Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл гэж гуравхан албан тушаалтантай цомхон байгууллага байдаг.

    Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл гэж  гуравхан албан тушаалтантай цомхон байгууллага байдаг. Тодруулбал, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн гурван том албан тушаалтан багтдаг гэсэн үг.
     Энгийн иргэд болохоор  Н.Энхбаяр, Ц.Нямдорж, М.Энхболд гэдэг гурван том дарга тэр дээр байдаг, тэд л энэ улсын хувь заяаны залуур дээр заларч суудаг гэх бүдүүн тоймын  ойлголттой. Түүнээс биш монгол төрийн хар хайрцгийн гэх чухал бодлогыг зангидан сууж, өндөр эрэмбийн албан тушаалтныхаа хувьд өндөр эрэмбийн хариуцлага хүлээж амьдардаг гэх маягийн ёс суртахуунлаг ойлголт гудамжаар урсаж яваа эгэл жирийн бидэнд байдаггүй. Байхгүйн балаг барагдашгүй  их.

    Ердийн ухамсрынхаа түвшинд хариуцлагын тухай гүн гүнзгий биш юм гэхэд тодорхой түвшний ойлголттой иргэд засаглалаасаа хариуцлага нэхэх чадавхтай байж таарна. Тэрхүү чадавхи нь байхгүй учраас шаардаж чаддаггүй. Шаардах чадамжгүй болохоор нь   цаадуул нь толгой дээр маань зайдалж аваад ёстой нэг хөндлөн гулдгүй тонгочиж байдаг. Байгаа байдлыг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлахад энэ.

    Сүүлийн үед Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл дээр яригдсан бүх мэдээлэл төвөггүй орж ирэх болжээ. Сэтгүүлч бидэн шиг бараг бүх мэдрэхүй нь мэдээлэл тийш чиглэн цагийн зүү шиг зогсолтгүй ажиллаж байдаг улсад  бол сайхан сул “хоол”. Хоттой хонио эзгүй хаячихаад найр хэсэн алга болж болж ирээд гэнэт үсээ зулгаан үгтээцгээж өнгөрсөн хойно чоныг зүхэх нь хэтэрхий шударга бус явдал болох биз . Ийм явдлын хариуд “хохь нь” гэхээс өөр юу гэх билээ. Мэдээлэл…мэдээлэл…бас дахиад мэдээлэл. Энэ бол бидний ажил хэргийн цорын ганц  орчин. Бусдад хамгийн тодорхой үзэгдэх ил тод орчин. Гэхдээ эл орчин үнэгүй олдсон юманд шимгүй ханддаг араншинтай. Нүдээрээ харж,хөлөөрөө явж, гараараа тэмтэрч, чихээрээ сонсч байж чирж ирсэн  баримтны дэргэд, дээр байгаа гурван нөхрийн хариуцлагагүйгээс болж задраад зүгээр л тооноор унаад ороод ирж байгаа мэдээллүүд юу юм. Иймэрхүү  дээгүүрдүү хууль үйлчлээд энэ зүг нэг их анхаарлаа хандуулахгүй явж иржээ. Гэвч сүүлийн үеэс юм арай хэтэрч буйн дохио мэдрэгдэж, улс төрийн тулхтай кадруудын амнаас энэ улсын бодлого ер нь юу болоод байна вэ. Ямар гээчийн зүг бидний монгол улс эв санаагаа нэгтгэн давхиж явнаа гэх сэртэй үгс ойчих болж  сэтгэл эмзэглүүлэх болов. Сэтгүүл зүй бол энэ улсын сэрэмж юм. Ирээдүйд бий болох эрүүл саруул нийгмийн төлөө сэртэй, хартай байсныхаа төлөө энэ үеийн сэтгүүл зүй ихэсийн тааллыг гажиж байж мэднэ. Гэвч ухрах, няцах эрх байхгүй билээ.

    Баримт 1

    Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн ажлын аппарат компьютерээсээ “Маш нууц”-ын зэрэглэлтэй материалууд бүхий хард дискээ алдаж нүүр хийх газаргүй болгож байлаа. Эдүгээ Америкийн нэгдсэн улсад элчин сайдаар ажиллаж буй Р.Болдын нэр дээрх явдалтай нэлээдгүй орооцолдож, хэл үгний бай болж байсан цаг ердөө өчигдөрхөн.  Гэвч хариуцлагыг тооцож биш ярьж амьдардаг манай төр нөгөө этгээдийг зэмлэх нь битгий хэл дэвшүүлээд  явуулсан байдаг.

    Баримт 2

    Одоогийн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл энгэр султайгаараа ёстой нэг гайхуулж байнаа. Удаж удаж нэг юм хуралдтал тэнд  ярьсан бүх юм нь энд ирж орхидог байгаа. Иракаас цэргээ татчихвал Монгол орон гадаадад ертөнцөд, тэр тусмаа АНУ-ын өмнө ямар байдалд орох вэ. Дараагийн ээлж хэдхэн хоногийн дараа явах гэж байдаг. Татахгүй бол гадаад ертөнцөд үүсч буй шинэ нөхцөл байдал хэцүүрч байгааг бодолцохгүй байх аргагүй. ..энэ тэр гээд юу эсийг ярихав. Мэдээж мань гурав хүн л юм болохоор бие биендээ санасан өргөстэй бодлууд бий. Юмыг араар хийдгээ болъё гэж нэг нь дуугараад авч.  Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоод газар дор ортлоо балбуулсандаа нөгөө нь шаралхаад авч. Харин багадсан формтой шилжиж ирсэн жаал шиг сууж байсан гурав дахь  нөхөр ширээний хулдаас имрэн юу хэлэхээ мэдэхгүй  гилбэлзэн улаа бутарч суусан гэх. Ингэхэд энэ айл яагаад ингэж хөхүүрийн ам цаашлан одсон жиндүү цагаар хаяа хотныхоо  хамаг манаасыг аваад шидчихэв ээ. Арай ч ийм байгаагүйсэн.

    Баримт 3

    Энэ өвөл манай улсын нэгэн том компани гэнэтийн гамшигт нэрвэгдэж сүйд болох шахсан. Хажуугаар нь хадгаламж зээлийн хоршоод дуу дуугаа авалцан дампуурч, авлига хээл хахуулийн хэргүүд илчлэгдэж нөхцөл байдал санаанд оромгүй хүндэрч ирсэн. Төв талбай босогчдын хөлд дараатай байх болж Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл ээлжит хурлаа хийжээ. Хурал дээр хэрүүл хараалын бай болоод буй нэгэн том газрыг дуудлага худалдаагаар оруулж, ард иргэдийн бухимдлыг түр ч гэсэн гацааж болох эсэх тухай санал нэгнийх нь амнаас гарчээ. Нөгөө хоёр нь ч тоймтой юм хэлсэнгүй. Тэгэсхийгээд тарцгаатал 30 минутын дараа өнөө газрын хууль ёсны эзэнд баахан шоконд ормоор хачиртай хов хүрч, давхар давхар дарамтанд орсон ч гарц хайн тэлчилж байсан бизнесмен бүх үйл ажиллагаагаа зогсоох тухай мэдэгдэл хийж ахиад л эцэс төгсгөлгүй эвдрэлийн үүд нээгдсэн гэдэг. ҮАБЗ-ийн нэг гишүүн улаан цайн газар мазар гартаа юу тааралдсан руугаа гараа явуулж, элдвийн луйвар сэдэж байх болсон ч гэх шиг аймшгийн мэдээллүүд чихнээс чихний хооронд амнаас ам дамжин талбай дээр босогчдийн хилэнтэй хамт хийсч явах болсон.

    Энэ юуны дохио вэ. Гуравхан хүнтэй байгууллагад нууц гэж байхгүй байхад гурван сая хүнтэй жижигхэн улсад нь нууц гэж байх уу.

    Төрийн өндөр албан тушаалд бид хэнийг залаад байгаагаа бодох цаг болсон юм биш үү. Эрсийн гэх аргагүй эмсийн гэмээр аяг төрх энэ цагийн төрд нүүрлэж гүйцжээ. Цаг үргэлж жижгэрэн чавганцын хов жив үйлдвэрлэж, улаан нүүрээ харалцахаараа амиа авч үлдэхийн эрхэнд цусгүй дайн дэгдээж, хавьтсан ойртсон руугаа нүглээ наан байж амь мэнд яс салаад зогсохгүй гарч ирээд л ахиад нуруу нуруу руугаа  харвацгаадаг. Сайхан монгол эрийн нэр сүр, яс чанарыг саарал байшинд ороод суучихсан хэдхэн шаарнууд ингээд үгүй хийчихдэг байжээ. Ерөөс эр нь жижгэрсэн улс орны төр нь давжаараад ирдэг юм байна. Эд өөрсдөө ийм арчаагүй байж мэргэжлийн ажил үүргээ тэдэнтэй зүйрлэхийн аргагүй шударгаар биелүүлж яваа бидэн рүү хамаг булайгаа чихэх гэхийг нь яана.

    Монголын төр ноёлог, сүрлэг шинжээ ийнхүү алджээ. Аргагүй дээ, Ж.Самбуу шиг  ,Л.Энэбиш шиг, Ш.Отгонбилэг шиг, Д.Пүрэвдорж шиг ланжгаруудын заларч байсан газар өнөөдөр элдвийн балай амьтад сүүлрэлдэн явах болж. Болдог бол эрх мэдлээс анир чимээгүй биеэ татаж авчихаад зурагтаар уран сайханчдын концерт харсан шиг, гэртээ тамхиа сорон мушийж суугаа Н.Тогтохыг , Л.Түдэвийг, Ц.Гомбосүрэнг, Б.Даш-Ёндонг, П.Жасрайг, Д.Бямбасүрэнг дуудахсан.

    Ийм байдалд орсон Монголоо ямар хохь нь гэлтэй ч биш дээ.

Сэтгэгдлүүд : 4

  • Liliana

    I know this web site provides qualiy depending articles or reviews annd extra information, is there aany other web page which gives such information in quality? персидские ковры site шагги ковры

  • Irene

    Superb, whatt a blog iit is! This web site presents useful information to us, keep it up. Levitra Genericoo prezzo website modalert 200

  • Ewan

    It's an amazing piece of riting designed for all the internet users; they wwill get advantage from it I am sure. велосипед ghost web page Велосипеды Tern

  • Elke

    Nice content. I hope you can check some things i also put hard effort too make! make money online

Сэтгэгдэл оруулах

урлан