Ж.Бямбадорж: Энэ адайр ааштай Нямдоржоос болоод...

    Үндсэн хуулийн Цэцийн дар­га Ж.Бямбадорж “Ярилцъя” булан­гийн энэ удаагийн зочин боллоо. Улс төрийн халуун уур амьсгал, тэр ертөнцөд дэгддэг эл­дэв бужигнаан дунд олонтаа энэ эрхмийн үзэл бодлыг сонирхож, байр суурийг нь дамжуулж явжээ. Ж.Бямбадорж дарга энэ удаа Цэцийнхээ байшинд улс төрөөс хол ажин түжин сууж байна.
    Хорвоогийн амьдралд хос мөрөө гарган ижилсч явсан ха­ниа аймшигт өвчинд алдчи­хаад урсгасан нулимс нь хатаж амжаа­гүй, учирсан зовлон нь хагасарч чадаагүй эмзэг үед ажил хэр­гийн эрхээр хаалгыг нь ийн тог­шив. Хал үзэж, халуун чулуу до­лоож яваа монгол эрийн шийрээр тэр харин урьдын­хаараа, ца­гаан цайлган, халуун дотно угт­лаа. Энэ өдөр түүнийг зорих сэт­гүүлчид цөөн биш байх нь тодорхой. Харин “Зууны шуудан” эхнийх нь боллоо.

     -Ж.Бямбадорж даргатай уулзаагүй их удсан байна. Өөрийг тань хөдөө хээр хэд хоног амрахаар явсан гэж сонссон. Нутагтаа очоо юу?

    -Үнэхээр удсан байна. Чамайг ингээд ярилцлага авах гээд ороод ирэхийг харах сайхан байна. Их удаан бичээгүй болохоор үгүйлж байлаа. Бурхнаас сүүлийн үед сайн хүнийг үлдээж байгаач гэж ах нь их гуйдаг болсон. Хүн эрүүл л явах ёстой шүү.

    -Баярлалаа.

    -УИХ-ын сонгуультай холбоо­той элдэв асуудлууд, за тэгээд манайд тасралтгүй ирж байдаг өргө­дөл гомдлоос болоод амс­хийж чадсангүй энэ хүрчихлээ. Амьдрал хатуу юм даа. Энэ жил­жингээ л эмнэлэг домнолгоор явж байна. Бас нэг хүн үзүүлэх гээд Бээжин явж байгаад ирсэн. Ирээд хэд хоног хөдөө явлаа. Энэ жи­лийн намар яасан ч сайхан болж байх юм. Шаргалтсан, сайхан урт намар болж байна.

    -Үндсэн хуулийн Цэцэд ирэх­гүй асуудал ч гэж байхгүй юм. Өчигдөр гэхэд дунд суудлын хуралдаан болсон байв уу?

    -Ирж байгаа өргөдлийн тоо, тэрэн дээр ажиллаж байгаа цаг ху­га­цаа гэж барагдашгүй шүү дээ. Ма­найхан яг үүсгэж, хуралдаж, шийд­­вэрлэсэн асуудлыг нь боло­хоор л их том авч үзэх юм. Одоо ч хүн болгон шахам өргөдөл бичдэг болж дээ. Цэцийн харъяаллын асуудал мөн бишийг үл харгалзан бичиж л байдаг. Гэхдээ энэ тийм муу юм биш л дээ. Иргэн хүн өө­рийн бодсон санаснаа холбогдох газруудад ирүүлж, явуулж байх нь өөрөө юу юунаас чухал. Холбог­дох байгууллагууд нь хуульд заа­сан эрх үүргийнхээ дагуу хуульд заасан харъяалал байвал авч хэлэлцээд ингээд явдаг л даа. Ер нь Үндсэн хуулийн Цэц үүсэн бай­гуулагдсанаас хойшхи 17 жилийн амьдралыг аваад үзэхэд богино хугацаанд өөрийнхөө байр суу­рийг эзэлж чадсан ийм төрийн институц. Ийм том, зангарагтай инс­титуц болоход үе үеийн Цэ­цийн гишүүд, ялангуяа манай орчин үеийн хуульчдын эцэг гэж хэлж болно доо, нэрт хуульч Бал­дангийн Совд гэж сайхан буурал байсныг Монголын ард түмэн мартаагүй байх. Наваан­пэрэн­лэйн Жанцан гэж манай Цэцийн гишүүн байгаа. Цэцийн орлогч дарга. Энэ хоёр хүн багш шавь хоёр л доо. Багш нь анхны Цэцийн дарга байсан. Зургаан жил хийсэн. Дараа нь Н.Жанцан зургаан жил хийж ирлээ. Энэ хоёр хүний гавьяа их юм билээ.

    -Та бол гурав дахь дарга нь?

    -Тийм. Би боддог юм. Хурц хут­гаар зүйрлэн хэлэх юм бол Цэц хоёр талдаа иртэй хутга. Энийг маш зөв барьж явахгүй бол хоёр ирэнд нь юу ч өртөж мэднэ, төрийг яаж ч самарч мэдэх байхгүй юу. Тийм учраас үе үеийн дарга, ги­шүүд, өнөөдрийн хамтран зүтгэж яваа Цэцийн гишүүдээрээ үнэхээр бахархаж явдаг. Би чинь олон газар ажиллаж явсан хүн шүү дээ.

    -Цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юу ч үгүй гэж Б.Совд гуайн хэл­сэн алдартай үг байдаг. Хожим Цэ­цийн талаар олон шүүмжлэл өрнөдөг болсон. Тухайлбал Цэ­цийн дээр улс төрийн захиалга бай­­на. Цэ­цийн дээр МАХН байнаа гэж бичиж байсан сэтгүүлч таны өм­нө сууж байна. Та одоо энд ир­жээ. Цэцийн дээр яг юу байх юм бэ?

    -Цэцийн дээр Үндсэн хууль бай­на. Үндсэн хууль. Би сая 17 жилийн түүхэнд энэ байгууллага ямар бай­гууллага болж төлөвшсөнийг товч­хоноор танд томъёолж хэлсэн. Би чинь улстөрч байлаа шүү дээ. Ха­рааж, ерөөж л явлаа. Гомдож, уурлаж л явлаа. Хүн л юм болсон хойно сайн муу харьцаа гаргаж л явлаа. Яг үнэ­нийг хэлье. Өмнөх түүх ч тийм байсан юм шиг байна. Одоо ч тийм байгаа. Ерөөсөө Цэцийн дээр ганцхан Үндсэн хууль л байна. Дээр нь хуульчдын өөрсдийнх нь нэр хүндээ авч явж ир­сэн өндөр эрэмбэ байна. Одоо Мон­голд байгаа төрийн байгуул­лагууд дотроос Цэц л жинхэнэ хуульд заасан үүргээ биелүүлж чадаж байна гэж би үзэж байгаа.

    -Яагаад?

    -Янз бүрийн юмнууд байдаг. Хүн л юм болохоор нөлөөлөх гэсэн оролд­логууд тохиолддог юм шиг бай­гаа юм. Яг зөвлөлдөх танхимд орсон хойно бол тэнд “Би ямар хуульч вэ” гэдгээ л харуулахыг боддог. Цэцийн харъяал­лын асууд­лууд чинь өөрөө улс төрийн дандаа том асуудлууд байдаг байхгүй юу. Шүүх дээр ялах, ялагдах л байдаг. Ялагдсан нь гомд­дог, ялсан нь баярладаг. Тэгээд улс төрийн өнгө аяс руу чирч оруулдаг. Өөрөөр хэлбэл, улстөрчидтэй хол­боотой, улстөрчдийн гаргасан шийд­вэр байдаг учраас. Ялагдсан хэсэг нь янз бүр болдог, хэлэх хэлэхгүй юмаар л хэлдэг шүү дээ. Ер нь манайд нэг бичигдээгүй хууль байна. Ялангуяа УИХ-ын гишүүд юу ч ярьж бол­дог, юу ч хэлж болдог. Тэр нь туй­лын үнэн юм шиг авирладаг. Яахав дээ нэг үеэ бодвол манай ард түмэн тэрийг нь ялгаж салгадаг ухаантай болж. Тэр болгон тэд нартай чинь арсалдаад, маргалдаад байх бо­ломжгүй юм л даа. Яагаад гэвэл бид хамтын шийдвэрээ л гаргана. Ж.Бям­бадорж юу бодож, Сарантуяа юу бодож гаргаж байсан гэдэг нь чухал биш.

    -Тэгвэл Цэц бол ерөөсөө л Үнд­сэн хуулийн манаач гээд ойлгочихож болох уу?

    -Манаач гэдэг чинь яахав дээ, эд хөрөнгийг л буу бариад яг манаад зогсч байдаг ийм л хүн шүү дээ. Би бол яг үнэндээ манаач гэдэг үгэнд дургүй. Мэргэжлийн талаасаа ч, аль ч талаасаа дургүй. Харин Үндсэн хуу­лийн Цэц бол Үндсэн хуулийг хамгаа­лагч цэцэрлэгч. Цэцэрлэгч гэж их гоё мэр­гэжил байдаг юм шүү дээ. Зүгээр л тэр ургаж байгаа мод, янз бүрийн цэц­гийг хараад зогсч байдаг биш. Хаана нь хорт ургамал ургаж байна, хаана нь нэг мөчир нь хугарах гэж байна тэрийг нь эмчилж, усалж, ур­гуулж, хамгаалж байдаг ариун сэт­гэлт цэцэрлэгч байхгүй юу. Би бол Үнд­сэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн цэцэрлэгч нь юмаа л гэж боддог юм.

    -Гэхдээ л Үндсэн хуульд зас­вар хийх цаг нь болсон, гар хүрч засч янзлах ёстой гэж үз­дэг олон хуульч бий шүү дээ. За­рим нь ингэж бүрээс нь сий­мийчихсэн, бороо шороо нэвт­лээд байх болчихсон гэх мая­гаар ханддаг бол зарим нь үгүй шүү, хэн ч хэзээ ч халдашгүй гэж хамгаалдаг?

    -Маргаан байдаг. Гэхдээ энэ мар­гааны өмнө нэг асуудлыг их зөв тавих ёстой юм. Байшингийн суурь фундамент гэж байдаг. Суурь сайн л бол дээр нь юу ч хийж болдог. Суу­риныхаа сайн мууг мэдээгүй байж байнга сууриа өөрчлөөд байвал хэзээ ч байшингаа барьж чадахгүй. Америкийг оруулаад сүүлийн 200 шахам жилийн, дэлхий нийтээр ярих юм бол 100 орчим жилийн хүн тө­рөлхтөний түүхэнд энэ Үндсэн хуульт тогтолцоо гэдэг юм бий бол­сон. Энэ чинь төрийн тогтолцоот ард­чиллыг хамгаалагч гол хэрэгсэл нь байхгүй юу. Тэгээд энд ямар онол явдаг вэ гэхээр зэрэг фундаментаа эхлээд сайн тавь гэдэг. Би бол 1992 онд Монгол Улсын тэр үеийн депута­тууд, тэр үеийн хууль боловс­руу­лагч­дыг гайгүй фундамент тавьсан гэж боддог. Орчин үеийн байшингаар ярих юм бол хамгийн дээд зэрэг­лэлийн цемент, арматуруудыг нэгт­гэж тавьсан фундамент гэж боддог шүү.

    -Та бол Москвагийн Их сур­гуулийн марк шүү дээ. Хариуц­лагатай хэлж байна уу?

    -Би яахав ихэвчлэн орос хэлээр л гадаад ертөнцтэй харьцаг хүн л дээ. Ноднин би Москвагийн Их сургууль дээр очиж олон улсын эрдэм шинжил­гээний хуралд илтгэл тавь­сан. Манай Үндсэн хуулийг оросын эрдэмтэд маш олон янзаар жишээ татдаг юм шүү дээ. Би тэнд сонсоод л сууж байсан. Манай Үндсэн хууль бол сайн болсон Үндсэн хууль. Гэх­дээ бүх юмыг гарцаагүй төгс төгөлдөр болчихлоо гэж үнэлж дүгнэх хэцүү. Бүх үеийн туршид л энэ хэцүү бай­сан, тийм үү. Суурийг байнга өөрчлөх шаардлага байхгүй. Арван хэдхэн жил болчихоод л өө, энэ дэмий юм байна, өөрчилье гээд байвал одоо энэ барьсан байшинг нурааж л таарна шүү дээ. Чадан ядан эрх зүйн систем тогтоож байна шүү дээ. Чадан ядан нийгмийн харилцааг бүрэлдүүлж байна шүү дээ. Дахиад л нураах гэж үү. Үндсэн хууль судлалын эрх зүйн ной­мор нэг онолын асуудал бол тогт­вортой байх зарчим. АНУ-ын Үндсэн хуульд 26 өөрчлөлт орсон. 200 гаруй жил болж байгаа хууль шүү дээ. Уг нь бол фундаментыг ерөнхий хийх ёстой юм билээ. Сүүлийн үед үг үс­гээр хөөцөлдөөд болж өгөхгүй байна. Тэгээд л Үндсэн хууль чинь болж өгөхгүй байна гээд л. Тийм биш л дээ.

    -Та бол манай нэртэй улстөрч­дийн нэг. Улстөрчийн амьдра­лын­хаа үүднээс авч үзвэл та одоо хаана зогсч байгаа бол. Болж буй үйл явдлуудын та­лаар ямархуу бодлууд тээж яваа бол. Энэ асуултыг олон л хүн танд тавимаар байгаа байх?

    -Улстөрч хүн гэж олон түмний дэмжлэгийг авч сонгогдож байдаг, эсвэл намын байгууллагад ажиллаж байдаг ийм хүнийг хэлдэг байх л даа. Би бол улстөрчийн үйл ажиллагаа явуулахаа болиод дөрвөн жил болж байна. Мэдээж улс төрд байсан хүний хувьд ч, төрийн өндөр алба хашиж бай­гаа хүний хувьд ч улс орныхоо тө­лөө өөрийн гэсэн шаналал тээж явалгүй яахав. Монголчууд бид ол­дож байгаа боломжийг ерөөсөө ашиг­лаж чадахгүй юм даа. Үнэхээр ча­дахгүй юм. Өнгөрсөн дөрвөн жил ямар их боломжтой дөрвөн жил өнгөрөв өө. Би боддог юм. 2000-2004 оны хоо­ронд би УИХ-ын дэд дарга, МАХН-ын бүлгийн ахлагч байлаа. Тэр үед ийм эдийн засгийн боломж байсан сан бол гэж. Хэрэв ийм боломж байсан бол үнэхээр их юм хийж болох байсан. Зэс, алтны үнэ тэр үед дэлхийн зах зээл дээр ямар байв. Одоо ямар байна. Гэхдээ нөхцөл байдал тийм байсан гэдэг бол эцсийн эцэст шалтаг л байдаг юм даа. Хийе л гэвэл хийж болдог.

    -Харганы ноос түүгээд ч гэсэн эсгий хийж болдог гэдэг шиг үү?

    -Тийм. Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэдэг үг байдаг шүү дээ. Тэр л бидний амьдралд их харагдаж байна даа. Заримдаа ч өөрийн эрхгүй дуугарчихмаар байх юм.

    -Орон нутгийн сонгууль юу болчихов оо?  

    -Хамгийн аюултай юм нь одоо орон нутгийн сонгууль дээр гарч ирж байна. Тойрог гэж байгуулж байгаа бол тэнд нь л үр дүнг нь тодотгох ёс­той байхгүй юу. Гэтэл нийслэлийн хэд хэдэн тойрог дээр 50-аас дээш хувь­тай гараад хэн сонгогдсон, сонгогдоогүй нь тодорхой болох бо­ломж гарчихаад байхад нийслэлийн хэмжээгээрээ 50 хувьд хүрээгүй бол бүгд хүчингүй гээд гол гаргачихсан. Ийм юм байдаггүй байхгүй юу. Дэл­хийд байхгүй. Гэтэл өнөөдөр юу болж байна. Ямар байдалтай байж байна вэ. Цаашдаа юу болохыг би мэдэхгүй байна. Би олон удаа энийг өөрчилье гэж хэлж байсан. 1997-2001 онд олон улсын хуралд илтгэл тавьж, 2003 онд докторын зэрэг хамгаалж байхдаа ч би нэг зүйлийг байнга хөндөж ярьж хэлж байсан. “Үндсэн хуульд чинь иргэд чөлөөтэй сонгох эрхтэй гэсэн байна шүү. Энэ чөлөөтэй байдал гэдэг чинь сонгуульд оролцох орол­цохгүй нь бас тэр хүний эрхийн асуудал гэсэн үг шүү. Тэгэхээр энэ бүх сонгуулийн хуульд 50 хувийн босго зоож тавьсан байдал чинь яваандаа дэлхийн жишигт хүрээд ирэхээр улс орныг маш хэцүү байдал руу түлхэнэ шүү” гэж. Дэлхийн ор­нуудад чинь сонгуульд оролцох эсэх нь иргэний өөрийн эрхийн асуудал байдаг юм шүү дээ. Америкт бол үндсэндээ сонгогчдын 31-32 хувь л орон нутгийн сонгуульд оролцдог юм билээ. Тэгээд яах юм. Социализмын үеийнхтэй адилхан сонгогчдоо барьж аваачаад санал өгүүлэх юм уу. Өчигдрөөс их сонин юм сонсогдож байна. Сонгуулийн ерөнхий хороо микроавтобусаар сонгогчдыг зөөх хэрэгтэй гэсэн яриа хүртэл телеви­зээр цухалзаж байна шүү дээ. Юу гэ­сэн үг вэ. Энэ одоо нээрээ юу гэсэн үг вэ. Тухайн үед энэ байдлаас сэ­рэмж­лүүлж хэлсээр байхад “УИХ хууль гаргаж сонгогчдын идэвхийг буу­руулах уриалга гаргах шаард­лагагүй” гээд л мэргэд айлдсаар байгаад тэр үед хуульд өөрчлөлт оруулж өгөөгүй. Гэтэл яав. Тулаад ирлээ шүү дээ. Энэ мэтчилэн мэргэжилтний хувьд дуугармаар юм гараад байна.

    -Хамтарсан засгийн талаар ч асуумаар л байна. Улс төрийн сэдвээр та юу ч ярьж болохгүй юу?

    -Болохгүй. Яршиг биз дээ.

    -Яршиг л гэж байгаа болохоос таныг хэн хязгаарлаж сүйд болох вэ дээ?

    -Өө, яршиг яршиг.

    -Цэцийн дарга гэдэг энэ албан тушаал хуульчийн хувьд хүрэх мэргэжлийн оргил цэг байх, тийм үү?

    -Энэ бол оргил цэг шүү. Н.Жанцан дарга намайг энд ирэхэд хэлж байсан юм. Энэ бол хуульч мэргэжилтний хүрэх дээд цэг шүү гэж. Би бол дээд цэг гэж боддог. Тэр дээд цэгт би хүрсэн. Хэн болгон аавын хүүд тохиолдоод байх ч тавилан биш.

    -Тийм байх. Ингэхэд Цэцийн дар­га таны аюулгүй байдалд ямар хамгаалалт байна вэ. Таны албан тушаалтны нэр хүнд яа­гаад ийм дархлаагүй бай­на вэ. Гэрт чинь хулгай ор­сон тухай мэдээлэл талын Мон­голын бүх хот айлд хүрлээ?

    -Би Ганчимэг ээ, олондоо, төрдөө тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан, идсэн уусан юм байхгүй ээ. Үнэхээр сая хэд хоног эзгүй хойгуур миний 54 нас хүртэлх хугацаанд ажиллаж амьдарч явахад, амьдралд маань то­хиолдсон баярт, тэмдэглэлт мө­чүүдэд миний хамгийн ойр дотнын хү­мүүсийн дурсгасан 72 мөнгөн аяга байсан юм аа. Монголчууд чинь сайн санасан нэгэндээ мөнгөн аягатай цаг­аан сүү л барьдаг юм байна шүү дээ. Бүгд нэрээ бичээд надад сайн сайхныг ерөөгөөд дурсгасан. Би их ха­рамсч байгаа. Тэрнийг маань аваад явчихсан байна. Энийг нь хү­мүүс баян цатгалан юу юу гэнэв хэлэх хэ­лэхгүй үгээр л бичиж байна л даа. Ах нь 35 жил ханилсан ханиа энэ онд алдчихлаа. Энэ зовлон шаналангийн минь дэргэд бусад юм юу юм бэ. Яа­хав би нөхдийнхөө өгсөн дурсгалд харамсч байна л даа. Чиний хэлдэг үнэн. 2003 онд байна уу даа. Би со­ниныг нь хэлэхээ больё. Чи өөрөө мэ­дэж байгаа. Хүүхэд цонх руу чулуу шидээд хэд хэдэн удаа хага­лаад болохгүй болохоор нь гүйгээд гар­сан. Яав ийв гээд бариад автал юу боллоо. Баахан л бичсэн. Тэгэхэд л Бямба­доржийн байр энэ. Цонх нь энэ гээд л зурж өгөөд цацчихсан. Энэ чинь нэг үгээр зааж өгч л байгаа хэл­бэр шүү дээ. Өнөөдөр ийм юм то­хиол­дож л бай­на. За яахав. Тэгээд л одоо ши­рээн дээрээ баахан юм, хөөрөг мөө­рөг тавьчихаад л энэ бол Бям­ба­дор­жийн алдсан юм гээд зураг­таар гар­га­сан гэсэн. Хүмүүс ярьж байна лээ. Надад тийм юм гэж юу байхав дээ.

    -Хэргийг шалгасан цагдаа нар нь тэгж телевизээр гаргаж бай­гаа хэрэг үү?

    -Тийм. Миний бүх юм ил. Миний са­наа сэтгэл ч ил. Миний гэрт ч гэсэн бүх юм ил. Тэгээд л цонхоор ороод тэр хэдэн аягыг аваад л явсан байна лээ. Эргэж ирээд ахиад л орсон байна лээ.

    -Хоёр удаа ухсан юм уу?

    -Тэгсэн шүү дээ. Орой нь ороод л, өглөө нь ороод л. Байхгүйг нь мэ­дээд л хэлчихгүй юу. Мэдээлэл өгдөг авдаг сүлжээ энэ тэр гэж байна шүү дээ. Олон хүн хэлж байгаа шүү. Наа­дахь чинь өөр зорилго арай байгаа юм биш биз гэж. Би бол тэгж бодохгүй л байна. Гэхдээ ах нь нэг юм хэл­чихье. Надад хамгаалалт хэрэггүй. Хамгаалах шаардлага ч байхгүй. Би өөрөө өөрийгөө хамгаална.

    -Яаж?

    -Би өөрөө өөрийгөө хамгаалах системтэй. Би талийгаач С.Зориг шиг…Өчигдөр сонин дээр С.Зоригийг нас барснаас хойш буугаа ингэдэг болжээ гээд бас л жаахан дэгс бичсэн л байна лээ. Гэхдээ бас тэрэнд үнэн юм бий. Үнэн юм байгаа юм. Бод доо. Өнөөдөр талийгаач С.Зоригийг алсан хүн илрэхгүй л байна шүү дээ. Тийм ээ. Надад хар буруу санасан хүн байхгүй гэж би боддог. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Би өөрөө үхэхээс айж байгаа юм биш. Иш мухаргүй юманд төрийн байгууллагыг ч оруулчих вий гэж бас эмээдэг хүн. Тийм учраас хэр баргийн хүн намайг байхад ми­ний гэр рүү орж, надад халдаж чадах­гүй. Энийг ёстой баталгаатай хэлнэ.

    -Таны амь насанд уу?

    -Тийм. Чадахгүй.

    -Монгол хүний л үг байна. Та бадрангуй, цагаан цайлган хүн болохоор л ингэж хэлж байна. Та хуулийн салбарын оройд сууж байгаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэ­цийн дарга хүн. Мэргэжлийн ёс зүйн үүднээс ч таны ху­вийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд цаг­даагийн­хан хүндэтгэлтэй хандаж болох­гүй юу. Эзгүйд нь гэрийг нь ухчихаж ч байх шиг. Ирээд шалгаж байгаа төлөөлөгч нь буу шийд­мээр нь оролдож байгаад буу алдчихаж ч байх шиг. Тэгээд тэрийгээ хэвлэл мэдээл­лийнхэнд мэдэгдчихэж ч байх шиг. Хамгийн эхлээд хэргийн газар хэн очдог юм бэ. Хэвлэлийнхэн биш шүү?

    -Биш биш. Тэр аяганууд чинь Ганчимэг ээ, одооны энэ улсуу­дын айхтар үнэтэй аяганууд биш шүү дээ. Дэлгүүрт л байдаг аяга­нууд байхгүй юу. Гол нь миний нөхдийн нэрээ бичээд, ерөөлөө бичээд дурсгасан эд байхгүй юу. Тэр нь л надад үнэтэй. Жишээ нь, үе үеийн Ерөнхийлөгч нарын өгсөн аяга байна. Яагаад гэвэл би докторын зэрэг хамгаалсан, 50 нас хүрсэн, гавьяат хуульч бол­сон. Албан тушаалд очиход өгдөг­гүй юм аа. Миний амьдралын тэмдэглэлт үе, баярт мөчүүдэд л өгсөн байхгүй юу. Анд нөхөд, миний эрхэмлэж явдаг хүмүүсийн мутрын үсэгтэй дурсгал шүү дээ. Тийм юман дээр л тоглоод байх юм даа.

    -Гэртээ хүн үлдээдэггүй юм уу?

    -Миний жолооч надтай най­ман жил явж байна. Миний гэрийн хаана юу байгааг манай талий­гаач энэ хоёр л мэддэг байсан. Жолоочид маань миний бүх түл­хүүрийн нэг хувь явдаг. Намайг явсан орой гэрт очиж юм янзал­чихаад үүдний жижүүрт хэлээд явсан юм билээ. Ингээд дарга байхгүй байгаа шүү. Ус мус алдах юм гарах вий. Над руу холбог­доорой гээд. Тэгээд манай жолоо­чийг явснаас цагийн дараа л тэр хулгайч орсон юм билээ. Мар­гааш нь ороод ирэхэд л хамаг юм байхгүй болохоор сандраад л манай охин руу ярьж дуулгаад, цагдаа дуудсан байгаа юм. Тэр шөнөжин л цагдаа нар гарын хээ энэ тэр авсан юм билээ. Одоо гэрт юунд л хүрнэ, хар юм гарт наал­даад. Баахан юм л цацсан байна лээ. Баахан л худлаа үнэн юм… Гэхдээ яахав ээ, цагдаад баярлаж байгаа.

    -Цагдаад яагаад баярласан гэж?

    -Хурдан шуурхай ажиллаж хэргийг илрүүлсэн гэж.

    -Тэр бол үүрэг нь шүү дээ. Та өөрөө нэг салбарын хүн бо­ло­хоор нэр хүндийг нь хайр­лаад байх шиг байна. Тэд мэдээллээ хамгаа­лахгүй, харин ч бүр зориудаар ийш тийш нь шидэж тоглож бай­гаа бол бид хамгаалахгүй шүү дээ. Бид бол мэдээл­лийн хойноос шиншилж яв­даг үнэрч “нохойнууд” л гэсэн үг?

    -Тийм ш дээ. Би тэнд өвчтэй хүн аваад хол явж байдаг. Манай муу жолооч шөнө болгон манайд очиж хонож байлаа шүү дээ. Ямар сайн байх вэ дээ. Хүний амьд­ра­лыг хүртэл ингэж алдуулж байгаа юм.

    -Ирээд шалгаж байхдаа зай­луул бас буу алдаад нэг нэ­гийгээ алах шахаж байдаг. Та чинь юмаа алдаад, дээр нь тэр буу алдсан явдлаас болж цагдаад мэдүүлэг өг­сөн юм билээ ш дээ. Тэр чинь яагаад сонинд гарах ёстой юм бэ?

    -Яг наадахыг чинь би их гай­хаад байгаа юм. Гэхдээ үүнд нэг юм байгаа юм. Тэгж манайд шал­гаж байхдаа манайд цагдаа буу алд­сан байна лээ. Яагаад гэхээр хоёр бууг зэрэг хулгай хийхэд бэ­лэн болгоод бэлдээд тавьчихсан байсан гэсэн. Миний буу яг жур­мын дагуу сейфэнд байдаг.

    -Хэдэн буу юм?

    -Хоёр. Шувууны буу, винтов хоёр.

    -Зөвшөөрөлгүй буу хэрэг­лэдэг байсан гэсэн байв уу?

    -Үгүй ээ, үгүй. Тэгээгүй. Бүгд зөвшөөрөлтэй, тэр татвар матвар ямар л ёс журам байна. Тэр дагуу.

    -Сейфийг чинь яаж онгойл­годог билээ?

    -Бууны сейф гэж тусгай сейф бай­даг юм шүү дээ. Бүр харанхуй өрөөнд. Хоёр том түлхүүр байдаг уч­раас би тэрнийг хажууд нь тавь­чихсан байсан юм. Тэрнийг олоод л онгойлгочихсон байна лээ. Тэ­гээд цагдаа ирээд үзлэг хийсэн бай­гаа юм. Замгийг нь татаад… яа­тал буу алдчихгүй юу. Тэр цаг­даа­тай би уулзсан. Үнэхээр мэр­гэж­лийнхээ төлөө зүтгэдэг хүн бай­на лээ. Сайн ч цагдаа байна лээ. Би бүр ирснийхээ маргааш тэр залуугийн төлөө зөндөө гүй­сэн. Үүргээ гүйцэтгэсний төлөө энэ за­лууг янз бүрээр хэрэгт хийхээ больж өгөөчээ гэж Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар энэ тэрээр ярьсан. Тэгж хөөцөл­дөж байж арай гэж тэр хэргийг хаал­гасан. Хамгийн эмзэг юм на­дад тэр байсан. Адилхан л төрийн албан хаагч шүү дээ. Тэрэнд ямар буруу байхав. Тэр хулгайч ч сум хийчихсэн юм билүү, хэн мэдлээ. Би бол харин журамнаас нэг юмыг зөрч­дөг. Шударга л хэлчихье. Би ган­цаараа амьдардаг. Надад өмн­ө нь буу битгий хэл томхон хут­га ч байгаагүй хүн шүү дээ. Талий­гаач С.Зоригийг нас барснаас хойш ангийн хоёр гурван буутай бол­сон хүн. Хоосон буунаас хо­рин хүн айна гэж монголчууд ярь­даг. Би цэнэгтэй биш харин мага­зинд нь сумтай байлгадаг. Би тэр байцаагчид хэлсэн. За яахав ээ, сум буу хоёр тусдаа газар байх ёстой. Энийг ах нь зөрчжээ. Үүн­дээ би хариуцлага хүлээхэд бэ­лээн. Тэглээ гээд энэ буу сум хоёр чинь хоёр тийшээ явахгүй л бай­хаа даа гэж. Үнэхээр та нар бод л доо. Өнөөдөр талийгаач С.Зориг ямар хүн байсан. Яагаад өнөөд­рийг болтол тэр хүнийг хороосон хэрэг илрэхгүй байна. Ойлгомж­той шүү дээ. Өөрийгөө хамгаалах сис­тем дэлхийд байдаг. Тэр систе­мээр өөрийгөө л хамгаална. Ийм л юм болсон. Тэгтэл сонин дээр нэ­мэр хачиртайгаар гарсан бай­на. Би бол сонин хэвлэлтэй хөө­цөл­дөж янз бүр болдоггүйг чи мэд­нэ. Тухайн үед нэг мурчиганаад л өн­гөрнө. “Ну погоди” дээр гардаг ш дээ. Усны үхэр нэг юмнууд өрчихөөд маатаг цохих гээд байж байхад нөгөө чоно давхиж ирээд тараагаад хаячихдаг биз дээ. Хөөрхий усны үхэр тэрүүхэн тэн­дээ мурчиганаад л хоцордог биз дээ. Тэрэн шиг л амьтан ш дээ.

    -Баярлалаа. Цаг гаргаж ярилц­лага өгсөнд. Одоо нэг асуулт л үлдсэн. Шинэ УИХ сонгогдоод удаагүй байна. Та туршлагатай улстөрчийн хувьд энэ их хурлыг потен­циалын нь хувьд хэрхэн дүгнэж байгаа бол?

    -Би энийг дүгнэхгүй ээ. Би чамд хэлсэн шүү дээ.

    -Ганцхан энэ асуултад л хариулчих?

    -Ганцхан зүйлийг л хэлье. Хуульчгүй болсон, энэ парламент.

    -Ц.Нямдорж, Д.Лүндээ­жан­цан эд байж л байна шүү дээ. Яагаад?

    -Тэр хоёр маань хоёулаа дар­га болчихсон шүү дээ. Энэ их ху­рал яг гардаж хууль дээр ажил­ла­даг, нухдаг хуульчгүй болсон. Дар­га нар чинь тэр болгон юмандаа орохгүй юм байна ш дээ. Ц.Ням­дорж бол бүр хөндийрчихлөө. Засгийн газрын гишүүн хүн чинь бас тэр болгон юм руу ороод байж чадахгүй шүү дээ.

    -Ц.Нямдорж гэснээс би нэг асуулт тавьчих уу. Н.Энх­баяр, Ц.Нямдорж, Ж.Бямба­дорж гээд бас л олон жил монгол төрийн төлөө хамт­даа зүтгэж явсан улсууд. Жаахан уран сайхны хэлээр ярих юм бол нэг завин дээр суугаад гол гаталж явсан нөхөд. Ц.Нямдоржийг УИХ-ын даргаас огцруулах үед та хоёрын дунд нэлээн том ан цав гарсан, нөхөрлөлд тань тэр явдал цэг хатгасан гэж улс төрийн хүрээнийхэн ярь­даг. Амьдрал баян учраас зовлон жаргалын хаа нэгтэй эр улс эргэж уулздаг, сэтгэ­лийн буртгаа арилгадаг шүү дээ. Харин та хоёрын хувьд яасан бол?

    -Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Ж.Бям­бадорж гэдэг гурван хүн хувийн асуудлаараа биш монгол төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйлсэд хамтдаа зүт­гэж явсан, одоо ч яваа улсууд. Найз гэж хэлж болно. Нөхөд гэж хэлж болно. Хошин ч гэх юм уу, эс­вэл үнэн бодит байдлаар нь би нэг зүйлийг хариулъя. Энэ адайр ааш­тай Нямдоржоос болоод би най­ман сар нэг юмны орлого алд­сан. Нэг юмны орлого. Тэр юу гэ­хээр бид хоёр зэрэг шатар тог­лоод, ганц хоёр мянган төгрөг нааш цааш нь нэг нэг рүүгээ явуул­даг байхгүй юу. Би бол мэ­дээж хэрэг Нямдоржид хожигдох­гүй ш дээ. Тэгэхээр зэрэг бүтэн найман сар миний орлого Ням­дор­жийн аашнаас болж хаагдсан. Ааш гэдэг үгийг би хашилтад хэлж байна шүү.

    -Та хоёр хоорондоо л тог­лоод байдаг байсан юм уу?

    -Тийм. Гэхдээ яахав, Ө.Энхтүв­шин энэ тэр гээд хааяа орж ирнэ л дээ. Тэр дунд чинь. Тэгээд нэгэнт бид хоёр байхгүй болохоор тэр явдал байхгүй л болчихож байгаа байхгүй юу. Би очихоо байчихаар. Гэхдээ миний “орлого” нээгдээд тав зургаан сар болж байна.

    -Сайхан мэдээ байна?

    -Ажил төрлийн хоорондын мар­гаан яахав дээ. Гэхдээ хүн юм бо­лохоор гомдох барих юм гардаг. Мэдээж шүү дээ. Чи бод л доо. Тэр үед надад сайхан байсан уу. Нөх­рийгөө огцруулах нь зүйтэй гэ­сэн шийдвэр гаргаж өгөөд, тэ­рий­гээ уншаад, тайлбарлаад сууж байхад надад амар байсан гэж бо­дож байна уу. Үгүй. Хүнд л бай­сан. Гэхдээ л тэгэхээс өөр арга бай­гаагүй. Гэхдээ манай Нямдорж ухаан­тай хүн. Тэр ухаан гарч өгөх­гүй бид хоёрын хооронд шанал­гаатай үе байсан л даа. Одоо бол хуучин бүх нөхөрлөл маань хэ­вээрээ. Амьдрал баян шүү.

    -Сэтгэлийн ямар ч сэв байх­гүй болсон уу?

    -Ямар ч сэв байхгүй. Бид хоё­рыг нэг удаа шатар тоглоод сууж байтал нэг улстөрч хаалга татаж харснаа зогтуссан. Тэгснээ хөөх, энэ чинь нэлээн хуучны зураг байх чинь вэ гэж хэлж бид инээлд­сэн. Нөгөө л бие биенээ үгээр идээд, нөгөө л янзаараа бие бие­нээ доромжлоод, толгойгоо мааж­лаад, шатраа гөлрөөд сууж бай­хаар гайхахгүй юу. Хүний амьдрал ийм л сайхан. Эр улсын нөхөрлөл ийм л гоё. За, баярлалаа. Чи хамаг цагийг минь авчихлаа.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан