С.Мөнхбаатар: Зураачид бол нүдний хулгайчид

    Тэднийд орлоо. Нам гүм. Ганцаараа байгаа юм байна гэж бодов. Хонгилоор нь дамжаад зочны өрөөнд ороход нүдэнд дулаахан залуу эмэгтэй, арваад насны хоёр охинтойгоо сууж байлаа. Тэд хоорондоо зөөлөн дуугаар ярилцаж зочдод нэн хүндэтгэлтэй байгаа нь мэдрэгдэв. Урлагийн гэр бүл, урлаг л хүнийг ингэж хүмүүжүүлдэг байх гэж бодсон билээ. Энэ бол МУСТА зураач, Олон улсын усан будгийн мастер, Олон улсын Улаанбаатар их сургуулийн дизайны тэнхимийн ахлах багш С.Мөнхбаатарын гэр бүл юм. 

    -Усан будгаар бүтээлээ хийдэг зураач урчууд манайд ховор. Та яагаад сонирхож дагнасан бэ?
    -Яг усан будгийн зураач байхгүй гэж хэлж болохгүй. Нэг хэсэг жаахан тасарсан. Ерээд он гараад ч гэх юм уу? Хууччуул буюу Орост төгсөж ирсэн мастерууд маань усан будагтай хослоод этюд судалбараа хийгээд, эскизээ гаргаад тэр үед нилээн хөгжсөн. Я.Оюунчимэг гуай яг графикаар төгссөн.Усан будгаар хийдэг хүн байсан. Бас Д.Мишиг гуай гээд зөндөө хүмүүс байна л даа. Тэр хүмүүс маань усан будгаар хийж байгаад нэг хэсэг тасарчихсан. Гэхдээ 2000 он гараад гайгүй сэргэсэн. Яаж сэргэсэн гэхээр, нэг хэсэг манай ах нар нийлээд усан будгийн мастеруудын үзэсгэлэн зохион байгуулъя аа, одоо усан будаг тасарлаа гээд зохион байгуулсан юм. Ингэж л дахин хөгжсөн болов уу гэж боддог. Талбайн урд талын МН17 арт галлерей гэж байгаа шүү дээ. Тэр чинь“Бест арт галлерей” гэж нээгдэж байсан юм. 2014 онд шиг санагдаж байна. Анхныхаа галлерейн үзэсгэлэнгээ “Усан будгийн мастерууд” нэртэй гаргаж байсан. Тэнд манай Монголын нэртэй том гэсэн зураач нар усан будгийнхаа ажлуудыг тавиад битүү усан будгийн үзэсгэлэн гаргасан нь тухайн үедээ хүмүүсийн талархлыг авч байлаа. За тэгээд тэнд азаар би орчихсон юм л даа. Үзэсгэлэнгийн үеэр л урам авсан гэсэн үг. Миний зурагны талаар хүмүүс юу гэж ярих бол гээд анхаараад л хараад байсан. Тэгсэн До.Болд гуай, Я.Оюунчимэг гуай хоёр “Энэ чинь ямар гоё ажил вэ? Хэн гэдэг хүн бэ" гээд  ярьж байсан. Тэгэхэд би Я.Оюунчимэг гуайн зургийг их үзэж хардаг, дипломынхоо ажлыг хүртэл Я.Оюунчимэг гуайн зохиомжийг бараг л хуулж хийж байсан юм. Тэгээд л урам авч “За ийм том хүн намайг ингэж хэлж байгаа юм чинь бас хөөрхөн юм ажиглагдаж байгаа юм байлгүй” гэж бодоод түүнээс хойш усан будгаас салаагүй. 2014 оноос хойш гэдэг чинь 5, 6 жил яг тасралтгүй хийж байна. Тэгээд, “Олон улсын усан будгийн холбоо” гэж байдаг юм байна. Зохион байгуулдаг беналиуд байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Анхных нь бенальд манай н.Бат-Орших гээд зураач ороод дараагийнхад нь би орсон. Бүтээл маань Шэньжэнь руу явж шалгараад бөөн баяр болж байлаа. Тэнд очоод бүр судалбарынх нь төрөлд 3 дугаар байранд орчихож байгаа байхгүй юу. Тэрнээс хойш л шуударсан даа. Тасралтгүй тав, зургаан жил зөвхөн усан будгаар уран бүтээл хийж байна. 

    Миний баримталдаг ганц зүйл бол усан будгийг гоё техниктэй хийж сурах. Энийг яаж хийсэн юм бол гэж гайхширтал зурах хэрэгтэй байхгүй юу.

    -Өмнө нь ямар төрлөөр бүтээлээ хийж байсан юм бэ?
    -Тосоороо л хийж байсан.     
    -Цэцэрлэг сургуулийн хичээлийн хөтөлбөрт усан будгийн хичээл одоо ч ордог. Тэгсэн хэрнээ яагаад усан будгийн төрөл тасраад, огт заадаггүй тосон будгийн төрөл хөгжчихсөн юм бэ?
    -Тийм, өөрийн чинь ярьдаг зөв л дөө. Дунд сургууль, цэцэрлэгт заадаг. Усан будгийг яг тэгж ойлгодог байсан байхгүй юу. Дунд сургууль, цэцэрлэгт л хичээлийн зорилгоор хийдэг ажил, материал гэж ойлгодог байсан гэсэн үг. Усан будгийг эскиз төдий, эсвэл зүгээр сургалтын төдий гэж боддог байсантай холбоотой байх.
    -Уран бүтээлчид сургуулийн, хүүхдийн ажил гэж бодоод оролддоггүй байсан юм уу?
    -Ойлголт нь бол яг тийм. Хичээлийн ажил, эскиз хийдэг, магадгүй хүүхдүүд хийдэг гээд үнэ цэн нь бага болчихсон үе. Гэтэл одоо хаадын урлаг гэж үзээд байна шүү дээ. Нэг тийм чамин тансаг их гоё уянгалаг л даа материал нь өөрөө. Гэхдээ одоо манайхны ойлголт өөр төвшинд хүрсэн гэж бодоод байгаа.
    -Анхны үзэсгэлэндээ ороод магтуулдаг бүтээл чинь ямар нэртэй бүтээл байсан бэ?
    -Би ерөөсөө ойр дотныхоо охидуудаа л зурдаг юм. Охиныхоо зургийг зураад л үзэсгэлэнд оролцсон. Хөөрхөөн жижигхэн зураг. Шэньжэньд ч гэсэн охиныхоо зургийг зураад орчихсон. Хүүхдүүд чинь яг 3, 4 настайдаа их хөөрхөн байдаг шүү дээ. Бүр нэг цаанаасаа ямар ч хүүхэд хайр хүргэмээр байдаг даа. Хөөрхөн булбарай яг тийм зурагнууд байсан юм. Одоо хүртэл охидуудаа зурж л байгаа. Охидуудаараа овоо хэд рекламдчихсан өөрийгөө. /инээв/
    -Хүн байнга л өөрийгөө бүтээх гээд хайж явдаг. Яг миний голын хатгаас юу юм бэ гээд л... Тухайн үед яг л тэгээд хайж явсан үе нь байх даа...?
    -Би ингэж боддог юм. Уран бүтээлчдийн цаана нь угаасаа юм байж байдаг. Хатгаад л байж байдаг. Жишээ нь та багадаа зураг юм уу урлагт, хөгжимд дуртай байсан бол ингээд өөр ажил хийж байгаад хэзээ нэгэн цагт нөгөө хатгаас, мэдрэмж чинь заавал сэдэрнэ. Яг түүн шиг би угаасаа зурах дуртай. Багаасаа л зураг зураад өсчихсөн учраас байнга л үзэсгэлэн үзнэ. Байнга зураг бодно. Том том зураач нар өөрийгөө ол, өөрийгөө нээ, ямар нэгэн юм хий, зур гэж хэлээд байдаг. Гэтэл яг юу хийхээ мэдэхгүй, яахаа мэдэхгүй яваад л байдаг байлаа. Юу ч хамаагүй зураад л... Гэхдээ юу ч хамаагүй зурахаар чинь туршлага суугаад өөрийгөө олох зам руугаа л явж байгаа юм. Хэрвээ би тэр үед усан будгаар зурдаг хүмүүстэй танилцаагүй бол, үзэсгэлэнд ороогүй бол өдийд ингэж усан будгаар дагнахгүй байсан байх. Тэгээд бас зүгээр суугаад тэнгэрээс “сэдэв хайрлаач ээ” гээд байлгүй хийгээд байсан нь дадал, дотроо боддог байсан нь хүч болсон байх. 

    -Та залуу хүн. Зарим хүнтэй харьцуулахад өөрийгөө эрт оллоо гэж бодогдож байв уу?
    -Юу... Харин оройтчихоод байна. 
    -Зарим хүн би ямар зорилготой юм бол гээд гайхаж явна шүү дээ. Зорилгын талаар бодох ч дургүй яваа хүн байна бас...?
    -Би чинь 2001 онд 10 дугаар ангиа төгсөөд 2005 онд их сургуулиа төгссөн шүү дээ. 2005-2015 он хүртэл 10 жилийн хугацаанд юу хийж байсан юм болоо гэж өөрийгөө гайхдаг. Хайран 10 жил гэж бодож байна. Одоо үнэхээр харамсаж байна. Тэр үед зураг зурдаг л байсан л даа. Гэхдээ л өнөөдрийнх шиг зурсан бол, одоо нөгөө түүхийг ийм байсан бол гэдэг шиг, хэрвээ гэж болдоггүй гэдэг шиг, хэрвээ эрт ухаарсан бол гэж боддог. Хайран 10 жил гэж бодогдоод байгаа.
    -Байнга зурдаг байсан гэсэн. Дадлагажаад л явж байсан байх.
    -Тийм ээ. Дандаа л хөрөг зурдаг байсан л даа. Суулгаад л тосон будгаар нилээд хийсэн. Тухайн үед хамтарсан хоёр үзэсгэлэн гаргасан. 
    -Зотон дээр тосон будгаар будахад арилгах боломжтой гээд давуу тал бий. Гэтэл цаасан дээр устай будаг холиод зурна гэхээр засах боломжгүй. Техник, дадал хэрэгтэй гэж бодогдож байна.
    -Усан будаг тэрүүгээрээ л ялгаатай. Зурах чадварын хувьд бол бүгд ижилхэн. Зургийн сургууль төгссөн, дүрслэх мэдрэмжтэй, дүрслэхийн сургууль төгссөн хүн бүхэн зурна. Гэхдээ яг юугаараа ялгаатай юм бэ гэхээр тэр техникийг л мэдрэх юм. Ерөөсөө хамгийн гол нь усны чийг, ус гэдэг материалыг л мэдрэх.

    Өөрөө зөв дадалтай болоод ирэхээр бусдыг зөв дадал хэвшилтэй болоход туслахыг хичээдэг. 

    -Ус ямар вэ?
    -Ус их хэцүү. Жишээ нь, хүн усгүйгээр амьдарч чадах уу? Амьдарч чадахгүй. Тэр утгаараа сүүлийн үед ингэж бодож байна. Амьтай зүйлээр бүтээдэг болохоор бүтээлд маань хүнийг татах чадвар байна. Надад  тэгж ажиглагдаад байдаг. Усан будгаар яг тэр будгийн өөрийнх нь гоё ньюанслаг шинж гардаг. Зөөлөн материал, зөөлхөн шинж гардаг. Тэр донж, ньюансыг гаргачихсан үед зурагнаас авах мэдрэмж их өөр байдаг. 
    -Зургаа зураад сууж байхдаа мэдэрдэг мэдрэмжээ яриад байна тийм үү? 
    -Тийм. Бүр автуулаад шуналтуулаад байдаг. Их сонин. Зураг маань яг толгойд зурагдсанаараа буугаад байвал илүү шунадаг гэсэн үг. Хамгийн эхний зураас, тавилт, өнгө буруу хатах юм бол, бодсоноор чинь хатахгүй л бол цаашаагаа явахгүй. Дахиж эхлэхээс өөр аргагүй болчихдог. Тэр нь хүнд. Нервтэй./инээв/. 

    -Буруу зураад л байвал цаасны хаягдал их гарах юм байна даа...?
    -Цаас бол их гарна. Угаасаа нэг цаасан дээр шууд гарна гэж байхгүй. Зотон дээр бол нухсаар байгаад нэг юм болгочихож болно. Усаар бол нухсаар байгаад болгож болохгүй. Цаас чинь эмзэг материал, цоорно, тэгээд бөөстөнө. Цааснууд олон янз, өөр өөр шинж чанартай. Гөлгөр, хатуу, арзгар гээд л. Би номондоо нилээн сайн биччихсэн байгаа. 

    -Усан будгийн зургийг засаж болохгүй болохоор өнгөтэй, уусалттай, ньюанстай нь тархиндаа бүтээчихээд дараа нь цаасан дээр зурах шаардлагатай болж байна. Өнгө, уусалт, зураас бүхнийг нарийн тогтоохын тулд тархи ажиллаж нугалаас маш нарийн болдог байх даа гэж бодогдож байна.
    -Тийм. Ер нь бол яг зөв ярьж байна. Бусад зураачид яадгийг нь мэдэхгүй. Би бол толгойдоо нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт, дөрөвдүгээрт, тавдугаарт гэж хийх ажлаа дарааллуулж зургаа бүтээнэ. Хамгийн сүүлд тэрийг нь хийнэ ээ гээд үйлдлээ жагсаачихдаг. Нэг ёсондоо зурах маневраа бүгдийг нь жагсаачихна. Тэгээд тэрийгээ усаар буулгадаг. 

    -Тэгэхээр тархиндаа бодож боловсруулах явц зурахаасаа удаан байдаг гэсэн үг үү?
    -Тийм. Анхаарал төвлөрөл их шаарддаг. 

    -Амаргүй юм байна. Үргэлж л зургаа бодоод явна гэсэн үг биз дээ. 
    -Байнга л бодоостой явна. Нэг тийм гоё характертай зураг хийчих юмсан гэж бодвол байнга л энд тэндээс хайгаад үргэлж бодоостой явдаг. Энийг яаж гаргах вэ. Тэрийг яаж гаргах вэ. За ийм материал байвал усан будгаар яаж гаргах вэ, гээд л бодоод байна. 

    -Та одоо бүтээх арга барилаа олчихсон уу? 
    -Үгүй ээ. Энэ бол зүгээр миний эхлэл, дадлага ажил гэх юм уу даа. Иймэрхүү л юм явж байгаа. Хүмүүс намайг, илүү том юм хий эсвэл өөрчлөгд гээд өөр өөр л зөвлөгөө өгнө. Хаях юм байна. Авах юм байна. Орчин үеийн урлаг хийдэг зураач нартай уулзах юм бол” өө, чи одоо наадахаа гоё задлаад өөрчил. Илүү орчин үеийн арт маяг руу оруул" гээд хэлдэг. Зүгээр реальный бодит уран зураг зурдаг зураачтай уулзах юм бол “Өө, ёстой яг болж байна. Одоо чи наадахаа л бариад хий. Одоо чи олчихсон байна. Өөрчлөх хэрэг байхгүй. Чиний ажлуудаас ерөнхийдөө чи харагддаг. Ерөөсөө наадахаа л бариад хий” гэнэ. Тэр болгонд нь автаад заримдаа өөрчилж хийчихмээр ч юм шиг бас савлана шүү дээ. Нэг тийм юм зохиомж бас хийж үзсээн. Бас абстракт усан будгаар хийж үзсэн. Гоё сонин байсан. Юм болгоныг хийж үзэж байх л хэрэгтэй. Гэхдээ би усан будгаар, том хэмжээний,бодит, суурь уран зураг бүтээхийг хүсч байгаа. Бас тосоороо ч хийнэ. Тосоор нэг тийм хүнд үлдэж дурсагдахаар ганц зураг бүтээчих юмсан гэж боддог. 

    -Усан будгийн зургийг хадгалахад амар биш байх. Орчин цагт шинэ технологиуд гарсан байх л даа. Гэхдээ л тосон будгаа бодоход нарийн нөхцөл шаардагдах юм шиг санагдаж байна?
    -С.Мөнхбаатар гэдэг хүний бүтээл шүү гэдэг тийм бүтээлтэй л болчихмоор байгаа юм. Зуун дамжаад үлдэх. Хадгалалт хамгаалалтыг улс хариуцаад явна биз. /инээв/

    -Хадгалалтыг нь улс хариуцна биз. Би хийгээд өгчихье гэж үү. Та сая ном гаргасан. Тэр номон дээр усан будгаар яаж зурах вэ? Зургаа яаж бат бэх болгох вэ гээд техникүүдийг оруулсан гэсэн. Аргуудаас дурдаж болох уу? 
    -Усан будгаар зурсан зургийг хадгалах шинэ технологиуд олон гарсан. Бэхжүүлэгч гээд цацдаг юм байгаа. Тусдаа, тосон будаг дээр лак гэж байдаг шүү дээ тэрэн шиг бэхжүүлэгч байдаг юм. Тэр нь уснаас хамгаалдаг. Цацдаг... Гэхдээ Монголд одоохондоо орж ирээгүй. Яагаад гэхээр зурдаг, авдаг хүмүүс нь ховор юм чинь. Ерөнхийдөө бол зүгээр шиллээд л хадгална л даа.

    Хүмүүсийн характерийг гаргах их гоё л доо. Би бол нэг их зураг заръя гэж боддоггүй. Заръя гэж боддог бол цэцэг ч юм уу, хүмүүсийн сонирхдог сэдвүүдийг л зурах байх. Угаасаа зураг зарагдана, зарна гэж зурах юм бол зураг биш байхгүй юу. Яг өөртөө л таалагдаж байгаа хүнийг зурна.

    -Таны зургуудын ихэнх нь зарагдчихсан юм байна билээ. Урлан гэхэд тун цөөхөн зурагтай байна. Таны зургийг авсан хүмүүс яаж хадгалах юм бэ?
    -Шиллээд жаазалчихна шүү дээ. Зураг бол нарны шууд тусгалгүй, ус хүргэхгүй бол ялгаагүй. Тэгээд ч одоо харьцангуй материал гайгүй болчихсон. Сайн, үнэтэй материалаар хийх юм бол зургийн чанар ч өөр болдог.

    -Би өөрийнхөө зургийг таниар хамгийн үнэтэй цаасан дээр зуруулъя гэвэл хэдэн төгрөгөөр үнэлэх вэ? 
    -Янз бүр шүү дээ. Миний зургуудын ихэнх нь хөрөг л дөө. Үнэ хөлсний талаар яриад яах вэ. /инээв/.

    -Зураачдын нэг зовлон бол бүтээлээ зарж борлуулж чаддаггүй. Урланд нь зураг бүтээлүүд нь байж л байдаг. Гэтэл таны урланд маш цөөхөн зураг байна. Ихэнх нь зарагдчихсан гээд байх юм. Усан будгаар зурсан зураг эрэлт ихтэй байдаг юм уу? 
    -Өө, минийх хямдхан болохоор тэгдэг юм байлгүй дээ. Хүмүүс сонирхоод гурав дөрвөөр нь коллекшн маягаар авчихдаг. Коллекшн цуврал маягаар 20-оор нь аваад явдаг. 

    -Хамгийн өндөр үнээр зарагдаж байсан зураг тань ямар зураг вэ? Ер нь одоо зургаа зураад амьдрах боломжтой болсон уу?Урд нь тийм боломж байхгүй гэдэг байсан. 
    -Бусад зураач нарын хэлж байгаа шиг хэцүү. Гэхдээ яг зургаа зураад амьдарч байгаа хүмүүс олон л байна. Тураад үхчихсэн гэж сонсогдохгүй юм. Тиймээс бололцоотой. Юмаа хийж л байх юм бол амьдарна. Би болохоор хажуугаар нь багшилдаг. Бүр анхнаасаа багшилсан болохоор гарч чадахгүй уягдаад байна л даа. Ядаж нэг сарын цалингаа тогтмол аваад байхаар чинь эдийн засаг ар гэрийн амьдралд хэрэгтэй. Тэгээд ч улс, нийгэмтэй харилцах харилцаа өөр шүү дээ багшилж байхад чинь. Банк санхүүгээс эхлээд л өөр. Ядаж л виз чөлөөтэй. Гэтэл чөлөөт уран бүтээлчид янз бүрийн зээл авахад ч хэцүү. Зураачийг мэргэжил биш гэдэг. Бидэнд барьцаа хөрөнгө гэх юм байхгүй. Зургийг банк тоож авахгүй гэх мэтээр хэцүү. Энэ талаараа бол багшилж байх нь хамаагүй дээр л дээ. Тогтмол цалинтай. Гэхдээ зургаа зураад амьдарч чадах эсэх нь өөрсдөөсөө л шалтгаалдаг юм шиг байгаа юм. Би бол тэгж л боддог. 

    -Адуу мал зурахгүй бол амьдрахад хэцүү гэж зарим зураач ярьдаг. Та адуу зурдаг уу? 
    -За ер нь тийм. Гэхдээ би ёстой морь зурж байгаагүй шүү. Хүмүүс морь байна уу гэж их асуудаг. Эсвэл цэцэг байна уу, сайхан уул, хангай бий юу гэдэг. Ер нь манай монголчууд гэрэл гэгээтэй зураг сонирхдог юм. Тод ассан зурганд дуртай юм шиг санагддаг. 

    -Та яагаад дандаа хөрөг зурдаг юм бэ?
    -Анх манай багш л уруу татаад оруулчихсан. Манай Д.Булгантуяа багш. Залуу багш л даа. Эмэгтэй зураач. Тэгээд тэр хүний хөрөг зурж байгааг хараад зурганд нь дурлачихсан байхгүй юу. Ямар гоё юм бэ гээд л... Тосон будгаар зурж байгаа хэрнээ яг усан будаг шиг ажиллаж байсан. Тэгэхээр би анхаасаа л усан будагт дуртай байсан шиг байгаа юм. Тосон будгаар зурж байгаа хэрнээ тосон будгийн маневр нь усан будаг шиг шингэхэн гоё урсгаж ажилладаг. Тэгээд оюутан байхад тэрийг харчихаад ямар гоё юм бэ, гээд дурласан. Их гоё акценттай ажиллана аа. Түүнээс хойш багшийг дагаад багшийн зургийг үзсээр байгаад, хүмүүсийг суулгаад ойр орчмынхоо найз нөхөд ерөөсөө хэн л байна дуудаж авчирч байгаад л зурдаг болчихсон. Хүмүүсийн характерийг гаргах их гоё. Би бол нэг их зураг заръя гэж боддоггүй. Заръя гэж боддог бол цэцэг ч юм уу хүмүүсийн сонирхдог сэдвүүдийг л зурах байх. Угаасаа зураг зарагдана, зарна гэж зурах юм бол зураг биш байхгүй юу. Яг өөртөө л таалагдаж байгаа хүнийг зурна. Энэ хүн ямар гоё төрхтэй юм бэ, характер нь гоё юм аа зурчих юмсан гэдэг ч юм уу. Түүнээс биш үүнийг зурчихвал тэдэн төгрөгөөр өгчихнө дөө гэж ерөөсөө боддоггүй. Тэр утгаараа миний зурагнууд хүмүүст хүрээд байдаг юм болов уу? гэж бодоод байдаг шүү. 

    -Агуу зүйл энгийнээс эхэлнэ гэдэг шиг үү?
    -Тийм. Одоо жишээ нь, Пикассо, Ван Гог нар чинь ерөөсөө л хажуудах юмнуудаа зурчихсан байна шүү дээ. Өрөө тасалгаа сандал гээд л тэр нь одоо хэдэн зуун саяын үнэлгээтэй. Түүнтэй л ижилхэн л байхгүй юу. Энгийн юмнуудыг, энгийн хүмүүсийг зурах дуртай.Миний хөрөг дотор алдартай хүмүүс байхгүй шүү дээ. Хэдэн зуун гавьяа шагналтай хүн ерөөсөө байхгүй. Дандаа энгийн. Дандаа л нийгэмд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийг зурдаг. 
    -Гоё төрхтэй хүн гэж ямар төрхтэй хүнийг хэлэх вэ?Бас гоё характер гэхээр ямар характерийг хэлэх вэ?
    -/инээв/. Тэрийг чинь тайлбарлах их хэцүү. Цаанаасаа нэг тийм донжтой гэж хүмүүс ярьдаг даа. Байж байгаа байдал нь, өнгө төрх, нүүрний хэлбэр нэг тийм... Юу гэж тайлбарламаар юм бэ дээ. /инээв/. 

    -Уран бүтээлчдийн сэтгэл хөдлөл хурц илэрдэг юм шиг санаддаг. Зургаа шатааж байсан уу?
    -Би тийм хурц хүн биш ээ. Шатаах нь юу юм. Зураг муухай болчихвол дараагийн гоё зураг зуртал жаахан хямарчихдаг. Тиймээс гялс л гоё юм зурахгүй бол болохгүй. Гэтэл захиалгаар зурах их хэцүү. Захиалагчийн шаардлага их өөр, миний мэдрэмж өөр. Хүмүүс бараг л нисч яваа шувууны нүдийг харуулах гээд тэр уулын орой дээрх овооны хажууд намайг байгаагаар зур гэх гээд л инээдтэй юм ярина. Аягүй хэцүү. Нэг тийм хүчээр зурж байгаа юм л даа. Тэгэхээр захиалгын ажлаа хурдхан дуусгаад гоё характертай зургаа зурж тайвширдаг. Их сонин. 

    -Усан будгийн зургийн төрлийг хөгжүүлэхэд юу шаардлагатай байна вэ?
    -Олуулаа болох хэрэгтэй. Усан будгаар зурдаг зураачтай болох ёстой. Тэгж байж л усан будгаа сурталчилна. Бас “Олон улсын усан будгийн холбоо”-ноос зохион байгуулж байгаа беналь фестивалуудыг Монголд зохион байгуулах хэрэгтэй. Тэд Монгол яагаад чимээгүй байна вэ" гэж үргэлж л асууж шаарддаг. Олон жил ч болчихлоо. Манайх чинь 2015, 2016 онд элсчихсэн юм. Гэхдээ юу ч хийгээгүй. Олон улсад чиглэсэн ажлаа хийчих юм бол их зүгээр гэж бодогдоод байдаг юм. Түүнд маш их менежмент, санхүү, зохион байгуулалт хэрэгтэй. Нэгдсэн нэг том баг болж ажиллахгүй л бол болохгүй. Би ч өөрөө менежментдээ маруухан, юм зохион байгуулах ажилдаа их хойрго хүн. Тэгэхээр гоё зохион байгуулах хүмүүстэй л хамтарч ажиллах том ажил байна даа. Залуучууд маань харьцангуй усан будгаар хийж байна. Тиймээс нэг их санаа зовохгүй байна. Яваандаа сайжрах байх гэж боддог. Харьцангуй өөр болчихсон. Анх зургийн дэлгүүрүүдэд усан будаг байдаггүй байлаа. Сонет, Ленинградаас өөр байхгүй. Хятадын бүр муу 100, 200 граммтай цааснаас өөр цаас байхгүй. Одоо бол усан будгийн гайгүй цааснууд орж ирж байна. Бид нар өөрсдөө ороод ийм төрлийг аваад ир гээд хэлээд захиад байхаар авчирдаг болж байна. Усан будаг ч гэсэн төрлөөрөө орж ирж байна гэх мэтчилэн арай дээрдээд л байна. 

    -Уран бүтээлчдийн гэрт өссөн хүүхдүүд бүтээлч сэтгэлгээтэй болдог. Танай хоёр охин ч гэсэн төгөлдөр хуур дараад л намуухан ярилцаад их сайхан санагдаж байна. Ер нь урлаг, зураг хүүхдийн хүмүүжил төлөвшилд яаж нөлөөлдөг юм бэ?
    -Би ч нэг их урлаг мэдэхгүй л дээ. Гэхдээ миний ажиглаж байгаагаар хүүхдүүд сууж сурдаг юм байна лээ. Аливаад шамдаж сурдаг. Сонирхсон зүйлээ удаан хугацаагаар сууж хийдэг. Гоё, сайхны үнэлэмж нь өөр байх шиг... Манай хоёр охин сонгодог сонсоно шүү. Сонирхож байгаа дуунууд нь арай л өөр байх жишээний. Хамт үзэсгэлэн үзэхэд өөр өнцгөөс харсан байдаг. 

    -Урландаа жаахан халамцуу сууж байхад онгод ордог гэж ярих ахмад уран бүтээлчдийг мэдэх юм байна. Гэтэл залуу уран бүтээлчид өөр байна. Өглөө 07:00 цагт урландаа ирж ажлаа хийчихээд орой 17.00 цагт ажлаа тарж байгаа юм шиг харьж байна? 
    -Би найз нөхөдтэйгөө хааяа нийлнэ. Гэхдээ юун онгод оруулж уух. Тийм юм байхгүй. Минийх бол бүүр гараад явчихна./инээв/. Бүүр байхгүй болчихно. Сонин. Уугаад зурна гэж ёстой байдаггүй юм. Өнгө байхгүй болчихдог. Дүрслэлийн мэдрэмж алдагдана. Мансуурчихаж байгаа юм чинь ямар юмныхаа зураг байдаг юм. 
    -Дэлхийд усан будгийн зургаараа алдартай ямар улс, уран бүтээл байна вэ?
    -Дэлхийд хятадууд л мундаг байна. Хятадуудаас сурах юм их байна. Манайхтай ч ойрхон. Хятад уран бүтээлчдийг беналь, фестивалиудад группээр нь урьж  оролцуулдаг. Шилдэг гэсэн зураач нарыг авчирч, беналийнхаа нэр хүндийг өсгөдөг гэсэн үг. Франц, Англичууд бас усан будгаар сайн. Англид усан будаг үүссэн гэж үзээд байдаг шүү бараг. Өөрсдөө цаасны, будагны үйлдвэртэй болохоор уран бүтээлчид нь мундаг болчихдог юм байна. Одоо үеийн хамгийн алдартай зураач гэвэл олон байна. Миний дуртай зураач бол Хятадын Люү Юы. За тэгээд Английн Рик Хон. Эд нарын хөргүүдийг харах дуртай. Люү Юы бол хар зураг гаргахгүйгээр усан будгаараа хийчихдэг. Шууд усан будгаар хийнэ. Зурахыг нь олон улсаар явж байхдаа үзэж байсан юм. Тэд нараас л сурч байгаа юм чинь. Нэг фестивальд явахад бараг л нэг жилийн хичээл, курст суучихсан юм шиг чадвар өөрчлөгдөж байгааг мэдрээд байдаг. Зурж байгааг нь хараад л нүдээрээ тогтоож байгаа юм л даа. Ерөөсөө зураачид бол нүдний хулгайчид байдаг байхгүй юу. 

    -Нүдний хулгайчид аа?
    -Тийм. Ерөөсөө л хулгайч байдаг. Нүдээрээ хулгайлж сурдаг. 

    -Бүхнийг гаднаас биш дотроосоо хайх хэрэгтэй. Чиний дотор агуу хүч, мэдрэмж гээд бүх зүйл бий гэж хэлдэг болсон шүү дээ. Тиймээс бясалгалыг дэлхий даяараа л сайшааж байна. Гэтэл та бусдын зургийг маш сайн хар, ажигла гэж байх юм?
    -Би арга барилаа сайжруулах талаасаа яриад байна. Арга барил, техник талаас нь. Дотроосоо өөрийнхөө юмыг л гаргах хэрэгтэй. Түүнээс өөр хүн дуурайх хэрэггүй. Гэхдээ усан будагт техник эзэмших гэж том юм бий. Миний баримталдаг ганц зүйл бол усан будгийг гоё техниктэй хийж сурах. Үүнийг яаж хийсэн юм бол гэж гайхширтал зурах хэрэгтэй байхгүй юу. Зурж буй зураг гоё болоход тэнгэр цэлмэдэг. Зургаа байнга хараад л. Байнга хараастай шүү дээ. Дараагийн зураг зуртал тэрийгээ харж баясаад л гоё өөдрөг байдаг. Хүн өөртөө урам өгч байх ёстой юм шиг байна билээ.

    Хүнтэй зодолдож үзсэн үү?
    Хэзээ. Ер нь үү?/инээв/. Үзсэн. 

    Онигоо ярьж өгөхгүй юу?
    Онигоо?Онигоо талдаа ёстой тааруухан шүү.

    Тэнэг дуудлагатай үг хэлээч...?
    Тэнэг дуудлагатай? Тэнэг дуудлагатай үг ёстой орж ирэхгүй байна. Яанаа, иймэрхүү асуултууд ёстой сонсож байгаагүй юм байна. \инээв\

    Ямар бүжиг бүжиглэх дуртай вэ?
    Ёстой бүжиглэдэггүй шүү дээ. /инээв/.

    Таны дуртай загвар зохион бүтээгч...?
    Загвар уу? Загварт нэг их анхаарал хандуулдаггүй. Хувцсанд нэг тийм ач холбогдол өгдөггүй шүү дээ.

    Өнөөдөр юу хийх вэ?
    Зургаа зурна даа.
     
    Та одоо яг юу бодож мөрөөдөж сууна вэ? 
    Би юу? Яг одоо юу? Нэг хүний ажлыг дуусгах ёстой доо гээд бодож байна. \инээв\

    Мэргэч, төлөгч үзмэрчид итгэдэг үү?
    Итгэнэ шүү. Сонин, би жаахан итгээд байдаг шүү. Хүмүүс бол худлаа л гээд байдаг. Гэхдээ би итгэдэг.

    Далай руу явах уу? Өндөр ууланд гарах уу?
    Далайруу явна. 

    Дуртай өнгө?
    Нэг тийм хүйтэн хөх өнгөнд их дуртай. 
    Алмаз уу? Алт уу?
    Алмаз

    Таны сул тал?
    Хүний урдаас үг хэлж чаддаггүй. Үгүй, гэж хэлж чаддаггүй. Бөөрөнхий талдаа. 

    Салат уу? Хуушуур уу?
    Хуушуур. 
    Таны давуу тал?
    Ёстой мэдэхгүй юм байна. 

    Өөрийгөө сайхан магтаач...?
    Ээ мэдэхгүй. Тэгж ёстой мэдэхгүй. /инээв/

    Орон сууц уу? Хувийн хашаа байшин уу? 
    Хувийнх нь л арай дээр байлгүй дээ.  

    Дуртай хүүхэлдэйн кино?
    Дуртай юу? Ер нь нилээн олон бий шүү. Хүүхэлдэйн кино үздэг шүү. Надад  Мулан таалагддаг. 

    Өглөө хэнтэй хамт сэрэхийг хүсч байна вэ?
    \Инээв\ Эхнэртэйгээ л. Гэр бүлтэй хүн чинь. 

    Таны дургүйг хүргэдэг хүмүүс? Ямар зан таны дургүйг хүргэдэг вэ?
    Дургүйг хүргэдэг хүмүүс үү? Хүн муулах жаахан онцгүй. 

    Ямар супер хүчтэй болмоор байна?
    Супер хүч үү? Зөн билэгтэй болмоор байна. \инээв\

    Твиттер үү? Инстаграм уу? Фэйсбүүк үү?
    Өө, фэйсбүүк. 

    Хүүхэд насны хамгийн сайхан дурсамж...?
    Голын эрэг дээр байсан нь их санагддаг. 
    Амьдралаа өөрчлөх боломж гарвал юуг өөрчлөх вэ?
    Орчноо л жаахан өөрчилнө дөө. 

    Эхнэртэйгээ яаж танилцсан бэ?
    Оюутан байхдаа
    Ямар хөгжим сонсох дуртай вэ?
    Бүх төрлийн. Гэхдээ жаахан Монгол уянгын, сонгодог сонсох дуртай.

    Хүссэн газартаа явах боломж гарвал хаашаа явах вэ?
    Энэ дэлхийн улс орнуудын музейг л үзмээр байна. 

    Амьдралдаа хэрэг болох таван эд зүйлийг аваад яв гэвэл юу авч явах вэ?
    Таван эд зүйл үү? Пээ... Амьдралд хэрэг болох уу? Ямар ч байсан зургийнхаа хэрэгслийг авах байхдаа. Хутга хэрэг болдог гэсэн хутга авах байх. Тэгээд ус авч таарах байлгүй. Тэгээд гал хэрэг болох байх. Тэгээд бараг болчих юм биш үү? 

    Таны амьдралд гүн нөлөө үзүүлсэн багшаа нэрлээч...?
    Багш олон байна аа. Үе шатаараа олон байна. 10 жилд нэг багш байна. Дондогдорж гээд  багш байсан. Бурхан болсон доо. Их сургуульд бас нэг, хоёр, гурван багш байна гэх мэт. 

    Та булшин дээрээ ямар үг бичүүлэх вэ? 
    Тэрийг ёстой бодож байгаагүй. Хүний л амьдралын жам юм./инээв/Наадахыг чинь биччихмээр юм байна.

    Хамгийн хэцүү үе?
    Жаахан хүүхэд байхад ахыгаа алдаж байсан. 

    Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
    Чөлөөт цаг гэдэг чинь одоо тэгээд зураг л зурдаг шүү дээ.

    Сугалаанд их мөнгө хожвол яах вэ?
    Зургийн хэрэгсэл л авах байхдаа. Тийм их юм уу?./инээв/

    Хайрыг юугаар төсөөлөх вэ?
    Хайр уу? Хайр ерөөсөө л итгэл, уучлал байдаг юм даа. 

    Хамгийн их айдаг зүйл?
    Амьсгал бүтэхээс их айдаг. 

    Таныг хүчирхэг болгодог зан.
    Гоё зураг зурсны дараа л ерөнхийдөө хүчтэй болчихдог юм. 

    Ичгүүртэй, гутарч, гуньж байсан үе байна уу?
    Байгаа байгаа. 

    Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд юу хийх вэ?
    Мэдэхгүй. Ёстой мэдэхгүй. 

    Өөрийгөө хэдэн настай гэж төсөөлж байна вэ? 
    Би юу? Насандаа л байгаа гэж бодож байна.

    Өнгөрсөн юм уу? Ирээдүйд болох ямар нэгэн чухал үйл явдлын гэрч болох боломж гарвал ямар үйл явдлыг сонгох вэ?
    Мэдэхгүй ээ, нэг том түүхэн дүрслэх урлагийн бүтээлийн нээлтэнд оролцож үзмээр санагдаж байна. 
    Ямар ур чадварыг эзэмшмээр байна? Зурагнаас өөр?
    Морин хуур тогломоор санагддаг.

    Төгс сайхан өдрийг хэрхэн төсөөлж байна вэ?
    Төгс сайхан өдөр бол ерөөсөө л сэтгэл амгалан байгаа нэг өдөр л дөө. Миний хувьд бүх ажил бүтчихсэн амралтын өдөр санагдаж байна. Том ажлын ард гарсан өдөр. 
    Таныг найзууд тань юу гэж тодорхойлдог бол... ?
    Ёстой мэдэхгүй. 

    Энэ хорвоо дээр яг таньтай адилхан дүр төрх, характертай хүн байвал та найзлах уу? Эсвэл дайсагнах уу?
    Найзлах л байх. Татагдах байлгүй дээ ижилхэн юм чинь. 

    Мартагддаггүй зүүд байдаг уу?
    Байна. Аймшгийн зүүднүүд байна. 
    Эзэнгүй арал дээр амьдрах бол хэнийг авч явах вэ?
    \Инээв\ Үгүй ээ одоо юу гэсэн үг юм. Хэнийг авч явах вэ? гэж... Эхнэрээ л авч явах байх даа. 

    Бурханд итгэдэг үү?
    Тийм.

    Аз жаргал гэдгийг юу гэж төсөөлдөг вэ?
    Аз жаргал гэж санасандаа хүрэхийг л хэлдэг байх. 

    Аль улсад амьдрахыг хүсдэг вэ?
    Монгол. 

    Та юунд дургүй вэ?
    Дургүй юм гэвэл зөндөө бий. Хамгийн дургүй юм гэхээр хэлж чадахгүй юм байна. 

    Үзэн яддаг түүхэн хүмүүс байвал нэрлээч?
    Байхгүй. Тэр чинь тэгээд тухайн үедээ тэгэх л байсан юм байлгүй л гэж боддог. 

    Сэтгэл санаанд чинь нийцсэн сайн өөрчлөлт?
    Хүлээцтэй болсон. 

    Та яаж нас барахыг хүсдэг вэ?
    Өө, тэгээд хүн зүдрээчихгүйхэн шиг л байвал болоо доо. 

Сэтгэгдлүүд : 5

  • 007

    asuusan setguulch hariulsan zuraach mundag bailaa, shutej yvdag zuraachdaa ulam ih amjilt hvsie. Sn setguulch uulzjee, sn asuujee goe yriltslaga bn daa.

  • default

    Hi there!

Сэтгэгдэл оруулах

урлан