Гавихгүй концерт болоод өнгөрөв үү

    Галтайхан болно хэмээн тооцож байсан МАХН-ын бага хурлыг гавихгүй концерт л болоод өнгөрөх шив дээ гэлцэж байна. Намын удирдлагуудын зүгээс уг хурлыг эвтэйхэн уур амьсгалтай хийчих гэж багагүй анхаарлаа хандуулсан нь илт ажиглагдаж байлаа.

    Галтайхан болно хэмээн тооцож байсан МАХН-ын бага хурлыг гавихгүй концерт л болоод өнгөрөх шив дээ гэлцэж байна. Намын удирдлагуудын зүгээс уг хурлыг эвтэйхэн уур амьсгалтай хийчих гэж багагүй анхаарлаа хандуулсан нь илт ажиглагдаж байлаа. Уг нь нэг их юм хүлээх шаардлагагүй хурал байсан нь үнэн ч экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хийсэн хурц мэдэгдэл ийшээ олны анхаарлыг чирээд оччих шиг болсон. Чиглүүлж байгаад чулуудсан түүний мэдэгдлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн дүрийг харин бүгд  эсгэлээ. Гэсэн  ч нэлээд хэдийнх нь амнаас „Хэн нэгний шүүмжилсний зоргоор”  гэсэн хэгжүүрхлийн үнэртэй битүү үгс унаж ирж байсан нь энэ намын дотор эвгүйтвэл эвгүйтчих нөхцөл байдал нэлээдгүй хургаастай байгааг төвөггүй илтгэж байв. 
        Н.Энхбаярын хийсэн мэдэгдлийн талаар сэтгүүлчдийн тавьсан асуултад генсек У.Хүрэлсүх „Манай нам ардчилалтай нам. Жирийн гишүүдийн дунд шүүмжлэл өрнүүлэх нь нээлттэй асуудал шүү дээ” гэж хариуллаа. Гаднаасаа жижүүрийн гэж үзэж болох өнгөтэй өнгөцхөн хариулт ч  цаадах хүнийхээ дотрыг нь шатааж хаях үг ч юм шиг. Жирийн гишүүний үг гэх хэмжээнд Н.Энхбаярын дуугаралт очсон юм биш үү гэх маягийн хоржооныг дагуулчихбал хуучин даргынхаа хацрыг минчийлгэж байгаа нь ойлгомжтой. Баргийн юмны өөдөөс өрвөлзөөд байдаггүй, хүлээцтэй, аяс намдуухан С.Батболд ч Н.Энхбаярыг „Хэн нэгэн” гэх хэмжээнд тодорхойлж байгаагаас үзэхүйд ирэх их хурал халуухан уур амьсгалд болж мэдэх нь. Их хурлын уур амьсгалыг намын нэр солих асуудлаас илүү С.Баяр, Н.Энхбаяр хоёрын намынхаа Хяналтын ерөнхий хороонд тавьсан асуудал хурцатгаж мэднэ. Гэхдээ Н.Энхбаяр нь тайлбараа гаргаад өгчихвөл, тэрийг нь авч үзээд тус хороо дүгнэлтээ гаргачихвал шүү дээ.  
        Хэвлэлийн зарим тоймчид энэ удаагийн бага хурлын талаар юутай ч Н.Энхбаяр, С.Баяр наргүйгээр хуралдах  гэж оролдсон нь бага боловч амжилт гэж дүгнэжээ. Үнэхээр зэвүүн дүгнэлт юм. Энэ дүгнэлтээс үзэхэд яаж ч шинэ улс төр санал болгоод, яаж ч хөгжил яриад, яаж ч шинэ баг хоймор суугаад хэдэн арван жил хавхайтал эзэгнэсэн тэдгээр лидерүүдийн хараа бараанаас салахад мөн ч бэрх нь харагдаж байна. Чин үнэндээ С.Батболд бол намаа албан тушаалын томилгоогоор дамжуулж л барьж байгаа. Түүнд намын зүтгэлтэн болж амжих цаг хугацаа хараахан гараагүй байна. Намын зүтгэлтэн болох ирээдүй ч нэг их байхгүй. Учир нь намын зүтгэлтэн гэж түүнээс тэс өөр нөхдүүд дээр авч үздэг ойлголт юм. Нэг сонин юм нь намын эгнээ нэлэнхүйдээ „Намын зүтгэлтэн” хүнийг л дэмждэг. Энэхүү тогтсон сэтгэл зүйд шинээр хийнэ гэж үзэж байгаа улс төр одоохондоо хүрч чадахгүй.  Одоогоор С.Батболдод  У.Хүрэлсүхийн яралзсан ажиллагаа хань дэм болж, Ц.Нямдоржийн араншингаа дарж ядан хүчээр барьж буй хүлээлт түшиг болж, ганц нэг гаргаж ирсэн сайдуудынх нь догдлонгуй зүтгэл итгэл өгч, долоон голтой хотын бүлгийнхний „амралт” –аас өөр дэмжлэг байхгүй байна. Энэ үүднээсээ тэр баггүй хүн. Засгийн газар бол засгийн газар л байдаг. Ирсэн шигээ буцдаг хүмүүс, барьсан шигээ бас буцаагаад хураадаг л гэр шүү дээ. 
        С.Батболдод цаг хугацааны үнэлэмжээр буюу хийж буй шинэчлэлийн бодлогуудаараа , үүнийг дагаж өөртөө бий болгох хүрээллээрээ хожим хүчирхэгжих  боломж үеийнхнээсээ харьцангуй давуу бий. Үүнийг өнөөдрийн өөрөөсөө цацруулж буй цоо шинэхэн гэрэл нь  илтгэж байна. 
    Харин түүнд шүүмжлэлтэй хандах нэг зүйл намыг боловсон хүчний томилгоогоор барих гэж буй хуучны бодлого нь. Боловсон хүчнээ өөртөө ойр, ойлголцоход төвөггүй, гарын дор гэх мэт явцуу хэмжүүрээр сонгоод байвал өнөөгийн иргэдийн дургүйцлийг хамгийн ихээр төрүүлж байгаа „Сул төр”, „Тунгалаг биш төр” л бэхжинэ шүү дээ. 
        Дараагийн нэг алдаа хэвлэл мэдээллийг барих гэж буй цаг зуурын бодлого нь. Телевизийн мэдээ уншихаас хэтэрч яваагүй жижиг гарын ажилтнаараа арав хорин доллар тараалгаж юм бичүүлэх, сонинуудын амыг түр зуурын хямдхан гэрээгээр хаах, зарим гайгүй гэгддэг сэтгүүлчидтэй „найзлах” зэрэгт найдах нь түүн шиг хүнд туйлын зохисгүй бөгөөд бурангуй явдал юм. Ингэж дуугарлаа хэмээн над руу дайрах интернэтийн comment идэвхжиж, энд тэнд харааж зүхэх, гүтгэж гүжирдэх довтолгоонууд нэмэгдэнэ гэдгийг би мэдэж байна. Гэвч угаасаа л ийм орчинд өөрийн нэр алдрыг бүтээсэн сэтгүүлчийн хувьд айхгүй. Ард олны дунд алхаж, тэдний халуун амьсгаанд нь ойр явдаг хүний хувьд ийм зүйлээс хулчийх нь миний араншин биш учраас ийнхүү бичиж байгаа юм.   
        Нэгэнт хөндсөн боловсон хүчний сэдэв рүүгээ ахин эргэе. Боловсон хүчнийг сонгож аливаа албан тушаалд тавих хэмжүүр нь мэдээж намд хэзээ, хэн явсан нь яригдах зүйл байх. Мөн эзэмшсэн мэдлэг боловсрол, өөртөө бий болгосон тодорхой үнэт зүйлс, ажлын ачаа даах чадвар, хувь хүний яс чанар мэтийн нарийн хүчин зүйлсээр хэмждэг байх. Гэвч энэ нь ихэнх тохиолдолд танил талын хэмжүүрээр, хэн нэгний санал болгож, лобби явуулсны хүрээгээр л шийдэгдээд байна. Энэ бүхэн нийт иргэдийн санаа зовж буй зүйл учраас хэдэнтэй онцолж байгаа юм. Боловсон хүчнийг ганцхан нас нь залуу, бас гадаадад мэргэжил дээшлүүлсэн, хэлтэй устай, бас зүтгүүлж байгаа хүмүүсийг нь бодох  төдийхнөөр хэмжээд байвал энэ улсад өнөөдрийг хүртэл хүчээ өгч ирсэн дөчин настнууд, тавин настнууд хаана хэрэгтэй хүмүүс болж үлдэх юм бэ. Энэ асуудал бол өнөөгийн монголд нэн тулгамдаад буй хямрал болоод байна шүү дээ. 
        Хөдөө явж, ардын амьдрал ахуйг нүдээр үзэж, тэдний тулгамдсан асуудлуудыг барьж авахаар уйгагүй ажиллаж байгаа нь энэ Засгийн газрын тэргүүнээс харагдаж байна. Энэ нь мэдээж бүгдийн л хийж байсан ажил, явж байсан жим. Алга ташуулаад л, зовлон ханхалсан газраар биш, засаг дарга нарын бэлдсэн шоуны газраар алхах нь угаасаа л өөрөөс нь нэг их шалтгаалдаггүй зүйл байх. Зарим нэгэн удирдагч шиг дохиогоо чарлуулсан цуваанаасаа бууж алхаад хар зах руу орж, хүмүүстэй уулзах зэрэг шийдлүүд нь өөрт нь зохих ч үгүй байх.
        С.Батболдын бага хурлын индрээс хэлсэн үгнээс эдүгээ ар өврөөс нь чаргуулдан дагалдаж буй хэт нялуурал, бас юм л бол хэг ёг болчих гээд байдаг хэрүүл тэмцэлд дуртай уур амьсгалын аль алинаас нь залхсан байдал үнэртэж байна. Тэр ажиллавал ажиллая, бусад элдэв төвөгтэй юмаа хойшоо тавъя гэж даруухнаар учирлаж байна. Өөрөөс нь өмнө ч байсан, хойшид ч байх энэхүү ужиг зан суртахуун одоогоор түүнд хамгийн их төвөг болж байгаа зүйл бололтой. Гэвч энэ бүхнийг чигээрээ хагалаад гарах бололцоог журмын нөхөд нь хэр олгох юм бол. Жигүүрийхэн, одоогоор бага хурлын гадна гарсан экс удирдагч, одоо түр зуур эвцэлдэн буй бүлэглэлүүд хоёр сарын дараа яаж хөдлөхийг хэлэхэд эрт. Улс төрийн хүн чанар дээр суурилж өгдөггүй шинж үргэлж шороо босгож байдаг.  Тийм цагт С.Баяр шиг ямар ч үед босч ирээд дэмждэг нийгмийн зүтгэлтнүүд, улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн бие хүмүүс, аль нам хүчний хүн гэхээсээ үл хамааран хамгаалах нөхөд, үе үеийн хүчирхэг төлөөллүүд түүнд байгаасай. 
        Ингээд сайн санасан хүн алсхан байж, хэрэгтэй үгийг хэлэх цагт нь хэлж байдаг. Санаа нь явуургүй, зам зуурын улс салахгүй тойрон шавж байдаг юм шүү гэсэн нөхөрсөг зөвөлгөөг  түүнд хаяглан энэхүү бичлэгээ өндөрлөе.  

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан