Бүх юм хүндэрч байна. Үндэсний маань мөнгөн тэмдэгт газарт үнгэгдэн унаж, доллар, евро, юанийн ханш өдрөөс өдөрт галзуурч байна. Одоо бид яах вэ.
    Гэхдээ хонгилийн үзүүрт гэрэл сүүмэлзэж байнаа. Монгол түмний улс үндэстнээ гэсэн итгэлийн гэрэл шүү дээ. Жишээ нь Монгол төгрөгийнхөө үнэ хүндийг сэргээхийн төлөө олон нийтийг уриалан дуудсан манай сонины хэлэлцүүлгийг хүмүүс эх оронч сэтгэлээр хүлээн авч байна. Үнэхээр мэдрэгдэж байна. Төвийн зарим хэвлэл бидний санаачилгыг дэмжиж, энэ үйлсийн төлөө хамтран ажиллахад, дуу хоолойгоо нэгтгэхэд бэлэн байгаагаа зарлалаа. Энэ бол сайн мэдээ. Сайн үр дагавар. Эцсийн дүндээ монголоо гэсэн сэтгэл зүрх маань биднийг ядах юмгүй нэгтгэх юм байна. Өөрөөр хэлбэл, энэ сэтгэл зүй бидэнд эдийн засгийн хямралын эсрэг нэгдэх асар их хүч байгааг илтгэж байна. Холын юм хүлээж, хоёр толгой тойрон улс төржиж суухаас илүү үр дүнтэй гарц бол ерөөсөө Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих халуун сэтгэл л юм байна. Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой болгоноо монголчууд бид өөрсдөө хэрэглэхээс бүх зүйл эхлэх нь.
    Нэг үеэ бодвол бид боломжтой зүйлсээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон. Энийгээ үнэлж, олж харж, амьдрал ахуйдаа нэвтрүүлэх элгэмсэг сэтгэл л жаахан дутаад байна. Өмсөх хувцас, идэх хоол, уух ундаа гээд өргөн хэрэглээний бүх бараа материалыг монголчууд үйлдвэрлэж байна. Гадны юм л сайн гэсэн тэнэг сэтгэлгээнээсээ бид яг одоо салмаар байна. Эх оронд маань эдийн засгийн хямрал бодитой нүүрлээд буй энэ хүндхэн үеийг туулах хамгийн чухал жор бол хүрэн бөөртэй гадныхны бизнесийг биш өөрсдийгөө дэмжихээс эхлэмээр байна. Өөрсдийгөө…Өөрийн эх орон нэгнүүдийгээ…Үндэсний компаниудаа гэсэн үг. Тэднийгээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэж байгаа жинхэнэ монгол бараагаа өргөнөөр хэрэглэхээс бүх зүйлээ эхлэе. 
    Эх орондоо амьдарч байгаа монгол хүн бид элгээ яагаад наашаа эргүүлж болохгүй гэж. Бид энгийн хэрэглээнээсээ л эхлэе. Монгол үйлдвэрийн цамцаа өмсч, монголчуудынхаа нэхсэн оймсыг өмсөж, моносын тосоо түрхэж, монгол эзэнтэй бааранд орж, монгол шар айргаа ууцгаая. 
    Ингэж ил тод уриалж байгаа маань гадны хөрөнгө оруулалттай компаниудын, гаднаас бүтээгдэхүүн оруулж ирдэг газруудын дургүйцэлтэй тулгарах л байх. Гэхдээ энэ хүнд үедээ бид ингэж л нэгдэхээс илүү гарц алга. Алийн болгон бид амьтны аясаар, айлуудын арганд молиго үмхэж явах юм бэ. 
    Жишээ татъя. Орой үдшийн цагаар манай залуучууд чөлөөт цагаа шөнийн клубуудээр өнгөрөөж байна. Гоё нэртэй, том сурталчилгаатай, гэхдээ энүүхэн урд хөршид л савлаж оруулж ирээд байгаа шар айрагнуудыг хулхидуулаад л ууцгааж байна. Доргих дуртай монголчууд боргиогоо л уугаад сууж байя л даа. Боргио бол монголын брэнд. Монгол компанийн бүтээгдэхүүн. Хятадад савлаад л вагон вагоноор нь оруулж ирээд бидний ходоод руу гоё сурталчилгаа, том компанийн сүр хүч хоёроор дулдуйдан цутгаж байгаа гадны бүтээгдэхүүнүүдээс бүгдээс нь татгалъя. 
    Хүний хүрэн бөөртэй айлуудын бизнесийг дэмжиж байгаа маань биднийг хямралаас гарахад ямар ч нэмэр болохгүй. Саяхан Мобиком яалаа. Манай банкууд сандралд орж, Манай төр мөнгөний бодлогоо тойрон язганаж, хуралдаж хэлцэж бөөн юм болж байх зуур ар хударгаар 50 сая доллараа гадагшаа гаргачихсан. Одоо бид Мобиком шиг хүрэн бөөртэй айлуудаас татгалзаж, Үндэснийхээ үүрэн телефоний компанийг дэмжье. Жишээ нь, Жи мобелийг дэмжиж яагаад болохгүй гэж. Гадны хөрөнгө оруулагчтай, гадагшаа бүх ашгаа гаргачихаж байгаа компаниудтай өрсөлдөх гэж үйлээ үзэж байна шүү дээ. Ийм нөхцөлд эх оронч сэтгэлтэй хэрэглэгчдийн шийдвэр л том алхам болно. 
    Эх оронч үзлийг бид энд тэндээс хайх хэрэггүй юм. Өнөөдрийн хэрэглээнээсээ л эхлэх зүйл гэдгийг дор бүрнээ тунгаах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчид маань ч ингэж унжийж суумааргүй байна. Эх орноо аврахын тулд, эдийн засгийн хямралыг хамтдаа даван туулахын тулд ажиллах хэрэгтэй. Бид дэмжье. Бидэнд захидал бич. Бид эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжинэ. 
    Монгол ноолуураараа гоёж, монгол сүүгээ ууж, монгол хүний бизнесийг дэмжицгээе. Оросоос орж ирж байгаа шар сүүг орхиж, одооноос Сүү хувьцаат компанийнхаа цэнхэр савтай сүүг авцгаая. Хятад гурил, хятад шар айраг, хятад оймсноос татгалзцгаая. “Алтан тариа”-ныхаа гурилыг идэж, амтат Боргиогоо ууж, АПУ, САПУ-гаа дэмжиж амьдарцгаая. Урлаг спортын одууд ч зөвхөн мөнгө биш, эх оронч сэтгэлээ түшиж реклам сурталчилгаанд оролцож байя. Энэ бол эдийн засгийн хямралын үед эх орноо авч үлдэх хамгийн том сэтгэлийн эе эв, итгэл найдвар юм шүү. 
    Ахиад уриалж байна. Доргио залуус Боргиогоо сонго. Эндээс л эхэлцгээе.Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, Үндэсний эрх ашгаа дээдэлж амьдарцгаая. Бид чадна шүү дээ.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан