Кекүшюзан Д.Батбаяр:Хувь тавилан биднийг учруулсан

    “Ярилцъя” булан энэ удаа монголын олон нийтийн хамгийн их сонирхож байгаа асуултад анх удаа албан ёсны хариу өгч буй нэгэн супер зочныхоо хамт та бүхэнтэй уулзаж байна. Мэдээж тэр бол УИХ-ын эрхэм гишүүн, Кекүшюзан Д.Батбаяр. 
    -Кекүшюзан Батбаяр маань урьд өмнө уулзаж байснаас огт өөр хүн болсон юм шиг санагдаж байна?
    -Тийм үү. Би хэдийгээр өөртөө бол өөрчлөгдөөгүй санагдаж байвч миний амьдрал урьд өмнөхөөс өөрчлөгдсөн нь тодорхой. Хувь хүний хувьд миний зав авир, дотоод сэтгэл хэвээрээ. Харин эрхэлдэг ажил, амьдралын зорилго, өдөр тутмын хэмнэл тэр чигээрээ  өөрчлөгдсөн.  
    -Та улс төрийн амьдралаа эхлээд тун удаагүй байна. Ордны энэ амьдралдаа хэр дасч байна даа?
    -Анхны чуулган завсарлалаа. Өнгөрсөн хугацаанд маш шахуу хувиарын дор, завсар зайгүй ажилласан. Мэдээж би улс төрийн хувьд нэгдүгээр ангийн сурагч. Гэвч би нэгэнт ард түмний төлөөлөл болон сонгогдсон учраас зүгээр суух эрх байхгүй. Энэ утгаараа олон хуулийн төсөл дээр, олон ажлын хэсгүүдэд орж ажиллаж байгаа. Алтны хажуудах гууль шарлана гэдэг. Энэ олон туршлагатай гишүүдээсээ их зүйлийг сурч мэдэж байна. Судлах, зөвлөмж авах юм асар их байна. Сая япон, солонгос руу яваад ирлээ. Хийх юм үнэхээр их байна. Эхлээд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа их л урт хугацаа юм шиг санагдаж байсан. Ингээд ажлаад эхлэхээр энэ хугацаа их хурдан өнгөрөхөөр байна. Тэгэхээр амжиж их л зүйлийг хийх ёстой. Ард түмэн маань, Сонгинохайрханчууд маань, монголчууд маань харж байгаа. Амласан зүйл их байна. Тэр бүхнийгээ хийхийн төлөө л зүтгэж байна даа.   
    -Та шинэ хүн болохоор амлалтын тухай ил цагаан ярьж байна. Уг нь улстөрчдөд бол амлалт гэдэг энэ ойлголт нэг их чухал биш байдаг шүү дээ. Яагаад гэвэл хийдэггүй учраас?
    -Их сонин асуулт байна. Би өнөөдөрхөн хүртэл тойргоороо яваад ирлээ. Н.Алтанхуяг гишүүнтэй хамт явсан. Утаа, хог, үнэр гээд хэцүү асуудал асар их байгаа. Дээр нь ажилгүйдэл гэж маш хүнд асуудал сэтгэл зовоож байна. Ядаж байхад газрын маргаан маш ихтэй юм. Энэ бүхнээс үүдсэн олон нийтийн бухимдал асар их байна. Манай дүүргийн нэг тулгамдсан асуудал цэвэрлэх байгууламж тойрсон асуудал байна. Үнэр. Гадны улс орнууд бол тусгай арга, технологиор шийддэг. Эргүүлээд бордоо болгож хувиргаад ч юм уу тэрэнд зарцуулсан зардлаа нөхчихдөг. Энэ дэвшилтэт технологи бол манайд орж ирээгүй. Тэр технологийг оруулж ирэх ёстой байна. Усны асуудал бас их ноцтой байдалд байна. Жишээ нь тоолуур тавьсан айлууд өдөрт 100 литр ус хэрэглэж байхад, тоолуургүй айл 280 литр ус хэрэглэж байх жишээтэй. Тэгэхээр бүх нийтээр нь тоолууржуулах хэрэгтэй юм байна. Гэх мэтчилэн яриад байвал энгийн амьдрал ерөөсөө асуудлаар дүүрэн байна. Японуудтай хогны асуудлаар нэлээн олон уулзалт хийж байгаа. Тэр ажлаараа бас явах гэж байна. Бас тийшээ ажиллах хүч гаргах асуудлаар хөлөө цуцтал явж байна. 
    -Юун ажиллах хүч гаргах вэ. Эдийн засгийн хямралаас болоод гадны улс орнууд бүх цагаачдаа хөөж гаргаж эхэлж байхад ямар орон манайхаас ажиллах хүч авна гээд сууж байх юм бэ?
    -Замын дунд тооцоолоогүй шалтгаан үнэхээр гарч ирлээ. Байдал хаа сайгүй хүндэрч байна. эхний үед бол энэ асуудал нааштай байсан. Одоо бол төвөгтэй болоод ирлээ. Японд бас үйлдвэрүүд ажилчдаа цомхотгоод эхэлчихсэн. Энэ байдал үнэхээр сэтгэл зовоож байна. Ард түмэндаа амлачихсан ажлууд байж байдаг. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн гүнзгий хямрал яваад эхэлчихдэг. 
    -Зовлон их байна. Тэгээд өнөөдрийн тань уулзалт хэр үр дүнтэй болов?
    -Маш үр дүнтэй болсон гэж бодож байна. Аль аль талаасаа сайн ярилцаж, цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөхийг л зорьж байна даа. Тойргийнхон маань байдлыг их сайн ойлгож байгаа. 
    -Сүүлийн үед улс төрийн хүрээнд нэг асуудал шуугиан тарьж байна. Мэдээж энэ бол нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийг ялласан явдал. АН мэдэгдэл гаргалаа. Гэтэл МАХН, АН хоёр хамтраад засгийн эрхийг барьж байгаа. Цаашдаа асуудал хэрхэн өрнөх нь таашгүй. Та ямар бодол, дүгнэлттэй байна вэ?
    -Энэ бол нэлээн шуугиантай асуудал болж байна. Манай нам дотор ч гэсэн маш олон хурлууд боллоо. олон уулзалтууд болж байна. Улстөрчид янз янзын л дүгнэлттэй байна. Миний хувьд энэ шийдвэр өөрөө эцсийн шийдвэр биш учраас дараагийн шатны шүүх илүү нухацтай авч үзэх байх гэж харж байгаа. Тийм болохоор дараагийн шатны шүүхийн шийдвэрийг харж байгаад байр сууриа илэрхийлье дээ. Бас энэ хэргийн талаар нарийн мэдээлэл надад алга байна. 
    -Энэ хүн бол одоогийн парламентад орж ирэх ёстой 76 дахь “гишүүн” шүү дээ. Үүнээс үүдсэн улс төрийн захиалга орчихсон шийдвэр гэж ихэнхи улстөрчид үзэж байгаа. Танай намын улс төрийн байр суурь ч тийм агуулгатай байсан. Байдал ийм тохиолдолд яах вэ?
    -Улс төрийн захиалга байгаа юм биш үү, шударга шийдвэр гаргасан гэдэгт эргэлзээ их байнаа гэсэн байр суурийг манай нам илэрхийлсэн. Бүгдээрээ дараагийн шатны шүүхийн шийдвэрийг харъя. Сар шинэ болох гэж байна. Сайхан мэдээ хүлээж авах байх аа гэж найдаж байна. 
    -Та бол ардчилсан оронд төлөвшлөө олсон хүн. Аймшигтай санагдахгүй байна уу. Өнөөдрийн монгол оронд өдөр бүхэн шүүх хурлууд болж, өдөр бүхэн хэдэн арван айлууд уй гашууд автан нэг хүнээ шорон руу илгээж байна шүү дээ?
    -Мэдээж аймшигтай санагдалгүй яахав. Би ямар оронд төлөвшиж, байр сууриа олж, боловсролоо авсан билээ. Ардчилал өндөр төвшинд төлөвшсөн орнуудад юун улс төрийн хоригдол, юун хүүхэд эмэгтэйчүүдийг олноор нь яллах. Шоронгуудаа хаах тухай л яригдаж байна шүү дээ. Тэр төвшинтэй өөрийн орны энэ байдлыг харьцуулахад ичмээр, эмгэнэмээр сэтгэгдэл олон удаа төрдөг. Өнгөрсөн оны долдугаар сарын нэгний үйл явдлыг бүгд мэдэж байгаа. Парламент дээр өршөөлийн хууль боловсруулагдагдаад явж байна. Би ажлын хэсэгт нь орсон байгаа. Өршөөлийн хуулийг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байгаа маань миний энэ үзэл бодолтой л холбоотой шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ хуулинд маань бас зөрчилтэй хоёр асуудал яваад байгаа. Нэг хэсэг нь зөвхөн хүүхэд эмэгтэйчүүдийг өршөөе гэж байгаа бол нэг хэсэг нь бүгдийг нь өршөөх бодолтой байгаа. 
    -Та аль хэсэгт нь багтаж байна?
    -Би бүгдийг нь өршөөх гэдэг дээр санал нэгтэй байгаа. Манай зарим гишүүд давтан хэрэг хийчихсэн улсууд байна. Тэднийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн байр суурийг баримталж байгаа. Гэтэл давтан хэрэг хийчихсэн нөхдүүдийг үлдээж, бусдыг нь өршөөе гэж ярьж байгаа энэ байр суурь маань өөрөө алдаатай байр суурь болчихоод байна. Бүгдээрээ хэрэг хийчихсэн гэж ойлгогдоод явчихаж байнаа даа. Долдугаар сарын нэгэнд тэр жагсаал цуглаанд оролцсон бүх улсууд хэрэг хийсэн гэмт хэрэгтнүүд болж хувираад байх жишээтэй. Ийм юм байж болохгүй л дээ. Энэ мэт төвөгтэй асуудлууд дундаас нь гарч ирээд байна л даа. 
    -Энэ хууль батлагдсан тохиолдолд одоогийн парламент түүхэнд хамгийн энэрэнгүй, хамгийн хүмүүнлэг гэсэн нэр хүндийг олох нь тодорхой. Гэтэл батлагдаж өгдөггүй. Одоо ер нь хаана нь саад байна вэ?
    -Би ч гэсэн тэгж бодож байна. Хүлээж байгаа хүмүүс маш олон байгаа. Ар гэрийнхэн нь нүдээ чилтэл хүлээж байгаа. Гишүүд энэ асуудал дээр үнэхээр анхаарал тавьж, сайн ажиллах хэрэгтэй. Хүний хувь тавилангийн асуудал шүү дээ. Олон нийтийн сэтгэл зүйд хажуугаар нь эдийн засгийн хямрал гээд хүнд цохилтууд орж ирлээ. Яг энэ үед бол төр засаг энэрэнгүй хандаж, ард түмнээ сэтгэл зүйн дарамтнаас нь бага ч гэсэн хөнгөлж өгөөсэй л гэж хүсч байгаа. Тэрний төлөө өөрийн хувь нэмрийг оруулах гэж л хичээж ажиллаж байна. 
    -Танай тойргоос энэ долоон сарын нэгний үймээнд оролцсон хүн хэр олон байгаа вэ?
    -Олон байгаа. 200 шахам хүн хүн байна. 
    -Хуульч С.Нарангэрэл эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэ төслийг боловсруулсан тухайгаа сүүлийн үед мэдээллийн хэрэслүүдээр их ярьж байгаа?
    -Тийм байх шиг байсан. 
    -Тэр төслийг УИХ-ын гишүүн Сайхансамбуу мөнгө төлж бичүүлсэн юм байна. Энэ үйл явдал надад бол инээдтэй санагдаад байгаа юм л даа. Хууль тогтоох дээд байгууллагад ард түмний сонголтоор очсон эрхмүүд энэ ажлаа хийж чадахгүй бусдад мөнгө төлж ажиллуулж байна гэдэг байж болох асуудал мөн үү. Та жишээ нь ажлын хэсгүүдэд яг өөрөө орж, хутгалдаж ажиллаж байгаа юу?
    -Тэгэлгүй яахав. Хажуугаар нь мэргэжлийн хуульчдаас зөвөлгөө авч явж байгаа. Би Сайхансамбуу гишүүний тухай энэ мэдээллийг сонсоогүй юм байна. 
    -Хамтарсан Засгийн газрын талаар та ямар дүгнэлттэй байна. Хүмүүс их удаан байна гэж шүүмжилж байгаа?
    -Хүмүүс шүүмжилж байгаа. Миний хувьд бол арай өөр байр суурьтай байгаа. Үр дүн л чухал. Урьд нь хийж чадаагүй улс орны ирээдүйд хэрэгтэй хичнээн чухал чухал ажлууд байгаа билээ. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна. Эдийн засгийн энэ хямралын үед улс орноо яаж авч гарах ёстой юм. Ямар ч л байсан хоёр хүчин хоёр талд талцаж, хэрэлдэж биш хамтраад зүтгэж байгаа нь чухал. Хэрвээ тийм байдалтай хэвээрээ байсан бол байдал илүү л муу байх байсан. Ер нь хэрүүл, тэмцэл, талцал одоогийн энэ хямралын үед бүр хэрэггүй. Бид ажиллах л ёстой. Засгийн газрыг ажлыг нь хийх бололцоогоор хангаж, дэмжиж ажиллах ёстой гэсэн байр суурийг би баримталж байгаа. 
    -Сонгуулийн үед танай “Дөрвөн бэрх” багийнхан сурталчилгаагаараа үнэхээр ялгарч байсан. Өнөөдөр нэг нь намын дарга, хамтарсан Засгийн газрын тэргүүн шадар сайдаар ажиллаж байна?
    -Үнэхээр гар нийлж ажиллаж байсан. Хүн болгон биднийг тэгж үнэлдэг. 
    -Гэхдээ би арай өөр зүйл асуух гэж байна. Танай АН дотроо олон бүлэглэлтэй. “Алтан гадас”, “МоАХ”, “МҮДН” гээд. Та альхан талд нь яваа вэ. Н.Алтанхуяг даргыгаа дагаад “Алтангадас”-д нь уу?
    -Би Ардчилсан нам гэдэг нэг л фракцын гишүүн гэж бодож байгаа шүү дээ. 
    -Дажгүй хариулт байна?
    -Үнэнээ л хэлж байна. (инээв)
    -Дараагийн бүлэг рүү орцгооё. Манай Кекүшюзаны хувийн амьдралыг олон нийт маш их сонирхож байгаа. Мэдээж энэ нь төвөгтэй санагдаж байгаа байх. Гэхдээ та супер од. Аль хэдийнэ энэ тавиландаа дассан байх. Энэ үүднээсээ тэгж их сонирхогдож байгаагаа ойлгодог байх гэж бодож байгаа шүү?
    -Ойлгоно л доо. Гэхдээ миний хувийн амьдралын талаарх мэдээллүүд хэнд хэрэгтэй, бас ач тустай юм бэ гэдэг их сонин. Хүмүүст мэдлэг өгөх мэдээлэл л илүү чухал гэж би хувьдаа үздэг ш дээ. 
    -Тийм ээ, гэхдээ олны танил, олны хүндлэлийг хүлээсэн хүн тэр тавилангаараа амьдарч дадсан байх ёстой. Төвөгшөөх хэрэггүй?
    -Та ч ятгахдаа сайн юм аа. 
    -Таныг сүүлийн нэг жилийн турш хэвлэл мэдээллийнхэн нэг л асуудлаар гороолж байгаа. Тэгэхээр таны хувийн амьдралд яг юу болоод байна вэ. Надтай илэн далангүй ярих байх гэж найдаж байна?
    -Хувийн амьдрал маш энгийнээр л хөвөрч байна. Хүнээс нэг их илүү гарчихсан ч юм алга. Бас дутуудсан ч зүйл алга. Хөлсөө гаргаж, зовж, зүдэрч, харийн газар спортод өөрийгөө зориулж олон жил амьдарлаа. Мэдээж юм бүхэн өөрийн цаг хугацаатай. Спортод байх миний тэр цаг хугацаа дуусч, зодгоо тайлаад эх орондоо ирсэн. Нэг үгээр миний амьдрал ахин цоо шинээр эхэлсэн гэсэн үг. Шинэ эхлэл ирсэн. Тэр шинэ эхлэл  маань надад урамтай сайхан үеийг авчирлаа. Би огт өөр салбарт ажиллаж байна. Энэ салбар өөрөө надаас асар их зүйлийг шаардаж байна. Гэхдээ би тэсвэр тэвчээрийг олсон хүний хувьд эрч хүчтэй ажиллана гэж бодож байгаа.      
    -Шинэ үе, шинэ учрал, шинэ амьдрал…Хүний амьдралд болдог л зүйл шүү дээ. Та эмзэглэх хэрэггүй?
    -Эмзэглээгүй. Гэхдээ таны асуултууд шахаад байна ш дээ. 
    -Тайван ярьцгаая. Залуу нас өөрөө алдаа оноогоор дүүрэн байдаг. Хувь заяанд ямар ч өөрчлөлт орж болно. Гайхаж хачирхаад байх зүйл биш шүү дээ?
    -Зодгоо тайлж ирээд яагаад ч юм нэг хэсэг би их ганцаардсан. Ганцаардмал байдал өөрт маань их мэдрэгддэг, дотроо олон зүйлийг тунгаадаг байсан л даа. Дасал болсон дэвжээ, хамт хөлсөө гаргаж явсан бөхчүүд, амьдарч хэвшсэн орчин бүх юм санагдаад жаахан тийм байсан. Би сэтгэл дотроо болж байсан энэ явдлын талаар өөр хэнд ч яриагүй. Дотроо л тээгээд даваад гарсан. Миний охин Токиод байдаг. Харин хүү маань над дээр байдаг. Хүүтэйгээ хоёулханаа амьдрах амаргүй байсан. Хичнээн аав ээж, ах дүүс, анд нөхөд байлаа ч гэсэн. Одоо бол тэр бүх байдал өөрчлөгдсөн. Хувийн амьдрал маань цэгцэрсэн. Намайг өмнөх гэр бүлээсээ тусдаа амьдрах болоод олон жил болсныг ойр дотныхон маань мэдэж байгаа. Та бүхэн ч гадарлаж байсан байх.  
    -Таны амьдралд шинэ бүсгүй орж ирсэн. Гэхдээ энгийн нэг эмэгтэй биш. Энгийн нэгэн байсан бол энэ асуудал илүү нам жим өнгөрөх байсан байж ч мэдэх юм. Гэтэл таны сонголт монголын нэртэй дуучин эмэгтэй байсан. Юун түрүүн энэ асуултад албан ёсны хариулт авмаар байна?
    -Үнэн. Анх удаа бидний хүндэтгэж явдаг сэтгүүлч танд албан ёсны хариултыг өгмөөр байна. Үргэлж л тааж, эсвэл шууд биднийг орлож, бидний өмнөөс янз бүрийн хариултууд зохиож, эсвэл цохилдуулах байдлаар яриан дундуур асуусан болж элдэв мэдээлэл гарч ирлээ. Энэ бүх асуудлыг цэглэмээр байна. Миний хувь тавиланд өөрчлөлт орсон. Одоо бид хамтдаа маш аз жаргалтай амьдарч байна. 
    -Баясгалантай хамгийн анх хэзээ танилцсан юм бэ?
    -Танилцсан тухайд бүр олон жилийн өмнө л дөө. Бараг анх гарч ирж байх үе нь болов уу. 
    -Тэр үед л танд тэр таалагддаг байсан юм уу?
    -Би ер нь л дуунд их дуртай л даа. Бүх дууг нь л сонсдог байсан. Машиндаа CD-г нь тавьчихаад л явж байдаг байлаа. 
    -Хайр сэтгэлийн холбоотой болсон нь хэзээнээс вэ?
    -Хоёр жилийн өмнөөс бүр дотно болцгоосон. 
    -Яагаад ийм удаан нуугаад байсан юм бэ?
    -Нуух ч юу байхав дээ. Хамгийн гол нь миний амьдралд улс төрд орох төлөвлөгөө байсан. Тэр төлөвлөгөө маань мэдээж чухал. Хувийн амьдрал маань хамгийн чухал. Хүн ер нь хамгийн чухал гэсэн болгоноо илүү хайрлаж, илүү гадны нөлөө тусахаас сэргийлдэг болов уу. Түүнээс биш амьдралын ханиараа сонгож байгаа хүнээ нуугаад явах зорилго юу гэж байхав. 
    -Т.Баясгалан бол маш эрч хүчтэй, үргэлж шинэ содон уран бүтээлээр үзэгчдийг байлдан дагуулж байдаг дуучин. Харин Кекүшюзантай учирснаас хойш уран бүтээлээ жаахан хойш нь тавьсан юм уу гэх гомдол фенүүдэд нь төрөөд байгаа юм шиг ээ?
    -Харин ч илүү эрч хүчтэй байгаа гэж бодож байгаа ш дээ. (инээв) 2009 оны анхны цомгийг гаргалаа. Хүмүүс харин ч эсрэгээр нь үнэлж дүгнэж байгаа юм болов уу. Шинэ цомгийг нь маш сайн хүлээж авч байх шиг байна. 
    -“Битгий мартаарай” цомог нь их гэгээн, өвөрмөц болсон байна лээ. Та ингэхэд түүний ямар дуунд илүү дуртай вэ. Лав л таны утсанд түүний “Чам руу л гэнэ дээ” дуу нь явдаг юм байна?
    -“Битгий мартаарай” гэж нэртэй шинэ цомог гаргасан. Энэ цомогт нь дандаа хуучны, ард түмний дунд хит болж байсан, жар далаад оны уянгын дуунууд орсон. “Анхны алхам” киноны дуу, “Загийн алим” киноны дуу гэх мэтчилэн. Би сүүлийн үед энэ шинэ цомгийнх нь дуунуудыг их сонсох дуртай болоод байгаа. “Хурд” хамтлагийн гитарчин Нарсартай хамтарч, дан гитартай дуулсан нь их өвөрмөц болсон санагддаг. Сонсоход их зөөлөн, аялгуу нь тансаг, үг нь их сайхан, дээр нь маш гоё дуулсан. Холын замд машиндаа сонсоод явж байхад сэтгэлд их сайхан. Би ер нь бүх дуунуудад нь дуртай л даа. Шинэ цомгоос нь бол “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэдэг дуунд илүү  дуртай. 
    -Тэгвэл Баясгаланг уран бүтээлээсээ хөндийрлөө гэж фенүүд нь гонсойх шаардлагүй юм байна? 
    -Дуучин хүн уран бүтээлээсээ хөндийрнө гэж юу байхав дээ. Гэхдээ өөрөө бол хувийнхаа амьдралыг бүх зүйлээс нэгд тавина гэсэн шийдвэр гаргасан. Түүнд шинэ жилээр гэхэд маш их урилга ирсэн. Японоос ч ирж тоглооч гэсэн урилга ирээд очоогүй. Нэг ч урилга хүлээж аваагүй. Бас нэг ч мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөөгүй. Үргэлж дуулиан шуугиан, уран бүтээлийн өрсөлдөөн дунд амьдарч байсан  атал ийм шийдвэр гаргаад өөрийгөө тасалж авч үлдэж чадаж байгаа тэр чанар нь надад маш их таалагдсан. Ганц хоёр оронд бурханы дуу дуулах урилга ирснийг харин хүлээж аваад явж дуулсан. 
    -Үнэхээр чухал шийдвэр. Хүн өөрийн хувийн амьдралын өмнө хариуцлага гаргах ёстой байх л даа. Та хоёрын ямар зан чанар хоорондоо адил төстэй вэ?
    -Бид хоёр хөгжилтэй зангаараа адилхан. 
    -Манай Баясгалан их цагаан цайлан сэтгэлтэй, монголын ард түмэнд их хайрлагддаг дуучин л даа. Юмыг араар биш ил шулуухан хэлчихдэг, тэр хэрээрээ их нээлттэй хүн. Мэдээж та амьдралын ханиараар сонгосон юм чинь илүү олон сайхан чанарыг нь өөртөө нээсэн байх?
    -Жинхэнэ монгол эмэгтэйн хайр халамж мэдрэгддэг. Баясаа хөдөө талд морио унаад давхисан ч, гадаадад хамт явж байсан ч бүх талаар байгаа орчиндоо гайхалтай нийцэж чаддаг. Энэ чанар нь надад маш их таалагддаг. Халамжаар бол хэнийг ч дагуулахгүй. Хоолыг хүртэл ямар ч рестораны хоолыг сонирхолгүй болтол хийдэг. Эргэн тойрондоо гэрэл гэгээтэй. Юмыг шулуухан хэлчихдэг. Шударга зан чанартай. Бас их нинжин сэтгэлтэй. 
    -Ээж нь таныг хэр хүлээж авсан бэ?
    -Сайхан хүлээж авсан. Бид хамтдаа л амьдарцгааж байгаа. Сайхан сэтгэлтэй, сайхан хүн шүү дээ. 
    -Сонин юм шүү. Танай хоёр ээж адилхан нэртэй биз дээ?
    -Харин тийм. Хоёулаа Ж.Жавзандулам. Сонин тохиолдол. 
    -Та түүнд хайр сэтгэлээ анх яаж илэрхийлсэн бэ. Энэ мэдээж сонирхолтой мэдээлэл шүү дээ?
    -Нарийн нарийн юм асуух юм аа. (инээв) Хувь тавилан биднийг учруулсан. Энэ л том бэлэг. 
    -Улстөрч болоод улам хашир болчихоо юу даа?
    -Хашир байхгүй бол болохгүй байна ш дээ.
    -Таны ээж аав түүнийг яаж хүлээж авсан бол?
    -Би яаж ханддаг билээ яг тэрэн шиг л хүлээж авна шүү дээ. Сайхан хүлээж авсан. Тэд бие биедээ их хүндэтгэлтэй ханддаг. Бидний яриа нэлээд дэлгэрэнгүй болох шиг санагдлаа. Одоо болох байх аа. Би цагийн дараа нисэх юм л даа. 
    -Одоохон таныг орхилоо. Гэхдээ сүй тавьснаа нуугаад байгаа юм уу даа?
    -Ноднин 11 сарын нэгэнд сүй тавьсан. Бидний амьдралын хамгийн мартагдашгүй өдөр болсон байх. 
    -Монголдоо сүй тавьцгаасан биз дээ?
    -Мэдээж монголдоо байлгүй яахав дээ.
    -Японд арал дээр хуримаа хийлээ гээд л сонин дээр бичсэн байсан?
    -Хэвлэлүүд янз янзаар л бичдэг шүү дээ. 
    -Нээрээ хэвлэлүүдээр гардаг тэр мэдээллүүдэд та хоёр яаж ханддаг вэ. Жишээлбэл хамгийн сүүлд муудалцаад салчихлаа гээд л бичсэн байх шиг байсан?
    -Маажчихаад явчихлаа гээд л үү. (инээв) Хэн хэн маань бичүүлээд сурчихсан улс шүү дээ. Инээгээд л өнгөрөөдөг. Манай хүн гадаадад байгаа. Бараг хоёр сар болж байна. Ор тас худлаа мэдээлэл их гарах юм л даа. 
    -Хуримаа хэзээ хийх гэж байна?
    -Удахгүй хийнээ. Хуримын тухай бараг хоёр жилийн өмнө л бидний төлөвлөсөн төлөвлөгөө байгаа. Тэрийгээ биелүүлнэ. 
    -Монголын хоёр сайхан нэртэй төртэй залуу гэрлэж, хамтын амьдралын гараагаа эхлээд явж байгаа юм байна. Мэдээж энэ мэдээлэлд монголчууд таатай байгаа байх. Ингээд танд сүүлийн хариултыг үлдээе?
    -Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Ард түмэндээ сар шинэдээ сайхан шинэлээрэй гэж ерөөе. Биднийг дэмжээрэй. Тус тусын салбартаа амжилт гаргаж, та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүй явахыг хичээнээ. 
    -За, баярлалаа. Таны улс төрд амжилт хүсч, танай гэр бүлд аз жаргал ерөөе?
    -Ерөөл бат оршиг. Баярлалаа.  

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан