ЗАЙСАНД ТООНОТОО ХЭМХЧИН ТЭМЦЭЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

    Монгол оронд хаа сайгүй газрын маргаан дэгджээ. Үнэндээ арай дэгсдүүлчих вий гэж болгоомжлох ч шаардлагагүй болтол улаан хэрүүл улс орныг маань хэрсэн байна. Хөдөөд Бөөнцагаан нуур, Байдрагийн голынхоо төлөө иргэд нь хоолой зангируулан тэмцэж байхад хотод Зайсангийн төлөө, туулын төлөө хорол тооноо хэмх дэвсэлцэн үзэлцэж байна. 


    Утас дуугаран цаана нь уйлаан майлаан болон нүдэлдэж, аврал эрсэн дуудлага сонинуудын редакци руу 102 , 103 т хандаж байгаа юм шиг л ирдэг болоод удаж байна. Сонин хэвлэл, телевиз радиогийнхонд хичнээн хандаад хэсэгхэн зуур дэмжиж байснаа гэнэт “Уучлаарай, дээрээс битгий нэвтрүүл гээд дарамтлаад байна” гэж нөгөө сэтгүүлчид нь цөхрөнгүй хариулдаг  болсон тухай иргэд ярьж байна. Ийм явдал мэдээж болж байгаа. Учир нь бид бүрэн хэмжээний хараат бус байдалд ажил үүргээ явуулж хараахан чадахгүй  байна. Гэхдээ бид шийдвэр гаргагчид биш гэдгийг зорьж ирэгсэд маань ойлгох ёстой. Энэ үгийг өрөөний минь үүдэнд хүлээж байдаг олон арван хүмүүст хичнээн удаа тайлбарлавч эд маань ирсээр л байдаг.  Явах зам нь мухардаж, хүргэх гэсэн дуу хоолой нь хүчин мөхөсдөж аргаа бараад сонины зүг алхаж байгаа гэдгийг нь мэдсээр байж муухай аашлан буцаах хэцүү. Ийм нэг хаа хаанаа зовлонтой амьдрал манай улсад нүүрлээд удлаа. Хэзээ хэрхэн яаж төгсөхийг хэлж мэдэхгүй юм даа.   

    Ахиад л шинэ иргэд, ахиад л шинэ тэмцэл ярьсаар орж ирж байна. Бас л газар усныхаа төлөө яваа гэнэ. Энэ удаа бүсгүйчүүд намайг зорьжээ. Тэд “Богд уулыг аврах уугуул иргэдийн холбоо” ТББ-ынхан гэнэ. Тэгэхээр ээлжит маргаан Зайсан толгойд өрнөсөн гэсэн үг.

    Эд Зайсан толгойн орчимд 1960 оноос хойш амьдарч буй уугуул иргэдийн төлөөлөл ажээ. Зайсангийнхаа туулай нь дэгдэж, тогорууд нь ганганаж байсан тансаг үеийг дурсан нулимс унагаж байна. Туулаа туналзаж, тул нь хөвж, нарс бургас нь найгаж байсан цагийн сайханд хөвөөд нь хөлбөрч, хөндийд нь хөгжиж өссөн болохоор энэ тэмцлийг хийх эрхтэй гэж өөрсдийгөө үзэж байгаагаа ч нуухгүй байна. Хэлэх үг алгаа. 

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсэр болох Зайсангийн аманд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан “Мантууш”, “Сөүле рэ-групп”, “Жигүүр гранд групп”, “БТТИ ХХК” зэрэг өдий төдий компани, хувь хүмүүс Богд хаан уулын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд нэвтрэн үйл ажиллагаа явуулж байгаа тухай нийслэлийн иргэд ерөнхийд нь дуулж мэдсэн байх.  Энэ тухай олон удаа хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж байсан гэдгийг ч санаж байгаа биз . Гэвч дур зорго нь дэндсэн тэдгээр компаниуд машин техникээ зоон тачигнуулсаар байгаад эзлээд авчихсан. Юун аялал жуулчлалын бүс. Өндөр өртөг, өндөр давхар хоёроор зодсон орон сууцны барилгууд л босоод байгаа. 

    Зүй нь бол дээрх компаниуд Монгол Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1, 12.6, 39 дүгээр зүйлийн 39.1, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, ойн тухай хууль, Усны тухай хуулийн бүхий л зүйл заалтуудыг ноцтойгоор зөрчин туйлж байгаа юм л даа. Тэдний дээр тэнгэрээс өөр юм байхгүй. Зөвшөөрөл сэлтийг нь хуулийн дээр гишгиж байгаад л авчихсан. Одоо юу ч хийсэн тэдний дур. 

    Эдгээр балмад баячуудын балгаар тэр орчны байгаль сүйдэж, голын голдирол өөрчлөгдөж , ундарга нь татарч, ус нь бохирдсон ч таслан зогсоох ажиллагааг хаанаас ч хийхгүй байгаа нь аймшигтай.  Зөвхөн Зайсанд өрнөж буй энэ тэмцлийн хөлд Зайсангийн амнаас эх аван урсдаг Зайсангийн гол тэр чигээрээ нэрвэгджээ. Энэ жижигхэн гол бол Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны эх үүсвэр болох Туул голд цутгадаг гол шүү дээ. 

    Бидэнд хандсан “Богд уулыг аврах уугуул иргэдийн холбоо”-ны иргэд Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэсгийн нутаг дэвсгэрт аж төрцгөөдөг юм байна. Тус хэсгийн нутаг дэвсгэрт дайрлаганд өртөөгүй 4,5- хан га газар үлдсэнийг иргэд нь өөрсдийн санаачлагаар моджуулахаар 1000 модны суулгац аван ажлаа эхлүүлжээ. Үлдсэн алга дарамхан газраа аварч үлдэх гэсэн тэдний зүтгэл гэвч талаар өнгөрөв. Суулгацаа өөрсдийн хөрөнгөөр худалдан авч, хоёр гэр барин ажлаа эхэлтэл “БТТ импекс ХХК”, “NRI ” ХХК компанийнхан хүч хэрэглэн дайрч хоёр гэрийг нь хэмхчин эвдэлж, нурааж, басамжлан доромжилжээ. Уг нь тэд Ерөнхийлөгчийн 63 дугаар тогтоолын дагуу мод тарих аянд хамрагдан урам зоригтойгоор ажлаа эхлүүлж. Гэвч мөнөөх луухгар том компаниуд шууд л “Молор”, “Pioneering” зэрэг хамгаалалтын албадыг оруулаад л, хулгар чихтэй бөх маягийн хар хослолтой эрчүүдээр хийж бсанаачилсан төслийг нь гэртэй юутай хээтэй нь хуу дэвсүүлчихээр  хүчин мөхөсдөөд хөөрхий бүсгүйчүүд  уйлсаар ирсэн нь энэ ажээ. 

    Хүчирхийлэл хүчирхийллийг л өдөөдөг. “Уугуул иргэдийн холбоо”-ныхон “Гал үндэстэн” холбооныхонтой нэгдэж ажиллахаар болсноо мэдэгдэж, “Одоо нэгийгээ үзнэ, яасан ч бууж өгөхгүй” хэмээн хатуухан хэлж байна.  Тоонотоо хэмх дэвсүүлж, худалдаж авсан 1000 суулгацаа үрэн таран хийлгэж, хатуу ширүүн авиртай эрчүүдийн гарт үрэгдэн уйлалдаж байхад нь Зайсангийн голынх нь хөвөөгөөр барилгын компаниудын оруулж ирсэн хөлсний ажилчид болох 200 гаруй хятад иргэн инээлдэн холхиж байгаа тухай тэд гомдоллон ярьж байна. Мэдээж эх орондоо ингэтлээ басамжлуулж байгаа хүмүүст энэ дүр төрх таагүй харагдах нь зүйн хэрэг. 

    Ийнхүү зайсанд газар усны төлөөх их тэмцэл өрнөх нь ээ.  Нум сум нуруундаа агссан “Гал үндэстэн”-нийхэн одоо тийшээ нүүнэ. Нэгдсэн юм чинь хамтран тэмцэнэ гэсэн үг. “Уугуул иргэдийн холбоо”-ыхныг ингэтэл нь огшоосон гол буруутнууд одоо хэрхэх бол оо. Хотод бүтээн байгуулалт өрнөж, иргэд тэрхүү үйлст таатайгаар хандан тал талас нь дэмжиж байгаа энэ торгон мөчид иймэрүү бослого тэмцэл уг нь хэрэггүй сэн.  Гэвч хэн нь хэзээ хутгасан нь тодорхойгүй будлианы үрээр Зайсангийн аманд иймдээ тулсан хэрэг явдал босч ирлээ. Бид бол зөвхөн иргэдийн байр суурийг дамжуулагчид. Тэдний үзэж буйгаар хэдэн жилийн өмнө Хан-Уулын засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Загджав нарын эрхмүүд үндсийг нь тавиад өөрсдөө бултсан бололтой. 


    Ийнхүү урд уулнаас намайг зорин бууж ирсэн тэмцэгчид  маань хамаг дотроо уудалж аваад өрөөнөөс минь гарлаа. Маргааш юу болох бол.Ахиад л хэрүүл тэмцэл, ахиад л хүчирхийлэл....Энэ бүхэн хэзээ дуусах юм бол доо?

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан