Лу.Гантөмөр: Мөрөөдөлгүйгээр амьдаръя.Илүү их прагматик болъё гэж яриад байгаа нь зүгээр л бид та нарыг дарангуйлъя гэсэнтэй адилхан сонсогддог

    “Ярилцъя” та бүхэнтэй шинэ зочин уулзуулж байна. Тэр бол УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр

    -Танай намын залуучууд ҮЗХ-гоо унтаж байна гэж шүүмжилж байна. Цэвэрхэн, сонирхолтой акц хийлээ гэж харсан. Харин намын толгой яаж хүлээж авч байх шиг байна вэ?

    -Толгой гэдгийг ямар ут­гаар хэлж байна вэ.

    -Ойлгомжтой юм биш үү. Тэгвэл удирдлагууд гээд залруулчихъя?

    -Бүү мэд. Намын дарга, генсек, хотын намын дарга гэ­сэн албан тушаалтай хүмүүс мэдээж байдаг. Сүүлд намаа сэрээе гэсэн уриатай нэг арга хэмжээ зохион байгуулагд­саныг  ярьж байх шиг байна. Тэ­рийг нь намын дарга нар яаж хүлээж авсныг бүү мэд. Мэдээж асуудал болгон л цаг үетэйгээ уялдаж гарч ирдэг. Тэр гарч ирэх  цаг үе нь болоод тэр залуучууд тодорхой алхам хийж үзэж байгаа байх. Залуучууд чинь бас хүлээж тэвчихгүй байна ш дээ. Тэд чинь энэ намаас их юм хардаг. Энэ намын үнэт зүйлийг амь­хандаа ойлгочихсон. Тэрийгээ хайрлаж хамгаалах үүднээс тэмцэж байна. Тэр залуу­чуу­дын хувьд бол нам нь унтаад  байна. Өөрийнхөө бодлогыг олон түмэнд таниулах ажлаа ч хийдэггүй, бодлогоо хэрэг­жүү­лэхийн төлөө явж байгаа дүр зураг нь нээлттэй биш. Гадаг­шаа харагдаж өгдөггүй. Энэ бүхнээс үүдэж залуучууд асуудлаа тавьж байна л гэж ми­ний хувьд хүлээж авч бай­гаа.

    Ер нь АН иймэрхүү амьд, гишүүдийнх нь үг олон түмэнд нээлттэй хүрч байх юм бол Монголын ард түмний  Ардчи­лалд итгэх итгэл нь алдрахгүй цаашаа явна шүү дээ. Ер нь бол намын дарга нарынхаа үгийг л хараад , намын дарга нар нь тэр дээрээ нам унтаад л байвал гишүүд нь дагаад л унтаад байдаг нам бол манайх биш шүү дээ. Тэгж чадахгүй учраас өөрсдийн байр сууриа илэрхийлж, тодорхой шахалт үзүүлж байна.  

    -Намын дотоод амьд­ралыг ил тод шүүмжил­сэн хүн шууд л намын дарга болох гээд байна гэсэн хардлагад өртөж, даргад горилогч гэх нэр хоч зүүчихдэг л дээ. Одоо­гийн байдлаар өө­рийг тань тэр хүмүүсийн нэгээр тодруулчихаад байна. Мэдээж олон сэт­гүүлч энэ тухай асууж байгаа байх?

    -Хоёр гурван сонин дээр энэ асуултад  хариулсан л даа. Надад бол үнэхээр тэгж хүсч байгаа юм алга. Мөрөөдөж байгаа ч юм алга. Намын дар­гын суудлын төлөөх тулаан руу өөрөө гүйгээд орчихъё ч гэж бодохгүй байна. Ер нь энэ нам өөрийн гэсэн өнгө төрх­тэй,энэ ард түмний итгэл найд­варыг тээсэн л улс төрийн хүчин байгаасай  гэж боддог. Тэр ч утгаараа асуудлыг яриад байгаа юм. Ярихгүй бол бас болохгүй байна шүү дээ. Дарга нарын өрөөнд орж зөндөө л хэллээ. Наад унтаа байдлаа болиоч ээ. Ядаж энэ ард түм­ний чинь эрх чөлөө хаана очоод  боогдчихоод байгааг ха­раач, яриач. Бизнесийнх нь эрх чөлөө байна уу, наана чинь. Байхгүй байгаа юм биш үү. Тэр тал дээр нь дугараач, хэлээч. Наад Засгийн газар дээрээ шийдвэр гаргаач  гээд зөндөө ярьж явлаа ш дээ. Дарга нар хөдлөхгүй байна. Тийм учраас олон нийтэд хандаж үгээ хэ­лэхээс өөр аргагүй байдал үүсч байгаа юм. Түү­нээс биш энэ цаг үед тодроод л, тэгээд  намын даргын сон­гуульд ороод л явъя гэсэн бодол бол надад байхгүй. Хү­мүү­сийн дунд бол харин  за­луучуу үеийнхний гарч ирэх цаг нь болчихсон юм биш үү гэсэн бодол, тэрийг тээсэн ярианууд бол байгаа. Тэр нь гэхдээ яриа төдий л хэлбэрээр байгаа. Түүнээс биш үүний төлөө  айхтар төлөвлөгөө зохиогоод, дотроо зүтгэж байгаа зүйл надад байхгүй. 

    -Тийм үү. З.Энхболд ги­шүүнтэй хамтарч тоглож байна гэж л өөрийг тань харж байлаа?

    -Үгүй. З. Энхболд гишүүн на­майг сониноор намын даргад нэрээ дэвшүүлж байна гэж хэлж байна лээ. Би өөрөөс нь асуусан. Ямар сонин дээр би тэгж хэлсэн юм бэ. Ямар сонин дээр би захиалга өгч ийм бод­лого явуулсан юм бэ. Та бас тодорхой юм хэлэх хэрэгтэй гэж. Миний хувьд бол З.Энх­болд гэдэг хүн АН-ын дарга хийж чадах уу гэдэг асуултыг өөртөө тавиад, чадна гэж сониноор хэлээд л яваад бай­гаа. З.Энхболд бол үнэхээр байж  болно. Энэ нийгэмд үгүй­лэгдэж байгаа зүйл бол шудар­га ёс. Гэвч тэр үгүйлэгдэж байгаа юмыг нь өгдөг, тэрийг хүсч мөрөөдөж байгаа иргэ­дийнхээ талд дуугардаг улс төрийн хүчин алга.  Иргэд  энэ авлигыг таслан зогсоох тийм улс төрийн хүчин, тийм удир­дагчийг үгүйлж байна. Удирдагч гэж хэлэхэд арай сүржин сон­согдох байх. Тийм лидерийг нийгэм хүсээд байна ш дээ. Тэр хүмүүсийн нэг бол  З.Энх­болд гишүүн мөн. Гэхдээ З.Энх­болдтой өрсөлдөхгүй гэсэн үг бас биш. З. Энхболдыг тугаа болгоод тахиад байгаа юм бас алга. Ямархуу хөтөл­бөр гаргах нь уу, цаашдаа ер нь ямархуу асуудлыг шийдэх гэж оролдох нь вэ. Ярих нэг өөр хэрэг. Хийх ажлын төлөв­лөгөө гэж нэг юм байдаг шүү дээ. Тэрийгээ гаргаж тавих байх. Намын гишүүдтэйгээ санал бодлоо хуваалцах байх. Түүнээс биш  бид нэг их  айх­тар хоршоод л, хөшигний цаа­на тохирчихоод  Н.Алтан­хуягийг унагахын төлөө яваад байгаа юм ерөөсөө байхгүй. Мань эр бол шулуухан хэлж байгаа. Би намын дарга болно гэж.  Миний хувьд бол тийм байр суурь илэрхийлээгүй. Манай Х.Тэмүүжин гишүүн л анх “Лу. Гантөмөр намын дарга болчихвол зүгээр юм даа”  гэсэн үг сонинд ярилцлага өгөхдөө хэлчихсэн.  Тэрнээс хойш л тэгвэл тэр Гантөмөр нь юм биш үү, Гантөмөр Тэмүү­жингээр яриулчихсан юм биш үү, Энхболдтой нийлээд бай­гаа юм биш үү гэсэн иймэрхүү хардлагууд  яваад эхэлсэн.

    -Улс төрд байдаг л хардлага?

     -Тийм ээ, байдаг  л хард­лага.

    -Танай ҮЗХ хуралдаад их хурлынхаа товыг тог­тоож чадах болов уу?

     -Эргэлзэж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  АН өөрийнхөө нэр төрийг золиос­лож байгаад хамтарсан Зас­гийн газарт орж, тодорхой асуудлууд шийдэхийг оролд­сон. Үүнийхээ хүчинд зари­мынх нь эрх зүйн орчинг шийд­чихсэн. Наад зах нь их бүтээн байгуулалтын төлөв­лөгөө­нүү­дийг манай сайд нар оруулж ирж батлууллаа шүү дээ. Үнэ­хээр том ажил. Одоо энэ том ажлыг дагасан том хүлээлт гарч ирээд байна. Энийг  хийчих юмсан гэсэн эрмэлзэл бас байгаа байхгүй юу. Алийн болгон бид намаа бодох вэ гээд шийдвэрээ гаргаад л хоёр жилийн өмнө давхиад орчих­сон. Хэдэн сайдын суудлын төлөө ч бас орсон юм биш шүү дээ. Яг үнэнээ хэлэхэд сайд болохгүй гэдгээ мэдэж байсан зөндөө олон гишүүд байгаа. Сайд болохыг тэмүүлж байсан нь ҮЗХ-ны маш бага хувь шүү дээ. Тав арваар хэмжигдэх л бага хувь нь.  Тэр хүмүүс бус­да­даа нөлөөллөө гэхэд 50 хувьд хүрэхгүй л байсан. Хамтарсан засагт оръё гэсэн хүмүүсийн дотор гол нь энэ эдийн засгийн ахиж өгөхгүй байдлыг  урагш нь явуулчих юмсан гэдэг зорилго л зонхил­сон. Үнэхээр энэ нэг данхай­гаад байгаа төрийг цомхон, хурдтай болгочих юм сан. Хүн болгоны яриад, хүсээд  байгаа зүйлийг энэ засгаар хийлгэчих юм сан гэсэн зорилгод л хөт­лөгдсөн. ҮЗХ-ны хурлын про­токолыг харвал байгаа. Би босч үг хэлсэн. Засгийн газарт байгаа эрх мэдлээс манай таван сайд бол хуваалцах юм байна аа. Энэ таван сайдын авч ирж байгаа эрх мэдлийн 50 хувийг ард түмэнд шилжүүлэх ажлыг таван сайдаараа хийл­гэе гэж. Тэгээд харамсалтай нь бол бас  манай таван сайд энэ ажлаа хийж өгөхгүй байна л даа. Засгийн газрын нэгдсэн байр суурь гэдэг юм их тээг болдог байх. Нөгөө талаар бас манай нөхдүүд нэг л иргэддээ итгэж өгөхгүй, иргэний байгууллага­даа итгэж өгөхгүй байх шиг. Төр гэдэг нэг айхтар том ма­шин дотор орчихоод гарч ирж чадахгүй л байна л даа. Гэхдээ улс орны өмнө тулгамдчихаад байсан тэр олон асуудлуудыг шийдэхийн төлөө явсан. То­дорхой даваагаа ч давчихсан. Дахиад цаана нь хамгийн том хүлээгдэж байгаа юм бүтээн байгуулалт. Энэ  юмыг  хий­чихвэл ядаж 20 мянган хүн, 30 мянган хүн ажилтай болчихдог юм болов уу. Дор хаяж бид энэ гадагшаа гаргаад байгаа түү­хий нүүрсээ дотооддоо бо­ловс­руулчих юм биш биз дээ. Тэгвэл эдийн засаг маань өөрийн хөдөлгөгч хүчтэй бол­чих юм биш биз дээ. Сайншан­дын тэр цогцолбор байгуулагд­чихвал төмрөө бид өнөөдрийн шороогоор ачиж байгаагаа халж, маргааш гулдмай бол­гоод гаргачих боломж байгаа юм биш биз дээ гэж ингэж итгэж найдан харж байгаа гишүүд олон байна. Тийм учраас би ҮЗХ-ны хурлаар айхтар бужиг­наад намын их хурлыг хурал­дуулчих болов уу гэж харахгүй  байна л даа. 

    -Тэгвэл хуралдаж яах юм?

    -Гэхдээ энэ ҮЗХ-ны хурал  Засгийн газарт ташуур өгсөн, АН-ын даргад ташуур өгсөн ийм хурал бол болж чадна гэдэгт итгэлтэй байна. Магад­гүй ҮЗХ эрүүл саруул байх юм бол тодорхой хугацаа ч өгч мэднэ. Төмөр замаа гур­ван сарын дотор барьж эх­лүүл.  Сайншандаа бол дөрвөн сарын дотор эхлүүл. Та нар яг таг хугацаатай бай л даа. Бид угаасаа л дөрвөн жилийн хуга­цаа­тай сонгуульд ордог.  Дөр­вөн жилийн хугацаанд л эрх мэдэл авч байгаа ш дээ. Дөчин жилийн яриа бол энд байхгүй. Дөчин жилийн суурь тавьж байгаа тухай ярих нэг өөр. Дөр­вөн жилийн дотор амжуулах ажил бол бас тусдаа. Эрх мэдлийг иргэдэд нь өгөх барих, орон нутаг руу эрх мэдэл шилжүүлэх энэ тэр ажлуудыг бол мэдээж энийг сонирхдог их хурлын гишүүд, сонирхдог намын гишүүд гэж бас байна. Тэр хэсэг нь бол тэмцлээ үр­гэлжлүүлнэ. Тэр хэсэг бол өөр өөрийнхөө арга чаргыг хэрэг­лээд  ямар ч байсан их хурлаар тодорхой тогтоол шийд­вэрүүд гаргуулахын төлөө явах болов уу. ҮЗХ дээр ч үндсэн гол хү­лээлт  бол энэ их бүтээн бай­гуулалт дээр л тулгуурлаж хан­дах  болов уу гэж бодож байгаа. Тийм учраас надад их хурлаа зарлачих юм байна, тэрүү­гээрээ бужигнаан хийчих юм байна гэсэн бодол алга. Гэхдээ их хурал хуралдуулах асуудал бол өөрөө зогсохгүй л дээ. Нэг эхэлчихээрээ хуралдаж байж л салдаг шүү дээ. Аль ч нам. Тэрийг нэг их амархан ч бас зогсоочихгүй болов уу. Үнэ­хээр энэ бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдээ хэлэлцүүлээд, тэндээсээ  20-30 мянган хүнээ ажилтай болгоод, Монголд амьдрал буцалж эхэлбэл заа­вал Засгийн газраас гаръя ч гэдэг юм уу, эсвэл заавал намын даргыг сольё гээд муй­харлаад байх юм бас байхгүй шүү дээ. Үнэндээ юу ч хийг­дэхгүй байгаа болохоор л энэ хүмүүс чинь шаардаж байгаа байхгүй юу.  Нэг хэдэн хууль баталдаг, нэг хэдэн цаас батал­даг. Тэгээд тэр цаас нь ч хар­далт гэдэг айхтар юмнаасаа гарч ирж чаддаггүй. Жишээ нь, манай Баттулгаар төмөр замыг нь бариулчих юм бол Бат­тулгын нэр хүнд өсчихнө ч гэдэг юмуу. Эсвэл АН-ын нэр хүнд өсчихнө ч гэдэг юм уу. Баттулга эсвэл хулгай хийчих­нэ ч гэдэг юм уу хандлагаар нөгөө талдаа хардаг байвал энэ улс явахгүй. Ийм нэг тийм со­нин байдал нь өөрөө ажлуудын гацаа болоод байгаа байхүй юу. 

    -Улс төрийн голлох хүч­нүүд дотор үе солигдох ойлголтын тухай хөн­дөгд­дөг болж. Энэ тухай танд ямар бодол байдаг вэ. Танай намд жишээ нь за­луу үеэ өлгийдөж аваач ээ гэсэн яриа хөө­рөө их гарч байгаа ?

    -Манай намд залуу үе нь нүүрэн талдаа гарч ирэх тун дөхөж байгаа. Энэ бол Гантө­мөр, Тэмүүжин гэсэн хэдэн хүмүүс дуртайдаа хийх ч ажил биш. Энэ бол нийгмийн хүлээлт  юм шиг  л надад харагдаж байгаа. Өчнөөн олон сонгуульд ороод уначихсан хүмүүсээ дахин дэвшүүлээд байгаад л манай намын алдаа байгаа юм. Ер нь сонгуульд ороод хоёр унах юм бол тэр хүнийг дахиж сонгууль руу дэвшүүлдгээ манай нам болих хэрэгтэй. Сонгуульд ялж чаддаг хүн гэж байна ш дээ. Бүх юмаа зориул­даг хүн гэж байна. Тийм үү. Тэгж бүх юмаа  зориулдаг, ялж чаддаг хүмүүсээ дэвшүүлэх юм бол манайхаас шинэ үеийн төлөөллүүд гараад ирэх бо­ломж­той. Нэг талаасаа тэгж харагдаж байгаа юм. Нөгөө талаасаа бол  бүтцийн байгуул­лагаар нь дамжаад яг намын тэргүүн фронт руу ороод ирэ­хэд аягүй хүндрэлтэй ш дээ. Тэр хүндрэлийг бид яаж на­мын­хаа дүрмээр засч залруу­лах вэ. Яаж намаа нээлттэй болгох вэ. Үнэхээр өрсөлдөөнд ороход эрч хүч гэдэг юм бол дийлнэ шүү дээ. Бүтцийн бай­гуул­лагуудаа эргээд харахад үнэхээр доошоогоо иргэд рүү­гээ  ажилладаггүй, нам руугаа ч хүн оруулж ирдэггүй. Хэсэг бүлэг хүмүүс өмчлөөд авчих­сан. Иймэрхүү нам бол зөндөө байна ш дээ. 21 аймаг, есөн дүүргийн намыг авч үзэхэд  бараг 50 хувь нь бол 10 жил орчим нэг даргаар удир­дуул­чихсан, тэр нь солигддоггүй л байдалтай байгаа. Тэр даргад таалагдахгүй хүн бол ИТХ-д ч нэр дэвшиж чаддаггүй.  УИХ-д дэвшиж чаддаггүй.

    Ийм нөхцөл байдал байгаа уч­раас л манай залуучууд бухимдаад бай­гаа юм.  Нөгөө талаасаа яг улс тө­рийн хүчний дотоод шинэчлэл, залуу үеийг гаргаж ирэх ажил бол сонгуульд ялсан эсэхээс бас их шалтгаалдаг юм байна. Сонгуульд ялагдаад байгаа намууд бол өөрчлөгдөхгүй байна. ИЗН-ыг хар, ҮШН-ыг хар. Эх орон нам ч гэсэн, Жагаагийн нам байна. Дарга нь ч солигддоггүй, бүрэлдэхүүн нь ч өөрчлөгддөггүй. Манай намаас ч тэр л дүр зураг илрээд байгаа юм л даа. Хэрвээ нэг хоёр ялчих юм бол аяндаа өөрчлөгдөнө. Хүний ид эрч хүчээрээ, бүх хүчээрээ ажил хийдэг цаг хугацаа гэдэг өөрөө хязгаарлагдмал юм бай­на ш дээ. Жишээ нь, яагаад  Ерөнхий­лөгчийг найман жилээс илүү хугацаа­гаар ажиллуулдаггүй юм бэ. Яагаад УИХ дөрвөн жилийн хугацаатай байдаг юм бэ. Бүгдийг нь бодож л хийсэн байгаа биз дээ. Ер нь хүн бүх хүчээ шавхаад ажиллахад  найман жилийн л потенциал байна.  

    -Манай дарга нар насаараа л залрах юм байна шүү дээ. Яамаар ч юм?

    -Өнөөдрийн манай дарга нарын 20, 30 жил суугаад байгаа үндсэн шалт­гаан нь амралт, наргиан цэнгээн, зугаалгаа их байлгаад, ажлаа бага байлгаад байдаг нь. Америкт ч гэсэн ид ажиллах хугацаа дээд тал нь 10 жил. Хүн чинь бас өөрийгөө боддог юм байна ш дээ. Эх орныхоо төлөө зүт­гэж, намын төлөө зүтгэж, өөрийн­хөө хүсэл мөрөөдлийг ажил хэрэг бол­гохын төлөө амьдрахын хажуу­гаар хувийнх нь амьдрал гэж зүйл хүнд байдаг. Гэр бүл үр хүүхэддээ амьд­ралынхаа нэг хэсгийг зориул­маар байдаг, өөрөө бас нэг амар­маар байдаг, зугаалмаар байдаг. Тэр харьцаа гэдэг юм бол ялчихсан нам дээр харагдаад байдаг. Ажилд очдог, хийдэг, өөрийнхөө хийе гэснээ хийж чаддаг, чадахгүй гэснээ орхигдуул­даг. Тийм учраас тэнд  өөрчлөлт бол их хурдтай явагдаж байна. Бас нэг зүйл бол олон жилийн настай нам гэдэг утгаараа МАХН-д өөрийн гэсэн нэг дотоод соёл байна ш дээ. Залуу үеэ өөрийнхөө гараар хүмүүжүүлдэг, сургадаг, сургуульд явуулдаг. Тэгээд тэд нь гарч ирээд яг өөрийнх нь бод­логыг ягштал мөрддөг тиймээ. Урд нь бол бид МАХН-ын  зөндөө олон хур­лыг харж л байсан. Яг тэр хурлынхаа л уур амьсгалыг  шинэ үедээ заагаад өгчихсөн. Тэд нар нь яг л  давтаж байгаа байхгүй юу. Гэтэл би хэзээ ч Н.Алтанхуягийг дууриахгүй. Тэмүү­жин  хэзээ ч М.Энхсайханыг дууриах­гүй л байхгүй  юу. Яагаад гэхээр тэд  бидэнд юу ч заагаагүй. Юу ч сургаа­гүй. Батзандан жишээ нь хэзээ ч Элбэгдорж гэдэг хүнийг дууриахгүй л байхгүй юу. Яг л өөрийнхөөрөө явна. Нэг тийм ялгаа намын үйл ажилла­гаан дээр харагддаг юм. 

    -Ху нам бол өдий төдий үе ша­таар бойжуулдаг системтэй л дээ?

    -За, чи дараагийн үедээ энэ бүх­нийг заах  ёстой шүү гээд яг ид улс төр рүү орж байхад нь ойлгуулчихдаг. Чи дараа үеэ бэлтгэх ёстой. Бэлтгэгд­сэн үе чинь харин чиний хүсч мөрөө­дөж байгаа, чиний хийж байгаа юмыг үргэлжлүүлэх ёстой гэж. Манайд бол тийм дасгалжуулалт байхгүй. Жишээ нь, 2008 оны сонгуульд АН-ын нэр дэвшигчдийн 60 хувь шинэчлэгдээд л орсон бол ялах байсан. Тэгж ча­даагүй. 10-20 хувь нь л шинэчлэгддэг. Нөгөө л 2004 онд, 2000 оны сонгуульд ялагдсан хүмүүс тэр чигээрээ дэв­шээд  явж байдаг. Ард түмэн санал өгөхгүй байна шүү дээ. Тэрийг дарга нар маань олж хардаггүй. Өөрсдөд нь олон жил хамт явчихсан хүмүүс нь л таалагддаг. Тэр бол мэдээжийн асуу­дал л даа. Тантай ч гэсэн олон жил хамт явчихсан сэтгүүлч л таалагдана уу гэхээс биш, цоо шинэ гарч ирээд цор цор гээд байгаа хүүхдүүд тэр болгон таалагдахгүй. Ийм юм яваад байгаа юм. Тэгэхээр энэ хугацаа чинь 20 жил явлаа. Тийм учраас улс тө­рийн энэ зах зээл дээр 20 жилээс илүү удаан хугацаанд хадгалагдана гэдэг бол байж болохгүй зүйл. Хэрвээ хад­галагдах юм бол дандаа ялагдаж л хадгалагдана. Энэ нам ялаасай. Энэ ардчиллын үнэт зүйлийг, монголчуу­дын олон жил хүсэн хүлээсэн юмыг нь ажил хэрэг болгох юм сан гэж ма­най дарга нар хүсэх юм бол  шинэ за­луу үеэ гаргаж ирж  л тэр том сон­гуульд нь өрсөлдүүлэх хэрэгтэй. Тэгж ойлгож, ухамсарлаж чадаж байна уу үгүй юү. Бидний хувьд ч гэсэн цаг нь ирэхээр бодно. Би бол одоо гурван сонгуульд орлоо. Удахаараа бас ха­маагүй ахмад хүн болчихоод байна ш дээ. (инээв) Энэ залуу үеэ өөртэй­гөө хамтдаа аваад алхах хүсэл мө­рөөдөлдөө хөтлөгдөөд “Нэг Ардчи­лал” клуб гэдгийг байгуулаад явж байна.  Тэрийгээ аль болох нээлттэй байлгаж, энэ намд зүтгэе, ажиллая, энэ нийгмээ гоё болгочихъё гэж бай­гаа залуучуудыг бүгдийг нь татахыг л зорьж байна. 

    -Танай өрсөлдөгч намын их хурал боллоо. Харж байхад бол хамгийн жигшмээр технологиор л явчихлаа л даа.  Ер нь бол манай­хан хүн солих тухай л яриад бай­даг. Улс төр хийдэг технологийг нь өөрч­лөх, шинэчлэх хэрэгтэй шүү дээ. Танайх ч гэсэн  “Алтан гадас” гэ­дэг нэг фракц гарч ирээд л ҮЗХ-г нь хайр­цаглаж байгаад л хүс­сэнээ хийчихдэг?

    -Тийм. Ер нь бол хүн төрөлхтний хөгжил монголчуудаас 100 жилийн урд байна ш дээ. 100 жилийг бол бид мэдээж 100 жилээр нь хүлээх шаард­лагагүй. Орчин үеийн технологуудыг шууд аваад аваад л явах хэрэгтэй. Өөрийн чинь хэлдэг тэр улс төрийн тех­нологийг хүртэл. Дэлхийн техно­логиуд бол шинэчлэгдээд, боловс­рон­гуй болоод, илүү ард түмэнд нь ойл­гомжтой, тэднийх нь хүсэл зорил­год нийцсэн арга барилаар шинэч­лэгдэн урагшилж байна.  Манайх тэрийг аваад л ашигламаар байгаа юм. Манайх чи намын гишүүн шүү гээд л элсүүлчихдэг. Тэгээд тэр на­мын гишүүнтэйгээ харьцдаггүй. Аль ч нам нь тэгдэг байх. Үүрийн хурал хийдэг. Тэрэн дээр нь тухайн үүрт жи­шээ нь 100 гишүүн байлаа гэхэд тэрний 10 нь л ирдэг. Үлдсэн 90 бол оролцдоггүй. Яагаад гэвэл нэг хоёр удаа оролцоод  хэлсэн үг нь шийдвэр болж ерөөсөө гарч ирдэггүй. Дарга нар нь дээрээ шийдчихсэн байдаг . Сая Америкт БНН ялалт байгууллаа. Ялалт байгуулахдаа хэрэглэсэн тех­нологи нь бол ерөөсөө иргэдийг л оролцуулъя. Тэр иргэдийн оролцоог шийдвэр болгоё гэдэг зүйл байсан. Жишээ нь, 100 хүнд цай өгөөд, уул­залт зохион байгууллаа гэж бодъё. Тэр 100 хүнтэйгээ БНН-ынхаа үйл хэр­гийн алдааг л яриад байгаа байх­гүй юу. Амжилт бол ярихгүй. Амжилт тэртэй тэргүй дарга нарын ярьдаг ажил. Алдаа нь юу байна вэ. Яаж засах вэ гэсэн сэдвээр л яриад байна шүү дээ. Тэр нь үнэхээр амжилттай явагдсаар байгаад, тэр алдааг засах шийдлээ нам сонгуульд орохдоо тавьж байгаа байхгүй юу. Тэр тавьсан санаачилга нь болохоор яг тойроод суусан Америкчуудын, тэр намыг дэм­жигч нарын санаа бодлыг тусга­сан асуудлыг гаргаж тавиад тэд ялалт байгуулчихлаа. Бид яг махчилж дуурайх гэхээсээ илүү намаа илүү нээлттэй, илүү олон хүний оролцоо­той болгохын тулд “Иргэнд суурилсан хөгжлийн хэлэлцүүлэг” гээд хийж байна л даа. Хийхийг оролдож байна. Энэ хэлэлцүүлэгтээ ядаж Улаанбаа­тар хотын нийт сонгогчдын 10 хувь , намын гишүүдийнхээ 40-50 хувийг оруулчих юм сан. Хөдөө орон нутагт байгаа намын гишүүдийнхээ 20-30 хувийг ч гэсэн энэнд оруулчих юм сан гээд зүтгээд байна л даа. Таны онц­лоод байгаа тэр ҮЗХ-ны гишүүдийг өөрсдийг нь хөтөлж явж  оролцуулж байна. Өчигдрийн хэлэлцүүлэгт жи­шээ нь, ҮЗХ-ны 60 гаруй гишүүн оролц­лоо. Тэр ҮЗХ-ны 60 гишүүн тэр 60 мянган хүний санал бодлыг тус­гасан баримт бичгийг шийдвэр бол­гохын төлөө яваад, намынхаа шийд­вэр болгоод  гаргаж чадах л юм бол иргэдийн дуу хоолойг төрийн шийд­вэр болгодог процессыг бид амьдаар бий болголоо гэсэн үг. Тэгээд энэ аж­лыг хийх гээд зүтгэж л байна. Тур­шиж үзэж байна. Дарга нар юм ший­дэн­гүүтээ доошоогоо бялуу хуваадаг, албан тушаал хуваадаг маягийн тэр арга барил бол удаан явахгүй л дээ. Мэдээж тэр хувьсгалт намын хурлыг харж байгаа монголчууд бүгдээрээ тэнэг хүмүүс биш шүү дээ. Аягүй тийм боловсрол өндөртэй ард түмэн шүү. Бүгд ном зохиол уншдаг. Ядаж бичиг үсэг тайлагдчихсан. Бараг 20-30 хувь нь гадаад дотоод яваад амьдраад үз­чихсэн ийм ард түмэн байгаа байхгүй.  

    -ҮЗХ-ны хурал хуралдах тухай чимээтэй давхцаад л хуучны нэг үг сонсогдоод унадаг.  Нөгөө “Гар­ман дээр морио солихгүй” гэдэг нэг үг. Үнэхээр улс төрийн онолд ийм ойлголт байна уу?

    -Ер нь намын даргын сонгуулийг авч үзэхээр л бужигнаан үүслээ  гэдэг нэг пиарыг манай нам руу хувьсгалт нам хийсээр байгаад айдас хүйдэст автуулчихсан юм. Энэ бол хувьсгалт намын манай нам руу олон жилийн турш хийж ирсэн пиарын л үр дүн. Одоо бид өөрсдөө эргээд нөгөө пиарт нь автаад айдаг болчихсон сууж бай­на. Түүнээс хүн солих, дарга солих бол ерөөсөө чухал асуудал биш. Энэ бол хэзээ ч чухал байгаагүй. Ардчил­сан ямар ч улс оронд намууд нь дот­роо мэтгэлцэж л байдаг, дотроо мар­галдаж л байдаг, нэг байсан даргаа өөрөөр сольж л байдаг. Байнгын явж л байдаг үзэгдэл. Энэ нам бужигнаан­тай учраас санал өгөхгүй гэдэг ойл­голт байдаггүй. Нэг их айхтар тогт­вортой байдал яриад л. Хувьсгалт намын тэр тогтвортой гэдэг пиарт нь манайхан одоо өөрсдөө хөтлөгдөөд л явж байдаг болж. 

    -Намын дүрэмд заалтууд бай­гаа биз дээ?

    -Хариуцлага тооцох асуудлаа бид намын дүрмэндээ хийчихсэн байдаг. Тэгэхээр улс төрийн амьдрал бол өөрөө  дүрмээр хязгаарлагддаггүй ш дээ. Улс төрийн шийдэл өөрөө хуу­лийн орчноос хүртэл давдаг тохиол­дол байдаг. Одоо стандарт бус Зас­гийн газар гэдэг чинь ерөөсөө Монгол улсын бүх л хуулийг даваад л бай­гуулагдчихсан зүйл биз дээ. Монгол улсад ямар ч дүрэм журам байхгүй болчихоод байгаа байхгүй юу. Дүрэм журамгүй болчихоод намынхаа тэр нэг  дүрмийн хэсгийг сугалж аваад л яриад байгаа улстөрчид бол зүгээр л өөрсөддөө тааруулсан жүжиг тоглож байгаа юм. Алтанхуяг дарга муу ажиллах юм бол тэр хүнийг шүүмжлэх шүүмжэл ерөөсөө арилахгүй. Тэр хүнийг шүүмжлэхээ больчихоор тэр намд ард түмэн итгэхээ больчихно ш дээ. Хэнд нь итгэх юм бэ. Тэр хүний шүүмжлэл гэдэг чинь ганцхан Ган­тө­мөрөөс урган гараад байгаа шүүмж­лэл биш байхгүй юу. Энэ нийгмийн нэг хэсэг, энэ ард түмний л нэг хэсгээс гарч байгаа шүүмжлэл шүү дээ. Би тэр намын гишүүдээс урган гарч бай­гаа шүүмжлэлийг ярьж байгаа боло­хоос биш Гантөмөр ч юмуу, Ганчимэг ч юмуу хэн нэг нь бодож олоод л, за ёстой миний дургүйг хүргэж байна. Бичээд өгье гээд байгаа юм биш биз дээ. Аргаа бараад л ярьж байгаа. Намын даргаа ороод шүүмжилдэггүй намын гишүүн гэж байхгүй. Хэлдэг, зөн­дөө олон удаа хэлсэн. Тэгээд ч хэл­сэн ярьсан юм нь ерөөсөө бүтэл­тэй болж өгөхгүй болохоор нийгэм рүү ханддаг. Нийгэм рүү хандаад нө­гөө хүн нь алдаагаа засахгүй боло­хоор за тэгвэл даргын асуудлыг яръя даа гэдэг шатлал руу орж байгаа байх. Энэ чинь өөрөө дэс дараалал­тай явагддаг зүйл. Даргын асуудал дээр хүрээд ирэхээр л үгүй энэ нам бужигнаж болохгүй юм аа. Бужигнах л юм бол нэр хүнд нь уначихна гэдэг. Улс төрийн амьдрал ярьдаг хүмүүс хүртэл тэр пиарт нь бүрэн автчихсан байгаа байхгүй юу. Бүрэн тархиа угаалгачихсан. АН л хөдөлгөөнгүй суугаад байх юм бол нэр хүнд нь сайн юм байна. Хөдөлчих л юм бол болох­гүй гээд. Энэ худлаа юманд итгэж суугаад сонгуульд ялагдана гэдэг харамсалтай. Даргыг сонгуулиас нэг хоногийн өмнө ч сольж болно. Харин гарч ирж байгаа дараагийн лидерийн программ нь тодорхой байх хэрэгтэй, ялгаа нь тодорхой байх хэрэгтэй. Урд нь бид дарга нарыг сольж байсан. Гэвч дарга нарын хооронд ерөөсөө ялгаа харагддаггүй, юугаараа ялгарч солигдоод байгаа нь мэдэгддэггүй. Зүгээр хүн солихын төлөө сольдог тийм зүйл бол манай нам дээр ч өөр газар ч бай ажиглагддаг. Тэр зүйлийг л арилгаж тодорхой болгож байж  явна л даа. Энэ нь тодорхой болоогүй тохиолдолд бас  явахгүй. 

    -Танд өөрийн баг гэж байна уу. Ганцаараа хүн л харагддаг ш дээ?  

    -Баг гэж нэг их айхтар юм алга аа. Баг­тай болох гээд л зөндөө олон залуу­чуудтай нийлээд үзээд л байна. (инээв) Асуудлыг ганцаараа бодоод л, ганцаараа шийдвэр гаргах гээд гүйдэггүй ш дээ. Хүмүүстэй уулзана, ярилцана санаа бодлыг нь сонсоно. Түүнээс миний бодож олсон зүйл болгон үнэн зөв байна гэж байхгүй ш дээ. Аль болохоор л хүмүүсийн дунд тодорхой хүрээнд хэлэлцүүлгийг нь явуулж байж л асуудал тавихыг оролддог. Тэр явуулж байгаа хэсгээ би баг бишээ гээд хэлчих юм бол бас гомдох байх л даа. Баг болоод нэг их айхтар нарийн зохион байгуулалтанд орсон ч хүмүүс алга. Гэхдээ манай “Нэг ардчилал” клуб бол үндсэндээ хожим энэ намын цөм болж чадна. Энэ хүмүүс бол ирээдүйд нэг айхтар фракц болохгүй болов уу гэж би най­даж байгаа. Хуваагдахгүй болов уу. Юуны төлөө явж байгаа вэ гэдгээ мэ­дэж байгаа учраас явж байгаа зүйлээ биелүүлэхийн төлөө  цул байж чадах байх л гэж гордож байгаа.  

    -Залуучуудын улс төрд орж ирсэн жим өмнөх үеийн аль нэг лидерийг дагасан л зам мөр бай­даг. Таны тэр жим хэнээс хамаа­ралтай бол оо?

    -1999 онд сургуулиа төгсөөд 2000 сонуульд нэр дэвшинэ гэсэн зорилго­той л эх орондоо ирж байсан. Тэр үед на­дад улстөрчдөөс бараг таних хүн байхгүй байсан. Тэгээд би Да.Ган­болд даргатай уулзсан л даа. Би японд сургууль соёлоо төгсөөд, ин­гээд монголоо зориод ирлээ. Надад улстөрч болох хүсэл эрмэлзэл байна. Тийм учраас энэ дээр туслаарай гэж. 

    -Хашир юу гэж байх юм?

    -Хоёр гурван удаа уулзаад ярьж суусан. Улс орны амьдралыг ерөн­хийд нь дүгнэж зөндөө олон зүйл л ярьж байсан. Тэрэн дотроо нэг л юм хэлсэн. Чи амьдарч байгаа газраасаа сонгогдоод манай намын бага хурлын гишүүн болоод хүрээд ир. Тэгэх юм бол би чамайг дэмжихэд бэлэн байна гэж. Тэгээд би дүүргийн нам дээр очсон. Дүүргийн намын дарга их сайн хүн байсан л даа. Одоо талийгаач бол­чихсон Даваасүрэн гэж хүн. Тэ­гээд 1999 оны улс төрийн амьдрал ямар байсныг өөрөө сайн  мэдэж байгаа байх. Манай нам задарчихсан. Олон хэсэг хуваагдчихсан. Тэгээд л МҮАН- дээр очиж байсан даа. Хажууд нь  АН гээд байгуулагдчихсан. ИЗН гээд байгуулагдчихсан. Боловсон хүчний нөөцийн хувьд төдийлөн сайн байгаагүй юм болов уу. Нөгөө талаас тэр дүүргийн намын дарга надад их итгэл хүлээлгэсэн л дээ. Тэгээд залуу­чуудын байгууллагын удирдлагадаа оруулаад явсан. Тэгээд хэсэг хуга­цаанд явсны дараа 1999 оны сүүлээр МҮАН-ын бага чуулганы гишүүнээр дүүргийн намын хороо хуралдаж намайг сонгож оруулж байсан. Тэгээд бага чуулганы хуралдаан дээр очоод Да.Ганболд даргатай уулзсан. За, би ингээд сонгогдоод ороод ирлээ. Одоо би сонгуульдаа яаж бэлтгэх вэ гээд очиж байгаа юм. Гэх мэтчилэн арга замаа заалгаж, зөвлөгөө авч байсан хүн бол Да.Ганболд дарга. Миний бахархдаг нэг зүйл бол Да.Ганболд дарга надад би чамд тусалсан учраас чи улс төрийн ийм шийдвэр гаргахад ингэж оролц, тэгж оролц гэж нэг ч удаа тулгаж үзээгүй. Би асуудаг зүйл байдаг. Жишээ нь, 2004 оны сон­гуульд ялсныхаа дараа за, одоо яах ёстой юм бэ. Сонгуульд ялаад ирлээ гэсэн. Яахав, чи өөрийнхөөрөө л энэ улс төрд оролц. Наад амьдрал чинь бол өөрийн толгойтой хүн л амь­дар­даг орчин. Тийм учраас өөрийн тол­гой­той л бай. Үнэхээр тулсан асуудал гарвал надтай зөвлөөрэй л гэсэн. Тэгээд л дөрөв таван сар болоод нэг уулздаг. Нэг их айхтар багшилдаг хүн байдаг даа. Дарга болох дуртай. Зааж зааварлах дуртай. Тийм биш, үнэхээр ноён нуруутай сайхан улстөрчийн хажууд нь байж улс төрд орсондоо баярладаг ш дээ. Тийм ч учраас да­гуул­даг дарга нь удирдаж сүйд болох­гүй болохоор ганцаараа харагддаг байх л даа.(инээв)

    -Да.Ганболд даргыг яагаад сонгож очсон юм бэ. Танай нам олон лидерүүдтэй биз дээ?

    -Манай нэг найз энэ Да.Ганболд гэ­дэг хүн их зөв, сайн хүн байгаа юмаа гэдэг байсан. Тэгээд бас японд явж байхад нь өмнө нь танилцаж байсан л даа. Ирээд сонин хэвлэл уншина. Улстөрчдийн амьдрал, ер нь ямархуу бодол санаатай хүмүүс байдгийг тэндээс мэдэрч харна л даа. Хамгийн гол зүйл бол үнэхээр энэ зах зээлийн эдийн засгийн харилцааг монголд бэхжүүлэх нь чухал юм аа л гэж  би зорьсон байхгүй юу. Зах зээ­лийн эдийн засгийн харилцаа ерөө­сөө тогтож өгөхгүй, төрийнх нь орол­цоо асар их байсан. Харамсалтай нь миний энэ улс төрд орсноос хойш улам л ихэсээд байна л даа. Тухайн үед тэрийг ойлгодог, ярьдаг, хэлдэг хүн нь бол Да. Ганболд, М.Энхсайхан, П.Цагаан гэсэн цөөхөн хүн надад ха­раг­даж байсан. Ихэнх нь төрийн орол­цоог байлгана. Бүр ч  түлхүү байл­гана. Бид зохицуулалт хийж өгнө гэж л ярьдаг.  

    -Зарим хүний насаараа мацаад хүрч чаддаггүй оргилд та ирсэн. Парламентын гишүүн болно гэдэг бол том амжилт. Зарим хүн насаараа сонгуульд ороод, насаа­раа унаад л явж байдаг. Таны ам­жилт бол богино хугацаанд гарга­сан амжилт. Улс төрд ийм богино хугацаанд амжилт олоход мөнгө хэрэгтэй. Гэхдээ би хэтэвч ухсан асуулт тавьж байгаа юм биш шүү. Хэн нэгнээс эдийн засгийн хараат биш амьдрах бололцоогоо та яаж бүрдүүлсэн юм бэ?

    -1996 оноос компани байгуулаад оюутан байхдаа бизнес хийж эхэлсэн л дээ. Мэдээж аав ээжээс өвлөж ав­сан хөрөнгө гэж бидний үеийнхэнд байх биш. Японы Нигата мужид орос руу машин зардаг том зах байдаг юм. Тэр зах дээр япон найзтайгаа талбай аваад. Тэгээд тэр рүүгээ энд тэнд бай­даг хямдхан машинуудыг аваа­чиж тавиад оросуудад зарж эхэлсэн. Тэрний хажуугаар Монголд Тoyoto HILUX, Land Cruiser гэсэн энэ маши­нуу­дын худалдааг анх би хийж бай­сан. Үнээ өөрөө зохиож байсан. Ми­ний тавьсан үнээр л манай энэ том биз­несүүд авдаг байлаа. Монголчуу­дын хувьд бол тодорхой зах зээлийг барих гэдэг  бол аягүй хэцүү. Хүн бол­гон нэг юм харчихвал тэр рүү хошуур­чихдаг. Тийм учраас миний зохио­гоод, санаачлаад явсан бизнес унаж бо­соод янз бүр л болсон. Гэхдээ л тэр үед хийж байсан бизнес, хөдөл­мөр­лөж байсан хөдөлмөрийнхөө үр ши­мийг бол хүртэж байгаа. Хүмүүсийн жишгээр сайхан амьдарч байна. Хамгийн гол зүйл бол улстөрч хүн нэг их айхтар мөнгө санхүү гэхээсээ илүү улс төрд амьдралаа зориулах ёстой байхгүй юу. Гэвч манайхан зориу­лах­гүй л байгаа байхгүй юу. Үнэхээр хүн есөн цаг улс төрийн талбарт ажиллаж байхад би 15 цаг ажиллаж байсан. Тэр л миний давуу тал. 2004 оны сонгуульд эвсэл байгуулаад намайг 76 дугаар тойргоос дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гараад, Эрэлийн намд өгнө өө гэхэд манай тойргоос энэ хүнийг дэвшүүлээч ээ гэж 7000 хүний гарын үсэгтэй захидал М.Энхсайханд ирж байсан. Өнөөдөр тэгж нэг тойр­гоос 7000 хүний яг өөрсдийнх нь га­рын үсгийг цуглуулдаг тийм улстөрч байна уу. Тэр бол нүсэр их ажил байх­гүй юу. Би хэнд ч мөнгө өгөөгүй. Өө­рөө яваад л тэр ард түмэн дунд ор­сон.Тэдэнтэй ойрхон байж, нөхөрлөж, маш их цаг зарсан.  Мэдээж тэр цаг бол үр хүүхдээсээ, эхнэрээсээ, аав ээжээсээ, өөрийнхөө эрүүл мэндээсээ хумсалсан цаг шүү дээ. Залуучууд үнэхээр энэ талбарт өрсөлдье, явъя, өөрийнхөө бодож санаж байгаа зүйлийг ажил хэрэг болгоё гэж бодож байгаа бол тэрэндээ өөрийгөө  бүрэн зориулах л хэрэгтэй. Тэгэхгүй нэг газар очиж бизнес хийгээд л, эсвэл төрийн алба руу давхиж орж хайран цагаа алдаад, тэгснээ сонгууль дөхөхөөр сонгуульд  нэр дэвшинэ гэж давхиад байвал хэзээ ч бүтэхгүй. Яг үнэндээ сонгууль болдог өдөр л нэр дэвшиж байгаа учраас  мөнгөтэй хүнд ялагдаад байгаа ш дээ. Би хувьдаа мөнгө санхүүгээс илүү энэ лүү орж байгаа хүн бол өөрийгөө сайн бэлтгэх хэрэгтэй л гэж хэлнэ. Улс төрөөс өөр­төө л хожил бага хайвал ялалт ирнэ гэж боддог. 2004 онд сонгуульд ялса­наас хойш миний амьдрал хувьдаа ерөөсөө сайжраагүй. Энгийн төвшинд л болоод явж байгаа. Тэ­рийгээ л мэд­дэг байх хэрэгтэй. Ер нь улс төрд орж байгаа шинэ залуучууд бол нэг тийм ядуувтар, хүмүүс LV-ы пальто өмсөөд явж байхад бол өөрөө Монголын “Гоёо”-гийн үйлдвэрлэсэн энгийн ноо­лууран пальто өмсөнө гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Хүмүүс тэр үнэтэй IPONE, Blасkвerry барьж байхад өөрөө дунд зэргийн Nokio-той байна шүү гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Улстөрч болно гэдэг бол лам хүн болно гэдэг сонголттой их төстэй шүү. Энэ үгийг би өмнө нь хэлж байсан. Лам болно гэдэг чинь эхнэрээс татгалзана, архи тамхинаас татгалзана, мансуурлаас татгалздаг. Тэрэн шиг улстөрч болно, төрийн алба хаана гэж бодож байгаа залуучууд бол баян тансаг амьдралаас татгалзаж байна л гэж өөрийгөө бодмоор юм шиг байгаа юм. Тэгж чадах юм бол ялалт байгаа. Тэрийгээ гэр бүлдээ ч гэсэн ойлгуулах хэрэгтэй. Бусад хүн “Сөүл” ресторанд хооллож байхад бид нар гэрийнхээ хажуу талын энгийн арай боломжийн үнэтэй ресторанд хооллоно шүү гэдгээ мэддэг, тэрийгээ гэр бүлдээ ойлгуулчихсан шийдчихсэн байх хэрэгтэй юм. Дээр нь энэ УИХ-ын гишүүнийг асар том нэр хүнд гэж ойлгож ажиллах юм бол бас урагшаа явдаг юм байна. Түүнээс биш эрх мэдэл гэж харж болохгүй. Их хурлын гишүүнд ямар юмны эрх мэдэл байхав дээ. Ямар ч эрх мэдэл байхгүй шүү дээ. Ямар ч асуудал шийдэхгүй. Нэг гишүүн нэг л иргэн. 76 гишүүдийн орсон хурал бол өөрөө хам­гийн том эрх мэдэлтэй бүтэц болж байдаг. Бүг­дээрээ суугаад асуудал шийддэг болохоос биш ганцаараа өрөөндөө суугаад гарын үсэг зу­раад асуу­дал шийдэхгүй ш дээ. Тэрийг  улс төрд орох гэж байгаа залуу үеийнхэн  маань мэддэг бай­гаа­сай. Тэгэхгүй энэ баян улсууд их хуралд суу­хыг хараад өөрийнхөө  бизнесийг улам сэр­гээнэ гэж мөрөөдөж байгаа бол хэцүү. Бараг худ­лаа. Ер нь их хуралд орж ирээд амьдрал нь сайжирсан бизнесмэнүүд бол их цөөн байдаг юм ш дээ. “Эрэл”-ийн Эрдэнэбат, манай “Буян”-гийн Жагаа ч гэдэг юмуу, сайд байсан С.Отгонбаяр, М.Соном­пил гээд байлаа. Энэ улсуудыг эргээд харахад улс төрийн ажил  хийж байх хугацаандаа бизнесээ өөр хүнд даатгаж орхиод, тэр нь бараг л унасан байдаг. 

    -Гэсэн ч манай бизнесийнхэн бүгдээрээ л улстөрч болохыг бодож байх шиг байна. Сая хувьсгалт намын бага хурал руу орцгоож байхыг нь хараа биз дээ. Намд бөөн бөөн хандив өгөөд л, зарим нь босго мөнгийг нь төлөөд л орж ирж байна. Үүнийг яаж хүлээж авах ёстой юм бол? 

    -Хийрхэл байхгүй юу. Өөрсдийнхөө бизнесийг л унагах гэж байгаа юм. Би бол энэ их мөнгө төлөөд орж ирж байгаа хүмүүст бизнес чинь унана шүү л гэж хэлнэ. Барууны ертөнцөд бизнес хийж байгаа хүмүүс яг өөрсдийн эрх ашгийг хамгаалдаг улстөрчдийг дэмждэг . Тэр бол байдаг асуудал. Жишээ нь, уул уурхайн салбарт ажилладаг бизнесмен уул уурхайн энэ орчинг битгий муухай болгооч ээ. Илүү сайхан болгохын төлөө ажил­лаад өгөөч ээ. Тийм учраас би чамайг дэмжье, мөнгө хандивлая гэдэг. Энэ бол улс төр бизнесийн зохистой хослол. Түүнээс биш хийж байсан бизнесээ  их хурлын гишүүн болсноор, иргэдийн хурлын төлөөлөгч болсноор цэцэглүүлнэ гэдэг юм байхгүй. Амьдралаа сүйтгэж байгаа л хэрэг, улс төрийг ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгслээ болговол шорон руу л явна. Энэ улс чинь байнга ийм байхгүй ш дээ. Таван жилийн дараа, арван жилийн дараа хуулиа дээдэлдэг улс болно. Хууль хэрэгждэг болно. Тэр үед хаашаа зугтаах гээд байгаа юм бэ. Одоохондоо  өөрсдийнхөө бизнест тааруулаад шийдвэр гаргуулдаг хүмүүс байгаад л байгаа байх. Гэхдээ тэр нь 100 шийдвэр гарч байхад нэг нь шүү дээ. 99 нь бол огт өөр асуудал хэлэлцэж ярьж байгаа байхгүй юу. Тийм учраас бизнес хийдэг хүмүүс улс төрөөс хожил олно гэж мөрөөддөгөө болимоор байгаа юм. Мэдээж бизнес хийдэг, мөнгөтэй хүмүүс намд бол их хэрэгтэй. Энэ бол намуудын өөрсдийнх нь шинж чанар л даа. Яагаад гэвэл өрсөлдөгчөөсөө илүү их мөнгө хэвлэл мэдээллээр цацмаар байдаг. Өрсөл­дөгчөөсөө илүү их сайхан гоё танхимд хурал хиймээр байдаг. Өрсөлдөгчөөсөө илүү их өргөн фронтоор уулзалтууд хийж арга хэмжээ зохион байгуулмаар байдаг. Энэ болгонд мөнгө хэрэгтэй. Тийм учраас намын дарга нар бол бизнесме­нүүдийг татах дуртай. Харамсалтай нь татагдаад очиж байгаа бизнес бол зүгээр л амиа хорлож байгаа байхгүй юу.  Хайран сайхан хөрөнгө. Ер нь өнөөдөр Их хурлын гишүүн болоод асуудал шийдэхэд оролцсон хүнээс илүү 100 ажлын байр гаргасан хүний үнэ цэнэ илүү ш дээ. Яаж ч бодсон. Тэгэхээр тэр чиглэлээ бид ард түмэндээ ойлгуулж, ер нь энэ бизнес эрхэлж байгаа хүмүүсээ дарамт багатай ажиллуулж, эд бол улс эх орондоо ийм ийм баялаг бүтээж байгаа улсууд шүү гэдэг тийм пиарыг л нийгэмдээ сайн хиймээр юм шиг байгаа юм. Тэгэхгүй бол гайгүй бизнес эрхэлж байгаагаа олигархиар нь дууддаг, балиар заваанаар нь дууддаг, хөрөнгө рүү нь нулимдаг байж таарахгүй шүү дээ. Ингэсээр байгаад сүүлдээ Монголчууд хувийн өмчийг үзэн ядсан хүмүүс болчих аюул бас байгаа байхгүй юу. Юм бүтээж байгаа, сайн ажил хийж байгаа тэр хэсгээ улам хүндэлдэг, дээдэлдэг, улстөрчид нь ч тэд нарынхаа тухай сайнаар ярьдаг байхгүй бол буруу жишиг, буруу соёл суугаад байна. Бизнес эрхэлж байсан хүн Их Хурлын гишүүн болсноор үнэхээр энэ бизнесийн орчинг сайжруулахын төлөө ажиллах тийм юм бол байгаа. Тэрийг бол бас нууж болохгүй. Төрийн албанд байсан хүн бизнес эр­хэлж байсан хүн хоёр суугаад хуулийн хэлэл­цүүлэгт ороход төрийн албанд ажиллаж байсан хүн нь бол асар муухай санаанууд гаргадаг юм ш дээ. Бизнесээ яаж дарамтлах уу, яаж улам илүү шахаанд оруулах уу гэдэг юм аа л бодож байдаг.  

    -Хувьсгалт нам нэрээ сольсныг та юу гэж бодож байна вэ?

    -Энэ бол Монголын улс төрийн соёл, манай ардчилсан нийгмийн төлөвшлийг л харуулж байна л даа. Парламентын засаглалтай оронд ялчихсан нам нь ерөөсөө намынхаа нэрийг сольж болдоггүй ш дээ. Тэгэх юм бол ард түмэн  парламентад итгэхээ больчихдог . Нэг нөхөр ялж орж ирээд л нэрээ солиод  амлалтаасаа  бултчих юм бол ард түмэн дараагийн сонгуульд яаж итгэж санал өгөх юм бэ. Санал өгөх ямар ч арга байхгүй ш дээ. Тийм учраас ялсан намын хувьд, хариуцлага хүлээж байгаа намын хувьд, амлалт авчихсан намын хувьд бол энэ  үнэхээр байж болохгүй асуудал. Хувьсгалт гэдэг нэрээс салж байгаа нь надад таалагдаж байгаа боловч ялчихаад нэрээ солиод бултаж байгаа нь аягүй онцгүй санагдаж байгаа байхгүй юу. Одоо цаашдаа ийм жишиг тогтчих юмуу яах юм.  Аягүй олон эргэлзээг агуулж байгаа юм л даа. Ингээд л  алдаа гаргаад байх юм. Ямар учиртай юм бүү мэд. 

    -Дэлхийн жишгийг харж байхад улс төрийн том зүтгэлтнээ тухайн улс орон нь их ашиглаж байгаа харагдах юм. Нэр хүндийг нь,боловсрол, чадавхийг нь янз бүрээр л улсдаа “хэрэглэж” байх юм.  Манайд бол эсрэгээрээ. Жишээлбэл, Н.Энхбаярын өнөөдрийн байдлыг та улстөрч хүний хувьд яаж харж байна вэ?

    -Хувьсгалт намын л өнгөрсөн 90 жилд бий бол­госон соёл шүү дээ. Манай  нам бол бараг тэг­дэггүй. Манай нам П.Очирбат гуайг Үндсэн хуулийн Цэцэд намын бүлгээсээ дэвшүүлээд л явж байдаг. Одоо Ц.Элбэгдорж даргын хувьд ч гэсэн намаасаа шахагдаж хөөгдөх юмтай бол тулгарахгүй л байх. Энэ бол хувьсгалт намын л түүх. Хувьсгалт намын түүхийг эргээд харахад үе үеийнхээ удирдагчдыг  зүгээр л дэвсэлж байсан байдаг. Энэ чинь тэднийд тогтчихсон соёл нь. Н.Багабанди гуай ямар байдалд орж байлаа. Одоо Н.Энхбаяр гуай ямар байдалд орж байна. Ю.Цэдэнбал дарга ямар байдалд байж байгаад өнгөрлөө. Оросуудад өгчихөөд араас нь нэг ч яваагүй л нам байхгүй юу. Ж.Батмөнх гуай ТҮЦ-нээс сүүгээ зөөгөөд  явж байсан тэр дүр зураг бол харагдаж  байгаа биз дээ. Зүгээр л тэгээд  хаячихдаг. Тэрний өмнөх хүмүүсийг ярьвал бүр аймшигтай ш дээ. Гэндэн, Амар, Бодоогоо яаж байв. Д.Сүхбаатар жанжныг ч гэсэн. Тэгэхээр энэ өнө удаан жилийн турш шингэчихсэн, тогтчихсон харгис соёл ямар ч ёс жудаг, хүн чанар гэдэг юмыг гишгэдэг шүү гэдгийг л үеэс үедээ харуулж явж байгааг нь өнөөдөр бид ч харж байна гэсэн үг. Хуучин байсан дарга нар нь намаа үгүйсгэж байна гэхээс илүү дараагийн бүлэглэл нь тэр хүнтэйгээ ажилладаггүй л байхгүй юу. Түүнээс Н.Энхбаяр энэ намаас юу л хүсэв гэж. Тийм биз дээ. Жишээ нь Ж.Батмөнх гуай энэ намаас юу ч хүсээгүй ш дээ. Юм хүсдэггүй л байхгүй юу. Сая бол жишээ нь Н.Энхбаяр гэдэг хүн Ардын нам гэхээсээ илүү зүүний намыг ярьлаа л гэж би харж байгаа юм. Тэгж бодлого ярьсныхаа үр дүнд хувьсгалт нам зүүний нам хэвээрээ үлдлээ. Тэгээгүй бол тэрэлжийн тунхаг чинь айхтар өөр тунхаг ш дээ. Тэр бичгийг эргээд унших юм бол үндэсний ардчилсан үзэл санааг авна гээд бүр хатуу илэрхийлэгдэж байгаа. Бид  зүүний бодлогоосоо татгалзах хэрэгтэй учраас Ардын нам гэдэг нэрээ буцааж авъя  гэдэг ийм шийдэлд хүрсэн байсан ш дээ. Н.Энхбаяр нь тэгэхээр нь энэ нам зүүний хүчин биш болчих юм бол хэн зүүний чиглэлийг барьж ажиллах юм бэ. Тэр орон зай чинь хоосроод үлдэнэ шүү дээ. Манайх барууны нам боллоо ч гэсэн АН-ын дээр хэзээ ч гарахгүй ш дээ л гэж хэлсэн. Энэ намын соёл нь бол байсан лидерээ тухайн цаг үед нь ашиглаад л дуусгаж байсан. Хоёрдахь үе нь юмныхаа толгойд гарчихаад буухдаа тэр бүлэглэлтэйгээ яаж ажиллах вэ гэдэг тэр технологи нь бас тодорхойгүй. Манай лидерүүд бол буугаад л өөрсдөө хүрээд ирдэг. П.Очирбат гуайг л би хардаг юм л даа. Да.Ганболд даргыг хардаг юм. Гончигоо дарга байна. Гончигоо дарга энэ намын тэргүүн фронтод, энэ намын лидер байсан уу байсан. Өнөөдөр бол үндсэндээ сул гишүүн. Гэхдээ хэрэгтэй үед нь хэрэгтэй зөвлөгөөгөө өгөөд л явж байдаг. Хоорондоо ийм амьд харилцаатай. Ийм л ялгаа байдаг юм даа. 

    -Э.Бат-Үүл гишүүний нэг ярилцлагыг уншлаа. Тасарч унасан навчны тухай нэг зүйрлэл хэлжээ. Сонирхолтой бодлууд төрж байна лээ. М.Энхсайханы тавиланг юу гэж боддог вэ?

    -Бүү мэд. Байхгүй л цөөхөн эдийн засагчдын нэг. Би бол тэрийг л мэднэ. Үнэхээр эдийн засгийн ухаанаар монголчуудад хичээл заах л хүн ш дээ. Тэгээд юу нь болоогүй болоод явсан юм мэдэхгүй. Ямар ч байсан АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргаад оронд нь шинэ нам байгуулаад орсон. Тэглээ гээд тухайн үед М.Энхсайхан даргыг на­мын  шийдвэр зөрчсөн учраас намаас хөөнө гэж байхад би хувьдаа буруу л гэж байсан юм. Тухайн үеийн дарга нарт нь ч хэлж байсан. Үнэхээр өөрөө орхиод явж байгаа бол өөр. Сайдын суудалд оч­соных нь төлөө намаас хөөх шийдвэр гаргая гээд нэг хэсэг хүн их сүржигнэсэн л дээ. Гэхдээ араас нь зөндөө олон сайхан хүмүүс гараад ирэх байл­гүй дээ. Том намаас салж яваад эвгүй бай­далд ганцаардаж яваа энэ тэр гэж ойлгох хэрэггүй биз. М.Энхсайхан дарга одоо манай намын дарга байснаасаа илүү аз жаргалтай амьдарч байгаа байлгүй дээ. Сайхан эрх чөлөөтэй, хэнд ч бариг­дахгүй. Тийм учраас би салаад явснаараа тэр хүн айхтар уналт амсч байна гэж  ерөөсөө хар­даггүй. Байдаг л асуудал. Ер нь тэгээд улс төрийн оргил хэсэг дээр ажиллах хүний потенциал бол 10 жил ш дээ. М.Энхсайхан дарга 1993,94 оноос л 2008 он хүртэл шаргуу сайхан ажилласан. Тэгээд л ерөнхийдөө өөрийнх нь хувьд бол потенциал нь дуусч л байгаа байхгүй юу. Дуусч байгаа учраас л зарим нэг бодол санааны хувьд АН-ын шинэ удирдлагуудтай сөргөлдсөн юм байсан байлгүй. Би бол нэг их айхтар муу хэлдэггүй юм. Гаргаж байсан алхамуудыг нь анхаарч харж байсан боло­хоор. Харин ч гарч яваад АН руу айхтар нулимаа­гүй ш дээ. 2008 оны  сонгуульд манай тойрогт нэр дэвшиж байсан. Юу хийж  алдаг бол гээд л хараад  байсан. (инээв) Үнэндээ нэг их юм хийгээгүй. Өө­рөө л за энэ нэг ядаргаатай ажлаас түр завсарлага авъя даа гэж бодсон байх л гэж бодож байна. 

    -Та 10 жилээ та хаана төгссөн бэ?

    -Увс аймгийн нэгдүгээр арван жилд төгссөн. Тэгээд ТИС-д элсч нэг жил сураад, Японд коллежид сурсан. Тэрийгээ төгсөөд үргэлжлүү­лээд их сургуульд суралцсан. Японд долоон жил болсон. Ер нь бол ардчиллын эхэн үеийн түүхийг би сайн мэддэггүй. С.Зориг агсантай би гар барьж үзээгүй хүн. Сонин байгаа биз. Сургууль төгсөөд 12 жил болчихсон байна. Анхандаа 2000, 2001 онд Японд буухаар гэртээ харьж байгаа юм шиг нэг л дотно санагддаг байсан. Одоо бол тэр байхгүй болчихсон байна лээ.  

    -Сүмо сонирхох уу ?

    -Нэг их сонирхдоггүй юм аа. Хааяа манай Дагваа энэ тэрийн сайхан барилдаануудыг л үзэх дуртай. Өдөр болгон зориуд цаг гаргаж үздэг хүмүүс байдаг ш дээ. Тэгж бол үзээд байхгүй. Орой тоймоор нь л харчихдаг юм. Манай Дагваа очиж сүмог амилууллаа ш дээ. Гэхдээ япон хүмүүс бол их онцлогтой ард түмэн. Манай Ёкозүнатай тэр сүмогийн ордныг  л дүүргэдэг юм ш дээ. Их сонин ард түмэн. Адилхан хөх толботой. Тэрэндээ бол гүн итгэлтэй. Бас их  глобалчлагдсан ард түмэн л дээ. Зовлон их үзсэн. Үнэхээр амьдралын там гэж байдаг бол яг тэр тамыг биеэрээ туулаад  гарсан. Монголчууд бид азтай. Тийм тамд бараг унаж үзээгүй. 

    -Увс нутгийн хүн юм байна. Увсынхныг  хоорондоо тэр нам энэ нам гэхгүй их сайн харилцаа тогтоож чаддаг гэж ярьцгаадаг. Та хэр холбоотой байдаг вэ?

    -Нутгийн зөвлөлийн ажил юманд оролцоно оо. Оролцолгүй яахав. Гэхдээ айхтар нүүрэн талд нь ороод гүйдэггүй. Шинэ жил, хааяа бөхчүүдийн цолны найр ч гэдэг юм уу тиймэрхүү арга хэм­жээнүүдэд цаг зав таарсан үед очиж оролцоод, мэнд устай явдаг. Сайхан нутаг. Сая Ц.Нямдорж сайдын өрөөнд орж  жаахан буу  халсан чинь “Би ер нь нутгийнхаа баруун хэсгээр явж үзээгүй юм байна. Сая бүтэн тойрлоо. Ямар гайхамшигтай юм бэ” гэж ярьж байна лээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр би бүгдээрэнгээр нь тойрсон байхгүй юу. Жаахан тарчигхан цаг байсан. Гэхдээ бүх сумаар ороод явахад үнэхээр гайхамшигтай сайхан сэтгэгдэл төрж байсан. Манай аав Өмнө­говь аймгийн хүн байгаа юм. Өмнөговь аймгийн Булган сумын Равдан тайж гэдэг хүний ач нь л даа. Тэгээд нисгэгч болоод Ховдод нисгэгчээр очсон. Тэр үед манай ээж Ховдод  сургуульд сурч байгаад хоорондоо танилцаж суугаад, Улаангомд анхны нисэх буудал ашиглалтад ороход очсон. Тийм учраас би халх, дөрвөд гэсэн тэр хэрүүлд бол ерөөсөө ордоггүй хүн ш дээ. (инээв) Хэнийх нь талд орох юм. Нутаг орноо гэсэн хөдөлгөөн, нутаг орноо сэргээх гэсэн тэр ажлууд хийгдэлгүй яахав. Зүгээр тэрийг улс төрийн зэвсэг болгож заримдаа ашигладаг хүн ч байна. Заримдаа халх, дөрвөдөөрөө хэрэлдэж байгаад хятадуудын зоог болдог ч юм байна. Хятад, Орос гэлгүй аль алинынх нь шүү дээ. Монголчууд бид дэлхий дээр гараад явахдаа бол Монголоо л ярьдаг. Улаан­баатарт ирэхээрээ жалгаа яриад л, жалгандаа очихоороо их сонин сум сумаараа хуваагдаад, сумандаа очихоороо багаараа хуваагдаад. Энэ гэхдээ зөвхөн монголчуудын зан биш юм байна лээ. Аль ч газар тийм юм байна лээ.  

    -Та тэгээд халх юм уу, эсвэл ?

    -Ээжийгээ дагавал дөрвөд хүн. Ааваараа явбал халх хүн. Гэхдээ 10 жил төгссөн, төрсөн унасан газар гэдгээрээ би  Увсаар л овоглож яв­даг.  Манай аав ч гэсэн тэгж хэлдэг. Чи бол Увсын хүн шүү. Увсаараа овоглож явна шүү. Тэртэй тэргүй хүн төрсөн газраа өөрөө сонгодоггүй. Өөрөө төрдөг. Төрсөн хойноо холбогддог. Түүнээс биш бид өвөг дээдсээ хайх юм бол ер нь хаанаас ч ир­­сэн юм бүү мэд биз дээ. Тийм учраас яг л төрсөн нутаг ус,  хангай дэлхий чинь л харж түшиж явдаг юм шүү гэж аав маань хэлдэг. Шашинсаг хүн л дээ. 

    -Эцэг эхээс олуулаа юу?

    -Манайх долуулаа. Таван банди, хоёр хүүхэн байна даа.

    -Аав тань нисгэгч болохоор нисгэгч болохыг мөрөөддөг байсан биз дээ?

    -Мөрөөдөлгүй яахав. Би аавынхаа өвөрт том болтлоо унтсан. Дүү нараа өөр газар унтуулчи­хаад, аавынхаа л өвөр лүү гүйчихнэ. Аав шигээ нисгэгч болох юм сан л гэж мөрөөднө. Аав маань сүүлд жолооч болсон. Ер нь их хэлэмгий хүн. Хул­чийхгүй  хэлнэ дээ. Тийм шударга хүн олоод ир гэвэл цөөхөн л олдох байх. Ямар ч даргын өөдөөс үг хэлчихдэг. Ямар ч даргыг ороод шүүмжилчих­дэг. Тэгээд бүр болж өгөхгүй бол зодчихдог ч юм уу. Тийм хүн. Тэр нисэх дээрээ бас нэг шалгалт энэ тэрээс болоод нэг даргыг нь солино холино гээд ирсэн шалгалтын хүмүүстэй нь маргалдаж хэрэлдээд ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Увсын Тэс суманд нэг жижигхэн онгоцны зурвас байдаг юм байна л даа. Тэгээд тэр зурвас дээр нь зундаа айлууд гараад буучихдаг юм байна. Тэгээд тэр зурвасыг чөлөөлж өгөөч гээд сумын дарга нарт хэлээд үгийг нь авахгүй болохоор тэгвэл би өөрөө чөлөөлнө гээд гарч. Тэгээд нэг удаа хөөрөхдөө өндрөө авахгүй айлуудын дээгүүр нисээд,  хамаг айлуудыг нураагаад 10 мянган төгрөгийн торгууль тавигдаж байсан. Тиймэрхүү байдлаасаа болоод нисгэгчээ больж байсан. Тэгэхэд нь аймгийн захиргааны дарга байсан хүн за, одоо ямар чамайг нутаг руу чинь хөөгөөд явуулалтай биш. Чи жолооч бол гээд жолооч болгосон. Тээгээд тэтгэвэрт гартлаа жолоо барьсан. 

    -Манай гишүүд янз бүрийн хоббитой. Үнэт эдлэл цуглуулна. Хөөрөг гаанс, морь малаар гоёно, дуулна. Та спорт урлагт хэр ойрхон хүн бэ?

    -Дуулж хуурдах дуртай. Морь малд дуртай. Ер нь тэгээд даан ч хүссэн хэмжээгээр уралдаан үзээд яваад байж бас  чадахгүй л байна. Хүссэн хэмжээгээрээ найр наадам хэсээд дуулаад байж чадахгүй л байна.

    -Бодсоноос олон талтай хүн юм ?

    -Тийм тийм . Би бол бас тал талын юм сонирхоно шүү. Ер нь тэгээд дэлхийн бүх эрчүүд морь сонирхдог юм биш үү. Морины уралдаан гэдэг юм чинь бол жинхэнэ цөсийг хөөргөсөн агуу том спорт байдаг юм шиг байна ш дээ.

    -Тань шиг шинэ монголчууд төдийлөн их сонирхдоггүй байлгүй дээ? 

    -Сонирхож байгаа байх аа. Сонирхохгүй гээд яах юм. Би Японд  морин тойруулгын уралдаан их үздэг байсан. Долоо хоног болгон уралдаан болно. Долоо хоног болгон тэнд очиж бооцоо тавьдаг барьдаг. Сард нэг удаа том уралдаан болно. Бүр эзэн хааны цомын уралдаан болно. Манайд бол морины уралдаан цөөдөөд байгаа юм л даа. Үнэхээр энэ ард түмнийг чинь амрааж  баясгах юм бол бага байна ш дээ. Бид спортын утгаар нь сайн хөгжүүлж чадахгүй байна л даа. Дэлхийн бусад улсууд бол яг спортынх нь төвшинд хөгжүүлчихсэн. Үзэхээрээ бүр нэг галзууртлаа баярладаг тийм ард түмэн зөндөө байна ш дээ. Манайхан морь сонирхдог хүнийг нэг тийм хөдөөний хүн гэж харах гээд байдаг.  Үгүй байхгүй юу. Морь чинь хамгийн орчин үеийн , хамгийн сайхан спорт. Хоёрдугаарт найр наадам ихэдлээ гээд байгаа юм. Архидалт нь л их байгаа болохоос биш нөгөө талдаа хүнийг зугаацуулдаг юм аягүй бага байгаа байхгүй юу. Телевиз үзнэ. Аягүй бол мань мэтийнх нь хэрүүл гарна. Эсвэл баахан баар цэнгээний газрыг хаах тухай ярина. Эсвэл баахан чанаргүй байшин ч юмуу гарна. Цэнгээнтэй юм ерөөсөө байхгүй. Харин гадаадын цэнгээнт нэвтрүүлгийг монгол хэл дээр орчуулаад бас хүмүүст хүргэх гээд байгаа нь зөв гэж бодож байгаа юм. Спортын наадмууд гэдэг бол ямар ч улс оронд цөөддөггүй юм байна лээ. Аль болохоор олон байх юм бол тэр ард түмэн бас нэг зөв амарч чаддаг.

    -Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгийг та яаж хүлээж авсан бэ?

    -Гайхамшигтай  үг хэлсэн. 20 жилээ хийж байгаа парламент бол арай л илүү байх хэрэгтэй ш дээ. Ер нь яахав түүхээ харах юм бол богинохон байж болно. Гэхдээ бид нар 20 жилийн хэвшсэн соёлгүй л байгаа байхгүй юу. Тийм л байгаа. Нэг л арчаагүй , ажил хийдэггүй. Асуудлынхаа мөн чанарыг ерөөсөө олдоггүй. Төөрөөд л байдаг, төөрөөд л байдаг. Тэрийг л ерөнхийлөгч хэлж өгсөн байх. Ядаж парламентад ялсан нам нэрээ сольж ингэж шоудаад байх хэрэггүй л байхгүй юу. Наад захын улс төрийн бичигддэггүй соёл бидэнд суумаар байгаа юм. Ерөнхийлөгчийн өөрийнх нь надад хамгийн их таалагддаг онцлог бол аягүй тийм зөв мөрөөдлийг улстөрчдөд өгч чаддаг, ард түмэнд өгч чаддаг лидер. Ард түмнээ мөрөөлдөлтэй  байлгах гэсэн, парламентыг ч гэсэн өөрийг нь хийх ажилтай болгох чиглэлийн хэлсэн үг нь надад таалагдсан. Манай намд одоо тийм хүнгүй болчихсонд л би жаахан харамсдаг. Манай намд мань эрийг орлочихоор тийм л улстөрч гарч ирээсэй. Үнэнийг хэлэхэд надад “Бид 20 жил ингээд явчихлаа. Шилжилт дууслаа. Бүгдээрээ ажил хийдэг болъё. Ингээд ямар ч  онолгүйгээр амьдаръя. Мөрөөдөлгүйгээр амь­даръя. Илүү их прагматик болъё” гэж яриад байгаа нь зүгээр л бид нар та нарыг дарангуйлъя гэж байгаатай адилхан сонсогддог. Тэр 20 жилийн тээж байсан мөрөөдөл чинь өнөөдөр дуусчихсан гэж хэлж байгааг би хараад бараг үзэн ядаж байгаа юм. Зарим хүний тэр яриаг сонсохоор үнэхээр тэгж байна. Ерөөсөө энэ ард түмэнд энэ ардчиллынх нь үнэт зүйлийг ойлгуулахыг хүсэхгүй байна. Энэ ардчилал ялалт байгуулна гэдгийг Элбэгдорж Ерөнхийлөгчөөс өөр хэлдэг хүн алга байна ш дээ. Тэрийг л уг нь манай нам байнга хэлдэг. Тэрнийхээ төлөө ялагддаг байхад гомдох юм алга. Үнэхээр гарч ирээд “Бид та нарт боломж олгоно. Тэр боломжийг л та нар амьдралаа болго” гэж ард түмэнд хэлмээр байгаа байхгүй юу. Эрх чөлөөтэй байлгана. Тэр эрх чөлөөг л та нар амтал. Баялагаа болго. Эд хөрөнгөтэй болцгоо гэж хэлэх хэрэгтэй байна. Баян болох уралдаан зарлах хэрэгтэй ш дээ. Юунаасаа ичээд байгаа юм бэ. Тийм биз дээ. Баян монголчууд байж л энэ цөөхөн хүн ам дэлхий дээр оршин тогтноно уу гэхээс биш засгаасаа 120 мянган төгрөг авчаад хэвтээд байвал яах юм бэ. Америк, Японд бол нэг л өдрийн ажлын мөнгө ш дээ. Энийг авчихаад л тэгээд л засагтаа залбираад  төр засгаа дээдэлж байна гээд ийм арчаагүй амьдралаар гэлдрээд байх юм бол бид өөдлөхгүй. Энэ арчаагүй юмаа ажил гэж ард түмэнд ойлгуулахыг хичээдэг ийм улс төрийн сүүлийн үеийн хандлагад бол үнэхээр дургүй хүрч байгаа юм. Яг тэр хандлагад цохилт өгсөн үгийг Ерөнхийлөгч хэлсэн. Би хувьдаа маш их баярласан. Хэрэгтэй үед, хэрэгтэй цагт, хэрэгтэй үгээ хэлж чаддаг ийм гайхамшигтай улстөрчид Монголд хэрэгтэй шүү дээ.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан