Өнгөрсөн хэдэн өдрүүд үнэхээр манай хотыг өмнөхөөс тэс өөр агаарт умбуулж орхих шиг бодогдоно. Азийн шинэ лидер, ардчиллын бас нэгэн содон авхай Ан Сан Су Чи өдөр нь Төрийн ордонд илтгэл тавьж байхад, шөнө нь BBC-гээс нэрлэсэн дэлхийн шилдэг 500 дуучны нэг Сайнхо Намчылак нэгэн шөнийн клубт тоглов. Үнэхээр гайхалтай үйл явдлууд гэж хэлэхээс өөр аргагүй юм. Электроник, авант жааз урсгалын дорно дахинаас төрсөн дэлхийд хамгийн их танигдсан содон төлөөлөгчдийн нэг энэ хатагтай Монголд ирж тоглосон явдал бидэнд хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээлээ. Сайнхо ирэх тухай мэдээ анх түгсэн өдрөөсөө эхлээд л хөгжим сонирхогчдын дунд хүлээлт үүсгэсэн. Үнэн үү, яг уу, тэгээд хэзээ гэсэн асуултууд ард үлдэж, энэ дэлхийн эгэл биш дуучдын нэг, этгээд галзуу Сайнхо талын монголын тайзнаа заларлаа. 

    Сайнхо Намчылак бол өвөрмөц нэгэн шувуу юм. Жигүүр нь үл цуцагч шувуу юм. Сайнхо бол агсан дорнын салхи юм. Тэлчлэн үлээгч, тэмүүлэн давхигч салхин юм.  Сайнхо бол алсарч цойлсон тэмцэгч юм. Тэрслэн түүчээлэгч, тэмдэгрэн түгэгч юм, тэр. Түүний зам нэлэнхүйдээ зүдгүүртэй, хамаг хүчийг нь сорьсон бэрх даваа, гуу жалга, саад бэрх байсан шиг. Нүднийх нь харц, нүүрнийх нь  хээнд туулж ирсэн уртын урт харгуй нь шингэн үлдсэн шиг. 

    Дальдрах дургүй энэ хатагтай эрт галавын анд минь юм шиг. Эртээрхэн уулзаад, хэрэлдэж хэдэрлээд салсан ч дотор минь эрхлэн буй найз минь юм шиг ойрхон санагдана.  Юу ч юм биднийг ийнхүү холбох нь хачин. 



    Алдар суу, амьд домгийн ертөнцөд үлдэхээ нэгэнт шийдсэн тэр давилуун “амьтан” нэвт гэрэлтсэн нимгэн дан дээлтэй урдуур алхаад л, танхимд цугласан залуусыг хашгируулаад л нүргээнт үдшийн хаалгыг нээж байх юм. Энэ үдэш ILOFT-д манай хотын бүх “зэрлэгүүд” чуулж байх шиг л санагдсан. Гадаа нь мотоциклд сундалдсан рок залуус буугаад л, дотор үсээ юу ч үгүй хуйхалчихсан атлаа сахлаа урт гэгч ургуулаад боочихсон эр, хурганы арьс нөмөрсөн нүцгэн шахуу хүүхэн, улаан ногоон фанкууд, шивээс дүүрэн гажигууд, гомо лесбичүүд, мансуурагчид, гадаадын зочид, энгийн дипломатууд, нэр алдартай сэхээтнүүд гээд бүх цөөнхүүд хүрэлцэн иржээ. Тэнд бидэнд хэн нь ч хэнийгээ хачирхах завдал байсангүй. Энэ бол урлагт ямар нэгэн цоож цуурга байдаггүйн илрэл.   

    Сайнхо бол 1957 онд Тувад төрсөн, яруу найрагч, дуучин, зураач хүн юм. Түүний харъяалагддаг урсгал нь тува фолк хөгжим, авант жааз, рэгги юм. Бүр тодорхой, ойлгомжтой тайлбарлахад тэрбээр хөөмий, морин хуур, уртын дуу, тува үндэсний хөгжмийг этник, авант жааз, электроник орчин үеийн хөгжмүүдтэй хослуулж бүтээлээ туурвидаг гэсэн үг. Дэлхийн хөгжим судлаачид түүнийг “Нүүдэлчдийн урлагийн эх” хэмээн нэрлэдэг юм. Хэдийгээр тэр төрөлх Тувагийнхаа ардын жүжигчин, ОХУ-ын ардын жүжигчин гэх том алдруудын эзэн ч миний хувьд BBC-гээс зарласан “Бүх цаг үеийн шилдэг 500 эмэгтэй дуучны нэг” гэсэн алдар нь л огшоодог. Монгол туургатнаас мэндэлсэн энэ агуу дуучин дэлхийн тавцанд энэ хүртэл тэмцэж очоод, үнэлүүлж, хүндэтгүүлж, хүлээн зөвшөөрүүлж чадсан нь бахархал байхаас яах билээ. 

    Манайхан монгол туургатнуудаа нэг их оошоохгүй царайлдаг. Өөрсдөө монгол хэмээх их үндэстний гал голомтыг сахиж суугаа атлаа шүү дээ. Тува, Халимаг энэ тэр гэхээр л булаг шанд, хир буртаг дуулсан зовлонт зохиолын дуучин гэж хүлээж авах гээд байдаг. Үүнийг Сайнхог авчрах гэж хөлөө хүрэх газар болгоноор гүйж үйлээ үзсэн зохион байгуулагч бүсгүй бие сэтгэлээрээ мэдэрсэн байх. Миний бие мөнгөтэй, чадалтай гэсэн олон хүнтэй уулзаж түүнд туслах гэж хичээсэн. Тэдний хувьд ямар нэгэн эмээл хазаар дуулсан зохиолын дуучдын концертод л сурталчилгаа нэрээр мөнгө шидэх туршлага байдгийг үзээд үнэхээр гайхширсан. Гэвч манай зарим залуу сэхээтнүүд өөр болжээ. НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ чардайхаараа зүтгэж Сайнхотой уулзах сайхан бололцоог хангалцаж өгөв.  Энэ бол монголын нэр нүүрийг тэр том дуучны өмнө хамгаалах гэж хичээсэн түүний чин сэтгэл байсан юм. Сайнхотой учирсан тэрхүү харгиа үдшийн зочдын өмнөөс түүнд бид баярлалаа гэж хэлэх ёстой. 

    Хорвоогийн амьдралын жаргал хийгээд зовлон, хүний сэтгэлийн уйтгар хийгээд баяр баясгалан, гэрэл гэгээ, уудам тал, униарт хөндий, аглаг тайгын тухай дуулагч Сайнхо бол хэрэн хэсүүчлэгч юм. Түүний тоглолтууд Канад, АНУ, Англи, Испани, Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Хятад, Герман, Австрали, Франц, Хон-Конг зэрэг нийт 50 гаруй орны 100 гаруй хотуудад зохион байгуулагдаж байв. Түүний олон арван цомгууд дэлхийн зах зээл дээр борлогдсон. Одоо ч эрэлт тасардаггүй нь энэ дуучны царааг илэрхийлж байдаг. Дэлхийн алдартай хөгжим судлаачид түүний тухай гайхширан дуу алдацгааж, тэр бүр дуучинд олддоггүй үнэлэлтүүдийг чулуудацгааж ирэв. Жишээлбэл, Thom Jurek “Түүний дуулалт зөвхөн хөөмий төдий биш, харин хөгжмийн бөө мөргөл юм” хэмээн дүгнэж байсан бол зохиолч Roberto Gatt “Peter Gabriel-ийн Бүх л шинэ сонирхолтой зүйлс эзэнт гүрний захаас гарах юм гэж хэлсэн нь үнэхээр үнэн ажээ” хэмээн дуу алдсан байдаг. Тэр бүү хэл алдарт хөгжмийн зохиолч  Peter Gabriel “Тэр байгаагүй бол Туваг хэн ч мэдэхгүй байх байлаа” гэж цуурайтуулан мэдэгдсэн юм. Нэрт шүүмжлэгч Жон Айлзын “Сайнхог сонсвол хүмүүнээс гарах ямар ч дуу авиа гайхалтай урлаг байдгийг мэдэрнэ” гэсэн үг ч дээрхи дүгнэлтийн дэргэд сулхан сонсогдохоор домгийг Сайнхо орчин үеийн хүн төрөлхтөнд мэдрүүлсэн гэж хэлж болно.  Шинэ зууны нэгэн гайхамшиг болсон Сайнхо онгон дагшин нүүдэлчний урлагийг шинэ урлагийн нүргээнт хэмнэлтэй сүлэн амьдруулж, өөрөө мандан гэрэлтсэн од юм. Түүний дуу бол дарлагдаж дарагдан олон зууныг туулсан тэсвэрлэг нүүдэлчдийн нулимс шингэсэн гуниг юм. Түүний дуу бол дарагдаж өгөхгүй цойлон дүүлэгч, хэрэн тэнэгсдийн задгай бардам танхайрал юм. Түүний дуу хонгор танхил дорнын эмэгтэйн бүдэг намуун атлаа халууруулан эзэмдэгч хүсэл тачаал юм. Түүний дуу зүгээр л дэмий тэнэмээр сул зоргоороо эрх чөлөө юм. Тэр бол ад мөрийн бөө. Аюулт удган юм. 

     

    Сайнхо Намчылакын зүг намайг  залуухан, биеэ тоосон хатагтай Д.Оюунномин хөтөлсөн. Түүний учир утгагүй өөрийгөө шатааж байгаа ч юм шиг зовиур дор, үүн дээр л санал нэгдэхгүй бол хаашаа ч юм зугтаад алга болчих гэж сүрдүүлж байгаа юм шиг аймшигт нөлөөн дор Сайнхогийн дуунуудыг сонсч, сар шахам автав. Цусаар ямар нэгэн зүйл бургилан даргилах шиг. Нэг бол хэмжээлшгүй эрх чөлөөнд автах шиг. Нөгөө бол гарах гарцгүй мухардалд шигдэх шиг болсон тэр өдрүүдийн дараа 56 настай сахилгагүй хатагтайтай нүүр тулав. Халмиган үсээ шав шараар будуулчихсан Сайнхо нас намба мэтийн ойлголтуудыг хөсөр хаян, нууцлаг халуухнаар бүжиглэж дур зоргоо тунхаглав. Түүнд манай хот, манай залуус таалагджээ. Монголын үзэгчдээс би жинхэнэ амьд халуун мэдрэмжийг олж харлаа. Япончууд шиг аймтгай, сэтгэлийн хөдлөлгүй биш. Хятадууд шиг дотор нь шатавч дүр нь худлаа биш. Монголчууд өөр юм аа гэж тэр хэлж байна. Тэр бас Монголд ирээд би бүтэн нар харлаа. Бүтэн тэнгэр харлаа. Энд би гэртээ ирсэн юм шиг тайван, амар амгалан байж чадаж байна гэж тэр илэн далангүй ярьж байна. Тэрбээр энэ удаа “Naked Spirit”, “Stepmother city” цомгийн дуунуудаасаа дуулж, мөн өөрийн бэлдсэн сэтийг толилуулсан. Энэ тоглолтод “Алтан ураг”, “Моханик”, “Unicorn” оролцож, Сайнхогийн дуунуудыг коверлож дуулсан юм. Мэдээж манайхны барьсан энэ бэлэг түүнийг баярлуулсан. Сайнхо маань хөгжөөх, бөө мөргөлийн тамлага зэрэг дорно дахинаас гаралтай шашны мөргөлийг дуу хөгжимдөө ашиглан өвөрмөц бүтээл туурвидаг. Тиймээс монгол үндэстэн дуучин­ эмэгтэйн дэлхийд гарч чадсан дуу хөгжмөөр дамжуулан монголынхоо хөгжим сонирхогч залууст үндэсний ардын урлагаа ойлгуулан таниулах, гайхамшийг нь мэдрүүлэх энэ тоглолтын үндсэн зорилго байсан гэлтэй. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, уртын дуу, морин хуур зэргийг орчин цагийн хөгжимтэй хэрхэн хослуулж, шинэ цагийн сонсогчдод ардын урлагаа таниулан сурталчилж болдгийг таниулснаараа зөвхөн сонсогчдод бус ардын урлагаар уран бүтээлээ тууривдаг монголын уран бүтээлчдэд туршлага хуримтуулах үнэт завшаан болсон ч гэж үзэж болно. Сайнхо нь авант жааз урсгалаар бүтээлээ туурвидаг  болохоор ЮНЕСКО-гоос жил бүрийн 04-дүгээр сарын 30-ны өдрийг Дэлхийн жааз өдөр болгон зарласантай холбогдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс тус тоглолтод хамтран зохион байгуулагчаар оролцож монголд анх удаагаа энэ агуу дуучинтай хамтран тэмдэглэх болсноороо зөвхөн ардын урлаг бус жааз хөгжмийг таниулан сурталчлах давхар зорилгыг биелүүлсэн гэж болно. Ямар ч төр засгийн заллагагүй, зөвхөн “Харгислалын театр”-ын дарга гөжүүд хатагтай Д.Оюунноминтой тогтоосон харилцаан дээрээ суурилж, манай улсад даруухнаар ийнхүү морилсон өдрүүд өндөрлөж байна. Шуурга мэт Сайнхо маргааш манай хотоос ниснэ. Шуранхай мэт дүүлэн одно. Тэрбээр эдүгээ Австри улсын нийслэл Венад амьдардаг юм. Түүний амьдрал бүхэлдээ юунд ч баригдахгүй нисэх билээ.  Нисэх... дүүлэх...буух...ахиад нисэх.... 

Сэтгэгдлүүд : 2

  • Буяа

    Гайхалтай

  • zochi

    Үнэхээр галзуу гоё нийтлэл бичдэг шүү. БАЯРЛАЛАА

Сэтгэгдэл оруулах

урлан