О.Баасанхүү: Би Н.Энхбаярыг хаан байхад нь уулзаагүй ээ

    “VIPerson” энэ удаагийн зочин УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Одоо  тал талаасаа боорлуулан зогсч буй энэ хүн уншигч танд хамгийн сонин зочин ч байж мэдэх юм. Ингээд түүний ертөнцөөр аялсан миний аялалд тавтай морил. 

     



    -Таны өмнө хэвлэл мэдээлэл  хаагдмал байгаа тухай та өөрийн твиттер хуудаснаа зарласан. Тийм учраас  би твиттер ертөнцөд нээлттэйгээр зочноор урьж, та бид уулзаж байна. Урилгыг маань хүлээж авч, хүрэлцэн ирсэн танд талархлаа илэрхийлье.
    -Баярлалаа.    

    -Баасанхүү гэдэг хүн өнөөдөр хутган үмүүлэгч, хорсогч, бас хэн нэгний даалгаварыг гүйцэтгэгч нэр зүүчихлээ.  Ил байгаа хэв шинжээрээ бол та төрийн түшээ хүн. Гэвч өдий болтол бид таны тухай төдийлөн сайн таньж мэдэж чадаагүй байна. Тэгэхээр эхлээд та хаанаас ирсэн, хэн юм бэ гэдэг асуулт  тавигдаж таарах гээд байна. 
    -Хаанаас ирсэн, хэн юм бэ гэж үү. (инээв) 

    -Таны нийгмийн гарал, хүүхэд ахуй нас, ямар гэр бүлд  төрж өссөн гээд олон зүйл сонирхол татаж байна л даа.
    -Би 1975 онд Улаанбаатарын хоёрдугаар төрөхөд л төрсөн шүү дээ.  Манай аав бол жолооч хүн. 

    -Хаанахын жолооч байв?
    -Махны тэрэгний жолооч байсан. Ээж маань болохоор төв түүхий эдийн баазад ажиллаж байгаад, дараа нь ногоо дахин  боловсруулах цехэд ажилласан.  Ний нуугүй хэлэхэд тухай үед  нормын ажил хийдэг хүмүүсийн цалин бага байлаа шүү дээ. Тийм учраас аль болох цалин өндөртэй ажил хийж, хүүхдүүдээ тэжээх гэж  эцэг эх маань зүтгэж байсан. Тийм л энгийн нэг ажилчин хүмүүс. Биднийг өлсгөсөнгүй. Сургууль соёлоос ангид хаячихсангүй, мөн бүтэн өсгөсөн.

    -Ах дүү олуулаа юу ? 
    -Би дээрээ нэг эгчтэй, дороо хоёр эмэгтэй дүүтэй. Тэр айлын ганц хүү юм. Манайх ийм л дөрвөн хүүхэдтэй айл. Би эмээ дээрээ өссөн. Яагаад тэгсэн гэхээр эмээгийнхээ усыг нь авах, түлээг нь хагалах гээд нэг хүн халамжилж авч явах ёстой биз дээ. Тэр үүрэг хувь заяаны эрхээр надад оногдсон юм. 

    - Таны аавыг хэн гэдэг билээ?
    -Октябрь  гэдэг. Аавыг маань өргөж авсан айл нь ийм нэр өгсөн юм билээ. Миний удмын ургийн овог чинь Лувсандаш шүү дээ. Аавынхаа аавын нэрийг алдаршуулах хүслээр нэрийг нь ургийн овгоо болгосон юм.  

    -Лувсандаш гэдэг хүн яг ямар сурвалжтай хүн бэ?
    -Жирийн л нэг монгол хүн. Дундговь аймгийн гаралтай. Дөрөв таван хүүхэдтэй  айл байсан юм билээ. Тэр үед үр хүүхэдгүй хүмүүс нэг нэгэндээ хүүхдээ өргүүлдэг явдал элбэг байсан шүү дээ. Хүрээний  ганган хүүхнүүд гэж байсан даа. Эмээ тэдний нэг байсан юм билээ. Зүс царай сайхан, дуулж хуурддаг, хүрээний гэгддэг хүүхнүүдийн нэг . Тэгээд хөөрхий үр хүүхэдгүй. Манай аавыг өргөж өвсан гэж ярьдаг юм. Манай аав чинь 70 гаруй настай хүн шүү дээ.

    -Эмээ тань сонин хувь тавилантай хүн байж. Одоо бий юу?
    -Эмээ маань нэлээн дээр өнгөрсөн л дөө. 

    -Эмээ тань ерөөсөө нэг л хүүхэд өргөж авсан юм уу?
    -Манай эмээ гурван хүүхэд өргөж авч өсгөсөн хүн. Мундаг хүн байсан байгаа биз.

    -Таны бага нас яг аль хороололд өнгөрөв?
    -Би Толгойтод өссөн. 18 нас хүртлээ монгол гэртээ л амьдарсан. Манай ээж ногоо дахин боловсруулах цехэд ажиллаж байгаад дараа нь орос тресстэд ажилд орсон юм. Тэгээд мэргэжлээ дээшлүүлээд, тэндээ сайн ажилласан. Тэндээс нь байр өгөөд манайх байранд орж байлаа. Манай эгч нар тэгээд хотын охид болж өссөн бол би өөрөө Толгойтдоо л өссөн. Толгойтын 42 дугаар сургуульдаа л сурсан. 

    -Гэхдээ та Толгойтынх гэдгээсээ ичдэггүй биз дээ?
    -Юундаа ичих вэ дээ. Ер нь бол ичнэ гэж юу байхав дээ. Таны нэг ярилцлагыг жишээ нь, би уншиж байснаа санаж байна. Аравдугаар ангиа төгсөөд сургуульд орж чадаагүй. Цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан гээд та дурссан байсан. Манай эгч бас шалгалт өгөөд бүдэрч байсан. Тэр үед чинь ар өврийн хаалга гэж байхгүй ш дээ. Тэгээд тэнцээгүй бас ажиллаж байсан. Тухайн үед би эгч шигээ конкурст унахгүйн тулд их хичээж сурдаг байсан. Аав ээж хоёр юу гэж хэлдэг байсан бэ гэхээр” Бид чамд өв хөрөнгө гэж үлдээж чадахгүй ээ. Эрдэм номыг бол өгч чадна. Харин чи хичээх л хэрэгтэй шүү. Муу сурч болохгүй шүү” гэж л захьдаг байсан. Эмээ маань болохоор бохир л хувцаслаж болохгүй шүү гэж загнадаг байлаа. (инээв)  Аав ээж болохоор “ Муу сурвал сайхан мэдээрэй ” л гэнэ . Ийм л хүмүүжлээр явсан даа. Тэгээд яахав,10 жилдээ  сайнтай муутай л сурч байсан. Харин их сургуульд бол муу авч байгаагүй. Жинхэнэ  онц сурч байсан. Яагаад гэхээр би хуулийн факультетэд элсэж орсон. Тэр үед их сургуулиуд төлбөртэй болчихсон учраас төлбөр яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа байхгүй юу. Эхний жил нь 24500 төгрөг байсан. 1993 он шүү дээ. Дараагийнх нь 72000,тэгээд 150000  гээд явсан. Төлбөрөө төлөхийн тулд  мөнгө олох хэрэгтэй болсон. Ерээд оны эхэн үеийн амьдрал ямар байлаа даа.  Бид нар чинь Эрээн мэрээн яваад л, бараа аваад л, зах дээр зогсоод л бужигнасан биз дээ.  Сүүлдээ би чинь хоёрдугаар курсээсээ хуулийн зөвлөх хийгээд эхлэсэн. Тэр үед ямар хуулийн зөвлөх хийдэг байсан бэ гэхээр бүх хүн өртэй болчихсон байсан. Банкнаас зээл авцгаачихсан. Гүйж яваад банкнаас 10 сая ч байна уу, таван сая ч байна уу мөнгө авцгаачихсан. Тэгээд л найз нар луугаа утасдаад л найз нь ингээд зээл бүтээчихлээ. Юу хийх үү, яах уу л болцгоодог юм байгаа биз дээ. Тэгээд л баахан давхицгаагаад зарим нь нөгөө өрөө төлж чадахаа байцгаачихсан. Банкны эзэд мөнгө нэхээд сандралд орно. Зээлсэн мөнгөө бусдад өгөөд алдчихсан, авч чадахаа байчихсан ч юм гарна. Тэгээд тийм улсуудад хуулийн зөвлөгөө өгч эхлэсэн. Хичээлийн бус цагаараа   янз бүрийн юм хийдэг байлаа. Хажуугаар нь сургууль дээрээ хонож хичээлээ хийнэ. Яс л үзнэ шүү дээ. Тэр үед чинь нэг хоёр удаа л хичээлдээ муу авчихвал сургуулиас хөөнө. Ингээд л өөрийгөө шахаж, гүрийж байгаад л сургууль төгссөн дөө.  Их сургууль төгсчихлөө. МУИС маань багшаар үлд  гэсэн. Сурлага гайгүй байсан болохоор  бүх тэнхимүүд чи манайд ор гээд л би чинь бардам байлаа. Онц төгссөн  болохоор нэр хүндтэй байсан байх. Намар 9 сард хүрээд ир л гэцгээж байна. Тэгээд намар нь яваад очсон чинь манай багш нарын хүүхэд л гэнэ, найзуудынх нь л хүүхэд гэнэ. Бүгдийг нь багшаар авчихсан, надад ажил байхгүй. Нөгөө онц төгссөн энэ тэр ч будаа. (инээв) Тэгээд  одоо яахав дээ, би гэдэг хүн ажиллаж амьдрах ёстой юм чинь  “Витавит” ундааны үйлдвэрт орлоо. 

    -Яагаад “Витавит” болчихдог билээ?
    -Яагаад “Витавит” үйлдвэрт орсон гэхээр “Витсамо”, “Витавит” хоёр чинь салсан байхгүй юу. Тэгээд “Витавит”-ын захирал герман нөхөртэй уулзаад,  тэдний оюуны өмчийн асуудал дээр хуулийн зөвлөх хийхгүй юу. Оюуны өмчийг нь тэр герман хүн өмчлөх ёстой байсан учраас яах аргагүй асуудал үүссэн. Ингээд ажилласан. Сүүлдээ эвлэрлийн гэрээгээр шийдсэн л дээ. 

    -Тэнд хэдэн жил болсон юм бэ?
    -Нэг их удаагүй. 2- 3 сар л болсон. Тэгсэн чинь удирлагын  хөгжлийн институтэд багш авна гэсэн зар гардаг байхгүй юу. Тэгээд очоод шалгалт өглөө. Тэнцлээ. Багшаар орсон. 37000 төгрөгний цалинтай.

    -Та одоо эрдмийн ямар зэрэг цолтой вэ?
    -Магистр л даа. Гадагшаа яваад, сургуулиа төгсөж чадаагүй буцаж ирээд Монголдоо хамгаалсан.

    -Ингэхэд хэзээ гэрлэсэн юм бэ?
    -2003 онд гэрлэсэн. 

    -Амьдрал ингээд л өрнөөд явчихсан уу?
    -Бүх юмаа л өөрөө босгоно л доо. Өөр ямар ч арга байхгүй.Хуулийн компани байгууллаа. Ажилчдынхаа цалинг олох, олгохоос эхлээд бөөн үүрэг хариуцлага толгой дээр . Тэр үед америкийн  нэг байгууллага орж ирсэн юм. Тэдэнтэй  уулзсан. Тэд нарыг  төлөөлж хүний эрх, шашны эрхийн асуудлаар ажиллаж эхлэсэн. 2003 онд нэлээн том хурал зохион байгуулж байсан. Тэр нь юу вэ гэхээр Зүүн хойд Ази болон Төв азийн хуульчдын хурлыг Монголд зохион байгуулья гээд. Ер нь би тэр үед улс төрийг сонирхдоггүй байсан. Өөрийнхөө юмыг хийгээд л явдаг. Гадны хүмүүстэй ажилладаг. Миний хуулийн үйлчилгээ үзүүлдэг эрүүгийн хэргүүд гэхэд дандаа нэн ядуу, хэлмэгдсэн, төлбөрийн чадваргүй, ядарсан хүмүүс байдаг байсан. Амьдралын явцад бараг ихэнх нь миний ах дүү шиг, намайг хайрладаг хамгаалдаг улсууд болж үлдсэн байдаг юм. Жишээлбэл, Энхмандахын хэрэг гэж таван жил зовсон эмэгтэйн хэрэг байна. Хэрлэнчимэг гээд байж байна. 

    -Хэрлэнчимэгийн хэрэг гэж дуулиан тарьж байсан санагдаж байна.
    -Хэрлэнчимэг нь иргэн Гончиг гуайн 15 настай хүүхдийг алчихсан байхгүй юу. Тэгээд Гончиг гуайн эрх янз бүрийн шатанд  боогдож, хүнд байдалд орсон байсан л даа. Би тэр хэрэг дээр ажилласан. Олон нийтийн анхааралд хүргэсэн. Яагаад гэвэл хуулийнхны сүлжээ  асуудлууд  гарч ирсэн л дээ. Учир нь Хэрлэнчимэг нь өмгөөлөгчийн охин байсан. 

    -Та Гончиг гуайн өмгөөлөгч. 
    -Би болохоор Гончиг өвгөний өмгөөлөгч. Хүнд хэрэг байсан. Их ч ажилласан. Хүмүүс намайг  нийгэмд  дуулиан тарьсан хэргүүдээр тухайлбал, 7 сарын 1- ны асуудлаар олон нийтийн анхааралд орж ирсэн гэж яриад байдаг юм. Тийм биш л дээ. Гадаадын иргэн харьяатын дарга Д.Мөрөнгөөс болж анх би ил гарч ирж тэмцсэн.  Энэ нөхөр чинь намайг хэлмэгдүүлсэн байхгүй юу. Тухайн үед би Монголд ажиллаж байгаа гадны байгууллагуудтай их ажилладаг байлаа. Олон орны хүмүүстэй харьцдаг. Мэдээж би христын шашинтай учраас шашны байгууллагад  виз энэ тэр юмны асуудлуудаас эхлээд тулгарсан янз бүрийн зүйлс дээр нь туслаад явдаг байсан байхгүй юу. Гэхдээ хууль тогтоомжийн хүрээнд шүү дээ. Тэгсэн нэг өдөр Д.Мөрөн намайг дуудаад Баасанхүү, чи ер нь төрийн албан хаагчдад битгий саад учруулаад байгаарай. Аятайхан байгаарай гэж сүрдүүлдэг байхгүй юу. Тэгэхээр нь би үгүй ээ, би өмгөөлөгч хүн. Өмгөөлөгч хүн гэдэг чинь үйлчлүүлэгчийнхээ л эрхийг хамгаалж ажиллана. Үйлчлүүлэгчдийнхээ эрхийг хамгаалах аливаа ажиллагаа маань өөрт чинь саад болж  харагдаж  байгаа бол би илүү тууштай ажиллана л гэсэн. Маргааш нь байж байсан чинь хоёр цагдаа амрыг эрье гээд ирлээ. Яасан гэсэн чинь аваад явна л боллоо. Сүхбаатар дүүргийн цагдаа дээр авчирлаа.   За , яасан юу болов гэсэн чинь та  төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан учраас 30 хоног баривчилна гэдэг байхгүй юу. Тэгээд шүүх дээр аваад ирдэг юм. Би шүүгчид нь үнэн учраа хэллээ. Ийм ийм байнаа,  арайч дээ гээд. Тэгээд ойлголцоод гараад ирсэн чинь Сүхбаатар дүүргийн байцаагч Жалцанбаатар гэдэг нөхөр “Ямар нэгэн байдлаар чамд арга хэмжээ авахгүй бол намайг ажилгүй болгох гээд байна. Чи найздаа 10- хан мянган төгрөгөөр торгуулчих тэгэх үү” гэдэг байхгүй юу. Тэгэхээр нь би чинь 30 хоногоор баривчлуулах гэж байсан хүн чинь за за, май гээд өгчихсөн. Гэтэл нөгөө Д.Мөрөн чинь өмгөөлөгчдийн холбоонд бичиг явуулаад өмгөөлөх эрхийг нь хасаж өгөөч гээд хүсэлт явуулчихаж.  Бас Японы элчин сайдын яаманд хандаад энэ хүн ингээд захиргааны арга хэмжээ авхуулсан учираас энэ хүнийг ажлаас нь халж өгнө үү гээд бичиг явуулчихсан.

    -Японы элчин сайдын яам ямар хамаатай билээ?
    -Би бас Японы элчин сайдын яамны хуулийн зөвлөх байсан юм. Иймэрхүү байдлаас болоод ерөнхийдөө хэлмэгдэл ороож эхлэх юм байна гэдгийг би ойлгосон. Өмгөөлөгчдийн холбоо шууд тэр өдрөө хурлаа хийгээд намайг ёс зүйн хороогоор авч хэлэлцээд, тэртээ тэргүй баримт нь энэ байна. Чи 10 мянгаар торгуулсан байна, эрхийг чинь хасна гэлээ. Ямар ч байсан би эрхээ хамгаална, шүүхэд хандана гээд шүүхээр явж байж нөгөөхөө хүчингүй болгоод. Өөрөөр хэлбэл намайг торгосон нь зөв байсан уу, үгүй юу гэдэг асуудлаар явж байж шүүхээр 10 мянган төгрөгөө буцааж авах эрхтэй болж байгаа юм. Тэр 10 мянга асар их үнэтэй 10 мянга  байгаа байхгүй юу. Бүтэн жилийн хэрүүл болсон. Япончуудын дунд ч гэсэн “Энэ Баасанхүү хэн бэ” гэдгээ нотлохын тулд шүүхийн бичгээ авч очиж байгаа юм. Япончууд чинь нягт нямбай хүмүүс шүү дээ. Би шууд хэлсэн. Би итгэл үнэмшлээрээ л явж  өмгөөлөл хийж байсан. Ядуу хүмүүсийг би өмгөөлсөн гэж.  Долоон сарын нэгний үймээний дараа би нэг ядарсан хүүхдийг өмгөөлж байсан. Зүгээр л коко кола уугаад гүйж явсныхаа төлөө 11 жил авах гээд байсан. Ийм хэлмэгдүүлэлт бол зөндөө болсон шүү дээ. Одоо тэр хүүхэд эрх чөлөөтэй амьдраад явж байгаа. Долоон сарын нэгний хэрэг дээр нэг л зүйл дээр харамсдаг.

    -Ямар?
    -Жинхэнэ тэр хүмүүсийг алсан алуурчнаа олоогүйд харамсдаг. Үүнийг улс төржүүлсэнд , үймээн самуун болсон шалтгааныг тогтоож чадаагүйд харамсдаг . Тэгээд яахав, цагдаагийн хэдэн дарга нар нь яллагдсан. Нөгөө талаараа нөхөн төлбөр нэртэй хэдэн төгрөг өгөөд салахын түүс болоод л салсан болохоос жинхэнэ алуурчин хэн бэ гэдгийг олж тогтоогоогүй. Айлын нохой буудсан хүн ямар асуудалд ордог билээ. Гэтэл хүн буудсан хэрэг юу болж дуусав. Би энийг л шаардаж байсан. Тэгээд дэндүү улс төржсөн асуудал болгоод хаячихсан л даа. Үр дүнд нь МАХН хуваагдаж,  МАН, МАХН гэж тасарсан. МАХН гэдэг нэрний асуудал гарч ирсэн. Раднаасэд  гээд  манай доод  ангийн залуу байдаг юм. Одоо энэ Х.Тэмүүжингийн анги билүү дээ. Тэр Раднаасэд бас энэ Д.Лүндээжанцан гуай эд нар суучихсан, одоо ингээд манайх Ардын намын нэрээ авлаа. Манай намын хуучин нэр бол өмчилөгдсөөн гэчихсэн ярьж байна. Тэгэхээр нь би яриа өгсөн. Нэр өмчлөгддөгүй юм аа. Хүний нэр, намын нэр өмч байдгүй юм гээд. Тэгсэн Раднаасэд намайг загнасан. Чи юу мэддэг юм. Чамд ямар хамаатай юм гээд. Тэгэхээр нь би хуучин таньдаг байсан болохоор Ц.Шинэбаяр гишүүн рүү залгасан. Наад нэрний асуудал чинь ийм ийм учиртай байдаг юм аа. Би яриа өгтөл эд нар намайг эсэргүүцэж янз бүрээр хэлээд уналаа. Та нар хуулийн үндэслэлүүдийг нь судлаачээ гээд. Тэгсэн, чи над дээр хүрээд  ирэхгүй юу. Би чиний тэр яриаг чинь харлаа. Хуулийн үндэслэлтэй юм байна. Чи энийг өмгөөлөөч гээд ингээд би энэ нэрний төлөө явсан. Нэрний асуудыг шийдсэн. Нэрний асуудлыг нь шийдээд, намын бүртгэлийг нь авсан. 

    -Тэр ч том ажил байсан л даа. 
    -Энэ үед Н.Энхбаяр даргатай дөнгөж танилцсан. Яг намын нэрний асуудлаар ажиллаж  байхад гэнэт хэвлэлээр Н.Энхбаяр даргын ийм асуудал, тийм асуудал гээд янз бүрийн юмнууд гараад ирсэн. Би санаа зовоод энэ чинь одоо юу болоод байнаа гэсэн чинь Ц.Шинэбаяр гишүүн  сүртэй юм байхгүй л гэж хэлсэн. Ингээд явж байгаад би нэгдүгээр  сарын 26-нд МАХН-ын  гишүүн болсон.  Уг  нь би чинь 1994 онд элссэн, Ардчилсан намын гишүүн хүн байхгүй юу. 

    -Хүүш ээ, тийм үү. Ёстой сонсоогүй баримт байна?
    -Тэгээд  яахав зам аяндаа ойлгомжтой шүү дээ. Хувьсгалт намын бүртгэлийг сэргээж авсан, үүний төлөө бүх хүчээ дайчилж ажилласан .Намайг хүмүүс  нь “Энэ манай хувьсгалт намын хүн”  гэж л харж байгаа шүү дээ. Дээрээс нь Ардчилсан намынхан 2010 он хүртэл үнэнч гишүүн байсан хүн ийм үйл хэрэг рүү яваад орчихоор хандлага яах нь ойлгомжтой. 

    -Гашуун ч гэсэн амьдрал дээр хандлага эргэх нь үнэн. Гэхдээ та надад яагаад ч юм таалагдаж байна. Хүмүүс одоо иймэрхүү түүхийг бол ил гаргахгүй шүү дээ?
    -Энэ бол миний амьдралын л түүх. Би өөрийнхөө туулсан амьдралаас ичихгүй.  Яахав, Ардчилсан намд дарга цэрэг дагаж явж байсан биш.   Энгийн гишүүний хувьд дүүргийнхээ хуралд суугаад л явдаг. Сонгууль болохоор очиж намаа дэмждэг, ийм л энгийн гишүүн нь явсан.  

    -Тэгээд 2010 онд намын батлахаа буцааж өгсөн үү?
    -Өгсөн өгсөн. Яг ном дүрмээр нь өгсөн. Би чинь хуульч хүн шүү дээ. Яагаад ийм асуудал болсон бэ гэвэл 12 сард нь Н.Энхбаяр дарга “ Чи их хуралд нэр дэвших үү, манайх ингээд намаа бүртгүүлээд явчих юм бол мэдээж нэр дэвших хүмүүсийн асуудал гарч ирнэ шүү дээ” гэж. Тэгээд би “бодъё, гэхдээ  би нэр дэвшвэл Баянзүрхэд нэр дэвшье” гэж хэлсэн. Яахав ерөнхийдөө тэнд хамтран ажиллаж байсан маш олон хүмүүнлэгийн, тусламжийн байгууллага байдаг. Миний таньдаг найз нөхдүүд ч тэнд байдаг  байхгүй юу. Нөгөө талаасаа аваад үзэхэд Баянзүрхчүүд нэлээн дэмжих магадлалтай санагдаад би тэгж хэлсэн л дээ. Ойролцоогоор 12 мянган хүний санал авчих байх гэж тооцож байсан. Яагаад гэвэл би судалж үзсэн юм. Н.Энхбаяр дарга бид хоёрын дунд ийм яриа болоод өнгөрсөн. Ингээд 15 жилийн дараа Ардчилсан намаас гарсан даа. Тэгээд нөгөө Н.Энхбаяр даргын баривчилгааны үед  телевизэд яриа өгөөд байж байтал  Н.Удвал сайд над руу утасдаад “хүүшээ болохоо байлаа, Н.Энхбаяр даргыг хүмүүүс зодчихлоо ш дээ. Буу зэвсэг гаргачихлаа” гээд ярьсан. Юу болвоо гээд би ч сандраад яваад очсон. Тэр өдөр нь тэгээд баривчилж байгаа юм. 

    -Яг зодсон юм байсан юм уу?
    -Би яг очсон процессоо л мэдэж байгаа. Яваад очиход Н.Энхбаяр даргын урдуур хүү нь орчихсон хамгаалаад зогсож байсан. Ганц хоёр цагдаа харагдсан. Буу зэвсэг гаргасан тухай яриа хөөрөө гарчихсан байж байсан. Нэгдүгээр асуудал, би ороод даргаа та өмгөөлөгчтэй биз дээ гэж асуусан. Тийм ээ, Ганбаатар, Шинэн гэж хоёр өмгөөлөгч байгаа гэсэн. Танай өмгөөлөгч нар таныг баривчлах тухай мэдэж байгаа  юу гэж би асуусан. Харин гэнэт л ийм юм боллоо гэж дарга хэлсэн. Тэгээд одоо яах вэ. Би өмгөөлөх эрхтэй. Гэхдээ хоёулаа гэрээ байгуулъя. Яагаад гэвэл энэ чинь маш ноцтой асуудал учраас ингэх ёстой гээд. За, тэгье гээд хоёулаа итгэмжлэх бичсэн. Цаасан дээр О.Баасанхүүг би өөрийн өмгөөлөгчөөр авлаа гэж . За, одоо би оролцох эрхтэй боллоо шүү гээд шууд ажлаа эхлэсэн. Тэр үед Цоодолсэнгээ, Амарбат эд нар бүгд л байсан. Та нар юу болоод байна вэ. Энэ хүнийг баривчлах шүүхийн тогтоолоо үзүүлнэ үү. Би зөвхөн  шүүхийн тогтоол л үзмээр байна. Шүүхийн тогтоол байвал энэ хүн одоо явнаа гэж би хэлсэн. Тэд ямар ч тогтоол үзүүлээгүй. Надтай хэн ч харьцаагүй. Би шууд хэлсэн тэр буу барьсан хүн нь хэн бэ, юун буу гараад ирэв ээ гэж. Тэгсэн автобусан дотор нэг нөхөр толгойгоо нуугаад суугаад байсан. Тусгайгийнхан байсан. Бөөн үймээн. Тэгээд энэ чинь ямар учиртай, юу болоод байгаа юм бэ. Та нар нэгдүгээрт, шүүхийн тогтоолоо надад үзүүлээчээ. Хоёрт, яагаад галт зэвсгийн тухай асуудал гарч ирж байгаа юм бэ. Гуравдугаарт,  та бүхэн зөвхөн хуульч нартай яриачээ. Энэ хөндлөнгөөс яриад байгаа хүмүүсээ больчих. Зүгээр л надтай уулз. Ийм тодорхой шаардлага, хүсэлтүүдийг тавьсан л даа. Тэгсэн надтай хэн ч яриагүй. Ер нь эвгүйтвэл намайг зодчих гээд байсан л даа. Тэгж байгаад л үүрээр аваад явсан. Түүнээс хойш өмгөөлөлийн ажил эхлэсэн. Бусад өмгөөлөгч нар нь чиглэл чиглэлээрээ ажилласан. Миний хувьд  бол  яг энэ процессынх нь өмгөөллийг хийж байсан. Баривчилгаа, байцаан шийтгэх ажиллагааных чиглэл дээр ажиллаж байгаа өмгөөлөгч нь  би шүү гэдгээ танилцуулсан. Таныг өмгөөлөгчөөр ажилуулахгүй ээ гээд Цоодолсэнгээ бичиг өгчихсөн. Тэрнээс нь болоод би шүүх хуралд ч ороогүй. Ийм л юм л болсон. Одоо эд нарт би хэлдэг. Та нар одоо О.Баасанхүү Н.Энхбаяр гэдэг хүний өмгөөлөгч байсан гэж ярих юм аа. Одоо та нар ингэх хэрэггүй ээ. Та хар өөрсдөө намайг шүүх хуралдаанд оруулаагүй байж ингэж  ярих эрхгүй шүү дээ гэж. Сая 461дүгээр анги дээр очиж, хохирсон хүмүүстэй уулзъя гэж би хүссэн юм. Гэтэл О.Баасанхүүг  тийшээ явуулаад хэрэггүй байхаа. Н.Энхбаярын өмгөөлөгч байсан гэсэн байгаа юм. Аливаа хууль бол баримтан дээр л ярина шүү дээ. Тухайн үед би Н.Энхбаяр даргад хэлж байсан. Би өмгөөлөгчийн хувиар гэхээсээ илүү одоо намын гишүүнийхээ хувиар энэ хэлмэгдлийн эсрэг явахаас  өөр гарц үлдсэнгүй ээ гэж. Тэгээд л би явсан. Би хуульч учраас ажлаа л хийсэн.  

    -Нөгөө Баянзүрхээс нэр дэвших юу болсон бэ?
    -Тэр их ажлын хажуугаар Баянзүрхээс нэр дэвших ямарч боломжгүй болсон. Асар том үймээн дэгдсэн. Телевизээр ярилцах, нөгөө хэргийнхээ судалгаа энэ тэрийг хийх гээд үнэхээр боломжгүй болсон л доо. Тэгээд л, жагсаалтанд орохоос өөр гарцгүй болсон. Н.Энхбаяр дарга ч гэсэн нам өөрсдөө шийдчих байхаа, чи жагсаалтанд орох хүсэлтээ  тавь гэсэн. Би хүсэлтээ тавьсан. Жагсаалтын  наймдугаарт орсон. Ингээд л  Х.Тэмүүжин бид хоёр адилхан жагсаалтаар л энэ их хуралд ороод ирлээ л дээ. 

    -Ер нь бол та олон нийтийн анхааралд гэнэт орж ирсэн. Атаархмаар л явдал. Энэ бол өрсөлдөөнт нийгэм. Бүгдэд хүсэл байдаг ч санаанд оромгүй амжилтууд тэр бүр тохиодоггүй. Харин өнөөдөр бол та маш сонин байдалд байна. Танд хүмүүс их л таагүй хандаж байна уу даа. Юу болоод, яагаад ингэв ээ? 
    -Би бол бүх хүн надад дургүй болчихсон гэдэгтэй санал нийлэхгүй.  Яагаад гэвэл энэ олон алдаатай бодлого шийдвэрүүдээс болж амьдрал нь хүнд байдалд ороод, нулимс нь хатаагүй хүмүүс олон байна. Жишээлбэл, төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн асуудлыг шийдвэрлэх явцад 75 хүн ажилгүй болсон. Тэдний ард эцэг эх, үр хүүхэд, ах дүү амраг садан, найз нөхөд нь байгаа. Нэг л жишээ хэлье. Тэнд нэг асрагч эмэгтэй ажиллаж байжээ. Айлын хажууд амьдардаг, өөрийн орон гэргүй. Хүүхэд нь Баянзүрхийн дүүргийн тэнд сургуульд явдаг. Бүүр хол газар луу,  үүрээр явдаг.  Ажлаасаа халагдсан учраас  нөгөө айл нь түрээсээ төлөхгүй юм чинь гээд хашаанаасаа хөөсөн. Энэ үедээ тэр хүн над дээр хүрч ирсэн. Одоо яах юм бэ, гишүүнээ гээд. Уг нь би тэр эгчид өргүй шүү дээ. Тэгсэн ч энэ их зовлон хүмүүсийг мухардалд оруулж байна. Би тэгээд та өргөдлөө бичээд өг гэсэн. Хөөцөлдөж гүйж байгаад “Дэлхийн зөн” байгууллагаас гэр олж өгөөд,  газрыг нь шийдэж өгсөн. Амьдралын ангал руу нэг эх хүү хоёрыг ч гэсэн уначихаас аврах гэж гүйхгүй гээд яах юм бэ. Хүмүүсийг ийм болгосон харалган бодлого шийдвэрүүдийн ард тэдний нулимс урсаж байхад надад муу болоод, намайг харааж зүхээд яах ч юм билээ дээ. 

    -Өглөөхөн тантай уулзах гэж байгаа болохоор твиттер лүү орж таны тухай сэтгэгдлүүдийг харлаа. Харааж загнасан, доромжилсон үгс дүүрэн.
    -Энэ бол үзэгдэл байхгүй юу. Үзэгдлийг  битгий тоо. Яагаад гэвэл үзэгдэл гэдэг чинь их сонин ойлголт шүү дээ. Хаанаас, яагаад ингэж явуулж байгаа нь илт зүйл шүү дээ. 

    -Таныг дарах хамгийн том малгай. Таны араас гаргаж ирэх сүүдэр бол Н.Энхбаяр. Н.Энхбаярын “тэжээвэр хүүхэд”, Н.Энхбаярын өмгөөлөгч, Н.Энхбаярын  намынх гээд л явчихдаг. Ингэхэд Н.Энхбаяр гэдэг хүний талаарх таны судалгаа их өндөр хувьтай явж байгаа байх. Хүнийг таних процесс л явж байгаа шүү дээ. 
    -Тэнхлүүн явахад нь тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусла гэж үг байдаг.  Би тухай үед өөрт байгаа бололцоо боломжоороо л Н.Энхбаяр гэдэг хүнд тусласан. Дуу хоолойгороо, эрч хүчээрээ зүтгэсэн. Би энэ хүнийг хүндэлж явдаг. Цаашдаа ч хүндлэх болно. Солонгост очоод уулзсан. Н.Энхбаяр дарга бид хоёрын хооронд нэг л зүйл байгаа. Н.Энхбаяр дарга “ Чи ийм юмыг ингээд тэгээд хийгээч гэж тулгадаггүй, шаарддаггүй, зөвлөдөггүй. Тийм тохиолдол хааяа гарсан ч би зөвшөөрдөггүй. Зарчмын бус байвал. Зарчмын дагуу байвал дагадаг. Шууд ширээ ширээнийхээ ард уулзаад л ярьдаг. Н.Энхбаяр дарга надад “ Чи маш цэвэрхэннээрээ улс төр лүү орох ёстой шүү. Ц.Элбэгдорж,Н. Алтанхуяаг, би, өөр хэн ч байдаг юм бид нар энэ 24 жилийн бүх золиог цэвэрлэж дуусгаад дараагийн үедээ өгмөөр байна” гэж.  Энэ бол маш гүн үг. Үнэн үг. Ерөөсөө тийм л байхгүй юу. Би нэг солонгос хүнтэй ярилцаж байсан юм.  Тэр хүн надад хэлж байсан. “Сайхныг бий болгоё гэвэл бүхэл бүтэн нэг үе золиосонд орох ёстой байдаг. Яагаад гэвэл энэ чинь хэрэв хорт хавдар байвал тэр эрхтэнг тасдах ёстой шиг” гэж . Н.Энхбаяр даргын хувьд “ Надад улс төрд эргэж орох ямар ч хүсэл байхгүй.  Би үздэгээ үзсэн. Суудаг суудалдаа суучихсан. Надад албан тушаал бол зүгээр л үзэгдэл. Миний хүсэл бол  та нарын үе л цэврээрээ гараасай гэдэг хүсэл” гэж надад хэлдэг юм.  

    -Санал зөрдөг юм ганц ч байхгүй юу?
    -Ер нь зөндөө л санал зөрнө шүү дээ. Жишээлбэл, давхар дээл байж байна. Би тайлах ёстой гэсэн. Манай гүйцэтгэх товчоо тайлах ёсгүй гэсэн. Тэгээд л би тайлах ёстойгоороо саналаа өгөө биз дээ. Өөр олон зүйл хэлж болно. Жишээлбэл, би Ч.Улааныг яагаад шүүмжилж байгаа юм. Д.Тэрбишдагвыг яагаад шүүмжилж байгаа юм. Н.Удвал сайдыг яагаад шүүмжилж байгаа юм. Би Д.Тэрбишдагвыг бол  нэг давхар дээлтэй биш дөрвөн давхар дээлтэй гэж хэлээд байгаа ш дээ.

    -Ер нь бол нам болоогүй намын л бас нэг шинж шүү дээ.
    -Асуудлын гол нь би шударга байх ёстой. Би зүгээр л чөлөөтэй шүүмжлээд л явна. Би Н.Алтанхуяаг гэдэг хүнд өргүй. Н.Энхбаяр даргад ч өргүй. Би ард түмэндээ л өртэй. Би эцэг эхдээ өртэй. Намайг хайрладаг хүмүүст л өртэй гэж боддог.

    -Н.Энхбаяр та хоёрын хувьд адил төстэй чанар юу байдаг вэ. Нэгтгэдэг зүйл?
    -Би бол зовж явахад нь уулзсан хүн  шүү дээ. Хаан байхад нь уулзсан хүн ядарч явахад нь уулзсан хүн хоёрын хооронд том зарчмын ялгаа байхгүй юу. Хаан байх үед нь уулзаж учирсан, дэмжлэг, ивээлийг нь хүртсэн нөхдүүд харин энэ ордноор бэлчиж байгаа биш гэж үү. 

    -Тэр хэзээ ирэх юм бэ?
    -Одоо солонгост эмчлүүлж байгаа. Хүмүүс хэзээ ирэх вэ гэж асуудаг. Бие нь ямар байгаа вэ гэж асуудаг. Би нэг л юм хэлдэг та нар өөрсдөө яваад, Энхбаярын даргын эмчээс нь очоод асуу л даа гэж. Та нарт бүх л боломж байгаа. Ялангуяа энэ төр барьж байгаа нөхдүүдэд. Үнэхээр эрүүл мэндийн асуудал нь төвөгтэй л байгаа шүү дээ.

    -Дахиад нэг хүний биеийг асуумаар байна. Намбар гуайн бие  тааруу байсан. Одоо илааршиж байгаа юу?
    - Хүний эрүүл мэнд чинь хувь хүний нууцтай холбоотой. Ганцхан Н.Энхбаяр дарга дээр би танд хариуллаа.

    -Ойлголоо. Таны тагнуулын ерөнхий газарт хандсан нэг хүсэлт байгаа. Таны утсанд ирсэн мессежтэй холбоотой. Хууль зүйн сайдтай хийж эхэлж байсан тэмцэлтэйгээ холбож та тайлбарласан шүү дээ. Үнэхээр гэр бүлээ хамгаалахын тулд олон түмэнд зарлахаас өөр аргагүй байсан юм уу?
    -98-тай утсаар ирсэн. Хүнийг нь тогтоосон. “Газар шороо” хөдөлгөөний  Мөнхбаярын бүлгэмд явдаг нэг нөхөр байсан. Би тэгээд ядарсан хүнийг дээрээс нь гишгэлээд яахав дээ гээд орхисон.

    -Зарлахдаа бол үзүүрийг нь Х.Тэмүүжин рүү ч чиглүүлсэн санагдсан. Яагаад тэгсэн юм бэ?
    -Х.Тэмүүжин лүү чиглүүлээгүй шүү дээ.  Ерөнхийдөө энийг шалгах ёстой л гэсэн. 

    -Ахиж тийм явдал давтагдсан уу?
    -Би тагнуулын байгуулгад хүсэлт тавьсан. Намайг хамгаалтанд авч өгөөч гэж. Тэгээд хамгаалт авсан байгаа. Зүгээр илэн далангүй хэлэхэд юунаас болж ингэж над руу давшлаад байгаа юм бэ. Зүгээр сайхан хоёр талд гараад хуулийн дагуу байр сууриа уралдуулъя л даа. Хууль бус юм хийгээгүй л юм бол юунаас нь айгаад байгаа юм. Миний тавиад байгаа үндэслэл нөгөө хэний, бас таны бичсэн шиг шалихгүй юм гэсэн биз дээ. Огцруулах олигтой шалтгаан байхгүй гээд байгаа. Тийм юм бол яагаад миний нэр төр лүү компаничилж дайрч давшилж   байгааг нь ойлгохгүй байгаа байхгүй юу. Улсын их хурлын гишүүн ямарч асуудлаар өөрийнхөө итгэл үнэмшлийн дагуу тогтоолын төсөл өргөн барих эрхтэй. Харин ч тэр эрхээ эдэлж чадахгүй байна. Яагаад чадахгүй байгаа вэ гэвэл дэгийн тухай хуулиар ямар ч сайдыг долоо хоногийн дотор хэлэлцдэг. Долоо хоногийн дотор нэгдсэн чуулганаар оруулдаг. Амьдралдаа анх удаа энэ хүн дээр л ийм сонин үйлдэл гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр би юу гэж бодож байна вэ гэхээр Ерөнхийлөгчийн ноцтой гэж хэлсэн нь үнэхээр ноцтой байх нь гэж л  бодож байна. 

    -Хууль зүйн байнгийн хороо хаалттай хуралдсан. Тэдний намаас С.Баярцогт, Р.Гончигдорж  хоёроос бусад нь огцруулах санал өгсөн байна лээ. Зарим гишүүд бол шоконд орсон байдалтай л гарч ирсэн. Тэгэхээр энэ хэргийн цаана “юу ч байхгүй” гэдгийн хариултанд юу хэлэх вэ?
    -Хаалттай хурлыг нээлттэй болгож болохгүй учраас би хариулмааргүй байна. Бид тангараг өргөсөн хүмүүс. Хариуцлагагүй шийдвэр дээр гар өргөдөггүй. Энэ 76 чинь дандаа тэнэг хүмүүс байдаггүй юм шүү дээ.  Би өөрөө Арчилсан намд 15 жил болсон хүн. Энэ дотор чинь ардчилалд хайртай, шударга ёсонд хайртай хүмүүс олон байдаг гэдгийг мэднэ. Харин яагаад ингэж дайраад, О.Баасанхүү гэдэг хүнийг  харлуулах ажиллагаа яваад байгааг ойлгохгүй байна. Шалтгаан нь намайг өргөдлөө татаад авчихвал ингээд нөгөө асуудал нь дуусчих гээд байгаа учраас тэрийг л хүсээд байгаа байхгүй юу. 

    - Хүүхдээ өргүүлээд буцааж авсан асуудлаар хүмүүс их гайхаж байгаа. Би ч гэсэн Б.Элдэв-Очирыг танина. МСS компани ажилтныхаа нэг  хүүхдийг гадаадад төлбөрийг нь дааж сургадаг бол Б.Элдэв- очироос  очоод л гуйна. Чи миний амьдралд ингэж нэг туслаач гээд. Нэг ийм л юм болсон юм биш үү. Эсвэл өөр юм байна уу. Хүмүүс яг энэ ойлголт дээр төөрөлдөөд байна?
    -Иргэн Б.Ганчимэг, Их хурлын гишүүн Б.Ганчимэг хоёрын хооронд ялгаа байх ёстой.  Улсын их хурлын гишүүн Х.Тэмүүжин Канадын консул Б.Элдэв Очирт хүүхдээ өгсөн байхгүй юу. Би юу гэж хэлж байгаа вэ гэхээр Төрийн хариуцлагатай хоёр албан тушаалтан хоорондоо төрийн албыг ингэж ашиглаж байгааг Канад улс хараад бидний өмнөөс ичээд байнаа. Бид одоо ичих цаг болсоон. Бид нар монгол төрийг цэвэр тунгалаг байлгах цаг болсон шүү дээ л гэж ярьж байгаа. Хоёр иргэн байсан бол өөр шүү дээ. Би бол төрийн албан хаагчдын ёс зүйн асуудлыг  яриад байгаа юм. Х.Тэмүүжинг хар тамхины асуудалтай холбож их ярьж байна. Энийг би мэдэхгүй. Тийм биш байгаасай гэж бодож байна. Би итгэхгүй байгаа . Би өөр юун дээр бухимдаж байгаа гэвэл яагаад Хууль зүйн сайд нийт цагдаа руугаа, нийт прокурор руугаа дайрсан мэдэгдлийг үргэлж цацаж байдаг юм бэ. Яагаад твиттер хуудсаараа салбараа харааж загнаж байдаг юм бэ. Үнэхээр “Цагдаа нар угаасаа л новшын амьтад. Миний хүүхдийн цүнхэнд  ч хар тамхи хийж чадна. Би ийм цагдаагийн үйл ажиллагааг шинэчилэх гэж л энэ ажлыг хийж байгаа”  гэж мэдэгдээд байгаа шүү дээ, энэ сайд өөрөө. 

    -Хууль зүйн сайдын хувьд өөрийн харъяаны агентлагуудаа байн байн  заналхийлээд байдгийг иргэд их гайхширч байгаа л даа. 
    -Ийм үйлдлийг аль нэг улсын Хууль зүйн сайд Жорж хийгээд байвал тэр нийгмийн иргэд яаж хүлээж авч байгаа бол. Үнэхээр санаанд багтахгүй явдал байхгүй юу. Манайд л ийм юм болж болоод байна. 

    -Өөр нэг дуулиан байгаа. Залуу насанд янз бүрийн л юм байдаг. Х.Тэмүүжин эхнэрээсээ гадна хэн нэгэнд сэтгэл алдарсан нь тийм том асуудал юм уу? 
    -Би тийм асуудлаар өргөн бариагүй шүү дээ.  Миний өргөн барьсан бичгийн хүрээнд бол тийм юм байхгүй. Би өөрийн өргөн барьсан үндэслэлээ ганц хоёр сайт-д тавьсан. Ер нь надад ний нуугүй хэлэхэд хэвлэл мэдээллийнхэнд өгөх мөнгө алга. 

    - Танаас мөнгө авах гээд байгаа сэтгүүлч байна уу?
    -Надад таньдаг маш олон сэтгүүлчид байна. Тэд нар зайлуул камер энэ тэрээр зураг аваад , ярилцлага аваад явдаг байхгүй юу. Очоод л уучлаарай, дарга зөвшөөрсөнгүй ээ. Нөгөө юмыг чинь гаргасангүй ээ л гэдэг юм. Би тэдэнд гомдохгүй. Асуудал нь сэтгүүлчдэд биш байхгүй юу.

    -Тэмүүжин олон дэмжигчтэй,найз нөхөдтэй. Та дэмжигчгүй, найз нөхөдгүй. Ингэхэд та багадаа хэр их хөвгүүдтэй нийлдэг байсан бэ. Нэг л ганцаардмал харагдаад байдаг. 
    -Байгаа  ш дээ. Би жишээ нь, Ардчилсан намын анхдагч байсан Бошигтын хүүтэй  их ойрхон байсан. Аав нь түүнийг хутгалаад алчихсан. Та дуулсан байх. Бид хоёрын үзэл бодол их нийлдэг байсан. Хүн болгонд өөрийн гэсэн хүрээлэл бий. Хүн болгонд өөрийн гэсэн найз бий. Өөрийн гэсэн үнэт зүйл гэж байгаа. Ер нь хүний олон нь хүнээ барьж идэхгүй. Би эрх мэдэл, мөнгө, хэн нэгэн том хүний дор нуугдаж амьдардаггүй. Өндөр албан тушаалтанд долдойдож амьдардаггүй. Би УИХ-ын гишүүнээ болилоо гэхэд улс орныхоо төлөө зүтгэдгээрээ зүтгээд л явна. Хаана ч хэлэх хангалттай түүх надад байгаа. Одоо энэ батлуулж байгаа хуулиуд дээр олон ажлын хэсэгт ажиллаж байна. Жишээ нь, тэсэрч дэлбэрэх бодисын хуулыг  батлуулсаны минь төлөө өнөөдөр уул уурхайнхан надад баярлаж байгаа. Монгол судлалын зүтгэлтнүүд маань надад баярлаж байгаа. Би зүтгэж байгаа.

    -Багын найзуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?
    -Хүн завгүй болохоороо багын найз нөхдөөсөө жаахан холддог юм шиг байгаа юм. Гэхдээ агуулгаараа бид холдоно гэж юу байхав дээ. Би  хаана ч хэлнэ. Би өөрийгөө баян хүн гэж боддог. Дэлхийн 105 оронд  миний найз нар байдаг. Дэлхийн 105 орны хуулчьдын сүлжээтэй би холбоотой ажилладаг. Тэдэн лүүгээ би надад туслаарай, ийм ийм юм боллоо шүү гэхэд тэд нар маань хүрээд л ирдэг. Жишээлбэл, сая миний бие муудаад Солонгос руу  эмчлүүлэхээр явах болоход миний нэг хуульч найз маань ирээд л аваад явсан. Эцсийн эцэст монголчуудын маань 10 хувь нь миний найзууд. Тэд миний төлөө шаналж зовж л байгаа. Байр сууриа зөндөө илэрхийлж байгаа. 

    -Эрэгтэй хүүхдүүд охидуудаас илүү эрх чөлөөтэй амьдардаг. Зодоон хийдэг, сурлагаараа найзалдаг, спорт урлагаараа нөхөрлөдөг бүлгүүдтэй. Тал талаараа хувирч найзладаг. Та эд нарын аль хэсэгт багтдаг найз илүү олонтой вэ?
    -Миний хувьд амьдралаараа нөхөрлөсөн найзууд олонтой гэх үү дээ.  Бүх зүйлд нь санаа тавьж явдаг байхгүй юу. Жишээлбэл, миний өмгөөлж байсан хүмүүс өдөр болгон л над руу утасдаж байдаг. Та зүгээр үү, бид таны төлөө дуугармаар байна гээд. 

    -Зарим нь таныг ерөөсөө багадаа ч гэсэн найз нөхөдгүй байсан. Зодоон ч хийж чаддагүй. Охидуудтай л найзладаг, их комплекстэй хүү байсан гэх юм.
    -Хүнийг мэддэггүй байж мэддэг юм шиг манайхан худлаа их ярьцгаах юм. Би жишээ нь, Х.Тэмүүжинг тийм ч сайн мэддэггүй шүү дээ.  Мэдэхгүй учраас Х.Тэмүүжингийн тухай ямар нэгэн мессеж өгдөггүй ш дээ. Зөвхөн ажил хэргийн асуудлууд, явуулж байгаа бодлогууд дээр нь санал зөрөлдөж байна. 15 жил бас адилхан судалсан учраас мэдээд би хэлж байгаа юм. Болохгүй ээ,системүүдын ийм ийм  алдаа байна. Ингэж явж болохгүй. Дунд нь өөрийнхөө хувийн эрх ашгаа чи хутгаад байнаа. Хувийнхаа эрх ашгийг л хутгаад байгаа байхгүй юу. Эрх зүйн шинэчлэл гэдэг зүйл бол хэн нэг сайд өмчилдөг юм бишээ. Жишээ нь, Амарзаяаг яагаад томилсон юм. Хувийн эрх ашиг нь мөн шүү дээ. Энэ мэт олон алдааг нь л хэлж байгаа. 

    -Сая нээрээ тагнуулын  дэд даргыг гэнэтхэн өөрчилсөн. Та энэ тухай ямар байр суурьтай байна?
    -Би энэ тухай мэдээгүй байсан. Яагаад гэдгийг нь асуусан. Шинэчлэлын Засгийн газар байгуулагдаад  жил 6 сар болохдоо  тагнуулын хичнээн даргыг халав. Юу болоод байгааг мэдэхгүй байна. Ер нь тагнуулын зүтгэлтнүүдийг халж солиод, сул хаяж болохгүй шүү дээ. Энэ маш аюултай. Тийм учраас би их санаа зовж байна. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал гэдэг ойлголтоо бүх юман дээр авч яваач ээ. Монгол улс өнөөдөр Украйны хувь тавьлан шиг юм руу битгий орчихоосой. Хөршүүдийнхээ дунд ч гэсэн зөв бодлоготой байх ёстой. Дээрээс нь гурав дахь буюу стратегийн түнш улс орнуудтайгаа зөв харьцах ёстой. Мэдэхгүй юм даа. Энэ Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайд “Би халчихсан, яадаг юм “ л гэж хэлэх юм. Монголын ард түмэн гайхшаа барж ядаж байна шүү дээ. Өөрөө бол нэг талаас маш их хөдөлмөрч хүн. Харамсалтай нь түүний баг дотор ажиллаж байгаа хүмүүс нь энэ хүнийг зөв харагдуулж. Зөв явуулж чадахгүй байна. Зөвлөхүүдийг нь л хар л даа. Жишээлбэл, тэр Дөлгөөн гэж нэг зөвлөх байгаа. Би тэр хүнийг яг юу зөвлөөд байгааг  ойлгодоггүй. Би УИХ-ын гишүүний хувьд энэ зөвлөх нэртэй нөхдүүд нь чухам тэр хүнд юу зөвлөж байгаад санаа зовж байна. Эцсийн дүндээ энэ бүхний хөлд Монгол улс л хохирч болохгүй. За, яахав ээ, Баасанхүү гэдэг энэ хүн элдвээрээ муулуулаад дуусая л даа. Ганцхан энэ их замбараагүй байдлын хохирогч нь манай  ард түмэн л болж хоцорч болохгүй. Үүний төлөө юу ч гэж хараалгуулж, доромжлуулж, гүтгүүлсэн яахав. 

    Дугаар шилжих мөчид

    Сонин шилжих мөчид УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах өргөдлөө эргүүлэн татсан гэх шинэхэн сенсааци дэгдэх нь тэр. Ингээд ямар шалтгаанаар эргүүлэн татсан талаар нь гишүүнтэй утсаар холбогдож тодруулсан юм.  

    -Өргөдлөө ямар шалтгаанаар эргүүлэн татаж байгаа юм бэ. Таны энэ шийдвэр араасаа янз бүрийн хардлага, хэл ам дагуулж байна.
    -Миний өргөн барьсан асуудлаас гадна нэмж шалгах шаардлага гарч ирсэн юм. Хаалттай хуралдаан дээр асуудлыг нэмж оруулъя гэсэн ч УИХ-ын дэгийн тухай хуулиар татах, эсвэл түр татаж аваад нэмж оруулах заалттай байсан. Мөн Ерөнхий сайд  “Бид МАХН-тай санамж бичиг байгуулсан учраас энэ асуудлаа өөрсдөө дотроо ярина” гэсэн. Тиймээс Ерөнхий сайд одоо Х.Тэмүүжин сайдад хариуцлага тооцох ёстой. Тооцохгүй бол миний зүгээс дахин өргөн барина. Огцруулах өргөдөлдөө дахин хэд хэдэн асуудал нэмэх шаардлагатай байна. Тиймээс түр татаж авсан юм. Намайг 30 хоног Монголын төрөөр тоглолоо гэж зарим гишүүн хэлж байна. Би үүнтэй санал нийлэхгүй. Энэ асуудлыг хэлэлцэж байхад МАН, АН хоёр тус бүрдээ тав хоногийн завсарлага авсан. Хууль, шүүхийн байгууллагаар шалгах зүйл байсан учраас ингэж хугацаа алдсан. Мэдсээр байж над руу давших хэрэггүй л дээ. 

    -Ерөнхий сайд хариуцлага тооцохгүй шүү дээ. 
    -Ерөнхий сайд хариуцлага тооцох ёстой. Миний хувьд бас дахин нэмэлт материалууд шалгуулахаар холбогдох газарт нь хүргүүлээд байгаа. Х.Тэмүүжин сайдын асуудал орхигдохгүй ээ, тэгэх ч боломжгүй.

    -Солонгос явж намын даргатайгаа уулзаж ирээд өргөдлөө татаж байгаа тань үнэхээр эргэлзээ төрүүлж байна. 
    -Би эмнэлгийн хяналтад байгаа. Үзүүлээд ирсэн. Мэдээж түүнтэй уулзсан. Н.Энхбаяр дарга албан бус байр сууриа илэрхийлэхдээ надад Х.Тэмүүжинг өмөөрч хамгаалах шаардлага байхгүй шүү дээ гэж хэлж байна билээ. Өөрөө намын дотоод хэрэгт оролцох бодолгүй байна лээ. 

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан