С.Эрдэнэ:Амьдралын хатуу, хөтүүг ханатлаа амслаа

    “Ярилцъя” булан шинэ зочныхоо хамт уншигч тантай мэндчилж байна. Энэ удаагийн зочин маань олны танил эрхэм төдийгүй одоогийн байдлаар ээлжит дуулиан шуугиан дунд зогсч буй Баянголын хэмээн овоглогддог, улстөрч С.Эрдэнэ билээ. 
    -Миний өмнө сууж байгаа Эрдэнэ багагүй асуудалтай байгаа. Гэхдээ яриагаа арай өөр сэдвээс эхлэмээр байна. Э.Бат-Үүл гишүүн намынхаа одоогийн удирдлагыг зарчмын бус аргаар гарч ирсэн гэж шүүмжилж байсан. Мөн намынхаа их хурлыг хуралдуулахын төлөө ажиллана гэж мэдэгдсэн. Энэ асуудал юу болсон бол. Таны байр суурь ямар байгаа вэ?
    -Манай Э.Бат-Үүл намын удирдлагыг сонгох асуудал дээр дүрмийн дагуу бүх зүйлийг хийхийг эхнээсээ шаардаж байсан л даа. Тэр байр сууриараа л явж байгаа байх. Би ч гэсэн энэ асуудал дээр Э.Бат-Үүлтэй санал нэг байдаг. Гэхдээ нэгэнт тухайн үед ҮЗХ олонхоороо шийдвэр гаргаад л, одоогийн энэ намын удирдлагыг сонгосон. Энэ үйл явц зарчмын дагуу явагдсан эсэхийг манай намын хяналтын ерөнхий хороо авч хэлэлцэж албан ёсны хариу өгчихсөн бол өөөдөр ийм маргаан гарч ирэхүй байсан. Та надад ийм асуулт тавихгүй байх байсан. 
    -Үе үеийн бүх дарга нар намын их хурлаас сонгогдож ирсэн. Энэ удаа ҮЗХ хуралдаад л намын толгойг сольчихсонд бүх учир байна?
    -Намын даргыг сонгох журамд өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг тухайн үед шийдсэн. Энэ нь өөрөө зөв практик байсан юм уу, буруу практик байсан юм уу өнөөдөр шууд хэлэх аргагүй. Цаг хугацаа харуулах биз дээ. Намын их хурлыг хуралдуулах шаардлага байна уу гэвэл байна. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал бол гарцаагүй Ардчилсан намын их хурлыг шаардаж байна. Гэвч өнөөдөр Ардчилсан нам маань өөрөө хаана, ямар орон зайд, ямар төвшинд зогсч байгаа нь өөрөө тодорхойгүй байна. Нийгмийн сэтгэл зүйг шинжээд үзсэн ч, мэдээллийн бүх урсгалуудаас дүгнэлт хийгээд үзсэн ч Ардчилсан намыг хайсан, хүлээсэн, итгэж найдсан асар том хүлээлт үүсчихсэн нь өдөр ирэх тусам мэдрэгдэж  байна. 
    -Нэртэй улстөрчдийн тэмдэглэж хэлсэн дүгнэлтүүдээс танай намтай холбоотой нийгмийн ой санамжинд үлдсэн нэг дүгнэлт байдаг.  Тэр бол Баабарын хэлсэн “АН өнөөдөр сэхээнд байна” гэсэн алдарт үг.  Одоогийнх нь байдлыг тодорхойлооч хэмээх хүсэлтийг улстөрч С.Эрдэнэд тавьбал?
    -Өнөөдөр Ардчилсан нам маань орших, эс оршихуйн зааг дээр л байж байна. АН ард түмний өмнө хэрэгтэй цагт нь итгэл найдварынх нь илч байж чадах уу, үгүй юу гэдэгтээ хариу өгөх мөч иржээ л гэсэн үг шүү дээ. Нийгэм АН-ыг хүлээж байна. Нийгэм АН-ыг үгүйлж байна. Гэхдээ өнөөдөр АН тэр хүлээлт, тэр дуудлагад ямар ч хариу өгөх тэнхэлгүй л байгаа байхгүй юу. Яагаад би тэнхэлгүй гэж хэлж байгаа юм гэхээр өнөөдөр улс төр, эдийн засагт үүсчихээд байгаа энэ хүнд нөхцөл байдалд өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй байна. Цөөн тооны хэдэн дарга, удирдлагууд энэ асуудалд хариулт өгөхгүй ш дээ. Нам бүхлээрээ энэ асуудлыг авч хэлэлцэж, буруу зөрүүг нь шүүж тунгааж байж нам их хурлаараа ч юм уу, удирдах дээд байгууллагынхаа төвшинд энэ асуудалд хариулт өгөх ёстой. Үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. 
    -Зарчмын хувьд сонгуулийн үр дүнгээр АН бол цөөнх болсон. Өнөөдөр тэр цөөнх алга байна?
    -Алга.
    -Онолын утгаараа өнгөрсөн хугацааны туршид зүүн, баруун гэгдэж явсан хоёр нам нэгдээд нэг гэрт орчихлоо. Практикт бол их л онцгой нөхцөл байдлын үед сөргөлдөгч хүчнүүд хамтарсан засаг байгуулж ажилладаг юм билээ. Өөрсдөө бол талцалт, эв нэгдэлгүй байдлаас улс орон залхсан учраас бидэнд хамтарч зүтгэхээс өөр арга зам алгаа гэж тайлбарлаж байгаа. Танд ямар дүгнэлт байна?
    -Би бол анхнаасаа л арай өөрөөр харж байсан. Анхнаасаа л үүний эсрэг, шүүмжлэгчийн байр суурин дээр байсан. Идэвхтэй эсэргүүцэгчийн байр суурин дээр ч бас би байгаагүй. Шүүмжлэгчийн байр суурин дээр бол одоо ч байгаагаа хэлсэн. 
    -Тэрнийхээ горыг өнөөдөр амсаж байна гэж таны тухайд зарим ажиглагчид үзэж байгаа. Хамтарсан засгийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг бол С.Эрдэнэ. Тэрнийх нь хариу болгож өнөөдөр  түүний өмнө төрөл бүрийн саадыг босгож ирж байна гэж ?
    -Үгүйсгэхгүй. Магадлалтай байж болох гаргалгаа. Гэхдээ би яг тийм,ийм гэж үнэлэлт дүгнэлт өгөхөд бас арай эрт байна ш дээ. Бид ярьдаг биз дээ. Хамгийн үнэнч, хамгийн шударга шүүх бол цаг хугацаа гэж. 
    -Тэгсээр байтал бүрэн эрхийн тань нэг жил өнгөрчихлөө шүү дээ?
    -Аяндаа цаг хугацаа харуулах л байх. Улстөрч хүний хувьд шулуухан хэлэхэд аливаа цаг хугацааны өмнө тэвчээр, хүлээлт, улстөрч хүний байр суурийг хадгалах чадвар зайлшгүй байх ёстой гэж ойлгож байгаа. Юм болгонд адгаад, юм болгонтой жөтөөрхөлцөөд, юм болгон руу хүч түрээд байж болохгүй шүү дээ. 
    -Гэхдээ амьдрал бол таны тэсвэр тэвчээр, мөн чанар, эрийн хатыг бишгүй шалгасан. Та уужуу хүн юм. Өнөөдөр нэг шинэ мэдээлэл ирсэн. Тэр тухай та сонсоо болов уу?
    -Ямар.
    -Тантай хамт Баянгол дүүргийн сонгогчдын төлөөлөл болох ёстой  Тэмүүжин, Энхбат хоёр ажиглагч гишүүн гэсэн шинэ статус зүүж ордонд орж байгаа тухай. Ийм юм байж болох уу. Хүмүүс их л хачирхан хүлээж авч байх шиг байна?
    -Би одоо л сонсч байна. Түр үнэмлэхээ авсан хүмүүст ажлын өрөө дунд нь гаргаж өгөх юм гэнэ лээ гэсэн сураг бол байсан. Би маш их гайхаж байна. Монгол улсын ямар хуулинд ажиглагч гишүүн гэдэг статус байдаг юм. Хууль бус ийм үйл ажиллагаа явуулдгаа болимоор байна. Хуулийг гуйвуулдгаа болиоч ээ. Хоёрдугаарт, яахаараа түр үнэмлэхээ авсан дөрвөн гишүүний хоёр нь ажиглагч гишүүний статус аваад, хоёр нь чимээгүй ингээд байж байдаг юм. Яагаад ингэж алагчилж үзээд байгаа юм бэ. Магадгүй, өнөөдөр Эрдэнээг шүүх хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа энэ тэр гэсэн янз янзын үндэслэл хэлж магадгүй л дээ. Гэхдээ энэ чинь тэс өөр хуулиар зохицуулагдах асуудал шүү дээ. Миний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх асуудал бол сонгуулийн хуулиараа зохицуулагдана. Эрдэнэ гэдэг иргэн хувь хүнийхээ хувьд алдаа оноо гаргаж уу, үгүй юу гэдгийг бусад шалгадаг газрууд нь аяндаа шалгаад л гаргаад л ирнэ ш дээ. 
    -Тэмүүжин, Энхбат, Мөнх-оргил та дөрөв яагаад баг болж ажиллахгүй байгаа юм бэ. Ц.Мөнх-оргил усанд хаясан чулуу шиг алга болсон. Нөгөө хоёр нь болохоор хөтлөлцөөд гүйгээд байдаг. Та энд ганцаараа. Яагаад вэ?
    -Нэгдүгээрт, би ганцаараа байя гэж хүсээгүй. Хоёрдугаарт, Энхбат, Тэмүүжин хоёрын зүгээс надад ямар нэгэн санал тавиагүй.
    -Тэмүүжин чинь танай намын гишүүн биз дээ. Та хоёр яагаад дүэт биш байгаа юм бэ?
    -Би одоо мэдэхгүй юм. Янз янзын асуудлаар Тэмүүжинтэй хамтрах, энэ асуудлынхаа араас хамтдаа тэмцэх санал санаачлагыг би тавиагүй биш тавьсан. Харамсалтай нь манай Тэмүүжингээс ямар нэгэн санал надад одоо болтол ирээгүй байна л даа. 
    -Шинэ үе дотроо танигдаж байгаа, гайгүй хуульч гэж нийгмийн харж байгаа хүний нэг л дээ. Гэхдээ энэ тохиолдолд жаахан хуншгүй л харагдаж байна. Нэг нөхөр нь элдэв инээдтэй юмаар гороолуулаад явж байхад хуульчийн нөмөр нөөлгөө үзүүлж, хамтраад тэмцэж болох шүү дээ?
    -Хүний мөс чанарын тухай асуудал өөрөө их эмзэг асуудлуудын нэг шүү дээ. Тийм амархан нэг үйлдэл дээр ч юм уу, эсвэл нэг удаагийн байр сууриар, нэг удаа хэлсэн үгээр нь ч юм уу дүгнэчихэж болдоггүй. Тэр хүнд алба ч байхгүй шүү дээ. Та намайг бөөрөнхий хүн байна гэж битгий бодоорой. Аяндаа хэн бэ гэдгийг нь цаг хугацаа л харуулна. Би Тэмүүжинг үнэлдэг. Чадалтай, монголын улс төрд орж ирэх ёстой залуучуудын л нэг гэж үздэг. Үнэндээ тэр хоёр нөхөр маань ямар үндэслэлээр нэгдээд, ямар зарчим дээр тохироод хоёулаа гүйгээд байгааг би хэлж мэдэхгүй байна. Би бас тэр хоёр хүнийг ингээд явж байгаад нь нэг талаас баярлаж байгаа. Яагаад гэвэл эхний ганц хоёр сар энэ гурав маань чимээгүй л байсан. Миний хувьд л маргалдаад л, асуудлыг тавиад л яваад байсан. Сүүлийн нэг сар гаруйн хувьд Энхбат, Тэмүүжин хоёр маань нэлээн эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлж байх шиг байна.  
    -Таныг Баянголоор овоглодог. Хаа ч явсан Баянголын Эрдэнээ л гэдэг. Танай сонгогчид энэ асуудалд хэрхэн ханддаг юм бэ?
    -Өдөрт хэдэн арваараа л хандаж байгаа. Та хэзээ бидний сонголтыг баталгаажуулж, бидний төлөөлөл болж парламентад суух гэж байна вэ гэж. Гурав дөрвөн сонгуульд л таны төлөө саналаа өглөө. Яахаараа таныг ингээд гаргадаггүй юм бэ гэсэн асуултыг тавьдаг. Би мэдэж байгаа зүйлдээ хариу өгдөг. Чадахгүй, хүчрэхгүй байгаа зүйлдээ хариу өгдөггүй. Гэхдээ би өнөөдөр УИХ-ын танхимд хөл тавьж чадаагүй байгаа ч гэсэн дүүргийнхээ ямар ч иргэний тавьсан асуудлыг аль болох шийдүүлэх тал руу нь хөөцөлддөг. Явдаг. 
    -Ер нь бол таныг залхаах гээд байгаа юм биш үү. Ингэж шүүх энэ тэрд дуудагдаж, элдэв эрэг боолтны хэрэгт сэрдэгдэж, санаа сэтгэлээр дарамтлуулж явахаар бүр хаячихаж болдоггүй юм уу. Хаячихвал энэ хэрэг гэгч нь хаагдчих юм биш үү?
    -Хэрвээ тэгэх л юм бол би улс төрд 20 жил явахын хэрэг юу байсан юм бэ. Өнөөдөр би яах гэж 20 жил ингэж зүтгэсэн юм. Яах гэж олон арван нөхдөө уриалж, энэ ардчилал гэдэг зүйлийн төлөө явсан юм. Миний төдийгөө өдий хүртэл зүтгэж ирсэн амьдралын бүх утга учир алдагдана биз дээ. Хоёрдугаарт, улстөрч гэж ямар хүн байх ёстой юм бэ. Манайд бол улс төрийг хүмүүс албан тушаалд хүрэх гишгүүр, шат гэж ойлгодог. Би бол арай өөрөөр ойлгодог. Нэгдүгээрт, улстөрч хүн бол тэмцэгч байх ёстой. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон тэрийг давах тэнхээтэй байх ёстой. Тэгж байж улстөрчийн нэгдүгээр шинжийг бүрдүүлж чадна. Хоёрдугаарт, улстөрч хүн гэдэг бол эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалын төлөө гэхээсээ илүү улс орон, ард түмнийхээ төлөө явсан тэр зорилгоо биелүүлэхийн төлөө явдаг байх ёстой. Гуравдугаарт, улстөрч хүн хүнлэг байх ёстой. Ингээд дэлгэрүүлээд яриад байвал маш олон шинж бий. Миний хамгийн гол эрхэмлэж явдаг юм улстөрч хүн өөрийнхөө зөв гэж үзээд, өөрийнхөө зорилго зорилт болгож тавьсан асуудлын төлөө хэзээ ч шантрашгүй тэмцэгч байх ёстой. Нелсон Манделлаг хар. Хорин хэдэн жил шорон орон, цөллөгөөр явж, янз янзын хатуу эрүү шүүлт давсан. Эцэст нь тэр хүн зорилгодоо хүрч чадсан. Ийм жишээ дэлхий дээр маш олон байгаа. Монголд ч маш олон байгаа. Бидний өвөг дээдсээс олон мянган хүн улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болж өнгөрч байсан. Гэхдээ тэнд нэг л эрхэм нандин зүйл үлдсэн. Тэр нь юу вэ гэхээр тэр хүн хэзээ ч улстөрч гэдэг имижээ алдаагүй. Тэр хүн хэзээ ч тэр зорилгоосоо ухраагүй. Улс төр гэдэг бол тайван цагт сонгуулийн аргаар засгийн эрхийн төлөө тэмцдэг, засгийн эрхийг авснаараа улс орны хөгжил дэвшлийн төлөө дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх нөхцлийг өмнөө бүрдүүлдэг ийм л зүйл. Хэцүү хүнд нөхцөл тулгарвал, шаардлага гарах юм болл зэвсэг бариад тэмцэх хэмжээнд шилжиж чаддаг ийм л хүн байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд наад захын бэрхшээлд л өвдөг сөхөрдөг улстөрчид зөндөө байна шүү дээ. Эсвэл зүгээр л хэн нэгнийг аялдан дагалддаг. Хэн нэгний нөмөр нөөлөгт амьдардаг. Тийм улстөрчид өнөөдөр монголд хэдэн зуугаараа байна. Зүгээр л нэг хүн гар далайхад л аль эрт сөхрөөд суучихсан байдаг. Нэг мэдэхэд л тэр хүний дарангуйлалд орчихсон явж байдаг. Ийм улсууд улстөрчийн шинжийг хадгалж чадахгүй ээ. 
    -Парламентад байгаа танай намын нөхдүүд энэ 25 дугаар тойргийн асуудалд хэр анхаарал тавьж байгаа вэ. Бэлгэдлийн шинж чанартайгаар хааяа нэг санахаараа ярьчихаад, амиа хоохойлоод сууцгаагаад байгаа юм шиг ээ?   
    -Бүр анх бүлгийн төвшинд хуралдаад юу гэж тохирсон бэ гэхээр ямар ч байсан өргөн баригдсан гишүүд нь тангаргаа өргөе, тэгээд дараа нь Баянгол, Дорнодын асуудлыг (тэр үед Дорнодын асуудал бас байсан) хуулийн хүрээнд шийдэх хүртэл УИХ-ын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй ээ, энэ асуудлыг шийдүүлэхийн төлөө ажилланаа гэсэн ийм л тохиролцоогоор тухайн үед өргөн баригдчихсан байсан гишүүд маань тангаргаа өргөсөн л дөө. Харамсалтай нь тангараг өргөсний дараа юу хатгасан юм бүү мэд гэнэтхэн л хамтарсан засаг масаг болоод явчихсан байхгүй юу. Юу болоод байгаа юм бэ. Зарчмаа яачихав аа. АН-д маань ирэх ёстой гурван суудлаа яаж байгаа юм бэ гэсэн асуудал тавьсан. Нэлээн ширүүн маргаан болсон. Тэгээд нөхөд маань улс орны нөхцөл байдал хүнд байна. Хуулийн хүрээнд шийдэх асуудал олон байна. Ямар ч байсан урдах асуудлуудаа шийдэж байтал энэ асуудлыг хамтад нь шийдэж болох байх гэж тайлбарласан л даа. 
    -Сая би парламентад байгаа гишүүдийн тань байр суурийг асуулаа. Нам тань сонгогчоо төлөөлж чадахгүй байгаа хоёр гишүүнийхээ төлөө юу хийж байгаа юм бэ. Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр болохоор Нам байх шиг байна. Тэмүүжин та хоёрын асуудал дээр Нам алга байх шиг байна?
    -Одоо парламентад байгаа 26 гишүүн маань бүгд мартчихсан, орхичихсон гэвэл үгүй л дээ. Нэлээн олон гишүүн энэ асуудалд санаа тавьж, үүний төлөө хөөцөлдөж байгаа. Би үүнийг зүй ёсоор хэлэх ёстой. Харамсалтай нь бүгдээрээ ингэж явахгүй байгаа л даа. 
    -Чуулганы зарим ажиллагааг хараад үнэхээр гуниг төрөх юм. Сая Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийн асуудал ороод ирэхэд ганцхан Ц.Элбэгдорж л зарчмын байр суурийг илэрхийллээ. Сөрөг хүчин таг. Бүгд тонгойгоод урдах цаасаа имрээд суучихсан. Тэгж тэгж бүгд дэмжээд л кнопоо дарж байх жишээтэй?
    -Надад өнөөдөр маш олон зүйл гунигтай харагддаг. Ганцхан Монголбанкны жишээ ч биш. Өнөөдөр улс орон ямар хүнд байдал руу орж эхэлж байна. Дорвитой арга хэмжээ авах тал дээр ерөөсөө л ажиллахгүй байна шүү дээ. Төрийн бүх төвшинд энэ рүү анхаарлаа хандуулах болчихсон. Харамсалтай нь анхаарч байгаа байдал ерөөсөө л харагдахгүй байгаа байхгүй юу. Тодорхой хөрөнгө чинээтэй, ажилтай албатай улсынх нь амьдрал болоод л байна л даа. Гэтэл яг зээлээс зээл дамжиж бизнес хийдэг, хөөрхий өнөөдөр таван цаасны зээл аваад тэрнийхээ хүүг төлөөд амьдарч явсан олон мянган жижиг дунд бизнес эрхэлж байсан улсууд сөхөрч эхэлж байна. Түрүүчээсээ дампуураад үүд хаалгаа хааж байгаа компаниуд мэр сэр дуулдаж эхэлж байна. Энэ хэвээрээ байгаад байвал улам л хүндэрнэ. Хувийн хэвшлийн хувьд өнөөдөр цалин тавих асуудал үндсэндээ зогсч эхэлж байна. Яах юм. Мөнгө байхгүй юм чинь. Бэлэн мөнгөний хомсдол дэндүү гамшгийн хэмжээнд хүрчихлээ шүү дээ. Үл хөдлөх хөрөнгөө зараад цалингаа тавья гэсэн ч худалдаж авах хүн байхгүй байна. Борлуулах ямар ч зах зээл алга. Бизнесийн салбараа үндсэндээ хаячихлаа. Зөвхөн хэдэн арилжааны банкуудаа л түр аргацааж байна. 
    -Хамтарсан Засгийн газрын оршин тогтнох хугацааг ажиглагчид янз бүрээр таамагладаг. Зарим нь ерөнхийлөгчийн сонгуулийн дараа унанаа гэж байхад, зарим нь нэлээн сайн бэхэлгээ хийж авах шиг боллоо тэснэ гэх жишээтэй. Та юу гэж харж байна?
    -Би тийм тооцоо хийж үзээгүй. Ямар үзмэрч биш. Нийгэмд дорвитой юу хийж бүтээв гэвэл өнөөдрийг болтол юу ч хийгээгүй л байна. Гарт баригдаж, нүдэнд харагдах юм юу хийв. Юу ч хийгээгүй л байгаа биз дээ. Бүтэц зохион байгуулалтынхаа асуудалтай зууралдсаар байгаад л он гарлаа шүү дээ. Тэрийгээ ч бүрэн төгс хийж дуусаагүй. Энэ маань уг нь их буруу жишиг. Төрийн албыг идэвхгүй байдалд шилжүүлдэг. Улс орныг тэр чигээр нь хүлээлтийн байдалд оруулдаг. Төрийн албанд хүлээлтийн, идэвхгүй байдал үүснэ гэдэг маш том гамшиг. Эдийн засгийн орчинд мөн томоохон алхмууд хийгдэх болов уу гэж харж байгаа. Одоогоор таг л байна. 
    -Бид хамтарсан засгийн газрын талаар ярьж байна. Та шүүмжлэгчийн байр сууринаас асуудалд анхнаасаа хандаж байсан гэж хэллээ. Тэгвэл таны харъяалагддаг МоАХ фракц ч эрх мэдлийн хувиарлалтад оролцсон. Энэнд хориг тавьж болоогүй юу?
    -Би эсэргүүцэгчийн байр суурин дээр байгаагүй гэдгээ хэллээ. Хэрвээ хүчтэй эсэргүүцэгч байсан бол бас янз янзын арга хэмжээ авч болох л байсан. Нэгдүгээрт, дүрмийн байна уу, дүрмийн бус байна уу нэгэнт ҮЗХ олонхоороо шийдсэн учраас хүлээцтэй хандсан. Хоёрдугаарт, минийх 100 хувь зөв байх албагүй ш дээ. Тийм учраас тодорхой цаг хугацаанд харж, хүлээзнэх байр суурийг баримталсан. Энэ маань ч нэг их буруу шийдэл биш болов уу. Ард түмэнд юу ч гэж гоё сайхан тайлбарлаж болно. Гэхдээ хяналтгүй төр бол хяналтгүй л төр байдаг юм байна. Энийг л дахиад бид гүн гүнзгий мэдэрч байна шүү дээ.     
    -Би арай өөр зүйл асуусан. МоАХ-ын Женко Баттулга сайдын суудал авсан биз дээ. Та яагаад бөөрөнхийлөөд байгаа юм бэ?
    -Хувь хүмүүсийн шийдвэрийг би хөндлөнгөөс шүүх ямар шаардлага байгаа юм бэ. Өөр шүүлтүүд бий ш дээ. 
    -МоАХ бүхэлдээ Х.Баттулгын гарт шилжсэн, тэнд таны гэх орон зай хумигдсан байна л гэж харсан ш дээ?
    -Асуудлыг ингэж авч үзмээргүй байгаа юм аа. Бид өөрөөр авч үзэж баймаар байна. 
    -Айгаад байгаа юм уу. Таныг баргийн юманд шалчийчихгүй, шийртэй аавын хүү гэж бодож явсан юмсан?
    -Энд айх ичих тухай ямар асуудал байгаа юм бэ. Би ерөөсөө ойлгохгүй байна. Ардчилсан холбоо өөрөө тэмцлийн маш том туг болсон байгууллага л даа. Би бас өөрөө МоАХ-ны дарга байсан хүний хувьд, энэ байгууллагыг анхаас нь байгуулалцсан хүний хувьд үнэхээр бахархаж явдаг. МоАХ төр засгийн үйл ажиллагаанд, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй. Үнэхээр ардчиллын үнэт зүйлс алдагдаад, үнэхээр монголд хүний эрх зөрчигдөөд, үнэхээр ардчиллын хэм хэмжээ алдагдсан тохиолдолд МоАХ өөрийнхөө байх ёстой байр суурин дээр гарч ирдэг. Дуу хоолойгоо илэрхийлдэг. Хэн ч үгүйсгэхгүй. 
    -МоАХ ядарсан ард түмнийхээ төлөө 20 жил хөлдүү талбай дээр жагсаж, тэмцэж ирсэн, ардчиллын үзэл санааг халуун зүрхэндээ тээж ирсэн, хайрлам түүхтэй сайхан байгууллага. Өнөөдөр харин таван иргэн нь буудуулчихаад, цус урсчихаад байхад таг. Турхирч байгаа юм биш шүү. Туг нь солигдчихсон юм уу, үзэл нь солигдчихсон юм уу гэж л гайхаад байгаа юм?
    -Би бол таны шүүмжлэлийг хүлээж авч байна. Үнэхээр ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгаагийн нэг том жишээ долоон сарын нэгэнд харагдлаа. Хүний амь нас хохирлоо. Хүний амьд явах эрхийн асуудал, хүний үгээ хэлэх эрхийн асуудал гэх мэт маш олон чухал суурь зарчмууд өнөөдөр хөндөгдлөө. Би өнөөдөр Ардчилсан холбооны удирдлагад байхгүй байгаа. Би намын ажил хийж байгаа шүү дээ. Гэхдээ журмын нөхөддөө хэлээгүй биш хэлж байсан. Бид асуудалд арай өөр өнцгөөс хандах байдал нөхцөл үүсчихээд байгаа юм биш үү гэсэн байдлаар хэлсэн. Би хариуцлагыг өөрөөсөө холдуулах гэсэн юм биш шүү. 
    -Алтангадас л буруу бохир бүхний хүүдий гэж танайхны их олон хүн хэлдэг. Гэхдээ тэднийг яаж ч тэмцээд барахгүй юм аа. Бодьтой харахад тэд бол хүчирхэг юм байна?
    -Аливаа асуудалд олонх болж чадаад, шийдвэрлэх эрх хэмжээг олж авч, барьж чадаж байгаа бол тэр бас л хүчтэйгийн л илэрхийлэл шүү дээ. Тэрийг мянга үгүйсгээд яах юм.  
    -Алтанхуяг даргыг лидер болоогүй байна гэдэг. Гэхдээ түүнийг “за, гэвэл ёо-гүй, үнэндээ бол гайгүй амьтан ш дээ” гэх үнэлгээ сонсогдож эхэлсэн байна. Та хэр мэдэх вэ?
    -Тэгж үнэлэгдэж байгаа бол сайн л байна. Үнэлэх нь үнэлэг л дээ. Аливаа нэр суутай хүмүүсийг түүх өөрөө л төрүүлдэг ш дээ. Дахиад хэлэхэд энэ бол цаг хугацааны л асуудал.   
    -Харин танай нөхдүүдийг хулхи, хуудуугүй, өөрсдийнхөө төлөө явсан хүмүүсийг ашиглаад л өшиглөдөг хуншгүй эгнээ гэх дүгнэлт нэлээн дуулддаг болж. Бенз ба бусад машинууд гэдэг шиг Бат-Үүл ба бусад нь л гэж авч үздэг болоо шив дээ?
    -Манай Үүлийг хүмүүс тэгж харж байгаа бол би үнэхээр баярлана. Олон түмэн миний журмын нөхрийг тэгж үнэлээд, тэгж хайрлаж байгаа бол би бахархаж байна. Тэр хүн чинь энэ ардчиллын түүхэнд хийх ёстой юмаа хийж, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэж л ирсэн хүн ш дээ. 
    -20 жилийн турш ядарсан партизануудынхаа нуруун дээр явж ирж, дандаа эрх мэдэлд хүрч, нэр алдраа цуурайтуулж явсан лидерүүдийг хүнийхээ хувьд мөсгүй гэх дүгнэлт л тойрох болсон байна. Гунигтай л юм?
    -Үнэн. Зөвшөөрч байна. Манай зарим лидерүүд дээр ийм шүүмжлэл ирдэг.  
    -Та өөрөө хэн байж ирсэн юм бэ?
    -Ах нь өөрийгөө эрийн хугархай л гэж боддог.  
    -Өнгөрсөн ҮЗХ-ны хурал дээр таны тухай хүмүүс ярьж байсан. Энэ Эрдэнэ өөртөө хайргүй хүн юм даа гэж. Элбэгдорж дарга хажуунаас нь бос бос гэж загнаад хэдэнтэй босгож, хүмүүстэй алалцууллаа гэх яриа ч түгсэн. Энэ үнэн үү. Та түүнээс тийм их хараат юм уу?
    -Би тэр хүмүүсийн харж байгаа шиг, тэр хүмүүсийн бодож байгаа шиг утсан хүүхэлдэй нь биш. Эрдэнийг өдий хүртэл Эрдэнэ өөрөө л авч явж ирсэн юм. Тийм юм болоогүй. Болох ч үгүй. Би хэзээ ч албан тушаал, эрх мэдлийн төлөө хэн нэгний улыг долоож, эсвэл хэн нэгний улыг шагайж яваагүй. Өөрийнхөө энэ бие даасан зан төлөвөөс болоод харин илүү их хэл үгэнд өртөж, илүү их хардлага дагуулж, илүү их боорлуулж явдаг байх. Би хэнээс ч хараат биш. Би өөрийнхөө бөндгөрийг өөрөө мэднэ.  
    -Хал үзэж халуун чулуу долоож яваа Эрдэнийг бага зэрэг гадарланаа. Туулж ирсэн амьдралаасаа та юуг авч, юуг алдсан гэж боддог вэ?
    -Алдсан нь л их дээ. Цаг үеийн шуурганд хамгийн их золиослогдсон амьдрал байж ч мэднэ. Сайхан ханиа алдлаа. Манай хүн нийгмийн л ороо бусгаагийн хөлд золиос болсон. Санаа сэтгэлийн тэнцвэрээ алдаж, гүн хямралд орж явсан. Шар хадны эмнэлэгт хүртэл хоёр удаа түүнийгээ хэвтүүлж эмчлүүлж авах гэж оролдож явлаа. Бямбасүрэн гэж сэтгэл зүйч эмч байдаг даа.
    -Мэднэ. Би уулзаж байсан?
    -Тэр хүнийг хүртэл хайж уулзаж, ханиа үзүүлж байсан. Эцэст нь харамсалтай л алдсан шүү дээ. Таван хүүхдээ өсгөх гэж чадлаараа л үзэж явна. 
    -Танай хүнийг талийгаач С.Зоригийн хайртай эмэгтэй байсан гэж дуулсан?
    -Бид өмнө нь хоёулаа л амьдралдаа алдаж онож явсан. Тэр маань хоёр хүүхэдтэй, би ч хоёр хүүхэдтэй нийлсэн. Тэгээд дундаасаа сайхан хүүтэй болсон. Бид хэзээ ч бие биенийхээ өмнөх хойдохыг асууж шалгааж байгаагүй. Талийгаач С.Зоригтой би сайн найз байсан. Ээжтэй нь бол бүр хуурай ээж хүү хоёр явсан. Надад их сайн байдаг байж билээ. Амьдрал гэдэг хатуу шүү дээ. Энэ 20 жилийн хугацаанд ойр дотны олон хайртай хүнээ алдлаа. Эцэг эхээс хоёулханаа төрөөд хөтлөлцөөд алхаж явсан төрсөн ганц дүүгээ алдлаа. Дүү минь миний бүх ар талыг зохицуулж явдаг ганц хүн маань байсан. Идэр залуугаар нь алдчихлаа. Сэтгэл санааны асар их хохирол амсаж ирлээ. 
    -Танай бага хүү хэдтэй вэ. Одоо их том болсон биз дээ?
    -Том болсоон. Хүүхдүүд маань эрүүлс саруул, эрдэм боловсролтой, зөв хүмүүс л болж байвал миний эцэг хүний зорилго биеллээ гэсэн үг. Олон жил хань ижилгүй ганцаараа явлаа. Тэгээд нэг ханьтай болсон. Амьдрал надад одоо л сайн сайхнаа үзүүлэх болов уу гэж найдаж байна. 
    -Залуу бүсгүйтэй ханилсан гэх мэдээлэл сониноос уншсан?
    -Миний үеийн эмэгтэй. Овор багатай харагддаг болохоор нь тэгж ярьдаг юм болов уу даа. 
    -Хүүхдүүд тань яаж хүлээж авсан бэ?
    -Тэд маань надад угаасаа л аав минь та алийн болгон бидний төлөө хамаг залуу сайхан насаа ингэж өнгөрөөх вэ, хань ижилтэй бол, бид тус тусын мөрийг хөөгөөд л явцгаачихна. Аав минь ганцаараа үлдэнэ шүү дээ гэж хэлдэг байсан. 
    -Та улстөрч биш байсан бол хэн байх байсан бэ?
    -Би нэлээн гайгүй бизнесмен байх байсан байж мэднэ. Би нас ахихаараа хувийн сайхан фермерийн аж ахуйтай болно доо л гэж мөрөөддөг юм. Тэгээд тэндээ өөрөө ажиллаад, өөрийнхөө тарьсан ногоог хурааж, өөрийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг гаргаж, тэрүүгээрээ амьдрана даа гэж. 
    -Танд үүсгээд байгаа хэргийн талаар асуумаар л байна. Гэхдээ үнэхээр зай талбай, цаг хугацаанд хавчигдаад байна. Уучлаарай, танилцаж үзэхэд маш тодорхой, маш инээдэмтэй асуудал байна лээ?
    -Танд би юу болоод байгааг ярьж өгмөөр л байна. Гэхдээ орхиж байгаа бол яахав дээ. 
    -Шүүгч нь хурлын дундуур бие засъя гэж гарч гүйгээд, удаж удаж орж ирээд л шууд хуулиа зөрчөөд явчихаж байна гэж дуулсан. Инээдэмтэй ч юм аа даа?
    -Инээдэм гэхээсээ илүү эмгэнэл шүү дээ. 53.4 сая төгрөгний асуудал босгож ирсэн. Яг нотлох баримтаар аваад үзэхээр бодит хохирол гэхээр учруулсан хохирол байдаггүй. 45 саяар зарах гэж байсан зочид буудлыг 95 саяар тооцож шилжүүлсэн гэж байгаа юм. Гэтэл тэр нь шилжээгүй, зарагдаагүй. Анх АТГ намайг албан тушаалаа урвуулан ашигласан гээд 263-2 т заасан зүйл ангиар буруутгаад л жил хагас шахам мөрдөн шалгасан. Юм үнэнээрээ гарах байх, шударга шүүх үнэнээр нь тогтоож өгөх байх гэж бодож байсан. Гэхдээ хуульчид дотор шударга хүмүүс байдаг юм билээ. Бас үнэний талд зогсдог хүмүүс байдаг юм билээ. Харсан. Яагаад гэвэл улсын яллагч С.Эрдэнийн үйлдсэн гээд байгаа энэ гэмт хэрэг бол нотлох баримтгүй юм байнаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна , гэм буруугүй байна гэж үзээд  яллахаас татгалзсан шүү дээ.
    -Тэр яллагчийг сольчихсон гэсэн биз дээ?
    -Сольсон. Оронд нь өөр улсын яллагч томилсон байна лээ. 
    -Тэгээд наад хэрэг чинь захиалгатай гэдэг нь харагдаад байгаа биз дээ. Та яагаад шулуухан хэлчихгүй байгаа юм бэ?
    -Ний нуугүй хэлэхэд харагдаж л байна. 263-2 –оор яллах гээд болохгүй болохоор нь 263-ыг хүчингүй болгоод, эрүүгийн хуулийн 150-3-аар ял сонсгоод шүүхэд буцааж байгаа юм л даа. Уг нь шүүхээс нэмэлт мөрдөн байцаалт явуулж, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох гэсэн захирамжаар буцаасан шүү дээ. Тэрнээс биш хэргийг нь хүндрүүлээд ир гэж буцаагаагүй. Гэтэл прокурорын байгууллага нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа огт явуулаагүй. Ганцхан хохирогч гэдэг хүнийг дуудаж байцаалт аваад л шууд зүйл ангийг нь хүндрүүлээд л буцаачихаж байгаа юм. Зориуд санаатайгаар яллах бодлого барьж байгаа юм уу гэсэн бодлыг өөрийн эрхгүй л төрүүлж байгаа юм л даа. 
    -Нэг жирэмсэн эмэгтэйг айлгаад байцаалт авч байна гэсэн мэдээлэл ирж байсан?
    -Тэгж яригддаг л юм. Шүүх хурал дээр ч яригдаж л байна лээ.    
    -Танд амжилт хүсье. Энэ бүх асуудал дуусч, таны гэм буруугүй тогтоогдох байлгүй дээ. Бас УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, тойргийнхоо сонгогчдыг төлөөлөх цаг удахгүй байх гэж найдаж байна  ?
    -Баярлалаа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан