангуйллын шинжээ улам л гүнзгийрүүлээд байна гэж шүүмжилж байна. Том компаниуд бүгд л өөрийн шүүгчтэй болчихсон. Жишээ нь “Моннис” группийн асуудал дээр зөвхөн тэр шүүгч л орж ирж талд нь шийддэг гэх жишээтэй. Ийм зүй тогтол шиг болчихсон аргачлалуудыг нурааж, солбиж, шүүгчдийг тараах бодлого барьж болох уу. Шүүгчидтэй холбоотой гомдол өргөдөл танайд л ирдэг үү?

    -Монголчууд айхтар гярхай, шинэ юманд амархан дасдаг. Өөрчлөлт шинэчлэлийг их хурдан хүлээж авдаг үндэстэн. Одоо энэ Дундад азийн орнуудын ардчилал, шүүхийн асуудлуудыг хар. Хүнд байна. Эдэнтэй харьцуулахад Монголын шүүх, Монголын ардчилал харьцангуй хол явчихсан. Нөгөөтэйгүүр шүүхийн реформ хийх хүнд. Мафийн тухай кинонд гардаг шиг гудамжинд гүйж гараад л дуртай юмаа хийдэг мафи дэлхийд одоо байхгүй болсон. Орчин үеийн мафи хуулийн байгууллагатай хамтардаг болсон. Мафийн бүтэц өөрчлөгдсөн нь тэр. Хамгийн аюултай нь энэ. Товчхондоо шүүхийн шинэтгэлийг 5-6 жилд хийгээд дуусгачихдаг, үр дүн нь түргэн гардаг ажил биш. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлийн бодлого хэрэгжиж эхэлсэн нь хоёрхон жил. Өөрийн чинь хэлээд байгаа зүйлс ортой. Гэхдээ өргөс авсан юм шиг энэ бүх асуудал нэг дор цэгцрэхгүй. Ерөнхийлөгч УИХ дээр тайлангаа тавихдаа шүүхийн шинэтгэлийн ажил талдаа ч ороогүй байна гэж хэлсэн. Энэ үнэн. 

    -Эрх мэдлийн халуун цэг гэж та шүүхийг томьёолсон байсан. Энэ халуун цэг дээр өөрчлөлт шинэчлэлт хийх бодлогын байгууллага бол Шүүхийн ерөнхий зөвлөл.Гэвч энэ байгууллага руу хийх дайралт асар их байна. Цэц бас нэг мэдэгдэл гаргасан л байсан. Танайд тэднийг эгдүүцүүлж чадах ямар хүч байгаа юм бэ. Ямар эрх мэдэл байгаа юм бэ. Шүүхийг тараах ч гэдэг юм уу, тийм хэмжээний эрх мэдлийг өгсөн юм уу. Эсвэл зүгээр л энэ байгууллага гоё харагдаад байна уу.Эсвэл Н.Лүндэндорж гэдэг хүнд нь дургүй байна уу?

    -Цэц намайг хөдөө явж байхад сануулга явуулсан байна билээ. Тэр нь ямар ач холбогдолтой юм бүү мэд. Би хувьдаа Н.Лүндэндоржоо, чи дуугүй бай л гээд байна гэж ойлгосон. 

    -Би таниас багш шавийн тавилангийн талаар асуусан. Манай шинэ үеийн хуульчид дотроос шидсэн мессеж нь хамгийн их шуугиан тарьдаг хүн нь Х.Тэмүүжин гишүүн. Тэрбээр ЦЭЦ бол морг гэж хэлсэн. Энэ үгнээс нь болоод, шууд хэлэхэд шавийн тань хийсэн мэдэгдлээс болж тань руу чулуу шидэв үү?

    -Миний хоёр шавь Цэцэд хандаж хатуухан шүүмжлэл хэлсэн. Х.Тэмүүжин Үндсэн хуулийн ЦЭЦ гэдэг байгууллага улс төрийн морг гэсэн бол Өнөрбаяр доктор, ЦЭЦ үеэ өнгөрөөсөн нөхдийн цуглуулга гээд хэлчихсэн юм шиг байна лээ. Тэд бол бие даасан хүмүүс. Тэдний бүх байр суурь, бүх хэлсэн үг, хийсэн үйлдлийг надтай холбодог бол энэ нь их эмгэнэлтэй явдал юм даа. 

    -Шинэ үеийн л хуульчид хурцхан мэдэгдлүүд хийгээд байна л даа?

    -Н.Лүндэндоржийн шавь нар ЦЭЦ рүү дайрдаг, ард нь Лүндээ байгаа, эдэнтэйгээ бүлэглээд байна гэж харддаг шиг байгаа юм. Тийм юм байхгүй. ЦЭЦ-ээс явуулсан сануулга нь манай зөвлөл рүү бус зөвхөн надад хандсан юм шиг санагдсан. Би сэтгүүлчдийн асуултад хариулахдаа зориуд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга бус эрдэмтний хувьд гэж өмнөтгөл хэлж байгаад байр сууриа хэлдэг. ЦЭЦ бол цэвэр онолын шүүх байх ёстой. Үндсэн хуулийн үг хэллэг бүрийг онол, зарчмаар нь хөдөлгөөнгүй тайлбарлаж байж шийдвэрээ гаргах ёстой ч стандартад хүрэхгүй байгааг нь би болон миний шавь нар ил тод хэлчихдэгт дургүй байдаг юм шиг байна лээ.

    -ЦЭЦ-эд яалт ч үгүй том хуульчид бий. Тэгсэ атлаа ажиллах урам зориг нь мохсон, нэг тийм идэвхгүй цул бүтэц болоод хувирчихлаа. Гаргах шийдвэрийг нь бараг урьдчилаад мэддэг болчихлоо шүү дээ?

    -Эрдмийн зэрэг цол, нэр алдар чухал байж болноо. Шүүгчийг хэр чадвартайг нь гаргасан шийдвэрээр нь, эрдэмтнийг бүтээлээр, хуульчийг гаргаж буй гаргалгаагаар нь л үнэлдэг.

    -ЦЭЦ гэдэг байгууллагын дотоод амьдрал нь үнэт эдлэлийн ч юм уу, эсвэл морины зах шиг газар болчихсон юм шиг санагддаг. 

    -Сонин үг байна. Миний эсрэг сануулга гэж цаас өгч байхаар Н.Лүндэндоржийн энэ үндэслэл ингээд буруу гээд эрдмийн мэтгэлцээн өрнүүлбэл, миний үндэслэлийг тэгж няцаавал  би талархана. Тийм ч байх ёстой.

    -Ингэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлд том гарын хуульчдыг, зарим шүүгчдийг эгдүүцүүлээд байх бодит хүч юу байгаа юм бэ. Бужигнуулах, цалинг нь хасах, байршлыг солих эрх бий юу. Эрх мэдэл л хонзон эгдүүцлийг төрүүлэгч нь шүү дээ?

    -Шүүх засаглал руу гар хөлөө нэлээн гүн дүрж байсан хүмүүс тийм боломжгүй болсондоо бухимдаад байгаа  байхаа. Н.Лүндэндорж гэж нэг зөрүүд өвгөн тэнд очиж суучихаад олон юманд саад болоод байгаа  болохоор зарим хүний дургүйг нь хүрээд байгаа юм биш үү.

    -Энэ хэмжээний эрх мэдлийг атгаж суугаа хүн сөргөлдөгч фигур байж болдоггүй бололтой. Хэрвээ сөргөлдөөд эхэлбэл реформ  эвгүйтнэ. Та реформоо хараад л чигээрээ зүтгээд байгаа үзэгдэх. Гэтэл бөөн эсэргүүцэл энд тэндээс яваад байдаг. 

    -Би сөргөлдөөд эхэлбэл шүүхийн шинэтгэлд хор хохирол учирч магадгүй гэсэн болгоомжлол надад байна. Монголчууд жингэр нохой хуцаж байдаг, жингийн цуваа явж байдаг гэдэг. Надад Монгол Улсын Ерөнхийлөгч итгэл хүлээлгэж энэ ажилд томилсон. Би зүтгэх ёстой. Ухрах, сэтгэлийн дарамт бусад зүйлсээс болж шантрах эрх байхгүй.  Хэрэлдэж, чулуу шидэлцэх хүсэл, цаг зав ч алга. Хаа сайгүй хэрүүлтэй байхад би нэмэгдээд юу хийхэв. Айж ичсэндээ дуугүй  байгаа юм биш. Үзэлцье гэвэл би илүү мэргэжлийн  төвшинд үзэлцэж бас чадна. Надад үзэлцэх “авьяас” бол бий.(инээв) Гагцхүү нэг гараараа нөгөөгөө атгаж, шүүхийн реформын төлөө, зорилгынхоо төлөө тэвчиж байна. Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад ганц жилийн хугацаа үлдлээ. Хоёр жилд их ажил амжууллаа. Үлдсэн ганц жилд амжуулах зүйл ч байна. Юм хийе гэвэл гурван жил их хугацаа юм байна. Үлдсэн хугацаандаа хийхээр төлөвлөсөн ажлуудаа нугалах л болно. Дараа нь эрдэмтнийхээ хувьд энэ нөхдүүдэд барих хариу байлгүй дээ.


    -Би яг одоо эрэн сурвалжлах цуврал нийтлэлүүд дээр ажиллаж байна. Ийм ажилд  хөндлөнгийн том ажиглагчийн үг хэрэгтэй байдаг. Ийм дүрийн нэг том хүлээн зөвшөөрөгдсөн эксперт бол та. Заримдаа мэргэжлийн ийм эрх чөлөө тань үгүйлэгдэх юм уу?

    -Тэр эрх чөлөө хоёр жил хасагдлаа. Гэхдээ тэр эрх чөлөө надад ирнэ. Би өөрийгөө цонхон дээр сууж байгаа хүн л гэж үздэг. Надад айх юм байхгүй. Хүнээс гуйх юм ч алга. Би оюун санааныхаа эрхийг чөлөөтэй эдлэх цаг ойрхон байгаа гэж бодож байна. 

    -Хүний амьдралд юу эс тохиолдох вэ. Танд олон хүнд тохиолддог зовлон тохиолдсон гэж харсан. Сая Ц.Нямдорж гуай таныг алуурчин гэж загнаж байгаа харагдсан. Гэнэтийн гай зовлон гэнэтийнх л байдаг. Харин та энэ талаар нэг ч удаа цээжээ онгойлгож дуугарсангүй. Хэлэх цагт нь хэлнэ гэж бодоод байна уу, эсвэл дурсамждаа бичье гэж боддог юм уу. Үгүй бол мартахыг хүсдэг юм уу?

    -Энэ бол миний амьдралд тохиолдсон эмгэнэлтэй явдал. Таван жил өнгөрлөө. Тэр үед би Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байсангүй. Гартаа ном, үзэгтэй явахдаа ийм гай зовлонтой учирсан. Намайг алуурчин гэж дуудаад байгаа Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад тэр явдал болж, би хөлийнхөө үзүүрээс үснийхээ үзүүрийг хүртэл шалгуулсан. Ёстой тултлаа шалгуулсан. Намайг яллах гэж хэт их улайрч, дайрсны улмаас процессын хууль их зөрчсөн. Үүний улмаас хууль зөрчиж, нотлох баримтуудаа бүрдүүлсэн. Тэр нь яллах үндэс болж чадаагүй. Нэг жишээ хэлье. Техникийн шинжээчдийн дүгнэлт гэж гардаг юм байна лээ. Тэр нь замын хөдөлгөөний журам зөрчсөн эсэхийг тогтоодог юм байна. Тэр дүгнэлт яаж гарсныг надад дуулгаад би нэг хувийг нь олж авчихаад байхад л та нар буруу дүгнэлт гаргасан байна дахин зас гэж загнаж байгаад тэр шөнө нь өөр дүгнэлт гаргуулсан байх жишээтэй. Энэ нь нотлох баримт болох нь бүү хэл шүүн таслах ажлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг л дээ. Иймэрхүү юм их болсон. Одоо зарим хүн нэмэр хачир нэмээд тэр зовлонгоор их тоглож байна. Бас л буянаараа болог. Тэр хүмүүст болон бусдад тийм зовлон бүү учраг. Би өөрийгөө хэзээ ч өмөөрөхгүй. Сэтгэл зүрх, эрүүл мэнд маань хэзээ ч эдгэрэхгүйгээр гүн шархалсан. Тэр шарх хэзээ ч эдгэхгүй. Энэ бол миний насан туршийн гэмшил. 

    -Маш хүнд дарамтад орж, аймаар том шоконд орсон байсан. Гэхдээ үлээлгэхэд Ц.Нямдоржийн ярьж байгаа шиг үзүүлэлт гараагүй гэж хэргийн газар байсан цагдаагийн ажилтнаас сонссон. 

    -Хэн ч байсан үлээлгэнэ л дээ. Үлээгээд 0.45 гарсан. 0.20-оос дээш байвал спиртийн хэрэглээтэй гэж үздэг юм байна лээ. Тийм аймшигтай юм үзсэн хүний чинь зүрх даралт юу болох вэ. Баахан эм тан уусан. Өөрөө хүсэлт гаргаад замын цагдаа дээр цусаа өгөөд шалгуулчихъя гэсэн авахгүй гэлээ. Аргаа бараад таньдаг эмчээ гуйж авчраад мөрдөн байцаагчид цусаа өгөх гэсэн авдаггүй. Хүчээр шахуу өглөө.  Шөнө болчихсон болохоор миний цусыг аваад сейфэндээ хонуулаад маргааш нь аваачиж өгсөн юм билээ. Би 0.45 гарахад тэрэндээ эргэлзсэн учраас ахиж шинжлүүлэх гэж байна шүү дээ. Тэгтэл бүр  2.7 гэж гаргаад ирж байгаа юм. 2.7 гэдэг чинь хөл дээрээ зогсож чадахгүй 2-3 шил архи уучихсан хүний хэмжээ. Нэг бол тэрийг санаатайгаар зохион байгуулсан. Эсвэл сольсон гэж боддог. Тэгэхээр нь би, за нөхдөө би 0.45 үгүйсгэх гээд байхад 2.7 гарна гэж байхгүй. Андуурал гарчээ, үлдсэн цуснаас дахин шинжлээд өгөөч гэж хүсэлт гаргасан боловч авч хэлэлцээгүй. Уул нь авсан цуснаас тодорхой хэсгийг дахин магадлах шаардлага гарвал гэж авч үлддэг журамтай юм билээ. Хүсэлт гаргаад нэмэр болоогүй тэгээд орхисон. Тэр үед миний нэг шавь, багшаа та цусаа яасан ч өгч болохгүй. Аюултай шүү гэж хэллээ. Яагаад гэхэд яаж ч гаргаж мэднэ гэхээр нь арай ч дээ гэж би зөрж байгаад өгснийг яана. Энэ явдал бол надад тохиолдсон зовлон. Би энэ зовлонтойгоо хамт л буцна шүү дээ. Өдөр бүр би тэр ачаагаа үүрч яваа. Гай түйтгэрийг хэн ч хүсдэггүй. Гай зовлон гэнэт л ирдэг. 

    -Уучлаарай, таны сэтгэлийг хямраачих шиг болоо. Би ойлгож байна. Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Ямар ч асуудал байсан төрийн хямрал болгодог жишиг тогтох нь. Ингэхэд цаашдаа манай төрийн тогтолцоо яах юм бэ. Зарим нь аргаа бараад Ерөнхийлөгчийн засаглалтай болъё ч гэж байх шиг. Нийгэмд өнөөгийн  төрийн тогтолцоонд эргэлзсэн байдал ажиглагдах боллоо. Та энэ тухайд ер нь ямар бодолтой явдаг вэ?

    -Би төр гэдэг үзэгдлийг 20 жил судаллаа. Дэлхийд гурван чухал асуудал тулгараад  байна. Төр гэж нэрлэдэг энэ институцийг яаж цэвэр ариун байлгах вэ гэдгээс хамаараад хуулийн засаглал тогтох уу үгүй юу, төр хариуцлагатай байж чадах уу үгүй  юу гээд судлаачид ухаанаа уралдуулж  байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, Стэнфордын их сургуулийн профессор Фрэнсис Фукуямагийн бүтээлээс тод харагдана. Төрийн тогтолцооны хямралыг улс төрийн ялзрал гэж нэрлэдэг болж. Ялзрал үүсэх шалтгаан нь эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн хурдыг төрийн тогтолцоо нь гүйцэхгүй байгаатай холбоотой. Хоцроод эхлэхээр шүүмжлэлийн бай болдог. Энэ үед хамаг юмны гай зовлон болсон Төр рүү хүмүүсийн анхаарал чиглээд ирдэг юм байна. Үнэндээ Монголын Төр ч түүхэн цаг мөчдөө байна. Хүн төрөлхтөн Төрийг бурхан тэнгэр, далдын хүч, нийт ард түмэн гэж ойлгодгоо больж. Төрийг ард түмнээс эрх мэдэл шилжүүлж авсан хэсэг бүлэг хүн л гэж ойлгодог болж. Хэсэг бүлэг зөв хүн, шударга хүн л тэнд очихгүй бол хуулийн засаглал тогтдоггүй. Хариуцлага ч байдаггүй юм байна. Үнэхээр л төрийн тогтолцоогоо сайжруулъя гэвэл төрд орж байгаа хүмүүсээ танил танил, нутаг уснаасаа шалгаруулдгаасаа татгалзаж, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж чадах хүмүүсийг сонгох хэрэгтэй. Парламентын, Ерөнхийлөгчийн засаглал байх нь чухал биш. Тиймээс парламентын засаглалын хөгжлийг тогтворжуулах л хэрэгтэй.  Манай парламентын тогтолцоо бүрэн парламентын тогтолцоонд ороогүй хагас эрлийз маягийн шинж чанартай. Нөгөөтэйгүүр УИХ-даа хэтэрхий их эрх мэдлийг овоолчихсноос Төрийн нэр хүнд, тогтолцооны гажиг үүсээд байна. 

    -Төр рүү зүглэсэн хямралуудын учгийг судлаад ирэхээр өнөө л муу нэртэй  луу данстай намууд руу чиглэдэг. Улс төрийн намын тухай хууль гэдэг сэдвийг танаас бас асуумаар байна?

    -Парламентын улсын хэлбэрийг бид 25 жилийн өмнө сонгосон. Парламентын улсын онцлог нь улс төрийн намууд их хүчтэй, нөлөөтэй байдаг. Намаар дамжуулж засаглалыг хэрэгжүүлдэг. Тэр утгаараа намууд сайн төлөвшсөн байх хэрэгтэй. Гэтэл манайд цаасан дээр олон намтай ч мөн чанарын хувьд хүчтэй олон намын тогтолцоо бүрэлдэж чадаагүй. Хүн тойрсон намтайгаас гадна төлөвшөөгүй. Хамгийн тод жишээ нь ихэнх коммунист намууд байхгүй болчихоод байхад манай коммунист нам сүүлийн 20-иод жил засгийн эрх барьчихаад байгаа нь, бусад намууд хүчтэй өрсөлдөж чадахгүй байгаатай холбоотой. Манайхан намаас уйдчихлаа. Уйдлаа гээд гарах газаргүй. Тиймээс намыг хүчирхэг, эрүүл зөв байлгахын тулд эрх зүйн хүчтэй механизмуудыг хууль тогтоомжиндоо суурилуулахаас өөр арга байхгүй.Парламентын засаглалтай улс орнууд Үндсэн хуульдаа намын зохицуулалтыг сайн зохицуулж,  улстөрийн намын хуулиа маш нарийн гаргадаг.  Үндсэн хуулийн шинэтгэл яригдаж байгаа энэ үед Үндсэн хуулиндаа намын суурь зохицуулалтуудыг суулгаж, тэрэндээ тулгуурлаад намын тухай хууль боловсруулахгүй бол нам гэдэг зүйлээсээ ард түмнээ залхаагаад, намууд нь сүүлдээ засгийн эрхийн төлөө  шударга бусаар тэмцдэг бүлэг нөхдийн тэмцлийн талбар болох дүр зураг харагдаад байна.

    -Үндсэн хуулийн шинэчлэлийн тухай сүүлийн жилүүдэд идэвхтэй ярьж байна. Гэвч Үндсэн хуулийн “эцгүүд” маань дарж хэвтчихээд олон жил боллоо. Энэ шинэчлэлийг хийх нөхцөл байдал парламентын хүчний харилцаанаас шууд хамаарна. Одоо энэ үед хийчих ёстой юм шиг л харагдаад байх юм. 

    -1992 оны үндсэн хуулийг хийж байх үеийн бидний мэдлэг туршлага ямар байлаа. Хаалттай нийгмээс нээлттэй нийгэм рүү, ёстой нөгөө хөмөрсөн тогооны дороос гарсан мэт хүнд цаг үе байсан шүү дээ. 

    -Үндсэн хууль маань үүргээ сайн биелүүлсэн. Харин одоо ашиглалтын хугацаа нь дуусах дөхсөн л гэж боддог. Сайн засвар хийгээд авбал их л юм цэгцэрнэ дээ. 

    -Тухайн үед гайгүй сайн хууль болсон. Гэхдээ 25 жилийн түүх, туршлага хөгжсөн үр дүнгээ эргээд харахад одоо нэг гар хүрээд засч залруулчих хэмжээнд Монголын нийгэм хүрчихсэн байна гэж би харж байгаа. Энэ хуулийн Монголын нийгэмд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх аргагүй. Энэ ололт дээрээ тулгуурлаад боловсронгуй болгох шаардлага бий. Гэхдээ Үндсэн хуульд гар хүрэхдээ хоёрын хооронд юм хийгээд хэрэггүй. Том юмнуудаа хараад хийчих хэрэгтэй. Энэ талаар ярихад цаг их орно. Товчхондоо Үндсэн хуульд социалист үзэл санаа шингэсэн юм их бий. Тэрнийгээ цэвэрлэчихмээр байгаа юм. Хоёрт, парламентад хэт эрх мэдэл өгөөд эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулсан тал бий. Энийгээ засчихаасай гэж хардаг. Хамгийн наад зах нь парламент 8-9 төрлийн албан тушаалтанг томилдог. Гэтэл дэлхий дээр хүн томилоод сууж байдаг парламент байхгүй. Томилгооноосоо татгалзчихвал парламент руу бизнесийн бүлэглэлүүд дайраад байдгаа аяндаа болино. Энэ бол парламентын бүрэн эрхийг хязгаарлахтай холбоотой хийх ажлын нэг. Зайлшгүй хийх ёстой бас нэг юм нь янз бүрээр ойлгож тайлбарлаад байгаа заалт зохицуулалтаа засах.

    -Тэгж гэмээнэ дараагийн зуунд хүрэх баринтаг хуультай болчихлоо л гэсэн үг шүү дээ?

    -Үндсэн хуулийн хөгжлийн орчин цагийн нэг гол асуудал нь Үндсэн хуулийн эдийн засаг гэж том салбар Үндсэн хуулийн онол руу ороод ирсэн. Энэ онолоос манай Үндсэн хууль их хол л доо. Өөрөөр хэлбэл,  эдийн засгийн амьдралыг зохицуулж байдаг гол гол зохицуулалтыг Үндсэн хууль руугаа хийгээд өгчих хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэвэл төрийн дээд шатны байгууллагууд эдийн засгийн шийдвэр гаргах тоглоомын дүрмийг тодорхой тусгаж өгөх тухай юм. Энийг Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг. Жишээлбэл, өрийн таазыг Үндсэн хуулиар зохицуулж болно. Мөн манайх шиг алдагдалтай төсөв баталдаг улстөсвийн орлого зарлага тэнцвэртэй байна гэсэн заалт хийчих хэрэгтэй. Тэгвэл Үндсэн хуулиа зөрчиж алдагдалтай  төсөв батлахгүй. Байгаа мөнгөндөө тааруулж л амьдарна шүү дээ. Үндсэн хуулийг байнга өөрчлөөд байдаггүй учраас ийм нийгэм, эдийн засгийн асуудлуудыг зохицуулах тоглоомын дүрмийг нь тусгачихаар шууд мөрдөгдөөд явах эх сурвалж болно. Бас татварыг ийм тийм хэмжээнд нэмж бас бууруулж болно гэсэн нарийн зохицуулалт хийчих хэрэгтэй. Түүнчлэн улс төрийн намын  зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай. Нэгэнт л парламентын улс учраас намын зохицуулалтыг Үндсэн хуульд хийхгүйгээр намын үзэл сахилга, дэг журмын талаар ярилтгүй. 

    -Тавантолгойн төслийг тойрсон асуудлуудад дарагдчихаад Сонгуулийн тухай хууль анзаарагдахгүй байх шиг. Уг нь хаврын чуулганы гол сэдэв шүү дээ?

    -Манайхан сонгуулийн тогтолцоогоо байн байн өөрчилдөг. Энэ нь явсаар эрх барьж байгаа намууд нь өөрсдөдөө тааруулж зохицуулдаг гэх хардлагад өртчихлөө. Байдал ч тийм л байна. Сонгуулийн тухай хууль гэдэг чинь хоёр дахь Үндсэн хууль. Засгийн эрх мэдлийг хэнд яаж шилжүүлэх гэж буйг зохицуулдаг учраас энэ хуульд улс орнууд их анхааралтай ханддаг. Ер нь парламентын улс хэзээ ч сонгуулиа можаритор системээр явуулдаггүй юм. Намууд нь хүчирхэг учраас мөрийн хөтөлбөрөө уралдуулж, ээлжилж засгийн эрх бариулдаг. Хариуцлагыг нь намд нь үүрүүлдэг. Манайхан тэр зүй тогтлыг мэдэхгүй можаритороор явуулсан, цаашдаа ч явуулна гээд холимог тогтолцооноосоо ухрах гээд байх шиг байна. Зүй нь парламентын улс л юм бол, энэ төрийн тогтолцоог хадгалж явах л юм бол олон улсад тогтсон жишиг жорынх нь дагуу бүтэн пропорциналиар биш юмаа гэхэд 48:28-аа хадгалаад цаашлаад 38:38 руу оруулаад цаашдаа бүтэн пропорциналиар явуулах зам руу хөтлөх ёстой.Сонгогчид ч хөтөлбөрт суурилж сонголтоо хийдэг болох ёстой.

    -Эрх барьж байгаа намын нэр хүнд муу байдаг. Сонгоод л маргааш нь рейтингийг нь доош нь унагадаг нь бидний ааш авиртай холбоотой байх. Сүүлийн үед ардчиллын хямралын тухай их ярих боллоо. Ардчилсан нам бол ардчилсан либерал үзлийг тээгч хамгийн том улс төрийн хүчин. Гэхдээ эрх чөлөөний өвчин, хэт ардчиллын сөрөг өвчлөлүүдийг манай нийгэм хангалттай эдэлж зовж байх шиг. Ардчиллын хямралын тухайд бид ямар төвшинд ярихаар байна вэ?

    -Ардчиллын хямрал ганцхан Монголын үзэгдэл биш болчихсон байна. Дэлхийн үзэгдэл болчихож. Харин ч манайх шиг нялх балчир улсын хувьд ардчиллын хямрал гайгүй байна гэж харах хэрэгтэй. Ардчиллын хямралыг үүсгээд байгаа хүчин зүйл нь өсөхийн зовлон. 

    -Сонирхолтой үг байна. Өсөхийн зовлон гэж. 

    -Тийм ээ, өсөхийн зовлон. Ардчилал гэдэг чинь хоосон цагаан цаасан дээр амьдарчихдаг зүйл биш юм байна. Ардчиллын үзэл санаанд дэлхий нийт эргэлзэхээ больчихсон. Гагцхүү хэрэгжүүлж байгаа арга барилд нь эргэлздэг. Арга нь хөрс суурьгүй бол хэцүү. Жишээ нь, ядуу оронд ардчиллын арга хэрэгжих бололцоогүй. Ядуу хүнээс та өөрөө сонголтоо хийх үү эсвэл надаас мөнгө аваад сонголт хийх үү гэхэд мөнгийг нь аваад л сонголтоо хийнэ. Энэ тохиолдолд ардчилал биш болчихно. Ардчилал нь үйлдвэржилт, эдийн засаг, тэгш шударга ёс, тэгш ёсны үнэлэмжийг шаардаад байдаг. Нэг ийм өсөхийн бэрхшээл Монголд яах   аргагүй байна. Ёстой яаж ч болохгүй, туулж л таарна. Гэхдээ бэрхшээл зовлонгоо хялбарчилж, сааруулах боломж бол бий.

    -Өсөхийн зовлон... Бид нар өсөхийн жаргалыг нь амсаагүй учраас ардчиллаа хараагаад байгаа юм болов уу. Сүүлийн 25 жил мөн ч их түжигнэлээ дээ?

    -Эдлэлгүй яахав ээ. Бид нар чинь ямар байлаа. Бидэнд атаархдаг олон улс орон байна. Ардчилал, зах зээлийн буяныг монголчууд хангалттай эдэлсэн. Ардчиллын хямралыг нөхцөлдүүлж байгаа хамгийн том асуудал гэхээр нөгөө л Төрөө ярихаас өөр аргагүй болчихож байгаа юм. Дэлхийн түүхээс харахад төрөө нэг хэсэг цусан төрөл овог отгоороо бүрдүүлж байсан үе байдаг. Нэг хэсэг албан тушаалаа мөнгөтэй хүнд зараад мөнгөтэй хүмүүсээр бүрдүүлдэг байсан байна. Зарим улс орон нь чадал, тэнхээтэй чадварлаг оюунлагуудаараа хөндлөнгөөс бүрдүүлж явсан түүх бас мэр сэр бий. Энэ гурван түүхийг харахад эхний хоёроор нь явсан улсууд дампуурч сүйрдэг. Тал харалгүй Төрөө бүрдүүлсэн улс орнууд хөгжиж байсан нь ажиглагддаг. Тэрний жишээнд Хятад ордог.

    -Сүүлийн үед АН төр барьж байж өөрийнхнийхөө яллаад байх юм. Хүнийхийг яллахгүй гэх маягийн юм дуулдах боллоо. Ийм тэнэг юм бичээд, бүр бодлого болгож явуулдаг сонин ч байна. АН төр барихаар хуулийн засаглал түр зогсох ёстой юм уу. Нам чинь төр барьж байхад та яагаад шоронд сууж байна вэ гэх маягаар асуудалд ханддаг болчихвол юу болж хувирах юм бэ. Нам дээр ярьж байгаад хүнийг батлан даалтад гаргачихаж байна. Тэгвэл тэнд өчнөөн сар тэлчилж зовж байгаа иргэнд ямар хамгаалалт байгаа юм бэ. Ингээд бодохоор хуулийн засаглал яагаад байна вэ. Хуулийн засаглалыг улс төр рүү чангаагаад явчихаж байгаа жишиг энэ мөн биз дээ?

    -Мөн л дөө. Түрүүн хэлдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм юм гараад, ийм үзэл санаа байна гэдэг чинь Төр маань буруу бүрдсэний л нотолгоо. Ийм бүрдэлтэй байхад хуулийн засаглалын тухай ярих бололцоогүй. Өнөө тэгш үйлчилнэ гэсэн ойлголт байхгүй болчихож байгаа юм.

    -Намын бүлэг дээр ярьж байгаад батлан даалтад гаргачихаж байхаар ерөөсөө шууд  батлан даагчаар нь нам нь очиж баймаар юм. Үүгээрээ би хүн суллагдаж байгааг эсэргүүцээгүй юм шүү. Цаад жишиг нь эгдүү хүргээд л асуугаад байгаа юм?

    -Сонсоход гашуун ч хуулийн засаглал байхгүйн хамгийн том жишээ л дээ.


    Н.Лүндэндорж эрхэм бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөв. Түүний дотоод ертөнц рүү жаахан ч болов өнгийж чадсан болов уу гэж найдахаасаа илүү урьд өмнө хэзээ ч ярьж байгаагүй, санаа сэтгэлийн эмзэглэл хөндсөн зарим асуултуудад хариу авсандаа олзуурхана. Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ...гэх үгийг бид юм л бол амнаасаа унагадаг. Гэвч нэдэр дээрээ бие биенийхээ сэтгэлийг урж, шархлуулахдаа дадамгай. Үнэндээ биднийг хамгийн муухай болгож буй зүйл энэ ч байж мэдэх юм шүү.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан