“ОГТОРГУЙН УУДАМД” ЗЭЭГТ НААМЛЫН БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

    Монголын дүрслэх урлагт үндэсний уламжлалт зээгт наамал 1960-аад онд “Торгон зээгт наамал” урлагийн түүхэн хөгжлийнхөө дахин сэргэн хөгжих сэргэн мандалтын үед хүрч хөгжжээ.  Энэ үед тухайн нийгмийн ололт амжилт, хөгжил дэвшил, улс төрийн эв нэгдэл, ажил хөдөлмөрийг магтан дуулсан хөрөг болон  сэдэвт  зээгт наамал зонхилж байсныг илтгэх олон бүтээл төрөн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл: Зээгт наамлын урлагийн бүтээлийг  “хөрөг”, “сэдэвт зээгт наамал” гэсэн гоёл чимэглэлийн бүтээл гэсэн төрөлд ангилан үзэж болно. Ардын зураач Ү.Ядамсүрэн, зээгт наамалч Я.Люна нарын “Хувьсгалын уриа” 1967, “Манай төрийн нэгдэл” 1961, БНМАУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лувсанжамц, Б.Норолхоо нарын “Найрамдал”, “Монгол-Зөвлөлтийн найрамдлын гэрээ” 1967, зураач Ш.Галсандоржийн эх загвар зургаар Б.Шаравын нэрэмжит Хэвлэл чимэглэлийн үйлдвэрийн урчуудын хамтран бүтээсэн “Найрамдал”, уран хатгамалч А.Цэрэнхүү, А.Сэнгэцохио нарын “В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын уулзалт” (1967) зэрэг бүтээлүүд туурвигджээ.

             Тэгвэл 1980-аад оноос торгон зээгт наамлын урлагт хөрөг, түүх-аж байдлын сэдэв зонхилж,  Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ц.Даваахүүгийн хар зургаар Д.Уранчимэгийн хамтран  бүтээсэн “Огторгуйн уудамд”, “Найрамдлын үр шим” зэрэг зээгт наамлууд монгол хүн анх сансарт ниссэн томоохон үйл явдалд зориулсан томоохон хэмжээний бүтээлүүд юм. Социализмын үеийн зээгт наамлын бүтээлүүд зөвхөн шашны агуулгаас социалист амьдралын сэдэв рүү шилжиж өөрчлөгдсөн төдий бус дүр дүрслэл, зохиомжийн баялаг хэлбэртэй болж хөгжсөн шилжилт өөрчлөлтийг авч ирсэн байна. Энэхүү бүтээл бол түүхэн цаг үеийнхээ үнэ цэнээ алдаагүй бүтээл бөгөөд эдүгээ Монголын Уран Зургийн Галлерей сан хөмрөгт хадгалагдаж байгаа юм.       

    Ц.Даваахүү, Д.Уранчимэг “Огторгуйн уудамд” зээгт наамал (1982) Монголын Уран Зургийн Галлерейд хадгалагдаж байна.

    Зээгт наамлын төрлөөр 10 гаруй томоохон бүтээл бүтээсэн нь Герман, Турк, Япон, Англи, Солонгос, Америк, Болгар, Польш, Румын, Орос, Чех зэрэг оронд болсон Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцож олон улсын шагналуудыг хүртэж байсан байна.

          Зохиомжийн төвд улс улсынхаа сүлд, интеркосмосын тэмдэг бүхий цагаан скафандартай, гар гараа барилцан үзэгчийн зүг харсан сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, оросын нисгэгч В.А.Жанибеков нар дугуй хүрээ зураасаар илэрхийлсэн хязгаарлагдмал орчинд жингүйдэж байгаа байдлаар дүрсэлсэн нь зохиомжийн хувьд оновчтой хэллэг нь зураачийн бусдаас ялгарах онцлог юм.

          Монголын сонгодог торгон зээгт наамалд хэрэглэж ирсэн өнгө зохицолтой харьцуулахад цайвар хүйтэн өнгө зонхилсон байгаа нь сансар огторгуйг дүрслэн илтгэсэн бүтээлч шийдэл юм. Энэ зээгт наамлын бүтээлийн зохиомж, дүр дүрслэл нь бидний өдөр тутмын амьдрал, аж байдлаас эрс ялгаатай, сансрын тухай ихээхэн зүйлийг үзэгчдэд хүргэнэ. Дөрвөлжин хэлбэртэй тайлбайд дугуй маяг бүхий олон дүрс багтаан илтгэсэн “Огторгуйн уудамд” хэмээх зээгт наамалд тод томруун зохиомжилсон сансрын хоёр нисгэгч баатрын тэртээ, долоон өнгийн торгоор урласан, ар дэвсгэр нь битүү дугуйрсан солонго, мөн түүний тойруулан байрлуулсан туслах дүрслэгдэхүүн, зохиомжийн дээд хэсэгт хамтарсан нислэгт зориулсан тэмдгийг улаан шар цайвар шар өнгийн торгоор хоёр зурвас зээглэн наасан хүрээний дунд цагаан торгон дэвсгэр дээр алтан таван хошуу, хоёр улмын төрийн далбааг тод улаан торгон утсаар гурамсалж томсон зээгээр хүрээлүүлж зээглэжээ. Туслах дүрүүдийн дотор хоёр орны төрийн далбааг томоор дүрслэн дэлхийг гол тэнхлэг болгон интеркосмосын программ ёсоор нислэг явагдсаныг хаан бугуйвчаар нэгтгэн холбожээ. Хамтарсан нислэгийн тэмдгийг зураач Ц.Даваахүү, уран хатгамалч, зээгт наамалч Д.Уранчимэг нар өөрсдийн уран сайхны илэрхийлэл, уран бүтээлч шинэлэг санааны дагуу урласан бөгөөд хамтарсан нислэгийн тэмдгийг тэр хэвээр нь хуулбарлаагүй байна. Хамтарсан нислэгийн тэмдгийн хоёр талд нар, сар хоёрыг дүрслэхдээ нислэгийн тэмдгээс жижгэвтэр шар дугуй хоргойг тал бүр тийш шар улаан торгон дээр алтан саан утсаар самнаас гарган гэрлийн цацрагийг үзүүлсэн бол сарны дээд хэсэгт мөнгөлөг цагаан саатай торгоор “Салют ”, “Союз 39” хөлгийг дүрслэжээ. Бүтээлийн зохиомжийн доод хэсэгт мөн тэгш хэмийн байдалтай зээглэж урласан олон өнгийн үүлсийн наад талд эх дэлхийг илтгэж, хар хөх торгонд Ази, Европ, Америк, Австраль тивүүдийг багтаасан газрын зургийг цэнхэр өнгөөр дүрслэсэн зээг нь зээглэх дүрсийнхээ өнгөтэй ижил өнгөөр зээглэсэн бөгөөд цайвар цагаан үүлсийн наад талд дэлхийн бөмбөрцгийг дүрсэлсэн болохоор хоёр эсрэг тэсрэг өнгө хоршилно.

                                                                                                                                                      Урлаг судлаач Ц.Хандмаа

Сэтгэгдлүүд : 0

Сэтгэгдэл оруулах

урлан