Монголын поп урлагийн хатан хаан өдгөө 43 нас хүрчээ. Тэр бусад шиг насаа нууж маягладаггүй.  Тайзнаа гарч ирээд л 43 нас хүрснээ халуун дотноор зарлаж бай­на. Тэрбээр бямба гаригт Улаанбаатар паласын кон­цертын их танхимд “Хайрын бурхан” нэртэй төрсөн өд­рийн тоглолтоо хийсэн юм. Мэдээж ойрын үед уулзаа­гүй Сарааг харах гэж, хав­рын түрүүчээр нялхарч гэ­гэлз­сэн сэтгэлээ хуваалцах гэж  бид сайн дураараа л түүний зүг алхав. Бүх ажил, бүх асуудлаа тайлж хаячи­хаад догдлон гүйв. 

    Салахгүй юм шиг дасаад 
    Салаа замаар одоход чинь 
    Холхон явья гэсэн юм
    Холдож болдоггүй сэтгэл юм..
    .
    Сараа дуулсаар гарч ирэв. Зүгээр л үгийнх нь түрүүчээр аялгуу хөгжим нь сэтгэлд тань ургаад ирж бай­на уу. Тэгэлгүй дээ, тийм байхын аргагүй  дотно дуу шүү дээ. Одод түгсэн эрхэмсэг тайзны мандлаас поп хатагтай ийнхүү гэрэлтэн бууж ирэв. Танхил залуу насны танил дуунууд цээжин доторхыг юутай хээтэй нь булгилуулан  эгшиглэлээ. 

    Анир нугыг амилаасан бороо
    Асралт хорвоог цааш­луулан шиврэнэ
    Алсалсан цагийг айл­суулсан бороо
    Танхил насыг нааш­луулан шивэрнэ
    Хүслийн тэнгэрт хөл­лөх солонго хөтлөн
    Холын бүлээн бороо шавшаад
    Ижил ижлээ түшсэн хос тогоруу
    Ивлэх хуранд биесээ дуудахад.... Эргэн ирэхгүй учралын...Эгэл зургийг са­нагдуулна...


    Юу ч болоогүй байхад зүгээр л нулимс бүрхэж ирээд. Юу болов гэмээр мэл­тэлзэж ирээд жигтэй сонин үдшийг түүнтэй хамт эдлэв. 

    Амьдралд минь нэгэн цагт байсан хэн нэгэн, ал­дуурч холын тэртээ рүү од­сон гэрэлт нас, зовсон бас жаргасан зөндөө он жилүүд амилж ирээд болохгүй нь. Түүний дуунууд бидний амьд­рал юм шиг. Бидний өнгөрсөн дурсамж бүгдээрээ түүний дуу болон үлдсэн юм шиг урвалдан сүлэлдсэн, уруу татсан орой байлаа. Тэ­гээд энэ бүхнээ хэн нэгэнтэй уудлан яримаар. Тэгснээ юу ч яримааргүй болон нам гүмсмээр. 

    Түүний дуунууд ховстой. Тэр ховс зүгээр л мартчихсан явсан он жилүүдийг дуудан авчирч байх шиг.  Зүгээр л бодохоос эмээдэг алдааг минь нулимс болгон сануулж байх шиг. 

    Миний бодлоор тэр хам­гийн хайртай дуунуудаа энэ үдэш дуулах шиг болсон. “Уучил”, “Сэтгэлийн хөг”, “Хайрын бурхан”, “Хонгор найз”, “Супермен”, “Тэр на­майг дурсдаг болов уу” гээд захаас нь нэрлэхэд тийм биш гэж үү. 

    Алдаж онох амьдралын минь замд 
    Алгуурхан чи минь над­даа ирсэн
    Амтат хүслийн ариун  чандыг 
    Андгайлж чи минь надад хэлээгүй
    Шөнө дунд намайг цо­чоон сэрээсэн
    Эцэс төгсгөлгүй утасны минь дуу
    Ганцаардлын гашуун ну­лимсыг минь
    Ганцхан үгээрээ чи минь сэврээсэн
    Бүрхэг бүрэнхий үдэш би 
    Бүр мөсөн чамайг мар­тахыг хичээсэн
    Хоромхон зуурын жар­галыг эдлэвч 
    Хайрлан гомдоох чиний сэтгэл
    Зөвхөн дурласан, хани­лах тавилангүй
    Зөвхөн миний л хонгор минь.....” 


    “Хонгор найз” хэмээх энэ дуу бол ерээд оны эхээр биднийг байлдан дагуулж байсан дуунуудын нэг. Үг нь, аялгуу нь, дуучин нь бүгдээ­рээ л шинэхэн байсан цаг. 

    Сараа гайхалтай эрх чө­лөө­лөг дуулдгаараа ямагт ялгаатай байсан. Одоо ч тийм хэвээрээ. Тэр элдэв уламж­лалт юмсыг барьж авч  дуулдаггүй. Энэ үдэш Сараа хэтэрхий үзэсгэлэнтэй, хэ­тэр­хий өв тэгш, хэтэрхий гайхалтай хатагтай байж чад­лаа. Түүний зүрх сэтгэл зов­лон жаргалд дэвтэн жинхэнэ “болж” гүйцжээ. Одоо тэр яаж л бол яаж дуулж байна. Бү­тэн гурван цагийн турш тэр би­дэнд гургалдайн хоолой­гоо “гайхуулаад” ч ядар­сангүй.   

    “Хайрын бурхан” тог­лол­тын бас нэгэн сюрприз рок попын супер эрчүүд хүрэл­цэн ирж хүндэтгэл үзүүлсэн явдал байв. Анхны нөхөр Н.Ганхуягтай хамт дуулж байсан алдарт “Хавар” дуу­гаа Төрийн соёрхолт Д.Болд­той дуулсан нь үзэгчдийг дуу алдуулан шаагиулав. “Зүр­хэн хоёр алга”-аа хөгжмийн урлагийн нэгэн тод супер од Чинбаттай дуулж галзууруу­лав. “Хурдын” Цогоотой “Чи минь”- дуугаа ами­луулж уяраав. Мэдээж эдгээр эрчүүдийн магнайд түүний алтан партнёр МУГЖ Даш­дондог байж таараа. 

    Сайхан байлаа. Хуучин гудамжаараа алхах. Гоё байлаа. Гомдоож, гомдож, алдаж онож явсан залуу нас руугаа гүйж очоод эргэлээ. Гомдолтой байлаа. Буцаж ирэхгүй хурдлан одсон он жилүүдийг мэдрэх...

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан