Цаг хугацааны галт тэрэг уулгалан оджээ.

    Эргээд бодоход алдаатай, оноотой, юм юмтай он жилүүд жирэлзэн өнгөрсөн байна. Туниагүй, хөлөө олоогүй эхний мөчүүд эдүгээ баримтат кино болон мөнхөрч. Тэнд харагдах баатрууд харин цэл залуу.
     Да.Ганболд халимагтай, Э.Бат-Үүл хав хар толгойтой, Баабар моодны урт үстэй хэгжүүн бор залуу, С.Зориг, Элбэгээ, Лу.Болд... бараг хүүхдээрээ... Гартаа ганц сэлүүртэй, цагаан цамцтай хэдэн залуу "жижигхэн завин дээр шуурга сөрөн сэлүүрдэж явна". Дотоод яаманд мөрдүүлж, хана туурган дээр ухуулах хуудас нааж, төв хороог хэлэлцээрийн ширээнд хуу татан буулгаж ирж, ёстой нэг Харанга дэлдүүлж байв.

    Цаг үе бүхэн ингэж өөрийн баатруудыг тээж ирдэг ажээ. Ийнхүү тэд манай үеийн баатрууд болон үлдэж, амьддаа алдар суугаа бүтээсэн байна.

    Төрнө, ирнэ хэмээх ухагдахуун хүчирхэг ойлголтын нэг. Гэхдээ үлдэх тухай ойлголт нь илүү хүчирхэг. Үүнийг цаг цагийн салхинд торойн үлдсэн, тоотой хэдхэн лидерийн амьдрал замнал баталдаг.

    Наяад оны сүүлээр дээвэр туургаа хөвсөлзүүлэн дэнжигнэж байсан Монгол орон дотроо төвхнөх гэж бүтэн хорины турш бужигнажээ. Энэхүү бужигнаан дунд шинэ тутам парламентын засаглал маань арай л тамгаа хураалгачихалгүй явсаар XXI зууны босгоор алхан орж ирэв. Олон түмний засаглал болох Парламентын засаглалыг эрчтэй гоочлох хандлага анзаарагдах болсон өнөө үед улс төрийн идэвхитэй иргэн бүрийн сэтгэлд өөрийн эрхгүй хариуцлагын судас лугшиж эхэлжээ. Ийм санаархлаас хэрхэн яаж алсуур өнгөрөх вэ. Чухам энэ тухай л бид ээлжит сонголтоо хийхийн өмнө эргэцүүлж тунгаах ёстой боллоо. Парламентад тоглоомын, тохиолдлын улсууд хүч түрэн орж ирснээс үүдэлтэй улс төрийн хямрал газар авснаас үүдэж "Засаглалын хэлбэрийг засъя" гэх хорон уриаг зарим хүмүүн цагаан хоолойгоор орилж эхэлсэн нь үнэн. Удахгүй бүрэн эрх нь дуусах эдүгээн парламент гэхэд улс төрийн голлох хоёр хүчний харьцаа тэнцэж бүрэлдсэн ч олонхгүйн торгон зааг дээр тохиолдлын кадруудад тоглох боломж олгочихсон. Тэрхүү сайн дурынхан үнэг хөөж Төрийн нэр хүндийг гадаа гаргаж чулуудав. Хэрэв бид жинхэнэ улстөрчдийг сонгосон бол тийм драм үзэхгүй, ийм эмзэглэл тээхгүй, " засаглалын хямрал" гэх завсрын дохио улалзахгүй байв.

    Түүхэнд тэнцвэртэй, уран сайханчдын...гэх мэт олон талт тодотголоор үлдэх болсон энэ удаагийн парламент гаднаа харин хэн хэнийг үлдээсэн билээ. Хэрэв тэд ороод ирсэн бол гэх далдхан харамсал яагаад дөрвөн жил цээжний цаана хөндүүрлэв.

    Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан, С.Баярцогт, Ц.Нямдорж, С.Оюун, Р.Гончигдорж, З.Энхболд нарын мэргэжлийн улстөрчид байгаа хэдий ч Баабар, Да.Ганболд, Ц.Элбэгдорж, С.Баяр, Лу.Болд, Б.Дэлгэрмаа, Ж.Бямбадорж байхгүй. Тэгсэн атлаа Эрэлтэй, Буянтай, Арвинтай,Симбатай байж байгаа нь хувь заяаны шоглоом ч юм шиг.

    Яагаад парламентын засаглалын төгөлдөршил рүү анхаарал шидэж эхэлсэн нийтлэл маань ийнхүү дайсан хураах хатуу үгийг хэлүүлчих вээ. Өөрийн эрхгүй хэн нэгэн нь хэлэх ёстой үгийг хэлж чаддаг байхад, магадгүй танил талынхаа өөдөөс нүд рүү нь эгцэлж байгаад хэлж чаддаг байхыг сэтгүүлч хүний үүрэг гэж би мунхаглан боддог юм.

    Эдний хэнд нь ч Төр хэрэггүй. Харин Төрд тэд хэрэгтэй. Баабар шиг сэтгэгч, Ц.Элбэгдорж шиг удирдагч, С.Баяр шиг шийдэмгий улстөрч, Лу.Болд шиг дэлхийн энгээр харах хүн энэ Төрд хэрэгтэй болохоос эдгээр сэхээтнүүдэд өнөө маргаашийн ялихгүй нударган зодооноор дүүрсэн Монголын улс төр бол амин чухал зүйл биш. Яагаад ч юм би ингэж хатуу итгэдэг.

    Туулж ирсэн амьдрал тэмцлийн түүх нь ч, эзэмшсэн өндөр боловсрол нь ч, удам судар нь ч тэдэнд итгэх итгэл дагуулдаг.

    Дэлхийтэй дэлхийн хэлээр "харьцдаг" сэхээтнүүд хэд байна вэ. Сумын төсвөө ч гүйлгээд ойлгочих чадваргүй улаан дээлтэй кадруудтай урагшаа явна гэж итгэсээр гурван ч удаагийн сонгууль өнгөрөөлөө. Үнэхээр бодох асуудал шүү.

    Лу. Болд...Энэ хүнтэй би Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлд орсон анхны монгол хүн байхад нь "танилцсан" юм. Тэр үед Лу.Болд ОУПХ-нд Монгол улсыг элсүүлж, Нийгэм эдийн засгийн хорооны дэд ерөнхийлөгч, мөн холбооны Ази номхон далайн бүсийн даргаар томилогдон ажилласан. Ийм нэгэн "хадаас" мэдээ ирж, түүнийг нь бидний хэдэн сэтгүүлч бахархалтайгаар цацаж байсан цаг саяхан мэт. "Газар хагалан" орсон салбар болгондоо ялагч болж үлдсэн Лу.Болдын өнөөдрийн амжилт бидний бахархал. Монголын мянга мянган залуусыг араасаа хорины турш чирсэн Баабар Монголын капитал. Эднийг өөртөө зүтгүүлж чадахгүй байгаа нь Төрийн харуусал.

    Герман, франц, англи, орос хэлийг гаргуун эзэмшсэн гэх намтар эдүгээн парламентад байхгүй болохоор, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн явсан, улс төрд 20 жил чанагдаж хатаагдсан тоотой хэдхэн улстөрчийн зарим нь гадаа яваад байгаа болохоор, эрүүл эсэх нь эргэлзээтэй нөхдүүд бодлого барьж тоглоод байхаар өөрийн эрхгүй бухимддаг юм байна. Нийгэм ч гэсэн яг ингэж санаа сэтгэлийн тэнцвэрээ алддаг байх...

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан