Улс төрөөс хүн чанар нэхсэнээс, элсэн дотроос зүү эрсэн нь дээр

    Үнэн л дээ. Хамгийн хүний мөсгүй авир улс төр очмоос л ханхийж байдаг нь нэгэнт эл дол болжээ. Үнэн хэрэгтээ хүн чанар суурилсан улс төрийн тухайд мөрөөдөх ч хэрэггүй юм байна. Юун хүн чанар. 

    Хэн нэгнээ шоронд орсон ч алга ташиж л байдаг. Мориноос унасан ч магнай нь тэнийж л байдаг ийм улсууд зөвхөн улс төрд л байна. Өөрөө л холбогдолгүй бол өрөөлийн тухай муу мэдээг баярын цахилгаан шиг хүлээж авдаг, тэгээд тэрийгээ нэн бахдалтайгаар нааш цааш нь дамжуулан цацаж, сэтгэлийн цэнгэл эдэлж байдаг саарал байшингийнхан үнэхээр хачин улс ажээ. 
    1998 онд С.Зоригийг алагдахад л тэдний тар жинхэнэ танигдаж эхэлсэн шиг. Амьд сэрүүнд нь түүнийг зарчимгүй, дампуу амьтан гэцгээж байдагсан.   Ардчиллын эхний үед араасаа гуйлгуулж уриулж, эрэл сурал болгож байж нэг ялархуу амьтан ирчихээд олны нүдэн дээр гарч үг хэлсэн болдог байсан. Олон удаагийн золио шаардсан үеүдүүдэд тэр зугтчихсан гэж ирээд муучилдаг байснаа одоо бол цөм мартцгаасан биз ээ. Ордны цонхоор шээчихлээ гээд л бөөн юм болж байв. Хэн нэг нь шээлгэтэл нь отсон л байгаа байхгүй юу. Дараа нь түүнийг сайд болоход асар их хараал зүхэл сонсогддог байсан. Үдээс өмнө ажилдаа ирдэггүй. Ирээд компьютер тоглоод суучихдаг, ийм ч төрийн сайд байх гэж гээд л…
    Гэвч төд удалгүй тэр гэртээ алагдсан. Аймшигтай явдал. Энэ аллага монголын улс төрийн орчинд маш том цочрол авчирсан төдийгүй, гүн гүнзгий хямралын эхийг тавьсан билээ. Хэргийн ээдрээ өнөөдрийг хүртэл тайлагдаагүй. Харин хүн чанарын үүднээс тэдний үзүүлсэн тоглолтууд улам жудгаа алдан үргэлжилсээр. С.Зориг алагдсаны маргаашнаас нөгөө нөхдүүдийн нэг хэсэг түүний фракц болон хувирч, дургүй болгондоо алуурчны хутга бариулах хэтэрхий харгис драм тоглогдож эхэлсэн түүхтэй. Хүний мөсийн муу муухайн илрэл цаг нь ирэхэд хамгийн амархан танигддаг зүйл ч юм шиг, эсвэл хамгийн удаан дээлэн дороо өмхийртлөө нуугдан оршиж чаддаг амь бөхтэй бактер ч юм шиг.  
    Дараагийн нэг муухай жүжиг яах аргагүй казиногийн гэх дуулиант хэрэг байв. Парламентын гурвын гурван гишүүнийг суга татан яллаж чадсан түүхэн жүжиг. Хамгийн сонирхолтой нь мөнөөх улс төрийнхөн өөрсдөө эл хэргийн сценарийг зохиогчид байдаг. Өнгөн дээрээ тэднийг нэг хэсэг нь өмгөөлөн нанчилдаж, нэг хэсэг нь явуулах гэж улангасан дайрч байсан. Эцэст нь УИХ-ын гурван гишүүн ялтан болж заримыг нь уйлуулж, зайлуул заримыг нь инээлгэж орон шорон руу ачигдсан юм даг. Улс төрийнхний тоглосон хамгийн сонирхолтой, хамгийн увайгүй цирк энэ ч байсан байж мэднэ. Одоо тэр хэрэг шинэ цагийн улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэгэн тод жишээ болон үлдсэн гэж олонхоороо дүгнэцгээдэг. Хөөрхий хоригдож, улс төрийн амьдралдаа цэг тавиулсан гурван хүний нэг нь шоронд архаг өвчин тусч энэ ертөнцөөс үүрд одсон. Төрийн яамны сайд хүртэл хийж явсан С.Батчулуун агсныг өнөөдөр бүгд мартсан. Үлдсэн хоёрын нэг нь одон медалиар энгэрээ мялаалгаж, дүрэмт хувцастай улс төрийн амьдралаас захдуухан буриад эрийн яс заан гялалзаж яваа бол нөгөө нь тог хаана тасрана, шугам сүлжээ хаана доголдоно тэнд л ажлын мал болтлоо зүтгэж яваа харагддаг. Амьдрал нь лав тэр үеийн шуурганд юу ч үгүй болтлоо тарамдуулж, хоёр хүүхэд нь эзэнгүй шахам хаягдан, тэр айл нүдэн дээр нуран унасныг мэдэх юм. Д.Баттулгын алдсан болгон алдагдсанаараа л үлдсэн. Одоо хэн түүнийг тоодог, хэн түүнээс дөлдгийг мэдэхгүй. Төрсөн эцгийнх нь овог казино л болж хувирсан. Улс төр хүний хувь заяанд ийм харгис ханддаг шүү дээ. Цагтаа дагаад далдганаж явсан нохдын хэд нь түүнийг шоронд байхад эргэж очоо бол. Гараад ирэхэд нь чин сэтгэлээсээ гадаа нь зогсоод хэн харин угтаа бол. Ээж нь л болов уу даа. 
    Өнөөдөр мөнөөх улс төрийнхөн эгнээнээсээ хэд гурван нөхдийг алга ташин шорон руу илгээчихээд сууцгааж байна. Чин үнэнийг хэлэхэд алга ташилтын чимээ хамгийн эхлээд улс төрийн байшингаас л сонсогддог юм ш дээ.Тэд тайлбарлахдаа нийгмийг л ийм үзэгдэлд таашаалтай ханддаг гэх байх. Хохь нь, тэгэх гээд байсан юм аа гэсхийн мушийж суух нөхөд жинхэнэдээ бол өөрсдөө шүү дээ. 
    С.Отгонбаяр гэж шижигнэсэн сайхан залуу бизнес хөөгөөд явж байсан. Улс төр чангааж татсаар байгаад оруулаад ирсэн. Сайд хүртэл болж амжсан. Өнөөдөр харин шоронгийн нааран дээр хэвтэж байна. Дөнгөж жилийн өмнө нэг ангид мөрийг нь алгадаад гүйж явсан гишүүдээс хэн нь ч түүнийг өмөөрсөнгүй. Муухай яа. 
    Онцгой байдлын сайд болонгуут нь орж гаран хаалгыг нь онголзуулах хүн хичнээн олон байсан бол. Будаа, бензин шахах гээд л босож суухад нь ханараад гүйлдэж явсан хүмүүс шоронд хоригдож, хавдар илэрч, хорт хавдрын эмгэнэлт онош амьдаар нь хатааж байгаа энэ өдрүүдэд аяга халуун цай, хэдэн бууз аваад сэтгэлээсээ эргэж байгаа болов уу. Ээ, мэдэхгүй дээ. Ял руу түлхэснээрээ нөгөө Симба Батаа нь ядаж очсон байгаасай.  
    Эдүгээ Баянголын хэмээх С.Эрдэнийг улс төрийн зорилгоор яллачихаад байж байна. Зарсан, үрсэн, авсан гээд байгаа хөдөөх тосгоны нэг муу зочид буудал нь эзнийхээ нэр дээр, өмчийнх нь дансан дотор хэвээрээ байж байдаг. Арван хэдэн саяын үнэтэй нэг навсгар машаан Нийгмийн даатгалын өмчиндөө явж байдаг. Элэг авмаар юман дээр л ял өгөөд аччихсан. Бүр зургаан жил шүү. Цаана нь ямбий жийп байтугай яаж дааж амьдарнаа гэтэл улсын хөрөнгөнөөс хусчихсан хулгайч нар хэд хэдээрээ малилзаад сууж байхад авч хэлэлцдэггүй. Дэндүү муухай эрээ цээргүй улс төр энэ мөн биз дээ. УИХ-ын 76 дахь гишүүнийг улс төрийн сонголтоо хийгээд түүнийг төрд илгээсэн сонгогчдынх саналтай хамт ийнхүү “Ганц худаг”-т цоожилчихоод захиалагч нь матрын нулимс унаган мэдэгдэл чулуудаж, дээд шүүх нь улс төрийн байр сууриа иэрхийлсэн намыг нь зад загнан сүрдүүлж суудаг ийм улс оронд амьдарч байгаа маань тэр чигээрээ гуниг. 
    С.Эрдэнийг гэмт хэрэг биш зүйлээр яллахаас татгалзсан цорын ганц улсын яллагч хуульчийнхаа хувьд эр зориг, итгэл үнэмшлийн сонгодог жишиг үзүүлэн шахагдан бууж одсон. Хэн ч түүнийг анзаараагүй. Ойлгож ядах юм алга. Тэр хүн өнөөдөр ажилгүй л болчихсон явж байгаа. Гэхдээ өөртөө бахархалтай, үр хүүхэддээ нэр цэвэр үлдсэндээ жаргалтай яваа байж мэдэх. 
    XXI дүгээр зууны монгол оронд ийм эмгэнэл байсаар л байна. Уншигч авхай та тунгаан бод. С.Эрдэнийг яллуулах гэж Увсаас прокурор татаж байвал яах уу. Увс гэдэг чинь түүнтэй өрсөлдөж ялагдчихаад хийх хийхгүй бүхнийг хийгээд сууж байгаа нөхрийн нутаг шүү дээ. Энд эрх ашгийн зөрчил байнаа даа.  Хязгаар нутгаас хэн нь үл мэдэгдэх нэг прокурор нөхөр дуудагдаж ирээд, арван хавтас, 2000 хуудас бүхий хэргийг ганцхан хоног уншаад 20 хуудас яллах дүгнэлт бичээд хаяж байна гээд бод л доо. Тэр нөхөр нүдээ аниад тэмтэрсэн ч захиалгын боол л байхгүй юу. Ингэж хэллээ гээд намайг харааж зүхэх, занаж зуух л байх. Гэхдээ хэлмэгдсэн, эрх нь зөрчигдсөн, цагийн шуурганд золиос болон уруудсан нэгнийг зүгээр л тэдний адил алга ташаад шорон руу ачуулж байдаг улсын нэг бид биш. Сэтгүүлчдийг Эрдэнийг хамгааллаа гэж буруутгах хүмүүс байгаа л байх. Гэхдээ ийм олон эргэлзээ үүсч, ийм илт шударга бус явдал болж байхад бид илчилж, олон нийтэд дамжуулж л байх ёстой гэж үзэж байна. Хүмүүнлэг сэтгэл, хүн чанар хэвлэл мэдээллийн ертөнцөөс алга болчихвол манай байшин саарал ордноос юугаараа ч ялгархаа байна шүү дээ. 
    Хүн чанар дээр суурилсан улс төрийг эрэлхийлж эхэлсэн нийтлэл маань ийнхүү өндөрлөж байна. Эрдэнийг хоригдож байхад энд тэнд нөхдүүд Нийслэлийн Ардчилсан намыг авчих санаатай шивнэлдэж суугаа мэдээ ирж байна. Ичмээр ч юм даа энэ хорвоо. Нэг хэсэг нь дараагийн шатны шүүхэд найдвар тавин хүлээж, шударга ёсны эрэлд хатаж байхад, нэг хэсэг нь чоно борооноор…гээд гэтэж явна. Хамтарчихаад ханаралдаад байсан МАХН-ынхан нь хамар нь тас шантайчихсан, пөөх паах болон цэмцгэнэлдэж суух. Нам нь ганц мэдэгдэл гаргаад улс төрийн шүүхэд салам загнуулаад гөлөлзчихсөн. Өрөвдмөөр ч юм даа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан