Б.Батбаатар: Хариуцлага дааж чадах юм бол Монголын ард түмэн залуу үедээ хайртай байдаг юм байна

    -Дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдрийн Батбаатар гишүүн Монголын ард түмний сайн танил, Монгол төрийн залуу түшээ­дийн нэг болж чаджээ. Мэ­дээж үнэ цэнтэй улс тө­рийн капиталыг өөртөө бий болгож авсан байх. Эндээс яриагаа эхлэх үү?
    -Баярлалаа. Миний хувьд энэ өнгөрч байгаа дөрвөн жил улс­төрчийн хувьд өөртөө хангалттай туршлага хуримтлуулсан жилүүд болсон. Юугаар ч сольшгүй үнэ цэнтэй улс төрийн капиталыг би өөртөө бий болгож чадсан гэж найдаж байна. Тэр капиталаа юунд зориулах ёстой юм. Хамгийн гол нь энэ итгэл үнэмшлийнхээ хатуу байр суурийг би тогтоож авсан. Улстөрч гэж ард түмний итгэлийг авч байгаа хүнийг л хэлдэг. Ард түмний итгэлийг өөрийнхөө итгэл үнэмшил болгож чадаагүй тохиолдолд улс төрийн капитал гэдэг ойлголт ор хоосон зүйл байдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр би өнгөрөн одсон дөрвөн жилдээ ач холбогдол өгөхгүй байж чадахгүй.

    -Олон нийт таныг анх хүлээж авахдаа нэлээд чамлангуй хандаж байсан болов уу. Тухайн үед өөрт тань ямар мэдрэм­ж төрж байсан бол?

    -Сонгуулийн үр дүн гарсны дараа “Энэ хариуцлагыг даах ёстой шүү” гэсэн тангаргийг дотроо өргөсөн. Хариуцлага дааж чадах юм бол Монголын ард түмэн залуу үедээ хайртай байдаг юм байна. Залуу үедээ итгэж чаддаг тийм сайхан ард түмэн юм байна гэдгийг би мэдэрсэн.

    -Эрх баригч намын нөлөө бүхий том даргатай өрсөл­дө­хөөр хэний ч танил биш нэг шавилхан залуу үзээд эхлэ­хээр чамлаж, басамж­лах үнэр гарч байгаагүй гэж үү?

    -Гайхаж, ажиглаж байсан аяс нь илүү байсан. Олон хүн янз бүрийн санаа бодол, итгэл үнэм­шилтэй байдаг учраас мэдээж “Чи хэн бэ” гэх мэтээр дайрч давшлах тохиолдол гарч л байсан.

    -Улстөрч хүн аль ч талаасаа хатгуулахад бэлэн байх ёстой?

    -Маш сайн ойлгож явдаг.

    -Энэ талаасаа хэр сайн дарх­лаа суусан бэ. Зарим улс­төрч мөн ч baby арьстай байх юм. Юм л бол шүүхэд өгөөд л, гомдол хорсол болоод?

    -Намайг тэгээд биччихэж гээд л үглээд явдаг улсууд байдаг юм. Би хэвлэл мэдээл­лийн­хэнтэй янз бүрийн харшил байхгүй ээ. Намайг бичиж л байдаг. Би тэгж шүүх энэ тэрээр гүйж юм болдоггүй. Тэгэхээр дархлаа сайн суусан гэж ойлгож болно. (инээв)

    -Өс санаад л шүд зуугаад явдаг улстөрчид бий шүү дээ?

    -Тийм шүү. Бусдыг уучилж, аливааг хүлцэн өнгөрөөж чад­даг­гүй хүн эргээд амьдралаа маш таагүй байдалд аваачдаг юм шиг харагддаг. Би өс санамтгай хүн огт биш. Тийм хүмүүст дургүй. Тэгээд ч уучлах чадвар суугаагүй хүн бусдыг дагуулах тухай бодоод ч хэрэггүй шүү дээ.

    -Цэцийн дарга Ж.Бямба­доржийг Монголд танихгүй хүн байхгүй. Та түүнийг өв­дөг шороодуулж гарч ирсэн. Тэр үед өөрийг тань ялна гэсэн хатуу итгэлтэй байна гэж дуулаад нуулгүй хэлэ­хэд их гайхаж байсан. Яагаад тийм бардам байсан юм бэ?

    -Би өөрөө хүмүүсийн дунд амь­дарч, хүмүүст илүү ойрхон байсан. Харин Ж.Бямбадорж гуай бол их том дарга байсан. Энэ ялгаа л сонгуулийн үр дүнг шийд­сэн гэж ойлгодог юм.

    -Улс төрийн “театр” битүү үзэгчтэй байх үе олон. Ялангуяа засаг огцрох мэт цагаар. Таныг иймэрхүү донсолгоонтой мө­чид байр сууриа илэрхийлж байхыг хэд хэдэн удаа ажиг­ласан. Өөрөөс тань айдаггүй, халирдаггүй шинж харагддаг?

    -Залуу хүний нэг гол чанар аливаа юмнаас арагшаа сууж, айж дальдар­даггүй байх явдал шүү дээ. Өөрийнхөө зөв гэж бодож байгаагаа хэлж, тэрнийхээ төлөө тэмцэж чаддаг, эр зоригтой байх нь залуу хүний зайлшгүй нэг гол

    чанар. Нөгөө талаас их олон хүний бодож байгаа, хэлэхийг хүсч байгааг хэлэхээсээ айх хэрэг ерөөсөө байхгүй. Улстөрч хүн маш олон хүний бодож шаналж байгааг тэдний өмнөөс хэлчихдэг, олон мянган хүний хүсч мөрөөдөж байгаа зүйлийнх нь төлөө тэмцдэг тийм тэнхээтэй байх ёстой. Ийм тэнхээг сэтгэлдээ суулгахын төлөө л явж байгаа. Мэдээж улстөрч хүн амаргүй нөхцөл байдлын дунд амьдардаг.

    -Өнгөрсөн дөрвөн жил улс төрийн амьдралд олон сонин юм болсон. Ардчилсан нам, МАХН-тай нэг гэрт орж, 62-ын бүлэг гэгчийг байгуулахыг үзлээ, дараа нь нөгөөдүүлдээ хөөгдөөд гарахыг харлаа гээд яривал хошин зүйл их байна?

    -Хүнд сорилтууд тулгарч байсаан. Хүнд хүнд байдалд ч орж байсан. Улс төрд явж байгаа хүн гэхдээ зөвхөн өөрийнхөө бодож санаж байгаагийн төлөө, зөвхөн өөрөө гялалзахын төлөө явж болдоггүй юм байна. Бусдын төлөө үйлдэл хийх цаг бас гардаг. Тэр үйлдэл нь өөрийнх нь бодсоноос, өөрийнх нь дотор оршиж байгаа зүйлээс ялгаатай байх шиг хүнд хэцүү зүйл байдаггүй юм байна. Таны асууж байгаа тэр 62-ын бүлэг гэдэгт орж болохгүй гэдгийг өөрөө хичнээн мэдэж байвч цаана нь олонхийн гаргасан шийдвэр зогсож байсан учраас өөрийн эрхгүй дагасан.

    -Монгол төрийн тогтвортой байдлын төлөө гээд л кноп дарцгааж байсан. Нөгөө талаас хамтарч юм хийх алтан гэмээр боломж тохиосон үе гэдэг нь үнэн байсан. Ховорхон, эн тэнцүү энэ бүтэц дээр хоёр том нам олон чухал ажлуудыг хамтраад хийх нь гэж итгэж байсан. Даанч удалгүй та­найх­ныг хөөгөөд гаргац­гаасан?

    -Тийм ээ. Тийм юм болсон. Том итгэл үнэмшилд хөтлөгдөж ороод хөөгдөөд л гарцгаасан. Бүгд харж байсан болохоор илүү дэлгэрэнгүй яриад юу хийхэв дээ.Өсөрхөөд ч байгаа юм шиг эвгүй шүү дээ.

    -Өөрийг тань азтай, одтой залуу гэхээс гадна их баян гэдэг. Улсын хөрөнгө рүү гар хуруугаа явуулаад байхааргүй эдийн засгийн чадавхитай хүн гэж үнэн үү?

    -Би гэдэг хүн аравдугаар анги төгстөлөө шинэ хувцас авахуулж өмсч үзээгүй юм даг. Наймдугаар анги төгсөх хавар ангийн хүүхдүүд хорь хорин төгрөг цуглуулаад төгсөлтийн нийллэг зохион байгуулахад тэр мөнгийг нь гаргаж чадахгүй урвайгаад хоцорч явлаа. Арав төгсөөд л би анх удаа шинэ хувцас авч өмсөж үзсэн. Амьдрахын төлөө янз янзын л юм хийж явлаа. Орост духандаа бууны хүйтэн хошуу тулгуулчихаад хамаг юмаа дээрэмдүүлж явлаа. Сайн муу олон зүйлтэй тулгарч явсан. Ямар суурь мөнгө гэж ойлголт байсан биш. Тэр зүйлээ босгох гэж л явсан нь энэ. Энэ бүх үеийг туулж явахдаа юуг их тод ойлгож авсан бэ гэхээр хүний итгэлийг алдаж болдоггүй юм байна гэдгийг л ой тойндоо суулгаж авсан. Одоо хүртэл мөрдлөг болгосон зүйл маань энэ. Нэг хүний итгэлийг алда­хад л цаана нь мянган итгэл алдагдаж байдаг. Хүнээр дэмжүүллээ, туслуул­лаа, хүнээс мөнгө зээллээ. Энэ бүх харилцааны гол хөшүүрэг хүний итгэлийг алдахгүй явж чадахад л оршдог. Ингэж чадсан тохиолдолд аль ч хүнд хүчрийн ард гарч чаддаг юм байна гэдгийг л би амьдралаас ойлгосон.

    -Олон хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүлд төрж өссөн гэж сонс­сон. Ямар орчин нөхцөлд өсч өндийв, нийгмийн ямар гарал­тай гээд шалгаах зүйл зөндөө байна?

    -Миний аав цагдаагийн байгуул­лагад насаараа ажилласан, цагдаа­гийн хурандаа цолтой хүн. Миний ээж монголын харилцаа холбооны салбарт 35 жил ажилласан. Бид эцэг эхээсээ их олуулаа. Хамгийн том нь эмэгтэй. Тэгээд дор нь долоон хархүү жагсаж байна.

    -Наймуулаа юм уу?

    -Наймуулаа. Ганц охин, долоон хүүтэй айл гэсэн үг. Тэр долоон хүү өнөөдөр бүгдээрээ өрх гэрийн тэргүүн, үр хүүхдийн эцэг болцгоосон.

    -Долоон хүүтэй айлд нарийн дэглэм үйлчилнэ биз дээ?

    -Тэр тэгэлгүй яахав. Аав маань цэргийн хүн болоод тэр үү нэлээн хатуу дэг журмаар өсгөж өндийл­гөсөн. Долоогийн долоон бандитай өөр ямар ч хэлээр ярих билээ. Тэр ойлгомжтой. (инээв) Бид нэг нь л хэрэг хийвэл бүгдээрээ хамт шийтгүүлдэг журам­тай байсан. Эгч маань хүртэл эмэгтэй гэх хөнгөлөлт үзэхгүйгээр хамт шийтгүүлдэг байсан. Их, бага ч гэсэн байгаа хоолоо бүгдээрээ хувааж идэж, гэр орноо хамтдаа цэвэрлэж, дүү нараа бүгдээрээ өсгөлцөж ингэж л өндийсөн дөө.

    -Өссөн орчин тань аль дүүрэг вэ?

    -Би 10 нас хүртлээ гэр хороололд байсан. Одоо энэ Тасганы овоо орчимд.

    -Чингэлтэй дүүрэг гэсэн үг үү?

    -Тийм, Чингэлтэй. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн 43 дугаар байранд амьдарч байна. Манай хорооллыг чинь Улаан­баатарын Нью-Йорк гэдэг юм шүү дээ. Мэднэ биз дээ. Эндэхийн бүх юм надад дотно. Хорооллын 47 дугаар сургуулийг 10 жил бужигнаж төгссөн. Хорооллын байшин, орц болгоныг бараг мэднэ. Орц болгонд надтай нэг сургуульд сурч байсан, нэг ангид наадаж явсан нөхөд байдаг юм даа.

    -Ах дүү нар тань юу хийцгээж байна. Бизнес үү. Долоогийн долоон хүү юу гэж зүгээр суухав дээ, тийм үү?

    -Манай эгч, ах, дүү нар бүгд бизнес хийж байна. Ганзаганд явж байх үеэр бид их юм үзсээн. Оросын гаалийнханд зодуулаад хөл гараа хугалуулаад хүртэл явж л байлаа. Нэг дүү Америкт, нэг нь Хятадад сурч байна. Нэг дүү энд төрийн албанд ажиллаж байгаа. Бусад нь бизнес хийгээд явцгааж байна.

    -Тэгвэл Батбаатарынх гэдэг айлын талаар одоо ярья?

    -Батбаатар гэдэг айлынх өнөөдөр ам бүл дөрвүүлээ. Эхнэр, охин, хүү, тэгээд би. (инээв) Хүүхдүүд хичээл­дээ, эхнэр ажилдаа...ингээд л амьдарч байна даа.

    -Та одоо болтол хороололдоо амьдардаг юм уу?

    -Тийм.

    -Яагаад?

    -Мэдэхгүй. Би байсан газраа л байгаа ш дээ.

    -Гишүүн болоод хүмүүс Туул голын хөвөө рүү том том харш руу нүүдэг юм биш үү. Байраа солино, машинаа солино, зарим нь эхнэрээ?

    -(инээв) 1996 онд охиноо төрсний дараа эмнэлгээс гарч ирэхээс нь өмнө би Сансарт гурван өрөө байр нэг найзынхаа эгчээс худалдаж авлаа. Тэндээ жил хагас л амьдарсан. Тэгээд тэсэлгүй байраа солиод хороололдоо эргээд ирсэн. 44 дүгээр байрандаа. Арай л ондоо байдаг юм билээ, хүний өссөн орчин гэдэг.

    -Одоо танай гурав, дөрөвүгээр хороолол шиг утаанд нэрвэгд­сэн хороолол байна уу?

    -Харин одоо гамшиг нь тэр бол­чихоод байна. Энэ гамшгаас гаргаж авахгүй бол бид өөдлөхгүй шүү. Хүн ард маань сүйд боллоо. Уушиггүй боллоо шүү дээ.

    -Сонгогчид тань утаа униарын талаар ярьж байна уу. Эсвэл алт, газар, нефть ярьж байна уу?

    -Ярих юмаа ярилгүй яахав. Гэхдээ манай сонгогчид савалгаа багатай, элдэв савсаг хөөрөлгүй хүмүүс шүү дээ. Юманд нэлээн ултай ханддаг тойрог. Тэр мөнгө төгрөг элдэв юманд хошуурах ч үгүй. 2004 онд би нэр дэв­шиж байхдаа нэг ч хүнд мөнгө төгрөг өгч байгаагүй. Сонгогчдын 70 –аад хувь нь дээд боловсролтой. Тэгээд бод л доо. Манайхан газар ярьдаг. Ярилгүй яахав. Байрны эргэн тойронд газаргүй боллоо. Тоглоомын талбайн газар ч үлдээлгүй барилга байшин босгож байна. Амьдрах бичил орчны маань тав тух алдагдаж байна гэж их ярьж байгаа. Мэдээж утаа униар эн тэргүүнд яригдаж байгаа. СӨХ-үүдийн талаар их шүүмжлэл ирдэг. Юм хийхгүй байна. Байрнууд элэгдэлд орж байна. Дээвэр нь цоорхой байна. Лифт ажиллахгүй байна гээд л.

    -Гэр хороололтой биз дээ?

    -Байгаа. Гандангийн хороолол байгаа. Тэд маань замтай болохыг хүсч байна. Газраа ихэнх нь хувьчилж авсан. Үлдсэн зарим нь хөөцөлдөж байна. Гэр хорооллын тэр газрыг орон сууцжуулах нөхцлийг одоо судалж, анхаарлаа хандуулмаар байна.

    -Сонгуульд ороход танай намын хувьд нүүр бардам биз дээ. Мөрийн хөтөлбөр бараг биелсэн юм билээ. Хүүхдийн мөнгөнөөс өгсүүлээд ?

    -Тийм шүү.

    -Эрх барьсангүй ээ. Төрийг бужигнуулж, засгаа унагаад байсангүй ээ ...гээд л магтах юм зөндөө байна ?

    -Баярлалаа. Өнөөдөр их сонин. Хүмүүс анх Ардчилсан намын гаргаж дэвшүүлсэн 21 зүйлт мөрийн хөтөлбөрийг л илүү их асуудаг юм. Ардчилсан нам ялчихсан юм шиг. Ардчилсан нам эрх барьж байгаа юм шиг. Өнөөдрийн УИХ-ын хийсэн ажлыг ярихаар бас Ардчилсан намын зөвлөлийн хийчихсэн ажлууд байдаг. Бодитой, илүү зөв бодлогууд нь их гарсан учраас хэрэгжилт нь илүү сайн байна л гэж харж байгаа. Тухайлбал хүүхдийн мөнгө гэдэг асуудал бол хэнийг ч алагчлах аргагүй асуудал. Өнөөдөр хүүхэдгүй хүн гэж байхгүй. Хүүхдүүд нь насанд хүрчихсэн байлаа гэхэд тэднийх нь ач гуч нь байж байдаг.

    -Хүүхдийн мөнгийг эхлээд шүүмжлээд л байсан шүү дээ. Хүүхдэд мөнгө өгөх нь буруу. Архичин эцэг нь аваад архи ууж таарна гээд л. Гэтэл одоо хот хөдөөгүй хүүхдийн мөнгөө банк руугаа очин баяртайгаар авцгааж байна шүү дээ?

    -Тэгж байгаа. Үнэхээр бахархдаг юм. УИХ-ын 66 дугаар тойрогт ч юм уу, өөрөөр хэлбэл миний сонгогдсон тойрогт ч юм уу, энэ 25 тойргийн аль нэгэн дээр нь МАХН –аас нэр дэвшигч ялчихсан байсан бол энэ хүүхдийн мөнгөний хөтөлбөр батлагдахгүй байсан. Яагаад гэвэл нөгөөдүүл маань албан ёсны олонхи болсон бол 39 болох байсан. Монголын заяа буян их юм болохоор ард түмэн ийм сонголт хийсэн. Тэгж их эсэргүүцэж чулуу шидэж байсан улсууд юу гэж хийх юм бэ.

    -Миний дүүгийн тавхан сартай хүү гэр бүлдээ өөрийн хувийг олж ирээд хөрөнгө оруулалт хийж байгааг харах хөөрхөн байдаг юм. Ийм хөтөлбөрийн төлөө сэтгүүлч хүний хувьд хоёр гараа өргөн дэмжих дуртай?

    -Маш их баярлалаа. Ер нь бол монголчууд маань баян болох ёстой. Улс төрд ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд бид монголчууддаа тайван амгалан амьдралыг л авчрахын төлөө зүтгэх ёстой гэж бодож байна. Бид амар амгалангаа алдчихаад байна. Амар амгалан амьдрахын тулд баталгаа хэрэгтэй. Тэрийг нь авчрахын төлөө ажиллах ёстой.

    -Тумбааш гэдэг нэр хаана байна, тэнд таны нэр хамт сонсогдож байдаг. Эвтэй дөрвөн амьтан гэсэн утгатай үг байх. Компаниа яагаад ингэж нэрлэсэн юм бол. Дөрвөн хувь нийлүүлэгчтэй юм уу ?

    -Би бусдын халаасанд яваад орчихгүй хэмжээнд л өөрийнхөө амьдралыг болгочихсон хүн. Улс төрд орохоосоо өмнө шүү дээ. Энэ утгаа­раа улсын сан хөмрөгөөс хумсалчих гээд л, болж өгвөл ашиг хонжоо хайчих гээд байх тийм мөнгөний дэв гэх юм уу даа зүйл надад байхгүй. Унахдаа унаж, босохдоо босч хэдэн муу ах дүү нартайгаа нийлж ганц компани байгуулсан. Мөнгө гэдэг бол агаарт байдаг зүйл. Мөнгө гэдэг бол тархинд байдаг зүйл. Мөнгө амьдралын зорилго биш гэдгийг ойлгочихсон хүн.

    -Та барилга барьж байгаа юм уу?

    -Миний ах барьж байгаа. Барилга барилаа гээд шүүмжилж л байна. Гэвч яая гэхэв. Би олны өмнө ил амьдарч, балбуулж байх замыг сонгосон хүн.

    -Нэрээ нуугаад өөр компанийн нэрээр бариулчихгүй дээ. Тэгж болно биз дээ?

    -Тэр их амархан шүү дээ. Гэхдээ яах юм бэ. “Тумбааш” компани шударгаар энэ зах зээл дээр ажиллаж болно биз дээ. Бид чинь олуулаа. Бусад нь бас амьдрах хэрэгтэй биз дээ. Тумбаши гэж төвд үг л дээ. Эвтэй дөрвөн амьтан гэсэн. Сайн цагийн эхийг бэлгэддэг учраас сонгож авч нэрлэсэн. Их сайхан нэр.

    -”Тумбааш” ах дүүсийн хүсэл мөрөөдөл, сэтгэл зүтгэл шингэсэн даруухан компани юм байна. Ингэхэд хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ?

    -200 орчим гэж бодож байна.

    -Сайн байна шүү дээ. Тэдний цаана хичнээн хүний аж амьдрал байгаа билээ?

    -Тийм ээ, хүмүүст бага боловч өөрсдийн хэмжээнд боломж олгож байгаа л хэрэг. 2000 онд УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдаад хаалганы гадаа үлдсэн. Энэ явдлын дараа зүгээр Ардчилсан намыг дэмжиж явж болдоггүй юм байна. Өөрөө оролцох ёстой юм байна. Өөрийн чадах хувь нэмрийг оруулах ёстой юм байна гэж шийдсэн л дээ. Энэ шийдвэр маань намайг улс төрийн тогоо руу хүчтэй түлхсэн. Тэр цагаас хойш компанийн ажилд оролцохоо больсон. Би өөр зүйлд өөрийгөө зориулахаар шийдлээ гэж ах дүү нартаа хэлээд гарсан.

    -Хүмүүс намыг ялж, мандаж байх үед л дагаж ханарах маягаар ирдэг шүү дээ. Та сонин л үед ирсэн хүн байна ?

    -Өөрийн хийж байсан бизнесээ орхиод, өглөг авлага бүх юмаа цэгц­лээд санаа шулуудан, тэр орчноос өөрийгөө бүрэн чөлөөлж гаргаж ирээд энэ зүгт алхсан. Ер нь хүн тэгэх ёстой. Хоёр нутагтан шиг явж болохгүй.

    -Ирэх сонгуулиар газрын хэвлийн баялаг тойрсон асуудлуудаар аль хүчин ямар санал гаргаж тавих нь вэ гэдэг дээр намуудын дунд бодлогын өрсөлдөөн явагдах болов уу?

    -Санал нэг байна. Хэн ард түмний хүслийг бодлого болгож чадахав тэр олон түмний итгэлийг авна.

    -Бодлогоос дутахгүй хүнийхээ хувьд хэн юм бэ гэдгийг сонгог­чид илүү имэрч үзэхийг хүсдэг болсон шүү дээ. Батбаатар ги­шүүн эр хүнийхээ хувьд хэн юм бэ гэдэг асуулт зарим сонгогч­дод сонирхолтой л байх?

    -Өөрийгөө тодорхойлно гэдэг хаашаа юм бол доо.


    -Наадах чинь жижүүрийн ха­риулт байна. Нөгөө одон зүү­чихээд телевизээр энэ бол ми­ний одон биш ээ, манай хамт олны одон гэж хэлдэг шиг үг?

    -Тийм үү. Тэгвэл хариулъя. (инээв) Ямар ч тохиолдолд архи дар­санд орох ч юм уу, санаа сэтгэлийн гүн хямралд автаад өөрийнхөө хүсэл мөрөөдлөө гээж хаях тийм эр хүн биш. Итгэл даах чадвар суусан тийм л эр хүн гэж бодож байна. Бас би нөхөр шиг нөхөр, найз шиг найз байж чадна.

    -Эр хүнд хааяа нэг уух, ши­рүүхэн хэдэн үг солилцох, дур­гүй хүргээд байвал нударга зө­рүүлэх юм байдаг . Манай за­рим улстөрчид маргааш нь л энэ намайг ингэчихлээ гээд хэв­лэлд мэдээлж гүйгээд , хурал хуй зарлаад сүйд болох юм. Мессежээр заналхийлсэн гээд бөөн хэрүүл хүртэл болж байсан. Тэгээд л ийм асуулт тавьсан юм?

    -(инээв) Их хөгжилтэй асуулт байна. Яахав дээ, нэг талаас хувь хү­ний эрх чөлөө гэдэг юм алга болчи­хож байгаа юм л даа. Ихэнх цагт өөрийгөө цэнэх болдог. Гэхдээ уур­лахаа ил гаргаж чаддаг, инээхээ ил үзүүлдэг, уйлахаа ил харуулж чаддаг байх нь бас муу зүйл биш. Энэ бол хүнээс гарч л байх ёстой араншин. Ингэж чадахаа байчихаар хүн ч гэхэд хэцүү амьтан болж хувирна биз дээ.

     

    -УИХ дээр элдэв хэрэггүй юм их ярих юм аа. Парламентын гишүүн хүн казинод тоглож болохгүй ээ ч гэх шиг. Парла­мен­тын гишүүн хүн биш юм уу. Яагаад иргэн Дорж болдог, УИХ-ын гишүүн болохоор болохгүй гэж. Хүн өөрийнхөө мөнгөөр юугаа хийх нь тэр хүний эрх биз дээ?

    -Парламентын гишүүд өөрсдөө тийм санал гаргаад хэлэлцээд сууж байнаа гэдэг нь өөрсдийгөө бурхан болгож харуулах гээд байгаагийн л нэг хэлбэр.

    -Өөрсдөө казино тоглох бай­тугай юм хийж явдаг нөхөд цэ­вэр ариун царайлаад ерөөсөө парламентын гишүүн хүн тэгж бо­лохгүй, ингэж ч болохгүй гээд дэмийрээд сууж байх инээ­дэмтэй л харагддаг юм билээ?

    -Хулгайч хүн хулгайчийг бариа­рай гэж хашгирдаг гэдгийн л үлгэр дээ. Бас энэ ёстой бохир муухай юм гэж ярьж байгаа хүн тэр бохир муухай юмандаа хамгийн их гүн шигдсэн байдаг гэдэг шүү дээ.

    -МАХН-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт орж ирэхэд танай цөөнх хамгийн ултай, ухаалаг байр суурь баримталсан. Энэ нь монгол төрийн эрх барих дээд байгууллага ямар нэгэн за­хиалгат ажиллагаанд ашиг­лаг­даж байдаг газар байж таа­рах­гүй ээ гэдгийг илэрхийлсэн шийдвэр болж харагдсан. Уг нь сон­гууль дөхсөн үед өрсөл­дөгч хүчнийхээ нөхдийг явуулж л байдаг газар биз дээ.

    Та юу гэж бодож байна?

    -Таны сонирхож байгаа тэр шийд­вэр бол зовлон жаргалын аль алиныг өөр дээрээ авч үзсэн, тэрнийхээ хэрээр хатуужиж хал үзсэн улс тө­рийн хүчний шийдвэр байсан. Шар­хыг өөр дээрээ авч үзсэн хүн л бус­дын зовлонг ойлгодог. Энэ утгаараа Ардчилсан нам нуруу суусан нам шүү дээ. Тэгж ч хэн дуртайн гарын үзүүрт савлахгүй байх.

    -Төрийн дархлаа алдагдсан. Төрд зүтгэсэн хүн нуруун дээрээ араг дүүрэн дарамт хавчилт, хардлага үүрч явдаг. Бүгд л нулимдаг болсон юм шиг санагдах юм?

    -Төр ямар үед хүчтэй байдаг юм бэ. Төр итгэл дааж байгаа үедээ л хүчтэй байдаг. Тэгэхээр төрд зүтгэж байгаа хүмүүс маань өөрсдөө итгэл даадаг, аливаа юмнаас халширч зугт­даггүй, халуун хатуу бүхнийг туулдаг байх хэрэгтэй. Тойрч зугтаад байх хэрэггүй. Нүүр тулж, тэр бүхэнтэй учирч, гар барьж л байх ёстой. Тойрч зугтсанаар төрийн дархлаа улам л алдагдана. Болж өгвөл амиа бага хоохойлдог байх ёстой.

    -Батбаатар гишүүн маань ин­гэхэд хөдөө хэр явдаг хүн бэ. Зарим түшээ дөрвөн уулынхаа дунд л шигдээд байх юм?

    -Гишүүн болохоосоо өмнө бишгүй их явсаан. Ан гөрөө ч хийж их явсан. Нуугаад яахав. Гишүүн болсноосоо хойш ч багагүй явлаа. Зүгээр зуурын айлд бууж мордоод, санаж сэдэж байгааг нь хуваалцаад, ярьж хөө­рөөд, аяга хоол байвал идчихээд га­рах сайхан ш дээ. Заавал би Их хур­лын гишүүн байна гэж сүрсэгнэхгүй­гээр. Нэг зовлонтой зүйл нь таньдаг болчихсон. Танихаараа бас ярих юм ондоо. Асууж, лавлах юм их. Гол нь захиас их хэлдэг.

    -Хэвлэлийнхэнд хэр ханддаг вэ. Багагүй чимхүүлдэг байх. Ер нь магтуулдаг уу?

    -Учиргүй магтуулаад байдаггүй дээ. Шүүмжилж болно. Бүр нээлттэй. Гэхдээ голдуу зохиол гарч ирээд байх юм. Би чинь яасан ч их баарддаг юм. Яасан ч их уудаг юм. Яагаад ч тэгээд төлбөр тооцоогоо хийхгүй зугтаад байдаг

    юм. Тэр мэдээлэл нь тэгээд то­дорхой давтамжтайгаар нийтлэгд­дэг. Ядахдаа тэр баарных нь нэрийг шинэчлээд өөрчлөөд биччихгүй юм. Нэг газар яасан ч их очуулдаг юм. (инээв) Яасан ч олон тооцоогоо хийх­гүй агсан тавьдаг юм. Тиймэрхүү байдлаар л зохиол гардаг юм даа.

    -Хөгжилтэй юм. Нээрээ та уудаг уу?

    -Яахав, найз нөхдийн хүрээнд баяр ёслол тохиолдуулаад ганц нэг хундага юм тогтооноо. Учиргүй тас жимийгээд суухгүй. Ер нь болж өгвөл архи дарснаас тойроод өнгөрчихийг хичээдэг дээ.

    -Адуутай юу. Морь уядаг уу?

    -Монгол хүн юм болохоор моринд дуртай байлгүй яахав. Хэдэн адуу бий. Гэхдээ хөөцөлдөөд байвал дур­лаад татагдаж мэдмээр юм билээ. Уяж үзэх юмсан гэж ч бодогдож байх шиг.

    -Манай гишүүд их ганган шүү дээ. Өөрийг тань харин нэг их тогос шиг гоёчихсон явахыг хараагүй юм байна ?

    -Ер нь албаны хувцастай л явдаг даа. Анзаарч байгаа бол би гартаа бөгж ч зүүдэггүй. Гэхдээ чанартай юм эдлэхийг хүсдэг.

    -Ямар нэгэн лиценз эзэмшдэг үү?

    -Үгүй дээ.

    -Хувьцаа?

    -Байхгүй ээ. Шалгаж үзэж болно.

    -Яг уг гарал угсааг тань сонир­хож болох уу?

    -Завхан аймгийн Яруу сумын Зүйлийн баг.

    -Яруу гэдэг чинь Н.Багабанди гуайн нутаг биз дээ?

    -Тийм ээ. Н.Багабанди гуайн сум, бас баг. Тэр хүнийг би маш их хүн­дэтгэж явдаг.

    -Таны хамгийн харах дургүй дүр зураг юу вэ?

    -Юу ч бий болгож, босгож үзээгүй байж цээж дэлдэж байгаа хүмүүсийг харах дургүй.

    -Та улсын машин унадаг уу, эсвэл?

    -Би хувийнхаа машиныг унадаг.

    -Ямар машин унадаг вэ?

    -Форд экспедишн.

    -Моодноос гарчихсан машин биз дээ. Солихгүй яасан юм бэ?

    -Үгүй, тэгж яах юм бэ. Машин маань зүгээр л яваад байгаа шүү дээ. Моодноос гарсан байх л даа. Гэхдээ миний машин...

    -Зүгээр ээ. Би таныг сонжсон юм?

    -Эр хүний унааг гоочлоод байхаар жаахан гайхлаа шүү.

    -Нээрээ үзгийг тань сонирхоё ?

    -(энгэрээ тэмтэрч үзэв) Ширээн дээрээ орхичихож. Би ихэвчлэн паркераар бичдэг дээ.

    -Бичих юм их гарах уу?

    -Гаралгүй яахав. Толгойд орж ирсэн санааг цаасан дээр буулгахгүй бол амьдардаггүй гэдэг биз дээ. Юм бичих гоё ш дээ. Янз бүрийн орж ирсэн санаа оноонуудаа бичиж тэмдэглэж байх дуртай.

    -Та эмэгтэй туслахтай юу?

    -Үгүй. Эрэгтэй туслахтай.

    -Холбогдчихно гэж эмээгээд, ийм сонголт хийгээ юу?

    -Үгүй. Тэр талаар бодож үзээгүй юм байна. Анхнаасаа л эрэгтэй туслахтай болсон.

    -Зарим гишүүдийн хувийн амьдрал их бичигдэх юм. Янз бүрийн бүсгүйчүүдтэй холбоод л. Харин таныг нэг их бичихгүй юм аа?

    -Гайгүй л байдаг ш дээ. Би тэгж анхааралд өртөөд энд тэнд яваад байх биш дээ.

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан